Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2020/0000/З |
Дугаар | 110/ШШ2020/0014 |
Огноо | 2020-02-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 110/ШШ2020/0014
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:О.Х нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан даргалагч, Тэргүүлэгч Д.Е, Тэргүүлэгчид С.Д, Х.Д, И.Б, М.Ө нарт холбогдох,
“Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас гарсан бүх тогтоолууд, Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох,Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоох, 2019 оны 11 дүгээр сарын 01-ээс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай”нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Х, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Д.Е, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, орчуулагч Н.Болатбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч О.Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие О.Х 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж байсан. 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ногооннуур сумын 8 дугаар баг буюу 164 дүгээр хэсэгт орон нутгийн Хурлын төлөөлөгчийн нөхөн сонгууль болсон.Уг нөхөн сонгуульд манай 8 дугаар багийн оршин суугч С.А бие даагчаар нэр дэвшиж, нэмэлт санал хураалтаар тус багаас оролцож байгаа нийт 212 сонгогчийн 82 сонгогчийн саналыг авснаар Сонгуулийн хороо 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 11 дүгээр тогтоол гаргаж, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн. Уг өргөн мэдүүлсэн Сонгуулийн хорооны тогтоолыг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж ирсэн.
Монгол Улсын засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх тухай Хурлын даргын бүрэн эрхийн дагуу, мөн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” гэж зааснаар бид нар Сонгуулийн хорооноос оруулж ирсэн асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцсэн. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 65 дугаар тогтоолоор 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ээлжит 6 дугаар хуралдааныг хуралдуулахаар зарлах нь зүйтэй гэж шийдвэрлэж,мөн 66 дугаар тогтоолоор төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал, шинээр баг гаргах, 2018 оны орлогын давсан хэсгийг хуваарилах, 2018-2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хуваарилалтын зарим хэсэгт өөрчлөлт оруулах, мөн газрын үнэлгээ төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох зэрэг 5 асуудлыг хэлэлцүүлэхээр болж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан.
Уг тогтоолын дагуу 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдааныг эхлүүлсэн. Үүнээс өмнө ажлын албаар дамжуулан хуралдааны урилгыг 27 төлөөлөгчид тараасан. Энэ талаар Хурлын нарийн бичгийн дарга Х.Ды мэдүүлэгт байгаа. 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит хуралдааныг 11 цагт эхэлсэн. Эхлэх үед нийт 11 төлөөлөгч ирсэн. Ингээд бусад төлөөлөгчид С.Тилеубек, С.Хайрол нар сумын төвд байсан ба уулзахад “одоо орж ирнэ” гэсэн, мөн төлөөлөгч Х.Жүнисхан. Т.Серикжан, А.Тилеужан нар “бид нар орж ирнэ, та очиж бай” гэхээр нь тэд нарыг хүлээсэн.Эд нарт би хуралдаан даргалагчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаантай гэж чөлөө өгсөн. Бид нар хүлээж байтал тухайн хүмүүс орж ирээгүй, утас нь холбогдох боломжгүй болсон.
Дараа нь Ардчилсан намын зүгээс завсарлага авсан. Тэр хооронд бид нар Сонгуулийн хорооноос ирсэн С.Аын бүрэн эрхийг зөвшөөрөх асуудлыг хэлэлцэж, 01 дүгээр тогтоолоор баталсан. Тэгээд Ардчилсан намын зүгээс завсарлага авсан тул дээрх төлөөлөгчдийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзээд хуралдааныг 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цагт үргэлжлүүлэхээр болоод явсан. Дараагийн өдөр нь 11 цагт хуралдаанаа 14 төлөөлөгчтэй эхэлж, хэлэлцэх асуудлыг эхнээс нь танилцуулж хэлэлцсэн. Уг хуралдаанаар эхний асуудал болох төлөөлөгчийн бүрэн эрхийг хэлэлцэж дахин хүлээн зөвшөөрсөн. Тэгээд Ардчилсан намын зүгээс 27 төлөөлөгч урилга авсан ч зарим нь яагаад ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар надаас асуухад бид нар 27 төлөөлөгчид урилгыг өгсөн, зориудаар хурлыг тасалсан байна гэсэн үндэслэлийг ярьсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”, 23.9-т “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэсэн заалтуудыг үндэслэсэн.
Тийм учраас 14 төлөөлөгч өөрсдөө санал гаргаж, хуралдааныг тасалж, хариуцлагагүй байгаа Тэргүүлэгчид Д.Е, М.Ө, И.Б, Х.Д, С.Д нарыг 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Тэргүүлэгчээс чөлөөлсөн. 14 төлөөлөгчид санал гаргаснаар бүтцэд өөрчлөлт оруулж, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолоор шинээр Тэргүүлэгч сонгосон. Бусад асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хуралдаан болсноос хойш 1 сарын дараа нэгтгэж, ажлын алба тогтоолын төслийг оруулж ирүүлсэн. Тэгээд хуралдаан хүчин төгөлдөр гэж үзээд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бүх тогтоолд гарын үсэг зурсан.
2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Б Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг танилцуулах,сурталчлах, ард иргэдтэй уулзалт хийхээр удирдамжийн дагуу манай Ногооннуур суманд ажилласан. Тухайн үед манай сумын Засаг дарга хариуцлага алдаж, удирдамжид заасан үүргээ үл биелүүлсэн асуудал гарсан. Дараа нь аймгийн Хурлын даргаас 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга надад энэ талаар албан бичиг явуулсан. Уг асуудлыг зайлшгүй Тэргүүлэгчдээр авч хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Мөн Ногооннуур сумын Цагааннуур тосгоны сонгуулийн товыг зарлах, хэсгийн хороо байгуулж, бүрэлдэхүүн томилох, Тэргүүлэгчдийн дэгийг батлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сонсох, орлогын бүрдүүлэлт зэрэг асуудлуудыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцэхээр болж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хурлын нарийн бичгийн дарга Х.Дд үүрэг өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тогтсон хугацаанд Х.Д ажлын байранд байхгүй байсан. Тэгээд өгсөн үүрэг даалгаврыг яагаад биелүүлэхгүй байгаа вэ гэж утасдахад, аймагт байгаа гэсэн шалтаг ярьсан. Х.Ды ирээгүй шалтгийг хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлээд, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагт хэлэлцэхээр болж тэмдэглэл хөтөлсөн. Дараагийн өдөрт нь Х.Д 13 цагт ирсэн, бусад Тэргүүлэгчид ирээгүй учраас 16 цагт ажлын байрандаа орж ирсэн. Тэнд хуучин чөлөөлөгдсөн Тэргүүлэгч нар өрөөнөөс гарахгүй, ажил хийлгүүлэхгүй,үймүүлж, хэрүүл маргаан гаргасан учраас цагдаад мэдэгдээд, 22 цагийн үед гараад явсан. Тухайн бичлэгийг хавтаст хэрэгт гаргаж өгсөн.
Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Цагааннуур тосгоны захирагч Д.Е өөрийнх нь захирагчийн бүрэн эрх нь дуусаж байгаа учраас хувийн ашиг сонирхолтой хүмүүсээр сонгуулийн хороо байгуулан, уг сонгуулийн хороогоор өөрийгөө дахин захирагчаар сонгуулж авахын тулд дараах хууль бус ажиллагааг хийсэн байна.
Ээлжит бус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг төлөөлөгчдөд урьдчилан мэдэгдэхгүйгээр, Д.Е нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халагдсан Х.Дтай нийлж, хэсэг бүлэг төлөөлөгчдийн хамт 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Засаг даргын албаны өрөөнд нууцаар хуралдаж 07 дугаар тогтоолыг нөхөж гаргасан байна. Түүнээс биш 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ямар ч хурал болоогүй бөгөөд тухайн өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга би Тэргүүлэгчдийн хуралдаан хийж байсан боловч 9 дүгээр сард Тэргүүлэгчээс чөлөөлөгдсөн төлөөлөгчид саад учруулсан учраас хэрүүл маргаан гарч тарцгаасан байсан.
Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааныг Цагааннуур тосгоны захирагч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Е өөрөө даргалж хууль зөрчсөн байна. Хурлын нарийн бичгийн дарга Х.Д 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халагдсан учраас өөрсдийнхөө хийсэн хууль бус хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан мэтээр хуурамч тогтоол гаргасан байна. Тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг Тэргүүлэгчид хуульд заасан хугацаанд урьдчилан товлон зарлаагүйгээс гадна иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бэлтгэл ажил хийгдээгүй, хэлэлцэх асуудлын дараалал батлагдаагүй байсан. Энэхүү хууль бус хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Х намайг чөлөөлсөн байна. Үүнээс болж миний бие Хурлын даргын ажлыг хэвийн үргэлжлүүлж чадахгүй байдалд хүрч байгаа бөгөөд хууль журмын дагуу сонгуульт ажилдаа тогтвор суурьшилтай ажиллаж чадахгүйд хүрлээ. Тухайн өдөр Д.Е даргалсан хуралдаанаар намайг Хурлын даргаас чөлөөлснөөс гадна өөр олон асуудлыг хэлэлцэж тогтоол гаргажээ. Хурлын дарга надад болон бусад төлөөлөгч, Тэргүүлэгчдэд мэдэгдэхгүйгээр хуралдаж, нууцаар гаргасан тогтоолуудыг зөвшөөрөх боломжгүй байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь холбогдох тооцоо, судалгаанд үндэслэж, холбогдох хууль журмын дагуу хуралдаж хамтын шийдвэрээр тогтоол гаргадаг юм. Гэтэл хэсэг бүлэг төлөөлөгчид өөрсдийнхөө эрх ашгийн дагуу, хууль бусаар хуралдаж тогтоол гаргаж ард иргэдийг хохироож байгаагийн зэрэгцээ, Хурлын дарга, төлөөлөгч, Тэргүүлэгчдийн эрх ашгийг зөрчиж байна. Хариуцагч Д.Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд хуралдааны хугацааг хойшлуулан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр товлон зарлах тухай Тэргүүлэгчдийн тогтоол гарсан” гэж худлаа тайлбар гаргаж Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолыг хавсаргасан байна.Тиймээс бэлтгэл ажил хангаагүй, төлөөлөгчдөөр хэлэлцүүлээгүй, Хурлын даргын товлон зарлах бүрэн эрхэд халдсан гэсэн үндэслэлээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 25.2-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн учраас Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас гаргасан бүх тогтоолууд, Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолыг хүчингүй болгож, намайг өмнөх ажилд эргүүлэн тогтоож, 2019 оны 11 дүгээр сарын 01-ээс одоо хүртэлх миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны бүх тогтоолыг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргасан. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуралдаан болоогүй. Хуралдаан болсон талаар ямар нэгэн нотлох баримт, гэрч нар байхгүй. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хурлын даргын өрөөнд саяны бичлэг дээр бичигдсэн үйл баримт болсон. Өөрөөр хэлбэл 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны тогтоолоор шинээр сонгогдсон Тэргүүлэгчид хуралдаанаа хийх гэж байхад гаднаас Х.Д, С.А, Д.Е нар орж ирээд тухайн Тэргүүлэгчдийн хуралдааныг хийлгүүлэхгүй саад учруулсан. Гэтэл хариуцагч энэ бичлэг нь төлөөлөгч нарын хуралдааны бичлэг гэж ярьж байгаа. Бичлэг дээр бичигдсэн хүмүүсийн ярианаас үзэхэд Тэргүүлэгчдийн хуралдааныг хийлгүүлэхгүй гэж маргасан. Тэнд 10-аад төлөөлөгч байсан, тэд нарын ихэнх нь шинээр сонгогдсон Тэргүүлэгч нар, Хурлын дарга байсан.
2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдааныг Тэргүүлэгч нар хуралдаж товлон зарласан гэж хариуцагч тайлбарлаж байгаа. Энэ хуралдааныг Тэргүүлэгч нар товлон зарлаагүй гэдгийг Хурлын дарга О.Х болон шинээр сонгогдсон Тэргүүлэгчид нар гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн.Тэргүүлэгч нар тухайн хуралдааныг товлон зарлаагүй байхад 31-ний хуралдаан хийсэн мэтээр хуурамч тогтоолууд гаргасан. Хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр биш, 11 дүгээр сарын 01-ний өдөр болсон байж магадгүй талаар нэхэмжлэгч ярьж байгаа. Яагаад гэвэл 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ямар ч хуралдаан болох боломжгүй байсан. 31-ний өдөр Тэргүүлэгчдийн хуралдаан болох үеэр маргаан гарч, цагдаад мэдэгдсэн,Тэргүүлэгчдийг хуралдуулаагүй, орой болсон байсан. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д.Е өөрийнхөө утсаар О.Хт “чамайг 17 төлөөлөгч хүлээж байна. Тэд нарыг хүндэтгээрэй, чамд халдах гэж байгаа хэн ч байхгүй” гэсэн мессеж бичсэн. Гэтэл өнөөдөр болохоор 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаан хийсэн, тогтоол гаргасан, чамайг чөлөөлчихсөн гэж ярьж байгаа. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанд О.Х оролцож, хурлыг орхин явсан мэтээр хариуцагч тайлбарлаж байна. Гэхдээ энэ талаар ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Эндээс харахад төлөөлөгчдийн хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болсон байж болзошгүй, мөн энэ нь бичлэг, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Үүнээс гадна Тэргүүлэгчид хуралдааныг товлон зарлаагүй гэдгийг нотлох баримт нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны тогтоолууд байгаа.
Тэргүүлэгчээс чөлөөлөгдсөн хүмүүс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, 68 дугаар тогтоолоор 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааныг товлон зарлаж, хуралдаан хийсэн мэтээр харагдаж байгаа боловч тухайн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан Тэргүүлэгчид 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Тэргүүлэгчийн эрхээ алдсан,эрхгүй хүмүүс байсан. Тэргүүлэгчдийн хуралдааныг хуралдуулах, тов тогтоох, зохион байгуулах эрх нь Хурлын даргад байдаг.
Хурлын дарга нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Тэргүүлэгчдийг хуралдуулаагүй, хурал зарлаагүй, хурал хийгээгүй гэж байхад хийсэн хуралдааныг Тэргүүлэгчдийн биш нарийн бичгийн даргын хуралдаан гэж үзэхээр байна. Мөн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааныг Тэргүүлэгчдийн хуралдаан гэж үзэх боломжгүй. Тэргүүлэгчдийн хуралдааныг Хурлын дарга удирдаж, хуралдаанаас гарсан тогтоолд Хурлын дарга гарын үсэг зурж баталгаажуулан албажуулах ёстой. 2019.09.09-ний, 2019.10.16-ны өдрийн Тэргүүлэгчдийн тов тогтоосон тогтоолд Хурлын дарга гарын үсэг зурж албажуулаагүй, хуралдааныг Хурлын дарга зохион байгуулж хуралдуулаагүй, хуралдаанд өөрөө оролцоогүй байхад оролцсон мэтээр баахан тэмдэглэл бичсэн. Ингэж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Сумын Засаг даргад хариуцлага тооцохоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шаардлага хүргүүлсэн. Тийм учраас Засаг дарга 09 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанд саад учруулахын тулд оролцоогүй, тухайн хуралдааныг хойшлуулсан мэтээр дараа нь нөхөж янз бүрийн хуурамч нотлох баримт бүрдүүлсэн. Мөн Хурлын нарийн бичгийн дарга Х.Ды талаар ажил тасалсан, ёс зүйгүй,2 ширхэг хүчингүй болсон тамгыг ашигласан гэсэн асуудал яригдаж байсан.
Мөн Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийг яаралтай зарлах, товыг тогтоох гэсэн бас асуудал байсан.Эдгээр хүмүүс Хурлын эрхийг авах, Хурлын даргыг чөлөөлөх, хууль бус хуралдаан зохион байгуулах,өөрсдийгөө хамгаалуулах гэсэн нөхцөл байдал харагдаж байна.Нөгөөтээгүүр 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаан хийгдэж, С.А төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн байсан. С.А тухайн хуралдаанд саналын эрхтэйгээр төлөөлөгчийн хувиар оролцож, ирц бүрдүүлсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл Ногооннуур сумын Сонгуулийн хорооны 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор С.Ад төлөөлөгчийн түр үнэмлэх олгож байсан, түр үнэмлэхтэй төлөөлөгч юм. Тухайн 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанд түр үнэмлэхтэй төлөөлөгч болон 13 төлөөлөгч оролцож, олонхийн ирцтэйгээр хуралдаан хийж,Тэргүүлэгчдийг чөлөөлж, шинээр Тэргүүлэгч нарыг сонгож, тогтоол гаргаж байсан. Гэтэл өмнөх Тэргүүлэгч нар уг тогтоолыг эс зөвшөөрч эрхээ хамгаалуулахаар хуулийн хугацаанд шүүхэд хандаагүй. Дараа нь 1 сар хагасын дараа2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлөөлөгч нар хуралдаан хийсэн болоод 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Тэргүүлэгчдийг чөлөөлсөн тогтоолыг, Тэргүүлэгчдийг шинээр сонгосон тогтоолыг хүчингүй болгосон. Ингэж хүчингүй болгосон нь тухайн үед шинээр сонгогдсон хүмүүсийг Тэргүүлэгч байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгаа, ингээд дахин өмнөх Тэргүүлэгч нарыг сонгосон.
2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Тэргүүлэгчдийн хуралдаан хийсэн гэдэг асуудал шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа бий болсон асуудал, дараа нь нөхөж бүрдүүлсэн нотлох баримтыг гаргаж өгч, энэ талаар хариуцагч болон бусад төлөөлөгч нар ямар ч үндэслэлгүй мэдүүлэг өгөөд байгаа. Тэргүүлэгч нар 09 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаан хийсэн гэж байгаа боловч бусад төлөөлөгч нар үүнийг үгүйсгэж байгаа, тухайн өдөр Тэргүүлэгчид хуралдаагүй, гарсан шийдвэрийг бид нар мэдээгүй,ер нь тийм асуудал болоогүй гэж мэдүүлсэн. Ганцхан Тэргүүлэгч нар бид нар хурал хийсэн, оролцсон гэж байгаа. 2019 оны 09 дүгээр сарын 13, 14-ний өдрийн хуралдаан нь хуулийн дагуу хийгдсэн, Тэргүүлэгчид товлон зарласан, 14 төлөөлөгч цугларч ирц бүрдсэн, тодорхой асуудлыг хэлэлцээд гаргасан шийдвэрийг албажуулсан байгаа.
Хамгийн гол маргаан бүхий акт бол 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн О.Хийг Хурлын даргаас чөлөөлсөн тогтоол юм. Энд үндэслэсэн гол баримт нь “О.Х ёс зүйгүй хандаж төлөөлөгчид салаавч гаргасан, Х.Дыг ажлаас чөлөөлсөн, хурлыг орхин гарсан, Тэргүүлэгчдийг удаа дараа өөрчилж сольсон” гэсэн зүйлээс болж Хурлын даргыг чөлөөлсөн мэтээр харагдаж байгаа боловч тухайн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанд оролцсон ихэнх төлөөлөгч нар О.Хийн асуудлыг хэлэлцээгүй, нээлттэй үлдээсэн гэсэн байгаа. Нээлттэй үлдээсэн гэдэг нь эцсийн шийдвэр гараагүй гэсэн үг.
Тухайн хуралдаан хууль ёсны гэж үзсэн ч тухайн хуралдаанаар О.Хийг ажлаас чөлөөлсөн нь тодорхой бус. Нөгөөтээгүүр 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ээлжит бус 7 дугаар хуралдаан хийх талаар Хурлын дарга болон Тэргүүлэгчдээс ямар нэгэн шийдвэр гараагүй, товлон зарлаагүй. Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019.10.31-ний өдрийн хуралдаан даргалагч, Тэргүүлэгч Д.Е, Тэргүүлэгчид С.Д, Х.Д, И.Б, М.Ө нар шүүхэд ирүүлсэн болон Д.Е, М.Ө нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулиар төлөөлөгчөөр 27 хүн сонгогдсон. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг нь зөвшөөрч, Хурлын даргаар Д.Тийг, Хурлын Тэргүүлэгчээр биднийг оролцуулан 7 хүнийг сонгосон.Эдгээр Тэргүүлэгчид одоог хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна.2019 оны 02 дугаар сарын эхээр Д.Т нас барж, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хурлын даргаар О.Х шинээр сонгогдон ажиллаж байсан. Тэргүүлэгчдийн болон төлөөлөгчдийн хуралдааныг Хурлын ажлын алба зохион байгуулах журамтай.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг Хурлын Тэргүүлэгчид товлон зарлах тухай заасан. Хурлын дарга нь Тэргүүлэгчдийн болон төлөөлөгчдийн хуралдаанаас гаргасан төлөөлөгч, Тэргүүлэгчдийн хамтын шийдвэр тогтоолд гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан юм.
Гэтэл Хурлын дарга О.Х нь төлөөлөгч, Тэргүүлэгчдээс гарсан шийдвэрийг биелүүлэхийн оронд эрх мэдлээ хэтрүүлэн өөрөө дур мэдэн төлөөлөгчдийн хуралдааныг хууль бусаар зохион байгуулах, Тэргүүлэгчдийн болон төлөөлөгчдийн өмнөөс өөрөө дур мэдэн тогтоол гаргаж, Хурлын ажлын албаны болон Тэргүүлэгчдийн эрх ашгаар тоглох, төлөөлөгчдийг хэл амаар доромжлох зэрэг ёс зүйн ноцтой зөрчлүүдийг гаргасан.
Тухайлбал,Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааныг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдуулахаар товыг зарласан. Мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дэс дарааллыг баталсан байна. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж дээрх зарлагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааны хугацааг хойшлуулан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сумын төвд хуралдуулахаар товлон зарлаж Тэргүүлэгчдийн хүчин төгөлдөр шийдвэрийг гаргасан юм.
Уг хуралдаанд Хурлын дарга О.Х оролцсон боловч санал зөрүүтэй байсан учир хуралдааныг орхин гарсан. Тэргүүлэгчдийн олонхийн саналаар үргэлжлүүлэн хуралдаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааныг хойшлуулах тухай хууль ёсны 67 дугаар тогтоолыг гаргасан байхад Хурлын дарга О.Х нь эрх мэдлээ хэтрүүлэн өөрөө дур мэдэн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаанд оролцвол зохих 27 төлөөлөгчөөс өөрийгөө тойрон хүрээлүүлсэн 10 төлөөлөгчийг оролцуулан 37 хувийн ирцтэйгээр, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаанд оролцвол зохих 27 төлөөлөгчөөс 13 төлөөлөгчийг оролцуулан 48 хувийн ирцтэйгээр хууль зөрчиж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг хууль бусаар дахин дахин зохион байгуулсан. О.Х нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар хууль ёсны Тэргүүлэгчээр сонгогдсон ажил үүргээ гүйцэтгэж яваа 5 Тэргүүлэгчийг төлөөлөгчдийн өмнөөс 2019 оны 09 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдээр “Тэргүүлэгчээс чөлөөлөх тухай” хууль бус 02 дугаар тогтоолыг гаргаж, Тэргүүлэгчдийн эрхэнд халдаж хурлын байгууллагын тасралтгүй ажиллах жигд ажиллагааг алдагдуулсан. Мөн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хуралдаж байхад хуралдааныг орхин гарч, Тэргүүлэгчдийн өмнөөс мөн өдрөөр Хурлын ажлын албаны даргыг ажлаас халсан хууль бус 07 дугаар тогтоолыг өөрөө дур мэдэн гаргаж ажлын албаны даргын эрхэнд халдсан. Хурлын дарга О.Хийн гаргасан дээрх хууль бус үйлдэл, зөрчлүүдийг төлөөлөгч гишүүд өөрт нь хэлж сануулсаар байхад гаргасан зөрчлөө ухамсарлан хүлээж авахын оронд урдаас нь тайлбар ярьж, эсэргүүцэл үзүүлж төлөөлөгч гишүүдийг хэл амаар доромжилсон, төлөөлөгч надад салаавч гаргасан зэрэг ёс зүйн ноцтой зөрчлүүдийг гаргасан.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдааныг дахин авч хэлэлцээд хууль бус хуралдаан болсон гэж үзээд төлөөлөгчдийн ээлжит бус долоодугаар хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахаар товыг зарласан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 3 удаагийн хүчин төгөлдөр шийдвэрээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахаар товлон зарласан байхад Д.Е 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хууль бус хуралдаан зохион байгуулсан гэсэн байна. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус долоодугаар хуралдаанд оролцсон Хурлын дарга О.Х уг хуралдааныг цааш нь үргэлжлүүлэхээс татгалзаж, хуралдааныг орхин гарсан тул хуралдаанд оролцсон төлөөлөгчид хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулах нь зүйтэй гэж үзээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч буюу Тэргүүлэгч гишүүн Д.Еыг хуралдааны даргалагчаар томилсноор уг хуралдааныг удирдсан юм.
2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн төлөөлөгчдийн ээлжит бус долоодугаар хуралдаанаар Хурлын даргаар ажиллаж байсан О.Хийн гаргасан зөрчил ёс зүйн асуудлыг авч хэлэлцээд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 93.7 хувийн саналаар О.Хийг Хурлын даргын ажлаас чөлөөлөх тухай мөн өдрийн хүчин төгөлдөр 07 дугаар тоот тогтоолыг гаргасан. Үүнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан “Хурлын даргыг чөлөөлөх тухай” 07 дугаар тогтоол нотолно. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 67 дугаар тогтоол болон 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны бүх шийдвэрүүд хуулийн дагуу гарсан гэж үзэж байна. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан “Хурлын даргыг чөлөөлөх тухай” 07-р тогтоол хүчин төгөлдөр учир Хурлын дарга О.Хийн цалин хөлсийг гаргаж өгөх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаар тогтоолоор Хурлын ээлжит 6 дугаар хуралдааныг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагт хуралдуулахаар товлон зарлаж, мөн өдрийн 66 дугаар тогтоолоор ээлжит 6 дугаар хуралдаанаар 1.Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, 2.Шинээр баг гаргах, 3. Сумын 2018, 2019 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн мөнгөний хуваарилалтыг батлах тухай, 4. Газрын үнэлгээ, төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай, 5.Сумын 2019 оны Орон нутгийг хөгжүүлэх сангийн хуваарилалтад өөрчлөлт оруулан хуваарилалтыг дахин батлах тухай гэсэн 5 асуудлыг хэлэлцэхээр баталсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тогтоогдсон ба хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.
Хэрэгт авагдсан Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолоор[2] 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан ээлжит 6 дугаар хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахаар товлон зарласан байна.
Нэхэмжлэгч талаас“Тэргүүлэгчдийн хуралдааныг хуралдуулах, зохион байгуулах нь Хурлын даргын эрх, гэтэл Хурлын дарга нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Тэргүүлэгчдийг хуралдуулаагүй, хуралдаанд өөрөө оролцоогүй байх тул тухайн өдрийн хуралдааныг хууль ёсны хуралдаан гэж үзэхгүй”гэж маргасан ба хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Д.Е, С.Д, Х.Д, И.Б, М.Ө нараас “Хурлын дарга О.Х нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцсон боловч хуралдааны явцад орхиж гарсан тул Тэргүүлэгчдийн олонхийн саналаар хуралдааныг үргэлжлүүлж 67 дугаар тогтоолыг гаргасан” гэж тайлбарласан.
Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанд нийт 7 Тэргүүлэгчээс 5 Тэргүүлэгч оролцож, хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар гаргасан Хурлын ээлжит 6 дугаар хуралдааныг хойшлуулж,2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахаар товлон зарлах тухай 67 дугаар тогтоолыг Тэргүүлэгчдийн олонхийн саналаар баталж, өмнөх 66 дугаар тогтоолоор баталсан ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөнд өөрчлөлт оруулаагүй болох нь тухайн хуралдааны тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг,тухайн өдрийн хуралдаанд оролцсон Тэргүүлэгч нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар[3] тогтоогдож байна гэж үзлээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар Хурлын хуралдааныг товлон зарлах,түүний бэлтгэлийг хангах,зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх нь Хурлын Тэргүүлэгчдийн өөрийн бүрэн эрхэд хамаарах ба дээрх байдлаар Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хүчин төгөлдөр ирцтэй хуралдаанаар хэлэлцээд олонхийн саналаар гаргасан шийдвэр нь хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахаар товлон зарласан нь хуулийн дээрх заалтад нийцсэн, Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр байна.
Ингэж Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан Хурлын ээлжит 6 дугаар хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахаар товлон зарласан шийдвэр гаргасан байхад Хурлын дарга О.Х нь 2019 оны 09 дүгээр сарын 13,14-ний өдрийн хуралдааныг даргалан, уг хуралдаанаас гаргасан шийдвэрийг баталгаажуулсан нь, өөрөөр хэлбэл тухайн өдөр хуралдаан хийсэн[4] нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан зарчмууд болон 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалттай нийцээгүй байна.
Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно”, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн а/-д “Сум, дүүргийн Хурал нь Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж тус тус зааснаар Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь тухайн Хурлаас төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаснаар эхлэх бөгөөд Хурлын хуралдааны ирцийн хувьд тухайн Хурлын бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцогдохоор хуульчилжээ.
Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт 27 төлөөлөгчөөс нэг төлөөлөгч нас барж бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болсноор энэхүү орон гарсан суудлыг нөхөх нөхөн сонгуулийг Ногооннуур сумын Сонгуулийн хорооноос зохион байгуулан сонгогчдын хамгийн олон санал авсан С.Ад 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг олгосон байна. С.Аын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны 66 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[5] тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 26 төлөөлөгчтэй байсан ба 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит 6 дугаар хуралдаанд бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн уг 26 төлөөлөгчийн олонхи болох 14 төлөөлөгч хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцохоор байна.Гэтэл С.Аын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөөгүй байхад 10 төлөөлөгчийг оролцуулан хийсэн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн, 13 төлөөлөгчийг оролцуулан хийсэн 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааныг ирцийн хувьд хүчинтэй гэж үзэх үндэслэлгүй юм.
Дээрх байдлаар Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хүрээнд Хурлын ээлжит 6 дугаар хуралдааныг хойшлуулж, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахаар товлон зарласан байхад 2019 оны 09 дүгээр сарын 13,14-ний өдөр Хурлын хуралдааныг хийсэн нь хууль зөрчсөнөөс гадна уг хуралдааныг 10-13 төлөөлөгч оролцуулан хийсэн нь ирцийн хувьд хүчинтэй бус байх тул тухайн өдрийн хуралдаанаас гаргасан 01 дугаартай “Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай”, 02 дугаартай “Тэргүүлэгчээс чөлөөлөх тухай”, 03 дугаартай “Тэргүүлэгчээр шинээр сонгох тухай” шийдвэрүүд нь хууль бус байна гэж дүгнэлээ.Түүнчлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор баталсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Тэргүүлэгчдийг өөрчлөх, сонгох асуудал байгаагүй болохыг дурдах нь зүйтэй.
2019 оны 09 дүгээр сарын 13,14-ний өдрүүдэд Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааныг хийж, тухайн хуралдаанаас дээрх шийдвэрүүдийг гаргасан гэх асуудалтай холбоотойгоор уг шийдвэрүүдийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэх Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахаар Тэргүүлэгчдийн /Д.Е, С.Д, Х.Д, И.Б , М.Ө / 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 68 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаар тогтоолоор[6] тус тус товлон зарласан байна.
Нэхэмжлэгч талаас “Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Д.Е, С.Д, Х.Д, И.Б , М.Ө нарыг Тэргүүлэгчээс чөлөөлсөн тул Хурлын хуралдааныг товлон зарлах эрхгүй” гэж маргасан боловч дээр дурдсанаар 2019 оны 09 дүгээр сарын 13,14-ний өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд хууль бус болох нь тогтоогдож байх тул Тэргүүлэгч Д.Е,С.Д, Х.Д, И.Б, М.Ө нар Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахаар товлон зарласан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт болон 23 дугаар зүйлийн 23.3-д “Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно” гэж заасантай тус тус нийцсэн байна гэж үзлээ.
Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эхэлсэн, хуралдаанд 21 төлөөлөгч /С.Аыг оролцуулан/ оролцсон, Хурлын дарга О.Х, Х.Ж, Ж.З, А.М, Б.О нарын 5 төлөөлөгч хуралдааныг орхин гарсан гэж тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлд[7]тусгасан байна. Гэвч О.Х нарын дээрх 5 төлөөлөгч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хурлын хуралдаанд оролцоогүй гэсэн тайлбар, мэдүүлэг өгснөөс[8] гадна 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны ирцийн бүртгэлд тухайн төлөөлөгчдийн гарын үсэг байхгүй[9] байх тул тухайн хуралдааныг орхин гарсан гэдэг нь нотлогдохгүй байгаа, мөн төлөөлөгч Б.И тухайн хуралдаанд оролцоогүй гэж мэдүүлэг өгсөн[10], С.Аын хувьд төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гараагүй байсан тул хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[11] бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 14 төлөөлөгч уг хуралдаанд оролцсон болох нь тогтоогдож байна гэж үзлээ.Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайн өдрийн хуралдаанаас гаргасан 01 дүгээр “Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай”, 02 дугаар “Хуралдаан даргалагчийг томилох тухай”, 03 дугаар “Тэргүүлэгчдийн хуралдааныг болон Тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгох тухай”, 04 дүгээр “Төлөөлөгчдийн хуралдааныг хүчингүйд тооцох тухай”, 05 дугаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг эгүүлэн тогтоож, томилох тухай”, 06 дугаар “Хурлын төлөөлөгчийг огцруулах тухай”, 07 дугаар “Хурлын даргыг чөлөөлөх тухай”, 08 дугаар “Тэргүүлэгчээс чөлөөлөх тухай“, 09 дүгээр “Тэргүүлэгчээс чөлөөлөх тухай“, 10 дугаар “Тэргүүлэгчээр сонгох тухай“, 11 дүгээр “Сонгуулийн товыг зарлах тухай”, 12 дугаар “Сонгуулийн нэгдсэн хороог байгуулах тухай”, 13 дугаар “Шинээр баг байгуулах тухай”, 14 дүгээр “2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай” гэсэн тогтоолууд[12]нотлох баримтаар хэрэгт авагдсан.
Нэхэмжлэгч О.Хийн хувьд Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Хурлын даргаар сонгогдсон[13] байх ба дээрх Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар “Хурлын даргыг чөлөөлөх тухай” тухай тогтоолоор “...төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн хууль бус хуралдааныг дахин дахин зохион байгуулж,хурлын байгууллагын тасралтгүй явах жигд ажиллагааг алдагдуулсан,...эрх мэдлээ хэтрүүлэн Хурлын нарийн бичгийн дарга Х.Дыг үндэслэлгүй ажлаас халсан, Тэргүүлэгч гишүүдийг дахин дахин өөрчилсөн тухай тогтоолуудыг өөрөө дур мэдэн гаргасан,төлөөлөгчдөөс тавьсан шаардлагыг биелүүлэхийн оронд эсэргүүцэл үзүүлэн доромжилсон,төлөөлөгч Д.Еад салаавч гаргасан зэрэг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр Хурлын дарга О.Хийг ажлаас нь чөлөөлжээ.
Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолд[14] “2.Зохион байгуулалтын асуудал: а/ Хурлын даргын асуудлыг хэлэлцэх, б/Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”гэж байгаа боловч тухайн өдрийн Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлд[15]“Хурлын даргын асуудал”-ыг ээлжит бус 7 хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн талаар тусгагдаагүй байгаагаас гадна “Хурлын даргын асуудал” гэдэг нь ямар асуудал болох нь тодорхойгүй байна. Түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцсон 5 Тэргүүлэгч болох Д.Е,С.Д, Х.Д, И.Б, М.Ө нараас “төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийн товыг зарлах тухай, шинээр баг гаргах тухай, сумын 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийг хуваарилах тухай, зохион байгуулалтын асуудал буюу сумын Засаг даргад хариуцлага тооцох тухай, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” гэсэн асуудлуудыг ээлжит бус 7 дугаар хуралдаанаар хэлэлцэхээр баталсан, харин Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдааны үед төлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу хэлэлцэж шийдвэрлэсэн гэсэн тайлбар[16] гаргасан. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[17] төлөөлөгчдөд ээлжит бус 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулаагүй буюу урилга тараагаагүй, тухайн “Хурлын даргыг чөлөөлөх тухай” асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг урьдчилан бэлтгээгүй, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны үеэр шууд санал гаргаж асуудлыг хэлэлцсэн болох нь тогтоогдож байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.4-т зааснаар “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах”,“Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах” бүрэн эрхийг Хурлын төлөөлөгч нь эдлэх боловч энэхүү Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах асуудлыг хуулиар дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “сумын Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж хуульчилжээ.
Хуулийн энэхүү заалтаас үзвэл Хурлын төлөөлөгчөөс Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах эрхтэй боловч тухайн санал нь дээрх шаардлагыг хангасан тохиолдолд л хуралдаанаар хэлэлцүүлэхээр зохицуулсан, энэ нь Хурлын төлөөлөгч нарт Хурлаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан мэдэгдэж, тэдэнд судалгаа хийх, хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргах боломжийг олгох агуулгатай байна.
Гэтэл Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаас “...төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийн товыг зарлах тухай, шинээр баг гаргах тухай, сумын 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийг хуваарилах тухай, зохион байгуулалтын асуудал /сумын Засаг даргад хариуцлага тооцох тухай, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/” гэсэн асуудлыг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн байхад Хурлын төлөөлөгчдөд хуралдаан болохоос өмнө урьдчилан мэдэгдэж, холбогдох судалгаа баримтыг хүргүүлээгүй, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй “Хурлын даргыг чөлөөлөх тухай” асуудлыг хэлэлцсэнийг хууль ёсны гэж үзэх боломжгүй, хурлын үйл ажиллагааны журам, зарчмыг зөрчсөн гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”-д тухайн шатны Хурал нь Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан хэдий ч мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 24 дүгээр зүйлд Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн тогтоох, Хурлын хуралдааны бэлтгэл хангаж, хэлэлцүүлэх асуудлын талаарх тооцоо, судалгаа, лавлагаа,гарах шийдвэрийн төслийг Хурлын төлөөлөгчдөд тараах, энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байхаар хуульчилсан байхад 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Хурлын даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, нэхэмжлэгч О.Хийг үүрэгт ажлаас нь шууд чөлөөлсөн нь хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан зарчмууд, 20 дугаар зүйлийн 20.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгтэй нийцээгүйгээс гадна нэхэмжлэгч О.Хийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Хийг Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ээс 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3 сар 19 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4918909 төгрөгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Харин Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр “Төлөөлөгчдийн хуралдааныг хүчингүйд тооцох тухай”, 08 дугаар “Тэргүүлэгчээс чөлөөлөх тухай“ тогтоолуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Хурлын дарга Д.Тийг оролцуулан Д.Е, С.Д, Х.Д, И.Б, Б.О, Д.С нарын 7 хүнийг Тэргүүлэгчээр сонгосон[18] байх ба Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор Д.Сийг Тэргүүлэгчээс чөлөөлж[19], мөн өдрийн 12 дугаар тогтоолоор М.Өийг Тэргүүлэгчээр сонгожээ[20]. Хурлын дарга Д.Т нас барснаар төлөөлөгч О.Хийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Хурлын даргаар сонгож, тэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар Хурлын даргын хувьд Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[21] тогтоогдож байна. Үүний дараа дээр дурдсан Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Д.Е, С.Д, Х.Д,И.Б, М.Ө нарыг Тэргүүлэгчээс чөлөөлж, мөн өдрийн 03 дугаар тогтоолоор Хурлын дарга О.Хийг оролцуулан Б.О, С.А, Б.И, Х.Ж, А.М, Ж.З нарыг Тэргүүлэгчээр сонгосон байна.
Улмаар Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдаанаас гаргасан 04, 08 дугаар тогтоолуудаар 2019 оны 09 дүгээр сарын 13,14-ний өдрийн хуралдааныг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтыг зөрчсөн гэж үзээд тухайн хуралдаанаас гаргасан 01 дүгээр “Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай”, 02 дугаар“Тэргүүлэгчээс чөлөөлөх тухай”, 03 дугаар “Тэргүүлэгчээр шинээр сонгох тухай” тогтоолуудыг хүчингүй болгож, Хурлын дарга О.Хийг оролцуулан Б.О, Б.И, Х.Ж, А.М, Ж.З нарыг Тэргүүлэгчээс чөлөөлж, мөн өдрийн 09 дүгээр тогтоолоор Б.Ог Тэргүүлэгчээс чөлөөлж, 10 дугаар тогтоолоор С.Аыг Тэргүүлэгчээр сонгожээ.
Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас Хурлын дарга О.Хийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч шинээр Хурлын дарга сонгоогүй байх ба дээрх үйл баримтуудаас үзэхэд хүчинтэй байгаа тогтоолуудаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр Д.Е, С.Д, Х.Д, И.Б, М.Ө, С.А нарын 6 хүн ажиллаж байгаа гэж дүгнэхээр байна.
Дээр дурдсанаар сумын Хурлын хуралдааныг товлон зарлах эрх бүхий этгээд болох Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит 6 дугаар хуралдааныг хойшлуулан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахаар товлон зарласан байхад 2019 оны 09 дүгээр сарын 13,14-ний өдөр хуралдаан хийсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан зарчмууд болон 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалттай нийцээгүй,мөн тухайн 2019 оны 09 дүгээр сарын 13, 14-ний өдөр хийсэн хуралдааныг ирцийн хувьд хүчинтэй гэж үзэх үндэслэлгүй тул уг хуралдаанаас гаргасан дээрх 01,02,03 дугаар тогтоолыг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд Хурлын дээрх 04,08 дугаар тогтоолуудаар хүчингүй болгосон нь хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т заасан “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасантай нийцсэн байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор зохицуулсан бөгөөд Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04,08 дугаар тогтоолууд нь хуульд нийцсэн байх тул уг тогтоолуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Харин Хурлын дарга О.Хийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.Хийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар “Хурлын даргыг чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгох, Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх боломжтой буюу тэрээр Хурлын даргын хувьд Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орохоор хуульчлагдсан байгааг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч О.Хийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01,02,03,05,06,09,10,11,12,13,14 дүгээр тогтоол, Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж ...хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор зохицуулжээ.
Нэхэмжлэгч О.Х нь шүүх хуралдаанд сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга, Тэргүүлэгчээр ажиллаж байсан төлөөлөгчийн хувиар буюу албаны эрх ашигтай холбогдуулан дээрх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласнаас гадна Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Хурал нь тодорхой сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэж, асуудлаа олонхийн зарчмаар санал хураалтаар шийдвэрлэх журамтай бөгөөд Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд асуудлуудыг шийдвэрлэж гаргасан шийдвэр буюу нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүсэж буй 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01,02,03,05,06,09,10,11,12,13,14, Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоол нь иргэнийх нь хувьд түүнд шууд үр дагавар үүсгэж,түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл зөрчиж болзошгүй гэж үзэхгүй.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулахтай холбоотой Хурлын Тэргүүлэгч, Хурлын даргын эрх хэмжээ, Хурлын бүрэн эрх, Хурлын хуралдаан, Хурлын шийдвэртэй холбоотой харилцаа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдсан бөгөөд хуулийн 12 дугаар зүйлд төлөөлөгчийн бүрэн эрхийг, 18 дугаар зүйлд сумын Хурлын бүрэн эрхийг, 20 дугаар зүйлд Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг, 23 дугаар зүйлд Хурлын хуралдаан, 25 дугаар зүйлд Хурлын шийдвэртэй холбоотой харилцааг тус тус зааж хуульчилжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллага, албан тушаалтан нь нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь тухайн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулах,Хурлын шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг тусгайлан заасан зохицуулалтгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Хийн дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэл гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.7,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3,25 дугаар зүйлийн 25.4,Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4,Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар “Хурлын даргыг чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, О.Хийг Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 3 сар 19 хоногийн /2019 оны 11 дүгээр сарын 01-ээс 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг оролцуулан/ дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4918909 /дөрвөн сая есөн зуун арван найман мянга есөн зуун ес/ төгрөгийг Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсэг болох Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр “Төлөөлөгчдийн хуралдааныг хүчингүйд тооцох тухай”, 08 дугаар “Тэргүүлэгчээс чөлөөлөх тухай“ тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Хийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01,02,03,05,06,09,10,11,12,13,14 дүгээр тогтоол, Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ
[1]Хэргийн 123,141-145,195-р хуудас
[2]Хэргийн 39-р хуудас
[3]Хэргийн 146-149,167-184,191-194,244-249-р хуудас
[4]Хэргийн 24,29,108-109,120,121,122,229-241-р хуудас
[5]Хэргийн 53,116-119,141-145,195-р хуудас
[6]Хэргийн 41-р хуудас
[7]Хэргийн 84-100-р хуудас
[8]Хэргийн 198-201,204-206,210-213,216-219-р хуудас
[9]Хэргийн 47-р хуудас
[10]Хэргийн 225-228-р хуудас
[11]Хэргийн 47,84-100,167-172,173-177,178-181,182-184,187-189,191-194, 2 дугаар хавтас 32-35,54-56,59-61,72-74,77-79,82-84,87-89,92-94,131-133-р хуудас
[12]Хэргийн 52,57,58,60,61,62,74,75,76,77,78,79,80,81-р хуудас
[13]Хэргийн 6-р хуудас
[14]Хэргийн 42-р хуудас
[15]Хэргийн 156-158-р хуудас
[16]Хэргийн 167-172,173-177,178-181,182-184,191-194-р хуудас
[17]Хэргийн 84-100,198-201,204-206,210-213,216-219,225-228,244-249,2 дугаар хавтас 4-5,8-9,12-13,17-18,27-28,49-51,54-56,59-61,65-66, 77-79,82-84,87-89,131-133,137-138,158-159-р хуудас
[18]Хэргийн 105-р хуудас
[19]Хэргийн 106-р хуудас
[20]Хэргийн 107-р хуудас
[21]Хэргийн 244-249-р хуудас