| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 123/2025/0051/3 |
| Дугаар | 221/МА2026/0410 |
| Огноо | 2026-06-16 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2026/0410
М.Цийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч М.Ц
Нэхэмжлэгч: М.Ц
Хариуцагч: Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/24 дүгээр Албан тушаалаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Ц
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.А /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 123/2025/0051/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Ц нь Төв аймгийн Борнуур сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/24 дүгээр Албан тушаалаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх-ээр маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр: ... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 43 дугаар зүйлийн 43.3.3, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 8 дугаар зүйлийн 8.2.4, 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Цийн Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/24 дүгээр Албан тушаалаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож... шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч М.Цээс Төв аймгийн Борнуур сумын Засаг даргад холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/24 дүгээр тушаалаар Албан тушаалаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалинг гаргуулах хүсэлтэй байгаа. Намайг ёс зүйгүй үйлдэл гаргасан, онцгой байдлыг мэдээллээр хангаагүй, Э.Д сувилагчийг дарамталсан, эмнэлгийн шатны хулдаас солих, мооргийн мөнгийг авъя гэсэн бүгд нотлох баримтгүй зүйлээр шүүхийн хурал болж, танил талаараа мэдээлэл авч, миний эсрэг шийдвэр гарч байгаад гүнээ харамсаж дараагийн ямар шат байна түүнд хандах болно.Намайг нотлох баримтаар ямар хүнтэй хэрэлдэж, ямар зөрчил гаргасныг нотлох баримтаар тодруулж хуулийн дагуу шийдвэрлэж өгөөч. Сувилагч Э.Д сумын халдварын тасгаас гарч өрөөг суллаж өгөөч гэж хурал дээр хэлсэн. Үүнийг Засаг дарга нь чи яагаад ажилчдаа дарамтлаад байна гэсэн. Борнуур сумын удирдлагын баг нь М.Цийг ёс зүйн багийн хурал хийсэн гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь удаа дараагийн хурлаар нотлогдсон учир энэ хуурамч бичиг баримт бүрдүүлэлтэд ямар нэг хариуцлага хүлээхгүй юу. Засаг дарга нь гэнэт 5 дахь өдөр дуудаж, хөдөлмөрийн гэрээгүй ямар нэгэн сануулах арга хэмжээ аваагүй цалин хөлс хасах гэх мэтийн арга хэмжээ, шат дараалалгүй шууд ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.
3.2. 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл зөвхөн цалинг гаргуулж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж дараагийн шатанд хандах хүсэлтэй байгаагаа хатуу анхааруулж байна. Үндсэн цалин болох 1,550,000х11 сараар үржүүлж 17,500,000 төгрөгийг гаргуулж авах. Борнуур сумын их эмч н.М, Э.Д, нягтлан н.Б, сувилагч н.П нарыг юу болсныг тодорхой мэдэж байгаа учир асуудлыг дахин тодруулж, миний гомдлыг хуулийн дагуу үнэн зөв нотлох баримтаар шийдвэрлэж өгнө үү гэж нэг ядарсан төсвийн албан хаагч хүсч байна. Гомдол гаргасан Анагаахын ухааны магистр, клиникийн профессор, дотор эхоны их эмч М.Ц. гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч М.Цээс Төв аймгийн Борнуур сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/24 дүгээр Албан тушаалаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
3. Анх Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар нэхэмжлэгч М.Цийг Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд дараагийн удирдах ажилтан томилогдох хүртэл хугацаагаар түр томилсон.
3.1. Маргаан бүхий Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар нэхэмжлэгч М.Цийг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хэрэгжүүлээгүй, сумын шуурхай штабыг мэдээллээр хангаагүй, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх зэрэг үндэслэлүүдээр 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
3.2. Анхан шатны шүүх ... халдварт өвчин гарсан нь батлагдсан өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд сумын Засаг даргад болон төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна ... улаан бурхан өвчин гарч гамшгийн аюулт үзэгдэл бий болсон үед эрх бүхий байгууллага болон Борнуур сумын Засаг дарга нараас хуульд заасан арга хэмжээг явуулах, ард иргэд олон нийтийг гамшгийн аюулт үзэгдлээс хамгаалах үйл ажиллагаанд саад учруулсан ёс зүйн зөрчил гаргасан байна ... гэж тус тус дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
3.3. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 37.1.12-т төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх, 43 дугаар зүйлийн 43.3.3-д энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх гэж,
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээний хугацаа гээд 50.1.4-д ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах гэж тус тус заасан.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д /захиргааны үйл ажиллагаа нь/ зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх-ыг; мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоохыг заасан бөгөөд хариуцагчийн зүгээс маргаан бүхий тушаалын үндэслэл, бодит нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон байдлыг баримтаар нотлох үүрэгтэй.
3.4. Нэхэмжлэгч М.Ц нь Төв аймгийн Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан ... сумын иргэдэд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг жигд, хүртээмжтэй, чанартай хүргэх, эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, сумын эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагааны стандартын хангалтыг нэмэгдүүлэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд жигд, хүртээмжтэй, чанартай хүргэх, эрүүл мэндийн салбарт хэрэгждэг бодлого, стратеги, хөтөлбөрүүдийг сум орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй байхаар тусгасан.
3.5. Хариуцагч Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-д зааснаар нэхэмжлэгч М.Цтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй хэдий ч нэхэмжлэгч нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг байна.
3.6. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн; тохиолдолд төрийн албан хаагчийг төрийн албанаас халахаар заасан. Уг хуулийн удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хоёр буюу түүнээс дээш хангалтгүй биелүүлсэн нь зохих ёсоор нотлогдож, тогтоогдсон байхыг шаарддаг.
3.7. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл хариуцагч нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр маргаан бүхий захирамжийг гаргажээ.
3.8. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хариу тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгч М.Цийг албан тушаалын тодорхойлолтод заасан ямар чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн эсхүл хэрэгжүүлээгүй болох, төрийн албан хаагчийн хувьд зан харилцаа, үг, үйлдлээрээ ёс зүйн нийтлэг шаардлага болон хэм хэмжээг хэрхэн зөрчсөн гэх зэрэг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлээ хангалттай нотолж чадаагүй, энэ нь тогтоогдохгүй байна.
3.9. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Х.Пүрэвсэрээжид гэрчийн мэдүүлэгтээ ... ажилчдад ажлын байрны дарамт шахалт үзүүлж байгаагүй, алиа хошин зантай, хамтарч ажиллахад түшигтэй хүн ... манай сумын ард иргэд М.Ц эмчид ам сайтай байдаг, өглөө ажилдаа ирэхэд нь үзүүлэх гэж буй иргэдийн оочир дараалал их байдаг ... алслагдсан айл өрхүүдэд гэрээр нь очиж үнэгүй үзлэг оношилгоо хийдэг ... хавдрын тохиолдлыг илрүүлж байсан ... гэж,
Ц.Цолмон гэрчийн мэдүүлэгтээ ... сайн үздэг эмч байна лээ ... гэж,
Т.М гэрчийн мэдүүлэгтээ ... М.Ц даргыг томилогдон ирснээс хойш дотрын эмчид үзүүлэх иргэд сумандаа үзүүлж харуулаад эмнэлгийн тусламж үйлчилгээг хамгийн ойроос авах болсон ... манай Эрүүл мэндийн төв өмнө нь ганцхан шээсний дэлгэрэнгүй шинжилгээ авдаг байсан бол М.Ц даргыг ирснээс хойш цусны дэлгэрэнгүй шинжилгээ авдаг болсноороо иргэдийг Улаанбаатар хот, Төв аймаг руу явуулж чирэгдэл учруулахгүй болсон ... гэж тус тус мэдүүлсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч М.Ц нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан бөгөөд дээрх Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12-т заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн хэмээн шууд буруутгах хангалттай үндэслэл тогтоогдсонгүй.
3.10. Түүнчлэн Улаан бурхан өвчин бүртгэгдэх үед буюу 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зурвас илгээж сенсаци болголгүй дарвал зүгээр болов уу гэснийг сумын штабыг мэдээллээр хангаагүй гэх шууд үндэслэл болохгүй буюу сумын иргэдийг сандраалгүй байх тал дээр зөвлөлдөх байдлаар илэрхийлсэн байж болзошгүй үйлдлийг нуун дарагдуулсан, мэдээллээр хангаагүй хэмээн шууд буруутгах хөдөлшгүй баримт болохгүй.
3.11. Мөн хариуцагч нь маргаан бүхий Б/25 дугаар захирамжийг гаргахдаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 8 дугаар зүйлийн 8.2.4, 16 дугаар зүйлийн 16.1.4-д заасныг тус тус баримталсан байх боловч, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагчаас Ёс зүйн хорооны дүгнэлтийг тухайн маргаж байх цаг хугацаанд шүүхэд гаргаж өгөөгүй, маргаан бүхий тушаал гарах үед Ёс зүйн хороо хуралдаагүй, дүгнэлт гаргаагүй болох нь тогтоогдож байна.
3.12. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 660 дугаар магадлалаар энэхүү захиргааны хэргийг дахин хэлэлцүүлж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болж, улмаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 313 тоот албан бичгээр нотлох баримт шаардахад 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд хариуцагчаас тайлбар болон 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн огноотой №3 дугаар Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг ирүүлсэн байдаг. Гэтэл Б.Б, Э.Д нараас гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх ёстой байхад хуульд заасан хугацаанд шийдвэрлэлгүй орхигдуулсан, тус хорооны дарга гэх Н.Ш нь дээрх дүгнэлтийг мэдэхгүй, уншилгүйгээр гарын үсэг зурсан, 05 дугаар сарын 19-ний өдрийн огноотой боловч 12 дугаар сард нөхөн үйлдэж Ёс зүйн хорооны дарга Н.Шаар зуруулсан болох нь тухайн Ёс зүйн хорооны дарга Н.Шинэбаяр, нарийн бичгийн дарга С.С нарийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг болох 1 дүгээр хавтаст хэргийн 245-249 тал, 2 дугаар хавтаст хэргийн 132-136 талд авагдсан мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул маргаан бүхий захирамжийг хууль ёсны хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
3.13. Мөн анхан шатны шүүх гэрч нараас мэдүүлэг авах ажиллагаа хийсэн боловч тэдгээрийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байхад үүнийг анхаараагүй байна. Тодруулбал, иргэн Б.Б 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд мэдүүлсэн гэрчийн мэдүүлэгтээ ... Ёс зүйн хорооны шийдвэрийг би өөрөө гардаж авсан ... гэж мэдүүлсэн атлаа мөн тус өдрийн мэдүүлэгтээ ... Ёс зүйн хороо хуралдана гэж хэлсэн ч би очиж суугаагүй ... Шийдвэрийг аваагүй ... гэх зэргээр шүүхэд зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь тогтоогдож байх бөгөөд гэрчийн мэдүүлгийг нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байгаа энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс үндэслэлгүйгээр нэхэмжлэгч М.Цийг ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байна.
3.14. Түүнчлэн хариуцагчаас М.Цийг удаа дараа ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж тайлбарладаг боловч тэдгээр нь сумын Эрүүл мэндийн төвийн мооргын хэсгийг томруулах, өвчтөн ирэхэд эмч, эмнэлгийн үйл ажиллагаа хүрэлцээтэй байх талаар санал хэлж, тэмцээн уралдааны үед хувьдаа бус зөвхөн ажилчдад зориулан зардал гаргасан, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулж, иргэдэд хүртээмжтэй байхын тулд сувилагч Э.Дийг түр амьдарч байсан халдваргүйжүүллийн өрөөнөөс гарах тухай шаардлага тавьсан зэргийг удаа дараа ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байх тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
3.15. Эдгээрээс нэгтгэн дүгнэвэл, маргаан бүхий Төв аймгийн Борнуур сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/24 дүгээр Албан тушаалаас халах тухай захирамжид дурдсан үндэслэлүүд бүрэн дүүрэн нотлогдохгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтуудыг буруу үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй, улмаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах хангалттай үндэслэл тогтоогдохгүй байхад тийнхүү шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.16. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдааны явцад ... нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал дээр тусгай шалгалт зарлагдаагүй байгаа ... гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь холбогдох хууль журамд заасан болзол шаардлагыг хангаж байгаа тохиолдолд Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн даргын сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй байгаа болохыг тэмдэглэв.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээршийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12, 43 дугаар зүйлийн 43.3.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Цийн Төв аймгийн Борнуур сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/24 дүгээр Албан тушаалаас халах тухай захирамжийг хүчингүй болгож, М.Цийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА