Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2026/0413

 

Г-Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б

Нэхэмжлэгч: Г-Э ХХК

Хариуцагч: Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Түргэн сумын нутагт Г-Э ХХК-ийн эзэмшиж буй MV-020524 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 124/2026/0012/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г-Э ХХК нь Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Түргэн сумын нутагт Г-Э ХХК-ийн эзэмшиж буй MV-020524 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 60 дугаар зүйлийн 60.1.1, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Түргэн сумын нутагт Г-Э ХХК-ийн эзэмшиж буй MV-020524 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж ... шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Увс аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүх, 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 124/ШШ2026/0014 дүгээр шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн 9.1 дэх заалтаараа Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно." гэж тусгайлан заасан тул хэмээн үндэслэлээ эхлүүлсэн боловч мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д "энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийн Засгийн газар тогтооно." гэснийг зөрчин, 124/ШШ2026/0014 дүгээр шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн 9 дэх заалтаараа Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д заасны дагуу 2015 онд батлан гаргасан журмын 2.10-т зааснаар энгийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглах харилцааг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д заасны дагуу зохицуулахаар ... гэхчлэн хуулиар зохицуулсан харилцааг, журмаар зохицуулж болох мэт санаа, ойлголтыг төрүүлэхээр үндэслэл бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

3.2. Шүүх 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 124/ШШ2026/0014 дүгээр шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн 9.1 дэх заалтаараа Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ... ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж тусгайлан заасан тул, маргаан бүхий эрх хэмжээний актын улмаас Г-Э ХХК үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох эрх зүйн үр дагавар үүсгэсэн хэмээн хуулийг буруу хэрэглэн үндэслэл гаргасан нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг зөрчин, хариуцагчид илт буруу ойлголт төрүүлэхүйцээр хуулийг тайлбарласан бөгөөд үүндээ хөтлөгдөн буруу шийдвэр гаргаж ТОГТООХ НЬ хэсэгтээ тусгасан тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар тусгайлан зохицуулсан харилцааг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх заалтаар нарийвчлан зааж өгсөн байхад шүүх хуулийг буруу хэрэглэн Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.3. Шүүх 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 124/ШШ2026/0014 дүгээр шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Захиргааны Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д захиргааны үйл ажиллагааны хэлбэрүүдийг нарийвчлан заасан байхад шийдвэр гаргахдаа эдгээрийг хооронд нь хольж хутган буруу шийдвэр гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар, захиргааны хэм хэмжээний акт хууль бус бол түүнийг хүчингүй болгох эсхүл хууль бус болохыг тогтоох гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргах байсан. Учир нь шүүх 124/ШШ2026/0014 дүгээр шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн 14 болон 15 дах заалт, ТОГТООХ НЬ хэсгийн 2 дах заалтаараа маргаж буй захиргааны хэм хэмжээний акт нь хууль бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсөн боловч ТОГТООХ НЬ хэсгийн 1 дэх заалтаараа уг хууль бус захиргааны хэм хэмжээний актыг засаж, дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж илт хууль зөрчсөн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.4. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-д хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй гэж нарийвчлан зохицуулсан байхад, 124/ШШ2026/0014 дүгээр шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн 19 дэх заалтаараа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоол гаргавал, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар зохицуулсан харилцааг давж үйлчлэх мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гомдол гаргаж байгаа этгээдээс Увс аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 124/ШШ2026/0014 дүгээр шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн 9 болон 9.1 дэх заалтыг хуульд нийцүүлэн өөрчлөх, 18 дах заалтыг бүхэлд нь хасаж өөрчлөх, ингэхдээ шүүхийн үйл ажиллагаа дах техникийн алдаанаас шалтгаалан 19 дэх заалт дахин дугаарлагдсан байгаа тул 18, 18.1, 18.2 болон 18.2 дах заалтын дараа 19 болон 18.1 гэж дугаарласан заалтуудыг үүнд хамруулахыг, шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 124/ШШ2026/0014 дүгээр шийдвэрийн ТОГТООХ НЬ хэсгийн 1 болон 2 дах заалтыг Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын, Увс аймгийн Түргэн сумын нутагт Говь- Эрээн ХХК-ний эзэмшиж буй MV-020524 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэж өөрчлөх хүсэлт гаргаж байна.гэжээ.

5. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г-Э ХХК-иас Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Түргэн сумын нутагт Г-Э ХХК-ийн эзэмшиж буй MV-020524 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргажээ.

2.1. Анхан шатны шүүх ... захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийх, санал авах ажиллагааг заавал хийсэн байхыг шаардах ба Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар эрх олгосон асуудлаар захиргааны хэм хэмжээний акт батлахдаа шийдвэр гаргах ажиллагааг хууль тогтоомжид заасан журмын дагуу явуулсан нөхцөлд захиргааны байгууллагын үйл ажиллагааг хуульд нийцнэ гэж дүгнэнэ ... хэмээн дүгнэж хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг анх 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хамгаалалтын бүс тогтоох тухай 9/01 дүгээр тогтоолоор баталсныг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй байна.

2.3. Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод Удирдлагын академийн сургалт танхимд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэж үзэж аж ахуйн нэгжүүдтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан ба Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаартай тогтоолоор 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хамгаалалтын бүс тогтоох тухай 9/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон.

2.4. Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар дахин Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоожээ.

2.5. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай 36 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8, 48 дугаар зүйлийн 48.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмыг үндэслэн Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг 1 дүгээр хавсралтаар, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн эргэлтийн цэгийг 2 дугаар хавсралтаар тус тус тогтоож, Усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг аймгийн хэмжээнд мөрдүүлэх, хамгаалах, тэмдэгжүүлэх, давхцалыг арилгах зэрэг дэглэмийг мөрдүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгуулж, хэрэгжилтийг жил бүр тайлагнахыг бүх шатны Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэсэн.

2.6. Маргаан бүхий Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай 36 дугаар тогтоолоор Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 15 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмыг тус тус үндэслэн Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг 1 дүгээр хавсралтаар баталсны дотор нэхэмжлэгч Г-Э ХХК-ийн эзэмшиж буй MV-020524 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай давхацжээ.

3. Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох,

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 59 дүгээр зүйлийн 59.1-д Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно, 60 дугаар зүйлийн 60.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй  байх, 62 дугаар зүйлийн 62.2-т Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ, 65 дугаар зүйлийн 65.1-д Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ гэж,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14-д хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн мөрдүүлэх гэж тус тус заасан.

3.1. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д зааснаар хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ундны усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох, хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд үүний хүрээнд маргаан бүхий 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай 36 дугаар тогтоолыг батлан захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснийг эрх хэмжээгээ хэтрүүлэн ашигласан гэж үзэхээргүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ... хуулийг буруу хэрэглэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ... гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй.

3.2. Харин Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна., 62.2-т Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэж зааснаар захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээд, тэдгээрийн хүрээнд хэлэлцүүлэг хийх, санал авах ажиллагааг заавал хийсэн байхыг шаардахаар байна.

3.3. Гэтэл маргааны энэ тохиолдолд хэм хэмжээний актын төсөлд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх Г-Э ХХК-ийн саналыг авч, гаргасан саналыг актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж, оролцоог бүрэн хангах үүргээ биелүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцэхгүй гэж үзэхээр байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

3.4. Тодруулбал, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаартай тогтоолын 2 дахь заалтаар Тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий уст цэгээс бусад усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргад даалгаснаар 2025 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд энэ тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагаас гарах шийдвэр өөрчлөгдсөн бөгөөд энэ тохиолдолд захиргааны байгууллагаас гарах шийдвэрийн талаар хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээд тэдгээрт урьдчилан мэдэгдэж санал тайлбарыг авах ажиллагааг дахин шинээр хийсэн байх шаардлагатай байна.

3.5. Үүний улмаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж зааснаар маргаан бүхий хэм хэмжээний актын улмаас нэхэмжлэгчийн ашигт малтмалын газраас 2016 онд олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай нь Хүйтэн хошуу булаг болон илжигний боомын голын усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхацсанаар нэхэмжлэгч үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох эрх зүйн үр дагавар үүсгэжээ.

3.6. Дээрхээс дүгнэн үзвэл хариуцагч захиргааны байгууллага эрх хэмжээгээ хэтрүүлэн ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх хэдий ч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Г-Э ХХК-д урьдчилан мэдэгдэж, санал авах хуульд заасан ажиллагааг зохих ёсоор хийгээгүй байх тул нэхэмжлэгчийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулан эрх хэмжээнийхээ хүрээнд дахин шинэ акт гаргах, тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий уст цэгээс бусад усны сан бүхий газарт онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоож, хамгаалалтын бүстэй давхцалтай тохиолдолд цаашид үйл ажиллагаа явуулах хүсэлттэй бол тухайн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүсвэл учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь зүйтэй.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан байх бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 81-195 дугаар талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр авагдсан байх боловч анхан шатны шүүхээс тус баримтуудыг ижил маргааны үйл баримттай захиргааны хэргээс хуулбарлан авсан тухайгаа тэмдэглэлд тусгуулан дурдсан, энэ талаар хэргийн оролцогчдын хэн аль нь маргаагүй байх тул анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэж үзлээ, гэвч анхан шатны шүүх энэ алдааг цаашид анхаарвал зохино.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ОДБААТАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА