Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 110/ШШ2020/0011

 

               Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Б.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс болон аймгийн Эрүүл мэндийн газрын даргад тус тус   холбогдох;

            “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг болон  аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/34, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  Б/37 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, сонгон шалгаруулах комисст Ч.Ү, Б.А нарын шалгалтын материалд дахин үнэлгээ өгөх, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргуулахыг даалгах”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, Сонгон шалгаруулах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, гуравдагч этгээд Ч.Ү, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Ч.Үээс 2018 оны 6 дугаар сарын 08-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс, аймгийн Эрүүл мэндийн газрын даргад тус тус холбогдуулан 7 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0076 дугаар шийдвэрээр дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаас зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн билээ. Уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл болон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн шийдвэрээр байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс нь Ч.Ү, Б.А нарын шалгалтын материалд дахин үнэлгээ өгч, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргахаар болсон билээ.

Гэтэл Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, Сонгон шалгаруулах комиссын хууль бусаар шалгалтын материалд дахин үнэлгээ өгч, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргасан шийдвэрийг баталгаажуулсан байна. Сонгон шалгаруулах комиссын шийдвэр, дүгнэлтийг яагаад хууль бус гэж үзэж байгаа вэ гэвэл;

Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” болон Төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 2 дугаар хавсралтад тус тус зааснаар Б.А надад удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнгийн хуудсыг танилцуулаагүй. Уг нь хууль, журамд зааснаар Б.А би удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнтэй танилцах, дүнг зөвшөөрөхгүй байх, дахин үнэлгээ хийлгүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй юм.

Нөгөөтээгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 14-51 дүгээр зүйлд зааснаар захиргааны акттай холбогдсон шийдвэр гаргах ажиллагаанд захиргаанаас акт гаргахдаа урьдчилсан нөхцөл шаардлагыг шалгах, эрх зүйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах, төсөл бэлтгэх болон түүнийг батлан гаргахад хамаарах эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдэх, оролцоог нь хангах, сонсох зэрэг бүхий л үйлдлийг хамааруулан ойлгоно.

Гэтэл Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл болон Сонгон шалгаруулах комисс нууцаар, яаруу сандруу байдлаар хуралдаж, миний хуулиар олгогдсон эрхийг зөрчин байж маргаан бүхий шийдвэрүүдийг гаргасанд маш их гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл болон Сонгон шалгаруулах комисс шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг маш ноцтойгоор зөрчсөн.

Миний бие хуульд заасан эрхийнхээ дагуу маргаан бүхий актыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан боловч маргаан бүхий актыг хуулбарлаж өгөөд гомдолд дурдсан бусад асуудлын талаар татгалзсан хариу өглөө.

Иймд, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Сонгон шалгаруулах комисст Ч.Ү, Б.А нарын шалгалтын материалд дахин үнэлгээ өгөх, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргуулахыг даалгаж өгнө үү.

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга уг маргаантай актыг үндэслэж 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б/34 тоот тушаал, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  Б/37 дугаар тоот тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгаа  гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлтэй гэж үзэж байна. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаар шийдвэрийн тогтоох хэсгээр тухайн үед нэхэмжлэгч Ч.Ү, гуравдагч этгээд Б.А нарын Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалд өрсөлдсөн шалгалтын бичгийн шалгалт болон мэргэшсэн байдалд дахин үнэлгээ өгөхийг тухайн үеийн Сонгон шалгаруулах комисст даалгаж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс болон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийг дараах байдлаар хууль бус гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэрээс үзэх юм бол Б.А болон Ч.Ү нарын шалгалтын материалд хоёуланд дахин үнэлгээ хийх ёстой. Шүүхийн шийдвэрийн 18 дугаар хуудсанд тухайн үеийн гуравдагч этгээд Б.Аийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг уншуулж байна. Тухайн үед “миний ажлыг үнэлсэнд талархаж байна” гэж байгаа. Тухайн хэлж байгаа тайлбарын агуулга нь тухайн үед төсөл танилцуулсан байгаа. Тэр төслийг танилцуулсанд талархсан гэдгийг илэрхийлсэн болохоос бичгийн шалгалт болон мэргэшсэн байдалд үнэлгээ хийсэнд талархаж байна гэж хэлээгүй.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, Сонгон шалгаруулах комисс шүүхийн шийдвэрийн дагуу дахин үнэлгээг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хийсэн гэж байгаа.  Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, эсхүл Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулах журам”-ын алийг нь баримтлаад энэхүү үнэлэлт, дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байгаа.

Сонгон шалгаруулах комисс бол 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дахин үнэлгээ хийсэн тухай тэмдэглэл үйлдсэн. Энэ тэмдэглэлээс үзэхэд, Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалд өрсөлдсөн Ч.Ү, Б.А нарын мэргэшсэн байдал бичгийн шалгалтад дахин үнэлгээ өгөх,  2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1 дүгээр “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах тухай” тогтоолоор батлагдсан журмаараа  үнэлгээ хийсэн гэж байгаа.

Тэмдэглэлийн дараа нэгдсэн үнэлгээг гаргаж, дахин үнэлгээ хийсэн тухай Сонгон шалгаруулах комиссын тогтоолыг гаргасан байна. Тогтоолын хууль баримталсан хэсгийг харах юм бол Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.4.2, 1.4.3, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-ийг  баримталсан. Улмаар Сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд танилцуулсан. Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар энэхүү асуудлыг авч хэлэлцээд маргаан бүхий 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг гаргасан. Уг  тогтоолын хууль баримталсан хэсгийг харах юм бол Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.2 гэж эхэлж байна. Энэ журмаараа үнэлэлт, дүгнэлт өгсөн гэж байгаа боловч “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн  сонгон шалгаруулах журам”-аар батлагдсан Төрийн албан зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар үнэлгээ өгөх хуудсыг баталсан. Энэ хуудсыг баримтлахгүйгээр, хуучин хуудсыг ашиглаж үнэлгээ хийсэн гэж үзэхээр байгаа.

Эдгээр журмын аль алийг харах юм бол Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд “Төрийн алба ил тод, Монгол Улсын иргэн төрийн албан хаагч адил тэгш боломжоор хангагдах, төрийн үйл ажиллагаа ил тод байна” гэсэн  зарчмын асуудал байгаа. Гэтэл Сонгон шалгаруулах комисс болон Төрийн албан зөвлөлийг маш нууц байдлаар хуралдсан мэтээр хардаж сэрдэж байгаа. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр комисс нь хуралдаж, 10 дугаар сарын 24-ний өдөр тогтоол нь гардаг. Төрийн үйл ажиллагаанд хууль баримтлах ёстой.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж хуульчилсан байгаа.  Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлэх, нөхцөл байдлыг судлан тогтоох, нотлох баримт цуглуулах,  оролцогчийн эрх үүргийг зааж, сонсох ажиллагаа явуулах, хугацаа тодорхойлох нөхцөл журмыг энэ бүлэгт заасан. Харин захиргааны шийдвэр гаргах ажиллагаа дуусгавар болох зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргах ажиллагаа байгаа. 12.1-д заасан заалтыг юу гэж ойлгох юм вэ гэхээр, захиргааны акттай холбогдсон захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд захиргааны акт гаргахдаа урьдчилсан нөхцөл байдлыг шалган эрх зүйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах, төсөл бэлтгэх болон түүнийг батлан гаргахад хамаарах эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдэх, оролцоог нь хангах, сонсох зэрэг бүхий л зүйлийг хамруулна. “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар хэсгийг харахад, Сонгон шалгаруулах комиссын үйл ажиллагааг зохицуулсан. 3.3-д комисс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.3.6-д шалгалтын дүнг тухай бүрд мэдээлнэ гэж байгаа. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Шалгалт болох процессыг ч урьдчилан хэлээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж заасан. Хариуцагчаас “ бид нар хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан” гэж байгаа боловч үүнийгээ хангалттай нотлох баримтаар няцааж чадаагүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Мийн мэдүүлгээс үзэхэд, Б.Аийн эрх хэрхэн яаж зөрчигдсөн, Сонгон шалгаруулах комиссын үйл ажиллагаа хэрхэн яаж зөрчсөнийг илэрхийлсэн байна. Сонгон шалгаруулах комисс мэдсээр байж олонхын саналаар маргаан бүхий тогтоолыг баталсан.

Нэгдсэн үнэлгээнд   бичгийн шалгалт болон мэргэшсэн байдлын шалгалт гэж байгаа. Бичгийн шалгалтад 6.3, 8.3 гэсэн оноог хэрхэн яаж гаргасан талаар нотлох баримт байхгүй. Бичгийн шалгалт гэдгийг үзэхэд тушаал боловсруулдаг. Үүнд, албан бичиг хөтлөх стандарт, найруулга зүй, хууль хэрэглээнд үнэлгээ хийдэг юм шиг байна.  Ч.Үэд 6.3, Б.Ад 8.3 гэсэн оноог өгөхдөө хэн ямар алдаа гаргасан, хэрхэн үнэлгээ хийсэн нь тодорхойгүй байхад энэ оноог өгч байгаа нь хэт хийсвэр санагдаж байна.  Эцсийн эцэст нотлох баримтын хүрээнд асуудал шийдэгдэх ёстой. Тийм учраас Захиргааны ерөнхий хуульд заасан процессын ажиллагааг хэрэгжүүлж ажиллаагүй. Сонгон шалгаруулах комисс болон Төрийн албаны зөвлөл маргаан бүхий актыг гаргахдаа хуулийг баримтлаагүй үйлдлүүд нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлтэй учраас хангаж, Сонгон шалгаруулах комисст дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүсэж байна гэв.

Хариуцагч  Сонгон шалгаруулах комиссоос шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох сонгон шалгаруулалт явуулах комисс нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0076 дугаар шийдвэрийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалд өрсөлдөн Б.А, Ч.Ү нарын мэргэшсэн байдал, бичгийн шалгалтад дахин үнэлгээ хийсэн.

Ийнхүү дахин үнэлгээний нийт дүнгээр өндөр үнэлгээ авсан Чулууны Үржихийг аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд танилцуулан, улмаар салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэж нэр дэвшүүлэх тогтоол гарсан болно. Комиссоос шүүхийн шийдвэрийн дагуу Б.А, Ч.Ү нарын мэргэшсэн байдал, бичгийн шалгалтад дахин үнэлгээ өгсөн. Үүнд,

Мэргэшсэн байдал: Ажлын байрны тодорхойлолтод “...эрүүл мэндийн чиглэлээр сургалтад хамрагдсан байх” гэсэн шаардлагад тавигдсаны дагуу 2 хүн адилхан эрүүл мэндийн чиглэлийн олон сургалтад хамрагдсан байгааг харгалзан үзэж иргэн Ч.Үт 7 оноо, Б.Аийн оноог хэвээр нь буюу 8 оноо байхаар шийдвэрлэсэн.

Бичгийн ур чадварын шалгалт: Бичгийн шалгалтын даалгавар, түүний хариу зэргийг харгалзан бичгийн шалгалтын комиссоос Б.А, Ч.Ү нарын бичгийн шалгалт өгсөн материалыг дахин нэг бүрчлэн үзэж, бичгийн шалгалтаар иргэн Б.Аийн оноог 8.3 байхаар хэвээр нь шийдвэрлэж, Ч.Үт 6.3 оноог өгөв.

Ингээд “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-ын “Ерөнхий шаардлага”, “Удирдах ур чадвар” –ын онооны хэсгүүдэд тус тус өөрчлөлт оруулж, нийлбэр дүнг үзэхэд Ч.Үийн оноо илүү гарсан юм.

Дахин үнэлгээгээр Б.Аийн дүнгийн хуудаст өөрчлөлт ороогүй тул танилцуулах шаардлагагүй гэж үзсэн.

Иймд сонгон шалгаруулалтын комисс нь холбогдох хууль, журмын дагуу дахин үнэлгээ хийсэн ба комиссоос нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ гэжээ.

Хариуцагч Сонгон шалгаруулах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралайгаас шүүхэд гаргасан  тайлбартаа:

 Сонгон шалгаруулахтай холбоотой өмнө 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Уг 3 шатны шүүхийн шийдвэрт Ч.Ү, Б.А хоёрын мэргэшсэн байдал болон ур чадварын шалгалтад дахин үнэлгээ хийхийг тухайн Сонгон шалгаруулах комисст даалгасан. Сонгон шалгаруулах комисс дахиж хуралдаад, Б.А болон Ч.Үийн мэргэшсэн байдал болон бичгийн ур чадварын шалгалтад дахин үнэлгээ өгсөн. Сонгон шалгаруулах комисс 5 бүрэлдэхүүнтэй ажилласан.  Сонгон шалгаруулалтын комиссын хувьд  өмнө нь бичгийн шалгалт авах комисс нь нэг тусдаа, бичгийн ур чадварын шалгалт авах комисс нэг тусдаа, тестийн шалгалт авах комисс тус тусдаа байсан. Сүүлд шүүхийн шийдвэрийн дагуу үнэлгээ хийхдээ сонгон шалгаруулах комиссын 5 гишүүн бүгд сууж байгаад, үнэлгээгээ өгсөн. Энэ үед Ч.Үийн мэргэшсэн байдалд 7 оноо, Б.Ад 8 оноо хэвээрээ байхаар шийдвэрлэсэн. Бичгийн ур чадварын шалгалтад Ч.Үэд 6.3 оноо,  Б.Ад өмнө өгөгдсөн 8.3 оноог хэвээр нь өгсөн. Үүнд Б.Аийн оноонд өөрчлөлт оруулсан асуудал гараагүй. Б.А өмнө хэдэн оноо авсан тэрүүгээр нь хэвээр үлдээсэн.

Ч.Үийн хувьд тухайн үед шүүхийн шийдвэрээр үнэлгээг дахин өг гэсэн учраас Ч.Үийн шалгалтын материалыг дахиж нягталж үзээд 5.3 дээр 6.3 болгож, 1 оноог нэмээд өгсөн. Тэгээд Ч.Ү, Б.А хоёрын оноог эцсийн байдлаар дүгнэхдээ Ч.Ү Б.Аээс хэдхэн оноогоор зөрсөн. Бид нар тухайн үед гарсан шийдвэрийг Б.Ад танилцуулаагүй. Яагаад гэвэл Б.Аийн өмнөх оноонд ямар нэгэн өөрчлөлт ороогүй учраас танилцуулаагүй. Ч.Үийн оноонд өөрчлөлт орсныг танилцуулсан. Үүнийг Сонгон шалгаруулах комиссын зүгээс Төрийн албаны салбар зөвлөлд уламжилсан. Төрийн албаны салбар зөвлөл хуралдаж, шүүхийн шийдвэрийн дагуу Сонгон шалгаруулах комисс үндэслэлтэй шийдвэр гаргасан байна гэж үзээд, нэр дэвшүүлэх тогтоол гаргасан байгаа гэв.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0076 дугаар шийдвэрийн дагуу тус зөвлөлөөс 2018 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалд өрсөлдсөн Б.А, Ч.Ү нарын мэргэшсэн байдал, бичгийн шалгалтад дахин үнэлгээ хийсэн тухай Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн хуралдаанд танилцуулсан.

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг хэлэлцээд гишүүдийн олонхын саналаар дахин үнэлгээгээр илүү оноо авсан Чулууны Үржихийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн болно.

Иймд нэхэмжлэгч Б.Аийн төрийн  үйлчилгээний албаны удирдах ажилтны дахин үнэлгээ хийсэн тухай шийдвэртэй холбоотой маргаж байгаа нь үндэслэлгүй ба бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний 110/ШШ2018/0076 дугаар шийдвэрийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн шийдвэрээр байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс нь Ч.Ү, Б.А нарын шалгалтын материалд дахин үнэлгээ өгч, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргаснаар Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд нэр дэвшүүлэх тухай”  05 дугаар тогтоолоор Ч.Үийг маргаан бүхий орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн.

Тус газар нь нэр дэвшигчийн материалыг Нийтийн албанд, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулснаар Б.Аийг үүрэгт ажлаас нь чөлөөлж Ч.Үийг тус орон тоонд томилсон юм.

Өөрөөр хэлбэл, тус газар нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажилласан болно.

Иймд нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/34 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/37 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Үээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0076 дугаар шийдвэр нь Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 06  дугаар сарын 10-ны өдрийн 207 дугаар тогтоол гарснаар хүчин төгөлдөр болсон хэдий ч хариуцагчид шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй цааргалсаар байсан тул биелэлтийг  хангуулахаар хариуцагчдад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа хүргүүлсэн албан бичгийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон мэргэшсэн байдал, бичгийн шалгалтын хэсэгт 2019.10.22-ны өдөр дахин үнэлгээ хийж, нийт оноог гаргасан болон Б.Аийг өмнөх үнэлгээгээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа талаар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр надад танилцуулсан.

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоол нь тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0076 дугаар шийдвэрийн биелэлтийг хангаж гаргасан эрхийн акт бөгөөд уг актыг гаргасан талаар тухайн өдөр надад танилцуулаагүй бөгөөд миний бие уг акттай 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр л  танилцаж, хүлээж авсан. Гэтэл Б.А нь надаас түрүүлж 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр уг тогтоолтой танилцаж 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байснаас үзэхэд Сонгон шалгаруулах комиссын үнэлгээтэй танилцсан гэдэг нь харагдаж байна.

Сонгон шалгаруулах комисс нь  шүүхийн шийдвэрийг биелүүлж, Ч.Ү миний шалгалтын даалгаварт дахин үнэлгээ хийсэн боловч Б.Аийн үнэлгээнд өөрчлөлт оруулаагүй юм. Б.А нь анх сонгон шалгаруулалт явуулах үед 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үнэлгээтэйгээ танилцан ямар нэгэн маргаан гаргахгүйгээр хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан ба мөн тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0076 дугаар шийдвэртэй хэргийн шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ үнэлгээгээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу шударга, ил тод явагдаж, үндэслэл бүхий дүн гаргасан гэж мэдүүлэн, Сонгон шалгаруулах комиссын өөрт нь өгсөн үнэлгээнд сэтгэл ханамжтай байж, талархлаа илэрхийлж байсан нь тус захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 13 дугаар, хэргийн 1 дүгээр хавтасны 203 дугаар хуудсанд тэмдэглэгдсэн. Хэрэв уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-14.4-т зааснаар тухайн үед 2018 оны 05-06 дугаар сард гомдол гаргах ёстой байсан бөгөөд гомдол гаргах хугацаа хэтэрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

Сонгон шалгаруулах комисс нь ийнхүү Б.Аийн материалд дахин үнэлгээ хийгээгүй хэвээр үлдээсэн нь түүнд давуу байдал олгосон хэвээр ба нэгэнт түүний шалгалтын материалд дахин үнэлгээ хийгээгүй учраас шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан энэхүү захиргааны актын улмаас түүний эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй бөгөөд харин ч миний эрхийг зөрчиж байна.

Тухайлбал, шүүхээс сонгон шалгаруулалтын комисс ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэшсэн байдлын шаардлагыг 2 оролцогч хангаж байна гэж тайлбарласан боловч мэргэшсэн байдлын хувьд ялгаатай үнэлж,бичгийн шалгалтыг гүйцэтгэсэн байдалд үг үсгийн болон найруулга зүйн хувьд илүү олон алдаатай хууль эрхийн актыг хэрэглэх дарааллыг зөрчсөн төдийгүй огт байхгүй эрхийн акт үндэслэсэн байхад Б.Ад “сайн” гэсэн үнэлгээ өгсөн мөртлөө надад “хангалттай” гэсэн үнэлгээ өгсөн нь үндэслэлгүй бодит байдалд тохироогүй, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “шударга ёс, тэгш байдал”, 4.2.4-т заасан “иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” зарчмыг зөрчсөн хууль бус бөгөөд үүний улмаас миний төрийн албан тушаал эрхлэхтэй холбоотой эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж дүгнэсэн, уг шүүх хуралдаанд Б.А өөрийн бичгийн шалгалтын гүйцэтгэлийн алдаагаа хүлээн зөвшөөрч байсан.

Нөгөө талаас Сонгон шалгаруулах комисс нь шүүхийн шийдвэрийг биелүүлж Ч.Ү миний шалгалтын материалд дахин үнэлгээ хийсэн, нэгэнт шүүхийн дүгнэлтэд үндэслэн миний материалд хийсэн үнэлгээ нь хуульд нийцсэн эсэхийг одоо шүүх дахин хянан хэлэлцэхгүй болно.

Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т  зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүний дахин дүгнэлт хийх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд Б.А өөрийн шалгалтын дүнг өмнө нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд Сонгон шалгаруулах комисс түүний үнэлгээнд өөрчлөлт оруулаагүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан дахин үнэлгээ нь Б.А рүү чиглээгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

Нэгэнт Б.Аийг ЗӨСТөвийн даргаар томилсон тушаал хууль бус гэдэг нь тогтоогдож шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга тус шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангахаар Авлигатай тэмцэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ирсэн албан бичиг болон салбар зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоол, холбогдох хуулийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/37 дугаар тушаал гаргаж, намайг аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргаар томилон,төрийн албан тушаал эрхлэхтэй холбоотойгоор зөрчигдсөн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан энэхүү захиргааны актын улмаас түүний эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй, сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээ болон Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нэр дэвшүүлсэн тогтоол нь хүчин төгөлдөр байгаа тохиолдолд уг эрхийн акт нь хүчингүй болох үндэслэлгүй юм.

Мөн тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаар шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б.Аийг ажилд томилсон тухай Б/18 дугаар тушаал хүчингүй болсон ба аймгийн Эрүүл мэндийн газрын дарга шүүхийн шийдвэрийг үндэслэн Б.Аийг ажлаас нь чөлөөлж, намайг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн албан бичгийн хариу иртэл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргаар 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс түр томилж, Б.Аийг ажлын байраар хангах үүрэг даалгавар өгсний дагуу Б.Аийг Зоонозын өвчин судлалын төвд Зоонозын өвчний их эмчээр тухайн өдрөөс томилсон тул хуулийн дагуу түүний жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл байгууллагаас төлөгдөж байгаа учир ямар нэгэн байдлаар амьдралын баталгаагүй болж эрх нь зөрчигдсөн зүйл байхгүй гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд өөрийнхөө байр суурийг илэрхийлье. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй.  Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын сул орон тоонд 2018 онд сонгон шалгаруулалт явагдаж, Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох сонгон шалгаруулалтын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн шалгалтын нэгдсэн үнэлгээгээр тус орон тоонд оролцсон Ч.Ү 69.17, Б.А 70.39 оноогоор тус тус байр эзэлж, Б.А нь тухайн албан тушаалд томилогдож байсан. Гэтэл тухайн сонгон шалгаруулалтын үнэлгээг Ч.Ү эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар шүүхээс эцэслэн шийдвэрлэгдэж тухайн орон тооны сонгон шалгаруулалтад оролцсон 2 өрсөлдөгчийн мэргэшсэн байдал болон бичгийн шалгалтын оноо бодит байдалд тохирохгүй байна гэж үнэлсэн.

Сонгон шалгаруулалтын комиссоос Ч.Үэд тавьсан оноо бодит байдалд нийцэхгүй байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна хэмээн үзэж, тухайн сонгон шалгаруулалтын үнэлгээний дүнг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, уг шийдвэрийн 1 дэх заалтаар Сонгон шалгаруулах комисст мэргэшсэн байдал болон бичгийн шалгалтын оноог дахин үнэлүүлэхийг даалгасан шийдвэр гаргасан. Энэ нь 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэдэх Сонгон шалгаруулах комисст даалгасны дагуу үнэлгээний комисс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дахин хуралдаж, дахин үнэлгээ хийсэн. Уг дахин үнэлгээгээр өмнөх сонгон шалгаруулалтад оролцож, тухайн албан тушаалд томилогдсон Б.Аийн шалгалтын оноонд дахин өөрчлөлт ороогүй. Учир нь, шүүхийн шийдвэрээр болон Б.А өөрөө сонгон шалгаруулалтын оноог хүлээн зөвшөөрсөн маргаан гаргаагүй.

Ийм  учраас Б.Аийн оноонд өөрчлөлт оруулаагүй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар Ч.Үийн мэргэшсэн байдал болон бичгийн шалгалтын оноонд зохих өөрчлөлт оруулахыг даалгасан. Ч.Үийн оноо нь өмнө нь мэргэшсэн шалгалтын оноо нь 5 байсан бол 2 оноо нэмж, 7 болгож, бичгийн шалгалт 5.3 байсныг 6.3 болгож, 1 оноо нэмж өөрчлөлт оруулж, Б.Аийн оноог хэвээр үлдээсэн. Тухайн оноогоор Ч.Үийн нийт оноонд болон сонгон шалгаруулалтын үр дүнгээр Ч.Ү, Б.А нарын эзлэх байранд өөрчлөлт орж, Ч.Ү нэгдүгээр байр, Б.А 2 дугаар байранд орсон. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дахин сонгон шалгаруулалт явагдсан, дахиж шалгалт авч, шалгалтын дүнг танилцуулаагүй мэтээр тайлбарлаж  байна. Энэ нь дахин шалгалт, эсвэл сонгон шалгаруулалт биш. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаартай шийдвэрийг биелүүлсэн байдал.  Нэхэмжлэгч талын  “бид сонгон шалгаруулалтын дүнтэй танилцах ёстой байсан” гэсэн нь зүйд нийцэхгүй. Сонгон шалгаруулалтын үр дүнг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн.

Хэрэв тухайн оноогоо хүлээн зөвшөөрөөгүй байсан бол Ч.Үийн нэгэн адил Б.А ч нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой байсан. Харин энэ удаагийн сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээгээр Б.Аийн оноонд өөрчлөлт оруулсан байвал, Б.А маргаж болохоор байна. Гэхдээ шалгалтын оноог өөрөө хүлээн зөвшөөрсөн байсан. Өнөөдөр шүүхийн шийдвэрийн дагуу Сонгон шалгаруулах комисс дахин үнэлгээ хийхдээ Ч.Үэд оноо нэмсэн гэдэг байдлаар маргаж байгаа нь  буруу юм.

Мэргэшсэн байдал болон бичгийн шалгалтад Б.А Ч.Үээс илүү байгаа нь нэгдсэн үнэлгээгээр харагдаж байгаа. Ч.Үэд 2 оноо нэмснээр Б.А Ч.Үээс доош орсон асуудал байхгүй, оноо нь хэвээрээ байгаа. Б.Аийн  эрх ашиг нь  дахин үнэлгээ хийснээр зөрчигдөөгүй. Б.А өмнөх сонгон шалгаруулалтын оноог хүлээн зөвшөөрсөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 76 дугаар шийдвэрийн 19 дүгээр хуудсанд тайлбарлаж байсан тайлбар болон тухайн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны 160 дугаар тэмдэглэлийн 10 дугаар хуудсанд байгаа.

Мөн Сонгон шалгаруулах комисс дүнг танилцуулаагүй гэж маргаж байгаа. Танилцуулах үүрэггүй гэж бодож байна. Яагаад гэвэл, Б.Аийн үнэлгээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, урьд нь өөрөө танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Дахин сонгон шалгаруулалт явагдаагүй учраас 2013 оны 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын холбогдох заалтаар танилцуулах журмыг баримтлахгүй гэж үзэж байгаа.

Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалт хэвээрээ хүчин төгөлдөр байгаа. Зөвхөн шүүхийн шийдвэрээр үнэлгээний асуудалд маргаан гарч, эцэслэн шийдвэрлэгдсэн учраас үүнийг шалгалт гэж ойлгож байгаа нь зүйд нийцэхгүй байна.

Гэрч Б.Мийн дахин үнэлгээ хийж, танилцуулах ёстой байсан гэж тайлбарласныг дурдаж байна. Б.М Сонгон шалгаруулах комиссын гишүүн биш, Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүний хувьд өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Төрийн албаны салбар зөвлөл хамтын шийдвэр гаргадаг. Б.М хэчнээн өөрийнхөө байр сууриа илэрхийлсэн ч олонхын саналаар шийдвэр гарсан учраас тэнд яригдсан Б.Мийн санал унасан. Б.Мийн саналыг нотлох баримтаар үнэлэх боломж байхгүй. Б.М Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүн болохоос Сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд оролцоогүй учраас үнэлгээний комиссын үйл ажиллагаанд хөндлөнгөөр оролцож, санал өгөх эрх байхгүй.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа мэргэшсэн шалгалт болон бичгийн шалгалт авахдаа ямар алдаа гаргасныг бичиж нотлох баримтаар бэхжүүлээгүй гэж байна. Тэр шалгалт авах комиссын бүрэн эрхийн асуудал гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Аээс Баян-Өлгий аймгийн  Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс болон аймгийн Эрүүл мэндийн газрын даргад тус тус   холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг[1] болон  Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/34, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  Б/37 тоот тушаалуудыг[2] тус тус хүчингүй болгож, Сонгон шалгаруулах комисст Ч.Ү, Б.А нарын шалгалтын материалд дахин үнэлгээ өгөх, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргуулахыг даалгах” шаардлага бүхий  нэхэмжлэл гаргасан.

Шүүх хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь харьцуулан судалж, үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Баян-Өлгий аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр  Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа  Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалын сул орон тооны  сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, энэ сонгон шалгаруулалтын үр дүнгээр маргаан бүхий албан тушаалын сул орон тоонд  шалгалт өгсөн Б.А нь 70.39, Ч.Ү нь  69.17 оноог тус тус авч, онооны дэс дарааллаар Б.А нь илүү оноо авсан болох нь хэрэгт авагдсан сонгон шалгаруулалт явуулсан тухай Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэлээр[3] батлагдаж байна.

Ч.Үээс уг сонгон шалгаруулалтын үр дүнг эс зөвшөөрч тус захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0076 дугаар шийдвэрээр[4] нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын тайлан, дүнгийн 7 дугаар хавсралт “Төрийн  үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээ”-ний  Ч.Ү, Б.А нарын мэргэшсэн байдал, бичгийн шалгалтын онооны хэсэг, нийт онооны хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн  01 дүгээр “Төрийн жинхэнэ болон үйлчилгээний  албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан тухай” тогтоолын 1 дэх заалтаар баталсан “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-ын “Ерөнхий шаардлага” гэсэн хэсгийн Б.Аийн 20.09, Ч.Үийн 18,1 онооны мэргэшсэн байдлын онооны хэсэг, “Удирдах ур чадвар”  гэсэн хэсгийн Б.Аийн 27.8 , Ч.Үийн 29.8  онооны бичгийн  шалгалтын онооны хэсэг, Ч.Ү, Б.А нарын нийт онооны хэсэг, 2 дах заалтын “70,39 оноотой тэнцсэн Б.Аийг аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төвийн  даргын албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг салбар зөвлөлд хүргүүлсэн” хэсэг,  2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Д/06 дугаар дүгнэлт, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг тус тус  хүчингүй  тус тус хүчингүй болгожээ.

Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг тухайн хэргийн хариуцагч Салбар зөвлөл, Сонгон шалгаруулах комисс болон гуравдагч этгээдийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар  гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2019/0140 дугаартай магадлал[5], Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 207 дугаар тогтоолоор[6] тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Хуулийн хүчин төгөлдөр болсон анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу  Салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор[7] байгуулагдсан  Сонгон шалгаруулах комисс нь  2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б.А, Ч.Ү нарын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өгсөн шалгалтын материалд  дахин үнэлгээ хийж, Б.Аийн өмнөх үнэлгээгээр авсан  70.39 оноог хэвээр үлдээж, харин Ч.Үийн өмнөх  үнэлгээгээр мэргэшсэн байдалд өгсөн 5 оноонд 2 оноог нэмж  7 оноо, бичгийн шалгалтын 5,3 оноонд 1 оноог нэмж  6,3 оноо болгосноор  Ч.Үийн нийт оноо  72.16 болон өөрчлөгдөж, хамгийн илүү оноо авсан түүнийг маргаан бүхий сул орон тооны албан тушаалд Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлснээр Эрүүл мэндийн газрын дарга тухайн албан тушаалд томилох шийдвэрийг гаргасан байна.

Дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч тал нь энэ үйл баримтын  “дахин үнэлгээ хийсэн” хэсэгт маргаж, үндэслэлээ “Сонгон шалгаруулах  комисс нь   Захиргааны ерөнхий хуулийн 14-51 дүгээр зүйл,  Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-т заасан “ил тод байх”, Төрийн албаны зөвлөлийн  2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах  журам” болон “Төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 2 дугаар хавсралтад заасан дүнгийн хуудастай танилцах хэсгийг тус тус зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн  дүнгийн хуудастай танилцах,  дүнг зөвшөөрөхгүй байх, дахин үнэлгээ хийлгүүлэхээр хүсэлт гаргах эрх зөрчигдсөн” гэж тайлбарласан.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг”,  7 дугаар зүйлийн  7.1-т “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан …  шударга ёс, … тэгш байдал,  хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална” гэж тус тус заасан.

Зоонозын өвчин судлалын төвийн даргын албан тушаалын   сул орон тоонд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр явагдсан,  Сонгон шалгаруулах комиссоос  энэ орон тоонд   өрсөлдсөн 2 иргэний  сонгон шалгаруулалтын материалд  шүүхийн шийдвэрийн дагуу дахин үнэлгээг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хийж,   сонгон шалгаруулалт явагдсан үед  мөрдөгдөж байсан Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.4.2, 1.4.3, 4.1, 4,2-т заасныг тус тус  баримтлан тогтоол[8] үйлдэн Салбар зөвлөлд санал хүргүүлсэн ,  мөн   Сонгон шалгаруулах комиссын энэхүү шийдвэрийн дагуу Салбар зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам батлах тухай”   25 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын 7.2,  2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 59 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 5.7-т заасныг тус тус баримтлан  2019 оны 05 дугаар тогтоол үйлдэн  тухайн сул орон тоонд нэр дэвшүүлсэн   зэрэг нь  төрийн албанд баримтлах дээрх зарчмуудтай нийцсэн   гэж үзлээ.

Мөн сонгон шалгаруулах комиссын хийсэн дахин үнэлгээний үр дүн нь нэхэмжлэгч Б.Аийн  авсан анхны үнэлгээнд  өөрчлөлт оруулаагүй, анхны үнэлгээг хэвээр үлдээсэн, нэхэмжлэгч нь энэ анхны үнэлгээний талаар маргаагүй тул   түүний авсан оноонд дахин үнэлгээ хийх шаардлагагүй байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй,  Сонгон шалгаруулах комиссын Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчиж, дахин үнэлгээ хийсэн талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, дүнг танилцуулаагүй гэсэн үндэслэлүүдээр  маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох, дахин үнэлгээ хийлгэх, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргуулахыг шүүхээс даалгах  боломжгүй байна.

Тодруулбал,  нэхэмжлэгч нь сонгон шалгаруулах комиссын дахин үнэлгээ хийсэн тухай шийдвэр, уг шийдвэрийг үндэслэж гарсан Салбар зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тогтоол  гарснаас хойш 1 хоногийн  дараа  Төрийн албаны төв зөвлөл болон Салбар зөвлөлд хандсан  нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тусгасан  “... Миний бие хуульд заасан эрхийнхээ дагуу маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төрийн албаны зөвлөл болон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд тус тус гомдол гаргасан ...” гэх тайлбараас тогтоогдож байгаа ба үүнээс үзэхэд  Сонгон шалгаруулах комиссоос нэхэмжлэгчид үнэлгээний хуудсыг тухайн үед танилцуулаагүйгээс болон  мэдэгдэх, сонсгох зарчмыг хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчийн  холбогдох байгууллагад гомдол гаргах  эрх, хууль ёсны ашиг сонирхол  нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймээс хариуцагч Сонгон шалгаруулах комиссын сонгон шалгаруулалтын материалд дахин хийсэн үнэлгээ нь, Салбар зөвлөлийн дахин үнэлгээний үр дүнгээр хамгийн өндөр оноо авсан иргэнийг буюу Ч.Үийг маргаан бүхий албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол нь, уг шийдвэрийг үндэслэж Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын Зооноз өвчин судлалын төвийн даргын тушаалд томилсон шийдвэрүүд нь тус тус  дээрх байдлаар Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг зөрчөөгүй  тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэн нэхэмжлэгчийн  тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/  3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аээс Баян-Өлгий аймгийн  Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Сонгон шалгаруулах комисс болон аймгийн Эрүүл мэндийн газрын даргад тус тус   холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолыг болон  Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/34, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  Б/37 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Сонгон шалгаруулах комисст Ч.Ү, Б.А нарын шалгалтын материалд дахин үнэлгээ өгөх, холбогдох шийдвэр, дүгнэлт гаргуулахыг даалгах” шаардлага  бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            З.ГҮЛБАРША

 

 

 

              

 

 

 

[1] Хэргийн 4 дүгээр хуудас

[2] Хэргийн 97, 99 дүгээр хуудас

[3] Хэргийн 117 дугаар хуудас

[4] Хэргийн 56-88 дугаар хуудас

[5] Хэргийн 41-55 дугаар хуудас

[6] Хэргийн 35-40 дүгээр хуудас

[7] Хэргийн 153 дугаар хуудас

[8] Хэргийн 29 дүгээр хуудас