Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/41

 

 

 

 

 

 

 

 

2024          01          04                                 2024/ШЦТ/41

 

 

                      

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Аюуш,

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэйс ургийн овогт Жийн Бэд холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*****************************************************************************************

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 23-13 тоотод оршин суух хохирогч Г.Тыг унтаж байхад нь түүний эзэмшлийн Хаан банкны ********* тоот данстай интернэт банкны данснаас нь үргэлжилсэн үйлдлээр 4 удаагийн гүйлгээгээр нийт 12,449,649 төгрөгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн ********* дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагчаас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шинээр гаргаж өгсөн хохирлын баримтуудыг шинжлэн судлуулна. Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх тайлбарыг гаргасан байна.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 23-13 тоотод оршин суух хохирогч Г.Тыг унтаж байхад нь түүний эзэмшлийн Хаан банкны ********* тоот данстай интернэт банкны данснаас нь үргэлжилсэн үйлдлээр 4 удаагийн гүйлгээгээр нийт 12,449,649 төгрөгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Г.Тын “...Би Герман улс руу аялах зорилгоор өөрийн найз болох Г.*********гаас 4000 ам.доллар зээлээд 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Хаан банкны ********* тоот ам.долларын дансанд байршуулсан байсан юм. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 15-ны үүрээр 04 цагийн үед миний Хаан банкны ********* тоот ам.долларын дансанд байсан 4000 ам.долларыг 1000, 1000-аар нь 4 удаагийн гүйлгээгээр Хаан банкны Сэ гэсэн эзэмшигчтэй 5301565555 тоот данс руу шилжүүлсэн байсныг нь өглөөний 07 цагийн үед мэдсэн юм. Тэгээд гүйлгээ хийхдээ Б гээд биччихсэн байхаар нь салсан найз залуу Ж. Бээс залгаж асуухад би 4000 ам.долларыг чинь авчихсан шүү, битгий уурлаарай, орой гэхэд буцаагаад өгчихнө гэхээр нь би өгчих байх гэж бодоод өнөөдрийг хүртэл явлаа. Ж.Б өгнө гэсэн хугацаандаа миний мөнгийг өгөхгүй болохоор нь яагаад өгөхгүй байгаа талаар асуухад 1xbet нэртэй спортын бооцоо тавьдаг апплейкейшнд танилтай учраас би дуудаад, манай гэрт ирсэн, би доод айлын хүний данс руу шилжүүлэг хийх үед Ж.Б миний хажууд байсан, тэр үед миний нууц үг, гүйлгээний нууц уг зэргийг харсан байх. Ж.Б мөнгө орж ирэхээр өгнө гээд л өгөхгүй яваад байгаа. Би өөрийн хохирлоо барагдуулж авмаар байна. Намайг унтаж байхад миний интернэт банк руу ороод 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авсан байсан. Би энэ гүйлгээг өглөө ажилдаа явах гээд 6 цагт босоод мэдсэн ба дансаа шалгахад байхгүй байсан. Тэгээд Бээс асуухад тиймээ би авчихсан, өдөртөө буцаагаад өгнө гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй. Намайг Герман явахыг хүртэл мэдэж байсан, найзаасаа мөнгө аваад дансандаа байршуулж байгааг мэдэж байсан. Тухайн өдрийн ам.долларын ханшаар надад 12,480,000 төгрөгийн хохирол учирсан. Үүний дараа Б дахин миний бетийн дансанд 55 сая төгрөг гацчихсан гээд над руу зургаа явуулаад энэ мөнгийг татаж авахад дахин мөнгөөр данс цэнэглэх хэрэгтэй байна гээд цувуулсаар байгаад 7,520,000 төгрөг нөгөө Сэ гэсэн хүний данс руу шилжүүлэн өгсөн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-21 дүгээр тал),

-Гэрч Г.*********гийн “...Надаас найз маань Европын холбооны визинд бүртгүүлэх гээд надаас 4000 ам.доллар зээлж авсан юм. Визний хариу гараад буцаагаад надад өгөхөөр байсан. Тэгсэн виз нь гараагүй цуцлагдсан юм. Тын төрсөн ах нь Шамбиг гэж дууддаг ах нь над руу залгаад Т чамд хэлж чадахгүй байна, чиний явуулсан мөнгийг Б Тын дансаар ороод авчихсан юм байна тэгээд хэлж чадахгүй уйлаад байна гэхээр нь за та нар яаралгүй мөнгөө хийчих гэсэн чинь надад 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр надад эргүүлэн мөнгийг минь өгсөн юм. Би өөрийн Худалдаа хөгжлийн данснаас 4000 ам.доллар бэлнээр аваад Хаан банкны данс руу бэлнээр шилжүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

-Гэрч Э.Сийн “...Над руу нэг залуу тоглоомын данс руу мөнгө хийгээд өгөөч гэхээр нь би шилжүүлж өгсөн. Би энэ залууг огт танихгүй. Сүүлийн 1 жилийн хугацаанд спортын бооцоо тавьдаг сайт руу мөнгө шилжүүлэн өгсөн байдаг. Нэг утгаар бол би мөнгөөр нь койн худалдаж аваад тухайн хүний данс руу шилжүүлж өгдөг гэсэн үг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Шүүгдэгч Ж.Б нь дээрх үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Ж.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 12,482,680 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзлээ. Учир нь, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Монгол банкнаас зарласан 1 ам.долларын ханш нь 3,120 төгрөг 67 мөнгө байна. Тиймээс 4000 ам.долларыг 3,120.67 төгрөгөөр тооцож үзвэл 12,482,680 төгрөг болно.  

Шүүгдэгчээс нийт учирсан хохирлоос 10,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл хохирол болох 2,482,680 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Иргэний хуулийн дээрх заалтуудыг үндэслэн шүүгдэгчээс 2,482,680 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Тд олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Ж.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч нь 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Гэвч Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ХМШЗ/64 дугаартай захирамжаар дээрх торгох ялыг хорих ялаар сольсон байна. Түүний хорих ял эдэлж буй Хорих 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас ялын тооцоог ирүүлсэн бөгөөд шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн ялыг 3 сар 26 хоног гэж дурджээ. Иймд шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулахаар санал болгосон 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэж буюу дүйцүүлэн сольж 70 хоногийн хорих ялаар тогтоож, өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 26 хоног дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 сар 06 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 300 цаг болгож хөнгөрүүлж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан болно.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хэдийгээр хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь зайлшгүй биелэгдэх, эрүүгийн хариуцлага нь цээрлүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгч Ж.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Гэвч шүүгдэгч нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ХМШЗ/64 дугаартай захирамжаар дээрх торгох ялыг хорих ялаар сольсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Бийн хорих ял эдэлж буй Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Хорих 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас ялын тооцоог ирүүлсэн бөгөөд шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн ялыг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 3 сар 26 хоног гэж дурджээ. Иймд шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 70 хоногийн хорих ялаар дүйцүүлэн сольж, уг ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэнийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 64 дугаартай захирамжаар 6 сар 20 хоногийн хорих ял болгон сольсон ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 26 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 сар 06 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулсан 6 сар 06 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэйс ургийн овогт Жын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 /таван зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Ж.Бэд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ялыг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 64 дугаартай захирамжаар 6 сар 20 хоногийн хорих ял болгон сольсон ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 26 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 /зургаа/ сар 06 /зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Бээс 2,482,680 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Тд олгосугай.

7. Шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН