Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/57

 

   2024        01         17                                   2024/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай,

улсын яллагч О.Нандинцэцэг /томилолтоор/,

шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.М-д холбогдох эрүүгийн 2211 02088 1531 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.М нь 2022 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.........................” караокены үүдэнд Б.Мтэй тооцоогоо төлсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь "зүүн завжинд язарсан шарх, баруун, зүүн өвдгөнд зулгаралт" бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Учир нь энэ хүмүүс тооцоогоо хийчихээд байхад яагаад гаргадаггүй юм гээд надад уурлаж маргалдсан. Би түгжээгүй гэдгээ хэлж, учирлахад над руу уурласан. Тэгэхээр нь би дургүйцлээ илэрхийлээд яваад амарчих гэж хэлсэн, дараагийн удаад нь больчих цаашаа яв гээд менежертэйгээ яриад зогсож байхад намайг цохиж авсан. Тэгэхээр нь би цааш нь түлхэхэд шатны уруу ойчсон...” гэв.

Эрүүгийн 2211020881531 дугаартай хэргээс:  

Хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр гадуур өөрийн найзууд болох Батхүү, Отгонжаргал нарын хамтаар Чингэлтэй 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "........................." караокед 24 цаг өнгөрч байхад орсон байх. Тухайн караокед 7-8-уулаа орсон байдаг тэгээд бөөнөөрөө 2 шил 0.75 литрийн савлагаатай архи ууцгаасан. Тэгээд сууж байгаад дээр нэр дурдагдсан 2 найзтайгаа бид гурав үлдсэн. Гэтэл манай Батхүү, Отгонжаргал хоёр хоорондоо урьдын таарамжгүй харилцааны улмаас бага зэрэг маргалдсан. Тэр хоёрыг муудаад байхаар нь гэр рүүгээ гараад явах гэж байтал үйлчлэгч залуу нь гэх 25 орчим насны 170 см өндөртэй залуу тооцоогоо хий гэж хэлээд хаалгаа цоожилчхоод гаргахгүй байхаар нь наана чинь манай хоёр найз үлдсэн шүү дээ наад хүмүүс чинь тооцоогоо хийчихнэ гэж хэлэхэд тэр хамаагүй тооцоогоо хийж байж гар гээд гаргахгүй байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд тэр залуутай маргалдсан санагдаж байна яг юу гэж маргалдсанаа санахгүй байна. Тэгээд би буцаж караокены өрөө рүү ороод тооцоогоо хий гэж байна гэж хэлэхэд манай нэг найз гараад тооцоогоо хийсэн. Тэгээд гурвуулаа гарах гэж байхад нөгөө хоёр маргалдсан санагдаж байна. Тэгээд бид хэд хаалгаар гарах үед нөгөө маргалдсан залуу хаалга тайлж өгсөн. Гарах үед нөгөө залуу намайг гаргахгүй байсныг бодоод нөгөө залуу руу янз бүрийн үг хэлчихсэн юм шиг байгаа юм тэрнээс болоод миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон бөгөөд би шатны уруу өнхрөөд уначихсан. Тэр үед манай хоёр найз хараад зогсож байсан. Харин тэр үйлчлэгч залуу цохичихоод дотогшоо гүйгээд орчихсон. Тэгэхээр нь би цохиулсандаа шаралхаад буцаж ороод нөгөө залууг хайгаад олоогүй. Нээх удалгүй цагдаагийн алба хаагчид хүрээд ирсэн чинь нөгөө намайг цохисон гэх залуу гараад ирсэн юм. Цохиулсан талын шанаа хэсэгт уруул язарчихсан байдалтай байна. Шатнаас унах үед өвдөг, тохой, бугалга зэрэг биеийн хэсгүүдэд хөхрөөд гэмтчихсэн юм шиг байна. Бас унах үед миний куртик урагдсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч болсон үйл явдлын талаар бүгдийг нь мэдэж байгаа би өөрөө санаж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №15447 дугаартай Б.Мийн биед зүүн завжинд язарсан шарх, баруун, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэн байна. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,0

            Шинжээч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Мийн биед учирсан зүүн завжны язарсан шарх нь тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун зүүн өвдөгний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох хүчний улмаас үүсэх боломжтой. Унах үед үүсэх боломжгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

            Хохирогч Б.Мэс гаргаж өгсөн эмчилгээний баримт /хх-ийн 38-43 дугаар хуудас/,

            Хохирогч Б.Мэр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-65 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Мнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх баримт /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Х.Мд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Х.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Х.М нь 2022 оны 11 дүгээр сарын 08-наас 11 дүгээр сарын 09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.........................” караокены үүдэнд Б.Мтэй тооцоогоо төлсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь "зүүн завжинд язарсан шарх, баруун, зүүн өвдгөнд зулгаралт" бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн караокед 7-8 уулаа орсон байдаг тэгээд бөөнөөрөө 2 шил 0.75 литрийн савлагаатай архи ууцгаасан. Тэгээд сууж байгаад дээр нэр дурдагдсан 2 найзтайгаа бид гурав үлдсэн. Гэтэл манай Батхүү, Отгонжаргал хоёр хоорондоо урьдын таарамжгүй харилцааны улмаас бага зэрэг маргалдсан. Тэр хоёрыг муудаад байхаар нь гэрлүүгээ гараад явах гэж байтал үйлчлэгч залуу нь 25 орчим насны 170 см өндөртэй залуу тооцоогоо хий гэж хэлээд хаалгаа цоожилчхоод гаргахгүй байхаар нь наана чинь манай хоёр найз үлдсэн шүү дээ наад хүмүүс чинь тооцоогоо хийчихнэ гэж хэлэхэд тэр хамаагүй тооцоогоо хийж байж гар гээд гаргахгүй байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд тэр залуутай маргалдсан санагдаж байна яг юу гэж маргалдсанаа санахгүй байна. Би буцаж караокены өрөө рүү ороод тооцоогоо хий гэж байна гэж хэлэхэд манай нэг найз гараад тооцоогоо хийсэн. Тэгээд гурвуулаа гарах гэж байхад нөгөө хоёр маргалдсан. Бид хэд хаалгаар гарах үед нөгөө маргалдсан залуу хаалга тайлж өгөхөд намайг гаргахгүй байсныг бодоод нөгөө залуу руу янз бүрийн үг хэлчихсэн юм шиг байна лээ тэрнээс болоод миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон бөгөөд би шатны уруу өнхрөөд уначихсан. Тэр үед манай хоёр найз хараад зогсож байсан. Харин тэр үйлчлэгч залуу цохичхоод дотогшоо гүйгээд орчихсон. Би цохиулсандаа шаралхаад буцаж ороод нөгөө залуугаа хайгаад олоогүй. Цохиулсан талын шанаа хэсэгт уруул язарчихсан байдалтай байна. Шатнаас унах үед өвдөг, тохой, бугалга зэрэг биеийн хэсгүүдэд хөхрөөд гэмтчихсэн юм шиг байна. Бас унах үед миний куртик урагдсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч болсон үйл явдлын талаар бүгдийг нь мэдэж байгаа би өөрөө санаж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №15447 дугаартай Б.Мийн биед зүүн завжинд язарсан шарх, баруун, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэн байна. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

            шинжээч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Мийн биед учирсан зүүн завжны язарсан шарх нь тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун зүүн өвдөгний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох хүчний улмаас үүсэх боломжтой. Унах үед үүсэх боломжгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

            хохирогч Б.Мэс гаргаж өгсөн эмчилгээний баримт /хх-ийн 38-43 дугаар хуудас/,

            хохирогч Б.Мэр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-65 дугаар хуудас/,     

            хохирогч Б.Мийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгсөн эмчилгээний баримтууд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Шүүгдэгч Х.Мнийн үйлдлийн улмаас хохирогч Б.Мийн биед хөнгөн хохирол учирсан болох нь хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба харин Х.М хохирогчийн биед халдаж гэмтэл учруулаагүй талаар нотлох баримт хэрэгт цуглараагүй, түүний гэм бурууг няцаан үгүйсгэх нөхцөл байдал, нотлох баримт үгүй байна.

            Өөрөөр хэлбэл хохирогч Б.Мийн биед учирсан зүүн завьжны шарх, баруун, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр үүссэн байх боломжтой нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн Х.Мэс өөр этгээд энэ гэмтлийг учруулсан болон энэхүү гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Х.Мнийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Х.Мнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Шүүгдэгч Х.Мнийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч тэрээр 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Лазер мед эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн гэж 120,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт эмчилгээ хийлгэж 50,000 төгрөг, куртик урагдсан гэж 2,200,000 төгрөг тус тус нэхэмжилжээ.

Дээрх нэхэмжилсэн дүнгээс 120,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Учир нь хохирогч Б.М 2022 оны 11 дүгээр сарын 10-н өдөр өгсөн мэдүүлэгтээ “миний өмсөж явсан савхин куртик Турк улсаас 2021 онд 3,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэж мэдүүлсэн боловч 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатар их дэлгүүрийн ...................... дэлгүүрийн 2,200,000 төгрөг гэсэн зарлагын баримт хавтаст хэрэгт гаргаж өгсөн, үнэлгээний байгууллага 460,000 төгрөгөөр үнэлсэн, мөн хохирогч Б.М хэрэг учрал болсноос хойш 1 жилийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 50,000 төгрөгөөр шалтгаан нь тодорхойгүй эмчилгээ хийлгэсэн буюу нийт 2,250,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх боломжгүй юм. Куртик хэрхэн урагдсан, ямар гэмтэл тогтоогдсон зэрэг нь ойлгомжгүй, тодорхой бус байна.

Иймд Иргэний хуулийн 497.1 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Мийн толгойн компьютер томограф зураг авхуулсан 120,000 төгрөгийг шүүгдэгч Х.Мэс гаргуулж хохирогч Б.Мд олгох нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Х.Мнийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Х.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Түмэд овогт Хан-Эрдэнийн Маргад-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мнийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Мнийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Мэс 120,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мд олгосугай.

5. Шүүгдэгч Х.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Г.УУГАНБААТАР