Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 110/2020/0000/З |
Дугаар | 110/ШШ2020/0013 |
Огноо | 2020-02-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 110/ШШ2020/0013
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: А.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” б/43 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү болох 4 829 148 төгрөг гаргуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн дарга А.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:
Би Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан ба 2016 оны Засгийн газрын 09 дүгээр тогтоолоор аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс татан буугдаад Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөн байгуулагдсанаар тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна. Тухайн үед Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад орж, хамгийн өндөр оноо авч тэнцэн Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/92 тоот тушаалаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар анх томилогдон ба миний үндсэн цалинг “ТЗ-9-5” шатлалаар тогтоосон. Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Хөдөлмөрийн хэлтсийг бүтцийн өөрчлөлтөд оруулан аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон өөрчлөн байгуулсан учраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн Б/20 тоот тушаалаар намайг өөрөөс минь үл хамаарах шалтгаанаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Миний бие аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан цагаас цалин хөлс буурсан тул “ТЗ-9-5” сүлжээгээр цалинжуулахыг хүсэж өөрөөр хэлбэл цалин хөлсийг бууруулахгүйгээр олгох талаар газрын дарга, хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтанд удаа дараа өргөдөл, гомдол гаргаж байсан ч хариу өгөөгүй. 2018 оны 4 дүгээр сарын үед Сангийн яамнаас ирсэн Санхүүгийн хяналт шалгалтын ажлын хэсэг манай байгууллагад ажиллах үед би цалин хөлсний маргаантай асуудлаар гомдол гаргасан. 2018 оны 5 дугаар сард Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирсэн хяналт, шалгалтын ажлын хэсэгт мөн адил гомдол гаргасан.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирсэн ажлын хэсгийн манай байгууллагад хийсэн хяналт шалгалтын талаарх дүнгийн хуралд би өөрөө байлцсан, ажлын хэсгээс 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дахь заалтыг зөрчиж миний цалин хөлсийг бууруулан тогтоосон гэсэн дүгнэлт гарснаар тус газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б\52 дугаартай тушаалаар А.Г намайг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хуучнаар буюу “ТЗ-9”-ийн 5 шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэж, үүний дагуу 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдөр хүртэл “ТЗ-9-5” шатлалаар цалинжиж ажлаа гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2019 оны ээлжийн амралтаа эдлээд ажилд орсон өдөр тус газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б\43 дугаартай тушаалаар миний цалин хөлсийг “ТЗ-7-4” шатлал болгон бууруулан тогтоосон байна. Миний цалин хөлсийг ямар үндэслэл шалтгаанаар бууруулсныг надад урьдчилан мэдэгдээгүй, намайг байлцуулахгүйгээр миний цалин хөлсийг дураараа өөрчилж гаднаас тушаал гаргасан бөгөөд үндэслэл болгосон хуулийн заалтуудыг судлан үзэхэд ямар ч хамааралгүй заалтууд байна. Уг тушаалыг тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн дарга А.П боловсруулсан ба түүнээс цалин бууруулсан шалтгааныг нь асуухад нэг байгууллагад 2 хүн “ТЗ-9”-ээр цалинжиж болохгүй гэж Төрийн албаны зөвлөлөөс чиглэл өгсөн, яамнаас утсаар нэг хүн хэлсэн гэх мэт тайлбар өгч, ямар ч үндэслэх бичиг баримт, шийдвэр, актгүйгээр төрийн жинхэнэ албан хаагч миний эрхэд халдаж цалинг маань бууруулсанд гомдолтой байна.
Иймд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот тушаалыг хүчингүй болгож, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү 4 829 148 төгрөг гаргуулахыг хүсэж байна. Намайг анх ажилд томилсон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 тушаалын хуулийн үндэслэл нь буруу байсан. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/52 тоот тушаалаар алдаагаа засаж, хуулийн заалтыг зөв болгосон ч 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргаж, төрийн жинхэнэ албан хаагч миний цалин хөлсийг тогтворгүй байлгаж хүссэнээрээ өөрчилж, удирдлага доор ажиллаж байгаа намайг цалингаар минь хавчиж байгаа нь ёс зүйд нийцэхгүй асуудал. Бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалын зэрэглэл буурсан ч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан эрхийнхээ дагуу өмнөх цалин хөлс хэвээр хадгалагдах ёстой тул Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/43 тоот тушаалыг хүчингүй болгож, миний бие цалингийн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэмж гаргасан тайлбарт:
Ажил олгогчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 тушаалаар А.Гг 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар ажилд томилсон. Уг зүйлд “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан.
Уг хуулийн заалтад цалин хөлсний талаар тусгагдаагүй. А.Гг Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар томилохдоо ямар нэгэн сонгон шалгаруулалт явагдаагүй учраас тухайн үед 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг хэрэглэж байгаа нь өөрөө учир дутагдалтай. Нэхэмжлэгч маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож өг гэж байгаа. Ажил олгогч уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.2, 57.3-т заасан заалтуудыг баримталсан. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуулийг баримталж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл А.Ггийн албан тушаал шинээр бий болсон албан тушаал биш учраас 2019 оноос үйлчилж байгаа Төрийн албаны тухай хууль биш, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэх ёстой. Мөн ажил олгогчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн бүх ажилчдын цалин хөлсийг тогтоосон тушаалыг хүчинтэй үлдээсэн, цалингийн “ТЗ-9” шатлалаар цалинжих тушаал өөрчлөгдөөгүй. Тушаалд өөрчлөлт оруулах гэсэн байгаа, гэхдээ ямар тушаалд өөрчлөлт оруулсан нь ойлгомжгүй. Тушаал өөрөө илт хууль бус эрхийн акт болохыг харуулж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа Төрийн албаны зөвлөлөөс нэг байгууллагад хоёр хүн “ТЗ-9”-ээр цалинжиж болохгүй гэсэн чиглэл өгсөн гэж тайлбарласан боловч энэ нь холбогдох нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Б/43 дугаартай тушаал гарсантай холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа гол асуудал нь нэхэмжлэгчид олгосон тэтгэлгийн асуудал байгаа. Хариуцагч А.Гг илүү тэтгэмж авсан гэж байгаа бол жич нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэх эрх нь нээлттэй.
Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, 32 дугаар зүйлд татан буулгах үндэслэлүүдийг заасан. Бодит байдалд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаагүй. Татан буугдсан тохиолдолд Иргэний хуульд зааснаар тухайн байгууллагын ажил байхгүй болдог. А.Г мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд “ТЗ-9” -ээр цалинжиж байсан. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих ...” гэж заасан. Энэ заалт А.Ггийн ажиллах, цалин хөлс авах нөхцөлд таарч байгаа. Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан ч, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс болж, өмнөх ажил нь хэвээрээ байгаа.
Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын орон тоог Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцэд тогтоосон. Уг бүтцийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрчилсөн. Гэхдээ үүнд дэд даргын орон тоог л хасаж, бүтэц нь хэвээрээ үлдсэн. 2018 онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хяналт шалгалт ирэхэд, А.Г гомдлоо танилцуулснаар цалинг нь “ТЗ-9”-ээр олго гэж шийдвэрлэсэн учраас 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/52 тоот тушаал гаргаж байсан. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:
Нэхэмжлэгч А.Г нь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоол гарснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б\20 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.
Дараа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А\126 дугаартай тушаалаар 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн юм. Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ..эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу тухайн үед нэхэмжлэгч А.Гд 5.185.266 төгрөгийн нэг удаагийн тэтгэлэг авсан тул түүний хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна.
Нэхэмжлэгчийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 тушаалаар Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд томилж 2 дугаар заалтаар нь анх сарын үндсэн цалинг “ТЗ-7” зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар цалинжуулахаар заахдаа Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийн дагуу аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын нэгжийн дарга “ТЗ-7” зэрэглэлд хамаарна гэснийг, мөн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг үндэслэсэн юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын удирдамжаар ирсэн ажлын хэсэгт нэхэмжлэгч тухайн үед хүсэлт гарган уг ажлын хэсэг шалгалтын тэмдэглэлдээ төрийн албаны холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн. Шалгалтын тэмдэглэл нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, тамга тэмдэггүй бичиг юм. Өөрөөр хэлбэл энэ бичиг нь хуулийн шаардлага хангасан эрхийн акт биш үүнийг баримтлан 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр А.Ггийн цалинг нэмэгдүүлсэн Б/52 дугаар тушаал гарсан нь хууль зөрчсөн байсан.
Иймээс 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг “ТЗ-7” зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар цалинжуулахаар гаргасан Б/52 дугаар тушаалд өөрчлөлт оруулахдаа шинээр батлагдсан Төрийн албаны хуулийн хэрэгжилт, төрийн албан хаагчдад арга зүйн зөвлөгөө өгөх, ерөнхий шалгалт авах, сургалт зохион байгуулахаар ирж 2019 оны 06 дугаар сарын 07-10-ны өдрүүдэд ажилласан ажлын хэсгээс Б/52 дугаар тушаал хууль зөрчсөн байна гэдгийг сануулсныг, мөн Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 275 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад төрийн захиргааны албан тушаалын зэрэглэл, түүнд хамрах албан тушаалын жагсаалтын нутгийн захиргааны байгууллагын албан тушаал гэсэн хэсгийн “ТЗ-7” гэсний 2 дахь хэсэгт аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын нэгжийн дарга гэснийг, Засгийн газрын 2019 оны 277 дугаар тогтоолыг тус тус баримталсан болно.
2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөр хэлтсийн дарга А.Гг аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, газрын дэд даргын албан тушаалд томилохыг даалгаж, цалинг “ТЗ-9-5” шатлалаар тогтоож, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр А.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн үеийн маргаан болон өнөөдрийн маргаан хоёр зарчмын хувьд ялгаа байхгүй гэж үзэж байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын дагуу төрийн албан хаагчдын албан тушаалыг тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөл батлах ба Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтыг зөвлөлөөс батлахдаа албан тушаалын зэрэглэл нь “ТЗ-7” байхаар заасан байна. Иймд А.Ггийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.Г нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/92 дугаартай тушаалаар томилогдон ажиллаж байгаад Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн тоонд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор томилох эрх бүхий этгээдийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар тус албан тушаалаас чөлөөлөгджээ.
Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх үүргийг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэж ойлгох бөгөөд Засгийн газрын 2016 оны 09 дугаартай тогтоолоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллуулахаар тогтоосноор хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, үйлчилгээний хүрээнд хуучнаар аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн урьд эрхэлж байсан үйл ажиллагаа дуусгавар болоогүй байх ба тэдгээрийн үйл ажиллагаа, эрх үүргийг нийлүүлэх замаар шинээр төрийн байгууллага бий болгосон гэж үзэхээр байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дугаартай тушаалаар батлагдсан бүтэц, орон тооноос үзэхэд шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ...Захиргаа хяналтын, Хөдөлмөр эрхлэлтийн, Нийгмийн халамжийн хэлтэс ажиллуулахаар батлагдсан байжээ. Анх тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Нийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/18 дугаар тушаалаар мөн өдрөөс тус газрын дарга томилогдох хүртэлх хугацаагаар томилж, зөвхөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж, албан хаагчдын цалин хөлс олгохоос бусад эрхийг хязгаарласан байна.
Өөрөөр хэлбэл уг тушаалаар газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Нд албан тушаалын томилгоо хийх эрх олгогдоогүй байх ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/179 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар Б.Сьезханыг томилсноор Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч А.Гг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай тушаалаар анх Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар томилж, дараа нь Авлигатай тэмцэх газрын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/897 дугаартай албан бичгийг нэмж үндэслэн нэхэмжлэгчийг тус албан тушаалд томилсон 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаартай тушаалыг дахин гаргасан буюу үргэлжлүүлэн ажиллуулж, албан тушаалын цалинг “ТЗ-7-4” шатлалаар олгохоор шийдвэрлэж байжээ.
Улмаар ажил олгогчоос 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн б/52 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан ...төрийн байгууллага татан буугдсан,өөрчлөн байгуулагдсан эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил,мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих ... гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийг ажилд томилсон дээрх 72 дугаартай тушаалын цалинтай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж, цалингийн “ТЗ-9-4” сүлжээгээр цалинжуулахаар шийдвэрлэсэн байна.
Үүний дараагаар газрын даргаас 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр б/43 дугаартай тушаал гаргах замаар 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.2, 57.5.3, Засгийн газрын 2019 оны “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 275 дугаар тогтоол, “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, дотоод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 24 дүгээр тогтоолын 10 дугаар хавсралтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн цалинг өмнөх байдлаар цалингийн “ТЗ-7-4” сүлжээгээр цалинжуулахаар шийдвэрлэж, дээрх б/52 дугаартай тушаалыг хүчингүй болгожээ.
Эдгээр үйл баримттай холбогдуулж нэхэмжлэгчээс “...Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа цалингийн “ТЗ-9-5” сүлжээгээр цалинждаг байсан, өөрөөс минь үл хамаарах шалтгаанаар тус албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар шинээр томилогдон ажилласан хугацаанд ажил олгогчоос 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан үндэслэлээр урд авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр олгох ёстой байтал цалинг “ТЗ-7-4” сүлжээгээр олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус юм.
Энэ талаар 2018 оны 05 дугаар сард ...аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирсэн хяналт шалгалтын ажлын хэсэгт гомдол гаргаснаар тус ажлын хэсгээс 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг зөрчиж миний цалин хөлсийг буруу олгосныг тогтоож, энэ талаар дүгнэлт гаргаснаар ажил олгогчоос 2018 оны б/52 дугаартай тушаал гаргаж, намайг цалинг “ТЗ-9-5” сүлжээгээр цалинжуулахаар шийдвэрлэж байсан.
Сүүлд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр б/43 дугаартай тушаал гаргах замаар надад мэдэгдэлгүйгээр, хууль бус үндэслэлээр дээрх б/52 дугаартай тушаалыг хүчингүй болгож, миний цалинг “ТЗ-7-4” сүлжээгээр олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарлан маргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар хариуцагч талаас “...нэхэмжлэгч аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа түүнд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн А/126 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосноор хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон. А.Г нь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар томилогдсоны дараа түүний цалинг Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын дагуу “ТЗ-7-4” сүлжээгээр олгосон. Тус газарт шалгалтаар ирсэн ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу нэхэмжлэгчийн цалинг “ТЗ-9-5” сүлжээгээр олгохоор шийдвэрлэсэн ажил олгогчийн 2018 оны б/52 дугаартай тушаал хууль зөрчсөн байсныг зөвтгөж, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын нэгжийн даргыг төрийн захиргааны албан тушаалын “ТЗ-7” зэрэглэлд хамааруулсан Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолыг баримталж, нэхэмжлэгчийн цалинг “ТЗ-7-4” сүлжээгээр олгохоор б/43 дугаар тушаал гаргасан” гэж тайлбарлажээ.
Талуудын уг маргаанд шүүх дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.
Дээрх байдлаар төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, эрх үүргийг нийлүүлэх нь төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан гэх үндэслэлд хамаардаг бөгөөд энэ тохиолдолд төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дугаартай тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын бүтцэд Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс ажиллуулахаар баталснаар хуучнаар аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс нэртэйгээр өөрчлөн байгуулагдаж, Хөдөлмөрийн хэлтсийн болон тус хэлтсийн даргын хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан байна. Энэ нь мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын болон газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтууд, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...төсвийн шууд захирагчийн хэрэгжүүлдэг мөнгөн гүйлгээний баримтад 1 дүгээр гарын үсэг зурах гэх зэргээс бусад хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хэрэгжүүлж байсан өмнөх Хөдөлмөрийн хэлтсийн даргын ажлын байрны чиг үүргийг Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын ажлын байранд хэвээр хэрэгжүүлж байгаа” гэх тайлбараар мөн тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд Хөдөлмөрийн хэлтсийн даргын чиг үүрэг, орон тоо нь өөрчлөн байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцэд Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга нэртэйгээр хэвээр батлагдсан буюу Хөдөлмөрийн хэлтсийн даргын ажлын байр хасагдаагүй гэж үзэхээр байна.
Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаал нь хуульд зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаардаг бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан төрийн байгууллага нь дээрх байдлаар өөрчлөн байгуулагдсанаар тэрээр төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан үндэслэл байгаа тохиолдолд эхний ээлжид хэвээр батлагдсан орон тоонд үргэлжлүүлэн ажиллах нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй.
Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн А/126 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосноор нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон гэх хариуцагч талын маргаан нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Учир нь нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг, орон тоо нь хэвээр хадгалагдсан байхад нэг удаагийн тэтгэлэг олгох нь төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэн тэргүүний нэмэгдэл баталгаа биш бөгөөд ажил олгогчоос нэхэмжлэгчийг тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар үргэлжлүүлэн ажиллуулсан бодит үйл баримт байгааг дурдах нь зүйтэй.
2002 оны Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-д зааснаар яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор заасан. Нэхэмжлэгч 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажилласан хугацаанд тус албан тушаал нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын даргын албан тушаал болохын хувьд Засгийн газрын 2007 оны 354 дугаартай “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын дагуу төрийн захиргааны албан тушаалын ахлах түшмэлийн ангиллын, “ТЗ-9 “зэрэглэлд хамаардаг байна. Ингэснээр нэхэмжлэгч аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажилласан хугацаанд цалингийн “ТЗ-9” сүлжээгээр цалинжсан, харин 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар томилогдон ажилласнаар уг албан тушаал нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын нэгжийн даргын албан тушаал болохын хувьд Засгийн газрын уг 354 дугаартай тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлийн ангиллын “ТЗ-7” зэрэглэлд хамаарч байна. Дээрх байдлаар нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан буюу Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга нэртэйгээр орон тоо нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцийн нэгжид хэвээр батлагдсанаар томилох эрх бүхий этгээдээс түүнийг анх 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан үндэслэлээр тус албан тушаалд томилж, цалинг “ТЗ-7” сүлжээгээр олгосон нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч А.Г нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөөд 2 сар 8 хоногийн дараа тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар томилогдсон байх боловч дээрх байдлаар тус байгууллагын даргын үүргийг орлон гүйцэтгэгчээр анх томилогдсон Х.Нд албан тушаалын томилгоо хийх эрх олгогдоогүй, эрх бүхий этгээдээс тус байгууллагын даргыг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр томилсноор хариуцагч 10 дугаар сарын 26-ны өдөр А.Гг Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар томилсон байх тул 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан журмаар хэвээр батлагдсан орон тоонд нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулсан гэж үзэх үндэслэлтэй.
Нэгэнт эрх бүхий байгууллагаас буюу Засгийн газрын 2016 оны 09 дугаартай тогтоолоор нутгийн захиргааны бие даасан байгууллага байсан аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн чиг үүргийг нийлүүлж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг шинээр бий болгосон, ингэснээр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийг тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс нэртэй нэгж болгож өөрчлөн байгуулсан.
Мөн аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын дарга болон нэгжийн дарга нь Засгийн газрын 2007 оны 354 дугаартай тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын өөр өөр ангилал, зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан орон тоо нь газрын бүтцэд хэвээр батлагдсанаар үргэлжлүүлэн ажиллуулж, төрийн захиргааны албан тушаалын “ТЗ-7” зэрэглэлд хамаардаг нэгжийн даргын цалинг зохих шатлалаар олгосныг ажил олгогч хууль зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах, зохих цалин хөлс авах эрхийг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлээ 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар цалин хөлсөө бууруулахгүйгээр ажиллах төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгаагаар хангагдах эрхтэй гэж маргасан. Уг зүйлд төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих ...гэж заасан.
Уг зохицуулалт нь урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хадгалагдаж үлдээгүй, тухайн орон тоо нь хасагдсан төрийн жинхэнэ албан хаагчийг байгууллагын бүтэц дэх өөр чиг үүрэг бүхий сул ажлын байранд мэргэжил, мэргэшлийн дагуу шилжүүлэн ажиллуулах тохиолдолд урьд авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр олгох агуулгатай.
Нэхэмжлэгч нь орон тоо хасагдсан үндэслэлээр өөр албан тушаалд шилжээгүй, дээрх байдлаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсанаар түүний урьд эрхэлж байсан аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж, орон тоо нь байгууллагын нэгжид хамаарах Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга нэртэйгээр батлагдсанаар түүнийг уг орон тоонд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан үндэслэлээр үргэлжлүүлэн ажиллуулсан. Энэ тохиолдолд мөн зүйлд төрийн албан хаагчийн урьд авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр олгохоор зохицуулагдаагүй. Нутгийн захиргааны байгууллагын нэгжийн дарга нь хуульд зааснаар эрх бүхий этгээдээс баталсан тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2007 оны 354 дугаартай тогтоол, одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай /2017 он/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т зааснаар батлагдсан Засгийн газрын 2019 оны 275 дугаартай “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” тогтоолоор төрийн захиргааны албаны тушаалын “ТЗ-7” зэрэглэлд хамаардаг байх тул нэхэмжлэгчийн цалин хөлсийг “ТЗ-7-4” шатлалаар олгохоор шийдвэрлэсэн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны б/43 дугаартай тушаалыг хүчингүй болгож, цалингийн зөрүүг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс 2018 оны 05 дугаар сард ...аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт ирсэн хяналт шалгалтын холбогдох ажлын хэсгээс 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг зөрчиж миний цалин хөлсийг буруу олгосныг тогтоож, энэ талаар дүгнэлт гаргасан гэж маргасан боловч бодит нөхцөлд хуулийн 27.2.4-т заасан үндэслэл үүсээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажлын чиг үүргээ хэвээр хэрэгжүүлж, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан үндэслэлээр томилогдон үргэлжлүүлэн ажиллаж байхад орон тоо хасагдсанаар өөр ажлын байранд шилжих өөр тохиолдлыг зохицуулсан заалтын дагуу нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалын цалинг хэвээр авах эрхтэйгээр ажлын хэсгээс дүгнэсэн нь хуульд нийцээгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 7 дугаар зүйлийн 7.10, 27 дугаар зүйлийн 27.2.3, Төрийн албаны тухай хуулийн /2017 он/ 10 дугаар зүйлийн 10.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Ггийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” б/43 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү болох 4 829 148 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.РИЗА