| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/0061/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/52 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/52
2024 01 09 2024/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
Улсын яллагч Б.Оргилболд,
Хохирогч Б.Д,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оргилболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баярмагнайгийн Мд холбогдох эрүүгийн 2********3 дугаартай хэргийг хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Золо” зочид буудлын ар талын автомашины зогсоол дээр хохирогч Б.Дтой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас түүний эрүүл мэндэд баруун хоншоорын хөндийн урд хана, баруун ухархайн дотор, доод хананд цөмөрсөн хугарал, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 23************53 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Б.Оргилболд: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Хохирогч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Би Австрали улс явах гэж байсан. Тэгээд хуучин ажлын Намуунаа гэх охин явж байгаа юм чинь гаргаж өгье гэж дуудсан. Яваад очтол Мишээл гэх найзтайгаа сууж байсан. Тэгээд ууж байгаад гарах болтол үргэлжлүүлээд юу хийх вэ? гэсэн. Таксины жолоочоор зам заалгаад 1 караоке орох гэтэл орохгүй гээд 1 буудал орсон. Тэгээд гадаа зогсоол дээр байж байхад Оргил ирээд цохиод байсан. Тэр 2 охин салгах гэсэн ч дийлээгүй. ...Эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж өгсөн. Надад 1,200,000 төгрөг төлсөн. Гэхдээ цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа” гэх мэдүүлгийг,
Шүүгдэгч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно. Хувийн байдалтай холбоотой 9 хуудас материал өгнө. Гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Золо” зочид буудлын ар талын автомашины зогсоол дээр хохирогч Б.Дтой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас түүний эрүүл мэндэд баруун хоншоорын хөндийн урд хана, баруун ухархайн дотор, доод хананд цөмөрсөн хугарал, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч Б.Дын: “... Би гадагшаа сургуульд явах болчхоод манай найз Намуун түүний найз Мишээл нар намайг гаргаж өгнө гээд 2023 оны 11 сарын 03-наас 04-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зүү бааранд уулзсан. Бааранд ороод ширээн дээр суугаад байж байтал Мишээл гэх охины хуучин найз залуу гэх залуутай тэнд тааралдсан. Тэр залуу надтай хамт явж байсан хоёр охинд уух зүйл авч өгсөн байсан. Тэгээд 03 цаг 30 минутын орчим Намуун, Мишээл бид гурав цааш үргэлжлүүлж уухаар болоод дуудлагын жолооч дуудаад хаана орох талаараа яриад байж байтал дуудлагын жолоочоор ирсэн хүн “Золо” нэртэй зочид буудлыг зааж өгсөн. Мөн баарнаас гарах үед Мишээлийн хуучин найз залуу нь хамт явъя гэсэн боловч Мишээл өөрөө дургүй байсан. Тэгээд бид гурав CU дэлгүүрээс уух зүйл аваад “Золо” зочид буудлын ард талын машины зогсоол дээр машинаа тавиад буугаад явж байтал Мишээлийн найз залуу гэнэт гарч ирээд миний нүүр хэсэг рүү шууд гараараа цохисон. Би хоёр гартаа юм барьсан байсан ба гартаа байсан юмаа тавих хойгуур дахиад намайг хэд хэдэн удаа цохиод авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар тал),
-Гэрч Ц.Намууны “....Би 2023 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө ажлын газрын Мишээл гэх охинтой уулзсан. Мишээл бид хоёр хүүхдийн 100 орчим явж байгаад би Дэнзэнг дуудсан. 23 цагийн орчим хүүхдийн 100-д байх машины зогсоол дээр Дэнзэндүйнхор ирсэн. 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Золо” нэртэй зочид буудлын автомашины зогсоол дээр Мишээл, Дэнзэн бид гурав бас дуудлагын жолооч бид дөрөв байсан. Мишээл хуучин найз залуу Оргил гэх залуу бид нартай хүүхдийн 100-д таараад тэрнээс хойш бид нарыг дагаж явсаар “Золо” нэртэй зочид буудлын зогсоол дээр машинаа байрлуулаад дуудлагын жолоочоос машиныхаа түлхүүрийг авах гэтэл Оргил гээд залуу гэнэт гарч ирээд Мишээлийг Дэнзэнтэй хардаад Оргил нь Дэнзэнгийн нүүрэн тус гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд Мишээл бид хоёрыг Оргилыг салгах гээд нэлээд зууралдсан. Оргил тухайн үед нэлээд согтуу байсан. Тэгтэл дуудлагын жолооч цагдаа дуудаад цагдаа нар Оргил, Дэнзэн хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “...1. Б.Дын биед баруун хоншоорын хөндийн урд ханан, баруун ухархайн дотор, доод хананд цөмөрсөн хугарал, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэх 14066 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),
-Хохирогч Б.Дын “Med Trauma” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу (хавтаст хэргийн 18-24 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Тодруулбал, шүүгдэгч Б.М нь хохирогчийг зодсон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, зодох үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэн байна.
Уг үйлдлийн улмаас хохирогч Б.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хүний биед хийсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14066 дугаартай хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал)-ээр давхар нотлогдсон.
Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Прокуророос шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.
Хохирогч Б.Дт 1,200,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирол төлсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б.Д гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх саналыг гаргасан болно.
Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэж үзэх үндэслэлтэй, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хэдийгээр хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь зайлшгүй биелэгдэх, эрүүгийн хариуцлага нь цээрлүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харъяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН