Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 127

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Иргэдийн төлөөлөгч Б.Баянжаргал,

            Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            Улсын яллагч Д.Агар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Туяа, Б.Гэршихбөртэ,           Шүүгдэгч Б.Алтанбагана, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, Д.Батбаяр,

           Шүүгдэгч Б.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Пүрэвбаатар нарыг ороцуулан

            Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж  Амгаланбаатар овогт Болортуяагийн Алтанбаганад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Дугартайж овогт Батсайханы Өлзийбаяр нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625012681 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Дугартайж овогт Батсайханы Өлзийбаяр, 1996 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 12-376 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, КЮ 96040614 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Амгаланбаатар овогт Болортуяагийн Алтанбагана, 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх 3 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 13 хороо сургуулийн 37-739 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, УХ 96052719 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.Алтанбагана нь шүүгдэгч Б.Өлзийбаяр, Б.Батням нартай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Маршлын гүүр”-ний доор иргэн А.Цэрэн-Өлзийг шунахайн сэдэлтээр санаатай алахыг завдсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь шүүгдэгч Б.Алтанбагана, Б.Батням нартай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Бага тэнгэр”-ийн ам гэх газарт иргэн А.Цэрэн-Өлзийг шунахайн сэдэлтээр санаатай алахыг завдсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь Б.Батнямтай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Бага тэнгэр”-ийн ам гэх газарт иргэн А.Цэрэн-Өлзийг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Алтанбагана шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би энэ шүүх хуралдаанд ингээд зогсож байгаадаа гайхаж байна. Би хохирогчийн царайг 1 ч удаа хараагүй. Бүтэн нэрийг ч сайн мэдэхгүй. Батнямтай би дунд сургуульд байхдаа сүүлийн 1, 2 жилд буюу 10, 11 дүгээр ангиасаа найзалж эхэлсэн. Бид нар дугуй унах сонирхолтой байсан учир найзууд болсон. 8 дугаар сарын 06-ны өдөр ажил дээр байхад өдрийн цайны цагийн үеэр Батням та хоёрт мөнгөний боломж байна уу, би 1 хүүхдээс дугуй худалдаж авсан, мөнгийг нь дутуу өгсөн байгаа, мөнгөө нэхээд байна гэсэн. Би тэр үед Батнямтай ажилд ороод 2 хонож байсан учир мөнгөний боломж бололцоо алга, харин цалин мөнгөө буухаар мөнгөө нийлүүлээд өгчихөж болохгүй юм уу гэж асуухад Батням тэгвэл өнөөдөр орой гурвуулаа хамт очоод хэлье, намайг ганцаараа очихоор итгэхгүй байна, мөнгөө нэхээд цагдаад өгнө гээд байна, та хоёр ханиндаа яваад мөнгөнийхөө хугацааг цалин буутал хойшлуулаад өгчих гээд хэлээд өгөөч гэж бид хоёроос гуйсан. Тэгээд бид хоёр зөвшөөрөөд 08 дугаар сарын 06-ны өдөр ажлаа орой 7 цагт тараад дугуйтайгаа Маршлын гүүрэн дээр очсон. Маршлын гүүр дээр очоод голын эрэг рүү буугаад авсан ундаагаа ууж, ороомог идсэн, би дугуйгаа усанд угаагаад байж байхад Батням хохирогч руу мессеж бичээд байх шиг байсан. Ямар мессеж бичсэн гэдгийг би мэдэхгүй. Удалгүй 20-оос 30 минутын дараа хохирогчоос ийм орой болсон байхад гарч ирэхгүй гэсэн мессеж ирсэн талаар Батням хэлээд хэдүүлээ явъя гээд явсан. 08 дугаар сарын 06-ны орой тэндээс яваад 4 дүгээр дэлгүүрийн Интенэт кафены газарт 1 цаг суусан. Тэгээд 10 цаг өнгөрч байхад гэр, гэр рүүгээ харьсан. Хэрэг гардаг өдөр буюу 08 дугаар сарын 07-ны өглөө Батням, Өлзийбаяр бид нар энэ ажилд орсноосоо хойш 3 дугаар сургуулийн баруун уулзвар буюу Дөлгөөн нуурын тэнд уулзаж ажилдаа өглөө болгон хамт явдаг байсан. Бид нар 7 цаг 40 минут юм уу 8 цагийн үед уулзаад хамт явдаг байсан. Тухайн өдөр би гэрээсээ гараад явж байхад шүүгдэгч Өлзийбаяр над руу залгахад би очиж байна гэж хэлээд удалгүй яваад очиход Өлзийбаяр ганцаараа байсан. Дөлгөөн нуурын тэнд Өлзийбаяртай уулзаад ажил руугаа дугуйтайгаа явсан. 8 дугаар сарын 7-ны өдөр өглөө 8 цаг 30 минутаас орой 7 цаг 30 минутын хооронд ажил дээрээ бүтэн байсан. Энэ хэрэгт ямар нэгэн холбогдолгүй тул шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Өлзийбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр барилгын ажлын цайны цаг өнгөрөөд байж байхад Батням гэдэг манай 10 жилийн хүүхэд надад би хүүхдэд дугуйны мөнгөний өртэй, тэр хүүхдэд мөнгийг нь өгөхгүй бол цагдаад өгөх гээд байна. Мөнгөний боломж байвал туслаач гэсэн. Би ажилд дөнгөж ороод удаагүй байсан болохоор мөнгө өгөх боломж байгаагүй. Тэгээд Батням надаас утсыг маань гуйсаар байгаад ломбарданд тавьсан. Батням миний утсыг ломбарданд тавиад ирэхдээ 1 ширхэг түмний ундаа, 1 ширхэг бидний ундаа аваад ирсэн байсан. Түүнээс өмнө цайны цагийн дараа надаас Батням ханиндаа хамт яваад мөнгөө хойшлуулах талаар гуйгаад өгөөч гэж хэлж байсан. Яагаад гэвэл цалин буухад 7 орчим хоног үлдсэн байсан. 8 дугаар сарын 6-ны өдөр ажил 7 цагт тарсан. Бид 3 нүүр гараа угаагаад хувцасаа солиод 7 цаг 10 минутын үед ажлын байрнаасаа гарч явсан. Хохирогч гээд байгаа хүүхэд нь Маршлын гүүрний тэнд уулзах талаараа хэлж байсан. Тэгээд бид гурав очиход хохирогч гээд байгаа хүүхэд нь ирээгүй байсан. Тэр хүүхдийг ирэх хүртэл бид гурав голын эрэг дээр очоод 3 ширхэг ороомог идэж, 1 ширхэг ундаагаа уусан. Тэгээд дугуй маань тоос татсан, хиртэй байсан учир дугуйгаа угаасан. Бид нар очоод 20 орчим минутын дараа Батням нөгөө хүүхэд чинь ирэхгүй юм шиг байна гээд бүгдээрээ явъя гээд Хүнсний 4-р дэлгүүрийн чиглэл рүү явсан. Тэгээд бид нар Интернэт кафены газар 1 цаг орчим суугаад гэр, гэр рүүгээ харьсан. 8 дугаар сарын 7-ны өдөр өглөө эрт ажилдаа явах гээд би Монгол 3 дугаар сургуулийн баруун талын уулзвар дээр хамгийн түрүүнд ирсэн. Тэгтэл манай 2 найз ирээгүй байсан. Тухайн газарт бид 3 цуглараад ажил руугаа хамт явдаг байсан. Тэгээд би Алтанбагана руу залгаад хаана явж байгааг нь асуухад одоо очиж байна, түр байж байгаарай гэсэн. Дараа нь би Батням руу хүлээгээд байна, Баганаа ирж байна гэж мессеж бичсэн. Хариуд нь Батням явж бай гэж бичсэн. Батнямаас хариу ирээд ганц 1 минут болж байхад Алтанбагана хүрээд ирсэн. Тэгээд Батнямыг надаас асуухад би мэдэхгүй, явж бай гэсэн мессеж бичсэн байна гэж хэлсэн. Тэгээд Алтанбагана бид хоёр ажил руугаа явсан. 8 дугаар сарын 6-ны оройноос хойш Батнямтай дахиж уулзаагүй. Би хэрэгт хамааралгүй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч  Ч.Анандбазар  мөрдөн  байцаалтанд өгсөн  мэдүүлэгтээ: “ ...Би Анандбазар овогтой Цэрэн-Өлзийгийн төрсөн эцэг нь байгаа юм. А.Цэрэн-Өлзий нь миний том хүү юм. А.Цэрэн-Өлзий нь 1996 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бүрэн дунд боловсролтой...гэхдээ энэ хэрэг бол зохион байгуулалттай аллага байна.../Миний хайрт хүү Цэрэн-Өлзийг 2013 оны 08 дугаар 07-ны 10-12 цагийн хооронд гэгээн цагаан өдөр бусдын нүдэн дээр зориуд санаатайгаар, урьдаас бэлдэж тодорхой эд (хөрөнгийг дээрэмдэж булаах, зорилго тавьж урьдаас бэлдэн бүлэглэж амь насыг хэрцгийгээр хөнөөсөн, Үүнд зориуд санаатайгаар хөнөөсөн нь хэрэгт авагдсан материал талийгаач хүүгийн гар утсанд ирсэн мессеж, 3 удаагийн оролдлогоор уулзахаар зохион байгуулсан оролдлого, уулзахаар төлөвлөхдөө цаг байрлал, уулзах тов, уулзуулахаар бэлдсэн хүмүүсээ сольж байгаа зэргээс илт мэдэгддэг. Урьдаас бэлдсэн гэдэг нь 2013.08.06-ны өдөр шөнийн 21 цагаас эхлэн Маршлын гүүрэн доор хүрээд ирээчээ, миний ах найзтайгаа ирээд гүүрэн дор амарч байна чиний мөнгийг бүгдийг өгнө гэж байна гэж мессеж бичин гэрээс нь шөнө гаргаж ирэхийг оролдсон. Өмнөх өдөр нь буюу 2013.08.05-ны өдөр Туулын бургасанд уулзья гэж дуудахад дүүтэйгээ хамт очсон байдаг. Ингээд маргааш нь буюу 2013.08.07-ны өглөө Бага тэнгэрийн амны баруун хойд талын уулан дээр олон хүний нүдэнд ил газар гэгээн цагаан өдрөөр маш зэрлэгээр амь насыг хөнөөсөн нь зохион байгуулж урьдаас бэлдсэн гэдгийг нотлоод зогсохгүй нарийн төлөвлөж санаатайгаар амь насыг хороосон нь хөдлөшгүй баримтаар нотлогддог...Бүлэглэж амь насыг нь хөнөөсөн гэдэг үндэслэл нь уулын орой дээр хэрэгт авагдсан материал болон газар дээр нь хийсэн шинжилгээнээс харахад 60 гаран метр хүч тэнцвэргүй зодоон цохион ноцолдсон нь ил харагддаг талийгаач хүүгийн биед дүүрэн шарх сорви гарсан байхад хөнөөсөн алуурчны биед хумсны үзүүрийн чинээ шарх байгаагүй нь ганцхан Батням биш өөр хүн байсныг тов тодорхой нотолдог. Хэрэгт авагдсан материал дотор 60 метрийн дээр хаягдсан фудболк маш их олон урагдсан, сунасан, мөн хэн нэгэн нь хүч хэрэглэж тайлж хаясан гар утсын чихэвчээр хоолойг нь боосон, том чулуугаар нүдний ухархайн ясыг цөм цохьсон нь 1-т их хүчтэй хүн цохьсон, 2-т алуурчны мэдүүлж байгаа шиг хутганы ишээр биш үзүүртэй чулуугаар цохьсон нь илт байхад шүүх шинжээчийн үзлэгээр нотолж чадаагүй / Шүүх эмч нь ажлын туршлагагүй залуу эмч байсан бөгөөд хэрэг гарсанаас хойш 2 сарын дараа ажлаасаа халагдсан байсан нь чадваргүй эмч байсан нь нотлогдоно/ Миний аав, ээж нар бол насаараа эмнэлгийн газарт ажилласан одоо ч ажиллаж байгаа хүний их эмч бөгөөд хэргийн газарт очиж хүүгийн цогцосны байрлалыг хараад том чулуугаар цохисон болохыг хөтөлбөргүй нотолж хэлж байсан. Миний цаашид гаргах санал хүсэлт бол миний урьд өмнө тавьж байсан хүсэлтүүд болон миний гаргасан хүсэлтүүдийг бүрэн хангаж өгөхийг хүсье. Энэ хэрэгт маш шуурхай ач холбогдол өгч хэргийг үнэн зөвөөр шалгаж Батнямын цаана хэрэгтнийг олж тогтоон хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж хүсэж байна…” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-130, 7 дугаар хавтасны хх-64/,

Насанд хүрээгүй гэрч А.Дамдинсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2013 оны 8 сарын 7-ны өглөө 09 цаг 40 минутын үед талийгаач ах Цэрэн-Өлзий орондоо босоогүй байж байхад ах руу Нямка гэх найз нь залгахад ах "ирсэн үү за яваад очъё" гэж хэлээд босч "мөнгө ирчихлээ яваад ирье" гээд дугуйгаа унаад явсан. Ах утсаа гэртээ орхисон байсан ба хэн ч залгаагүй. Тэгээд 2 цаг орчим болоод ах ирэхгүй болохоор нь айгаад эмээ өвөө хоёрт хэлсэн. Тэгээд Нямка гэх найз нь ирээд явсан, ах ирдэггүй гэж хэлээд ахын утсыг аваад Нямка гэсэн нэрээр хадгалсан дугаар руу нь залгахад утсаа унтраасан байсан. Тэгээд 14-15 цагийн орчим дахиж Нямка гэх дугаар луу залгаад, авахаар нь ахыг асуухад Цэцэ бид хоёр өглөө уулзаж би дугуйны сэлбэгний өртэй байсан учир гар утсаа өгөөд симээ авч үлдсэн 11 цагаас хойш уулзаагүй гэж хэлсэн. Тэгээд 16 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь хайж гарсан, Нямка гэгч рүү дахиж залгахад утас нь холбогдохгүй байсан. Талийгаач ах Нямка гэгчид 300.000 төгрөгийн дугуйны сэлбэг өгсөн байсан ба мөнгөө авч чадахгүй явж байсан. 2013 оны 8 сарын 5-нд ах бид хоёр Нямкатай уулзаад мөнгөө өгсөнгүй гэж уурлаад Нямкагийн дугуйг авч явах гэтэл маргааш өгнө гээд гуйгаад байсан. Тэгээд ч орой болсон болохоор яваад өгсөн юм.Талийгаач ах гэрээс гарахдаа дээгүүрээ футболктой, цэнхэр шорттой явсан, өөр ямар нэг эд зүйл авч яваагүй Нямка гэгч ямар хувцастай байсныг санахгүй байна ганцаараа явж байсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-137/,

Гэрч Б Дагдадорж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2013.08.07-ны 12-13 цагийн орчим Бага тэнгэрийн ам гэх газрын ертөнцийн зүгээр бага тэнгэр талаас баруун дээд уулын овоо хэсэг буюу уг уулын чанх харалдаа ар зам дээр ажиллаж байхад зүүн урд хэсэг овооны ойролцоо 2 том хүний нэг нь нэгийгээ хөөгөөд араас нь юм шидчих шиг болоод нөгөө урд явсан нь эргэн тусаад унах шиг харагдсан. Тэгээд нөгөө юм шидсэн залуу унасан хүн дээр гүйж очоод удалгүй хажуунаас нь холдоод овооны баруун урд харагдах хар шороон зам дээрээс унадаг дугуй босгоод түрээд цаашаа хэсэг модтой газрыг чиглээд явсан. Тэр хүн доошоо буугаагүй. Тэр 2 хүнээс өөр машин хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-147/,

 

Гэрч Б.Цогтоо мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай "ЭСТО" компани 2013 оны 6 сараас Зайсангаас Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн ам Баянзүрх дүүргийн товчоо хүртэлх Туул голыг дагасан замыг шинэчилж шинээр тавих ажлыг гүйцэтгэж байгаа юм. Бага тэнгэрийн аманд хүн амины хэрэг гарсан гэх орой тэнд их олон цагдаа машин цугласан байсан. Тэр оройны өдөр нь 12.30-13 цагийн үед манай компанийн ажилчид Бага тэнгэрийн амны урд талд Бөөгийн модны хажууд ажлаа хийж байхад Бага тэнгэрийн амны Сод Монголын хашааны баруун талын хэсгээс дээгүүрээ цагаан өнгийн футболктой, доогуураа бараан өнгийн өмдтэй 18-19 насны орчим настай эрэгтэй хүүхэд 1 бараан өнгийн спорт загварын дугуй уначихсан бас нэг өөр бараан өнгийн спорт загварын дугуйг зүүн талдаа барьчихсан явж байсан. /хөтөлгөө морьтой юм шиг/, Бид нарын урдуур 60-70 метр зайтай зөрөөд өнгөрсөн. Энэ хүний ирсэн чиглэл нь Бага гэнгэр талаас замын хажуу талын шороон замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд "Их тэнгэр" чиглэлд явсан. Энэ хүн бол тэр үед ганцаараа дугуйгаа унаж явсан ба бидний хажуугаар гараад явах үед машинтай явган дугуйтай ямар нэгэн хүн яваагүй. Тэр залууг явах үед хөл хөдөлгөөн бага байсан юм...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх165-168/,

Гэрч С.Онон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Оргил шугам нэртэй барилга угсралтын үйп ажиллагаа явуулдаг компанийн захирлаар ажилладаг манайх албан ёсны нийгмийн даатгал төлдөг 5 хүний бүрэлдэхүүнтэй. Нягтлан Гэрэлчимэг, хуулийн зөвлөх Доржсамбуу, нарийн бичгийн ажилтан Чимгээ, нярав Ганчимэг нар ажиллаж байна. Одоогийн байдлаар ямар нэгэн барилга угсралтын ажил хийгээгүй байна...2013 оны 05-р сараас иргэн Баатар гэх хүний захиалгаар Баянгол дүүргийн 7-р хороонд байрлах "Говь" сауны ажилчдын 6 давхар 48 айлын орон сууцны каркас барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байсан...Би өөрөө компанийн захирлаа хийж байсан, мөн барилгын даамал Чинбат / 8914****/ Мөн туслах ажилтан Амараа / Амарбат/ 8960****/, туслан ажилтан Жангар /9662****/, туслах ажилтан Баагий / Бат-Эрдэнэ/. Батбаясгалангийн дүү нар гэх Алтанбагана, Өлзийбаяр, Батням гэх хүүхдүүд туслах ажилтнаар ажиллаж байсан...Батбаясгалан нь захиалагч тал буюу иргэн Баатарын талаас хяналтын инженер хийж байсан залуу...Би хэзээнээс ажилласан хугацааг нь нарийн сайн хэлж мэдэхгүй байна ямар ч байсан Алтанбагана Өлзийбаяр, Батням нар 2013 оны 07 дугаар сүүлээр манайд туслахаар ажилласан санагдаж байна. Энэ 3 хүүхэд бол гадаа элс шигшиж зөөдөг ажлыг хийдэг байсан. Туслах ажилтан бол өдрийн 30.000 төгрөгөөр цалинждаг байсан. Ажлын цаг өглөө 07 цагаас эхлээд цайны цаг 12-13 цагт завсарлаад, орой 17.30 хүртэл ажиллаад тардаг байсан. Хагас бүтэн сайн өдөр амралтгүй ажиллаж байсан ба дунд нь ажилтан нар өөрсдөө шаардлага гарвал чөлөө авах асуудал байдаг байсан. Манайх цалингаа 14 хоног тутамд даамал Чинбат, хятад талын инженер Цай гэх хүн энэ 2-н цагийн бүртгэлийг үндэслэж олгодог байсан...2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Алтанбагана, Өлзийбаяр, Батням нар ажилдаа ирсэн тэгээд ажлаа хийж байгаад орой тараад явсан. Энэ 3 хүүхэд бол ажилдаа ирж очихдоо унадаг дугуйтай ирдэг байсан...Миний хувьд орон гаран ирж очин байдаг гадуур явах хөөцөлдөх ажилтай байдаг учраас явдаг байсан. Манай ажилчид бол өглөө 07 цагт ажилдаа ирэх ёстой байдаг боловч уван цуван ирсээр 08 цаг гээд ажил эхэлдэг. Би 2013 оны 08 дугаар сарын 07-ны өглөөний 08 цагт ажил дээрээ очсон ба намайг очиход Батбаясгалангийн дүү Батням ажилдаа ирээгүй байсан, харин өндөр нуруутай Алтанбагана ганцаараа ирчихсэн элсээ зөөж байсан, харин Өлзийбаяр ажилдаа ирээгүй байсан. Ингээд би тухайн үед Батбаясгаланд хандаж танай дүү нар чинь яасан бэ ажилдаа ирэхгүй алга болчихлоо гэж Батням, Өлзийбаяр нарыг хэлсэн яг тухайн үед бол 4 хүн ирсэн бусад ажилчид ажилдаа ирээгүй байсан тэгээд уурлаж байсан юм. Цагийн бүртгэлийн барилгын даамал Чинбат бүртгэдэг байсан, хятад инженер Цай болохоор хажууд нь хятадаар бүртгэдэг байсан. Үүнээс хойш Батбаясгалан, Батням нар нэг хэсэг ажилдаа ирэхгүй байсан. Тэгээд Чинбатаас энэ 2 яагаад ажилдаа ирэхгүй байгааг нь 7 хоногийн дараа асуухад гэмт хэрэгт Батнямыг холбогдсон гэж хэлсэн, тэгээд Батбаясгалан нь тэрнээс болоод ажилдаа ирэхгүй байсан юм билээ...Өлзийбаярыг нь ажилдаа ирж байсныг нь огт санахгүй байна. Аптанбагана нь алдаг оног ажилдаа ирж байсан санагдаж байна...Би 2013 оны 08 дугаар сарын 07-ны өглөө 08 цагийн орчимд ажил дээрээ очоод удаагүй 08.30 минутын орчимд ажлаас гараад явсан намайг явсанаас хойш Батням, Өлзийбаяр нар ирсэн эсэхийг мэдэхгүй байна....Ямар ч байсан намайг 2013.08.07-ны өглөө 08 цагт очиход Алтанбагана ганцаараа ирчихсэн ажлаа хийж байсан. Өлзийбаяр Батням нар ирээгүй байсан, тэгээд би ажлаасаа 08 цаг 30 минутанд гараад явсан намайг явсанаас хойш ирсэн үгүйг мэдэхгуй байна мэдвэл Чинбат мэдэх байх Чинбат өөрөө ажилдаа ирчихсэн байсан. Би буруу зөрүү андуурч будилсан зүйл байхгүй мэдүүлгээ үнэн зөв өгсөн...” гэсэн мэдүүлэг. /9 дүгээр хавтас, хх185-188/,

 

Гэрч Чай Юун Ли-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би БНХАУ-ын "Хэбэй" мужийн Чихуандау хотын Чинлунманзү дүүргийн иргэн байгаа юм. Барилгын инженер мэргэжилтэй. Би одоо барилгын ажлыг хянадаг ажил хийдэг...Хамгийн анх Монголд 2013 оны 04-р сард ирж байсан. 2013.11-р сард нутаг буцсан. Тэгээд 2015 оны 03-р сард дахиж Монгол улсад ирээд 2 сар гаран барилга дээр ажиллаад нутаг буцаад 2015 оны 05-р сард дахиж орж ирсэн. Үүнээс өөр ирж байгаагүй...Би одоо Налайх дүүрэгт баригдаж байгаа барилга дээр инженер хийж байгаа. 6 сарын ажил хийх визтэй орж ирсэн. Нутаг буцах болоогүй ажлаа дуусгаад буцна...2013 оны 8-р сард 3, 4 хороололд орон сууцны барилга дээр ажиллаж байсан, барилгын хурдан баригдах барилгын материалыг орж гарахыг хянах чанарыг нь хянах зэрэг ажпыг хийдэг байсан. Би барилга дээр ажиллаж байсан хятад хүмүүсийг хариуцаж ажиллаж байсан...Тийм ээ энэ миний 2013.08-р сард барилга дээр ажиллаж байхдаа тэмдэглэл хөтөлдөг байсан дэвтэр мөн байна...Би энэ дэвтэрт тэмдэглэл хийдэг байсан ба ихэнх тэмдэглэлийг нь би өөрөө хийсэн. Гэхдээ заримдаа цөөхөн тохиолдолд намайг эзгүй үед манайд ажиллаж байсан орчуулагч Наянтай гэх хүн гар хүрч тэмдэглэл хийдэг байсан. Миний ажлын ширээн дээр ил байдаг байсан. Дандаа л ажлын ширээн дээр л байдаг байсан. Энэ дэвтэр дээр бичсэн ажилчдын нэрсийг Монгол ажилчид өөрсдөө өглөө ажилдаа ирээд нэрээ бичиж тэрийг нь манай орчуулагч Наянтай надад Монгол нэрийг орчуулж хэлж өгөөд би хятадаар хэлж өгсөн нэрийг нь бичдэг байсан. Тэр өдөр ажилдаа ирсэн ажилчдын нэрсийн тоогоор хараад өдрийн хоолны мөнгийг нь захирлаас авч Чинбатад өгөөд Чинбат цаашаа хүний тоогоор олгож өгдөг байсан. Чинбат бас Монгол ажилчдыг хянадаг байсан учраас бас бүртгэж байсан. Ийм л журмаар явдаг байсан 2013.08.01-ны өдрөөс 2013 08 20-нд Чинбат өөрөө тусдаа дэвтэрт ажилчдын цагийг бүртгэдэг байсан. Мөн би өөрөө энэ улаан өнгийн дэвтэрт орчуулагчаараа дамжуулаад Монгол нэрийг орчуулаад бүртгэдэг байсан ба үндсэн цагийн хуваарь бол өглөө 08 цагаас орой 19.30 хүртэл, Монгол ажилчид бол хятадуудаас бага ажилладаг. Монголчууд цаг баримталдаггүй байнга хоцордог, эсвэл эрт ажлаасаа буугаад явчихдаг байсан. Энэ дэвтрийн хамгийн эхний нүүрийг би өөрөө бичсэн тэмдэглэл хийсэн байна. 2013.08.01, 02, 03, 04, 05-ны өдрийн хятад бүртгэлийг би бичсэн. 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Сампил гэсэн нэрийн ард байгаа хятад бичиг минийх бишээ, бусад хүмүүсийн нэрсийг би өөрөө бичсэн байна. 2013.08.07-ны өдөр би өөрөө бүртгэл хөтөлсөн байна, гэхдээ 15 гэх дугаарт байгаа Сампил гэх нэрийг би бичээгүй байна. 2013.08.07-ны өдөр бол нийт 14 хүн 70.000 төгрөг гэж тэмдэглээд мөнгө авсан гэж тэмдэглэл хийсэн байхад доор нь нэмээд 15 гэж бичээд Сампил гэж бичсэн байна үүнийг мэдэхгүй байна магадгүй манай орчуулагч бичсэн байх...Хэн гэдгийг нь би мэдэхгүй байна аа орчуулагч надад хэлээд л би Баясгалан гэсэн бичсэн байх гэхдээ дэвтэр дээр бичсэн Баясгалан гэх нэр бол захиалагч талын Баясгалан бишээ өөр хүн Захиалагч талын Баясгалан бол энэ дэвтэрт нэрээ бичүүлж бүртгүүлэхгүй шүү дээ Батбаатар бол Батнямын ах бишээ Баагий гэж дууддаг хүн байсан. 2013.08.06-ны өдөр Монгол ажилчид өөрсдөө ирээд нэрээ бичсэн тэгээд ард нь орчуулагч хэлээд би хятадаар бичсэн байна. Миний бичиг мөн байна. Ажил тарсан цаг нэрийг Монгол ажилчид өөрсдөө бичсэн “...Дээрх хүмүүсийг өглөө ажилдаа ирэх үед нь би ажил дээрээ байсан…учраас дээрх хүмүүс ажилдаа ирсэн. Орой тарсан цагийг нь харин санахгүй байна Орчуулагч маань Монгол ажилчдын гарын үсгийг зуруулаад тэгээд надад нэрийг нь орчуулж хэлж өгөөд би хятадаар бичдэг байсан юм. Чинбат Монголчуудын цалинг өгдөг байсан учраас хэн нь ажилдаа ирсэн хэн нь ажилдаа ирээгүйг бүртгэдэг байсан, Батням энэ дэвтэр дээр нэр нь бичигдсэн байна. Тэр хүн өөрөө ажил дээрээ ирээгүй гэж та нарт хэлсэн бол нэрийг нь өөр хүн бичсэн байхаа би бол орчуулагчийн хэлсэнийг нь хятадаар бичсэн. Орчуулагчийг одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Холбоо тасраад удаж байна Хятадууд бол байрлаж ажиллаж байсан. Монголчуудыг байрлаж ажиллаж байсныг мэдэхгүй байна. Дандаа л гэртээ харьдаг байсан шдээ...8 хятад, Монголчууд тодорхой биш заримдаа 13 хүн заримдаа 14 хүн заримдаа 15 хүн янз янз ирдэг байсан...Монголчуудыг хэн хэнтэйгээ найз гэдгийг би мэдэхгүй байна бүгдээрээ л найзууд юм шиг харагддаг байсан. 2013.08.07-ны өдөр бол Батням ажилдаа ирсэн гэж бүртгэгдээгүй байна. Миний санаж байгаагаар өглөө Өлзийбаяр ажил дээрээ байсан, Баганаа нь харагдаагүй, ажилдаа ирсэн эсэхийг мэдэхгүй байна, харин орой ажил тарах үед Баганаа нь байсан, Өлзийбаяр бол орой нь байгаагүй санагдаж байна. Өдрийн цайны цагаар бол ер нь ихэнх монголчууд гадагшаа гараад дэлгүүрээс юм авч идэх гараад явчихдаг байсан шүү дээ. Өлзийбаяр. Баганаа нарыг тэр өдөр ажил дээрээ бүтэн ажилласан эсэхийг санахгүй мэдэхгүй байна. Би тэр хүмүүсийг хянахгүй Чинбат хянадаг байсан шүү дээ. Би өглөөнөөс орой хүртэл ажил дээрээ байдаг, ажил тасалж үзээгүй. Чинбат бол Монгол ажилчдыг хариуцаж ажилладаг байсан бүх л ажлыг нь хийлгэх, ажлыг нь хувиарлах, цалинг нь өгөх зэргийг хариуцдаг байсан. Чинбатад бол ажлын дэвтэртэй байдаг байсан тэрийгээ байнга биедээ авч явдаг байсан, би тэр дэвтрийг нь доторхийг нь үзэж байгаагүй. Жижиг дэвтэр байдаг байсан. “...2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ажилчдын нэрс бол 14 хүний тоогоор байх нь зөв юм аа. Сүүлийн 15 дахь хүн болох Сампил гэх хүний нэрийг би бичээгүй ба энэ хүн өөрийнхөө нэрийг сүүлд нь нэмж бичсэн байна. Ирцийн тэмдэглэлийн өмнөх хуудсанд 2013 оны 08-07-ны өдөр хийгдсэн ажлын талаар тэмдэглэлд байгаа туслах ажилтан байхгүй байна гэж бичсэн нь шал өөр хүн байгаа юм аа энэ хүн ирцийн бүртгэлтэй ямар ч хамаагүй хүн байгаа юм. Драгон гэх газрыг хариуцдаг Өлзий гэх /манай захиралтай найзууд/ хүний явуулсан нэмэлтээр ажиллах ёстой туслах хүн ирээгүй юм тэгээд тэрийг тэмдэглэсэн байна л даа, Өлзийбаяр, Баганаа гэх хүмүүс биш юм аа эдгээр хүмүүстэй ямар ч хамаагүй. Би өөрөө зассан 2013 оны 09 дүгээр сар гэж андуурч бичээд 2013 оны 08-р сар гэж зөв болгож бичсэн юм аа...2013.08.07- ны өдрийн Өлзий, Баганаа гэсэн нэрийн ард байгаа 8:30 гэсэн тоог би бичээгүй байна. Миний бичиг биш байна. Өлзий гэсэн нэрийн ард Өлзийбаяр гэж хятадаар бичсэн, Багана гэсэн нэрийн ард нь Баясгалан гэж бичсэн байна орчуулагч л надад нэрийг нь хэлсэн. Тэгээд би орчуулагчийн хэлсний дагуу хятадаар бичсэн юм аа Энэ цагийг манай орчуулагч л бичсэн байх. Миний бичиг биш байна. Орчуулагч бид хоёроос өөр хүн энэ дэвтэрт ямар нэгэн зүйл бичихгүй ээ. Яагаад энэ цагийг бичсэн галаар нь манай орчуулагчаас л асуусан дээр байх...Би ямар нэгэн хүний шахалтаар ямар ч хүний нэрийг өөрчилж бичиж байгаагүй. Энэ бүртгэлийг манай орчуулагчаас асуусан дээр байх би энэ талаар хэлж мэдэхгүй байна. 9 гэсэн тооны ард яагаад 14 гэсэн тоог оруулсан талаараа би мэдэхгүй байна. Би гайхаж байна. Манай орчуулагч хэлэх байх.15 гэсэн нэрийг би бичээгүй...Миний санаж байгаагаар 2013.08.07-ны өглөө Өлзийбаяр ажил дээрээ байсан тэмдэглэл дээр бичсэн цагийг би бүртгээгүй мэдэхгүй байна...2013.08.07-ны өдөр 14 хүн гэж бүртгэсэн бол 14 хүн л байсан. Хамгийн сүүлийн 15 дугаар гэж бичээд Сампил гэж бичсэнийг би мэдэхгүй байна. Миний бичиг биш ээ...Би баттай хэлнэ 15 гэсэн тооноос бусдыг нь би өөрөө гараараа бичсэн байна....” гэсэн мэдүүлэг. /9 дүгээр хавтас, хх 199-202/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №1323/6273 тоот бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд:

Талийгаачид шүүх эмнэлгийн залдан шинжилгээгээр

  1. Цээжний зүүн хөндий рүү нэвтэрч зүүн уушигний дээд доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цусан хураа,
  2. Хэвлий хөндий рүү нэвтэрч сэмж, бүдүүн гэдэсний чацархай, нойр булчирхайн их биеийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа,
  3. Хүзүүний баруун ар дээд хэсэг дагзны зүүн хайрст хэсгээр гавлын хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх
  4. Зүүн суганы урд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн хөсөгний хуулбарсан шарх, зүүн ухархайн дээд хананы гадна ирмэгийн эмтэрсэн хугарал. зүүн тохой, баруун гуя, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогджээ.

Дээрх цээж хэвлий хүзүү зүүн суганд үүссэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр, зүүн хөмсөгний шарх болон зүүн ухархайн дээд хананы гадна ирмэгийн эмтэрсэн хугарал зүүн тохой баруун гуя баруун зүүн өвдөгт үүссэн зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэндэнэ. Зүүн хөмсгөнд 3,5x1 см язарч хууларсан шархтай, уг шархны амсарт 4x2.3 см хүрэн улаан өнгийн зулгаралттай, уг шархаар зүүн ухархайн дээд хананы ирмэг эмтэрч хугарсан гэх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба уг биеийн хэсгээр хатуу гадаргуутай зүйлд цохигдох цохиулах үед аль алинд нь үүсгэгдэх боломжтой.

Талийгаачийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд "Цогцосны цээжний зүүн хажуу хэсэгт зүүн хөхний толгойноос 5,5 см зайд 2,5x1,2 см зах ирмэг тэгш 18,5 см гүн шархтай..." гэсэн байх бөгөөд цогцосны гадна үзлэгийн үед шархны гүнийг шалгасан байдал буюу шархны гүн нь тухайн багажийн үүсгэсэн шархны гүн гэж ойлгох боломжгүй. Харин "Цээжний зүүн талд суганы урд шугамаар 3,4-р хавирганы завсраар цээжнии хөндии рүү нэвтэрсэн шарх нь зүүн уушгины дээд дэлбэнгийн гадна урд хэсгээр хатгагдаж дэлбэн завсраар нэвт гарч зүүн уушгины доод дэлбэнг хатгаж төгссөн 10-12 см гүн хатгагдсан шархтай..." гэсэн нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний ханын арьс, өөхөн эд, булчин, хавирганы зузаан, дотор эрхтэн, уушгийг гэмтээсэн шархны хэмжээгээр гаргасан тул илүү бодитой хэмжээс байна. Учир нь гадна үзлэгээр шархыг шалгах үед шархны гүнийг шалгаж буй багаж ямар ч гүнд орж болох бөгөөд шархны сувгийн урт болон өргөн нь хутганы ажлын хэсэг зөөлөн эдэд бүлэгдсэн гүнээс хамаарах боловч цээжний хананы зөөлөн эдэд шахалт өгсөн бариулын даралтын улмаас ажлын хэсгийн уртаас илүү урт юм уу, эсвэл багаж зэвсэг биед бүрэн бүлэгдэж ороогүйгээс болж ажлын хэсгийн уртаас богино гүнтэй шарх үүсч болно.

Цогцост гадна үзлэг хийсэн болон шүүх эмнэлгийн задлан шинжилгээний тэмдэглэлд "Хүзүүний баруун ар дээд хэсэгт 5,5x4 см зах ирмэг тэгш, зуйван, багаж оруулж шалгахад 7 см гүн хатгагдаж зүсэгдсэн шархтай..." гэсэн байх бөгөөд энэ нь шинжээч эмчийн цогцосны гадна үзлэгээр тогтоосон хэлбэр тул шархны урт, өргөний хэмжээ, хэлбэр нь арьсны уян чанар, булчингийн агшилтаас хамаардаг тул цогцосыг хөдөлгөх үед шархны хэмжээ, хэлбэр өөрчлөгдөж болно. Хавтаст хэрэг дэх фото зургийн үзүүлэлтэнд харагдах шугамны хэмжээстэй дээрх шархны уртын хэмжээ ойролцоо харагдаж байна.

Шархны хэмжээ нь хохирогчийн байрлал, багаж зэвсгийн биеийн гадаргуутай харьцсан өнцөг, арьсны уян чанар, булчингийн агшилтаас хамаардаг тул талийгаачид учирсан хатгагдаж зүсэгдсэн шархнууд нь шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг хутганы алинаар нь ч үүсгэгдэх боломжтой. Харин хүзүүний ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гавлын хөндийрүү нэвтэрч цөмөрсөн хугарал үүсгэснээс харахад “115 5АBEГС” гэсэн бичигтэй, 10,6 см ажпын хэсгийн урттай, 2,5 см ажлын хэсгийн өргөнтэй хүрэн бор өнгийн иштэй, эвхэгддэг хутгаар үүсгэгдэх магадлалтай байна.

Шарх нь арьсны уян чанар, булчингийн агшилтаас хамаарч шархны ирмэгүүдийн салалт ангархай зэргээс шалтгаалж ээрүүл, зуйван, дугуй зэрэг янз бүрийн хэлбэртэй байж болно. Шархны хэлбэр нь арьсны уян чанар, хүзүүний булчингийн агшилт, гэмтэл учрах үеийн хохирогчийн байрлал, үйл хөдөлгөөн, фото зургаар бэхжүүлэх үеийн цогцосны байрлал зэргээс болж өөр хэлбэртэй фото зурагт бэхэжсэн байж болно, ШШТХ-ийн 17 дугаар зүйл, 17.4-д "шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна" гэж зааны дагуу шинжээч томилох тогтоолын 7 дугаартай асуултанд хариулах боломжгүй.

Цээжний зүүн хажуу суганы урд шугамаар 3,4-р хавирганы завсар, зүүн хөхний толгойноос гадагш 5,5 см зайтай 2,5x1,2 см шарх нь 5-11 цагийн түвшинд хутганы ир нь биеийн зүүн талруу харсан босоо ташуу байрлалтайгаар биед нэвтэрч урдаас арагш, дээрээс доош, зүүнээс баруун тийш чиглэлтэй хатгагдсан, хэвлийн зүүн дээд хэсэг дэх 3,2x1,3 см шарх нь 6-12 цагийн түвшинд хутганы ир нь биеийн доод талруу харсан босоо байрлалтайгаар биед нэвтэрч урдаас арагш, зүүнээс баруун тийш чиглэлтэй хатгагдсан, хүзүүний баруун ар дээд хэсэг дэх 5,5x4 см шарх нь ташуу байрлалтайгаар биед нэвтэрч ардаас урагш, доороос дээш, баруунаас зүүн тийш чиглэлтэй хатгагдсан, зүүн суганы урд хэсэг дэх 1,5x0,8 см шарх нь 4-10 цагийн түвшинд ташуу байрлалтайгаар биед нэвтэрч урдаас арагш чиглэлтэй хатгагдсан байна.

Талийгаачид учирсан хатгагдаж зүсэгдсэн шархнууд нь хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Урьд гаргасан №1352, №702, №683 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт. /12 дугаар хавтас, хх43-47/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-170, хохирочийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анандбазарын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-130/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анадбазарын мэдүүлэг /7 дугаар хавтас, хх-64/, насанд хүрээгүй гэрч Ц.Дамдинсүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-137/, гэрч Б.Цогтоогийн мэдүүлэг /1 хавтас, хх165-168/, гэрч С.Оногийн мэдүүлэг /9 дүгээр хавтас, хх185-188/, гэрч И.Баасангийн мэдүүлэг /9 дүгээр хавтас, хх199-202/, яллагдагч Б.Өлзийбаярын мэдүүлэг /12 дугаар хавтас, хх33-37/, шинжилгээ хийлгэх тогтоол, шинжээчийн №6695 дугаартай дүгнэлт /хх55-59/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх16-24/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх36-52/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх87-93, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх123-128/, насанд хүрээгүй гэрч Б.Өлзийбаярын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх202-205, 206-208/, насанд хүрээгүй гэрч Б.Алтанбаганы мэдүүлэг /2 дугаар хавтас, хх13-14/, яллагдагч Б.Батнямын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх136-140/, шинжээчийн №5388 дугаартай дүгнэлт /6 дугаар хавтас, хх231-236/, мөрдөн байцаагчийн тогтоол /7 дугаар хавтас, хх-62/, шинжээчийн №1147 дугаартай дүгнэлт /7 дугаар хавтас, хх75-78/, шижээчийн №2227 дугаартай дүгнэлт /9 дүгээр хавтас, хх225-250/, гэрч Ч.Чинбатын мэдүүлэг /9 хавтас, хх207-209/, гэрч С.Ононгийн мэдүүлэг /9 хавтас, хх185-187/, Давж заалдах гомдол /11 дүгээр хавтас, хх102-107/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /11 дүгээр хавтас, хх178-183/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /11 дүгээр хавтас, хх184-189/, шинжээчийн №1323/6273 дугаартай дүгнэлт /12 дугаар хавтас, хх43-54/, шинжээчийн №6695 дугаартай дүгнэлт /12 хавтас, хх57-63/, шинжээчийн №6694 дугаартай дүгнэлт /12 дугаар хавтас, хх72-76/, шинжээч С.Сэлэнгийн мэдүүлэг /12 хавтас, хх77-78/, шинжээчийн №6747 дугаартай дүгнэлт /12 дугаар хавтас, хх80-85/, шинжээч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /12 дугаар хавтас, хх66-67, шинжээч Ж.Баттулгын мэдүүлэг /12 дугаар хавтас, хх68-69/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-147/, мөрдөн байцаалтын туршил хийсэн тэмдэглэл /7 дугаар хавтас, хх49-61/, гэрч Ш.Өлзийбаярын мэдүүлэг /8 дугаар хавтас, хх-12/, насанд хүрээгүй гэрч Б.Алтанбаганы мэдүүлэг /8 дугаар хавтас, хх-14/, шинжээчийн №5959 дугаартай дүгнэлт /8 дугаар хавтас, хх-100/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 дугаар хавтас, хх81, 82, 83, 84, 100/, шинжээчийн дүгнэлт /10 дугаар хавтас, хх1-24/, Улсын дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 147 дугаар тогтоол /11 дүгээр хавтас, хх-169-175/, сэжигтнээр тооцох тогтоол /12 дугаар хавтас, хх-109/  дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-97, 101, 104-106/, хх107-109, хх-110, хх112-115, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-118/, гэрч Чай Юун Ли-гийн мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-9/, шижээчийн №1352 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтас, хх-35-40/, Б.Батнямын тайлбар /2 дугаар хавтас, хх-119/, утасны дуудлагад үзлэг хийсэн тэмдэглэл /6 дугаар хавтас, хх-12, шүүх хуралдааны тэмдэглэл /7 дугаар хавтас, хх-12/, полиграф ашиглан асуулга явуулах даалгавар /7 дугаар хавтас, хх80-81/, полиграц ашиглаж асуулга явуулсан үр днгийн тухай лавлагаа /7 дугаар хавтас, хх85-93/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Д.Агар нь шүүгдэгч Б.Өлзийбаярыг  Б.Батнямтай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Бага тэнгэр”-ийн ам гэх газарт А.Цэрэн-Өлзийг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн Б.Өлзийбаярын үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллахаас татгалзаж буйгаа бичгээр гаргаж байна” гэсэн санал гаргасан тул шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Өлзийбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.3 дах хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Мөн прокуророос шүүгдэгч Б.Алтанбаганыг шүүгдэгч Б.Өлзийбаяр, Б.Батням нартай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Маршлын гүүр”-ний доор А.Цэрэн-Өлзийг шунахайн сэдэлтээр санаатай алахыг завдсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Өлзийбаярыг шүүгдэгч Б.Алтанбагана, Б.Батням нартай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Бага тэнгэр”-ийн ам гэх газарт А.Цэрэн-Өлзийг шунахайн сэдэлтээр санаатай алахыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тухайлбал шүүгдэгч Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарыг Б.Батнямтай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Маршлын гүүр”-ний доор А.Цэрэн-Өлзийг шунахайн сэдэлтээр санаатай алахыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хангалттай нотлож тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Батням нь Алтанбагана, бид хоёроос хамт яваад өгөөч гэж гуйсан, тэгээд л зөвшөөрч ханиндаа очсон, тэгээд тэр хүүхэд нь ирсэн бол Батнямтай хамт ажил хийж байгаа цалингаа буухаар мөнгөө нийлүүлээд дугуйны мөнгийг нь өгнө гэж хэлэх гэсэн санаа зорилготой очсон өөр бусдаар ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Батням хохирогчийг ирэхээр нь миний унаж байгаа дугуйг аваад зугтаачих тэгвэл мөнгө нь нэхэгдээд байгаа дугуйгаа бусдад булаалгасан болж харагдъя гэж хэлж байсан. Бид хоёр Батнямын тэр үгийг тоож авч хэлэлцээгүй, тоглоом шоглоом болгоод өнгөрсөн” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарыг бусдыг шунахайн сэдэлтээр санаатай алахыг завдсан талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтаар хангалттай нотлож, тогтоогдоогүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасан үндэслэл буюу “шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд …эргэлзээ гарвал түүнийг …шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дах хэсэгт заасан үндэслэл буюу “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал” эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн хуульд заасан үндэслэлээр Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Амгаланбаатар овогт Болортуяагийн Алтанбаганад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасны журамлан, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт заасан заасан гэмт хэрэгт холбогдуулж Дугартайж овогт Батсайханы Өлзийбаяр нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарыг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн:

  • ) -96 хуудастай улаан эрээн дэвтэр 1 ширхэг,

-Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэр 1 ширхэг,

-Камерийн бичлэг 25 ширхэг сиди-г зэргийг хэрэгт хавсаргаж,

-Мөрдөн байцаалтад туршилт мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанаас хийсэн бичлэг,

-Фото зураг, бэхжүүлж авсан 3 ширхэг сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах,

  • ) -Унадаг дугуй 2 ширхэгийг улсын орлогод оруулж,
  • ) -Хуванцар иштэй заазуур 2 ширхэг, хутга 1 ширхэг, бор өнгийн эвхдэг хутга 1 ширхэг, төмөр иштэй хутга 1 ширхэг, чулуу 6 ширхэг, цэнхэр өнгийн товч 1 ширхэг, юнителийн сим картны үүр 2 ширхэг, толгойны хамгаалалтын малгай 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар хөх өнгийн цамц 1 ширхэг, ягаан хөх өнгийн өмд 2 ширхэг, хар өнгийн хутганы гэр 1 ширхэг, хар өнгийн пүүзэн гутал 1 ширхэг, саарал өнгийн хос оймс 1 ширхэг, шаргал өнгийн футболк 1 ширхэг, хөх өнгийн шорт 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, бургасны мөчир, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн фудболк 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, Нокиа маркийн Ч-6 маркийн гар утас 1 ширхэг, саарал өнгийн нокиа маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн үүргэвч 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 248 дугаар зүйлийн 248.1.2, 248.1.3, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Дугартайж овогт Батсайханы Өлзийбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг улсын яллагч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дугаар зүйлийн 239.4.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллахаас татгалзсан тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Амгаланбаатар овогт Болортуяагийн Алтанбаганад, Дугартайж овогт Батсайханы Өлзийбаяр нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарыг тус тус цагаатгасугай.

 

  1. Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

 

  1. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн:
    • ) -96 хуудастай улаан эрээн дэвтэр,

-Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэр,

-Камерийн бичлэг 25 ширхэг сиди-г зэргийг хэрэгт хавсаргаж,

-Мөрдөн байцаалтад туршилт мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанаас хийсэн бичлэг,

-Фото зураг, бэхжүүлж авсан 3 ширхэг сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах,

  1. -Унадаг дугуй 2 ширхэгийг улсын орлогод оруулж,

 

в) -хуванцар иштэй заазуур 2 ширхэг, хутга 1 ширхэг, бор өнгийн эвхдэг хутга 1 ширхэг, төмөр иштэй хутга 1 ширхэг, чулуу 6 ширхэг, цэнхэр өнгийн товч 1 ширхэг, юнителийн сим картны үүр 2 ширхэг, толгойны хамгаалалтын малгайл 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар хөх өнгийн цамц 1 ширхэг, ягаан хөх өнгийн өмд 2 ширхэг, хар өнгийн хутганы гэр 1 ширхэг, хар өнгийн пүүзэн гутал 1 ширхэг, саарал өнгийн хос оймс 1 ширхэг, шаргал өнгийн футболк 1 ширхэг, хөх өнгийн шорт 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, бургасны мөчир, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн фудболк 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, Нокиа маркийн Ч-6 маркийн гар утас 1 ширхэг, саарал өнгийн нокиа маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн үүргэвч 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нар нь тус бүр 654 /зургаан зуун тавин дөрөв/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.

6. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ОДОНТУУЛ

                                                   ШҮҮГЧИД                                       С.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                             Т.ШИНЭБАЯР