Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01196

 

                                            “ **** **** ****” ХХК-ийн

                                    нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02664 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 232 дугаар магадлалтай, 

“ **** **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“ **** ****” ХХК-д холбогдох 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 97,087,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонбаатарын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. “ **** **** ****” ХХК нь “ **** ****” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 97,087,500 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02664 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч “ **** ****” ХХК-аас нийт 94,162,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ **** **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,925,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 643,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 245,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 232 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02664 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “ **** ****” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,760 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонбаатар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс “Талуудын хооронд үйлдэгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн бичгийн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд зохигчид 2018.03.01-ний өдрөөс 2018.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр 75,000,000 төгрөг болохыг баталгаажуулсан акт үйлдсэн. Энэ талаар хэн аль нь маргаагүй. Иймд нэхэмжлэгч “ **** **** ****” ХХК нь хариуцагч “ **** ****” ХХК-аас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй” гэж дүгнэсэн. Мөн гэрээний 7.2-т “Захиалагч гэрээний хавсралт №1-д заасан үе шатны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь гүйцэтгэгчид төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө. Ийнхүү хугацаа хоцруулсны улмаас гүйцэтгэгчид төлөх алдангийг дараагийн төлбөрийг шилжүүлэхдээ хамт шилжүүлнэ” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд алдангид 19,162,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн байна гэж дүгнэсэн. “ **** ****” ХХК нь 2018 оны 03 сард “ **** **** ****” ХХК-тай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ” байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах орон сууцны барилгын ажлыг гүйцэтгүүлсэн. Хэрэгт өгсөн баримтаар талууд нийт 75,000,000 төгрөгийн хэмжээнд тооцоо нийлж баримт үйлдсэн байдаг. “ **** ****” ХХК нь өнгөрсөн хугацаанд санхүүгийн боломжгүй нөхцөл байдлын улмаас дээрх төлбөрийг төлөх боломжгүй болсон бөгөөд төлбөрийг төлөх талаар мэдэгдэж байсан хэдий ч нэхэмжлэгчээс шүүхэд хандан нийт 97,087,500 төгрөг нэхэмжилсэн тул шүүхийн журмаар төлбөрийг шийдвэрлүүлэх болсон. Барилгын салбарт үүссэн нөхцөл байдлын улмаас дийлэнх компаниуд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг төлөхөд хүндрэл бэрхшээл үүссэн ба 2 компанийн хооронд үүссэн төлбөрийн асуудлыг харилцан эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэж төлбөрийн нөхцөлд орон сууц өгөхөөр санал болгосон хэдий ч нэхэмжлэгч “ **** **** ****” ХХК нь хүлээн авахаас татгалзсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор хуульчилсан. Энэхүү эрх нь зөвхөн шүүхэд олгогдсон онцгой эрх юм. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч талаас алдангид 22,087,500 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

4.1. “ **** ****” ХХК нь өмнөх санхүүжилтийн төлбөр 1,203,482,200 төгрөгийн төлбөрийг хугацаандаа зохих ёсоор “ **** **** ****” ХХК-д олгож байсан. Нэхэмжлэгч талаас манай компанийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзэн нийт 22,087,500 төгрөгийн алдангийг шаардсан нь хэт өндөр, үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж байна. Тус гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь барилгын ажлыг 2018.06.01-ний өдөр дуусгаж өгөх байсан ч дуусгаж өгөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан. Шүүхээс 2018.12.31-ний өдрөөс эхлэн алдангийн хоногийг бодсон нь учир дутагдалтай дүгнэлт юм. Тус өдрөөр тооцон төлбөр төлөх үүрэг манай компанид үүсээгүй. Улсын комиссын актаар ажлыг хүлээн авснаар төлбөрийг төлөх үүрэг үүссэн байсан. Тодруулбал: “ **** **** ****” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг 2019.04.19-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээн авснаар манай компанийн хувьд ажлыг зохих ёсоор хүлээн авсанд тооцож гэрээний хөлс төлөх үүрэг үүссэн байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2.2-т үлдэх ажлын хөлсийг ажлын гүйцэтгэлтэй уялдуулан төлөхөөр талууд тохиролцсон байсан. Өнгөрсөн хугацаанд “ **** **** ****” ХХК-аас манай компанид хандан алданги тооцох талаар нэг ч мэдэгдэл ирүүлээгүй, мэдэгдэлгүйгээр хугацаа ихээр хуримтлуулан шүүхэд алдангийн төлбөр нэхэмжилсэн нь шударга бус юм. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хоногийн алданги 37,500,000 төгрөг гэж буруу тодорхойлсон байсныг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, алдангийн төлбөрт хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 19,162,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх “ **** ****” ХХК-аас нийт 94,162,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ **** **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,925,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

“ **** **** ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох алдангиас 2,925,000 төгрөгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу гомдлын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

7. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал: 

8. “ **** **** ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээний төлбөрт “ **** ****” ХХК 1,203,482,200 төгрөгийг төлсөн. Бид тооцоо нийлэхэд 75,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, удахгүй төлж барагдуулна гэдэг байсан. ...” **** ****” ХХК-аас барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний үлдэгдэл ажлын хөлс 75,000,000 төгрөг, алданги  22,087,500 төгрөг, нийт 97,087,500 төгрөгийг гаргуулах” гэж тодорхойлсон байна. 

9. Хариуцагч “ **** ****” ХХК “...үлдэгдэл ажлын хөлс 75,000,000 төгрөгийг зөвшөөрч, алданги 22,087,500 төгрөгийг зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцжээ. 

10. Зохигчийн хооронд алданги төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болсон байна. 

11. “ **** **** ****” ХХК нь “ **** ****” ХХК-тай 2018 оны 3 дугаар сард Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг наадамчдын зам гудамж, 302 тоот хаягт байрлах Ү2206011900 тоот дугаартай орон сууцны барилга болон нэгдсэн гараашны байгууламжийн каркас угсралтын ажил буюу гэрээний хавсралт 1 заагдсан ажлыг 2018.06.01-ний өдөр багтаан хийж гүйцэтгэх, барилгын ажлын хөлсийг 1 м.кв үнэ 105,000 төгрөг байхаар 11.815,44 м.кв талбайд нийт 1,240,621,200 төгрөгийн ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож, хариуцагчаас урьдчилгаа 1,203,482,200 төгрөгийг төлжээ. 

12. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээ цуцлагдсан байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ. 

13. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан талуудын тооцооны үлдэгдэл 75,000,000 төгрөг болохыг баталгаажуулсан акт, зохигчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн “ **** **** ****” ХХК хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

14. Зохигчийн хооронд байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээний 7.2-т “Захиалагч гэрээний хавсралт №1-д заасан үе шатны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь гүйцэтгэгчид төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө. Ийнхүү хугацаа хоцруулсны улмаас гүйцэтгэгчид төлөх алдангийг дараагийн төлбөрийг шилжүүлэхдээ хамт шилжүүлнэ” гэж тусгагдсан болно. 

15. Нэхэмжлэгч алдангийн зарим хэсгийг буюу 2,925,000 төгрөгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосонд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй хэдий ч шүүхээс “ **** ****” ХХК-ийн гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн хоног, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг зөв тогтоож, хариуцагчаас алдангид 19,162,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээний 7.2-т заасантай тус тус нийцжээ. 

16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонбаатар нэхэмжлэлийн шаардлага болох алдангийг зөвшөөрөхгүйгэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хариуцагч алданги төлөхгүй байх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй гэж үзнэ. 

17. Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан. 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд энэ нь анзын дээд хязгаар ба анзын
хэмжээ илт их байдал нь гүйцэтгэвэл зохих үүргийн үнийн дүнгийн 50 хувь дотор гэж ойлгодог. Анзын хэмжээг багасгах нь хэргийн нөхцөл байдлаас шалтгаалахаас гадна, энэ талаар талууд мэтгэлцсэн байх шаардлагатай бөгөөд шүүх түүнийг хэрхэн шийдвэрлэсэн үйл баримт, хууль зүйн үндэслэлээ тодорхой дүгнэх ёстой.
 

18. Хоёр шатны шүүх анзын хэмжээг багасгах нөхцөл байдал тогтоогдоогүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонбаатарын “...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор хуульчилсан. Энэхүү эрх нь зөвхөн шүүхэд олгогдсон онцгой эрх юм. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч талаас алдангид 22,087,500 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. ...хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 19,162,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн утга бүхий гомдол хангагдахгүй. 

19. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан  баримтад үндэслэж, хариуцагчийн үүргийг ажлын хөлс 75,000,000 төгрөг, алданги 19,162,500 төгрөг, нийт 94,162,500 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д заасан агуулга, шаардлагад нийцжээ. 

20. Иймд хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонбаатарын гомдлыг гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02664 дүгээр шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 232 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,765 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ 

                            ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА 

                                                                                                   Б.МӨНХТУЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД