Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/25

 

 

 

 

 

 

 

 

  2023          8            10                               2023/ШЦТ/795

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Ц.Шагдар,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир,

шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч А.Золжаргал,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, Ц.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдараас:

-шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

-шүүгдэгч Х.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

-шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************** дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч 3. Б нь:

 

1. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай тушаалаар байгуулагдсан “Азийн хөгжлийн банк”-ны МОН-3679 дугаар бүхий зээлийн гэрээний хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “*****************” ХХК-ийг сонгон шалгаруулж өөрийн эзэмшлийн “Д Э П ” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллах нөхцөлийг бүрдүүлсний хариуд тус үнэлгээний хорооны дарга буюу тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Х.Од түүний албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан,

-2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12:30 цагаас 13:30 цагийн хооронд өөрийн оффис болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар багт байрлах, Блью Мон Тауэрын 9 давхрын ариун цэврийн өрөөнд бэлэн 3,000,000 /гурван сая/ төгрөгийг,

-2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 60,000,000 /жаран сая/ төгрөгийн үнэлгээтэй, 31-39 УНИ улсын дугаар бүхий *********350 загварын тээврийн хэрэгслийг түүний хамаарал бүхий этгээд болох найз Б.Сийн нэр дээр шилжүүлэн өгөх хэлбэрээр хахууль өгсөн;

 

2. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй төлбөр төлөгч “*******************” ХХК, “******************” ХХК, “**************” ХХК-ийн захирлын хувьд Монгол Улсын хилээр гарахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албанаас тавьсан хилийн хоригийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1981 дугаартай тогтоолоор 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар түр сэргээлгэх нөхцөлийг бүрдүүлсэн буюу Шийдвэр гүйцэтгэх албанд “хилийн хориг түр хугацаагаар цуцлуулах тухай” албан бичиг хүргүүлсний хариуд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Дд түүний албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өөрийн жолооч З.Моор дамжуулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 600,000 төгрөгийн хахуулийг бэлнээр өгсөн;

 

3. Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүн Ж.Бд түүний албан тушаалын байдалтай нь холбогдуулан, өөрийн “Д Э П ” ХХК-д хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл авах гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн яамнаас хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах дүгнэлтийг “Авто замчдын холбоо” Төрийн бус байгууллагаас гаргуулахад дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Ж.Б үеэл дүү Б.Бтэй хамт иргэн Н.Даас худалдан авсан адууны төлбөр  болох 55 сая төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус тус Н.Дд төлөх хэлбэрээр,

Мөн 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 20-21 цагийн хооронд Ж.Б оршин суудаг орон сууц болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэгийн С3-709 тоотод бэлнээр 15,000,000 төгрөгийг түүнд өгч, нийт 70 сая төгрөгийн хахууль өгөх гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Х.О нь:

 

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар тушаалаар “Азийн хөгжлийн банк”-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”,  7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг тус тус зөрчиж, хахууль өгөгч З.Бийн Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэл 30.53 км автозамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Багц 1-5 дахь хэсгийн тендерт оролцогч “Чайна гео инженеринг корпораци” ХХК-ийг тус тендерт шалгаруулж улмаар өөрийн эзэмшлийн “Д Э П ” ХХК-ийг дээрх компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллах нөхцөлийг бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан “Чайна гео инженеринг корпораци” ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 157 дугаартай “Зам барилгын ажил гүйцэтгэх” тухай гэрээ байгуулж буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөгч З.Бээс 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12:30 цагаас 13:30 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Блюмон оффисын 9 давхарт байрлах “Д Э П ” ХХК-ийн оффист 3,000,000 /гурван сая/ төгрөгийн хахууль, мөн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 31-39 УНИ улсын дугаартай *********350 загварын тээврийн хэрэгслийг өөрийн найз болох Б.Сийн нэр дээр шилжүүлэх хэлбэрээр хахууль авсан гэх гэмт хэрэгт;

 

Шүүгдэгч Д.Д нь:

 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт /Төлбөр төлөгч албан ажлын, эсхүл эрүүл мэндийн шалтгаанаар түр хугацаагаар гадаадад зорчих зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах шаардлагатай арга хэмжээ авсны үндсэн дээр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түр сэргээнэ/ гэснийг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 /албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах/, 7.1.7 /албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх/ гэснийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ”-г авах гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан /Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх/, 37.1.2-т заасан /Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх/, 37.1.3-т заасан /Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах/, 37.1.13-т заасан “Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэснийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, бүртгэл хөтлөх журмын  3.1 “Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг дараах үндэслэлээр сэргээнэ”, 3.2.2 “төлбөр төлөгчийг гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагыг нотолсон эрх бүхий эмнэлгийн байгууллагын мэргэжлийн комиссын дүгнэлт гарсан бол”, 3.3 “Шийдвэр гүйцэтгэгч нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, болон хүсэлтийг хүлээн авсан даруйд гадаад зорчих эрхийг сэргээх саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана” гэж заасныг тус тус зөрчиж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй “Жиансу Жунжиа Жианшин” ХХК, “Альфа Ассет менежмент” ХХК, “Алмоне Ойл” ХХК-ийн захирал З.Б нь гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс мөн сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд сэргээлгэж, Тайланд улсад зорчин “Бумрунград” эмнэлэгт үзүүлэх шаардлагатай тухай хүсэлтийг эмнэлгийн баримт бичгийн хамт 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасныг хүлээн авч, гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагыг нотолсон эрх бүхий эмнэлгийн мэргэжлийн комиссын дүгнэлт ирүүлээгүй байхад хахууль өгөгч З.Бийн гадаад зорчих эрхээ сэргээлгэх гэсэн ашиг сонирхлын төлөө “Гадаад зорчих эрх сэргээх тухай санал”-ыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, дэд хурандаа Б.Бөд танилцуулж, Б.Бөөр Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний хэлтэст уламжлуулан Монгол Улсын хилээр саадгүй зорчих боломжийг бүрдүүлж буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Д.Д нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт З.Бийн жолооч З.Моор дамжуулан бэлнээр 600,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2*********************37 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагчаас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

 

Шүүгдэгч З.Бийн өмгөөлөгч Л.Ган-Очироос: “Хавтаст хэрэгт шинээр 10 хуудас нотлох баримт /эрүүл мэндтэй холбоотой/ гарган өгч, 3 дахь хавтаст хэргийн 142-143, 150-151, 153-154, 156-157, 159, 161; 4 дэх хавтаст хэргийн 02-32, 71, 122-125, 168-169, 172, 223-250; 5 дахь хавтаст хэргийн 01-52; 6 дахь хавтаст хэргийн 97-102, 126-127; 7 дахь хавтаст хэргийн 04 дүгээр тал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль хэрэглээний талаар болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж,

 

Шүүгдэгч Х.Оийн өмгөөлөгч А.Золжаргалаас: “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 8 хуудас баримт гаргаж өгсөн бөгөөд уг баримтуудыг болон хавтаст хэргээс 1 дэх хавтаст хэргийн 112-113; 4 дэх хавтаст хэргийн 48-49, 76-81, 139; 6 дахь хавтаст хэргийн 93, 94, 209; 7 дахь хавтаст хэргийн 13, 16 дугаар тал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж,

 

Шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Г.Нацагдорж, Ц.Оргил нараас: Гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурьтай оролцоно. Шүүхэд шинээр 39 хуудас нотлох баримт гаргаж өгч байгаа бөгөөд энэ нотлох баримтуудаа шинжлэн судалж оролцоно” гэж тус тус байр сууриа илэрхийлсэн болно.

 

Мөн шүүгдэгч Д Дгийн өмгөөлөгч нараас түүний 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх хянан хэлэлцээд уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Талууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргах эрхтэй” гэж заажээ.

 

Шүүгдэгч Д.Дгийн гэрчээр өгсөн /2022.09.26-ны өдрийн  мэдүүлэг/ мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэхийг нотлох баримт шинжлэн судалсны үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж үзлээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Прокуророос шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлжээ.

 

Шүүгдэгч З.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй, урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Д.Д, Х.О нарт хахууль өгсөн нь үнэн. Адууны тухайд би тухайн адууны тал мөнгийг нь гаргасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэж,

 

Шүүгдэгч Х.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж байсан...” гэж,

 

Шүүгдэгч Д.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Шүүх танхимд өнөөдөр яллагдагчаар тогтоогдоод зогсож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч бол өөрийн эрх мэдлийн хүрээнд тухайн хүний хилээр зорчих эрхийг нээдэггүй. Шийдвэр гүйцэтгэгч нь саналаа ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд дарга, газрын дарга нарт танилцуулж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тухайн саналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хилийн хоригийг хил хамгаалах руу явуулж шийдвэрлэгддэг. Тухайн үед З.Бийг цагдан хорьсон байсан. Мөрдөгчийн зүгээс хэрэв ямар нэг зүйл хэлэхгүй бол чамайг ч бас цагдан хорино гэж сүрдүүлсэн. Би хөхүүл ээж байсан учраас айгаад хэлснээр нь хийсэн. Иймд намайг гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү” гэж тус тус мэдүүлсэн болно.

 

Хэргийн үйл баримт нотлогдсон байдлын талаар:

 

А. Шүүгдэгч З.Б, шүүгдэгч Х.О нарын хахууль өгсөн болон авсан хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч З.Б Х.Оийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12:30 цагаас 13:30 цагийн хооронд өөрийн оффис болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар багт байрлах, Блью Мон Тауэрын 9 давхрын ариун цэврийн өрөөнд бэлэн 3,000,000 /гурван сая/ төгрөгийг, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 60,000,000 /жаран сая/ төгрөгийн үнэлгээтэй, 31-39 УНИ улсын дугаар бүхий *********350 загварын тээврийн хэрэгслийг түүний хамаарал бүхий этгээд болох найз Б.Сийн нэр дээр шилжүүлэн өгөх хэлбэрээр хахууль өгсөн, авсан болох нь:

-Шүүгдэгч З.Бийн мөрдөн шалгах ажиллагаа шатанд яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Тэр өдөр үнэнээ хэлээд явъя гэхэд өмгөөлөгч маань “бодохгүй юу даа” гэж хэлсэн. ...Ингээд 20-ны өдөр болсон таныг залгахад би “бичгээ бэлдээд бичээд аваад очъё” гээд утсаа тасалсан. Ингээд 21-ний өдрийн өглөө 08 цаг 30 минутын үед АТГ-ын гадаа өмгөөлөгчтэйгөө уулзаад “үнэнээ хэлье” гээд шийдсэн байсан. Гэтэл “та юу яриад байгаа юм бэ, О хэргээ хүлээгээгүй байхад, та Оийг матсан болоод насаараа Буяа ингэсэн гэж явах юм уу” гэсэн. Ингээд би жаахан гайхсан л даа. Цаасаа халаасалсан биччихсэн явж байсан. Өмгөөлөгч надад “та зүгээр л таньдаггүй гэж хэлээч дээ” гэсэн. Ингээд тухайн өдөр Оийг хальт таньдаг гэж ярьсан. Энэ дээрээ хүлцэл өчье. Оргил- Эрдэнийг би танина. Ховдын зам хийхээс авхуулаад хяналт судалгааны төвд хяналтын инженер, хэлтсийн дарга хийж байсан миний үе тэнгийн залуу. Тэгээд 2019 оны 05 дугаар сар гэж санаад байна, яг өдрөө санахгүй байна, би Зам тээврийн яаман дээр очсон. Энэ үед Азийн хөгжлийн банкны тендер зарлагдчихсан, шалгаруулалтын материалуудыг нээгээд сонгон шалгаруулалт явж байсан үе. О 4-р давхрын ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан 1 хаалгаар ороод давхар байдаг нэг жижиг өрөөнд ороод би “Чайна Гео-г дэмжээд гаргаад өгөх боломж байна уу, миний хувьд одоо нэлээн хүндрэлтэй байгаад байна, яагаад вэ гэхээр чи мэдэж байгаа, 2013 оноос хойш Ховдын 60 км зам ашиглалтад ороогүй байсныг өөрийн хөрөнгөөр хийгээд дуусгахгүй бол улсын комисс авахгүй байна, мөнгө санхүүгээ суулгахгүй байна, Чайна Гео-г дэмжээд өгөөч хөгшөөн, тэгэхийн би бол нэг туслангийн ажил хийх гээд байна. Туслангийн ажил хийчих юм бол 2019 ондоо багтаагаад Ховдын 60 км замаа дуусгачих гээд байна чи надад туслаач” гэсэн. О тухайн үед за ч гээгүй, үгүй ч гээгүй. Ингээд эхний уулзалт дууссан. 2 дахь удаагаа 3, 4 хоногийн дараа дахиад Зам тээврийн яаман дээр Оийн өрөөгөөр очоод “Чайна Гео яаж байна, дэмжих боломж байна уу” гэтэл О надад “наад Чайна Гео чинь шүүхийн маргаантай юм байна шүү дээ, за байж бай” гэсэн. Би тэр үед нь шууд Тунгалаг руу яриад “танай компани чинь шүүхийн шийдвэртэй маргаантай юм байна шүү дээ” гээд хэлэхэд Тунгалаг “үгүй ээ, наад тендер зарлахад тендерийн заавар дээр шүүхийн шийдвэр гараагүй л бол хамаа байхгүй, болно шүү дээ, болохгүй байна гэж байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Од “үгүй энэ тендерийн чинь үнэлгээн дээр юу байна, шийдвэр нь гараагүй л бол энэ заалт хамаарахгүй юм биш үү, чи үнэхээр туслаад өгөлдөө” гээд ятгаж гуйсан. За ингээд хэсэг хугацааны дараа хариу нь гарахад 5-р багц дээр Чайна Гео ялсан байсан. Манайхан бол Чайна Гео-г 5 багц дээр 5-уулан дээр нь оролцож байгаа гэж ойлгож ажлын тоо хэмжээг боловсруулж байсан. Гэтэл ганцхан 5-р хэсэг дээр ялсан. Ингээд бид нар туслан гүйцэтгэгчийн гэрээгээ байгуулаад 2019 оны 07 сарын эхээр ажилдаа гарсан гэж санагдаад байна. 2020 оны 09 сарыг дуустал бид хугацаанаас нь өмнө тус ажлыг хийж гүйцэтгэж дууссан. Ингээд гэм буруу гэдэг юм уу албан тушаалтныг гуйж өөрийнхөө зовлонг, өөрөө ажилтай байхын тулд буруу зүйл хийсэн. Гэмшиж байна. Тиймээс хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 37-38 дугаар тал),

-Шүүгдэгч З.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар дахин өгсөн “...Одоо ингээд бодоод байхад тендер явж байх үед Х.Отэй уулзаж Чайна Гео Инженеринг-ийг 2 удаа уулзаж гуйсан. Тэрний дараа Х.О тухайн сардаа Блью Мон төвийн 9 давхарт байх манай оффис дээр ирэхээр нь 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн байна. Би календарь харахад 2019 оны 05 дугаар сарын сүүлийн 7 хоногийн 4 дэх өдөр буюу 30-ны өдөр цайны цагаар 12 цаг 30 минутаас 13 цаг 30 минутын хооронд байсан. Манай компани дээр О ганцаараа ирж авсан. Тэр үед манай компанийн оффис дээр ганцхан өрөө түрээсэлдэг, олон ажилчин ч байгаагүй. Оффисын ариун цэврийн өрөөнд орж уулзаад өгсөн юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 40 дүгээр тал),

-Шүүгдэгч З.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би Оийг чи нэг унаатай бол гээд Улсын Б наадмын яг өмнө 2019 оны 07 дугаар сарын эхээр Лексус Ар экс 450 маркийн автомашиныг зар дээрээс хямдхан худалдаж авангуутаа үнэтэйгээр бодоод Од тендерийн дараа өгсөн юм. Үүнийг мартсан байна. Энэ машин нь хуучин онтой тэрэг байсан. Би тухайн үедээ хямд авч байсан гэдгээ л мэдэж байна. Би Од хэдэн төгрөгийн машин тэрэг гэж үнэ тооцохгүйгээр чи нэг Б наадмын өмнө унаатай бол гээд өгчихсөн юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 42 дугаар тал),

-Шүүгдэгч Х.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...З.Бийн мэдүүлж байгаа зүйл үнэн. З.Б нь Зам, тээврийн яаманд манай ажлын өрөөнд 2019 оны 05 сард байх ирж “Дарханы замын тендерт оролцож буй “Чайна гео инженеринг корпораци” ХХК-ийг дэмжээд өгөх арга байна уу” гэсэн. Тэгэхээр нь би “боломжгүй” гэж хэлээд энэ удаагийн уулзалт дууссан. Дараа нь З.Б нь манай ажил дээр дахин ирж “Чайна гео инженеринг корпораци” ХХК-ийг Дарханы замын тендерт шалгаруулаад өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би “тэгье, туслах гээд үзээдэхье” гэж л хэлсэн. “Чайна гео инженеринг корпораци” ХХК нь 5-р багц дээр хамгийн бага үнийн санал ирсэн байсан. Гэхдээ “Чайна гео инженеринг корпораци” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн яамтай чанаргүй зам гүйцэтгэсэн гээд шүүхийн маргаантай байсан, тэгээд З.Б гуйгаад байсан болохоор нь “Чайна гео инженеринг корпораци” ХХК-ийг 5-р багц дээр шалгаруулсан юм. ...Би З.Бийн гуйсны дагуу “Чайна гео инженеринг корпораци” ХХК-ийг тендерт шалгаруулсны хариуд 2019 оны 07 дугаар сард З.Б нь надад хар өнгийн *********450 маркийн автомашин өгсөн. Тэр машиныг нь би шууд найз Сөөрөө авхуулаад Сөд тэр чигт нь зарсан, тэгээд Сөөс автомашины мөнгө 30 сая төгрөгийг бэлнээр 2019 оны 07 дугаар сард Зам, тээврийн яамны гадаа хар өнгийн банкны ууттай, 20,000 төгрөгийн дэвсгэртээр 100 ширхгээр боосон 15 боодол нийт 30 сая төгрөгийг авсан. 30 сая төгрөгийг би хувийнхаа хэрэгцээнд үрээд л дууссан даа. Би З.Бэд бол эхлээд гуйхад нь “үгүй” гэж байсан, би тэгээд ч шалгаруулах асуудлыг ганцаараа мэддэг хүн биш, үнэлгээний хорооны гишүүд байна, цаана нь Азийн хөгжлийн банк байна, тийм учраас шууд амлаж чадахгүй байсан юм. Тэгээд “Чайна гео инженеринг корпораци” ХХК-ийг Дарханы замын тендерийн 5-р багцад шалгаруулаад Азийн хөгжлийн банк руу тайлан хүргүүлчхээд хариу нь ирсний дараа, гэрээ байгуулсны дараа энэ машиныг авсан. Шалгараагүй, болоогүй байхад нь бол авч болохгүй шүү дээ, үнэлгээний хорооны гишүүд байна, хурал дээр миний хэлснээр байх уу үгүй юу дээрээс нь Азийн хөгжлийн банк тайланг хүлээн зөвшөөрөх үү гээд олон асуудал байгаа. Би 2019 оны 05 дугаар сард Блю мон оффист хоол идэх гэж яваад З.Бтэй таарсан бөгөөд тэр үед З.Б нь 3 сая төгрөгийг надад өгсөн бөгөөд Блю мон оффисын ариун цэврийн өрөөнд авсан. Л.Б нь надад танилцуулахдаа ийм зүйл боллоо, ийм баримт бичиг боловсрууллаа гэх мэтээр тендерийн үйл ажиллагааг амаар танилцуулаад яваад байсан, мөн гишүүдэд бүгдэд нь танилцуулж байгаа, тэгээд сүүлд нь хэдүүлээ тэмдэглэл болгоод албажуулаад гарын үсэг зурчихъя гэж хэлсэн. Гэхдээ хурлыг бол хийгээд явж байсан, зарим нэг хүмүүс нь байхгүй үеүд бол байсан, тэгэхдээ хурлын тэмдэглэлээ дор нь гаргаж зуруулаагүй, сүүлд нь зуруулсан нь л Л.Б болон миний хяналт муу тавьсан алдаа боллоо...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 128-130 дугаар тал),

-Гэрч Э.Жын “...Би энэ компанийг үүсгэн байгуулаагүй. Энхболд гээд “Д Э П ” ХХК-д миний өмнө захирал хийж байсан хүн З.Б захирлын хэлснээр уг компанийг үүсгэн байгуулсан. Энэ компани маань замын барилга байгууламж барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үндсэн нийгмийн даатгал төлдөг 30 гаруй ажилтантай, одоо 30 гаруй техниктэй /индүү, ковш, экскаватор, резаклэ /зам тэгшрүүлэгч/, усны машин хово, портер, үйлчилгээний машин зэрэг байдаг. ...2019 оны 06 дугаар сард юм болов уу манай зам хариуцсан захирал Ц.Борхүү /Энхтөгөл бэх ХХК-ийн захирал/ “Чайна Гео инженеринг” ХХК-тай гэрээ байгуулахаар болсон гэж хэлээд хамтран ажиллах гэрээг хэвлээд авчирсан байсан бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа багц 5 гэсэн ажлын гэрээн дээр би гарын үсэг зурж байсан. Энэ 5-р хэсэг нь Цайдамын хөндийгөөс Дархан хүртэлх зам байсан санагдаж байна. Энэ замыг 2021 онд хийж гүйцэтгээд хүлээлгэж өгсөн. Би энэ зам руу огт очиж үзэж байгаагүй. Хэдэн км зам гэсэн зүйл байхгүй бөгөөд зөвхөн газар шороо, далангийн ажил хийж гүйцэтгэсэн. “Энхтөгөл бэх” ХХК нь мөн адил газар шороо, далангийн ажил хийж гүйцэтгэсэн. “Д Э П ” ХХК-иар 1,400,000 ам.доллар, “Энхтөгөл бэх” ХХК нь 1,390,000 ам.долларын үнийн дүн бүхий гэрээ байсан. “Энхтөгөл бэх” ХХК-ийн “Чайна гео инженеринг” ХХК-тай байгуулсан гэрээг Ц.Борхүү хийсэн байх. Ц.Борхүү л зам дээр хариуцаж ажиллаж байсан бөгөөд надад гүйцэтгэлээ гаргаж өгөхөөр би “Чайна Гео Инженеринг” компанийн Тунгалаг гээд Өвөрмонгол захиралтай нь тооцоо нийлж тайлбар хийх тохиолдолд уулзаж байсан. Тэрнээс бусад үед захирал З.Б тооцоо нийлдэг байсан. Манай оффис дээр Тунгалаг нь ирчихсэн байж байдаг байсан. “Чайна Гео Инженеринг” ХХК-руу би бол очиж үзээгүй. Юнион Бьюлдинг-д байдаг гэж сонсож байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 114-116 дугаар тал),

-Гэрч ....-ийн “...Энэ Азийн хөгжлийн банкны тендер бөгөөд вэб сайтад тендерийн зар тавигдсан. Тэрний дагуу төв компани энэ тендерт орох шийдвэр гаргасан. Төв компани маань Чайна Гео БНХАУ-ын Бээжин хотод байрлаж байгаа. Тендерийн бичиг баримтын дагуу төв компани боловсруулсан. “Чайна Гео Инженеринг корпораци” ХХК-д төв компаниас тендерийн баримт бичиг эх хувиараа ирсэн. ...Бүх бичиг баримт нь манайхаар явна л даа. Бат Бинг гээд Хятад компани мөн график гаргахад оролцож байсан. Энэ компани мөн манай туслан гүйцэтгэгчээр ажилласан. Тендерт “Чайна Гео Инженеринг корпораци” ХХК Монголд үүсгэн байгуулсан “Чайна Гео” ХХК бол техник, санхүүгийн чадавхгүй бол оролцох эрх байхгүй. Харин Хятадын төв компанийнхаа бичиг баримтыг ашигладаг юм. Бүх санхүүжилтийг төв компаниас шийдвэрлэдэг. ...Би тендер хэзээ зарлагдсаныг одоо яг тодорхой санахгүй байна. Гэхдээ тендер дөнгөж зарлагдсаны дараа бүгд мэдээлэлтэй болсон байсан. Тэгэхэд Бтэй яаман дээр ч, яамны гадна тааралдсан. Тэр үед энэ тендерт Б нь түншлэлээр оръё гэдэг яриа эхэлсэн юм. Тэр үед түншлэлээр орохоор ярьж байхад тендерт ялсан үнийн дүнгийн 2 хувиар тендерийн гүйцэтгэлийн баталгааг түншлэл гаргах үүрэгтэй байсан. Түншлэлийн хувьд 70/30 байхаар заалттай. Тэгэхээр Б “би ийм мөнгө гаргаж чадахгүй” гэсэн. Энэ яриа болоход Борхүү мөн хамт байсан. Ингээд түншлэлээр орж чадахгүй юм бол хамтарч ажиллахгүй гэхэд туслан гүйцэтгэгчээр чинь ажиллая гээд жаахан дарамтлах янзтай болж ирсэн. ...Дараа нь мөн л тендер шалгаруулалтын өмнө Блью Мон оффисийн 9 дүгээр давхарт намайг дуудсан юм. Би ганцаараа очсон бөгөөд Б, Борхүү, Жаргалсүрэн бид 4 уулзсан. Тэр үед тендерийн материалаа сайн боловсруулах талаар уулзалт хийсэн. Ингээд ажлын график гаргах, хэдэн хувийн ашигтай байх уу гэх зэргээр тооцоолол хийж байсан. “Д Э П ” компаниас бидэнд хэдэн хуудас цаас англи хэл дээр орчуулаад тендерийн баримтын хэсэг нь гэж өгсөн. Ямар ч тамга тэмдэг байхгүй, хүчингүй цааснууд өгсөн. Тэр нь их алдаатай цаас байсан. Энэ баримтуудыг нь огт ашиглаагүй, шаардлага хангахгүй баримт бичиг байсан. Тэгээд манай төв компаниас тендерийн материалыг боловсруулж 2, 3, 5 дугаар багцад материал өгч оролцсон. Ингээд 5 дугаар багцад шалгарсан. Ингээд тендерийн 5 дугаар багцад шалгарсны дараа Б нь бид туслан гүйцэтгэгчээр чинь ажиллана гэсэн. Тэгээд эхний 0-15 километрийн газар шорооны ажлыг “Д Э П ” ХХК хийхээр болж манай компани 15-30 буюу Дархан хүртэлх замыг хийхээр туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан. Уг нь манай компани газар шорооны ажил дээр 13 хувийн ашиг авна гэхэд нөгөө талаас буюу Б та нар 5 хувийн ашиг ав гэж над руу уурлаж эхэлсэн. Тэгээд бидний хувьд муудалцаад яах вэ гэж бодоод зөвшөөрч ажлаа хувааж хийсэн юм. ...Бид Зам тээврийн яамтай 9,8 сая ам.долларын гэрээ байгуулсан. Харин туслан гүйцэтгэгч “Д Э П ” ХХК-тай 1,4 сая ам.долларын үнийн дүнтэй гэрээ байгуулсан санагдаж байна. Гэрээний дагуу ажлаа гүйцэтгээд санхүүжилтээ 100 хувь хийсэн. Миний хувьд надад таних хүн байхгүй. Б л надтай түншлэлийн асуудал ярьсан. Б бол ямар хүнтэй ярьсныг мэдэхгүй. Надад бол хүнтэй ярьж байна ч гэж хэлээгүй. Манай компани 2015 оноос хойш замын ажил хийгээгүй. Барилга уул уурхай гээд явж байсан. Манай компани Монгол Улсын төсвийн тендерт оролцоогүй, Олон улсын тендерт оролцож байгаа бөгөөд энэ тендерт Азийн хөгжлийн банкны журмаар зохицуулдаг бөгөөд энэ журмаар бол шүүхийн маргааныг тооцохгүй гэсэн заалттай байдаг. Манай толгой компани жилийн 1,0 тэрбум ам.долларын орлоготой компани бөгөөд манай толгой компаниар энэ тендерт орсон шүү дээ. Тэгэхээр бид өөрсдийнхөө материалыг муу материал гэж үзэхгүй байна. Бид өөрсдөө тендерийн материалыг авсныхаа дараа бүх материалыг шалгаад тэнцэхээр байна гэж үзсэн учраас тендерт орсон...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 140-141 дүгээр тал),

-Гэрч Б.Сийн “...2019 оны 07 дугаар сард Х.О нь над руу залгаад “хүнээс нэг машин өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих, тэгээд тэр автомашиныг надад зараад өгчих” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд Х.Оийн хэлсний дагуу тэр хүнтэй нь холбогдоод Аса циркийн дэргэдэх автотээврийн төв дээр очиж тэр хүнтэй нь уулзаж *********маркийн автомашин байсныг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад автомашиныг нь унаад явсан. Х.О надад тэр машиныг нь зараад өгчих гэж байсан санагдаад байна, эсвэл би өөрөө шууд тэр автомашиныг нэр дэрээ шилжүүлж аваад Х.Од 30 сая төгрөгийг шууд өөрөөсөө гаргаад өгчхөөд дараа нь тэр машиныг нь зараад мөнгөө гаргаж авсан шиг санагдаад байна, би өөрийн болон компанийнхаа дансны хуулгыг хараад дахин мэдүүлэг өгье. Ямар ч байсан Х.Оийн хэлснээр тэр автомашиныг аваад нээх удалгүй, зар тавьж байгаад тэр машиныг буцаагаад зарсан. Х.Од тэр автомашины мөнгийг бас өгсөн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 181 дүгээр тал),

-Мөн гэрч Б.Сийн дахин өгсөн “...Би Х.Оийн хэлсний дагуу 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 31-39 УБИ улсын дугаартай, 2014 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд импортлогдон орж ирсэн *********350 маркийн хар өнгөтэй автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан юм байна. Тэгээд Х.О 30 сая төгрөгөөр тооцож худалдаж аваад мөнгийг нь гаргаад авчих гэсэн боловч тухайн үедээ надад мөнгө байсан учир 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр миний “Саруул харгуй” ХХК-ийн Хас банкны 5001398741 дугаарын дансанд орж ирсэн ажлын гүйцэтгэлийн мөнгөнөөс тэр өдрөө Хас банкны И-Март салбар дээрээс 56,739,568 төгрөг бэлнээр гарган авч, тэр мөнгөнөөс 30,000,000 төгрөгийг Х.Оийн ажлын газар болох Зам, тээврийн хөгжлийн яамны үүдэнд Х.Од аваачиж өгсөн юм байна. Тэгээд би тэр машиныг буцаагаад зар тавьж байгаад өөр хүнд зарсан. Тэр зарсан хүнээ бол санахгүй байна. Машиныг нь зараад Х.Од өгсөн мөнгөө гаргаж авсан. ...Би уг машиныг ямар учиртай, хэнээс, хэрхэн авч байгааг Х.Оэс асуугаагүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 183 дугаар тал),

-“Саруул харгуй” ХХК-ийн Хас банканд эзэмшдэг ************ тоот дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 184-185 дугаар тал),

-Гэрч Г.Гантулгын “...Би дээрх автомашиныг өөрийн төрсөн дүү Гансүхийн найз Бавуудоржоос 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 55,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Төлбөрийг өөрийн Хаан банкны ********** тоот данснаас Гансүхийн ********** тоот данс руу тухайн өдрөө 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан. ...Бавуудорж нь С гэх хүнээс авсан юм шиг байна лээ би сайн мэдэхгүй байна... Зам, тээврийн хөгжлийн яам болон Дарханы замын ажлыг хийж байгаа ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниудаас таних хүн байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 187 дугаар тал),

-Гэрч Г.Г-ын мэдүүлэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн Хаан банкны интернэт гүйлгээний дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 188 дугаар тал),

-Гэрч М.Ж-ын “...З.Б захирал Зам, тээврийн яамны хэлтсийн дарга Отэй их сайн харилцаатай, бие биеэ их сайн мэддэг юм байна лээ. Б захирал энэ талаар надад өөрөө ярьж байгаагүй. Ц.Борхүү л надад энэ талаар хэлж байсан. Буяа ах Отэй гайгүй шүү дээ, Дарханы замын ажил авахаар хөөцөлдөж байгаа гэж ярьдаг байсан. Түүнээс хойш 2019 оны 05 дугаар сард Тунгалагтай намайг танилцуулж байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 108-109 дүгээр тал),

-Зам, Тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 83-102 дугаар тал),

-Гэрч Л.Бын “...Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банктай 2018 оны 07 сард зээлийн гэрээ байгуулж, уг зээлээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг санхүүжүүлэхээр болж, хэрэгжүүлэгч байгууллага нь Зам, тээврийн хөгжлийн яам гэж гэрээнд тусгасан. Азийн хөгжлийн банкнаас 2 үе шаттай санхүүжилтээр нийт 120 сая ам.доллароор санхүүжүүлэхээр 2 зээлийн гэрээг 60, 60 сая ам.доллароор байгуулсан байдаг, гэхдээ уг 120 сая ам.доллароос Улаанбаатар-Арвайхээр чиглэлд 60 км, Дархан-Алтанбулаг чиглэлд замын засварын ажлыг санхүүжүүлэхээр заасан бөгөөд 80 гаруй сая ам.доллар нь Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд зарцуулах байсан. ...Ажлыг гүйцэтгүүлэхдээ нийт 204.11 км автозамыг 5 багц болгон хуваагаад хуучин замыг хуулж, замыг 9 метр болгож өргөтгөх, хучилтыг тэр чигт нь солих, гүүр хиймэл байгууламж байгуулахаар зураг төсөл нь гарсан. Эхлээд зураг төсөл нь төсөвт өртгөөс давсан байсан учир зургийг шинэчилж дахин хийлгэсэн, эхний зураг дээр хучилтын зузаан 10 см байсан бөгөөд шинэчилсэн зургаар 5 см болгож байж төсөвт өртөгт багтаасан. Би одоо яг нарийн зүйлүүдийг санахгүй байна, баримт материал харвал хэлж чадна. ...Тендерийг Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу олон улсын нээлттэй тендер шалгаруулалт зарласан. Энэ журмаар тендер шалгаруулалт бүхэлдээ англи хэл дээр явагдана, төлбөр ам.доллароор, Азийн хөгжлийн банкны тендер шалгаруулалтын жишиг баримт бичгийн дагуу тендерийн баримт бичгийг бэлдэж, зарласан. Тэрхүү баримт бичиг дээр яаж тендерээ зарлах уу, яаж үнэлэх үү гэдгийг бүгдийг нь зааж өгсөн байдаг. Түүний дагуу тендер сонгон шалгаруулалтыг зарлаж, үнэлгээг хийсэн. Тендер сонгон шалгаруулалтыг эхлэхээс авхуулаад дуусах хүртлээ бүх шийдвэр, шат, дамжлага болгон дээр Азийн хөгжлийн банканд хянуулж зөвшөөрөл авдаг. Үнэлгээний хороо байгуулагдаад тендерийн баримт бичгээ боловсруулаад зөвшөөрөл авна, тендерийн урилгаа бэлдээд зөвшөөрөл авна, тендерийн баримт бичигт өөрчлөлт орвол зөвшөөрөл авна, үнэлгээгээ хийгээд үнэлгээний тайлангаа хянуулж зөвшөөрөл авна, шалгарсан аж ахуйн нэгжүүд рүү явуулсан мэдэгдлээ хянуулна, гэрээгээ хянуулж, зөвшөөрөл авна. Тэгээд гэрээгээ байгуулаад хянуулна.

Гэрээний захиалагчийн эрх, үүргийг Зам, тээврийн хөгжлийн яам хэрэгжүүлж ажиллах бөгөөд манай яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Гадаадын зээл, тусламж хариуцсан ахлах шинжээч, мэргэжилтэн нар гэрээнд заасан эрх үүргийг хэрэгжүүлж ажиллана. Мөн захиалагчийн хяналтын зөвлөх үйлчилгээний компанийг сонгон шалгаруулж захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг. Энэ хяналтын зөвлөх компани гүйцэтгэгч компаниуд ажлаа гүйцэтгэхдээ зураг төслийн дагуу, гэрээнд заасан техникийн шаардлагыг хангаж ажиллаж байгаа эсэхэд өдөр тутамд хяналт тавьж ажилладаг. Би Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар тушаалаар уг тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан. Анх Х.О дарга намайг “чамаас өөр туршлагатай, англи хэлтэй хүн байхгүй учраас чи нарийн бичгийн даргаар ажилла” гэсэн тэгэхэд нь “би ажиллахгүй, миний ажил үүргийн хуваарьт байхгүй” гээд эсэргүүцсэн. Яагаад гэвэл би тухайн үед автозамын бүртгэл мэдээлэл, тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Би Х.О даргатай нарийн бичгийн даргаар ажиллахгүй гэж нэлээд маргалдсан. Тэгсэн чинь тушаал гаргаад надад танилцуулсан, нэгэнт тушаал гарсан байсан учраас би ажилласан. ...Тэгээд тендерийн баримт бичгээ боловсруулж эхэлсэн. Үндсэн 4 шаардлага байдаг, борлуулалтын орлогын хэмжээ, түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ, барилгын ажлын туршлага гэрээний үнийн дүнгээр, барилгын ажлын туршлага биет хэлбэрээр, тэгээд бусад шаардлага инженер, техник ажилчид, тоног төхөөрөмжийн шаардлага гэх мэт байдаг. Тендерийн баримт бичгийн төслөө би боловсруулаад үнэлгээний хорооны хурлаар оруулж, үнэлгээний хороо хуралдаад шийдээд Азийн хөгжлийн банк руу зөвшөөрөл авах гээд явуулсан. Үнэлгээний хороо тендерийн баримт бичгээ боловсруулахдаа дотоодын компанид боломж олгох зорилгоор шалгууруудыг багаар тавьж явуулсан байсан.  Азийн хөгжлийн банкнаас хянаад 80 гаруй өөрчлөлт хийх талаар хариу ирүүлсэн. Тэгээд өөрчлөлтүүдийг оруулаад шалгууртай холбоотой өөрчлөлт хий гэснийг өөрчлөөгүй явуулсан, яагаад гэвэл дотоодын компанид боломж олгох зорилгоор тэгсэн юм. Тэгсэн чинь Азийн хөгжлийн банкнаас шалгуурыг Азийн хөгжлийн банкны тендер шалгаруулалтын жишиг баримт бичгийн дагуу томьёоны дагуу тавь гээд дахиад өөрчлөх шаардлага ирүүлсэн, ингээд нийт тендерийн баримт бичгийг 3 дахь удаагаа явуулж байж зөвшөөрөл авсан. Азийн хөгжлийн банкны жишиг баримт бичгийн дагуу шалгуурыг тавихаар  борлуулалтын орлогын хэмжээ, түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ нь маш их буюу Монгол Улсын аж ахуйн нэгжүүд уг шаардлагуудыг хангахааргүй байсан, багаар тавиад явуулахаар зөвшөөрөхгүй байсан тул жижиг баримт бичгийн дагуу боловсруулж шаардлагыг өндөр тавьж хянуулж зөвшөөрөл авсан. ...Тэгээд тендерээ зарласан. Тендерт 28 аж ахуйн нэгжийн 82 тендер ирсэн, нийт нэг портер материал болсон, бүх материалыг цаасаар авсан. Тэгээд ажил дээр сууж үнэлэхээр төвлөрч чадахгүй, өөр ажил хийгээд байна гээд бид нарыг Юнион бюлдинг төвд байрлах Монголын төмөр зам ТӨХК-ийн хурлын зааланд 14 хоног байрлуулж, үнэлгээг хийж дууссан. Үнэлгээг хийхдээ нийт 82 тендерээс багц болгон дээр хамгийн бага үнийн саналтай 5, 5 аж ахуйн нэгжийн материалыг үзээд шаардлага хангаж байгааг шалгаруулах, хэрэв тухайн 5, 5 аж ахуйн нэгжийн нэг ч тендер шаардлага хангахгүй бол дараагийн үнийн санал өгсөн аж ахуйн нэгжийн материалыг үзэж шалгаруулахаар болсон. Тэгэхгүй 82 тендерийг бүгдийг үзэх гэхээр хугацаа маш их шаардаж байсан. Тендер нээснээс хойш үнэлгээ хийж дуусах хүртэл Азийн хөгжлийн банкнаас Яан Патарсон гэх зөвлөхийг бидэнтэй хамт ажиллуулсан, тэр хүн бидэнтэй хамт сууж, үнэлгээ хийхэд зөвлөгөө өгч ажилласан. Үнэлгээний хорооны гишүүд 5 багц дээр хамгийн бага үнийн санал ирүүлсэн 25 аж ахуйн нэгжийн материалыг үнэлэхдээ ажлуудаа хувааж эхний хэсэг тендер оролцох эрх бүхий эсэх, дараагийнх нь техникийн саналын үнэлгээ, дараагийнх нь санхүүгийн чадавхыг, дараагийнх нь туршлагыг гэж хувааж шаардлага хангаж байгаа эсэхэд үнэлгээ хийсэн. Тэгээд 25 аж ахуйн нэгжээс бүх шаардлагыг хангасан, хамгийн бага үнийн саналтай 5 аж ахуйн нэгжийг 5 багц дээр тус бүр шалгаруулсан. Багц 1 дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж компани, Багц 2, 4 дээр Чайна Стэйт констркашн инженеринг групп компани, Багц 3 дээр Гүйжоу Хайвэй инженеринг групп компани, Багц 5 дээр Чайна Гео инженеринг корпораци компани шалгарсан. ...Надад бол тэгж хөндлөнгөөс нөлөөлсөн хүн байхгүй. Тендер шалгаруулалт дууссаны дараа энэ тендер бол зүгээр явчхаагүй, зөндөө дарамт шахалт нөлөөлөл ирсэн, гэхдээ түүнийг би чамд хэлээгүй, би өөрөө даагаад ном журмынх нь дагуу ажлаа хийгээд дууслаа шүү гэж хэлж байсан. Гэхдээ надад хэн ямар компанийг дэмж гэж нөлөөлж, дарамталсан талаар бол хэлээгүй. ...Хурлын тэмдэглэлийг би бичсэн. Хурлын тэмдэглэл аудио хэлбэрээр байхгүй. Хурлын тэмдэглэлийг гол, гол шийдвэр гарсан хэсгүүд дээр хөтлөөд тэр шийдвэрийг бичиж байгаа. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хийх ажлын тендер дээр би нарийн бичгийн даргаар бас ажилласан бөгөөд тэр тендерийн хурал хийхдээ аудио бичлэг хийж байсан, түүнийг би ажлын компьютер дээр хуулсан, зарим нь миний бичлэг хийсэн гар утсан дээр байгаа. ...Туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж бол авахгүй. Нийт ажлын 30 хувиас дээш ажлыг хийх туслан гүйцэтгэгч авахаар бол захиалагчид мэдэгдэнэ гэсэн заалт л гэрээн дээр байдаг шиг санагдаж байна. Ерөнхий гүйцэтгэгч өөрөө туслан гүйцэтгэгчээ сонгоод л гэрээгээ байгуулаад явна. ...Тайлангаа боловсруулаад Азийн хөгжлийн банк руу хүргүүлсэн, тэгээд 10 хоног хянаад журам, шаардлагад нийцсэн байна гээд зөвшөөрөл өгсөн, хэрэв шаардлага, журамд нийцээгүй бол Азийн хөгжлийн банкнаас буцаагаад тендер хүчингүй болж байсан, санхүүжилтээ буцааж татаж байсан асуудлууд байгаа тийм болохоор үнэлгээний хороо журам, шаардлагын дагуу тендер сонгон шалгаруулалтыг явуулсан гэдэгт итгэлтэй байна. ...Ажил удааширсан шалтгаан бол шалгарсан аж ахуйн нэгжүүд 2019 ондоо БНХАУ-аас ажилчид, техникүүдээ оруулж ирэх зөвшөөрөл хөөцөлдөөд амжаагүй, тэгээд 2019 онд ковид 19 өвчлөл Монгол Улсад анх бүртгэгдээд 2020 онд бол ажилчид, техник оруулж ирж чадаагүй, бүр ажил ч явагдаж чадаагүй, харин ч шалгарсан аж ахуйн нэгжүүд Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулаад 2019, 2020, 2021 онд хийгээд 1, 3, 5-р багцууд хучилтаа хийчихсэн, 2, 4-р багц дээр байсан компани ажилчид, техникээ оруулж ирж чадахгүй, туслан гүйцэтгэгчтэйгээ үнээ тохирохгүй туслан гүйцэтгэгч ажиллуулж чадахгүй тэгээд гэрээ цуцалж дахин тендер зарласан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 104-106 дугаар тал),

-Гэрч С.И-ийн “...Миний бие тендерийн үнэлгээний хороонд ямар оролцоотой байсан бэ гэвэл үнэлгээний хорооны гишүүн, яамны мэргэжилтэн З.Цэрэнгомбын хамт тендерт оролцогч материалуудаас санхүүгийн тооцооллуудыг нэг бүрчлэн үзэж, үйлдлийн алдаа байгаа эсэхийг шалгаж, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б, үнэлгээний хорооны дарга Х.О нарт үр дүнг танилцуулж байсан... Нийт 80 гаруй тендер ирсэн бөгөөд үнэлгээний хороо тендерийг үнэлэхдээ хугацаа хэмнэх үүднээс 5 багц тус бүр дээр хамгийн бага үнийн саналтай 5 тендерийг үнэлсэн. Учир нь Азийн хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны журамд зааснаар үнэлгээний 1-р үе шатанд хамгийн гол үзүүлэлт нь санал болгож буй үнийн дүн байна гэж заасан байсан тул үнэлгээний хорооноос эхний ээлжид үнийн саналаар нь жагсааж хамгийн бага үнийн дүнтэй тус бүр 5 тендерийг эхний шатанд тэнцсэн гэж үзэж үнэлгээг хийсэн. ...Хэрвээ тухайн оролцогчийн тендер нь тендерийн бусад шаардлагыг хангахгүй тохиолдолд үнийн дүнгээр дараагийн тендерийг үнэлэх зарчмаар явсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 115-116 дугаар тал),

-Гэрч Б.Б-ын “...Бид нар тендер нээгээд багц болгон дээр хамгийн бага үнийн санал өгсөн 5, 5 компанийн бичиг баримтыг ялгаж үзээд Юнион бюлдинг төвд байрлах Монголын төмөр замын хурлын зааланд сууж үнэлгээ хийсэн, хэд хоног ажилласныг санахгүй байна Маш шахуу ажилласан. Азийн хөгжлийн банкнаас гадны зөвлөх Яанг гэдэг хүн бид нартай эхлэхээс дуустал хамт ажилласан. Тэр хүн бол бидэнд зөвлөж байсан, бид хэд асуух юмаа асуугаад тэр хүнээс зөвлөгөө аваад явж байсан. Тэгээд бид нар шаардлага хангасан хамгийн бага үнийн саналтай компаниудыг шалгаруулсан. Хөндлөнгөөс нөлөөлсөн албан тушаалтан байгаагүй. Бид нар хамгийн бага үнийн санал ирүүлсэн 5, 5 компаниас бичиг баримтыг нэлээд нягтлаад шаардлага хангасан хамгийн бага үнийн санал ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийг шалгаруулсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 125-127 дугаар тал),

-31-39 УБИ улсын дугаартай “Lexus RX 350” маркийн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа (5 дугаар хавтаст хэргийн 92-108 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч З.Б нь Х.Од хахууль өгсөн, шүүгдэгч Х.О нь З.Бээс хахууль авсан хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

 

Б. Шүүгдэгч З.Б, шүүгдэгч Д.Д нарын хахууль өгсөн болон авсан хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Ц.Оргил, Г.Нацагдорж нар хэргийн үйл баримтыг дараах байдлаар тогтоогдохгүй байна гэж мэтгэлцсэн.

 

Тухайлбал, өмгөөлөгч Ц.Оргилоос: “...Миний үйлчлүүлэгч нь тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас чөлөө авсан мөн хүүхэд нь өвчтэй байсан гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөнгө өгсөн байршлыг нарийвчилж тогтоох шаардлагатай байсан. Д.Дгийн мэдүүлгээр Багшийн дээдийн голын хажууд явж байсан байдлаар тайлбарлаж байна. Гэрч М мэдүүлэхдээ багшийн дээдийн уулзвар буюу UBH центрийн зам дагуу явж байхад өгсөн байдлаар мэдүүлсэн. Мэдүүлэг зөрж байна. Б тайлбарлахдаа цагаан өнгийн дугтуйтай гэсэн. Гэтэл гэрч мэдүүлэхдээ бор өнгийн дугтуйтай гэж хэлсэн. Хэрэг гарсан газар нь тодорхойгүй.  З.Б данс зарцаасан байсан гэж хэлж байгаа болов ч АТМ-с зарлага хийсэн талаарх нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоох боломжтой байсан. Хязгаарлалттай байсан данснаас яаж зарлага гарсан нь тодорхой бус байна. З.Бийн хоосон гарын үсэгтэй цаас байгаа нь өөрөө Д.Д тэмдэглэлүүдийг нөхөж үйлдэх боломжтой нь харагдаж байна. Нотлох баримтууд нь хоорондоо зөрөөтэй байна. Иймд миний үйлчлүүлэгчийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна...” гэж,

 

Өмгөөлөгч Г.Нацагдоржоос: “...Гэмт хэрэг гарсан цаг хугацааг заавал тогтоох хэрэгтэй. Мөрдөгч нь 8 дугаар сарын 6 ны өдөр гарсыг тогтоосон гэсэн боловч Д.Дгийн нөхөж хийсэн тэмдэглэлд тулгуурлан 08 дугаар сарын 11 гэж тогтоосон байсан. Мөн хэрэг гарсан байршил тогтоогдохгүй байна. Д.Д гэрч М нар нь өөрөөр газрын байршил хэлдэг. З.Бийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзвэл өөр бусад нотолгооны хэрэгслээр хангалттай нотлогдсон байх ёстой. Өмгөөлөгчийн зүгээс Авлигатай тэмцэх газарт ярианы дэлгэрэнгүй хуулга болон мөрдөгчийн мэдүүлэг авсан дуу дүрсний бичлэгийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан болов ч хүсэлтийг хангаж өгөөгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа хууль журмын дагуу явагдсан бол Авилгатай тэмцэх газраас хүсэлтийг хангаж өгөх боломж байсан. Миний үйлчлүүлэгчийг буруутгах хангалттай нотлох баримт тогтоогдохгүй байна. Хууль хэрэглээний хувьд мөн тохирохгүй байна...” гэжээ.

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч З.Бийг үргэлжилсэн үйлдлээр буюу бусдад хахууль өгсөн 3 үйлдлээр яллаж байгаа. Зам тээвэр хөгжлийн яамны  нийтийн албан тушаалтан болох Х.Од 33,000,000 төгрөгийн хахууль өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ж.Д.Дд 600,000 төгрөгийн хахууль. Харилцаа холбооны гишүүн байсан Бд 70,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэх зүйл ангид зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн тус хуулийн 1.8 болон 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Шүүгдэгч Х.Од албаны чиг үүргийг хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан гэх зүйл ангиар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгайн ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Шүүгдэгч Д.Дд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас хахууль авсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлүүдийг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Уг шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй” гэх дүгнэлтийг гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул бусад гэрч болон хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулах нь зүйтэй юм.

 

Шүүгдэгч Д.Д 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Авлигатэй тэмцэх газарт гэрчээр анх мэдүүлэг өгөх явцдаа “хахууль авсан” талаараа дурдсан бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тодруулж шүүгдэгч З.Б, гэрч З.М нараас мэдүүлэг авсан бөгөөд уг мэдүүлгүүд нь агуулгын хувьд ноцтой зөрүүгүй, хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч Д.Дгийн гэрчээр өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдсон гэж үзсэн тул түүний 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Дгээс мэдүүлэг авахдаа мөрдөгчөөс хүнлэг бус, хэрцгий хандсан, нэр төрийг нь доромжилсон эсхүл өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг албадан авсан, түүнчлэн бусад хэлбэрээр мэдүүлэг гаргуулахаар шаардсан, шахалт үзүүлсэн, хүч хэрэглэн гэм буруугаа хүлээхийг тулган шаардсан, хууран мэхэлж, хууль бус хөнгөлөлт амласан зэрэг үйлдлийг гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Д.Д нь үнэхээр бусдаас хахууль аваагүй бол Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөхдөө өөрөө өөрийгөө “хахууль авсан” гэж зохиож хэлэх ямар ч шаардлагагүй юм.

 

Харин З.Б нийтийн албан тушаалтан болох Д.Дд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт З.Моор дамжуулан бэлнээр 600,000 төгрөгийн хахууль өгсөн, авсан болох нь:

-Би 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 600,000 төгрөгийг бэлнээр дугтуйнд хийгээд жолооч Оргил /З.М/-оор араас нь өгүүлсэн юм. 20,000-тын дэвсгэрт байсан. Одоо би 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг гэдгийг нь тодорхой санаж байна. Яагаад гэхээр Д.Д надад хилийн хоригийг сэргээсэн гэж хэлээд манай оффис дээр ирсэн юм. Д.Дг манай оффис дээр ирчхээд гараад явахад нь би араас нь А4 хэмжээтэй дугтуйнд 600,000 төгрөг хийгээд жолооч Оргилыг дуудаад Дд албан бичиг аваачаад өгчих гээд өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 37-38 дугаар тал),

-Шүүгдэгч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хэрэг, үүсгэж яллагдагчаар татсан тогтоол дээр 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай бүх шийдвэр гүйцэтгэгч нар амарчихсан, би ганцаараа хүмүүсийн ажлыг хийгээд ажил ихтэй байсан учраас ажлаасаа огт гараагүй ажил хийж байсан. Би төлбөр төлөгч З.Бтэй бол 2022 оны 08 сарын 10-ны өдөр төлбөр авагч “Си Би Энержи” ХХК-ийн захирал Ариундарьтай 3 талт уулзалт хийсэн. Урьд нь бид мөн л уулзаж байсан, төлбөр төлөгч бол уулзалтаар төлбөртөө хаус өгнө гээд яваад байдаг байсан бөгөөд төлбөр авагч нь мөн тэр хаусыг авъя гээд хүлээн зөвшөөрч албан бичгээ өгсөн байдаг, З.Б нь хаусны эзнийг хятадад байдаг гэж хэлдэг байсан бөгөөд тэр уулзалтан дээр уг хүн нь Монголд ирсэн гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 08 сарын 11-ний өдөр тэр хаусын гэрчилгээний хуулбарыг авахаар тохиролцсон. 2022 оны 08 сарын 11-ний өдөр З.Б нь гадаадад зорчих эрх сэргээх хүсэлтийг бичиг хэргээр дамжуулж өгсөн бөгөөд энэ хүсэлт нь цохогдож надад ирсэн. З.Б нь өөрөө бол “би ийм тархины хавдартай, би Тайланд улс руу байнга явж эмчлүүлдэг, үүнийхээ талаар ч гэсэн удирдлагуудад чинь хэлчихсэн байгаа” гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу З.Бийн хүсэлттэй танилцахад гадаад хэл дээр баримт байсан би орчуулж уншиж чадаагүй, өмнө нь уг хүн нь 5-6 удаа гадаад улс руу зорчих эрхээ сэргээлгэж гадагшаа явж, заасан хугацаандаа ирж байсан учраас гадаадад зорчих эрхийг сэргээх санал бичээд ахлах шийдвэр гүйцэтгэгч Саяболд болон дэд дарга Бөөр зуруулаад шийдвэр гүйцэтгэх алба руу хүсэлтийнх нь хамтаар хүргүүлсэн. Уг зорчих эрхийг сэргээх асуудлыг шийдвэр гүйцэтгэх албаны даргын ажлыг орлож хийж байсан Ариунчимэг гэдэг дарга тухайн үед шийдэж байсан. Алба хүсэлтийг шийдвэрлэж, хэрэв гадаадад зорчих эрхийг сэргээх юм бол тогтоол гаргаад Хил хамгаалах газарт хүргүүлдэг. ...З.Б нь гадаадад зорчих эрх нээх эрхийг сэргээх миний гаргасан саналын 1 хувийг надад өгөөч гэж надаас гуйсан. Тэр үед өмнөх уулзалтаар би төлбөртөө өгөх хаусны гэрчилгээний хуулбарыг З.Бээс авахаар тохиролцсон байсан учир, өөрийн гаргасан саналаа З.Бэд өгөөд түүнтэй уулзаж хаусны гэрчилгээний хуулбарыг авах завшаан надад тохиолдсон тул би З.Бтэй уулзаж, саналынхаа хуулбарыг өгөөд хаусны гэрчилгээнийх нь хуулбарыг авч тэмдэглэлд үйлдээд төлбөр авагч Ариундарьт өгч мөн тэмдэглэл үйлдсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 199-200 дугаар тал),

-Шүүгдэгч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн /2022.09.26-ны өдрийн мэдүүлэг/ “...Энэ миний өөрийн буруу, Б над руу залгаад байхаар нь хүүхдийн цэцэрлэг хөөцөлдөөд явж байна гээд хэлсэн юм. Тэр үед хүүхдийн цэцэрлэгийн төлбөр дутаж байсан юм. Тэр үед Б нэг эрэгтэй хүнээр 600,000 төгрөг өгөхөөр нь би авчихсан юм. Би өнөөдөр ажлаасаа гарах өргөдлөө өгье, би мөнгө авсан нь үнэн. Гэхдээ би энэ хүнээс өөр юм аваагүй. /уйлаад байв/. Одоо намайг манай ажлынхан бусдаас дандаа хахууль авдаг юм байна гэж бодно шүү дээ. Би энэ хүнээс өөр хүнээс юу ч авч байгаагүй шүү. ...З.Б нь намайг Багшийн дээд хавьцаа явж байхад 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн өмнөх 5 дахь өдөр нь над руу ярихаар нь гадуур ажилтай явж байна гээд хэлэхэд хүнээр 600,000 төгрөг над руу явуулсан. Нэг эрэгтэй хүн авчирч өгсөн. Би тэр хүнийг нь одоо сайн санахгүй байна. Б бол өөрөө 600,000 төгрөг авчирч өгөөгүй юм. ...Тэгээд над руу хүсэлтээ өгдөг өдрөө яриад ах нь тус болж чадсан уу гээд хэлж байсан. Миний хүүхдийн цэцэрлэг тэр үед Нарны хорооллын хувийн гэр цэцэрлэгт явдаг байсан юм. Би энэ хүнээс мөнгө гуйгаагүй шүү дээ. Би авъя гэж юу ч хэлээгүй. Битгий ингэ л дээ. Энийг бичихгүй байж болох уу, би үнэхээр их айж байна. Би бүр яах вэ. Намайг ажилтай явж байна гэхэд л авчраад өгчихсөн шүү дээ. Надад 20,000 төгрөгийн дэвсгэртээр 600,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Багшийн дээдээс 100 айл руу явдаг Сэлбэ голын зам дагуу гадаа явж байхад Б яриад хүнээр явуулъя гээд 600,000 төгрөг явуулсан. Би сар бүрийн 07-ны өдөр хүүхдийн цэцэрлэгийн төлбөр төлдөг юм. Тэр үед 07-ны өдөр нь амралтын өдөр байсан тул 1 дэх өдөр нь хүүхдийнхээ төлбөрийг төлсөн. Ухаарч байна. Үнэхээр мөн, одоо яана аа. Би одоо эгч рүүгээ утасдаад энэ мөнгийг улсын орлого болгуулахаар төлчихье тэгэх үү...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 202-204 дүгээр тал),

-Гэрч Т.Дгийн “...Би Ц.Д рүү ийм үүргийг өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджав нь “З.Б гэдэг хүний хилийн хоригийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлээд өгөөрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ойлголоо” гээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар луу хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Ц.Дтэй холбогдоод “З.Б гэдэг хүний хилийн хоригийн асуудлыг шийдвэрлэх боломжтой бол ерөнхий шийдвэр гүйцэтгэгч рүү хилийн хоригийг сэргээх бичгийг нь явуулаад өгөөд шийдвэрлүүлээрэй” гэж дарга Д.Загджавын өгсөн үүргийн дагуу хэлсэн. Ц.Д нь ярьсны дараа хилийн хориг сэргээх бичгийг нь болгоод явуулчихлаа гэж ярьсан санагдаад байна. ...Би одоо санаж байна, тэр өдөр би ажлын байран дээрээ байхгүй, гадуур ажилтай явж байсан юм. Дарга Д.Загджав нь надад “А.Цэрэнсодном гэдэг прокурор ярина, хэлсэн зүйлийг нь судлаад туслаад өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд А.Цэрэнсодном гэдэг прокурор миний гар утас руу яриад “З.Б гэдэг хүний гадаад зорчих эрхийг сэргээлгэх талаар туслаад өгөөч” гэж хэлсэн, яг нарийн юу гэж ярьсныг үг бүрчлэн санахгүй байна, тэгээд дараа нь З.Б гэдэг хүн над руу “Ц прокурорын ярьсан хүн байна” гэж яриад тэгээд би Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Д рүү ярьж “З.Б гэдэг хүний гадаадад зорчих эрхийг сэргээх асуудлыг нь хуулийн хүрээнд шийдвэрлээд өг” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 142-143 дугаар тал),

-Гэрч Б.Бийн “...Т.Дг би ерөнхий газрын даргын даалгавар гүйцэтгэгч гэдгээр нь мэдэхээс биш танихгүй. Хааяа над руу ажлын шугамаар залгаж, юм асууж байдаг юм. ...2022 оны 08 сард Т.Д над руу ярьж байсан. Гэхдээ яг хэн гэдэг хүний гадаад зорчих эрхийг сэргээх асуудлаар ярьсныг санахгүй байна. Бодвол энэ З.Б гэдэг хүн юм шиг байна... Үүний дагуу би шийдвэр гүйцэтгэгч Дг дуудаж “уг хүний гаргасан хүсэлт, бичиг баримтын бүрдэл нь журамд хангасан шаардлагыг хангаж байгаа юм уу” гэж асууж байсан. Тухайн үед Д надад юу гэж танилцуулж байсныг санахгүй байна. Ямар ч байсан журамд заасан шаардлага хангаж байсан болоод л тухайн хүний гадаад зорчих эрхийг түр сэргээх саналыг улсын ерөнхий гүйцэтгэгч рүү явуулж шийдвэрлүүлж байсан. ...Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан Гадаадад зорчих эрхийг сэргээх түдгэлзүүлэх журам гэж байдаг юм. Төлбөр төлөгчөөс гаргасан хүсэлт, баримт бичиг нь уг журамд заасан үндэслэл, шаардлага хангагдаж байвал манай Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын ерөнхий гүйцэтгэгч рүү тухай хүний гадаадад зорчих эрхийг сэргээх санал өгдөг юм. Гадаадад зорчих эрхийг түр сэргээх эцсийн шийдвэрийг Улсын ерөнхий гүйцэтгэгч гаргах бөгөөд тогтоол гаргадаг юм. ...Миний хувьд З.Б гэгчийн гаргасан хүсэлт, бүрдүүлсэн материал нь хангалттай, шаардлага хангаж байсан болоод л манайхаас саналыг Улсын ерөнхий гүйцэтгэгч рүү явуулж байсан гэж бодож байна. Иймэрхүү асуудлууд орж ирэхээр би шийдвэр гүйцэтгэгч нартаа “баримтын бүрдэл нь хэр байна, хуульд нийцэж байна уу сайн шалгаарай” гэж хэлдэг...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 147-148 дугаар тал),

-Гэрч Р.А-ийн “...Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг сэргээх асуудал бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 202.04.28-ны өдрийн А/80 дугаартай тушаалаар баталсан “Шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, бүртгэл хөтлөх журам”-ын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж буй нэгжээс явах ирэх хугацаа, шаардлагыг тодорхойлж хүсэлт гаргаж, түүнийг би хянаад гарын үсэг зурж, зорчих эрхийг сэргээдэг. З.Б гэдэг хүний асуудлыг одоо би саналаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даалгавар гүйцэтгэгч Д над руу ярьсан шиг санагдаж байна, гадаадад зорчих эрх сэргээлгэх талаар хүн уулзана гэж. Тэгээд З.Б гэдэг хүн ирж уулзсан шиг санагдаж байна. Тэгэхээр нь би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 202.04.28-ны өдрийн ***** дугаартай тушаалаар баталсан “Шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, бүртгэл хөтлөх журам”-д заасан баримт бичгийг бүрдүүлэх ёстой, эхлээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж буй нэгж болох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас гадаадад явах гэж байгаа шаардлага, явах ирэх хугацааг тодорхойлж манайх руу хүсэлт ирүүлэх ёстой. Тэрхүү хүсэлтийг бид хянаж зөвшөөрөл олгох ёстой гэж хэлээд явуулсан. Тэгээд З.Бийн гадаадад зорчих эрх тухайн үед сэргээгдэж, би зөвшөөрөл өгсөн бол Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас журамд зааснаар хүсэлт, холбогдох баримтууд,  мөн төлбөр төлөгчийн хүсэлт, шаардлагатай баримтууд ирсэн байж би зөвшөөрөл өгсөн байх ёстой. Тэрнээс биш ямар нэгэн баримт бичиггүй, хүсэлт гаргаагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж буй нэгжээс нь хүсэлт ирээгүй байхад гадаадад зорчих эрхийг нь сэргээх ёсгүй юм...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 150-151 дүгээр тал),

-Гэрч А.Цын “...Би бол сэргээлгэсэн гэх нь хаашаа юм. Надаас асууж байсан. Би хилийн хоригтой, өр төлбөртэй, эмчилгээнд явах гэсэн юм. Хилийн хоригийг түр хугацаагаар түдгэлзүүлж болдог гэнэ, танд таних мэдэх хүн байвал хэлж өгөөч гэж асууж байсан. Тэгэхээр нь таних мэдэх хүн бол байгаа, гэхдээ эхлээд судалъя гээд, мөн хуулийг нь үзсэн чинь түр хугацаагаар түдгэлзүүлж болдог гэхээр нь та хүсэлтээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартаа  өгдөг юм байна, тэрний дагуу шийддэг юм байна гээд зөвлөсөн юм... Би Бтэй ойр дотно харилцаа байхгүй. Миний бэлтгэл хийдэг газарт Б нь байнга 7 хоногтоо багадаа 3 удаа тааралддаг юм. Олон жилийн хугацаанд мэндтэй устай явдаг байж байгаад 2022 оны 07 сард би эмчилгээнд явж чаддаггүй гээд асуухаар нь би хуульч хүн болохоор хуулийг нь судлахад боломжтой байсан. Тэгээд л би Загджавтай ярихад туслахтайгаа холбож өгсөн байх. Би Загджавтай танилууд гэдэг утгаараа л хандаж асуусан, үүрэг чиглэл өгнө гэж юу байх вэ дээ, Үүрэг чиглэл өгнө гэдэг нь захиран тушаах хэлбэртэй байна байх. Прокурор гэдэг утгаар нь нөгөө хүмүүс юу гэж хүлээж авсан юм гэдгийг мэдэхгүй байна. З бид 2-ын хувьд бол найз нөхдийн, танил гэдэг утгаараа л зөвлөгөө авч байгаа, тэрийгээ л Бэд хэлж байгаа тийм л зүйл байгаа юм. Шийдвэр гүйцэтгэгч нь хуулийн хүрээнд ажлаа хийсэн эсэх талаар нь би бол мэдэхгүй шүү дээ. 2022 оны 08 дугаар сард бэлтгэл дээр нэг удаа тааралдахад Б нь Тайванд гэсэн бил үү хагалгаанд орсон гэж хэлж байсан. Надаас өмнө нь энэ оны эхээр бил үү мөн асууж байсан. Тэр үед нь би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар л мэддэг байх гэж хэлж байсан. Ийм л асуудал байгаа юм...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 153-154 дүгээр тал),

-Гэрч Д.Зын “...Тухайн үед байх А.Ц надтай ирж уулзаад “З.Б гээд манай пауэр лифтингийн холбооны ерөнхийлөгч байгаа юм, тэмцээн уралдаанд явах гэсэн чинь хилийн хоригтой юм байна, мөн эмнэлэгт бие үзүүлнэ гэж байсан, үүн дээр та анхаараад өгөөч” гэж хэлэхээр нь “албан ёсоор хүсэлтээ өг, хуулийн хүрээнд судалж үзээд холбогдох алба нь хариу өгөх байх” гэж хэлсэн. Ингээд энэ талаар өөрийн даалгавар гүйцэтгэгч Т.Д-д “хуулийн хүрээнд шийд, холбогдох албанд уламжил” гэдэг үүргийг өгсөн. Бусад зүйлийн талаар мэдэхгүй, хилийн хориг цуцлагдсан эсэхийг мэдээгүй. Эргэж энэ талаар А.Цтой ярилцаагүй...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 159 дүгээр тал),

-Гэрч З.Мын “...Намайг захирал З.Б нь “албан бичигтэй юм нэг хүнд аваачиж өг” гээд утасны дугаарыг нь өгөөд би тэр хүн рүү нь ярьж байгаад Багшийн дээд хавьцаа алхаж очоод аваачиж өгсөн. А4 хэмжээтэй цагаан өнгийн дугтуйтай зүйл байсан. Захирал надад хэлэхдээ албан бичиг байгаа гэж хэлсэн. Би 2022 оны 08 дугаар сарын хэдэн байсан гэдгийг нь санахгүй байна. Би Блью мон оффисоос буюу ажил дээрээсээ алхаад очсон. Би Д гэх хүнийг нь танихгүй. Надад нэг утасны дугаар л өгч явуулсан. Би одоо утасны дугаарыг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 161 дүгээр тал),

-Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа (4 дэх хавтаст хэргийн 122, 172 дугаар тал),

-2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар И.М Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.8.31-ний өдрийн 2-157/16003 дугаартай албан бичиг, хавсралт 20 хуудас баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд (4 дэх хавтаст хэргийн 223-250, 5 дахь хавтаст хэргийн 01-52 дугаар тал),

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон З.Мын “...Бийг таньж байна. Мөн хажуу талд нь сууж байгаа эмэгтэйг танина. Даваа хэн билээ? Манай ажил дээр ирж байхад нь харж байсан. Би энэ компанид 2022 оны 02 сараас эхэлж ажиллаж байгаа. Тус компанид би зарын дагуу орсон. Би Д.Д гэх эмэгтэйд дугтуйтай зүйл хүргэж өгсөн. Уг дугтуйг даргаас буюу Бээс авсан. Жилиийн өмнө болсон үйл явдал учир тухайн үед даргыг ямар хувцастай явсныг санахгүй байна. Тухайн өдөр бороогүй, өдрийн цаг байсан, цагаан өнгөтэй дугтуй байсан, оффисоос гараад Багшийн дээд рүү явсан. Зам дагуу байдаг UBH center дээр очсон...” гэх мэдүүлэг /мэдүүлэг асуулт, хариултын хэлбэрээр явагдсан/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

В. Шүүгдэгч З.Бийн Ж.Бд хахууль өгсөн гэх хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч З.Б нь Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүн Ж.Б албан тушаалын байдалтай нь холбогдуулан, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Ж.Б үеэл дүү Б.Бтэй хамт иргэн Н.Даас худалдан авсан адууны төлбөр болох 55 сая төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус тус Н.Дд төлөх хэлбэрээр,

Мөн 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 20-21 цагийн хооронд Ж.Б оршин суудаг орон сууц болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэгийн С3-709 тоотод бэлнээр 15,000,000 төгрөгийг түүнд өгч, нийт 70 сая төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж буруутгажээ. Үүнд:

-Шүүгдэгч З.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би өмнө нь таныг асууж байхад Б дэд сайдтай одоо төрийн нарийн байсан хүнтэй морь малаар холбогддог талаар дурсаж байсан. Тэгээд яах вэ одоо энд балмагдаад зарим юмыг мартаж санасан юм байна. Би нэмэлт мэдүүлэг дээрээ үнэн зөвөөр санаж байгаа зүйлээ ярья. Б ахад Оросын сайн үүлдрийн азарга оруулж ирэх болсонтой холбоотой хэдэн удаа цувуулж өгсөн гэдгийг би сайн мэдэхгүй байна. Азаргаа зарсан гэдэг хүнийх нь данс руу хэд хэдэн удаагийн гүйлгээгээр шилжүүлээд “В” гэсэн байхаа тийм нэртэй азарга авч байгаа гээд тэрний төлбөрийг би төлж өгсөн. Яг нөгөө гүйлгээний баримт энэ тэрийг манай санхүү дээр байгаа байх. Би яг нөгөө хэдэн хэдний өдөр гэдгийг цээжээрээ мэдэхгүй байгаад байна. Хэдэн гүйлгээ байсныг цээжээрээ мэдэхгүй байна. ...Ж.Б ах надад энэ данснуудыг уулзахаараа өгч байсан юм. Энэ рүү В азарганы мөнгө хийгээрэй гэж байсан... 2016 оны 08 дугаар сард манай “Д Э П ” ХХК-ийн замын барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл дууссан юм. Тэр зөвшөөрлийг сунгаж өгөх асуудал дээр тухайн үед Төрийн нарийн бичгийн дарга байсан учраас “дэмжиж өгөөч, хэлж өгөөч” гэж байгаад сунгалт хийгдэж зөвшөөрөл гарч ирсэн юм. Үгүй ээ уучлаарай би он сарыг нь андуураад хэлчхэж. Манай компанийн тусгай зөвшөөрөл 2019 оны хавар дуусаад намар нь сунгуулсан юм байна. ...2019 онд тусгай зөвшөөрлөө сунгуулах үед энэ азарганы асуудал яригдаагүй байсан юм. Би тухайн үедээ тусгай зөвшөөрөл гуйхдаа Б ахад дараа нь танд хэрэгцээтэй зүйл гарвал би одоо туслахад бэлэн шүү гэж хэлсэн. Тэгтэл 2021 оны яг л өдийд Б ах надад сайн үүлдрийн азарга байна, энэхүү азаргыг авчихвал чи одоо морь сонирхож байгаа юм чинь нийлээд авъя гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд тухайн үед миний мөнгөний бололцоо муу байсан болохоор он дамнаад цувуулаад мөнгийг шилжүүлж байсан. Б ах надад хэлэхдээ энэ азарга ОХУ-аас орж ирж байгаа гэж хэлж байсан... Тусгай зөвшөөрлийг Авто замчдын холбоо ТББ шийддэг. Тэгээд яам руу саналаа явуулаад сайдын тушаалаар олгогддог. Яам бол цаасан дээр буулгаж гарын үсэг зурах ажлыг л хийдэг болчихсон... Замын битумын Бямбаа гээд хүн байдаг. Тэр газар руу манайх удаа дараа хүсэлтээ явуулсан. Бичиг баримтаа бүрдүүлээд өгөөд байдаг. Тэнд бас нугалаа гараад байдаг юм. Замчдын холбоо үзэмжээрээ шийддэг. Одоо би ингэхээр манайхыг дахиж сунгахгүй байхдаа. Манай компани тухайн жилийн хавраас хойш хүсэлтээ удаа дараа өгөөд байхад болохгүй гэдэг хариу өгөөд буцаагаад байдаг юм. Тэгээд 2019 оны 08 сард байна уу, манай нягтлан бодогч Ж энийг мэднэ, маш олон удаа өргөдөл хүсэлтээ бариад явсан. Сунгалтаа хийлгэх гээд. ...Б ахаас би “та Бямбаа гуайд хэлж өгөөч, манай тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа юм” гэж хэлж байсан. ...Тэгэхэд “за би нэг хэлж өгье” гэсэн. Тэрнээс хойш 2 сар орчмын дараа тусгай зөвшөөрөл маань 2019 оны 10 дугаар сард сунгагдсан... Манайх чинь бас өөрөө тендерт орж ажил авах гээд зүтгээд байгаа юм. Өнөөдрийг хүртэл нэг ч тендер авч чадахгүй, Хятад компаниудын доор туслан гүйцэтгэгч хийгээд яваад байгаа юм. Туслан гүйцэтгэгчээр ажиллахад мэдээж Хятад компаниуд танайх зам хийж байсан туршлагатай юу, тусгай зөвшөөрөлтэй юу гэдгийг шаарддаг. Мөн Дарханы зам дээр тусгай зөвшөөрөл хүчинтэй байх ёстой. Би гэхдээ тусгай зөвшөөрлөө дуусахаас өмнө “Чайна Гео инженеринг корпораци” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээгээ хийчихсэн байсан. Бид хугацаа сунгуулах хүсэлтээ өгчихсөн байсан боловч сунгаж өгөхгүй шийдвэрлэж өгөхгүй байсан... Би үнэнээ л хэлье. Би 15,0 сая төгрөгийг Б ахад бэлнээр өгсөн... Би 2022 оны 08 сарын эхний 7 хоногт 20,000-тын дэвсгэртээр хар өнгийн уутанд хийгээд Жапан таун С3 дугаар байрны 7 дугаар давхарт гэрт нь оруулж өгсөн. Би тоотыг нь санахгүй байна. Тэр азарганы үлдэгдэл мөнгө байгаа юм. Энэ азарга нь би талыг нь гаргаж байгаа гэхээр 150 сая төгрөгийн үнэтэй адуу гэж байсан. Би 70 сая төгрөгийг нь гаргаж өгсөн... Би тусгай зөвшөөрөл сунгуулахдаа та хэрэгцээтэй үедээ надад хэлээрэй гэж хэлээд тусгай зөвшөөрлөө сунгуулчихсан. Тэрийг санаад надад ийм азарга байна, чи тал мөнгийг нь гарга гэсэн. Яваандаа чамд ч гэсэн энэ азарга хэрэг болно шүү дээ гээд надад хандсан.... Би эгчид данс өгөөд “шилжүүлчих, орос азарга авч байгаа юм” гээд хийлгэсэн. Эгч нэлээд ууртай байсан, “өр зээл, компани ийм байхад юуны чинь азарга морь мал” гээд уурлаад байсан. Би тэр үед нь “үгүй та одоо, би хэлж байна шүү дээ, энэ данс руу мөнгө зохицуулаад багаар ч гэсэн хийгээдэх” гээд хийлгэсэн. Орос азарганы мөнгө л гэж мэдэхээс биш өөр хэний ямар учиртай морь мал гэдгийг нь эгч мэдэхгүй. Би ямар эгчдээ ийм учиртай мөнгө байгаа юм байна гээд хэлээд байлтай биш дээ. Компани угаасаа мөнгө төгрөг муутай байсан болохоор цувуулаад л өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 44-46 дугаар тал),

-Шүүгдэгч З.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн “...Э.Ж нь эхлээд тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байсан юм. Гэтэл бүтэхгүй байна, шаардлагыг нь хангахгүй байна гэж надад хэлж байсныг санаж байна. Миний санаж байгаагаар 15 км-ээс дээш хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл авах гэхэд манайх шаардлага хангахгүй байсан. Тэгэхээр анх Ж нь 2019 оны 08, 09 дүгээр сард хөөцөлдөж байгаад шороон далангийн ажлын тусгай зөвшөөрлүүдээ авсан гэж санаж байна. Хатуу хучилтын зөвшөөрлийг 2020 оны эхээр авсан. Ингэхдээ хатуу хучилт дээр зөвшөөрөл авахын тулд манайд ерөнхий инженер байхгүй байсныг Ж инженер олж нийгмийн даатгал төлсөн байх. Ингээд энэ зөвшөөрлийг нь авахын тулд би Ж.Б ах дээр 2019 оны сүүлээр, 2020 оны эхээр санагдаж утсаар ярьж гуйсан юм. Манай компанийг Авто замчдын холбооны Бямбаад хэлж өгөөч, хатуу хучилттай авто замын зөвшөөрлөө авах гэсэн юм гэхэд Ж.Б ах “за, би хэлээд өгье” гэсэн. Тэгээд л баримтаа аваачаад өгөхөд шууд тусгай зөвшөөрөл маань гарсан. ...Б дээр миний нэг л морь байгаа шүү дээ. Миний тэр ганц морь маань Сүхбаатар аймгийн нэг сумын наадамд уралдаж айрагдсан. В гэдэг азарга бол би өмнө нь ч хэлж байсан. Баагий /Ж.Б/ ах надад хэлэхдээ “азарга авъя, чи тал мөнгийг нь гаргачих, чи моринд орж байгаа юм чинь, энэ азарга үр төл гараад чамд хэрэгтэй” гэж хэлсэн. Би Бтэй Шилийн богд явахаараа тэднийхээр орж хоол унд идээд явдаг, олон жилийн танилын харилцаатай. Бтэй би энэ азарганы талаар огт ярьж байгаагүй. Мөнгө шилжүүлэхэд ч гэсэн Б /Баагий ах/ надад данс утсан дээрээсээ үзүүлээд ийшээ хийгээрэй гэдэг байсан. Тэрийг нь би цаасны булан дээр бичээд эгч Ид өгч байсан. Тэрнээс болоод л эгч бид 2-ын хэрүүл эхэлсэн юм. Компани өр төлбөртэй байхад морь мал гэж мөнгө үрлээ гээд эхэлсэн юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48 дугаар тал),

-Шүүгдэгч З.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Я.СайнБаас 150,0 сая төгрөгийг бэлнээр зээлж авсан байсан бөгөөд Ж.Б ах бид 2 адуу авахад 140,0 сая төгрөгийн адууны мөнгийг 50 хувиар төлөх байсны дагуу үлдэгдэл 15 сая төгрөгийг би гэрт нь аваачиж өгсөн юм. Би Я.СайнБаас мөнгө зээлснээс хойш бүтэн сайн өдрийн орой байсан гэхээр 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн орой 20-21 цагийн орчим 4 улирлын цэцэрлэг хотхон С1 байрны 7-р давхар 709 тоот лифтний зүүн талд гэрт нь өгсөн юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50 дугаар тал),

-Гэрч Э.Жын “...Миний санаж байгаагаар Васили төлбөр гээд 2 удаагийн гүйлгээ хийсэн байсныг л санаж байна. Энэ ямар утгатай гүйлгээ гэдгийг нь мэдэхгүй байна. Би 2020 оны 06 дугаар сараас гүйлгээ хийхээ болиод захирлын төрсөн эгч З.И гүйлгээ хийдэг болчихсон юм. Би гүйлгээний утгыг нь хараад энэ юун гүйлгээ юм бол гээд Игоос асуухад морины төлбөрийг захирал хий гэсэн, захиралтай холбоотой гүйлгээ байгаа юм, захирал дээр биччих гэсэн. Уг нь захирал З.Б морь сонирхдоггүй шүү дээ... 2019 оны 06 дугаар сарын сүүлээр “Д Э П ” ХХК-ийн замын барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг хугацаа дуусах гэж байсан санагдаж байна. Тэгээд би 2019 оны 05 дугаар сарын сүүлээс хугацааг нь сунгуулах гээд материал бүрдүүлээд холбогдох материалыг нь үдэж хавтаслаад Автозамчдын холбоонд аваачиж өгсөн боловч сүүлийн 6 сар инженерүүдийн нийгмийн даатгал төлөгдсөн байх ёстой, мөн тээврийн хэрэгслүүд нь өөрийн нэр дээр байх ёстой гэдэг шаардлага тавиад 2 ч удаа буцаасан. 2019 оны 08 дугаар сард ахиж нийгмийн даатгал төлж инженерүүдийг 6 сар болгоод, зээлээр авсан техникүүдийг өөрийн нэр дээр болгоод дахин өгөхөд дахиад л буцаасан. Ингээд би захиралд одоо ямар ч боломж алгаа, би энэнээс цааш хөөцөлдөөд дийлэхгүй юм байна, янз янзын шаардлага тавиад дуусахгүй юм байна гээд хэлсэн. Тэр үед манай тусгай зөвшөөрлийг өөрөө хөөцөлдье гээд материалаа авч яваад тусгай зөвшөөрлөө гаргуулсан авсан... Манай сунгуулсан тусгай зөвшөөрөл нь 15 км дээш хатуу авто хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл сунгуулсан... 15 км авто зам барих тусгай зөвшөөрөл дээр инженерүүдийн тогтвортой байх шаардлага дээр нийгмийн даатгалын төлөлт 1 жилээр байх ёстой гэсэн байдаг юм билээ... Манай материалыг 2 удаа буцаасан. Манай компани 3 удаа өгсөн гэсэн үг...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 121-122 дугаар тал),

-Шүүгдэгч З.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 51-60 дугаар тал),

-Гэрч Б.Нын “...Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хуульчилж зааж өгсөн байдаг... Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар тус хорооны дарга, гишүүдийг ерөнхий сайд томилж, чөлөөлдөг, бүрэн эрхийн хугацаа нь 6 жил байдаг. Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга болон орон тооны бус гишүүдийн бүрэн эрх, чиг үүргийг Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор баталсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-д тусгайлан зааж өгсөн байдаг. Энэхүү дүрмийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаартай тогтоолоор шинэчлэн баталсан... Улсын бүртгэлийн гэрчилгээнд төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж тодорхойлсон байдаг. Тийм учраас манай хорооны орон тооны бус гишүүн нь нийтийн албан тушаалтанд хамаардаг... Би мэдүүлэгтээ Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжууд болон хорооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрмийг хавсаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 222 дугаар тал),

-Монгол Улсын ерөнхий сайдын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дугаартай “...Ж.Б ... Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр 2022 оны 12 дугаар 28-ны өдрийг хүртэл томилсугай...” гэх захирамж (2 дахь хавтаст хэргийн 227 дугаар хуудасны ар тал),

-Гэрч Я.СнБын “...надаас Б нь 150,0 сая төгрөг түр зээлээч их яаруу хэрэгтэй байна гээд 2022 оны 07 дугаар сард зээл авсан. Энэ тухайгаа бичгээр гэрээ маягийн юм хийж баримт үлдээсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 235 дугаар тал),

-Гэрч З.Игийн “...Би Вася гэх азарганы талаар мэдэхгүй. Миний дүү Б нь Василия азарга руу хийчих гээд надад энэ 5024183999 гэсэн дансны дугаарыг өгсөн юм. Би энэ дансны эзэмшигч Б гэх хүнийг танихгүй, мөн энэ хүмүүсийнх нь утасны дугаарыг мэдэхгүй. Би энэ юуных юм бэ гэж асууж байгаад кассын гүйлгээний утга дээрээ Василье азарга гэдгийг нь бичсэн юм. Тэгээд мөн  “Даблью  экс пи” ХХК-ийн Голомт банкны 141007459 тоот харилцах данснаас  2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөгийг Василь 9411 гэсэн утгаар Б Жамсран гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Яагаад ингэж утгатай шилжүүлсэн бэ гэхээр НӨАТ-ийн баримт шивүүлсэн. Би Бийн утасны дугаарын эхний 4 оронг тавиад шилжүүлсэн юм. Би энэ мөнгийг хэн аваад байгааг нь мэдэхгүй байна. Буяа над руу өрөөндөө суучхаад яаралтай энэ данс руу хурдан хий, хурдал, хурдал гээд цаасан дээр бичиж өгөөд байсан. Би данс авангуутаа шилжүүлэх гээд дансыг нь хийхэд эхнийх нь Б гэж гарч ирэхээр нь энэ мөн үү гээд асуухад мөн, мөн, наад данс руугаа хий гээд байсан. Дараа нь мөн Б Жамсран гэдэг данс гарч ирж байна шүү дээ гэхэд мөн, мөн, наадах руугаа хурдан хий гээд байсан. Би Буяаг “чи чинь, хүн тэжээнэ гээд байдаг хүн чинь яахаараа адгуус тэжээгээд байдаг юм” гээд хэлж байсан. Гэнэт ийм балай азарга руу мөнгө хийлээ гээд би хэлж байсан. Буяа өөрөө морь сонирхдоггүй, моринд дуртай хүн биш шүү дээ. Дандаа л бөх найзууд, Пауэр лифтингийн залуучуудтай найзалдаг хүн шүү дээ. ...Би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний шилжүүлгийг бол хамгийн сайн санаад байгаа юм. Яагаад гэхээр манай дээр маш чухал аудитын хурал болж байхад өрөөндөө дуудаад энийг хурдан дуудаад шилжүүлээдэх гээд байсан. Уг нь над руу мөнгө шилжүүлэх дансыг мессеж, мессенжерээр шилжүүлчихдэг юм. Гэтэл энэ одоо тийм л нууц байсан юм байлгүй, утсаар явуулахгүй бал цаас аваад данс бичиж ав гээд байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 237-238 дугаар тал),

-Гэрч Н.Ды “...Би хувиараа ОХУ-аас импортоор спорт чиглэлийн адуу оруулж ирж үржүүлж, худалддаг бизнес эрхэлдэг ажилтай. Би 2019 оноос өмнө Нарантуул зах, Да хүрээ зах гэх мэт захуудаар хувиараа худалдаа наймаа эрхэлдэг байсан юм. Ер нь хувиараа худалдаа наймаа эрхэлдэг байсан. Би өөрөө Оросын Холбооны Улс руу явж наймаа хийдэг байсан бөгөөд 2019 онд ОХУ-аас 7 адуу оруулж ирсэн, тэгээд 61-ийн гарам дээр хүний хашаа түрээсэлж байлгаж байгаад зарсан. Үүнээс хойш Оросын Холбооны Улсаас адуу оруулж ирж зардаг болсон. ...Би яг үнэндээ сар, өдрийг бол сайн санахгүй байна. 2022 оны 02 сар билүү 03 сар фэйсбүүк чатаар “Б” гэдэг Сүхбаатар аймгийн харьяат залуу адуу сонирхоод орж ирсэн. Тэгээд би өөрт байгаа зарж байгаа азаргануудынхаа зургийг чатаар нь явуулсан. Тэр залуу 2-3 адуу сонирхож байгаад 1 азаргыг авахаар ярилцсан тэр нь В гэдэг нэртэй, хүрэн халзан зүсмийн 4 настай, морин тойруулгад уралддаг байсан азаргыг сонирхоод “хэд хоногоос хот орж тантай уулзъя” гэсэн. Тэгээд үүнээс хойш 20 хоногийн дараа байх Б “хотод ороод ирлээ, уулзъя” гээд Зайсан скүэр төвийн кофе шопод уулзахаар болоод намайг очиход Б нэг хүнтэй сууж байсан бөгөөд танилцахад Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Б байсан. Тэгээд бид гурав адууны тухай их юм ярьсан, Б болохоор нөгөө сонгосон сонирхсон В гэдэг нэртэй азаргын зургийг Ж.Бд харуулаад “би энэ азаргыг сонгочхоод байгаа юм” гээд үзүүлсэн, тэгээд би Славутич гэдэг нэртэй араб азарга байсныг үзүүлсэн надад өөр зөндөө азарга байсан гэхдээ энэ хоёр азаргыг сонирхож, энэ хоёр азарга дээр наймаа ярьсан. Тэгээд Ж.Б, Б.Б нар ярьж байгаад Б.Б нь “би бол В гэдэг нэртэй азаргыг сонгож байна” гэсэн тэгэхэд Ж.Б “за тэгвэл чи мэд” гээд түрүүлээд явчихсан. Тэгээд В гэдэг нэртэй азаргыг авахаар болсон. Ж.Бат-Эрдэнийг явсны дараа Б.Б бид хоёр ганц нэг пиво уугаад суусан. Б нь Ж.Б адуу малыг малладаг юм шиг байна лээ, би тэгж ойлгосон... 145 сая төгрөгөөр зарсан. Үнийг анх фэйсбүүкээр Бтэй ярьсан бөгөөд би бэлэн мөнгөнд бол 130 сая төгрөгт өгчихнө гэсэн чинь Б “бэлэн мөнгөөр бүтнээр нь авч чадахгүй тал мөнгөнд нь унагатай гүү өгье” гэсэн санал хэлсэн. Тэгэхээр нь би “тэгвэл 150 сая төгрөгт өгнө” гээд тэгээд тэгж тохирсон. Тэгээд уулзаад дээр мэдүүлсэнчлэн 2 азарга сонирхож байгаад В гэдэг нэртэй азаргыг 150 сая төгрөгт авахаар болж, төлбөрийн хувьд 1 унагатай гүү 15 сая төгрөгөөр тооцож 5 унагатай гүү 75 сая төгрөгт өгөхөөр бол үлдэгдэл 75 сая төгрөгийг бэлнээр өгөхөөр болсон. Гэхдээ төлбөрийг Ж.Бат-Эрдэнийг явсны дараа Бтэй тохирсон, Ж.Б бол азарга сонгочхоод яваад өгсөн. 5 унагатай гүүгээ 2022 оны 06 дугаар сард Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байрлах Бийн гэрээс нь очиж авсан. Наймаа яригдсаны дараа 14 хоногийн дараа байх тэгж санаж байна, би Бөөс мөнгөө авъя гэхээр Б дансаа явуул гэдэг тэгээд дансаа явуулаад мөнгө орж ирдэг. Мөнгөө 4-5 хувааж өгсөн санагдаж байна, 60 орчим сая төгрөг байх яг нарийн санахгүй байна, сүүлд нь өгөх бэлэн мөнгөнөөсөө 10 сая төгрөг дутуу өгсөн юм. Тэгээд тэр 10 сая төгрөгөө өгч чадахгүй байсаар байгаад би 5 унагатай гүүгээ очиж авахдаа 1 унагатай гүү нэмж аваад ингээд төлбөр тооцоо дууссан юм. Эхнэр Бгийн Хаан банкны *********** гэсэн дансаар авсан. Дансны хуулган дээр мөнгөн дүн, он, сар, өдөр бол бүгд байгаа. Ж.Бтэй дунд нь нэг уулзсан яг хэзээ гэдгээ санахгүй байна. Адууны төлбөрөөс 50 гаруй сая төгрөгийг нь авчихсан байсан бөгөөд үлдэгдэл 14-15 сая төгрөг үлдсэн байсан, тэр мөнгөө авах гээд Бөөс мөнгөө нэхсэн чинь Ж.Б ахад хэлчихлээ, та өөрөө ярьчих гээд дугаарыг нь өгсөн тэгэхээр нь би ******* гэсэн дугаар луу нь өөрийнхөө ********** дугаараас залгасан чинь “хоёулаа хоол идье” гээд өмнөх уулзсан Зайсан скүэрийн кофе шопод уулзсан. Уулзаад мөнгөө нэхсэн чинь “ахад нь одоо юм байхгүй ээ, Б зохицуулчих байхаа, цаадах чинь адуу мал зарна гээд байсан” гэж хэлээд нээх удаагүй ажилтай болчихлоо гээд яваад өгсөн. Тэгээд тэр мөнгөө өгч чадахгүй болоод би 1 унагатай гүү нэмж аваад үлдэгдэл 10 сая төгрөгийн төлбөр тооцоогоо дуусгасан юм. Ахиж бол уулзаагүй. Анх бол Б.Б “азарга авъя” гээд фэйсбүүк чатаар орж ирсэн юм. Тэгээд уулзахдаа Ж.Б цуг ирсэн, тэгээд цуг адуугаа сонгосон. Тэгээд үлдэгдэл төлбөрөө авах гээд Б.Бөөс нэхсэн чинь “Ж.Б ахтай яриад уулзчих” гээд тэгээд Ж.Бтэй ярихад “уулзъя” гээд уулзаад дээр мэдүүлсэнчлэн “ахад нь одоо юм байхгүй, Б зохицуулчих байхаа, цаадах чинь адуу мал зарна гээд байсан” гэж хэлээд нээх удаагүй ажилтай болчихлоо гээд яваад өгсөн, тэгэхээр бол Б.Б, Ж.Б хоёрыг энэ азаргыг нийлж авч байна гэж би бодсон. Тухайн үедээ би бодохдоо том албан тушаалтай сайд хүн байж адуу худалдаж авчхаад ийм багахан хэмжээний мөнгө өгч чадахгүй, мөнгөгүй байна гэхээр их л номын шударга хүн байна даа л гэж бодсон... хуурай ах Ж.Бгийн дансаар 15 сая төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 241 дүгээр тал, 3 дахь хавтаст хэргийн 01 дүгээр тал),

-Ж.Бгийн Голомт банканд эзэмшдэг 15******7 тоот дугаартай дансны, А.Бгийн Хаан банканд эзэмшдэг 5********99 тоот дугаартай дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 244-245 дугаар тал),

-Гэрч Т.Бгийн “...Монгол Улсад авто замын барилга, засвар, арчлалт, зураг, төсөл, хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 250 гаруй гишүүн байгууллагын эрх ашгийг хамгаалах, санал хүсэлтийг дээд шатны байгууллагад уламжлах, замын салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, шинэ стандартыг бий болгох, мэргэжлийн үйл ажиллагаа дэмжиж, сурган дадлагажуулан мэргэжлийн гэрчилгээ олгох, сургалт, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахаар ЗТХЯ-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд холбогдох журмын дагуу зам, барилгын ажлын тусгай зөвшөөрөл олгоход дүгнэлт гаргах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг... Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу зөвшөөрөл хүссэн байгууллагын ирүүлсэн материалын хүрээнд ажлын хэсгийн зүгээс /Ажлын хэсэгт: ажлын хэсгийн даргаар А.У, нарийн бичгийн дарга Ч.Ү, гишүүдээр МАЗХ-ын удирдах зөвлөлийн гишүүн Пүрэвжав, Лхагважав, БатБ, Баттогтох, Ганхуяг, Энхжаргал, Адилбиш, Нямдаваа гээд нийт 15 гишүүн болон бусад хүмүүсийг санахгүй/ хянаж үзээд, шаардлага хангасан компанийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргаж, Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлдэг. ...Ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг баталгаажуулан Зам, тээврийн хөгжлийн яам руу албан бичгээр хүргүүлдэг... Х.О, Ж.Б нарыг Зам, тээврийн хөгжлийн яамын төрийн нарийн бичгийн дарга, Засвар, арчлалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан гэдгээр нь мэднэ, мэргэжил, салбар нэгтэй учир нэг нэгнийгээ сайн мэднэ...  Манай байгууллагын гүйцэтгэх захирал А.У болон нарийн бичиг Ч.Ү нар эхэлж шалгаад шаардлага хангасан компанийн материалыг ажлын хэсгийн хурлаар оруулж, эцсийн шийдвэрийг дүгнэлт хэлбэрээр гаргаад албан бичгээр Зам, тээврийн хөгжлийн яам руу хүсэлт өгснөөс хойш ажлын 21 хоногийн хугацаанд шийдвэрлүүлдэг. “Д Э П ” ХХК-ийн 15 км болон түүнээс дээш хатуу хучилттай зам барих тусгай зөвшөөрөл олгох дүгнэлтийг гаргахдаа ЗТХС-ын 2018.06.18-ны өдрийн 131 тоот тушаалын хавсралтаар батлагдсан тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, нөхцөл, шаардлагыг авахад шаардагдах технологийн зориулалттай машин механизмд заасан 5 тн-с дээш 2 ширхэг усны машин байх ёстой байтал 1 машиныг бүрэн гэж үзсэн нөхцөл байдлаас харахад А.У болон Ч.Ү нарийн бичиг нар баримтын бүрдлийг дутуу үзсэн байхаар байна. Энэ талаар надад хэлээгүй... Миний мэдэхийн Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, дэд сайд Ж.Б, хэлтэс, газрын дарга Х.О, Загдраднаа, Доржханд, мэргэжилтэн Б нар нь компанийн тусгай зөвшөөрлийн талаар надаас асуугаад яагаад гарахгүй байгаа юм, юу нь болохгүй байгаа юм, материалаа өгөөд 3 сар, 1 жил боллоо, зарим компаниуд гомдоод байна гээд хэлдэг байсан. Тухайн үед яг ямар компанийг хэн асуусныг мэдэхгүй ч дээрх хүмүүс ярьж байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 247-248 дугаар тал),

-Гэрч Б.Гийн “...Ажлын хэсэгт Ү гэж нарийн бичиг байдаг. Захирал нь У гэж байдаг. У, Ү нар эхлээд материалтай танилцсан байдаг... зөрчилтэй бол буцаах, зөрчилгүй бол зөвшөөрөл олгох дүгнэлтийг гаргадаг. Хурал дээр гишүүд санал зөрөлдөөд байх зүйл байхгүй. ...Журамд заасан шаардлага хангасан материалыг У, Ү нар хурлаар оруулж ирэх үүрэгтэй. Заримдаа хангахгүй материал орж ирэхэд нь тийм баримт бичиг дутуу байгаа учраас албан бичгээр буцаая гээд шийддэг юм... Журмын дагуу бол наад компанид чинь тусгай зөвшөөрөл олгогдох ёсгүй... энэ компанид тусгай зөвшөөрөл өгөх үндэслэлгүй байна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

-Гэрч У.Пын “...Тусгай зөвшөөрөл авах, хугацаа сунгуулах аж ахуйн нэгжүүдийн материалыг Монголын Автозамчдын холбооны гүйцэтгэх захирал А.У, нарийн бичгийн дарга Ч.Ү нар хүлээн авдаг юм. Анх аж ахуйн нэгжүүдийн материал шаардлага хангаагүй тохиолдолд Автозамчдын холбооноос буцаах ёстой. Тэгээд шаардлага хангаж байгаа гэсэн аж ахуйн нэгжүүдийн материалыг А.У, Ч.Ү нар ажлын хэсгийн хуралд танилцуулдаг. Тэгж танилцуулахдаа шаардлагуудыг хангасан гээд л танилцуулдаг юм. Түүнийх нь дагуу л дүгнэлт дээр нь гарын үсэг зурдаг юм... гишүүд бол А.У, Ч.Ү нарын танилцуулснаар л дүгнэлтийг гаргаж байгаа, тэгэхээр хэрэв нөлөөлсөн бол А.У, Ч.Ү нар л нөлөөлсөн байгаа...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

-Гэрч А.Уийн “...Би “Д Э П ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жыг 2017 оноос хойш мэднэ, автозамын барилгын ажлыг 2018.06.15-ны өдрийн Зам, тээврийн хөгжлийн сайдын 131 дугаар тушаалын хавсралтаар үндсэн 7 ангилдаг байсан... тухайн үед яг ямар зөвшөөрөл хүсэж байсныг нь санахгүй байна... Ингээд миний бие тус компанийн материалыг хянаж үзэхэд хайрган хучилттай зам барих, авто зам гүүрийн засвар арчлалт, зам талбайн тохижилт, замын тоноглол, тэмдэглэгээний ажлыг хийх чадвартай байсан тул холбогдох 4 төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 2019.10.11-ний өдөр 3-н жилийн хугацаатай олгосон...  Энэ хугацаанд буюу 2020.02.06-ны өдөр “Д Э П ” ХХК-иас нэмж хатуу хучилттай зам барих, бүх төрлийн зам, гүүр, тунель, газар доогуур нүхэн гарам засварлах зөвшөөрлийг хүссэн. Материалтай дахин танилцахад хатуу хучилттай зам барих тусгай зөвшөөрөл авахад шаардагдах ИТА-ын ажилчдад ерөнхий инженерээр М.Энэбиш, автозамын инженерээр Д, Д нар, гүүр, хиймэл байгууламжийн инженерээр Ж.Г, Т.Г, геодезийн инженерээр Ч.Г, материалын инженерээр Г.Г болон нэр дурдсан хүмүүсээс гадна замын инженерээр Б.Х, Б, С.С, М.Э, Б.Н нар, Машин механизмд 16 төрлийн технологийн зориулалттай машин механизм /экскватор-2, бульдозер-1, автогрейдер-2, ачигч-3, доргиут индүү-2, хийн дугуйт индүү-1, асфальтын индүү-1, автогудронатор-1, өөрөө буулгагч-10, усны машин-2, асфалть дэвсэгч-1, автокран-1, шигшүүртэй бутлуур-1, асфальт бетон завод-1, лаборатори-1, геодезийн бүрдэл-1/-ын бүрдэл хангасан байсан тул тус тусгай зөвшөөрлийг нэмж олгосон... Тусгай зөвшөөрөл олгох асуудлыг ажлын хэсгийн хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд ажлын хэсгийн даргаар миний бие, нарийн бичгээр Ч.Ү, гишүүдээр 4-5 хүн байдаг. Ингээд зөвшөөрөл хүсэгч ААН-ийн материалтай нэг бүрчлэн танилцаад Ажлын хэсгийн дүгнэлтийг албан бичгийн хамт Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлж, үндсэн материалыг манай байгууллага архивын нэгж болгон хадгалдаг. ...Манайхаас хүргүүлсэн материалыг Зам, тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Л.Б хүлээн аваад сайдын тушаал гаргуулах үйл ажиллагаа явагддаг. Тусгай зөвшөөрөл олгох хугацааг манайд материал ирүүлсэн хугацаанаас ажлын 21 хоногт шийдвэрлэдэг. Миний хувьд дээрх 1 усны машин дутуу байсныг одоо мэдлээ, энэ нь миний алдаа байна. Машин, механизмыг би өөрөө ажлын хэсэг даргалж байгаа гэдэг үүднээс үздэг байсан... “Д Э П ” ХХК-ийн хувьд тэр энэ гэсэн хүн байхгүй, заримдаа Л.Б, Х.О, Загдраднаа нараас тэрний ярьсан компани, тэр дарга захисан гээд надад хэлдэг байсан боловч миний хувьд журмаараа явна гэдэг хариултыг өгдөг байсан. Ихэвчлэн Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайдын нэрийг хэлээд ямар шалтгаанаар тусгай зөвшөөрөл гарахгүй удаад байгаа, буцаагдсан шалтгаан нь юу байгаа юм, болохгүй байгаа нь юу юм гээд асуудаг байсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 42-44 дүгээр тал),

-Сэжигтэн А.Уийн “...Мэдээж яамнаас Төрийн нарийн яриад байна, тэр нь ямар түвшинд байгаа юм гэж зөндөө ярьдаг. Манай газрынхнаар буюу Авто замын бодлогын газрын Б, хааяа О, Загдраднаа, Доржханд нар ярьж асуудаг. Гэхдээ яагаад гарахгүй байгаа юм, юу нь болохгүй байгаа юм гээд асуудаг. Б л ихэвчлэн Төрийн нарийн, сайд асуугаад байна, яагаад гарахгүй байгаа юм гээд асуулгаад байна гэдэг. Тэгэхдээ 1 гэвэл сайд, 2 гэвэл дэд сайд, 3 гэвэл төрийн нарийн бичгийн даргыг хэлээд байдаг юм билээ, заримдаа 1 асуулгаад байна, 2 асуулгаад байна гээд байдаг. Заримдаа энэ гишүүн яриад байна, тойргийнх нь компани гэж байна гээд л өдөрт хэд дахин л ярьдаг... “Д Э П ” гэх энэ компанийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас асууж байсан. Миний санаж байгаагаар Б ярьж асуусан, гэхдээ Төрийн нарийн гэсэн үү, дэд сайд гэж хэлж байсан уу гэдгийг нь санахгүй байна. Яагаад юу нь болохгүй байгаа юм гээд асуугаад байсан. Б нь тусгай зөвшөөрлийн Зам, тээврийн хөгжлийн яаман дээр хариуцдаг мэргэжилтэн нь юм... Б тэр үед яагаад ингээд олон дахин буцаагаад байгаа юм бэ гэж байсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 46-48 дугаар тал),

-Сэжигтэн А.Уийн дахин өгсөн “...Ж.Б даргыг хэлсэн ч байхыг үгүйсгэхгүй, ямар ч гэсэн төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, дээрээс 1, 2 гэж ярьдаг байсан, өмнө нь ажиллаж байгаад сольсон, одоо ажиллаж байгаа гээд нарийн хэлж ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 50 дугаар тал),

-Сэжигтэн А.Уийн дахин өгсөн “...Миний санаж байгаагаар хатуу хучилттай зам барих тусгай зөвшөөрөл олгоогүй үед буюу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр утсаар яагаад гаргаагүй талаар асуусан... Дараа нь хатуу хучилттай тусгай зөвшөөрөл хүссэн материал өгөх үед буюу 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 1-2 удаа утсаар ярьж байсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 52 дугаар тал),

-Сэжигтэн Ч.Үын “...Д Э П ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл олгох асуудал миний мэдэхийн хэд хэдэн удаа буцаж байсан, тухайн үедээ материалуудаа бүрдүүлээд өгсөн гэж бодож байна. Одоо байгаа нөхцөл байдлыг дүгнэхэд шаардлага хангаагүй материалаар тусгай зөвшөөрөл авсан гэж үзэж байгаа юм байна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 61 дүгээр тал),

-Яллагдагч Л.Бын “...Монголын автозамчдын холбооны гүйцэтгэх захирал А.У, нарийн бичгийн дарга Ч.Ү гэх хүмүүс рүү залгаад “энэ яасан юм бол, хэзээ хурал нь болох гэж байгаа юм бол, ямар шаардлага хангахгүй байгаа юм бол” гэж асуудаг байсан. Тийм болохоор би “Д Э П” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талаар асууж байсан байж магадгүй... Ж.Б дэд сайд бол надаас шууд ийм зүйлийг асуухгүй. Хэрэв асуусан бол тухайн үед манай газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.З даргаар дамжуулан асуусан байх. Тэрнээс би өмнө нь мэдүүлсэн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар бол шууд надаас буюу мэргэжилтэнтэй уулзаж ийм асуудлын талаар ярихгүй газрын даргаар дамжуулж ярьдаг. Хэрэв Ж.Б дэд сайд “Д Э П” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талаар асуулгасан бол Д.З даргаар дамжуулан асуусан байх...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 72 дугаар тал),

-Яллагдагч Д.Згийн “...Тусгай зөвшөөрлийг яамнаас Б дангаараа хариуцдаг байсан, намайг ажиллаж байх хугацаанд тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар дэд сайд, төрийн бичгийн дарга дуудаж уулзаад асуудаг байсан, мөн таньж мэддэг олон хүмүүсээр асуулгаж байсан. Тэр болгонд нь Быг дуудаж уулзаад “МАЗХ” ТББ-ын гүйцэтгэх захирал А.Утэй яриад юу нь болохгүй байгаа юм, яагаад байгаа юм гээд мэдээлэл солилцдог байсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 79-80 дугаар тал),

-2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.Мөнхсүлд “Монголын авто замчдын холбоо” ТББ-аас гаргаж өгсөн болон бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд (5 дахь хавтаст хэргийн 121-171 дүгээр тал),

-Шүүгдэгч З.Б иргэн Я.С, Баас 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 150,000,000 төгрөг зээлсэн тухай зээлийн гэрээ (6 дахь хавтаст хэргийн 167 дугаар тал) зэрэг нотлох баримтууд байна.

 

Улсын яллагчаас дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч З.Б нь Ж.Бд хахууль өгсөн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн бол,

 

Шүүгдэгч З.Бийн өмгөөлөгч Л.Ган-Очироос “...Улсын яллагчийн зүгээс дараах 3 үйлдэлтэй холбоотойгоор тус тусад нь хэргийг үйлдсэн гэж байна. ...Энэ хэрэгтэй холбоотойгоор Ж.Бд хахууль өгсөн асуудлын тухайд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нээлттэй явагдаж дууссан шүүх хурлаар тус үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн. Энэ хурлын шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй ч нийтэд илэрхий болсон үйл явдал бөгөөд шүүхээс үүнийг харгалзан дүгнэлт хийж өгнө үү” гэх утга агуулга бүхий тайлбар, дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч З.Бийн Ж.Бд хахууль өгсөн гэх үйлдэл нь прокурорын яллах дүгнэлтэд дурдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна гэж дүгнэлээ. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан:

-Ж.Б сэжигтнээр өгсөн “...Би 2022 оны 05 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл Дарханы замын ажилд очиж ажилласан учраас тухайн зам дээр ажил хийж байгаа бүхий л компаниудыг мэднэ. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 01-02 дугаар тал),

-Ж.Б яллагдагчаар өгсөн “...Миний хувьд 70 сая төгрөгийн хахууль авсан зүйл байхгүй, би тусгай зөвшөөрөл олгодон хүн биш, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Автозамын холбоо шийдвэрлээд Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын тушаал гардаг...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 05-06 дугаар тал),

-Ж.Б яллагдагчаар дахин өгсөн “...Б манайд бол орж ирэх нь орж ирж байсан шүү. Тэр нь одоо 7 сар юм уу мэдэхгүй байна. Дарханы замыг хурдлуулахын тул би бүгдтэй нь л ажиллаж байсан. Ажил хэргийн тийм юмнууд зөндөө л байсан. Би Василев гэж азаргыг худалдаж авах ямар ч шаардлага байхгүй. Хоёрдугаарт би тэр азаргыг харсан. Одоо тэр Бийн зүчээнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байгаа. Н.Дыг мэднэ. Таних нь хаашаа юм. Адуу зардаг, сонирхдог хүмүүсийг бол ер нь мэднэ шүү. Би энэ хүнтэй уулзаж байсан. ...Би энэ азаргыг Б, Б 2 л нийлээд авч байна гэж ойлгосон. Бодвол Бөөс над руу данс өгсөн юм болов уу, би тэрийг нь Буяа руу өгсөн юм болов уу, Б Буяаг утсаа авахгүй байна, морины мөнгө нэхэгдээд байна гээд ярьж байсан санагдаж байна.Тэгээд би тэр данс мансыг нь явуулсан байж магадгүй. ...Би 15 сая төгрөг бэлнээр аваагүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 08-10, 12 дугаар тал),

-Ж.Б АТГазарт бичгээр өгсөн “...Миний төрсөн ах Ж.Бын хүү, аймгийн алдарт уяач Б.Б болон “Д Э П ” ХХК-ийн захирал Игийн дүү Б нар нь хурдан морь уядаг, морь сонирхдог хоббигоор холбогдож найз нөхдийн харилцаатай болсон хүмүүс юм байна. Б.Б, З.Б нар нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Н.Д гэж хүнээс 150,000,000 төгрөгөөр Василевс гэсэн нэр паспорттой, хурдан удмын үйлдвэрийн азаргыг худалдан авч 75/75 саяаар хувааж төлөхөөр тохиролцсон байна. Б.Б нь 75.000.000 төгрөгийн төлбөртөө 5 унагатай гүү өгсөн. Харин Б нь Ж.Б болон Ды эхнэр Бгийн дансаар төлбөрөө шилжүүлж өгснийг яллагдагчаар татсан тогтоол болон Б.Бөөс мэдлээ. Азарганы наймаа хийсэн хүмүүсийн төлбөр тооцооны асуудлыг надад хамаатуулан ажилгүй байсан үед олгогдсон тусгай зөвшөөрлийн хахууль мэтээр үзэж яллаж байгааг ойлгохгүй байна. Тухайн хүмүүс төлбөр мөнгөө хэнээр дамжуулж яаж төлөх нь тэр хүмүүсийн асуудал” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 24-26 дугаар тал),

-Гэрч Б.Бийн “...Бийн 2-3 үрээг тэжээж байгаа. Эдгээр адуу нь миний нэр дээр мал тооллогоор тоологдож байгаа. ...Д нь хурдны чиглэлийн азарга гүү оруулж ирж зардаг юм. Би уяач болохоор адууны судалгаа хийдэг. Ингээд морь уядаг хүмүүсээс азарга юу байна гээд сурагладаг. ...Б бид хоёр 2 жил монгол морийг уясан юм. Ингээд ярилцаж байгаад хоёулаа эрлийз аргатай болъё гэж ярилцсан. Ингээд Д гэх хүний оруулж ирсэн В нэртэй азаргыг худалдаж авахаар тохирсон. Д уг азаргыг монголд оруулж ирсэн байсан. В нэртэй азаргыг Б бид хоёр худалдаж авсан. Төлбөрийг нь хувааж төлсөн. Д гэх хүнд би 5 унагатай гүү, Б 75.000.000 төгрөг өгөхөөр тохирсон. Б бид 2 азарганы үнийг хувааж төлөөд төлийг нь хувааж авахаар болсон. Хурдан удмын адуу гаргаж авах зорилгоор худалдаж авсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 81-85 дугаар тал),

-Гэрч Б.Бийн “...Би Дтай уулзаж байсан. 3 удаа уулзсан байх. 2022 оны 01 дүгээр сард гэж санаад байна. Улаанбаатар хотод ирээд Зам, тээврийн яамны хойд талд байдаг Том энд Томс гэдэг нэртэй кофе шопод уулзсан. Тэгээд би ах Ж.Бтэй цайных нь цагаар хоол идэж байхдаа Дыг дуудсан. Тэгээд Б ахтай байж байхдаа Дтай уулзсан. Тэгээд би Б ахад “би энэ хүнээс азарга авах гэж байгаа юм” гэж хэлээд В нэртэй азарганы зургийг Б ахад үзүүлсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 87-90 дүгээр тал),

-Гэрч Н.Ды “...Би хувиараа ОХУ-аас импортоор спорт чиглэлийн адуу оруулж ирж үржүүлж, худалддаг бизнес эрхэлдэг ажилтай. ...2022 оны 02 сар билүү 03 сар фэйсбүүк чатаар “Б” гэдэг Сүхбаатар аймгийн харьяат залуу адуу сонирхоод орж ирсэн. Тэгээд би өөрт байгаа зарж байгаа азаргануудынхаа зургийг чатаар нь явуулсан. Тэр залуу 2-3 адуу сонирхож байгаад 1 азаргыг авахаар ярилцсан тэр нь В гэдэг нэртэй, хүрэн халзан зүсмийн 4 настай, морин тойруулгад уралддаг байсан азаргыг сонирхоод “хэд хоногоос хот орж тантай уулзъя” гэсэн. ...Намайг очиход Б нэг хүнтэй сууж байсан бөгөөд танилцахад Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Б байсан. Тэгээд бид гурав адууны тухай их юм ярьсан, Б болохоор нөгөө сонгосон сонирхсон В гэдэг нэртэй азаргын зургийг Ж.Бд харуулаад “би энэ азаргыг сонгочхоод байгаа юм” гээд үзүүлсэн. ...Тэгээд В гэдэг нэртэй азаргыг авахаар болсон. ...145 сая төгрөгөөр зарсан. Үнийг анх фэйсбүүкээр Бтэй ярьсан бөгөөд би бэлэн мөнгөнд бол 130 сая төгрөгт өгчихнө гэсэн чинь Б “бэлэн мөнгөөр бүтнээр нь авч чадахгүй тал мөнгөнд нь унагатай гүү өгье” гэсэн санал хэлсэн. Тэгэхээр нь би “тэгвэл 150 сая төгрөгт өгнө” гээд тэгээд тэгж тохирсон. Тэгээд уулзаад дээр мэдүүлсэнчлэн 2 азарга сонирхож байгаад В гэдэг нэртэй азаргыг 150 сая төгрөгт авахаар болж, төлбөрийн хувьд 1 унагатай гүү 15 сая төгрөгөөр тооцож 5 унагатай гүү 75 сая төгрөгт өгөхөөр бол үлдэгдэл 75 сая төгрөгийг бэлнээр өгөхөөр болсон. 5 унагатай гүүгээ 2022 оны 06 дугаар сард Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байрлах Бийн гэрээс нь очиж авсан. Наймаа яригдсаны дараа 14 хоногийн дараа байх тэгж санаж байна, би Бөөс мөнгөө авъя гэхээр Б дансаа явуул гэдэг тэгээд дансаа явуулаад мөнгө орж ирдэг. Мөнгөө 4-5 хувааж өгсөн санагдаж байна, 60 орчим сая төгрөг байх яг нарийн санахгүй байна, сүүлд нь өгөх бэлэн мөнгөнөөсөө 10 сая төгрөг дутуу өгсөн юм. Тэгээд тэр 10 сая төгрөгөө өгч чадахгүй байсаар байгаад би 5 унагатай гүүгээ очиж авахдаа 1 унагатай гүү нэмж аваад ингээд төлбөр тооцоо дууссан юм. Эхнэр Бгийн Хаан банкны ************* гэсэн дансаар авсан. Дансны хуулган дээр мөнгөн дүн, он, сар, өдөр бол бүгд байгаа. Ж.Бтэй дунд нь нэг уулзсан яг хэзээ гэдгээ санахгүй байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 241 дүгээр тал, 3 дахь хавтаст хэргийн 01 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч З.Б, гэрч Б.Б нар хамтарч иргэн Н.Даас “В” нэртэй адууг 150,000,000 төгрөгөөр худалдан авсан. Адуу худалдаж авсан мөнгийг З.Б нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг  А.Бгийн Хаан банкны 50*********** тоот дансаар “Бөөс В азарганы урьдчилгаа” гэх утгаар, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг А.Бгийн Хаан банкны 50********9 тоот дансаар “В” гэх утгаар, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 15,000,000 төгрөгийг Ж.Бгийн Голомт банкны ******* тоот дансаар “***********411” гэх утгаар, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийг А.Дгийн Хаан банкны 5************9 тоот дансаар “Василие азарга” гэх утгаар шилжүүлсэн болох нь 2 дахь хавтаст хэргийн 244-245 дугаар талд авагдсан дансны хуулгуудаар тогтоогдож байна. Уг мөнгийг дансандаа шилжүүлж авсан А.Д нь гэрч Н.Ды эхнэр, Ж.Б нь Дтай ах дүүгийн харилцаатай гэх баримт 2 дахь хавтаст хэргийн 243 дугаар талд авагдсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 20-21 цагийн хооронд Ж.Б оршин суудаг орон сууц болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэгийн С3-709 тоотод бэлнээр 15,000,000 өгсөн гэх үйл баримтын тухайд хахууль авагч гэх Ж.Б үгүйсгэж мэдүүлсэн, өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд шүүгдэгч З.Бийг Ж.Б-д хахууль өгснийг шууд нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй буюу хангалттай нотолж чадаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтыг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нөгөөтэйгүүр хахууль авагч гэх Ж.Б үйлдлийг *************** дугаартай энэхүү эрүүгийн хэргээс тусгаарлаж, “Хөгжлийн банкны” гэх тодотголтой 1741000380228  дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэж, уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нөхцөл байдалтай байна. Тодруулбал, хахууль авагчийн үйлдлийг шүүхээс гэмт хэргийн шинжгүй үйлдлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хахууль өгсөн үйлдэл ч мөн адил үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.О нь хахууль авах гэмт хэргийг үйлдэх үедээ Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн даргаар ажиллаж байсан, шүүгдэгч Д.Д нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд эдгээр албан тушаалууд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4; 4 дүгээр зүйлийн 4.1; “Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар “нийтийн албан тушаалтан”-д хамаарч байна.

 

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгохоор хуульчилсан байна.

 

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл “Хахууль авах”, 22.5 дугаар зүйл “Хахууль өгөх” гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан буюу төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч субъект болон төрөөс ажил, үйлчилгээ авах иргэний хооронд ашиг сонирхлын харилцаа үүссэн үед эдийн болон эдийн бус зүйл өгч, авахыг хахууль авах, өгөх гэмт хэрэгт тооцохоор зүйлчилсэн.

 

Хахууль өгөгч З.Б нь өөртөө давуу байдал олж авах зорилгоор нийтийн албан тушаалтнуудад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн, нийтийн албан тушаалтнууд болох шүүгдэгч Х.О, шүүгдэгч Д.Д нар нь албаны эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосны хариуд хахууль авсан үйлдлүүд нь хахууль өгөх, авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч З.Бийг:

 

-Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч З.Бийн Ж.Бд түүний албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож;

 

-Х.Оийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12:30 цагаас 13:30 цагийн хооронд өөрийн оффис болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар багт байрлах, Блью Мон Тауэрын 9 давхрын ариун цэврийн өрөөнд бэлэн 3,000,000 /гурван сая/ төгрөгийг, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 60,000,000 /жаран сая/ төгрөгийн үнэлгээтэй, 31-39 УНИ улсын дугаар бүхий *********350 загварын тээврийн хэрэгслийг түүний хамаарал бүхий этгээд болох найз Б.Сийн нэр дээр шилжүүлэн өгөх хэлбэрээр хахууль өгсөн;

 

-Д.Дд түүний албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өөрийн жолооч З.Моор дамжуулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 600,000 төгрөгийн хахуулийг бэлнээр өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд;

 

Шүүгдэгч Х.Оийг:

 

-Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөгч З.Бээс 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12:30 цагаас 13:30 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Блюмон оффисын 9 давхарт байрлах “Д Э П ” ХХК-ийн оффист 3,000,000 /гурван сая/ төгрөгийн хахууль, мөн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 31-39 УНИ улсын дугаартай *********** загварын тээврийн хэрэгслийг өөрийн найз болох Б.Сийн нэр дээр шилжүүлэх хэлбэрээр хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд;

 

Шүүгдэгч Д.Дг:

 

-Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгч З.Бийн гадаад зорчих эрхээ сэргээлгэх гэсэн ашиг сонирхлын төлөө “Гадаад зорчих эрх сэргээх тухай санал”-ыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, дэд хурандаа Б.Бөд танилцуулж, Б.Бөөр Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний хэлтэст уламжлуулан Монгол Улсын хилээр саадгүй зорчих боломжийг бүрдүүлж буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Д.Д нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт З.Бийн жолооч З.Моор дамжуулан бэлнээр 600,000 төгрөгийн хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Прокуророос шүүгдэгч З.Бэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг, шүүгдэгч Х.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг, шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн тохирох зүйл заалтаар зүйлчилсэн нь тохирсон байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэмт буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт  хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан эрүүгийн хуулиар гэм буруутайд тооцсон болно.

 

Учир нь Монгол Улсын Их хурлаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр батлагдаж хүчин төгөлдөр болсон бөгөөд уг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хахууль авах, өгөх гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар:

 

Шүүгдэгч З.Бийг Х.Од 2019 оны 05 дугаар сарын 30-ны 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 31-39 УНИ улсын дугаартай ************ загварын тээврийн хэрэгслийг Б.С гэх найзынх нь нэр дээр шилжүүлэх хэлбэрээр хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж уг хэрэгт нь Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналь тавих нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор А.Дүүрэнбилэг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 441 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, мөн тус прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдар 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тогтоол үйлджээ.

 

Тодруулбал, шүүгдэгч З.Б Х.Од 2 удаагийн үйлдлээр хахууль өгсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэж дууссан үе буюу 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 3 жил 3 сарын дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухайд “нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж 2700 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эхсүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял  /2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө/ шийтгэхээр хуульчилжээ.

 

Дээрх хуулийн заалтаас үзэхэд шүүгдэгч З.Бийн Х.Од хахууль өгсөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар /3 жилийн хугацаа өнгөрсөн/ дууссан байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Х.О З.Бээс хахууль авсан үйлдлийн тухайд хөөн хэлэлцэх хугацаа тасарчээ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.О З.Бээс 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, мөн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр буюу 2 удаагийн үйлдлээр хахууль авсан бөгөөд энэ цаг хугацаанаас хойш 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 689 дугаартай шийтгэх тогтоол /4 дэх хавтаст хэргийн 76-81 дүгээр тал/-оор тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс эхлэн гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж хуульчилсан бөгөөд шүүгэгч Х.Оийн тухайд хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн шинээр тоолох хууль зүйн үндэслэл үүссэн байна. Учир нь, шүүгдэгч Х.Оийг 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 391 дугаартай Iooтогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан /ЭХТА-ийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 44 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулсан буюу хөөн хэлэлцэх хугацааг дуусахаас өмнө яллагдагчаар татжээ. Иймд шүүгдэгч Х.Оийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасныг баримтлан талуудын гаргасан санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Улсын яллагчаас: Шүүхээс шүүгдэгч Д.Д, З.Б, Х.О нарыг гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага оногдуулах шийтгэх саналаа танилцуулж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг хувийн байдал зэргийг харгалзан дараах байдлаар дүгнэж байна.

Шүүгдэгч Х.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилох эрхийг 5 жил хүртэл хугацаагаар хасаж 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

 

Шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт зааснаар нийтийн албанд томилох эрхийг 5 жил хүртэл хугацаагаар хасаж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

 

Шүүгдэгч З.Бийн хувьд үргэлжилсэн 3 үйлдэлтэйгээр хахууль өгсөн гэмт хэрэгт буруутгагдсан. Үүнээс Шүүгдэгч З.Бийг яллагдагч Ж.Бд хахууль өгсөн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгдэгч З.Бэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилох эрхийг 5 жил хүртэл хугацаагаар хасаж 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 45,000,000 төгрөгийг шүүгдэгч З.Бээс гаргуулан улсын орлогт шилжүүлэх саналтай. Шүүгдэгч З.Б нь 15 хоног цагдаг хоригдсон. Шүүгдэгч Х.О 55 хоног цагдан хоригдсон. Шүүгдэгч Д.Д цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оролцуулан оногдуулах саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүйгэх саналыг гаргасан бол,

 

Шүүгдэгч З.Бийн өмгөөлөгч Л.Ган-Очироос: “Улсын яллагчийн саналыг сонслоо. Энэ хэрэг дээр миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн дэмжиж оролцсон. Өөрийн хийсэн үйлдлээ үгүйсгэсэн зүйл гаргаж байгаагүй. Хэрэгт авагдсан эрүүл мэндийн нотлох баримтыг анхаарч үзнэ үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хувийн байдлын хувьд зүгээр харагдаж байгаа болов ч биеийн байдлын хувьд хүнд байгаа. Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нь тохиолдлын шинжтэй гэдэг нь 8 хавтаст хэргээс харж болно. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдож гарч ирэхдээ 1 нүд нь хаагдахгүй болж биеийн байдал тааруу гарч ирсэн. Эрүүл мэндийн шалгаанаас болж нэг өдөр ч гэсэн амьд явхын төлөө бүх зүйлээ зориулж байгаа. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх саналыг,

 

Шүүгдэгч Х.Оийн өмгөөлөгч А.Золжаргалаас: “Миний үйлчлүүлэгч Х.Оийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Миний үйлчлүүлэгч нь Х.О нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлгийг өгдөг. Гэм буруугүй асуудлаар ямар нэгэн маргаан байдаггүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгчид оногдуулсан ялыг 3 жилийн хугацаатай хэсэгчлэн төлүүлхээр тогтоож өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэдийгээр шүүгдэгч Д.Дг анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж болох боловч “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон” гэж үзэх боломжгүй байна. Учир нь нийтийн албан тушаалтан бөгөөд өөрийнх ажил, албан тушаалтай нь холбогдуулан хахууль өгөгчөөс өгсөн эд зүйлийг авч болохгүй гэдгийг ойлгож, ухамсарласан байдаг тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

 

Харин шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж заасныг харгалзан шүүгдэгч нарт дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхээр шийдвэрлэв. Үүнд:

 

-Шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

-Шүүгдэгч Х.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

-Шүүгдэгч Д.Дг 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч З.Б тус хэрэгт 15 хоногийн хугацаагаар, шүүгдэгч Х.О 55 хоногийн хугацаагаар тус тус цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан:

 

-шүүгдэгч З.Бэд оногдуулсан 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 15 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 225,000 төгрөгийг торгох ялаас хасаж, эдлэх торгох ялыг 13,775,000 /арван гурван сая долоон зуун далан таван мянга/ төгрөгөөр,

 

-шүүгдэгч Х.Од оногдуулсан 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 55 хоногийн нэг хоногийг торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 825,000 төгрөгийг торгох ялаас хасаж, эдлэх ялыг 19,175,000 /арван есөн сая нэг зуун далан таван мянга/ төгрөгөөр тус тус тооцож торгох ялаас хасаж, тус тус эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж оногдуулсан нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс хугацааг тоолох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б, Х.О, Д.Д нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Б, Х.О, Д.Д нарт анхааруулсан болно.

 

Шүүгдэгч З.Бэд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч Ж.Б, Х.О, Д.Доржханд, З.Б, Э.Ж, Д.Б, Д.Д нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Х.Од 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Дд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагдсан байх бөгөөд шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжүүлэхээр;

 

Хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг хязгаарласан тухай прокурорын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 986 дугаартай “Иргэн Э.Ж /РД:ИЗ87052305/-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204080405 дугаартай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Асем виллаж цогцолбор 13240 Дүнжингаравын гудамж 36 тоот амины орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай зөвшөөрлийг, мөн прокурорын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн **** дугаартай “******”-ийн кассын нярав ажилтай З.И-гийн Худалдаа хөгжлийн банканд эзэмшдэг ************ тоот данс дахь зарлагын гүйлгээг 45,000,000 төгрөгт багтаан 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хэргийг шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаанд хязгаарлахыг Худалдаа хөгжлийн банканд даалгах” тухай зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц цуцлахаар;

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 тоот дансанд байршуулсан шүүгдэгч Х.Оийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 33,000,000 төгрөгийг, шүүгдэгч Д.Дгийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 600,000 төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгохоор;

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 45,000,000 төгрөгийг гэм буруутайд тооцогдсон этгээд болох З.Бээс гаргуулж Авлигатай тэмцэх газарт олгуулахаар, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Бийн Ж-ийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б.З.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч У.Х.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Х ургийн овогт Д Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч З.Бийн Х.Од өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 14,000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч Х.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Бэд оногдуулсан 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 15 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 225,000 төгрөгийг торгох ялаас хасаж, нийт эдлэх торгох ялыг 13,775,000 /арван гурван сая долоон зуун далан таван мянга/ төгрөгөөр,

 

Шүүгдэгч Х.Од оногдуулсан 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 55 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 825,000 төгрөгийг торгох ялаас хасаж, нийт эдлэх ялыг 19,175,000 /арван есөн сая нэг зуун далан таван мянга/ төгрөгөөр тус тус тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж оногдуулсан нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.

 

8. Шүүгдэгч З.Бэд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч Ж.Б, Х.О, Д.Доржханд, З.Б, Э.Ж, Д.Б, Д.Д нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.Од урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

 

9. Хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг хязгаарласан тухай прокурорын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 986 дугаартай тухай зөвшөөрөл, мөн прокурорын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1195 дугаартай зөвшөөрлүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401  тоот дансанд байршуулсан шүүгдэгч Х.Оийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 33,000,000 төгрөгийг, шүүгдэгч Д.Дгийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 600,000 төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгосугай.

 

11. Шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 45,000,000 төгрөгийг шүүгдэгч З.Бээс гаргуулж Авлигатай тэмцэх газарт олгосугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.МӨНХСАЙХАН