Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/08

 

 

 

   

                                

      2024         01           08                                       2024/ШЦТ/08

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр

улсын яллагчаар ахлах прокурор Э.Болор

хохирогч,иргэний нэхэмжлэгч УБТЗийн хууль ёсны төлөөлөгч Х.Э, Б.Т

хохирогч,иргэний нэхэмжлэгч БТЕГ ХХК-ний хууль ёсны төлөөлөгч  Х.А

хохирогч,иргэний нэхэмжлэгч СҮТЗ  байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаа

хохирогч,иргэний нэхэмжлэгч СҮТЗ  байгууллагын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Уранцэцэг,

иргэний хариуцагч МТЛ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.С,

иргэний хариуцагч МТЛ ХХК-ийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч С.Э

шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Жаргалсайхан

шүүгдэгч Ж.Э, Ж.Д, А.Ц, З.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц, З.Х  нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч   Ж.Э, Ж.Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн 2219003930514 дугаартай хэргийг 2023 оны 11 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, ... настай, эрэгтэй, Ж.Э

2.Монгол улсын иргэн, Ж.Д

3.Монгол улсын иргэн, А.Ц

4.Монгол улсын иргэн, З.Х

 

 

         Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ж.Э нь “МТЛ” ХХК-ийн захирал М.Стай Зүтгүүрийн ашиглалтын инженер албан тушаалд ХГ-22/13 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын С. Ажлын байрны гүйцэтгэх үүрэг-ХАБЭА-н шаардлагыг бүрэн хангах ажлын хүрээний 2 /Ашиглалтын хэсгийн нийт ажилтнууд ажил үүрэгтэйгээ холбоотойгоор ажлын байр, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл болон илчит тэрэгний түлхүүр багаж, галын хорны ХАБЭА-н 3 шатны үзлэгийг хийж 1, 2-р шатанд үзлэг хийсэн тэмдэглэл хөтөлж байгаад хяналт тавьж ажиллах/ гэсэн заалтыг,

шүүгдэгч Ж.Д нь “МТЛ” ХХК-ийн захирал М.С тай зааварлагч машинч албан тушаалд ХГ-22/57 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа  зааварлагч машинчийн ажлын байрны тодорхойлолтын С. Ажлын байрны гүйцэтгэх үүрэг-ХАБЭА-н шаардлагыг бүрэн хангах ажлын хүрээний 1/Илчит тэрэгний машинч, тусах машинч нарт ажлын байрны өдөр тутмын зааварчилга өгч, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ачаа зөөвөр, сэлгээ, депо дээр ажиллах зүтгүүрийн бригадуудыг ажлын чиг үүргээр ханган ажиллах/ гэсэн заалтыг зөрчин илчит тэрэгний машинч З.Х, туслах машинч Л.Ц нарт өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, хяналт тавьж, хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлыг журмыг сахин хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас машинч З.Х, туслах машинч Н.Ц нар нь зүтгүүрийн хяналтын камерыг салгаж  согтууруулах ундааны зүйл хэрэглэж явахдаа замаас гарч осолдсоны улмаас “УБТ” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 1,377,867,581.47 төгрөг, “БТЕГ” ХХК-д 1,564,238,800 төгрөг, “МТЛ” ХХК-д 6,067,393,081 төгрөг, “МТЗ” ТӨХК-д 143,895,197.27 төгрөг, “СҮТЗ” байгууллагад 401,906,669 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу нийт 9,555,301,328.74 төгрөгийн хохирол учруулсан,

 

   Шүүгдэгч А.Ц нь ... дугаартай СКD -4В-3006 маркийн зүтгүүрийн туслах машинчаар, шүүгдэгч З.Х нь нь ... дугаартай СКD -4В-3006 маркийн зүтгүүрийн машинчаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.Ажилтан дараах үндсэн үүрэгтэй 42.2.3 /ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон... хэрэглэхгүй байх/, 42.2.5 /техник, технологийн горим баримтлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн чиглэлээр ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг мөрдөж ажиллах/ заалтууд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, 18.2.2 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, 18.2.8 /ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах/гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, “МТЗ” ХХК-ийн өмчлөлийн Зүүнбаян-Таван толгой чиглэлийн төмөр замын Зүүнбаян өртөөнөөс 77 км-т байх  “Хулангийн шанд” өртөө орох замд “2022 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цаг 50 минутад ... дугаартай СКD-4В-3006 маркийн зүтгүүр хагас вагон 3 ширхэг үүнд 128.9 тонн дэр бетон, тавцант вагон 14 ширхэг 744.8 тонн төмөр замын рейс төмөр  тээвэрлэн явахдаа хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчиж зүтгүүрийн хяналтын камерыг салгаж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж явахдаа замаас гарч осолдсоны улмаас “УБТ” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 1,377,867,581.47 төгрөг, “БТЕГ” ХХК-д 1,564,238,800 төгрөг, “МТЛ” ХХК-д 6,067,393,081 төгрөг, “МТЗ” ТӨХК-д 143,895,197.27 төгрөг, “СҮТЗ” байгууллагад 401,906,669 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу нийт 9,555,301,328.74 төгрөгийн хохирол учруулсан”                                        гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч З.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 11 цагийн үед ажилд гарсан. 3006 гэдэг галт тэргийг Бадарч гэх хүнээс авч анхны аяллаа хийсэн. Булангийн шанд дээр очиж хоосон вагон авч 13:40 минутын үед Зүүнбаян луу явсан Д зааварлагч, А.Ц туслах машинист нар болон ард 4,5 хүн албаны ажилтай явсан. 16 цагийн үед Зүүнбаян өртөө завгүй байсан учраас өртөөний зааг дээр 2 цаг гаран зогссон. 19 цагийн үед өртөө рүү хоосон вагон чирээд орсон. 21 цагийн үед хоосон вагоны үзлэг явагдаж байна гэсэн учир өртөөний 2 дугаар зам дээр зогсоод А.Ц дэлгүүр орж хүмүүсийн захисан юмнуудыг авчирсан. Дараа нь би дэлгүүр орсон. 21 цаг өнгөрөөж хоосон вагоны үзлэг дуусаж, ачааны үзлэг эхэлсэн. 22 цаг 30 минутын орчимд вагоноо шалгуулаад баримтаа аваад томилгооны хуудсаа тамгалуулж аваад 23:20 минутын үед хөдлөөд 48-р км-н гүүр хүртэл сэрүүн явсан тэрнээс хойш унтсан байсан. Ц бид 2 зургаа зургаан ширхэг пиво уусан.  Болсон бүх зүйл дээр буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлэг,

  

Шүүгдэгч Б.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Өглөө 10 цаг өнгөрөөгөөд З.Х бид хоёр ажилд дуудагдсан. 3006 илчит тэрэг дээр анхны аяллаа хийсэн. Д зааварлагч, машинист Х, бид нар явсан. 14 цагийн орчимд Зүүнбаян лүү хөдөлж, 17 цагийн үед Зүүнбаян өртөө рүү орсон. Өртөөний 2 дугаар зам руу ороод тэр хооронд хүмүүсийн захисан юмнуудыг авсан. Юмаа авчхаад тоормосоо шалгаад, машинист цаг харж явдаг болохоор хэдэн цагт хөдөлснийг сайн мэдэхгүй байна. Зүүнбаянгаас хөдлөөд 45-ийн гүүр өнгөрөөд унтсан байсан. 6 лааз пиво ууснаа хүлээж байна гэсэн мэдүүлэг

 

Шүүгдэгч Ж.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр 3006 илчит тэрэгтэй машинист З.Х, А.Ц нартай хулангийн шандаас ачаа авч Зүүнбаян явсан. Өөр өртөөнд ажиллаж байгаад 10 хоног амраад 20 хоног ажиллахаар ирсэн байсан. Өмнө Зүүнбаян өртөө рүү шөнийн цагаар явдаг байсан. Би ер нь хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц газар орчныг тогтоож машинист нарт хэлэх үүрэгтэй учраас энэ 2-той явсан. Зүүнбаян өртөө рүү орохгүй өртөөний наад талд 18:30 цаг хүртэл зогссон. Тэгээд өртөөнөөс намайг дуудаад явсан гэсэн мэдүүлэг

 

Шүүгдэгч Ж.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 3006 дугаар галт тэрэг Хандгайтаас ирээд засварт орсон. Техник дээр нь зөрчил гарч, компрессор солих ёстой байсан. Түүнийг засварч нарт хэлсэн. 27-ний шөнө осол болчихлоо гэж хэлсэн. Яг юу болов, зааварлагч явсан гээд очиж үзэхэд шөнө 3 цагийн үед архи уусан байна гэж хэлсэн. 5 дугаар сарын 15-ны өдөр анх ажил эхэлсэн. Тэр цагаас хойш зүтгүүрийн ашиглалт, засварыг хариуцаж байсан. Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын зааварчилгааг өгч, хяналт тавиагүй нь миний буруу гэсэн мэдүүлэг

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч УБТ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан: манай байгууллагад учирсан  хохиролд нийт 1.377.867 581 төгрөгийг одоо гаргуулахаар нэхэмжилж байгаа. Яллагдагч болон иргэний хариуцагч байгууллагатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлая. Төмөр замын тээврийн тухай хуулийн 24 дүгээр зүйлээр төмөр замын тээвэрт оролцогч бүх байгууллагуудад 24 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийтлэг үүрэг бол хийж чаддаг. Энэ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийтлэг  үүрэг нь зөвхөн яллагдагч нарт ч хамаарахгүй түүнийг ажиллуулж байгаа тээвэрлэгч компанид бас хамаарах ийм үүрэг байгаа. Өнөөдрийн хэрэг үйл баримтыг ярилцах явцад энэ яллагдагч нар луу илүү гэм бурууг, зөрчлийг бодох чиглэлээр их ярилаа. Миний зүгээс болохоор иргэний хариуцагч байгууллага буюу МТЛ байгууллага хууль, хуульд нийцүүлэн гарсан дүрэм журам буюу захиргааны хэмжээний актад нийцсэн одоо үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж болохоор энэ хэргийн шаардлагаа гаргаж байгаа. Төмөр замын тээврийн тухай хуулийн 24.1.2-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд одоо төмөр замын бүх үйлчилгээ тээвэрлэлт эрхэлдэг бүх байгууллагад  хэрэгжүүлэхээр энэ Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны  8 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан техник ашиглалтын журам гэж үйлчилдэг. Энэ болохоор Монгол Улсын хэмжээнд төмөр замын тээвэр эрхэлж байгаа бүх тээврийн байгууллага суурь бүтэц эзэмшигч нарт одоо хэрэгждэг ийм захиргааны хэмжээний акт байгаа. Техник ашиглалтын журмаар одоо төмөр замын байгууламж, техник тоног төхөөрөмж хөтлөх бүрэлдэхүүн, за тэдгээр ашиглалт, засвар үйлчилгээ, зам галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулах журам горим зарчмыг тогтоодог ийм маш том үндсэн баримт бичиг байгаа юм. Хэргийн материалтай танилцах болон прокурорын дүгнэлтээс харахаар энэ иргэний хариуцагч байгууллага маань  техник ашиглалтын журам, төмөр замын тээврийн тухай хууль зэргийг  хангалттай хэрэгжүүлж биелүүлж ажиллаагүй байна гэж үзээд байгаа юм. Галт тэрэгний машинч, туслах машинч, зааварлагч машинч хөдөлмөр эрүүл ахуй хариуцсан албан тушаалтнуудыг одоо хэрхэн яаж ажиллах тэр ажлын үйл явц процесс бүгд энэ техник ашиглалтын журмаар нарийвчлан  дарааллыг бүгдийг нь заачихсан байдаг юм. Энийг төмөр замын оролцогч аливаа байгууллага өөрийн дураар  зохион байгуулж хийх ийм эрхгүй. Сайдын баталсан энэ тушаалд төмөр зам техник ашиглалтын журамд нийцүүлж дотооддоо баримт бичгээ боловсруулдаг. Техник ашиглалтын журамд нийцүүлж иргэний хариуцагч байгууллага нь дотооддоо баримтлах энэ ажилчдадаа дагаж мөрдөх төмөр замын тээврийн үйлчилгээгээ эрхлэхэд одоо хэрэгжүүлж ажиллах баримт бичгээ хангалттай  батлуулж мөрдүүлж ажиллаагүй байна. Энэ МТЛ компани өөрөө төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авсан ийм тээвэрлэгч компани. Төмөр замын тээврийн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан энэ сайдын техник ашиглалтын  журмыг биелүүлж ажиллуулах ийм үүрэгтэй. Тэгэхлээр сая энэ яллагдагч нараас асуусан тайлбар зэргээс харахад энэ машинчийн ажил амралтын дэглэм хэрэгжээгүй байна. Машинч галт тэрэгний хөдөлгөөн эхлэхээс өмнөх ажлын дэглэм огт хэрэгжээгүй байна. Үүнийг зөвхөн энэ ХАБ-ын хариуцсан эрх бүхий албан тушаалтан зааварлагч хэрэгжүүлэх үүрэг давхар түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хяналт тавих хэрэгжүүлэх ийм нийтлэг үүрэгтэй. Энэ машинчийн ажил амралтын дэглэм гэдэг бол энэ машинчийн хамгийн чухал үйл явц. Аялалд гарахаас 24 цагийн өмнө амарсан байх. Амарсан үгүйг шалгах буюу үйлдвэрт өртөө зөрлөгийн эмч шалгаж судасны цохилт, даралт, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, ажилд гарахад хэвийн хөдөлгөөний аюулгүй байдал хангах зэрэг бүгд нарийн маш нарийн үйл явцыг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ үйл явц огт хэрэгжээгүйгээс улбаалж өнөөдөр энэ осол гарч нэр бүхий компаниудад  их хэмжээний хохирол хор уршиг учирчхаад байна. Тэгэхээр энэ иргэний хариуцагч байгууллагын ажил үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс улбаалж энэ хохирол учирсан учраас шалтгаант холбоо энэ иргэний хариуцагч байгууллагад холбогдож байна гэж хараад байгаа юм.

Цуваанд нийт 17 вагон явж байсан. 17 вагоны 14 нь УБТЗ эзэмшлийн  вагон байсан. 14-үүлээ тавцант вагон буюу хүнд жингийн  ачаа ачихын тавцант вагон байсан. Ослын улмаас энэ вагонууд маань  ашиглах боломжгүй цаашид тээвэрлэлтэд явах боломжгүй гэдэг комиссын акт гарсан байгаа. Комиссын акт нь 4 дүгээр хавтаст хэрэгт бүрэн авагдсан байсан. Ингээд  манай байгууллагын 14 вагон түүний төлбөрийг  нэхэмжилж байгаа. ...манай эзэмшлийн 11 вагоныг 1,168, 491,788 төгрөгөөр үнэлсэн байгаа. Бид энэ үнэлгээгээр  хохирлоо шаардаж байгаа. Үлдэх 3 вагоныг манай байгууллага ОХУ-ын транс контейнер гэж  чингэлэг тээврийн компаниас  түрээсэлж тээвэрт явуулж ашигладаг байсан. Энэ ашигладаг 3 вагоноос 2 нь  уг ослоор ашиглах боломжгүй гэдэг  акт тавигдаж нэг нь болохоор дахин засварлагдаж өөрсдөө бид тээврийн  засварыг оролцуулж тээвэрт хэвийн явуулж байгаа. Тэр устсан 2 вагоны хохирлыг  ОХУ-ын транс контейнер байгуулсан  үнэлгээнийх нь дагуу бид өөрсдөө төлчихсөн. Учир нь энэ тус компанитай байгуулсан түрээс вагон ашиглах түрээсийн гэрээгээр одоо түрээсийн зүйл устах хохирол хор уршиг гарсан тохиолдолд түрээслэгч буюу УБТЗ 100% хохирлыг барагдуулна гэдэгтэй гэрээ байгуулсан учраас тус компанийн нэхэмжлэл ирүүлж байгаа үндсэн дээр манай компани 2023 оны 11 сарын 29-ний өдөр тус 2 вагоны үнэлгээ бол 3 сая 304 мянган рублийг рублиэр нь тус компанийн дансанд шилжүүлсэн байгаа.

Ингээд үндсэндээ гэмт хэргийн улмаас учирсан  энэ хор уршиг, зардал мөнгө болох 1.472.373.569 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 497,498,509,510 дахь заалтаар  ажиллагсад болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудын учруулсан хор хохирлыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хариуцна гэж  заасан байдаг. Иргэний хуулийн тус заалтаар МТЛ компаниас эдгээр зардлаа нэхэмжилж байна гэсэн тайлбар

 

 Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Агийн шүүх хуралдаанд гаргасан: манай компанийн хувьд 2011 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Си Кэй Ди 4 Ди 3006 маркийн зүтгүүрийг 2011 онд үйлдвэрлэгчээс нь худалдаж авч байсан. Зүтгүүрийн хувьд бол  ашиглах хугацаа 30 жил байдаг үүнээс одоо 19 жилийг нь ашигласан ийм зүтгүүр байсан. Анх худалдаж авч байсан үнийн дүн нь 1,982,140 доллароор худалдаж авсан. 2011 оны 8 сарын 1-ний өдөр МТЛ компанитай түрээслэх гэрээ байгуулаад 15 жил дахиад цаашаа сунгагдах нөхцөлтэйгөөр энэ зүтгүүрээ түрээслүүлж байсан.

...Манайх  хохирсон гээд гаргаад байгаа тооцооллоо Хятад ард улсаас ирсэн үнийн саналыг шинэ сэлбэг хэрэгслийн үнийн саналаар аваагүй ашиглачихсан байсан 19 жилийнхээ хугацааг хасаад  хувь тэнцүү тооцсон байгаа орчуулгынх нь хамт хэрэгт гаргаж өгсөн. Компанид бол нийтдээ манайх өөрсдөө гаргахдаа болохоор 1,665,790,533 төгрөгийн хохирол учирсан. Энэ нь бол одоо 3 зардлаас бүрдэж байгаа. 1 дүгээрт шаардлагатай солих засварлах сэлбэг хэрэгслийн дүн бол 1,028,361,681 төгрөг болж байна 2 дугаарт УБТЗ-ын даргын ... оны ... тоот тушаал байгаа энэ тушаал болохоороо захиргаа аж ахуй болон ажил үйлчилгээний зардлын хувь хэмжээг тогтоосон тушаал. Энэ нь гадны байгууллагын зүтгүүрийг засварлах энэ засварын үнэлгээг тушаалаар баталгаажуулсан байдаг.Тушаалын дагуу манайх зүтгүүрээ УБТЗ-ын замд аваачиж засварлуулахад нийт гарах зардал нь 137,428,852 төгрөг болно гэж тушаалын дагуу гарч ирсэн байгаа. 3 дугаар зардал нь Дорноговь аймгаас Сэлэнгэ аймаг руу энэ зүтгүүрийг тээвэрлэх зөөх ачих буулгах ийм зардал гарна. Энийг бид нар БТЕГ компани нь бас МТЛ компанид хүсэлт тавьсны дагуу зардлынх нь тооцоог гаргаж өгч байдаг юм. Энэ  тээвэрлэх зардал нь 500 сая төгрөг болж байгаа. 500 саяынхаа задаргааг нь хэрэгт гаргаж өгсөн байгаа.

 500 сая төгрөгийг манайд одоогоор төлөөгүй байгаа.  Энэ 500 саяыг  манай компанийн хувьд  шүүхээс хэн гэм буруутайд тооцогдож гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тэр тогтоогдсон этгээдээс гаргуулах хүсэлтэй байна гэсэн тайлбар

 

СҮТЗ байгууллагын төлөөлөгч Б.Амарсанаагийн шүүх хуралдаанд гаргасан: 2022 оны 9 сарын 28-ны өдөр МТЗ болон УБТЗ СҮТЗ манай Коксом повер компанийн ажлын хэсэг энэ хэргийн газар дээр хамтарсан ажлын хэсэг гаргаад өөрсдийнх нь хамаарах дохиолол холбооны эвдэрч гэмтсэн тоног төхөөрөмжийн үзлэг шалгалтын ажлыг явуулаад акт үйлдээд хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Энэ актын хүрээнд ерөнхийдөө манайд 401.906,669 төгрөгийн хохирол учирсан гэдэг. Энэ дээр болохоор бид нар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 41 сая 800 мянган төгрөгийг нэмээд нийт 443.706.669 төгрөгийг иргэний хариуцагчаас нэхэмжилж байгаа. Мөрдөн байцаалтын явцад иргэний хариуцагч талаас манайд авсан энэ хохирлыг маргахгүй гэдэг. Анх МТЗ маань өөрсдөө энийг нэгтгээд манай өмнөөс нэхэмжлээд явъя гэдэг асуудал хөндөгдөөд явж байсан. Гэхдээ энэ ажлыг улсын комисст хүлээлгэж өгөөгүй байгаа. Манайх яг гүйцэтгэлийн ажилдаа явж байсан болохоор танайх өөрсдөө тусдаа нэхэмжлээд явах нь зүйтэй байх гэдэг үүднээс манайх тусдаа хохирогч болоод явсан гэсэн тайлбар

 

иргэний хариуцагч МТЛ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Сын шүүх хуралдаанд гаргасан: Бид нар улсын яллагчийн дурдсан бид нараас нэхэж байгаа энэ мөнгө төгрөг зардалд нэлээн удаан хугацаанд 1 жил 3 сар ажиллаж байгаа. Боломжтой хэмжээгээр бол төлөөд явж байгаа. Саяын өмгөөлөгчийн ярьсан шиг бид нар МТЗ-тай холбоотой, УБТтай холбоотой энэ гарсан эд хөрөнгийнх нь үнэлгээ дээр маргаан  байхгүй байгаа. Харин сая өмгөөлөгчийн зардлыг  нэмж нэхэмжилснийг мэдлээ. Үүнийг зөвшөөрөхгүй байгаа гэсэн мэдүүлэг

 

1.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1хх-26-70 тал/,

2.Зүтгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2022.09.27-ний өдрийн 12-19 цаг хүртэлх бичлэгтэй 19 цагаас хойш бичлэг хийгдээгүй/, /1хх-71-76 тал/,

3.Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /БТЕГ ХХК/ ”... хохирлын актыг зүтгүүр түрээслэгч МТЛ ХХК-ний мэргэжлийн хүмүүс ажлын хэсэг гаргаж зүтгүүрт шинээр авч суурилуулах сэлбэг хэрэгсэл, түүнийг авч ирэх болон ачилт буулгалтын зардал, бусад зардал гэсэн тооцооллоор актыг нотлох баримтын хамт манай компанид танилцуулж, манай компанийн зүгээс зардлын хэмжээг зөвшөөрсөн. Зүтгүүрт хийгдэх засварын тооцоо нь 1.665.790.533 төгрөг болсон...”/1-хх 117-118 тал/, “...Манай байгууллагаас учирсан хохирлын талаарх баримтуудыг хэрэгт гарган өгч, хавсаргуулсан, мөн шинжээчийн дүгнэлтээр гарсан байгаа. 1,564,238,800 төгрөгийн хохирлоос иргэний хариуцагч “МТЛ” ХХК-с 3006 дугаарын зүтгүүрийн сэлбэг хэрэгслийг захиалж оруулж ирж, манай компанид хүлээлгэн өгсөн, манай компанид хохирлоос 1,064,238,800 төгрөгийг барагдуулсан байгаа. Одоо 3006 дугаарын зүтгүүрийг Алтан ширээ дэх Ачилт буулгалтын талбайгаас Сэлэнгэ амгийн Хандгайт өртөө рүү ачих, буулгах тээвэрлэх зардалд үнэлгээгээр тогтоогдсон үлдэгдэл 500,000,000 төгрөгийг нэхэмжилнэ. Уг тээвэрлэх зардлын талаарх баримтыг гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг /1хх-126 тал/,

4.Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /МТЛ ХХК/ “...МТЛ ХХК-нь төмөр зам барих ажилд тээвэрлэлтийг хариуцан ажиллаж, манай компани төмөр зам барих ажлыг хийж гүйцэтгэж байсан. Тухайн осол гаргасан МТЛ ХХК-ны зүтгүүрт манай компани төмөр зам барих ажилд ашиглах материал буюу 576 ширхэг дэр бетон, 744,8 тонн төмөр замын рейс төмөр тээвэрлүүлж байсан...”, “...Ослын улмаас манай компанийн бараа материал эвдэрч гэмтсэн үнийн дүн 2.761.287.589 /хоёр тэр бум долоон зуун жаран нэгэн сая хоёр зуун наян долоон мянга таван зуун наян ес/ төгрөг...”, “...Тухайн осол болсны дараа манай компани МТЗын өмчлөлийн Хулангийн шанд өртөө орох хэсгийн ослын улмаас төмөр замын эвдэрсэн хэсгийг өөрийн бараа материалыг гарган сэргээн засварласан, сэргээн засварлахад...”, “...нийт 3.306.105.491 /гурван тэр бум гурван зуун зургаан сая нэг зуун таван мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөг...”, “...Манай компанид нийт 6.067.393.081 /зургаан тэр бум жаран долоон сая гурван зуун ерэн гурван мянга наян нэг/ төгрөгийн хохирол учраад байна...”/1-хх-132 тал/, “...Хохирлын талаар урьд өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй дурдсан. Уг хохирлоос иргэний хариуцагч МТЛ ХХК нь биет байдлаар болон хоорондын тооцоогоор төлж барагдуулсан. Иргэний хариуцагчаас гарган өгсөн “Хулангийн шанд зөрлөгт гарсан ослын хохирлын зардлын судалгаа”-тай танилцаа, уг хүснэгтийн 2-т дурдагдсан 2 ширхэг суман шилжүүлэг, 402 ширхэг бетонон дэрийг биет байдлаар, мөн хүснэгтийн 9, 10, 11, 12-т дурдсан хохирлуудыг хоорондын тооцоогоор бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-145 тал/ ,

5.Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /УБТ/ “...... дугаар галт тэрэг замаас гарч осолдох үед манай байгууллагын өмчлөлийн 11 ширхэг чингэлэг тээврийн вагон, ОХУ-ын тээврийн компаниас түрээсэлж байсан 3 тавцант вагон, нийт 14 вагонд хохирол учирсан...”,  “...14 вагоны үнэлгээгээр хохирлыг гаргуулах хүсэлтэй байна. Хохирол нөхөн төлөгдсөн тохиолдолд ямар нэгэн гомдол, саналгүй болно...” гэсэн мэдүүлэг /1хх-153-154 тал/,

6.Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /УБТ/ “...Ямар нэгэн гэрээгүй тээвэрлэлт хийх явцад осол болсон...”, “...ОХУ-ын Т ХХК-аас 2 ширхэг тавцант вагоны үнэлгээг гаргаж ирүүлсэн. 1 ширхэг тавцант вагоны үнэ 1.968.000 рубль гэж ирүүлсэн. Ослын актаар УБТын эзэмшлийн 11 вагон нь цаашид ашиглах боломжгүй, ОХУ-ын Т ХХК-ний 3 тавцант вагоны 2-ыг мөн адил ашиглах боломжгүй гэж гарсан. Үлдсэн 1 ширхэг тавцант вагоныг засварлах боломжтой гэж гарсан...”, “...Цаашид манай 11 тавцант вагоны үнэлгээ болон засвар хийх вагоны засварын үнэлгээ нэмэгдэж нийт хохирол гарна...”, “...11 тавцант вагоны үнэлгээг бид өөрсдөө гаргаж БТЕГ ХХК-руу албан ёсоор мэдэгдэнэ. Мөн засвар хийгдэх 1 вагоны засварын зардлыг нийт хохирол дээрээ нэмж хүргүүлнэ. Хохирол нөхөн төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд манай байгууллагаас гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /1хх-158-159 тал/,  дахин мэдүүлэхдээ УБТЗ ХНН болон Т олон нийтийн хувьцаат нийгэмлэг /ПАО Т/-тэй байгуулсан №ТКд/17/07/0001 дугаартай Түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйл түрээслэгчид шилжсэнээс хойш учирсан аливаа эвдрэл, гэмтэл хохирлыг түрээслэгч шууд хариуцахаар уг түрээсийн гэрээний 6.2 дахь заалтаар харилцан тохиролцсон. Монгол Улсын иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан Түрээсийн гэрээний зохицуулалтаар мөн адил түрээсийн зүйл түрээслэгчид шилжсэнээс хойших хор хохирлыг түрээслэгч хүлээхээр зохицуулсан тул түрээслэгч байгууллага болох УБТЗ ХННийгэмлэг нь ашиглалтгүй болсон 2 вагоны хохирлыг хариуцахаар байна. Засварлагдсан 1 вагоны сэргээн засварлах зардал, ажилчдын хөлс зэрэг бүх зардлыг УБТЗ ХННийгэмлэг буюу манай байгууллага хариуцан гаргасан уг түрээсийн гэрээний 6.3 дахь заалтаар түрээсийн вагон эвдэрч гэмтсэн тохиолдолд түрээслэгч өөрийн зардлаар засварлах үүргийг хүлээсэн, үүнтэй холбоотой засварын зардлыг хэрэгт баримтаар гаргаж өгсөн байгаа. Ийм учраас үнэлгээгээр тогтоогдсон ашиглалтгүй болсон 2 вагон, сэргээн засварласан 1 вагоны хохирлыг буруутай этгээдээс гаргаж өгнө үү. Дээрх дурдсан УБТЗ ХНН болон Т олон нийтийн хувьцаат нийгэмлэг /ПАО Т/-тэй байгуулсан №ТКд/17/07/0001 дугаартай Түрээсийн гэрээний дагуу манай байгууллага хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон, манай байгууллагын эзэмшлийн 11вагон, Оросын холбооны улсын Т олон нийтийн хувьцаат нийгэмлэг /ПАО Т/-ийн эзэмшлийн 3 вагоны хохирол тогтоохтой холбоотой гарсан зардлуудыг нэхэмжил байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-*161-162 тал/,

7.Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Хүдэрчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /МТЗ/ “...Зүүнбаянгаас Таван толгой чиглэлийн төмөр зам нь МТЗ ТӨХК-ын өмчлөлийн зам байгаа юм. Уг зам нь 2019 оны 04-р сараас эхлэн шинээр баригдсан, 2021 онд Зам тээвэр хөгжлийн яамны сайдын Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн замд зүгшрүүлэх тээвэр хийх тушаал гарч бэлтгэл ажил хийгдэж байгаад 2022 оны 03-р сараас эхлэн зүгшрүүлэх тээвэр хийгдэж эхэлсэн. Ослын улмаас төмөр замын суман шилжүүлэг, дохиолол холбооны байгууламжид 140.848 доллар /нэг зуун дөчин мянга найман зуун дөчин найман ам доллар/-ын хохирол, эвдэрсэн дохиолол холбооны байгууламжийг Солонгос улсаас татан авахад гарсан гаалийн татвар болон НӨАТ-н 15.111.787 /арван таван сая нэг зуун арван нэгэн мянга долоон зуун наян долоо/ төгрөг, зам хаагдсан үеийн тээврийн орлогын зардал 180.858.126 /нэг зуун наян сая найман зуун тавин найман мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийн хохирол тус тус учирсан. Эдгээр учирсан хохирол төлбөрөөс “МТЛ” ХХК нь өөрийн хөрөнгөөр суман шилжүүлэг замыг засаж өгч хэвийн байдалд оруулсан бусад учирсан хохирол төлбөрийг тухайн компаниас төлж барагдуулахаар удирдлагын түвшинд уулзалт хийж хохирол төлбөрийг МТЛ ХХК-нь төлж барагдуулахаар тохирсон байгаа тул эрүүгийн хэрэгт манай компанийн зүгээс гаргах өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-166 тал/, дахин мэдүүлэхдээ “...Ослын улмаа Хулангийн Шанд зөрлөгийн төмөр замын засварлах, сэргээн босгох ажил явагдаж тухайн ажлыг “МТЛ” ХХК хийж гүйцэтгэсэн. “МТЛ” ХХК нь уг засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ манай байгууллагаас Р-65 зам төмөр 20 ширхэг, Р-65 суман шилжүүлгийн бетон дүнз /ком/, Р-65 суман шилжүүлэг /ком/ зэрэг бараа, материалыг авч сэргээн босголт засварын ажлыг хийж гүйцэтгэн хэвийн ажиллагаанд оруулсан. Манай байгууллагаас Р-65 зам төмөр 20 ширхэг, Р-65 суман шилжүүлгийн бетон дүнз /ком/, Р-65 суман шилжүүлэг /ком/ зэрэг бараа, материалыг тухайн ослын үед  “МТЛ” ХХК нь хүлээлгэж өгсөн, тухайн материалыг манай байгууллагад биет байдлаар нь эргүүлэн хүлээлгэн өгөх юм бол манай байгууллага уг материалыг нэхэмжлэхгүй. ....” гэсэн мэдүүлэг /1 хх-173-174 тал/,

8.Иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Тамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /МТЗ/ “...Шинжээчийн дүгнэлтээр гарсан 143.895.197.27 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-178 тал/,

9.Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /СҮТЗ/ “...Төмөр замын дохиолол холбооны бүх техник хэрэгслүүдийг БНСУ-аас өөрсдөө татан оруулж ирж, гэрээний дагуу угсралтын ажлыг явуулж байсан. Уг гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэж байх үед уг төмөр замд осол гарч, манай суурилуулж байсан дохиолол холбооны төхөөрөмж дайрагдаж, ашиглах боломжгүй болсон учир “МТЗ” ТӨХК, “УБТЗ” ХНН-ийн төлөөлөгч нартай ярилцаж гэрээний дагуу манайх өөрсдийн зардлаар шинээр суурилуулсан. Ашиглах боломжгүй гэдэг нь тухайн осол болсон газарт хийсэн албаны байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Манай байгууллага уг хохирлыг нэхэмжилж байгаа. Энэ талаарх баримтыг тухайн осол болох үед нь гаргаж өгсөн, мөн би энэ талаарх гэрээ, баримтыг гаргаж өгсөн... БНСУлсаас тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, туслан гүйцэтгэгч компаниас үнийн санал авсан. Уг үнийн саналыг бодитой гарсан эсэхийг ажил гүйцэтгэх гэрээний төсөвтэй харьцуулж, хянаж үзсэн. Энэ нь бөөний болон жижиглэнгийн үнэ болон долларын ханшийн зөрүү гарсан, ямар учраас гэвэл анх гэрээний дагуу ажил гүйцэтгэх үед их хэмжээгээр буюу бөөний авч нийлүүлж байсан, харин уг ослоос үүдэж гарсан тоног төхөөрөмж нь ширхгийн буюу  жижиглэнгийн үнээр гарсан, тийм учраас бага зэргийн зөрүү гарсан. Тэгээд туслан гүйцэтгэгч компанитайгаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээнд тоног төхөөрөмж нийлүүлэх, Монгол улсад талбай дээр угсрах, суурилуулах цогц ажлыг хийх үнэ нь БНСУ-ын воноор 174.742.654, Америкийн нэгдсэн улсын доллароор 133,137, Монгол улсын төгрөгөөр 442,315,262 төгрөг гарсан. Энэ үнийн дүнг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр буюу осол гарсан өдрөөр гаргасан ...Энэ нэхэмжилж байгаа үнэнд гаалийн татвар, нэмэн өртгийн албан татварын үнийн дүн ороогүй учир нь МТЗ уг төлбөрийг төлсөн болохоор өөрөө нэхэмжилнэ. ...бид нар зөвхөн энэ ослоос үүссэн хохирлын тооцож багасгасан дүнгээр гаргасан, бид нар багасгасан бодит хохирлын дүнгээ хүснэгт оруулж хэргийн материалд хавсаргуулахаар өгсөн. Манай компаниас өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа авсан гэрээний төлбөр, улсын тэмдэгтийн хураамж, орчуулгын хөлс, нотариат зэрэг зардлууд гарч байгаа, үүнийг дараа нь нэгтгэж нэхэмжилнэ. Хохирлын талаарх зардлын баримтуудыг бүгдийг нь гаргаж өгсөн байгаа” гэх мэдүүлэг /1хх-190-197 тал/,

10.Иргэний хариуцагч М.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /МТЛ/ ...”Тухайн үед ажиллаж байсан ашиглалтын инженер Ж.Э ажилд гарахад нь зааварчилж, уг зааварчилгааг машинч, туслах машинч нарт ээлж бүрт танилцуулж баталгаажуулах ажлыг зааварчлагч машинч нарт ээлж бүрт танилцуулж баталгаажуулах ажлыг зааварчлагч машинч хариуцдаг, тухайн үед зааварчлагч машинч Ж.Д хариуцаж байсан. ...Ажил үүргийн хуваариар ашиглалтын инженер Ж.Э болон тухайн өдөрт ээлжинд гарч байгаа зааварлагч машинч нар хариуцдаг. Машинч туслах машинч нар нь аялалд гараад тухайн байгаа байрлалаасаа өдөр тутмын зааварчилга авч өгдөг. ХАБЭА хариуцсан инженер нь бүх газарт ажиллах боломжгүй, өдөр тутамд бол хариуцсан инженер, хэсгийн дарга нь өгдөг. Харин ХАБЭА хариуцсан инженер нь анхан шатны зааварчилга давтан зааварчилга, сургалтуудыг хийж ажлын нөхцөлийг тодорхойлж явдаг. Энэ осол гарах үед А 20 хоног ажиллаад 10 хоног амардаг, тэр үед байсан, Аийг амрах үед ХАБЭА хариуцсан инженер С.Э хариуцдаг юм. ...Хөдөлгөөний аюулгүй байдлыг шууд сахин хангуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувьд тогтсон журмын дагуу ээлж тутмын аюулгүй байдлыг хангаж, зааварчилга өгч биелэлтэд нь хяналт тавьж байх үүрэгтэй /1хх-204 тал/  ...”дахин мэдүүлэхдээ “...Уг ослын талаар жилийн өмнөөс холбогдох байгууллагаар нь, нэр төрлөөр нь ангилж гаргаад жагсаалтаар гаргаж өгсөн, уг жагсаалтад хохирлын хэмжээ, барагдуулсан хэмжээ, үлдсэн хэмжээг тайлбар бүхий тусгасан байгаа. МТЛ ХХК-д 2,458,368,366.96 төгрөгийн 2 ширхэг суман шилжүүлэг, 402 ширхэг бетонон дэрийг хүлээлгэн өгч хохирлыг биетээр барагдуулсан, БТЕГ ХХК-д 1,064,238,800.00 төгрөгийн зүтгүүр сэргээн босгох зардлыг шийдвэрлэсэн, одоо харин зүтгүүрийг Алтанширээгээс Хандгайт руу тээвэрлэсэн төлбөрийг нэмж төлөх үлдсэн байгаа. Бусад байгууллагын хохирлыг тодорхой үе шаттайгаар хохирлыг барагдуулна, уг байгууллагуудтай одоог хүртэл хамтран ажиллаж байгаа ба МТЗ ТӨХК, УБТЗ ХНН-ийн холбогдох албан тушаалтан нартай төлбөр барагдуулалтын талаар санал солилцсон байгаа, уг байгууллагуудтай байнгын санхүүгийн харилцаатай байдаг. Уг харилцааны улмаас өр, авлага байнга үүсдэг ба байгууллага хооронд хохирлыг шийдвэрлэх боломжтой юм...” гэсэн мэдүүлэг /1хх-206 тал/,

11.Гэрч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Осол болохоос өмнө МТЛ ХХК-ий зүгээс мөрдөгдөж байгаа хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн дүрэм журам, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хяналт тавьж ажиллах ажилтнуудыг тушаалаар томилсон байдаг... Миний ажил нь 20 хоног ажиллаад 10 хоног амардаг юм. Тухайн осол болох үед би 10 хоногийн амралттай байсан. ...Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр бүр ээлжинд гарахын өмнө тухайн ээлжээ хариуцан ажиллаж байгаа ахлах ажилтан, зааварлагч нар өгдөг. Тухайн осол болдог өдөр ашиглалтын инженер Э болон зааварлагч Д нар хариуцан ажиллаж байсан ...Ажилд гарахаас өмнө өдөр тутмын зааварчилга өгдөг. Зааварчлагын дэвтэр нь ажлын баран дээр байдаг. Машинч Х, туслах машинч Ц нарт тухайн осол болохын өмнө ажилд гарахад нь зааварчилгаа өгч бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулсан байх ёстой. ...Тухайн өдөр Д, Э нарын хэн нь зааварчилгаа танилцуулж гарын үсэг зуруулсныг би мэдэхгүй байна ...Э, Д нар болон тухайн ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан нь өөрөө аюулгүй ажиллагаагаа хариуцан ажиллах ёстой байсан. ...Ер нь бол ХАБЭА-ны тухай хууль болон холбогдох журам стандартуудад өдөр тутмын зааварчилгааг тухайн ажлыг ахлах ажиллаж байгаа ахлах ажилтан өгдөг талаар тусгасан байдаг. ...Зүүнбаян өртөөнд ирэхэд аюулгүй ажиллагаагаа машинч туслах машинч нар нь өөрсдөө хариуцна. Харин тэд нарыг шалгаад гаргах үүрэг нь тухайн төмөр замын суурь бүтцийг хариуцаж байгаа байгууллага нь хариуцах ёстой гэж ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-1хх-35-36 тал/,

12.Гэрч Ж.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай зүтгүүрийн албаны дарга Болдсайхан 2022 оны 09-р сарын 27-ны шөнө над руу залган Хулангийн шанд өртөөнд осол болсон талаар мэдэгдэж намайг дуудсан. Би 2022 оны 09-р сарын 28-ны өдрийн 22 цагийн үед тус осол болсон газарт очсон. Би өөрийн мэргэжлийн чиг үүргийн дагуу осолдсон зүтгүүрийн тууү орчуулгын хийхээр болсон. ...би цагдаагийн алба хаагчийн хамт Хулангийн шанд өртөөнд уг хар хайрцгийг нээж бичлэгтэй картыг авч компьютерт оруулан бичлэгийг тоглуулсан. ...Уг галт тэрэгний зүтгүүрийн марк нь CKD-4B, зүтгүүрийн дугаар нь 3006, галт тэрэгний дугаар ... жин 1621, голын тоо 68, аяллын чиглэл Зүүн баянгаас Хулангийн шанд, Зүүн баянгаас хөдөлгөөн эхэлсэн цаг 23 цаг 43 минут, осол болсон цаг 00 цаг 12 минут байсан. Уг зүтгүүрийн орчуулгаар Зүүнбаянгаас гараад 8 минут 30 секунт яваад 45 км/цагийн хурдтай сонор шалгах ЭПК төхөөрөмж нэг удаа дуугарсан, цааш сонор шалгах төхөөрөмж нь хаалттай буюу гараар хааж явсан байсан. Сүүлийн тоормос хийсний дараа Зүүнбаянгаас 48 км яваад хурд 21 км/цагаас зүтгүүрийг татлагын дэглэмд шилжүүлсэн 25 минут 5 секунтын хугацаанд хурд тогтмол өсөж эхэлсэн 23 цаг 56 минутад хурд 69 км/цаг, 00 цаг 02 минутад хурд 100км/цаг, 00 цаг 03 минутад хурд 105 км/цаг00 цаг 07 минутад хурд 115 км/цаг, 00 цагт 11 минутад 122 км/цагийн хурдтай явсан ба цааш 30 секунтын хугацаанд 995м, хурд 118 км/цагийн хурдтай ачаалалтыг хааж 8 секунтын хугацаанд 160м зам туулаад замаас гарсан байсан. Татлагын дэглэм гэдэг нь хурдны ачааллыг нэмсэн гэсэн үг...” гэсэн мэдүүлэг /1хх-41-42 тал/,

13.Гэрч Н.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Тухайн вагон 1,489,6 тонн рейлс төмрийн 14 вагон 744.8 тонн рейлс төмөр нь осол болдог тухайн өдөр ачигдаж яваад осолдож, дахин ашиглагдах боломжгүй болсон. ...Ингэхээр тухайн ослын улмаас манай байгууллагад учирсан шууд материалын хохирол нийт 2.761.287.589.28 төгрөг юм. Тухайн ослын улмаас сэргээн засварлахад хэрэгцээ шаардлагатай маериалыг манай компаниас гаргаж, засварлах ажлыг ч бас манай компани гүйцэтгэсэн. ...ослын дараагаар төмөр замыг сэргээн засварлахад гарсан материалын зардалд 2,576,510,374,84 төгрөг, бусад зардалд /ажилчдын хоол, түлш, шатахуун, тээвэрлэлт, зөөвөрлөлтын/ 729,595,117 төгрөг нийт 6,067,393,081,12 төгрөгийн /зургаан тэрбум жаран долоон сая гурван зуун ерэн гурван мянга наян нэгэн төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийн хохирол учирсан байна” гэсэн мэдүүлэг /1хх-49 тал/,

14.Гэрч Д.Баярт-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 он 09 дүгээр сарын 28-ны өдрийн шөнө хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Амрах байрандаа унтах гээд хэвтэж байтал гаднаас машинист Батцэнгэл аялалд явах гээд галт тэрэг авсан байж байгаад их сандарсан байдалтай амрах байранд орж ирээд Болд Ерөөгийн тэрэг уначих шиг боллоо гээд сандарсан байдалтай орж ирээд хэлэхээр нь машинч Жавхлангийн хамт би тухайн унасан зүтгүүр дээр гүйж очиход зүтгүүр төмөр замын ертөнцийн зүгээр хойд талд хажуу тийшээ харсан байдалтай байсан ба хүн байхгүй байсан. ...зүтгүүрийн арын кабин буюу ертөнцийн зүгээр зүүн талын кабин дээр очиход дотор талд нь нэг танихгүй эрэгтэй хүн гарах газраа хайсан байдалтай байж байсан. Тухайн хүнийг унасан талын дээд хаалгаар машинч Жавхлан татаж гаргасан. ...дотор шороо тоос бужигнаад юм харагдахааргүй байсан ба тухайн машинчаас нөгөө хүн чинь хаана байна гэж асуухад тухайн зүтгүүрийн салхины шил рүү заагаад энэ хавьд байгаа гэхээр нь гэрэл тусгаад газар унасан талын хаалга нээлттэй тэр хаалгаар нь шороо түрж орж ирээд машинчийг булсан байсан ба шороон доороос хүний өвдөг, тохой цухуйж байхаар нь толгой талаас нь ухаж эхэлж байтал туслах машинч Энхнасан бас орж ирээд хамт шороог ухсан юм. Мөн тухайн зүтгүүрийн машин шар өнгийн хувцастай хүн бас шороог ухалцсан ба эхлээд тухайн хүний хамар амыг нь шорооноос ухаж үлээгээд амьсгаа авсан ба сүүлд нь цээжин хэсгийг гаргасан. ...машинч Мөнхнасанг гал гарч магадгүй гээд батерайг нь салгуулсан. ...шороонд булагдсан хүнийг бүрэн гаргаж ирээд яаж байна, бие нь зүгээр үү? Гэж асуухад хариу хэлэхгүй байсан. ...Би шороонд булагдсан залууг салхины шилний доод хэсгээр өргөөд хамт гаргаад тухайн залуу салхинд гараад ухаан ороод Хулангийн шанд зөрлөгийн эмч тухайн залууд тариа хийж байсан. ...намайг байх хугацаанд унасан зүтгүүрээс ямар нэг эд зүйл авч гараагүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх-71-72 тал/,

15.Гэрч Б.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 00 цаг 51 минутын үед Хулангийн шанд зөрлөгөөс Зүүн баян өртөө рүү явахаар Хулангийн шанд өртөөний 1 дүгээр зам дээр ачааны 6023 чиглэлийн галт тэргээр явахаар зогсож байтал миний явах галт тэрэгтэй зөрөх Зүүн баян өртөөнөөс ирэх байсан ... чиглэлийн галт тэрэгний гэрэл харагдаж байсан ба 2-3 секундэнд тухайн галт тэрэг ертөнцийн зүгээр зүүн зүгээс ирж байгаад ирж байгаа талынхаа баруун гар тал руу унаж байгаа харагдсан ба харанхуй байсан учир юм харагдахаа байсан.  ...Хулангийн шанд зөрлөгийн амрах байр луу ганцаараа явж, амарч байсан бригадын хүмүүсийг сэрээж болсон явдлыг хэлээд ...тухайн унасан галт тэрэгний машинист Х нь хажуу талаараа унасан зүтгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд шороо тоос болсон байдалтай зогсож байсан. ...зүтгүүрийн туслах машинист гэх залуус дээр орсон хүмүүс ...өргөж аваад газар туслах машинистыг газар хэвтүүлээд Хулангийн шандын зөрлөгийн эмч Хүрэлчулуун туслах машинистад 2 тариа хийгээд дуусаад ...эмч Хүрэлчулуун тухайн машинч, машинист Х нарыг аваад Зүүнбаян багийн эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-76-77 тал/,

16.Гэрч Ч.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймгийн Хөвсгөл сумаас Зүүнбаян өртөө рүү ачаа авахаар зүтгүүртэй явсан юм. Машинист Х, туслах машинист Ц, зааварлагч Самбуу нар нь зүтгүүрийн урд талын кабинд, дадлагын оюутан эмэгтэй, пүүлэгч Төрөө бид 3 арын кабинд явсан. Тэгээд Цагаан цав постноос 76 км зайд байдаг. Хулангийн шанд зөрлөг дээр пүүлэгч У нар зүтгүүрийн арын кабинд сууж нийтдээ 8 уулаа Зүүнбаян өртөө рүү яваад Зүнбаян өртөөнд 14 цагийн орчимд очсон. Зүүнбаян өртөө рүү ороход гэхэд Зүүнбаян өртөө сэлгээ хийж байсан болохоор бид нар зам дээр 2 цаг гаруй хугацаанд зогссон бөгөөд Зүүнбая өртөө рүү ороход бүгд зүтгүүрээсээ бууцгаасан. Тэгээд би Зүүнбаян өртөөний вагон үзэгч нарын өртөөнд усанд орчхоод ажлын өрөөнд байж байгаад буцаад 23 цаг 20 минутын орчимд Зүүнбаян өртөөнөөс машинист Х, туслах машинст Ц нарын хамт Цагаан цав постын чиглэлд ачаагаа аваад /17 вагон рес төмөр, бетон дэр/ явсан. Би тухайн үед зүтгүүрийн арын кабинд ганцаараа суусан, харин машинист Х, туслах машинист Ц нар явсан. ...Цагаан цавын пост хүртэлх хугацаанд архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Харин машинист Х, туслах машинист Ц нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үгүйг мэдэхгүй байна. Би галт тэрэг хөдлөх дохио өгөхөд нь л зүтгүүрийн арын кабинд суусан. ...Одоогийн байдлаар ил харагдах гэмтэл шарх байхгүй, өвдөх зовуурилж байгаа зүйл байхгүй байна. ...Осол юунаас болсон гэдгийг мэдэхгүй байна, гэнэт л түг таг гэх чимээ гараад зүтгүүр өнхөрчихсөн. Яг ямар шалтгааны улмаас онхолдсон бэ гэдгийг хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2 хх-79-80 тал/,

17.Гэрч Г.Нэргүйбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2022 оны 09 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн орчимд галт тэрэг ирсэн. Тэгээд би ахлах үзэгч Бын хамт галт тэргийг тосож авч үзлэг хийсэн тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 28-ний 00 цаг 20 минутын орчимд үзлэг дуусаад өртөө рүү ороод буцаж гарч галт тэргэнд бүрэн тоормос шалгаад 2022 оны 09 дүгээр сарын 28-ний 00 цаг 50 минутад дуусаад баримтаа өгөх гэж байх үед Зүүнбаян талаас галт тэрэг орж ирж байсан. Тэгээд би баримтаа өгөөд байж байсан чинь станцаар хүмүүс яриад байсан. Тэгээд би нөгөө галт тэрэг рүү харахад гэрэлгүй болцон байсан. ...Зүүнбаян өртөөнөөс Хулангийн шанд өртөө хүртэл 1 цаг 50 минут явдаг. Тухайн ... дугаар галт тэрэг нь Зүүнбаян өртөөнөөс 23 цаг 20 минутад хөдөлсөн. Харин Хулангийн шанд өртөөнд 00 цаг 50 минутад орж ирсэн, тэгэхээр бодож үзэхээр ирэх ёстой цагаас 20 минутаар түрүүлж ирсэн үг...” гэсэн мэдүүлэг /2хх-82-83 тал/,

18.Гэрч Я.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гадаа үзэгч нарын нэг нь Галт тэрэг ирж байна гэхийг нь би сонсоод жижүүрийн өрөөндөө галт тэрэгний албан яриа буюу машинч над руу холбогдохыг хүлээгээд сууж байсан, тэгээд 7-8 минутын дараагаар гадаа байсан үзэгч нар галт тэрэг ямар хурдтай ирж байнаа гэж байсан. Тэгээд ерөөсөө удалгүй холбоогоор зүтгүүр уначихлаа гэсэн тэгэхээр нь би жижүүрийн холбоогоор сумчин дохиочин руу наана чинь одоо юу болоод байна гэж асуухад хэсэг юу ч дугарахгүй чимээгүй болчихсон сумчин дохиочин Тн надад галт тэрэг уначихлаа гэж хэлсэн. Тэгээд би хамгийн эхлээд өртөөний дарга Г гэх хүнд мэдэгдсэн тэгээд өртөөний дарга диспечерт яаралтай мэдэгд гэсэн тэгээд би диспечер буюу галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч Баярхүүд мэдэгдсэн тэгээд манай хүмүүс тийшээ очсон би бол өрөөнөөс гарах ёсгүй. Өртөөний дарга Г түргэн шуурхай эмчилгээ үзүүлээрэй гээд үүрэг өгсөн ба эмч түргэн шуурхай очиж анхны тусламж үзүүлсэн. ...Эхний ээлжинд машинч шар зээрэнхийд ойртож ирэх үедээ тухайн өртөөний жижүүр лүү холбоо тогтоож хэлэх ёстой байдаг. Тэгэхгүй бол өрөөнд байгаа жижүүр тухайн галт тэргийг аль хэсэгт явж байгааг мэдэх боломжгүй. Шар зээрэнхий нь улаан салбараасаа 1000 метрийн зайтай байдаг. Тухайн шар зээрэнхийд ойртож ирээд жижүүрт мэдэгдээд хурдаа галт тэрэг хасаж улаан самбарын өмнө ирж зогсож сумчин дохиочноос билет номер буюу өртөө рүү орох эрхээ авах бөгөөд билет газарч авсан машинч нь жижүүр лүү орох эрхээ авчихлаа гэж мэдэгдэнэ тэгснээр өртөөнд ирнэ гэсэн үг. Улаан самбар 50 метрийн зайнд байрладаг. ...Над руу ... дугаар галт тэрэг ямар ч албан яриа холбоо тогтоогоогүй. Гадаа байсан хүмүүс л галт тэрэг ирж байна хурдтай ирж байна гэсэн тэрнээс өөрөөр би ... дугаар галт тэрэгний машинчтай холбоо тогтоогоогүй. ...Зүүнбаянгаас Цогцэций хүртэл өртөөнүүдийн жижүүр болон диспечртэй ярих шууд холбогдох утастай. Зүүнбаянгийн жижүүрийн өчигдөр надад 23 цаг 15 минутанд ... дугаар галт тэрэг Зүүнбаянгаас хөдөлсөн гэж мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-86-87 тал/,

19.Д.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны 13 цаг 40 минутанд Хулангийн шанд өртөөнөөс Зүүнбаян өртөө рүү хөдөлсөн тэгэхэд би уг 6021 дугаар галт тэрэг дотор Зүүнбаян руу явсан учир нь би уг галт тэрэгийг Зүүнбаян өртөөний вагон үзэгч нарт хүлээлцэж өгөх ёстой болохоор явсан тэгээд Зүүнбаян өртөөний хилийн зааг буюу улаан самбар дээр 2022 оны 09 дүгээр сарын 27-ны 15 цаг 40 минутанд очиж зогссон. ...2022 оны 09 дүгээр сарын 27-ны 21 цаг 40 минутанд үзлэг дууссан. Тэгээд ... дугаар галт тэргийг 21 цаг 50 минутаас эхлэн хамгаалалтанд авч үзлэг хийж эхлээд 22 цаг 40 минутанд үзлэг дууссан 22 цаг 45 минутад ... дугаар галт тэрэгний тоормос шалгаж эхлээд 23 цаг 20 минутад баримтаа өгөөд бэлэн болсон. Уг галт тэргэн дээр вагон үзэгч Згийн хамт ... дугаар галт тэрэгний тоормос шалгаад ... дугаар галт тэрэг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны 23 цаг 20 минутад Хулангийн шанд зөрлөг рүү хөдөлсөн. Уг ... дугаар галт тэргэнд тоормос шалгах гээд ороход машинч, туслах машинч хоёр байсан өөр хүн байгаагүй. ...... дугаар галт тэргэнд орж үзлэг хийхэд 2 цонх онгорхой машинч талын хаалга онгорхой байсан ба машинчтай тулж яриагүй болохоор тухайн хүнийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үгүйг мэдэхгүй байна. ...машинчийг бол шалгадаггүй. Тодорхой машинчийг шалгаж хянадаг хүн байхгүй, өртөөнүүдийн эмч нар үзлэг хийх үе байдаг. Манай МТЗ төрийн өмчит хувьцаат компани харин ... дугаар галт тэрэг нь МТЛ ХХК болохоор манай дээр машинч нар үзлэгт хамрагддаггүй зөвхөн галт тэргийг үздэг.” гэсэн мэдүүлэг /2хх-90 тал/,

20.Гэрч А.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цаг 04 минутын орчимд БТЕГ ХХК-ны төмөр замын ажилчдын хувцастай хоёр эрэгтэй хүн орж ирээд “байгаль нойтон салфетка 1 ширхэг, скоч 1 ширхэг, кенгэрүү гутлын тос 1 ширхэг, гутал өнгөлөгч 1 ширхэг, кастер тамхи 3 хайрцаг, Алибаба чихэр 1 ширхэг, ягаан өнгийн нойтон салфетка 1 ширхэг, 0.5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пиво 10 ширхэг, блок нэртэй шоколад 2 ширхэг, 0.75 литрийн Хараа архи 1 ширхэг, 0.75 литрийн Зэс Икс архи 1 ширхэг, 1.5 литрийн Punch ундаа 2 ширхэг, 0.5 литрийн Voyage цэвэр ус 1 ширхэг, 0.75 литрийн Зэс Икс архи 1 ширхэг, Esee тамхи 5 хайрцаг, Балкан нэртэй иогрут 2 ширхэг, Масам чихэр 1 уут, paprika чипс 1 уутыг худалдаж аваад 40.100 төгрөгийг бэлнээр, 159.200 төгрөгийг посс машинд уншуулж тооцоо хийсэн. Тэгээд 19 цаг 20 минутын орчимд буцаж орж ирээд 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 8 ширхгийг худалдаж аваад 26.600 төгрөгийг посс машинд уншуулж тооцоо хийсэн. Мөн 19 цаг 52 минутын орчимд ахиж буцаж орж ирээд 1.75 литрийн кока кола ундаа 5 ширхэг, 0.5 литрийн Хараа архи 1 ширхэг, 1 литрийн цэвэр сүү 1 ширхгийг худалдаж аваад 38.900 төгрөгийг мобайл банкаар 5365004049 тоот данс руу шилжүүлээд гараад явсан бөгөөд тэр хоёр хүмүүс ахиж орж ирээгүй” гэсэн мэдүүлэг /2хх-93 тал/

21.Гэрч Э.Тны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай өртөө рүү ... дугаар галт тэрэг 23 цаг 15 минутад наашаа хөдөлсөн гэж мэдэгдэн би тэгээд 6023 дугаар галт тэргээ угтаж авчхаад замдаа бүх юмаа бэлдээд байж байгаа 23 цаг 50 минутад жижүүрээс ... дугаар галт тэргийг 3 дугаар замаар хүлээж авахаар зүүдэг цоожны түлхүүр, шор баригчийн түлхүүр, күрбел нарыг хүлээж аваад зам руу явсан. ...жижүүрт авсан юмаа бүгдийг нь хүлээлгэж өгөөд замнал бэлдсэн талаар жижүүрт мэдэгдсэн. Тэгээд байж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 28-ны 00 цаг 35 минутад билет газарч номер 14-г жижүүр хүлээн авч ... дугаар галт тэргийг угтаж авахаар зам руу явсан. Тэгээд очингуутаа улаан самбар хаалттай дохионоос цааш 50 метр зайд зогсож ... дугаартай галт тэргийг хүлээсэн ойролцоогоор 10 минут орчмын дараагаар галт тэрэг харагдаж эхэлсэн ... дугаар галт тэрэгийг угтаж авахын тулд би шөнийн цагт улаан дохиогоо бариад зогсож байсан. Тэгсэн чинь ... дугаар галт тэрэг хурдтай ирээд над дээр ирж зогсолгүй шууд явсан. Тэгээд хажуугийн замаар ороод тоос шороо босоод дуу чимээ гараад явсан би яг юу болсонг мэдэхгүй байна. ...ирэх ёстой хурдаасаа ямар ч байсан их хурдан ирээд зогсолгүй шууд өнгөрөөд хажуу зам руу ороод осол гаргасан. ...Шар зээрэнхий хараад галт тэрэгний машинч өртөөний жижүүртэй холбогдож шар зээрэнхий буюу хурд бууруулах талбайд орсон талаар албан ярилцлага хийх ёстой тэгээд хурдаа бууруулаад улаан самбараас цааш 50 метр зайд миний зогсож байгаа газар галт тэрэг зогсож билет газарчийг авч байж өртөө рүү орох тасалбартаа болно гэсэн үг” гэсэн мэдүүлэг /2хх-95-96 тал/,

22.Гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг зам нь МТЗ төрийн өмчит компанийн эзэмшлийн зам нь одоо туршилтын тээвэр хийгдэж байгаа. Уг төмөр замаар Зүүүнбаян Ханги Мандалын чиглэлд бүтээг байгуулалтын ажил хийж гүйцэтгэж байгаа МТЛ ХХК-ны /зүтгүүр/ галт тэрэг тээвэрлэлт хийж байгаа мөн таван толгой чиглэлээс сайжруулсан түлшний метлэнг бэлдцийг МТЗын хөдлөх бүрэлдэхүүн зөөж байгаа. Төмөр замаас гарч осол гаргасан галт тэрэг /зүтгүүр/ нь Зүүнбан Ханги мандалын чиглэлд бүтээн байгуулалтын ажил хийж байгаа МТЛ ХХК-ны галт тэрэг /зүтгүүр/ ачаа байсан. ...Галт тэрэгний машинч нь өртөөний зааг тэмдгээс 1000 м-н өмнө байрлах хурд бууруулах шар зээрэнхийд дөхөж ирэх үедээ зөрлөгийн жижүүрт мэдэгдэж зөрлөгийн жижүүртэй албан ярилцлага хийж өртөөний зааг тэмдгийн өмнө зогсож /улаан самбар/ сумчин дохиочиноос билет газарч буюу өртөөнд нэвтрэх зөвшөөрөл авч өртөөний жижүүртэй билет газарч авсан талаар албан ярилцлага хийж байж орж ирэх ёстой /албан ярилцлага гэдэг нь өртөөний жижүүр машинч нарын өртөөний хэддүгээр замаар нэвтрэх аль хэсэгт зогсолт хийх зэргийг ярилцахыг хэлнэ /Замаас гарч осол гаргасан ... дугаартай гэлт тэрэгний хувьд өртөөний жижүүрт ямар нэгэн мэдээ өгөөгүй холоос орж байгаа гэрлийг харад орж ирж байна гэж мэдээд сумчин дохиочин угтаж авахаар явсан сумчин дохиочныг байрлал дээрээ очиход галт тэрэг зогсолгүй хурдтай өнгөрч цааш яваад замаас гарч осол гаргасан байна. Тухайн галт тэргийг орж ирэхэд 3 дугаар замаар орж ирэхээр сум ноймор 2, 4, 6 дугаар сумыг шилжүүлж зүүдэг цоожоор цоожилж шор баригчаар түгжиж замналыг бэлтгэсэн байна” гэсэн мэдүүлэг /2хх-105 тал/,

23.Гэрч С.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зүүнбаян өртөөнөөс СКД 4в 3006 галт тэрэг нь 23 цаг 20 минутад хөдлөөд Зүүнбаян өртөөнд ахлах үзэгч Ц, ачаа вагон хүлээлцэгч У нарын хамт үлдээд ахлах үзэгч Ц, ачаа вагон хүлээлцэгч У нар нь Зүүнбаян өртөөний амрах байранд үлдээд, б өөрийн гэр болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн Төмөр замын 2-5 тоотод гэртээ орж амарсан” гэх мэдүүлэг /2хх-109 тал/,

24.Гэрч Э.Тны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Галт тэрэг миний хажуугаар өнгөрөхдөө их хурдтай явсан хэдэн орчим км цагийн хурдтай явсан талаар нь хэлж мэдэхгүй байна, миний хажуугаар өнгөрөөд удалгүй нүргэлсэн дуу чимээ гарч төмөр хоорондоо хавирч байгаа юм шиг оч гараад битүү шороо боссон тухайн үед би айж балмагдсан байсан болохоор галт тэргийг замаас гарч унасан талаар жижүүрт мэдээлж чадаагүй. Би галт тэрэг хүлээн авахаар зогсож байсан газраас осол болсон газар луу алхаж очиход галт тэрэгний чирч явсан вагон болон ачиж явсан ачаа замаас гарч унасан далангаас доош унасан байсан. Галт тэрэгний зүтгүүр толгойн унасан газарт очиход манай өртөөний дарга Г, ахлах үзэгч Б, машинч нар болон бусад олон хүн ирсэн байсан бусад хүмүүс нь ямар ямар хүн байсныг хэлж мэдэхгүй байна, олон хүн бужигналдаад галт тэрэгнээс хүн гаргаж авах гэж байсан. Галт тэрэг осолдсон байсан хүмүүсээс 2-3 хүн галт тэрэгний хаалгаар дотогш орж гаднаас нь манай ажилчид урд салхины шилийг хагалахаар лантуугаар цохиж байсан энэ үед манай эмч намайг өртөө ороод ор аваад ир гэж хэлээд би өртөө рүү эмчийн орыг авч ирэхээр явсан” гэсэн мэдүүлэг /2хх-117 тал/,

25.Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын байцаагч Л.Э, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын байцаагч Б.Чулуунчимэг, Б.Уянга нарын багаар гаргуулсан 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23/Х-01 дугаартай дүгнэлт,

26.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Аривжихын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4792 дугаартай З.Хын цуснаас 0,7 промилли спирт илэрсэн гэсэн дүгнэлт /1хх-171 тал/,

27.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Аривжихын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4794 дугаартай  А.Цын цуснаас 0,9 промилли спирт илэрсэн гэсэн дүгнэлт/1хх-202 тал/,

28.ЗТХЯСХГТЗ хяналтын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Ш.Бгийн гаргасан №23/012/04 дугаартай “...... дугаар галт тэрэг нь Хулангийн шанд зөрлөгийн 3 дугаар замд тус бүр 300 метр радиустай хажуугийн байрлалтай 2,4,6 дугаар суман шилжүүлэг (P65 зам төмөр, 1/11 тоонолжийн марк)-үүд дээгүүр хөдлөх бүрэлдэхүүн өнгөрүүлэх техникийн боломжит хамгийн их хурд 50 км/ц-аас 2,34 дахин их буюу 117 км/ц хурдтай орж ирснээс тус галт тэрэгний зүтгүүр, вагонууд замаас гарч, замын байгууламжийг эвдэлж, зам дээр болон далангийн хажууд унасан байна. ...Зүүнбаян өртөөнөөс Хулангийн шанд зөрлөг рүү аялахаас өмнө техникийн үзлэг үйлчилгээ хийсэн нь акт, бичлэгүүдээр нотлогдож байна. СВД4В маягийн 3006 дугаартай зүтгүүр нь техникийн шаардлага хангаж байсан нь төлөвлөгөөт засварт орсон баримт, техникийн үзлэг, зүтгүүрийн бригадын үзлэг, илчит тэргэний ширээний журнал зэргээр нотлогдож байна. ...Төмөр замын техник ашиглалтын журмын 17.2.5:г дахь заалтад хориглосон үйлдэл болох машинчийн сонор сэрэмж шалгах төхөөрөмж болон зүтгүүрийн камерыг унтраасан, ...Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийн 7.5.2 дахь заалтыг зөрчиж ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн ...Төмөр замын техник ашиглалтын журмын 17.2.3 дахь заалтад заасан дохио тэмдгийг ажиглаж бие биедээ давталцах, зүтгүүр тасралтгүй хэвийн, аюулгүй ажиллагааг хянах, өртөөнд ороход дохиог ажиглаж, замнал зөв, зам чөлөөтэй болохыг хянаж, өртөөний ажилтны өгөх дохио, зэргэлдээ замаар хийгдэж байгаа галт тэрэгний хөдөлгөөнийг ажиглаж, хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулж болох бусад тохиолдолд зогсоох арга хэмжээ нэн ларуй авах үүргийг биелүүлээгүй ...Зүүнбаян-Цогцэций өртөө хооронд галт тэрэгний хөдөлгөөний зөвшөөрөл дээд хурд 60 км/ц-аар тогтоосныг зөрчиж 122 км/ц хүртэл хурд хэтрүүлсэн. Галт тэргэний хөдөлгөөний удирдлагын журмын 11.12 дахь заалтын дагуу Хулангийн шанд зөрлөгийн жижүүртэй радио холбоогоор албан ярилцлага хийгээгүй ...зүтгүүрийн машинч З.Х, А.Ц нар нь ажлын байр дахь өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга биечлэн, ярилцаж авсан нь тогтоогдохгүй байна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /3хх-119-122 тал/,

29.2023 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн  Тууз орчуулгын хар хайрцаганд шинжилгээ хийсэн тухай ” ...МТЗ нэртэй төрийн байгууллагын зам байсан. Тус Зүүнбаян өртөөнөөс Хулангийн шанд өртөөний чиглэлд тогтоосон дээд хурд 60 км/цаг гүүр хоолойн дээр 40 км/цаг хурдтай явах байсан. Тухайн өдөр 2022 оны 09 сарын 27-28ны шилжих шөнө ...-р галт тэрэг тогтоосон хурд хэтрүүлж дээд хурд 122 км/цаг хурдтай явсан байгаа. Тухайн хурд нь Зүүнбаян өртөөнөөс гараад 48 км зам туулж яваад 21 км/цагийн хурдтай явж байхад татлаг буюу /зүтгүүрийг ачаалуулж урагш зүтгүүлсэн /цааш хурд тогтмол өсөж 89 кам/цаг, 100 кам/цаг, 105 кам/цаг, 115км/цаг, тэгээд сүүлд 122км/цаг хүрсэн. ...Тухайн ...-р галт тэрэг Зүүнбаян өртөөнөөс гараад дан зүтгүүрийн тоормос буюу 254 нэртэй тоормосны краныг ашиглан тоормос хийсэн зөрчил байсан. Уг тоормосны краныг зүтгүүр дангаараа явж буй үед хийнэ. ...-р галт тэрэг нь Зүүнбаян өртөөнөөс 48км яваад цааш огт хийгдээгүй хурд тогтмол өссөөр явсан. ...Тухайн 3008 зүтгүүр нь техникийн үзлэг засвар нь техник үйлчилгээний ТУ-154, дэвтэр дээрээ засвар хийгдсэн хугацаа болон хийгдэх ажлууд болон тухайн машинч өглөө зүтгүүрээ хүлээж авахдаа буюу /ажилд/ гарахдаа харж хүлээж авч ажилдаа гардаг. Зүтгүүрийн хар хайрцгийн хувьд бичлэг хэвийн хийгдсэн. ...СКD4в 3006 зүтгүүрийн ЭПК сонорын төхөөрөмж нь галт тэрэг хөдөлгөөн эхлэхийн өмнө гараар нээж хаадаг төхөөрөмж, Машинчийг унтахаас сэргийлсэн 55 секунд өртөө зөрлөгт 15 секунд болгонд дугарч дарсан үед дугарахаа больж явдаг. Дараагүй үед энэ төхөөрөмж 3 удаа дугарч ажиллаж буюу /клапан/ буудаж гол хоолойн агаарын огцом гаргаж яаралтай тормос хийж галт тэргийг зогсоодог төхөөрөмж юм. Тухайн өдөр 3006 зүтгүүрийн ЭПК төхөөрөмж Зүүнбаян өртөөнөөс гараад эхний 2 удаа дугарлт дарагдаж цааш бүх аяллын турш хаалттай явсан байсан. Сүүлд ЭПК төхөөрөмжийг гараар хаасан байсан нь тогтоогдсон” гэсэн тэмдэглэл /3хх-72-73 тал/,

30.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Анхбаярын   2022 оын 09 дүгээр сарын 30-ний өдөр гаргасан 02/0467 дугаартай: 1. З.Хын биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, хэвлийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана...” гэсэн дүгнэлт /хх 2-119-120 тал/,

31.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Анхбаярын   2022 оын 09 дүгээр сарын 30-ний өдөр гаргасан 02/0468 дугаартай: 1. А.Цын  биед тархи доргилт, духаны зулгаралт, зүүн дал, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана...” гэсэн дүгнэлт /хх 2-136-137 тал/,

32.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Анхбаярын   2022 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр гаргасан 02/0469 дугаартай: 1. Ч.Мөнх-Эрдэнийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана...” гэсэн дүгнэлт /хх 2-153 тал/,

33.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч цагдаагийн дэслэгч М.Арвижих   2022 оын 10 дугаар сарын 07-ний өдөр гаргасан 4792 дугаартай: “1.Ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 2.”Х” гэж хаягласан цусанд 0,7 промилли спирт илэрсэн. Цусан дахь 0,7 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 2-171-172 тал/,

34.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч цагдаагийн дэслэгч М.Арвижих   2022 оны 10 дугаар сарын 07-ний өдөр гаргасан 4794 дугаартай: “1.Ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 2.”Ц” гэж хаягласан цусанд 0,9 промилли спирт илэрсэн. Цусан дахь 0,9 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 2-201-202 тал/,

35.Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын байцаагч Л.Э, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын байцаагч Б.Чулуунчимэг, Б.Уянга нарын багаар гаргуулсан 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №23/Х-01 дугаартай:

а/ Ж.Д нь МТЛ” ХХК-нд ашиглалтын инженерээр ажиллаж байхдаа “МТЛ” ХХК-ийн захирал М.Стай зааварлагч машинч албан тушаалд ХГ-22/57 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Зааварлагч машинчийн ажлын байрны тодорхойлолтын С. Ажлын байрны гүйцэтгэх үүрэг-ХАБЭА-н шаардлагыг бүрэн хангах ажлын хүрээний 1/Илчит тэрэгний машинч, тусах машинч нарт ажлын байрны өдөр тутмын зааварчилгаа өгч, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ачаа зөөвөр, сэлгээ, депо дээр ажиллах зүтгүүрийн бригадуудыг ажлын чиг үүргээр ханган ажиллах/ гэсэн заалтыг зөрчин илчит тэрэгний машинч З.Х, туслах машинч Л.Ц нарт өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байна.

б/Ж.Э нь МТЛ” ХХК-нд ашиглалтын инженерээр ажиллаж байхдаа “МТЛ” ХХК-ийн захирал М.Стай Зүтгүүрийн ашиглалтын инженер албан тушаалд ХГ-22/13 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Зүтгүүрийн ашиглалт хариуцсан инженерийн ажлын байрны тодорхойлолтын С. Ажлын байрны гүйцэтгэх үүрэг-ХАБЭА-н шаардлагыг бүрэн хангах ажлын хүрээний 2 /Ашиглалтын хэсгийн нийт ажилтнууд ажил үүрэгтэйгээ холбоотойгоор ажлын байр, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл болон илчит тэрэгний түлхүүр багаж, галын хорны ХАБЭА-н 3 шатны үзлэгийг хийж 1, 2-р шатанд үзлэг хийсэн тэмдэглэл хөтөлж байгаад хяналт тавьж ажиллах/ гэсэн заалтыг зөрчин илчит тэрэгний машин З.Х, туслах машинч Л.Ц нарт өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байдалд хяналт тавьж ажиллаагүй байна.

в/ Илчит тэрэгний машинч З.Х нь ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.Ажилтан дараах үндсэн үүрэгтэй 42.2.3 /ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх/, 42.2.5 /техник, технологийн горим баримтлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн чиглэлээр ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг мөрдөж ажиллах/ дах заалтууд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, 18.2.2 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, 18.2.8 /ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах/ гэсэн заалтуудыг,

г/ Туслах машинч А.Ц нь ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.Ажилтан дараах үндсэн үүрэгтэй 42.2.3 /ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх/, 42.2.5 /техник, технологийн горим баримтлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн чиглэлээр ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг мөрдөж ажиллах/ дах заалтууд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, 18.2.2 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, 18.2.8 /ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт /3хх-93-97 тал/,

36.“Дамно” хөрөнгийн үнэлгээний зуучлалын компанийн шинжээч, ХЭМҮнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №23-181 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-143-аас 4хх-45 тал/,

37.“Уваа-Уул” аудит ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн гаргасан  23/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /4хх-122, 5хх-44 тал/,

38.2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гаргасан 23/02 дугаартай шинжээчийн дүгнэлт /4хх 59-107 тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /8-р хх-ийн  239/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч З.Х нь “МТЛ” ХХК-ийн ... дугаартай СКD -4В-3006 маркийн зүтгүүрийн машинчаар, шүүгдэгч А.Ц нь “МТЛ” ХХК-ийн ... дугаартай СКD -4В-3006 маркийн зүтгүүрийн туслах машинчаар ажиллаж байхдаа  2022 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 23 цаг 43 минутад 128.9 тонн дэр бетон, тавцант вагон 14 ширхэг 744.8 тонн төмөр замын рейс төмөр  тээвэрлэн  Зүүнбаян өртөөнөөс Хулангийн шанд чиглэлд аялж явахдаа Төмөр замын техник ашиглалтын журмын 17.2.5:г дахь заалтад заасан “машинчийн сонор сэрэмж шалгах төхөөрөмж болон зүтгүүрийн камерыг унтраасан”,Төмөр замын техник ашиглалтын журмын 17.2.3 дахь заалтад заасан дохио тэмдгийг ажиглаж бие биедээ давталцах, зүтгүүр тасралтгүй хэвийн, аюулгүй ажиллагааг хянах, өртөөнд ороход дохиог ажиглаж, замнал зөв, зам чөлөөтэй болохыг хянаж, өртөөний ажилтны өгөх дохио, зэргэлдээ замаар хийгдэж байгаа галт тэрэгний хөдөлгөөнийг ажиглаж, хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулж болох бусад тохиолдолд зогсоох арга хэмжээ нэн даруй авах үүргийг биелүүлээгүй ба шүүгдэгч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасан ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа ...хэрэглэхгүй байх үүргээ биелүүлээгүйн улмаас галт тэрэг  замаас гарч осолдож “УБТ” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 1,377,867,581.47 төгрөг, “БТЕГ” ХХК-д 1,564,238,800 төгрөг, “МТЛ” ХХК-д 6,067,393,081 төгрөг, “МТЗ” ТӨХК-д 143,895,197.27 төгрөг, “СҮТЗ” байгууллагад 401,906,669 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу нийт 9,555,301,328.74 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1хх-26-70 тал/, Зүтгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2022.09.27-ний өдрийн 12-19 цаг хүртэлх бичлэгтэй 19 цагаас хойш бичлэг хийгдээгүй  1хх-71-76 тал/, хурд хэмжүүрийн туузыг орчуулсан акт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/1 хх-77-79/, гэрч Ж.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.. 2022 оны 09-р сарын 28-ны өдрийн 22 цагийн үед тус осол болсон газарт очсон, өөрийн мэргэжлийн чиг үүргийн дагуу осолдсон зүтгүүрийн тууз орчуулгыг хийхээр болсон. ...Уг галт тэрэгний зүтгүүрийн марк нь CKD-4B, зүтгүүрийн дугаар нь 3006, галт тэрэгний дугаар ... жин 1621, голын тоо 68, аяллын чиглэл Зүүнбаянгаас Хулангийн шанд, Зүүнбаянгаас хөдөлгөөн эхэлсэн цаг 23 цаг 43 минут, осол болсон цаг 00 цаг 12 минут байсан. Уг зүтгүүрийн орчуулгаар Зүүнбаянгаас гараад 8 минут 30 секунт яваад 45 км/цагийн хурдтай сонор шалгах ЭПК төхөөрөмж нэг удаа дуугарсан, цааш сонор шалгах төхөөрөмж нь хаалттай буюу гараар хааж явсан байсан. Сүүлийн тоормос хийсний дараа Зүүнбаянгаас 48 км яваад хурд 21 км/цагаас зүтгүүрийг татлагын дэглэмд шилжүүлсэн 25 минут 5 секунтын хугацаанд хурд тогтмол өсөж эхэлсэн 23 цаг 56 минутад хурд 69 км/цаг, 00 цаг 02 минутад хурд 100км/цаг, 00 цаг 03 минутад хурд 105 км/цаг00 цаг 07 минутад хурд 115 км/цаг, 00 цагт 11 минутад 122 км/цагийн хурдтай явсан ба цааш 30 секунтын хугацаанд 995м, хурд 118 км/цагийн хурдтай ачаалалтыг хааж 8 секунтын хугацаанд 160м зам туулаад замаас гарсан байсан. Татлагын дэглэм гэдэг нь хурдны ачааллыг нэмсэн гэсэн үг...” гэсэн мэдүүлэг /1хх-41-42 тал/, гэрч Я.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Эхний ээлжинд машинч шар зээрэнхийд ойртож ирэх үедээ тухайн өртөөний жижүүр лүү холбоо тогтоож хэлэх ёстой байдаг. Шар зээрэнхий нь улаан салбараасаа 1000 метрийн зайтай байдаг. Тухайн шар зээрэнхийд ойртож ирээд жижүүрт мэдэгдээд хурдаа галт тэрэг хасаж улаан самбарын өмнө ирж зогсож сумчин дохиочноос билет номер буюу өртөө рүү орох эрхээ авах бөгөөд билет газарч авсан машинч нь жижүүр лүү орох эрхээ авчихлаа гэж мэдэгдэнэ тэгснээр өртөөнд ирнэ гэсэн үг. Улаан самбар 50 метрийн зайнд байрладаг. ...Над руу ... дугаарын галт тэрэг ямар ч албан яриа холбоо тогтоогоогүй” гэсэн мэдүүлэг /2хх-86-87 тал/, гэрч Д.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... дугаар галт тэргийг 21 цаг 50 минутаас эхлэн хамгаалалтад авч үзлэг хийж эхлээд 22 цаг 40 минутад үзлэг дууссан 22 цаг 45 минутад ... дугаар галт тэрэгний тоормос шалгаж эхлээд 23 цаг 20 минутад баримтаа өгөөд бэлэн болсон. Уг галт тэргэн дээр вагон үзэгч Згийн хамт ... дугаар галт тэрэгний тоормос шалгаад ... дугаар галт тэрэг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны 23 цаг 20 минутад Хулангийн шанд зөрлөг рүү хөдөлсөн. Уг ... дугаар галт тэргэнд тоормос шалгах гээд ороход машинч, туслах машинч хоёр байсан өөр хүн байгаагүй. ...... дугаар галт тэргэнд орж үзлэг хийхэд 2 цонх онгорхой машинч талын хаалга онгорхой байсан ба машинчтай тулж яриагүй болохоор тухайн хүнийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үгүйг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2хх-90 тал/, гэрч Э.Тны мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 28-ны 00 цаг 35 минутад билет газарч номер 14-г жижүүр хүлээн авч ... дугаар галт тэргийг угтаж авахаар зам руу явсан. Тэгээд очингуутаа улаан самбар хаалттай дохионоос цааш 50 метр зайд зогсож ... дугаартай галт тэргийг хүлээсэн ойролцоогоор 10 минут орчмын дараагаар галт тэрэг харагдаж эхэлсэн ... дугаар галт тэргийг угтаж авахын тулд би шөнийн цагт улаан дохиогоо бариад зогсож байсан. Тэгсэн чинь ... дугаар галт тэрэг хурдтай ирээд над дээр ирж зогсолгүй шууд явсан. Тэгээд хажуугийн замаар ороод тоос шороо босоод дуу чимээ гараад явсан би яг юу болсныг мэдэхгүй байна. ...ирэх ёстой хурдаасаа ямар ч байсан их хурдан ирээд зогсолгүй шууд өнгөрөөд хажуу зам руу ороод осол гаргасан....” гэсэн мэдүүлэг /2хх-95-96 тал/, гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Галт тэрэгний машинч нь өртөөний зааг тэмдгээс 1000 м-н өмнө байрлах хурд бууруулах шар зээрэнхийд дөхөж ирэх үедээ зөрлөгийн жижүүрт мэдэгдэж зөрлөгийн жижүүртэй албан ярилцлага хийж өртөөний зааг тэмдгийн өмнө зогсож /улаан самбар/ сумчин дохиочноос билет газарч буюу өртөөнд нэвтрэх зөвшөөрөл авч өртөөний жижүүртэй билет газарч авсан талаар албан ярилцлага хийж байж орж ирэх ёстой /албан ярилцлага гэдэг нь өртөөний жижүүр машинч нарын өртөөний хэддүгээр замаар нэвтрэх аль хэсэгт зогсолт хийх зэргийг ярилцахыг хэлнэ /Замаас гарч осол гаргасан ... дугаартай галт тэрэгний хувьд өртөөний жижүүрт ямар нэгэн мэдээ өгөөгүй холоос орж байгаа гэрлийг хараад орж ирж байна гэж мэдээд сумчин дохиочин угтаж авахаар явсан сумчин дохиочныг байрлал дээрээ очиход галт тэрэг зогсолгүй хурдтай өнгөрч цааш яваад замаас гарч осол гаргасан байна”гэсэн мэдүүлэг /2хх-105 тал/, ЗТХЯСХГТЗ хяналтын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Ш.Бгийн гаргасан 23/012/04 дугаартай “...... дугаар галт тэрэг нь Хулангийн шанд зөрлөгийн 3 дугаар замд тус бүр 300 метр радиустай хажуугийн байрлалтай 2,4,6 дугаар суман шилжүүлэг (P65 зам төмөр, 1/11 тоонолжийн марк)-үүд дээгүүр хөдлөх бүрэлдэхүүн өнгөрүүлэх техникийн боломжит хамгийн их хурд 50 км/ц-аас 2,34 дахин их буюу 117 км/ц хурдтай орж ирснээс тус галт тэрэгний зүтгүүр, вагонууд замаас гарч, замын байгууламжийг эвдэлж, зам дээр болон далангийн хажууд унасан байна. ...Зүүнбаян өртөөнөөс Хулангийн шанд зөрлөг рүү аялахаас өмнө техникийн үзлэг үйлчилгээ хийсэн нь акт, бичлэгүүдээр нотлогдож байна. СВД4В маягийн 3006 дугаартай зүтгүүр нь техникийн шаардлага хангаж байсан нь төлөвлөгөөт засварт орсон баримт, техникийн үзлэг, зүтгүүрийн бригадын үзлэг, илчит тэрэгний ширээний журнал зэргээр нотлогдож байна. ...Төмөр замын техник ашиглалтын журмын 17.2.5:г дахь заалтад хориглосон үйлдэл болох машинчийн сонор сэрэмж шалгах төхөөрөмж болон зүтгүүрийн камерыг унтраасан, ...Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийн 7.5.2 дахь заалтыг зөрчиж ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн ...Төмөр замын техник ашиглалтын журмын 17.2.3 дахь заалтад заасан дохио тэмдгийг ажиглаж бие биедээ давталцах, зүтгүүр тасралтгүй хэвийн, аюулгүй ажиллагааг хянах, өртөөнд ороход дохиог ажиглаж, замнал зөв, зам чөлөөтэй болохыг хянаж, өртөөний ажилтны өгөх дохио, зэргэлдээ замаар хийгдэж байгаа галт тэрэгний хөдөлгөөнийг ажиглаж, хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулж болох бусад тохиолдолд зогсоох арга хэмжээ нэн даруй авах үүргийг биелүүлээгүй ...Зүүнбаян-Цогцэций өртөө хооронд галт тэрэгний хөдөлгөөний зөвшөөрөл дээд хурд 60 км/ц-аар тогтоосныг зөрчиж 122 км/ц хүртэл хурд хэтрүүлсэн. Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 11.12 дахь заалтын дагуу Хулангийн шанд зөрлөгийн жижүүртэй радио холбоогоор албан ярилцлага хийгээгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /3хх-119-122 тал/, 2023 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн  Тууз орчуулгын хар хайрцаганд шинжилгээ хийсэн тухай ” ...МТЗ нэртэй төрийн байгууллагын зам байсан. Тус Зүүнбаян өртөөнөөс Хулангийн шанд өртөөний чиглэлд тогтоосон дээд хурд 60 км/цаг гүүр хоолойн дээр 40 км/цаг хурдтай явах байсан. Тухайн өдөр 2022 оны 09 сарын 27-28-ны шилжих шөнө ...-р галт тэрэг тогтоосон хурд хэтрүүлж дээд хурд 122 км/цаг хурдтай явсан байгаа. Тухайн хурд нь Зүүнбаян өртөөнөөс гараад 48 км зам туулж яваад 21 км/цагийн хурдтай явж байхад татлаг буюу /зүтгүүрийг ачаалуулж урагш зүтгүүлсэн /цааш хурд тогтмол өсөж 89 кам/цаг, 100 кам/цаг, 105 кам/цаг, 115км/цаг, тэгээд сүүлд 122км/цаг хүрсэн. ...Тухайн ...-р галт тэрэг Зүүнбаян өртөөнөөс гараад дан зүтгүүрийн тоормос буюу 254 нэртэй тоормосны краныг ашиглан тоормос хийсэн зөрчил байсан. Уг тоормосны краныг зүтгүүр дангаараа явж буй үед хийнэ. ...-р галт тэрэг нь Зүүнбаян өртөөнөөс 48 км яваад цааш огт хийгдээгүй хурд тогтмол өссөөр явсан. ... Зүтгүүрийн хар хайрцгийн хувьд бичлэг хэвийн хийгдсэн. ...СКD4в 3006 зүтгүүрийн ЭПК сонорын төхөөрөмж нь галт тэрэг хөдөлгөөн эхлэхийн өмнө гараар нээж хаадаг төхөөрөмж, Машинчийг унтахаас сэргийлсэн 55 секунд өртөө зөрлөгт 15 секунд болгонд дугарч дарсан үед дугарахаа больж явдаг. Дараагүй үед энэ төхөөрөмж 3 удаа дугарч ажиллаж буюу /клапан/ буудаж гол хоолойн агаарын огцом гаргаж яаралтай тормос хийж галт тэргийг зогсоодог төхөөрөмж юм. Тухайн өдөр 3006 зүтгүүрийн ЭПК төхөөрөмж Зүүнбаян өртөөнөөс гараад эхний 2 удаа дугаралт дарагдаж цааш бүх аяллын турш хаалттай явсан байсан. Сүүлд ЭПК төхөөрөмжийг гараар хаасан байсан нь тогтоогдсонгэсэн дүгнэлт/3хх-72-73 тал/  зэрэг нотлох баримтуудаар

 

Шүүгдэгч Ж.Э нь “МТЛ” ХХК-ийн Зүтгүүрийн ашиглалтын инженерээр ажиллаж байхдаа, шүүгдэгч Ж.Д нь “МТЛ” ХХК-ийн зааварлагч машинчаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заасан заалтыг зөрчин илчит тэрэгний машинч З.Х, туслах машинч Л.Ц нарт өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй хяналт тавьж, төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас шүүгдэгч З.Х, Л.Ц нарын жолоодож явсан илчит тэрэг замаас гаран осолдсоноос бусдад их хэмжээний буюу 9,555,301,328.74 төгрөгийн хохирол учруулсан болох нь “МТЛ” ХХК-ийн захирал М.Стай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, гэрч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: ...Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр бүр ээлжинд гарахын өмнө тухайн ээлжээ хариуцан ажиллаж байгаа ахлах ажилтан, зааварлагч нар өгдөг. Тухайн осол болдог өдөр ашиглалтын инженер Э болон зааварлагч Д нар хариуцан ажиллаж байсан ...Ажилд гарахаас өмнө өдөр тутмын зааварчилга өгдөг. Зааварчлагын дэвтэр нь ажлын байран дээр байдаг. Машинч Х, туслах машинч Ц нарт тухайн осол болохын өмнө ажилд гарахад нь зааварчилгаа өгч бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулсан байх ёстой. ...Э, Д нар болон тухайн ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан нь өөрөө аюулгүй ажиллагаагаа хариуцан ажиллах ёстой байсан гэсэн мэдүүлэг,  ЗТХЯСХГТЗ хяналтын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Ш.Бгийн гаргасан 23/012/04 дугаартай “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 11.12 дахь заалтын дагуу Хулангийн шанд зөрлөгийн жижүүртэй радио холбоогоор албан ярилцлага хийгээгүй ...зүтгүүрийн машинч З.Х, А.Ц нар нь ажлын байран дахь өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга биечлэн, ярилцаж авсан нь тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт, шинжээч Л.Эын “МТЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Сүхбаатарын 2022 оны 1 сарын 10-ны өдөр баталсан албан тушаалын тодорхойлолт С хэсэгт заасны дагуу зааварлагч машинч Ж.Д туслах машинч Ц, Х нарт аюулгүй ажиллагааны зааварчлага өгөх эрх бүхий субъект мөн байна. Ж.Э нь зааварлагч машинч Дгийн машинч, туслах машинч нарт зааварчлага өгсөн эсэхэд хяналт тавих эрх бүхий этгээд болно гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт   шинжлэн судалсан бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Э,  Ж.Д нарын өмгөөлөгчөөс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох ....” гэсэн санал гаргасныг шүүхээс хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Төмөр замын тээврийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт ”энэ хуулийн зорилт нь төмөр замын тээврийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ. Энэ хуультай нийцүүлэн гаргасан дүрэм журмаар тодорхойлогдсон этгээдүүд төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг хүлээсэн хүн мөн юм.

Шүүгдэгч Ж.Э нь “МТЛ” ХХК-тай Зүтгүүрийн ашиглалтын инженер албан тушаалд ХГ-22/13 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын С. Ажлын байрны гүйцэтгэх үүрэг-ХАБЭА-н шаардлагыг бүрэн хангах ажлын хүрээний  /Ашиглалтын хэсгийн нийт ажилтнууд ажил үүрэгтэйгээ холбоотойгоор ажлын байр, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл болон илчит тэрэгний түлхүүр багаж, галын хорны ХАБЭА-н 3 шатны үзлэгийг хийж 1, 2-р шатанд үзлэг хийсэн тэмдэглэл хөтөлж байгаад хяналт тавьж ажиллах/  

Шүүгдэгч Ж.Д нь “МТЛ” ХХК-тай зааварлагч машинч албан тушаалд ХГ-22/57 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын С. Ажлын байрны гүйцэтгэх үүрэг-ХАБЭА-н шаардлагыг бүрэн хангах ажлын хүрээний /Илчит тэрэгний машинч, туслах машинч нарт ажлын байрны өдөр тутмын зааварчилга өгч, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ачаа зөөвөр, сэлгээ, депо дээр ажиллах/ зүтгүүрийн бригадуудыг ажлын чиг үүргээр ханган ажиллах гэсэн үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Э, Ж.Д нар нь ажлын байрны тодорхойлолт, Төмөр замын тээврийн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмаар тодорхойлсон төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн мөн гэж  үзлээ.

 

Шүүгдэгч З.Х, А.Ц нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Аривжихын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4792 дугаартай дүгнэлтээр З.Хын цуснаас 0,7 промилли спирт илэрсэн /1хх-171 тал/, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4794 дугаартай дүгнэлтээр А.Цын цуснаас 0,9 промилли спирт илэрсэн /1хх-202 тал/ гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарыг  төмөр замын, тээврийн ба хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч З.Х, А.Ц нарыг  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг жолоодон хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ноцтой зөрчсөнөөс бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.3 дугаар зүйлийн 1, 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 , шүүгдэгч З.Х, А.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Иргэний хариуцагч “МТЛ” ХХК-ний өмгөөлөгч С.Эаас шүүхийн хэлэлцүүлэгт “энэ хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байгаа  "МТЛ" ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож өгнө үү”  гэсэн хүсэлт гаргажээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч...холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэхээр заажээ. 

 

Иргэний хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлт гаргасан нь хууль зөрчөөгүй тул хүсэлтийг хангаж, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр МТЛ ХХК буюу түүний хууль ёсны төлөөлөгч М.Сыг тогтоон шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэв.

 

 

Шүүгдэгч нар нь бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь

 

хохирогч, иргэний нэхэмжлэгч БТЕГ ХХК-ний  хууль ёсны төлөөлөгч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...СКД-4В-3006 маркийн зүтгүүр нь “БТЕГ” ХХК-ний эзэмшлийн зүтгүүр байсан. Уг зүтгүүр нь 2011 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, манай компани 2011 онд 1,982,140 доллароор худалдан авч байсан. “БТЕГ” ХХК нь 2011 оны 08-р сарын 01-ний өдөр “МТЛ” ХХК-тай зүтгүүр түрээслэх гэрээ байгуулан түрээсийн гэрээгээр ажиллуулж байсан...”, “...Зөвшөөрөгдөх техникийн дээд хурд нь 100 км/цаг, дизель хөдөлгүүртэй, хос дугуйт зүтгүүр байсан. Зүтгүүрт урсгал засвар үйлчилгээ болон гэнэтийн техник эвдрэл гэмтлийг “МТЛ” ХХК нь хариуцаж засвар үйлчилгээг хийхээр гэрээнд заасан байсны дагуу тус компани засвар үйлчилгээг тогтмол хийж байсан. Техникийн хувьд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй...”,

 Төмөр замын цагдаагаас томилсон үнэлгээний байгууллага энэ бүх баримт материал төлбөр төлсөн баримтуудыг үзээд манай хохирлыг 1,564,238,800 төгрөг гэж гаргасан. Эндээс энэ ачиж тээвэрлэх 500 сая төгрөгийг манайх одоогоор бол аваагүй. Бусад  шаардлагатай БНХАУ-аас захиж авчруулах  сэлбэг хэрэгсэл зэргийг бол МТЛ компани хийж гүйцэтгээд явж байгаа. Одоо 3006 дугаарын зүтгүүрийг Алтанширээ дэх Ачилт буулгалтын талбайгаас Сэлэнгэ аймгийн Хандгайт өртөө рүү ачих, буулгах тээвэрлэх зардалд үнэлгээгээр тогтоогдсон үлдэгдэл 500,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг

 МТЛ ХХК-ний хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: ...Манай компанид нийт 6.067.393.081 /зургаан тэр бум жаран долоон сая гурван зуун ерэн гурван мянга наян нэг/ төгрөгийн хохирол учраад байна. Уг хохирлоос иргэний хариуцагч МТЛ ХХК нь биет байдлаар болон хоорондын тооцоогоор төлж барагдуулсан гэсэн мэдүүлэг /1хх-145 тал/,

 хохирогч, иргэний нэхэмжлэгч УБТ ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Х.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... Манай байгууллагын нийт хохирол 1,377,867,580. Цуваанд нийт 17 вагон явж байсан. 17 вагоны 14 нь УБТЗ эзэмшлийн 14 вагон байсан. 14-үүлээ тавцант вагон буюу хүнд жингийн одоо ачаа ачихын тавцант вагон байсан. Ослын улмаас энэ вагонууд маань одоо ашиглах боломжгүй цаашид тээвэрлэлтэд явах боломжгүй гэдэг комиссын акт гарсан байгаа. Комиссын акт нь 4 дүгээр хавтаст хэрэгт бүрэн авагдсан байсан. 

 Осолтой холбогдуулан манай байгууллагад учирсан хохиролд нийт 1.377.867 581 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 497,498,509,510 дахь заалтаар  ажиллагсад болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудын учруулсан хор хохирлыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хариуцна гэж  заасан байдаг. Иргэний хуулийн тус заалтаар МТЛ компаниас эдгээр зардлаа нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,

хохирогч, иргэний нэхэмжлэгч МТЗ компанийн хууль ёсны төлөөлөгч Г.Тамирын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн:...Шинжээчийн дүгнэлтээр гарсан 143.895.197.27 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-178 тал/,

 хохирогч, иргэний нэхэмжлэгч СҮТЗ байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2022 оны 9 сарын 28-ны өдөр МТЗ болон УБТЗ СҮТЗ манай Коксом повер компанийн ажлын хэсэг энэ хэргийн газар дээр хамтарсан ажлын хэсэг гаргаад өөрсдийнх нь хамаарах дохиолол холбооны эвдэрч гэмтсэн тоног төхөөрөмжийн үзлэг шалгалтын ажлыг явуулаад акт үйлдээд хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Энэ актын хүрээнд ерөнхийдөө манайд 401.906,669 төгрөгийн хохирол учирсан гэдэг. Энэ дээр болохоор бид нар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 41 сая 800 мянган төгрөгийг нэмээд нийт 443.706.669 төгрөгийг иргэний хариуцагчаас нэхэмжилж байгаа” гэсэн мэдүүлэг

 Иргэний хариуцагч М.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага дээр бол маргаан байхгүй ээ...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар   тогтоогдсон байна.          

 

 

           Хохирол төлбөрийн талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хуулийн энэ зохицуулалт гэм хор учруулсан этгээдийн үүргийг тодорхойлсон байна.

 

          Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл,эс үйлдэх/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заажээ.

          Гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдад учруулсан хохирол, гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйгээс гадна тухайн ажил олгогчийн үүргийг заажээ.

 

          Гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдад учруулсан хохирол, гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу иргэний хариуцагч гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорыг хамтран хариуцах үүрэгтэй.        

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хохирогч, иргэний нэхэмжлэгч БТЕГ ХХК-нд 1,564,238,800 төгрөгийн хохирол учирснаас 500,000,000 төгрөгийг

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч УБТ  хувь нийлүүлсэн нийгэмлэгт 1,377,867,581.40 төгрөгийн хохирол учирснаас 1,377,867,581.40 төгрөгийг

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч МТЗ ТӨХК-д 143,895,187.27 төгрөгийн хохирол учирснаас 143,895,187.27 төгрөгийг

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч СҮТЗ байгууллагат 401,906,669 төгрөгийн хохирол учирснаас 401,906,669 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба дээрх нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул хангаж шийдвэрлэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч БТЕГ ХХК-ний хууль ёсны төлөөлөгч нь шүүхээс гэм буруутайд тооцогдож гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон  этгээдээс,

           Хохирогч, иргэний нэхэмжлэгч УБТ  хувь нийлүүлсэн нийгэмлэг, МТЗ ТӨХК, СҮТЗ байгууллагын хууль ёсны төлөөлөгч нар нь иргэний хариуцагч байгууллага “МТЛ” ХХК-аас нэхэмжилсэн болно.

       

Иргэний хариуцагч байгууллага “МТЛ” ХХК нь хохирогч, иргэний нэхэмжлэгч БТЕГ ХХК-д 1,064,238,800 төгрөгийг, хохирогч, иргэний нэхэмжлэгч МТЛ ХХК-д учирсан 6,067,393,081 төгрөгийн хохирлыг биет байдлаар болон хоорондын тооцоогоор төлж барагдуулсан байна.

 

Иргэний хариуцагч “МТЛ” ХХК нь шүүхийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн тул гэм буруутай этгээдээс нөхөн төлсөн 7,131,631,881 төгрөг болон бусдад учруулсан 1,923,669,447.74 төгрөг нийт 9,055,301,328.74 төгрөгийг нэхэмжилсэн болно. Дээрх хохирлыг ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэж гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл шалтгааныг бий болгосон шүүгдэгч А.Ц, З.Х нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч СҮТЗ байгууллагаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу  өмгөөлөгчид төлсөн хөлс 41,800,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч СҮТЗ байгууллага нь хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэйгөө харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас ”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д, Ж.Э нарт 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 угаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц, З.Х нарт 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгч А.Ц, З.Х нарын өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч нарыг гэм буруугүйд тооцох гэсэн саналыг тус тус гаргаж оролцлоо.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

            Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар , шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг, шүүгдэгч А.Ц, З.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарын өндөр насны тэтгэвэрт байдаг болон хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, эдийн засгийн байдлыг харгалзан оногдуулсан торгох шийтгэлийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч А.Ц, З.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр  зорчихгүй байхаар тогтоож шийдвэрлэсэн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц, З.Х нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар: Шүүгдэгч А.Ц, З.Х нар нь тусгай дунд боловсролтой, шүүгдэгч Ж.Э, Ж.Д нартай хэргийн талаар харилцан эсрэг сонирхолгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр  гаргасан,  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч нарт холбогдох хэргийг цагаатгах байр суурьтай оролцох талаар танилцуулсныг хүлээн зөвшөөрч, ямар нэг эсрэг сонирхолгүй болохоо мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн газарт үзлэг хийсэн дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, гал тэрэгний зүтгүүрт үзлэг хийсэн дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, “Савхин шарнууд ХХК” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийн дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, Галт тэрэгний хар хайрцагт үзлэг хийсэн дүрс бичлэг агуулсан Сиди 2 ширхэг, нийт 6 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалах, Тээврийн Цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 20 нэр төрлийн 22 ширхэг эд зүйлийг хураан авч устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

  

1.Шүүгдэгч А. Ц, З.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг жолоодон хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан,

Ж. Э, Ж. Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төмөр замын хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц, З.Х нарыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц, З.Х нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын  хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр  зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

 4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Ц, З.Х нарт оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарт оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

 

            6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч МТЛ ХХК-аас УБТ  хувь нийлүүлсэн нийгэмлэгт 1,377,867,581.40 төгрөг, МТЗ ТӨХК-д 143,895,187.27 төгрөг, СҮТЗ байгууллагад 401,906,669 төгрөгийг гаргуулан олгох, шүүгдэгч А.Ц, З.Х нараас тус бүр 250,000,000 төгрөг гаргуулан БТЕГ ХХК-д,

           шүүгдэгч А.Ц, З.Х нараас тус бүр 4,527,650,664 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч МТЛ ХХК-д тус тус олгосугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар СҮТЗ байгууллагын нэхэмжлэлээс

41,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  дурдсугай.

 

    9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газарт үзлэг хийсэн дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, гал тэрэгний зүтгүүрт үзлэг хийсэн дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, “Савхин шарнууд ХХК” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийн дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, галт тэрэгний хар хайрцагт үзлэг хийсэн дүрс бичлэг агуулсан Сиди 2 ширхэг, нийт 6 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалж,

 Тээврийн Цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа

-78 дугаартай замын утсан цахилгааны мэдээ 1 хуудас,

-78 дугаартай хуудас 1 ширхэг,

-маягт ВУ-45 тоормосны баримт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цаг 20 минут гэсэн цаас 1 хуудас,

-тоормосны баримт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 13 цаг 40 минутын хуудас 1 ширхэг,

- галт тэрэгний биечилсэн хуудас "АУ-1" №2965320 нь 2 хуудас,

-зөвшөөрөл №99 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 27-ны 1 хуудас,

-анхаарамж 2 хуудас,

         - зүтгүүрийн машинч, туслах машинчийн формуляр ногоон өнгийн дэвтэр 1 ширхэг,

-машинч 3.Хын формуляр ногоон өнгийн дэвтэр 1 ширхэг,

-илчит тэрэгний ашиглалтын үеийн техникийн тодорхойлолт СКД 4В №3006 гэсэн А4 хэмжээтэй дэвтэр 1 ширхэг

-“Соса Cola” гэсэн бичиглэлтэй тунгалаг сав 1 ширхэг,

-Тунгалаг өнгийн “Voyage” гэсэн бичиглэлтэй талдаа тунгалаг өнгийн шингэнтэй хуванцар сав 1 ширхэг,

-Хүрэн өнгийн "Гоё цай" гэсэн бичиглэлтэй хүрэн өнгийн шингэн дүүрэн тунгалаг сав 1 ширхэг,

-"Гоё цай" гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн дотроо ямар нэгэн шингэнгүй тунгалаг сав 1 ширхэг,

-“Voyage” гэсэн бичиглэлтэй дотроо тунгалаг өнгийн шингэн дүүрэн жижиг тунгалаг өнгийн сав 1 ширхэг,

-“Жүржийн талст” гэсэн бичиглэлтэй дотор талдаа ямар нэгэн шингэнгүй тунгалаг сав 1 ширхэг,

-“Classic original” гэсэн бичиглэлтэй улаан өнгийн цаасан сав,

-“Punch” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн дотроо ямар нэгэн шингэнгүй сав 1 ширхэг,

-“Pure milk” гэсэн бичиглэлтэй сав 1 ширхэг,

-5 литрийн “Voyage” гэсэн бичиглэлтэй дотор талдаа бор өнгийн шингэнтэй тунгалаг өнгийн сав 1 ширхгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

    10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э, Ж.Д, А.Ц, З.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 5  дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.АДЪЯАСҮРЭН