Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 387

 

 

 

 

 

 

   2020           3                31                                        2020/ДШМ/387         

 

 

                                   Б.А, Н.В нарт

                                   холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчаа, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Вгийн өмгөөлөгч А.Ганбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчаа, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.А, Н.В нарт холбогдох эрүүгийн 1908048621496 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б.А,

Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүхийн 1994 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 296 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 57 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн  39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

2. Н.В,

 Шүүгдэгч Б.А нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Түшигтхангай” ХХК-ийн уурын зуухны ахуйн өрөөнд тухайн өдөр галчаар ажиллаж байсан Ц.Гансүхтэй маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж хүнийг санаатай алсан,

Шүүгдэгч Н.В нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гарган мэдүүлэг өгсний дараа 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй буюу “Б.А талийгаачийг огт цохиогүй, харин Б.Эрдэнэбат цохисон гэж, хэрэгт нэмэлт  мөрдөн байцаалт явуулж дахин мэдүүлэг авахад Ц.Гансүхийг Б.Эрдэнэбат цохиогүй, Б.А цохисон нь үнэн гэж мэдүүлсэн атлаа 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа  Б.А талийгаачийг цохиогүй, харин Б.Эрдэнэбат цохисон гэж удаа дараа шүүхэд зориуд худал мэдүүлж, Б.Эрдэнэбатыг гүтгэсэн гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.Вгийн үйлдлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Төв халх овгийн Батаагийн Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, Боржигин овгийн Нэргүйн Н.Вг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч гэрчийг гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аийг 9 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Вг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.А, Н.В нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аийн цагдан хоригдсон 785 хоногийг эдлэх ялд нь оруулан, Н.Вгийн цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд оруулан тус тус тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.А, Н.В нар нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А, Н.В нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч, эдлэх ялыг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Н.Вгийн өмгөөлөгч А.Ганбат тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Н.В эрүүл мэндийн хувьд тун хүндрэлтэй 7 хоногт 2-3 удаа биеийн байдал муудаж явж буюу сууж байсан газартаа ухаан алдаж унадаг эмгэг өвчтэй тул 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг торгуулийн ялаар сольж шийдвэрлэж өгөхийг хүсье. ...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчаа болон түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нар тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ж.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тогтоолын тодорхойлох хэсэгт тэжээгчээ алдсаны тэтгэмж цалингийн зөрүүг нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх гэжээ. Бид зөвхөн Иргэний хуулийн 508 дугаар зүйл, 508 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтыг үндэслэн нас барагчийн 11 настай суралцаж байсан хүүхдийн 18 нас хүртэл төлөх гэм хорын төлбөрийг нотлох баримтын хэмжээнд нэхэмжилсэн. Тэтгэмж, цалингийн зөрүү нэхэмжлээгүй болно.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн, 2.1, 3.5-г тогтоох хэсэг мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн, 1.7, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн, шүүх хохирол, хор уршгийг бодитой үнэлээгүй гарах зардлын мөнгөн дүнг тогтоож тогтоолд оруулахыг орхигдуулсан гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, учруулсан хохирол, хор уршгийг төлөөгүй мөн 5-н удаа шүүхээр ял шийтгүүлж, засраагүй, эцэст нь хүнийг алсан хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад 9 жилийн хугацаагаар хорих ял өгч, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шүүх тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд тохироогүй байна.

Иймд хохирол, хор уршгийн мөнгөн дүнг зөв тогтоож, Б.Аийн ял эдлэх дэглэмийг өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох, тодорхойлох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ... Талийгаач нь сард 480.000-600.000 төгрөгийн цалин авдаг байсан. Үүнээс түүний охинд тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж улсаас сар бүр 250.000 төгрөгийг олгодог. Үлдэгдэл 230.000 төгрөгийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч нараас нэхэмжилсэн. Гэхдээ Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл гэм хор учруулсны төлбөрийг төлнө” гэж заасан. Талийгаачийн охин тухайн үед 11 настай байсан. Тэгэхээр 18 нас хүртэл нь 7 жил 2 сараар тооцохоор нийт 19.780.000 төгрөг болж байна. Үүнийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлнэ гэсэн боловч анхаарч үзэлгүй, дурдаад өнгөрсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасны дагуу хохирлыг тогтоож, шийтгэх тогтоолд  нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн шүүгдэгч Б.А нь хохирлыг бүрэн төлөөгүй, гэм буруу дээрээ маргаж байгаа болон түүний хувийн байдлыг нь харгалзан хорих ялыг нь хаалттай хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоол ойлгомжтой байх хэлбэрийг зөрчсөн гэж байх боловч шийтгэх тогтоолоос харахад тийм зүйл харагдахгүй байна. Хэрэв шаардлагатай гэж үзвэл баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Үүгээрээ хохирогч талд учирсан хохирол, гэм хорыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.А нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Түшигтхангай” ХХК-ийн уурын зуухны ахуйн өрөөнд тухайн өдөр галчаар ажиллаж байсан Ц.Гансүхтэй маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж хүнийг санаатай алсан,

Шүүгдэгч Н.В нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гарган мэдүүлэг өгсний дараа 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй буюу “Б.А талийгаачийг огт цохиогүй, харин Б.Эрдэнэбат цохисон гэж, хэрэгт нэмэлт  мөрдөн байцаалт явуулж дахин мэдүүлэг авахад Ц.Гансүхийг Б.Эрдэнэбат цохиогүй, Б.А цохисон нь үнэн гэж мэдүүлсэн атлаа 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа  Б.А талийгаачийг цохиогүй, харин Б.Эрдэнэбат цохисон гэж удаа дараа шүүхэд зориуд худал мэдүүлж, Б.Эрдэнэбатыг гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчаа “...Нөхөр Гансүхийг нас барсан талаар утсаар манай хүүгийн найз нь хэн гэдгийг нь мэдэхгүй залуу ярьсан гэхдээ нас барсан гэж хэлээгүй Гачууртад яаралтай ир гэж хэлээд би 2016 оны 10 дугаар сарын 12-ны шөнө очсон очиход уурын зууханд цагдаа нар ирсэн намайг оруулаагүй. ...2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр очиход талийгаач хэвийн зүгээр байсан нүүрэнд нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ...” /1 хх 45-48/,

          гэрч Н.Вгийн “...2016 оны 10 дугаар сарын 12-ны орой цагийн санахгүй байна, халамцуу ганцаараа явж байгаад захиргааны байрны урд талд танил Б.А, Эрдэнэбат нартай таарсан. Тэгэхэд тэр 2 бага зэрэг халамцуу байх шиг байсан. Б.А хуучин ажиллаж байсан уурын зуух руу хамт оръё гээд Эрдэнэбат бид гурав галч Гансүх түүний хажууд галч Цолмон унтаж байсан. Гэхдээ Цолмон согтуу тасарчихсан байдалтай унтаж байхад нь Б.А босгох гэхэд босох тэнхээгүй байсан. Харин Гансүх эрүүл байсан. Тэгэхэд Гансүх орон дээр сууж байгаад босоход Б.А ямар ч юм ярилгүй шууд очоод нүүр рүү нь зүүн шанааны орчим байх баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгэхэд Гансүх газар унаад босч ирээгүй, би шүдгүй тул хоол унд идэхэд хэрэглэдэг жижиг шар иштэй хутга биедээ авч явсан болохоор тухайн үед уурандаа гаргаж ирээд Б.Аийг айлгах гэж бодоод больчихсон юм. Улмаар Б.А, Эрдэнэбат 2 гараад явахад нь би хамт дагаж яваад захиргааны байрны үүднээс салаад жижүүр рүү орсон. Тэр 2 тухайн үед ямар нэг зүйл ярилгүй шууд яваад өгсөн. Тэгээд би захиргааны байранд орж цагдаад хэлэх гэхэд нь би Тогтох жижүүрт Б.А, Эрдэнэбат 2 уурын зууханд Гансүхтэй маргасан талаар цагдаад хэлэх гэсэн юм гэж хэлээд би бие засчихаад гараад танил Түмэн гэх хүний гэрт очоод байж байхад шөнө цагдаа нар ирээд намайг авч явсан. Тухайн үед өөр ямар нэг зүйл болоогүй. Би тухайн үед халамцуу байсан, гэхдээ болсон явдлыг сайн санаж байна. ...” /1 хх 49/,

гэрч Д.Эрдэнэбатын “...Тэгэхэд 19 цагийн үед байх Б.А, Гансүх, Ванчин хоёрыг ажил дээр архи уусан гэж уурлахад Гансүх үглээд юм хэлэх шиг болоход Б.А юу гээд байгаа пизда вэ гээд зүүн шанааны орчим алгадсан. Тэгэхэд Б.Аийн найз залуу, Ванчин, Цолмон бид нар байсан, харин Оошоожав, Эрдэнэдаваа 2 гадна мотороо боож байсан. Гансүх алгадахад нь төмөр орон дээр биеийн баруун талаар унаж босож ирээд яаж байна гээд маргалдсан. Тэгэхэд би учраа олчих байх гэж бодоод гарч Оошоожав, Эрдэнэдаваатай мотороо боосон. Тэгээд 30 орчим минутын дараа эргэж ороход Гансүх дээш хараад газар хэвтчихсэн байхад нь би сандраад яасан бэ гэхэд хөдлөхгүй хэвтээд байсан. Тэгэхэд Б.А “Гансүх пизда чинь дургүй хүргээд” гэж хэлсэн. Тухайн үед хажууд нь Б.Аийн найз залуу, Цолмон, Ванчин нар байсан. Миний араас Оошоожав орж ирээд Гансүхийг хараад наадах чинь чадарчихсан юм биш үү гэж хэлсэн. Тэгэхэд би Оошоожавыг цагдаа дууд гэж явуулаад би Гачууртын нэгдсэн эмнэлэгт очиж дуудлага өгч, эмч Амаржаргал сувилагчтай нь цуг цагийг санахгүй байна уурын зуухан дээр ирэхэд Гансүхийн хажууд Цолмон, Б.А нар байсан. ...Анх Гансүхийг алгадахад амнаас нь цус гараагүй байсан, харин гаднаас намайг орж ирсний дараа амнаас нь цус гарчихсан байдалтай хөдлөхгүй газар хэвтэж байсан. ...” /1 хх 50/,

гэрч Ц.Оошоожавын “...Би ганцаараа уг захиргааны байрнаас хий авч халаагаад байж байхад 15-20 минутын дараа хорооны эмч Амаржаргал 98110887 утсаар над руу залгаж танай слерарь Эрдэнэбат Гансүхийг ухаан алдаад уначихсан байна гэж дуудлага өгсөн гэхэд нь сандраад очиход талийгаач Гансүх Цолмонгийн унтаж байсан ажилчдын амралтын өрөөнд газар дээш хараад баруун шанааны орчим зүсэгдсэн юм шиг бага зэрэг цус гарчихсан байдалтай байсан. Хажуу талын орон дээр Цолмон тасраад унтаж байсан хэвээрээ, өөр хүн байгаагүй. ...Ванчин гэх хүн Гачууртын захиргааны байрны жижүүр Баттогтоход манайд ажиллаж байгаад халагдсан слесарь Б.А одоо ажиллаж байгаа слесерь Эрдэнэбат хоёр согтуу уурын зууханд оччихсон Б.А талийгаач Гансүхтэй маргалдаж байна гэж хэлсэн байсан. ...” /1 хх 57-62/,

гэрч Г.Мөнх-Отгоны “...Талийгаач энэ үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Оошко бас эрүүл байсан. Талийгаачийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Бие өвдөж байна гэсэн ямар нэг зүйл яриагүй. Талийгаач эцгийнхээ ажил дээр 20-30 орчим минут байж байгаад усаа аваад буцсан. Бид гурвыг зуухан дээр байхад гаднаас өөр хүн орж ирээгүй. ...” /1 хх 63-64/,

гэрч Д.Эрдэнэдаваагийн “...Би хувцсаа солиод уурын зууханд очиход Ошко ах, Ганаа ах 2 байсан...бид 3 байж байтал Ошко ах биднийг хариуцдаг Эрдэнэбатыг дуудаад ирье гээд гараад явсан хойгуур гаднаа Ванчин, Түмээ 2 уурын зууханд орж ирээд бид 4 зурагт үзсэн тэгтэл Ганаа ах “...ахын дүү байж бай ах нь энэ хоёрыг гаргаж өгчихөөд ирье” гэж хэлээд дагуулаад гарсан. Ойролцоогоор 15 минутын дараа Ганаа ах буцаж орж ирсэн, Ошко ах Эрдэнэбатыг дуудчихлаа гээд орж ирсэн араас нь Эрдэнэбат, Цолмон, Хуягаа ах орж ирсэн. Тэгээд бид хэд эвдэрсэн моторын оронд өөр мотор тавьсан тэгээд Эрка ах Хуягаа ах, Хуягаатай хамт явсан залуу 3 гарч явсан. Тэгээд Ошко ах, Ганаа ах, Цолмон ах бид 4 мотороо засч дуусгасан. ...” /1 хх 65-67/,

гэрч Я.Баттогтохын “...Ванчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь чи одоо яв яв энд юугаа хийгээд байгаа юм харьж амар гэж хэлсэн чинь Ванчин “зуухан дотор Гансүх, Б.А 2 хоорондоо зодолдоод байна би гараад ирлээ гэсэн. ... ” /1 хх 68-69/,

гэрч Г.Солонгын “...би эмч Амаржаргалын хамтаар уурын зууханд гүйгээд ороод нилээн явж байгаад мухрын өрөөнд ороход талийгаач төмөр орны хажууд эгц дээшээ харсан байдалтай  хөлөө хагас нугалан куртик бээлий өмссөн байхаар нь куртикных нь баруун мөрийн мултлаад даралтыг нь үзэхэд амьсгал хураасан байсан. ...” /1 хх 70/,

гэрч Ч.Цолмонгийн “...Бид нар мөнгөө нийлүүлээд нэг шил архи авч уурын зууханд Б.А, Эрдэнэбат бид гурав л архи уусан тэд нар архи уугаагүй, талийгаач Гансүх архи уусан үгүйг мэдэхгүй уг нь ажилтай байсан. Энэ үед Н.В бас байсан мөн халамцуу байсан. Би тэгээд тэр архийг уугаад согтоод уурын зуухны ажилчдын өрөөнд орон дээр унтаад өгсөн хэдэн цаг унтсаныг санахгүй байна. Нэг сэрэхэд цагдаа ирсэн цагдаа дуудаад сэрээсэн. Энэ хэргийн талаар би ямар нэг зүйл сонсоогүй. Талийгаачийг хэн зодсоныг мэдэхгүй Н.В харин хамт байсан гэсэн талийгаач Гансүхийг Б.А нь гараараа цохиод унагаасан гэж хэлж байсан түүнээс өөр зүйл сонсоогүй. ...” /1 хх 80, 2 хх 193/,

гэрч А.Намжилдоржийн “...Уурын зуухны ажилчдын амралтын өрөө рүү Эрдэнэбатыг дагуулж ороход төмөр орны өмнө талийгаач газар хэвтэж байсан. Хойд талын орон дээр нь нэг нөхөр тасарсан байдалтай хэвтэж байсан. Талийгаачийн дэргэд нь Гачууртын 2 эмч байхаар нь юу болсон талаар асуухад талийгаачийг өнгөрсөн байна аа гэж хэлсэн. Би тэнд байсан хүмүүсээс хэн хэн байсан гэж асуухад Б.А байсан гэж Эрдэнэбат хэлэхээр нь цагдаа Д.Өвгөнбүргэд Б.А ойр хавьд байж магадгүй чи гараад үзээд байх гэхэд гарч яваад 5-10 минутын дараа Б.Аийг гавалчихсан Д.Өвгөнбүргэд орж ирсэн. ...Б.А уурын зууханд орж ирснийхээ дараа тэнд байсан Эрдэнэбат, Цолмон, Оошоожав нарт хандаж та талийгаачийг алсан биз дээ гэх ямар нэгэн яриа өгүүлэл гаргаагүй ээ. ...Б.А өрөөнд байхдаа Эрдэнэбатаа чи эр хүн шиг байгаарай, чи ярьсан хэлсэндээ байгаарай пизда минь гээд хашгираад байсан. Эрдэнэбат нь юу ч дуугараагүй. ...Ер нь ажиглаад байхад Б.А, Эрдэнэбатыгаа дарамталдаг юм шиг байна лээ. Харагдах байдлаасаа шууд харагдаж байсан. ...” /1 хх 75-76/ гэх мэдүүлгүүд,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулайн чамархай, суурь, бага тархийг нилэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, толгойн хуйханд цус хуралт, баруун хөмсөгт шарх, эрүүний баруун буланд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, доод уруулд цус хуралт, дотор салстад няцарсан шарх, баруун нүдний доод зовхинд хуучин цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн 879 дугаартай дүгнэлт /1 хх 98-100/,

шинжээч эмч М.Отгонбаатарын “...баруун нүдний доод зовхинд үүссэн хуучин цус хуралт гэмтлээс бусад гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд юм. Дээрх гэмтлийг авснаас хойшхи тодорхой хугацаанд идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж авсан ч амь нас аврагдах боломж муутай. Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйл болох хүний гар, хөл болон мод, төмөр, чулуу гэх мэт хүчин зүйлүүдийн аль алинд нь үүсэх бөгөөд нэг удаагийн болон нэг бус удаагийн үйлчлэлээр үүснэ. Фото зургаас харахад талийгаачийн биед учирсан гэмтлүүд нүүрэнд учирсан гэмтлүүд унахад үүсэх боломжтой. Талийгаачийн баруун нүдэнд хуучин цус хуралт гэмтэл үүссэн гэдгийг ялгаж өгсөн байгаа уг гэмтэл нь хуучин бөгөөд гэмтлийн зэрэгт хамаарахгүй үхэлд нөлөөлөхгүй гэмтэл болно. Харин гавал тархины гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд 3-4 хоногийн өмнө үүсэх боломжгүй. ...” /1 хх 144-145/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Гансүх 48 эр 2016.10.13” гэж хаягласан цусанд 4, 5 промилли, ходоодны шингэнд 5,0 промилли, шээсэнд 4,2 промилли, цөсөнд 4,3 промилли спиртийн агууламж илэрсэн. …” гэсэн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 8943 дугаартай дүгнэлт /1 хх 102/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Н.В нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг болон ойр орчиндоо болж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэх чадвартай байсан байна. Н.В нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...” /2 хх 221-223/ гэх дүгнэлтүүд, гэрч Н.В, Д.Эрдэнэбат нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1 хх 51-55/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Түшигтхангай” ХХК-ийн уурын зуухны ахуйн өрөөнд тухайн өдөр галчаар ажиллаж байсан Ц.Гансүхтэй маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж хүнийг санаатай алсан,

шүүгдэгч Н.В нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гарган мэдүүлэг өгсний дараа 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй буюу “Б.А талийгаачийг огт цохиогүй, харин Б.Эрдэнэбат цохисон гэж, хэрэгт нэмэлт  мөрдөн байцаалт явуулж дахин мэдүүлэг авахад Ц.Гансүхийг Б.Эрдэнэбат цохиогүй, Б.А цохисон нь үнэн гэж мэдүүлсэн атлаа 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа  Б.А талийгаачийг цохиогүй, харин Б.Эрдэнэбат цохисон гэж удаа дараа шүүхэд зориуд худал мэдүүлж, Б.Эрдэнэбатыг гүтгэсэн болох нь хөтөлбөргүй тогтоогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Аийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах, шүүгдэгч Н.Вгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зориуд худал мэдүүлэг өгч гэрчийг гүтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, анхан шатны шүүх тэднийг тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцнэ.

Шүүгдэгч Н.Вгийн өмгөөлөгч А.Ганбатаас “...Н.В эрүүл мэндийн хувьд тун хүндрэлтэй 7 хоногт 2-3 удаа биеийн байдал муудаж явж буюу сууж байсан газартаа ухаан алдаж унадаг эмгэг өвчтэй тул 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг торгуулийн ялаар сольж шийдвэрлэж өгөхийг хүсье. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Н.Вд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанарт тохирсон байх тул эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчаа, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нараас “...хохирол, хор уршгийн мөнгөн дүнг зөв тогтоож, Б.Аийн ял эдлэх дэглэмийг өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох, тодорхойлох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна.

Шүүхээс Б.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, ял эдлэх хорих байгууллагын дэглэмийг тогтоосныг хуульд нийцсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас Ц.Гансүхийн амь нас хохирч, амь хохирогч Ц.Гансүхийн оршуулгын зардал болон бусад материаллаг хохирол нөхөн төлөгдсөн байна.

Харин анхан шатны шүүх амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, цалингийн зөрүүг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчаагийн нэхэмжлэлийн шаардлагыг нэг мөр хангаж шийдвэрлээгүй буруу болжээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, цалингийн зөрүүг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн нь ... шүүгдэгч эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.”  гэсэн шаардлагад нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах”, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно”, мөн зүйлийн 508.4 дэх хэсгийн 508.4.4 дэх заалтад “нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин, хөлс, орлогогүй нас барагчийн эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэгэнд түүний нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр уг хүүхдийг найман нас хүртэл нөхөн төлнө” гэж тус тус заасан эрхийнхээ дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчааг насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, цалингийн зөрүүг нэхэмжилсэн байна. /5 хх 60/      

Амь хохирогч Ц.Гансүх, Н.Хандрагчаа нар нь 1989 оны 6 дугаар сарын 7-ны өдөр гэр бүл болж, 1989 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр охин Г.Ариунжаргал төржээ. /5 хх 66/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчаа амь хохирогч Ц.Гансүхийн эхнэр, охин Г.Ариунжаргалын төрсөн эх тул насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, цалингийн зөрүүг нэхэмжлэх эрхтэй юм.

Хэрэгт авагдсан “Түшигтхангай” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 8 дугаартай тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны засаг дарга, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нарын тодорхойлолтууд, тэтгэвэр авч байгаа байдал зэргээс үзвэл амь хохирогч Ц.Гансүхийн дундаж цалин 480.000 төгрөг байсан,  Нийгмийн халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжид 251.000 төгрөг авч байгаа, Н.Хандрагчаа түүний охин Г.Ариунжаргал нар амьжиргааны түвшингээс доогуур орлоготой нь тогтоогдож байна.

Иймээс тэжээгчээ алдсаны тэтгэмж, цалингийн зөрүү болох нэг сарын 229.000 төгрөгийг амь хохирогчийн охин Г.Ариунжаргалыг 18 нас хүртэлх 19.007.000 /229.000 х 83 сар/ төгрөгийг шүүгдэгч Б.Ааас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчаад олгох нь зүйтэй гэж дүгнэв.  

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчаа, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Н.Вгийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...шүүгдэгч Н.В нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай...” гэснийг  “Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Ааас 19.007.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандрагчаад олгосугай.” гэж өөрчлөн, нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ