Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/42

 

 

 

 

 

 

2024         01         04                                    2024/ШЦТ/42

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул, улсын яллагч М.Сүхчулуун, шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “2306 02878 2289” дугаартай хэргийг шүүх 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Дорнод аймаг Баян-Уул суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Баатархайрханы 00 тоотод оршин суух хаягтай, урьд

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

          Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 Дугаар сарын 10-ны өдрийн 1155 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 зааснаар хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

          Д.УРД: /ХХ000000000/

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Д.Унь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Унь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн ХАВТАСТ ХЭРГИЙН тоотод оршин суух хохирогч Н.Дгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч "Тошиба" брэндийн 32 инчийн LED зурагт, "Найк блайзер" загварын цагаан өнгийн пүүз, "Жордан-1" загварын хар улаантай пүүз, "Найк Кайре" загварын цагаан улаантай пүүз, хар өнгийн зуны ботинк зэргийг хулгайлж 548.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 08-10 дахь тал/

 

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Жанболатын бичсэн илтгэх хуудас, /хавтаст хэргийн 11 дэх тал/

 

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Мөнх-Эрдэнээс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн хохирогч Н.Дд "Тошиба" загварын телевизор 1 ширхэг, цагаан өнгөтэй пүүз гутал 1 ширхэг, цагаан улаан өнгөтэй пүүз гутал 1 ширхэг, цагаан хар өнгийн пүүз гутал 1 ширхэг, хар өнгийн ботинк 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хавтаст хэргийн 12 дахь тал/

 

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Н.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манайх Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн ХХтоотод байдаг бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өглөө би гэртээ ганцаараа байж байгаад 10 цагийн орчимд гэрээсээ гараад би гэрийнхээ хаалгыг цагаан өнгийн цоожоор цоожлоод гарсан. Айлд очоод байж байтал охин Мөнгөнчимэг над руу 12 цагийн орчимд байх залгаад "Гэрт ирсэн чинь гэрийн цоож байхгүй, гэр лүү ороход телевизор болон хүүгийн пүүз байхгүй байна" гэж хэлсэн. Тэгээд би шууд гэрлүү очиход авдарт байсан ач хүүгийн пүүз болон авдар дээр байсан телевизор байхгүй мөн орны доор байсан ач хүүгийн 2 хос пүүз болон 1 ботинк байхгүй байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

 

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...Манайх Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн ХХтоотод байдаг бөгөөд тухайн хаягт би одоогоор эмээ болон ээжийнхээ хамтаар амьдарч байгаа. 2023 оны 05 дугаар сарын 17-ны орой би найзындаа хоносон бөгөөд 05 дугаар сарын 18-ны өдөр гадуур явж байхад 13 цагийн орчимд байх /цагийг нь санахгүй байна гэх/ манай ээж над руу залгаад "гэрт ирсэн чинь зурагт болон чиний гуталнууд байхгүй байна" гэхээр нь цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд манай ээж болон эмээ цагдаад дуудлага өгсөн юм шиг байсан бөгөөд төд удалгүй ээж залгаад хулгай хийсэн хүнийг барьсан гэж хэлсэн. Тухайн үед манай гэрээс "Тошиба" брэндийн 32 инчийн LED зурагт, миний "Nike blazer" загварын цагаан өнгийн пүүз, "жордан-1" загварын хар улаантай пүүз, "Nike kyrie" загварын цагаан улаантай пүүз болон миний хар өнгийн зуны ботинк алдагдсан байсан. Зурагт нь манай эмээгийн зурагт, бусад гутал болон ботинк нь минийх бөгөөд би цагаан өнгийн пүүзийг 2023 оны 05 сарын эхээр 320,000 төгрөгөөр авч байсан бөгөөд 270,000 төгрөгөөр үнэлнэ. Жордан пүүзийг 1 жилийн өмнө 150,000 төгрөгөөр авч байсан бөгөөд 70,000 төгрөгөөр, цагаан улаантай пүүзийг 2 жилийн өмнө авч байсан бөгөөд 50,000 төгрөгөөр үнэлж байна. Ботинкийг 2 жилийн өмнө 150,000 төгрөгөөр авч байсан бөгөөд 50,000 төгрөгөөр үнэлнэ. Цагдаагийн байгууллага хэргийг шуурхай илрүүлж алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтэн буцааж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

 

2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.А“ ...Би Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа жолооч ажилтай бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх Дүүргийн 13, 14, 42 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу "Цайз-113" чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Жанболатын хамт үүрэг гүйцэтгэж байсан юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 13.03 цагийн орчимд БЗД-ийн 13-р хороо, дүүргийн ХХтоотоос эд зүйл алдагдсан гэх дуудлага ирсний дагуу дэслэгч Жанболат бид хоёр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Цагаан хуаран" хотхоны хойд талын хэсэгт явж байхад 30 орчим насны, архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэдэг байж болзошгүй согтуу сэжиг бүхий хүн явж байсан. Тэгэхээр нь тэр эрэгтэй хүнийг очиж шалгахад зурагт болон хайрцагтай эд зүйл бариад явж байхаар нь түүнийг үзэхэд хар өнгийн LCD зурагт болон хайрцаг дотор нь пүүзнүүд байсан. Тэгээд тухайн хүнийг цагдаагийн хэлтэст хүргэсэн. Тэр хүний биеийн байцаалтыг шалгахад Д.Угэх хүн байсан бөгөөд хулгайлан авч явж байсан эд зүйлсийг нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Тухайн хүн ганцаараа явж байсан бөгөөд тэр хүн хэлэхдээ би ганцаараа айл руу ороод хийсэн гэж хэлсэн. Өөр нэг их зүйл яриагүй. /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

 

2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн шинжээчийн БЗ1-23-1014 дугаартай дүгнэлт, /хавтаст хэргийн 28-29 дэх тал/

 

2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагч Д.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Жуковын нэрийг нь мэдэхгүй гэх сүмийн хажууд 0,5 литрийн "Ерөөл" нэртэй архи уусан. Ингээд нэлээд согтоод Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 02 дугаар гудамжны 77 тоот гэх ногоон өнгийн хаалгатай хашаанд цоожтой монгол гэр байхаар нь цоожийг нь гараараа татахад цоож нь онгойсон. Тэгэхээр нь гэрт нь ороод 32 инчийн "Toshiba" загварын зурагт, 3 ширхэг пүүз, нэг ширхэг ботинк хулгай хийсэн. Ингээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Нарантуул" олон улсын худалдааны төв рүү явж байхад хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарт баригдсан. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 02 дугаар гудамжны 77 тоот айлаас хулгайлсан эд зүйлээ цагдаа нарт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.  

Иймд шүүгдэгч Д.У нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Унь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн байцаалтын шатанд "Тошиба" брэндийн 32 инчийн LED зурагт, "Найк блайзер" загварын цагаан өнгийн пүүз, "Жордан-1" загварын хар улаантай пүүз, "Найк Кайре" загварын цагаан улаантай пүүз, хар өнгийн зуны ботинк зэргийг Д.Уөөс хураан авч, хохирогч Н.Дд хүлээлгэн өгсөн болох нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тохирсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Унь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 50 хоногийг эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Уөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 4, 36.6, 36 7. 36.8 дугаар зүйлийн 1. 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Д.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан шүүгдэгч Д.Уөд 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Уөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Уийн энэ хэрэгт цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Уөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ