| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2026/0090/3 |
| Дугаар | 221/МА2026/0390 |
| Огноо | 2026-06-09 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2026/0390
Э.Жгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Э.Ж
Нэхэмжлэгч: Э.Ж
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүрэг дэх Хар усан тохой /13130/ дугаар гудамж, 113-6 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Э.Жгийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн байгууллагын хууль бус, буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд 120,000,000 төгрөг гаргуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 354 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Б.Н нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2026/0090/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Ж нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Баянзүрх дүүрэг дэх Хар усан тохой /13130/ дугаар гудамж, 113-6 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Э.Жгийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн байгууллагын хууль бус, буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд 120,000,000 төгрөг гаргуулах-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 354 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасныг тус тус баримтлан Э.Жгаас Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг дэх Хар усан тохой /13130/ дугаар гудамж, 113-6 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Э.Жгийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн байгууллагын хууль бус, буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд 120,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ... шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Баянзүрх дүүрэг дэх Хар усан тохой /13130/ дугаар гудамж, 113-6 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Э.Жгийн нэр дээр бүртгүүлсэн улсын бүртгэл илт хууль бус болох тухайд:
3.1.1. Э.Ж миний бие 2017 оны 03 дугаар сарын 13-ны Б.А өөрийн авах байсан 120,000,000 төгрөгтөө тооцуулан Хар усан тохой /13130/ дугаар гудамж, 113-6 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан. Тус хөрөнгийг шилжүүлэн авахад холбогдох баримт бичиг асуудалгүй, ямар нэг алдаа гараагүй. Иймээс Д.Д худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан, холбогдох бүртгэлийг хийлгэсэн. Гэтэл тухайн үл хөдлөх хөрөнгөд давхар гэрчилгээ олгогдсон байсан бөгөөд Д.Д нь иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн шийдвэрээр Э.Жгаас Д.Дт 120,000,000 төгрөгийг буцаан гаргуулж, үл хөдлөх хөрөнгийг Э.Жд буцаан шилжүүлэх шийдвэр гарсан. Э.Ж нь тус хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар хүсэлтээ холбогдох байгууллагад гаргасан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2356 тоот дүгнэлтээр бүртгэлийг түдгэлзүүлсэн. Ингэснээр Э.Ж нь шүүхийн шийдвэрээр Д.Дт 120,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үл хөдлөх хөрөнгөгүй болж хохироод байгаа юм.
3.1.2. Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс нь хуулиар хүлээсэн үүрэгтээ хайнга хандсаны улмаас үл хөдлөх хөрөнгийг газрын зориулалтаас нь өөрөөр бүртгэсэн, мөн дур мэдэн хаягжилт олгосон, 100% ашиглалтад ороогүй байрыг 100% ашиглалтад орсон мэтээр бүртгэл хийсэн. Гэтэл бодит нөхцөлд тухайн үл хөдлөх хөрөнгө нь 50%-ийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэсэн хэдий ч тухайн хөрөнгийг бүртгүүлэх үед бичиг баримтын үнэн зөв байдлыг шалгаж нягтлалгүйгээр улсын бүртгэлийн байгууллага нь бүртгэсэн бөгөөд хариуцагчаас шүүх хуралдааны явцад өгсөн тайлбартаа "баримт бичгийн үнэн, зөв эсэхийг мэдүүлэг гаргагч өөрөө хариуцах ёстой, манай байгууллага өгсөн баримт бичгийн шаардлага хангасан тохиолдолд шууд бүртгэнэ" гэж хэлсэн. Улсын бүртгэлийн байгууллага нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна" гэж заасан. Гэхдээ хариуцагчийн тайлбарлаж буйгаар хэн ч хамаагүй нэг этгээд хуурамч баримт бичиг бүрдүүлээд очиход бүртгэлийг хийгээд өгөх агуулгаар тайлбарлаж байгаа нь хуулиар хүлээсэн үүргээ хуульд заасан журмын дагуу биелүүлдэггүй болохыг харуулж байна. Тус үл хөдлөх эд хөрөнгө нь бодит нөхцөлд ашиглахад хаягжилт зөрүүтэй, 50%-ийн гүйцэтгэлтэй, газрын зориулалт үл хөдлөх хөрөнгийн зориулалттай зөрж байгаа бөгөөд түүнд амьдрах цаашлаад эзэмших, ашиглах ямар ч боломжгүй юм. Ийм нөхцөл байдлын улмаас иргэний эрх ноцтой зөрчигдөж байхад тус байгууллагыг буруугүй мэтээр шүүхийн шийдвэр гарч байгаа нь үндэслэлгүй байна. Иймд захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт заасны дагуу захиргааны актыг бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй тул Э.Жгийн нэр дээр бүртгэсэн акт нь илт хууль бус захиргааны акт мөн.
3.2. Улсын бүртгэлийн байгууллагын хууль бус, буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд 120,000,000 төгрөг гаргуулах тухайд:
3.2.1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Нэхэмжлэгчээс Д.Дт төлсөн мөнгөн дүн нь өмнөх эзэмшигч Б.Атэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгээс зөрүүтэй..." гэж дүгнэсэн. Худалдагч эд хөрөнгийг худалдаж аваад цааш бусдад худалдахдаа үнийн дүнг өөрөө тодорхойлох бөгөөд үүнд өмнөх гэрээний үнийн дүн огт хамааралгүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч нь Б.Ад төлсөн мөнгөө хариуцагчаас шаардаагүй бөгөөд Д.Дт шүүхийн шийдвэрээр төлсөн мөнгөө нэхэмжилж байгаа. Э.Ж нь Д.Дээс үл хөдлөх хөрөнгө худалдсаны үнэд 120,000,000 төгрөг авсан бөгөөд талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн болох нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01422 дугаар шийдвэрээр тогтоогдсон. Тиймээс нэгэнт тогтоогдсон үйл баримтыг нотлох баримтаар нотлуулахаар шаардаж, нотлох баримтгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Мөн тус захиргааны акт нь илт хууль бус захиргааны акт мөн бөгөөд түүний улмаас учирсан хохирлоо шаардах нь зүйтэй. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0354 дугаарт шийдвэр нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэнд нийцэхгүй байх тул тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байна. Иймд гомдлыг хүлээн аван, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
5. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Э.Жгаас Баянзүрх дүүрэг дэх Хар усан тохой /13130/ дугаар гудамж, 113-6 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Э.Жгийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн байгууллагын хууль бус, буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд 120,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргажээ.
2.1. Анхан шатны шүүх ... эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг илт хууль бус буюу эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэх үндсэн нөхцөл нь эд хөрөнгө оршин байхгүй, эсхүл эд хөрөнгийн өөрчлөлтийн бүртгэлийн хувьд хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, илэрхий алдаатай бүртгэл хийгдсэн нөхцөл үүссэн байхаар, харин тухайн эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг нэхэмжлэгчээс андуурсан тохиолдол нь тухайн бүртгэлийг илт хууль бус гэж үзэх нөхцөл болохооргүй ... гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Маргааны үйл баримтын тухайд:
3.1. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, 113/13-6 тоот улсын бүртгэлийн Ү-2204054922 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг:
- Анх 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Г.Бны нэр дээр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр,
- Г.Б болон Б.Э нарын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Э нэр дээр мөн 55 хувийн гүйцэтгэлтэйгээр,
- 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Э нэр дээр 100 хувийн гүйцэтгэлтэй болсныг бүртгэж, мөн оны 06 дугаар сарын 10-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гээгдүүлснийг нөхөн олгосон,
- Б.Эрхэс-Одын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б болон З.Т нарын хооронд байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр З.Тулгаагийн нэр дээр,
- Тулгаа болон Д.С нарын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Д.С нэр дээр,
- Д.С болон Ж.Г нарын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ж.Г нэр дээр,
- Ж.Г болон Б.А нарын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б.Аийн нэр дээр,
- Б.А болон Э.Ж нарын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Э.Жгийн нэр дээр,
- Э.Ж болон Д.Д нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Д.Дийн нэр дээр,
- Д.Д болон М.Ч нарын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр М.Ч нэр дээр,
- М.Ч болон Д.Д нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Д.Дийн нэр дээр тус тус өмчлөх эрх бүртгэгджээ.
3.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2356 дугаар дүгнэлтээр ... Ү-2204054922 дугаарт анх бүртгэсэн байх бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хаяг байршил тодорхойгүй, өргөдөл мэдүүлэгт дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хаяг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, 113/13-6 тоот гэж дурдсан, газрын кадастрын зураглалд 113/13 гэсэн хаяг тусгагдаагүй байхад 113/13-6 тоот хаягаар гэрчилгээ бичиж олгосон ... үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийн хувь 100 хувь болсныг бүртгэсэн байх бөгөөд хувийн хэрэгт өмнө авагдсан нотлох баримтуудаас эд хөрөнгийн фото зураг, план зураг болон ... 7/466 дугаар албан бичигт үл хөдлөх эд хөрөнгийн хаяг зөрүүтэй ... 113/13 тоот хаяг иргэн Г.Батчулууны дээрх үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд анх бүртгүүлэхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаас зөрүүтэй ... иргэн Д.Д, Г.Б, Б.Э нараас тодруулга, тайлбар авахад худал мэдүүлж, хуурамч баримт бичиг бүрдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн, эрхийн улсын бүртгэлийг давхардуулсан гэх мэдээлэл өгсний дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд эд хөрөнгийн хаяг, газрын нэгж талбарын дугаар, холбогдох иргэний бүртгэлийг давхардуулсан, хуурамч баримт бичиг үндэслэн бүртгэл хийсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэх үндэслэлээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054922 дугаартай бүртгэлд хяналт шалгалт хийж, эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
3.3. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01422 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Э.Ж нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, хариуцагч Э.Жгаас 120,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Дт олгон, нэхэмжлэгчид эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054922 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой /13130/, 133/13-6 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Э.Жд буцаан шилжүүлэхийг даалгаж,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2022/01459 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 1422 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
3.4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ГХ2022/01866 дугаар гүйцэтгэх хуудсаар 120,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 757,950 төгрөгийг тус тус Э.Жгаас гаргуулж Д.Дт, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054922 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Дээс гаргуулж Э.Жд шилжүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн.
3.5. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 4-137/11129 тоот албан бичгээр ... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг төлбөр төлөгч биелүүлсэн бөгөөд түүнд буцаан шилжүүлэхээр заасан үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн бүртгэх талаар Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газарт албан бичиг хүргүүлсэн. Иймд дээрх хөрөнгө Э.Жгийн өмчлөлд буцаан шилжин бүртгэгдээгүй байгаа тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй байна гэсэн хариуг шүүхэд ирүүлжээ.
4. Баянзүрх дүүрэг дэх Хар усан тохой /13130/ дугаар гудамж, 113-6 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Э.Жгийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
4.1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна, 11.5.2-т энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих гэж,
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж тус тус заасан.
4.3. Анх иргэн Г.Б маргаан бүхий эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхдээ ...113/13 байр 6 тоот гэж хаягийг тодруулсан болох нь Г.Б гаргасан 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд дараагийн өмчлөгч Б.Э 2015 онд тухайн бүртгэлийг хийлгэхдээ барилгыг барьж дуусгасан мэтээр 6 айлын хэсэгт хувааж дугаарлан тус орон сууц нь одоо 100 хувийн гүйцэтгэлтэй болсон хэмээн өргөдөл гаргаж, 6 айлын залгаа сууцын гадна фасад хийгдсэн зургийг хавсарган өгч, үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг тогтоосон байдлаар гар зураг үйлдэж, фото зургийн хамт мэдүүлэг гаргасныг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагаас Б.Э 000363509 дугаартай гэрчилгээ олгосон болох нь хувийн хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгчийн ... үл хөдлөх хөрөнгө байхгүй, улмаар би хохирч байна ... гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
4.4. Тодруулбал, хэрэгт авагдсан газрын үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч Э.Жгийн худалдаж авсан гэх орон сууц нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хаягийн тодорхойлолтын хавсралтаар хүргүүлсэн зурагт 113/6 дугаартай байх бол Хот байгуулалт, хөгжлийн газраас Н.Д хүргүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичигт 113/9 гэж ирүүлснээр зөрүүтэй тэмдэглэсэн болох нь тогтоогдож байна. Мөн Хар усан тохой гудамж /13130/ 133/13 хаягт өөр барилга бүртгэгдээгүй болох нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04/295 албан бичгээр тогтоогдож байх төдийгүй нэхэмжлэгчийн худалдаж авсан гэх барилга нь энэ хаягт бүртгэгдсэнээс өөр барилга буюу хаягжилтын алдаа болох нь тогтоогдож байх бөгөөд тухайн алдаа нь залруулж болохуйц байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
4.5. Түүнчлэн тухайн барилгад анх олгосон 113/13 дугаар нь нэхэмжлэгч Э.Жгийн өмчлөлд шилжсэний дараа өөрчлөгдөж дугаарлагдсан байх тул хариуцагчаас өмнө олгогдсон нэг дугаарын хүрээнд 6 айлын залгаа барилгуудыг өөр хооронд нь ялгах шаардлагаар өмнөх өмчлөгчийн гаргасан зургийн дагуу ялгаж дугаарласныг буруутгах боломжгүй төдийгүй үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг буруу бичсэн нь өмнө хийгдсэн бүртгэлүүдээс зөрүүгүй байх бөгөөд эдгээр нь тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх Э.Жд шилжих үед бус, түүнээс өмнөх цаг хугацаанд үүссэн байхад нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийн өмнөх бүртгэлүүдтэй холбоотойгоор аливаа байдлаар маргасан үйл баримт байхгүй тул нэхэмжлэгчийн ... улсын бүртгэлийн хэлтэс хуулиар хүлээсэн үүрэгтээ хайнга хандсаны улмаас дур мэдэн хаягжилт олгосон ... өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн ... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
4.6. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохоор заасан ба эд хөрөнгө байхгүй байхад, эсхүл устсан байхад эд хөрөнгө байгаа мэтээр бүртгэл үүсгэсэн зэрэг анхнаасаа хийх ёсгүй байсан бүртгэлийг бүртгэсэн бүртгэл нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй тохиолдолд үүсэхээр байх тул энэ маргааны тохиолдолд эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг нэхэмжлэгч нь бусад этгээдээс шилжүүлэн авахаар хүсэлт гарган бүртгэл хийлгэхдээ андуурсан тохиолдол нь тухайн бүртгэлийг илт хууль бус гэж үзэх үндэслэл болохооргүй байх тул нэхэмжлэгчийн ... Э.Жгийн нэр дээр бүртгэсэн акт нь илт хууль бус захиргааны акт мөн ... гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
4.7. Нэгэнт тухайн бүртгэлийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
5. Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн байгууллагын хууль бус, буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд 120,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох гэж, Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно гэж тус тус заасан.
5.2. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн тодорхойлсон 120,000,000 төгрөг гэх хохирлын дүнтэй холбоотой бодит нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэгт хохирлын дүнтэй холбоотой баримт байхгүй, нэхэмжилж буй үнийн дүн нь Б.А болон Э.Ж нарын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд эд хөрөнгийн үнийн дүнг 5,000,000.00 төгрөг гэж тэмдэглэгдсэнээс зөрүүтэй байх буюу иргэн Н.Д төлсөн мөнгөн дүн нь өмнөх эзэмшигч Б.Атэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгээс зөрүүтэй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 354 дүгээршийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Жгаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА