Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 181/2020/01376/И

 

 

                                               ****гийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/03006 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 297 дугаар магадлалтай, 

****гийн нэхэмжлэлтэй,

“ **** **** ****” ХХК-д холбогдох 

120,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгч ****гийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагчийн төлөөлөгч Н.Лхамсүрэн, өмгөөлөгч Н.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгч **** нь “ **** **** ****” ХХК-д холбогдуулан 120,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/03006 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “ **** **** ****” ХХК-аас 120,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ****гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ****гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 297 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/03006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 757,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д заасан шүүхийн шийдвэрт ...хяналтын журмаар гомдол гаргах эрхийнхээ хүрээнд үл зөвшөөрч мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулахаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх “...”ЧТБГ” ХХК нь бусдын өмнөөс өр төлбөрийг барагдуулсан талаар, “Бөхбат” ХХК нь дутуу авсан төлбөрийн зөрүү 22,800,000 төгрөгийг 2010 оноос хойш хариуцагч “ **** **** ****” ХХК-нд холбогдуулан шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй, түүнчлэн тухайн үед хариуцагч компанийн захирлаар ажиллаж байсан ****д шаардах эрхээ шилжүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй байх ба нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэрэгт баримтаар нотлоогүй байна...” гэх агуулга бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх миний гомдлыг үндэслэн хянахдаа “...хариуцагч “ **** **** ****” ХХК нь “Бөх бат” ХХК-д болон нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна ... гэрч П.Аюурын ...“Бөх бат” ХХК-аас уг мөнгийг бэлнээр хүлээж аваад ****д өгсөн, Н.Лхамсүрэнгийн нөхөр Д.Энхжаргалд өгөхөөр гэр рүү нь аваад орсон, өгсөн байх... гэсэн мэдүүлгээр “Бөх бат” ХХК-аас “ **** **** ****” ХХК-д 120,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. /хх-ийн 189/ Учир нь уг мэдүүлэгт болсон үйл явдлыг шууд нотлоогүй, өөрийн таамгийг илэрхийлсэн байна ...Иймд “Бөх бат” ХХК-аас “ **** **** ****” ХХК-д 120,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй...” гэж дүгнэн шийдвэрийг хэвээр үлдээснийг хууль, шударга ёсны зарчимд үл нийцэхийн сацуу хариуцагчийн хууль бус үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр болсон. Тодруулбал, би өдгөө “ **** **** ****” ХХК-ийн 100 хувийн хувьцааг дангаар эзэмшиж, захирлаар нь ажиллаж байгаа Н.Лхамсүрэн, түүний нөхөр Д.Энхжаргал нартай дотно нөхөрлөж, хамтран бизнес эрхэлж байхдаа тэдний санал, хүсэлтийн дагуу “ **** **** ****” ХХК-ийн 50 хувийг 2010.02.01-ний өдөр холбогдох гэрээг зохих журмын дагуу байгуулж, шилжүүлэн авч, мөн үеэс 2012.09.04-ний өдөр хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар, 2019.04.15-ны өдөр хүртэл хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан болно. Гэтэл тэд миний итгэлийг эвдэж, намайг цагдаа, шүүхээр далайлгаж, олон жил хуулийн байгууллагаар шалгуулсан үйл явдал болсон ба компанийн хувьцаа болон үндэслэлгүй, маш их хэмжээний мөнгө буюу Н.Лхамсүрэн нь 1,816,933,520 төгрөг, Д.Энхжаргал нь 1,429,370,140 төгрөг нэхэмжилсэн маргаан үүссэн. Дээрх маргаан олон жил үргэлжилсний эцэст Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 001/ХТ2019/00168 дугаар тогтоолоор “...Хариуцагч ****гаас “ **** **** ****” ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн 50 хувийн хувьцааг нэхэмжлэгч нарт буцаан гаргуулж, хариуцагч ****гаас 349,766,175 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Лхамсүрэн, Д.Энхжаргал нарт олгож...” шийдвэрлэсэн. Нэгэнт миний бие одоо тус компанид хамааралгүй, оролцоогүй болсон, Д.Энхжаргал, Н.Лхамсүрэн буюу эхнэр, нөхөр хоёрт өөрийн шударга хөдөлмөрөөр олсон хөрөнгөө алдахад хүрсэн, итгэлээ хөсөрдүүлсэн тул “ **** **** ****” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан, оруулсан зарим хөрөнгөө компаниас буцаан шаардах нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж энэхүү нэхэмжлэлийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу 2020.03.27-ны өдөр “ЧТБГ” ХХК-аас 97,200,000 төгрөг, 2020.03.25-ны өдөр “Бөх бат” ХХК-аас 22,800,000 төгрөгийг хариуцагч “ **** **** ****” ХХК-аас шаардан авах эрхийг шилжүүлэн авч гаргасан.

4.1. Хэрэгт авагдсан баримтуудаар “ **** **** ****” ХХК нь 2008.07.23-ны өдөр, 2 жилийн хугацаатай олгогдсон өөрийн №216 тоот дулааны техникийн нөхцөлөөс 1 гкал/цаг дулааныг “Бөх бат” ХХК /иргэн Н.Энхтуяа/-ийн барьж байсан барилгад олгохоор болж, 2010.05.06-ны өдөр “ **** **** ****” ХХК болон Н.Энхтуяа нарын хооронд “Иргэн Н.Энхтуяагийн “аялал жуулчлалын цогцолбор”-т дулаан хангамж авах хэлцлийг бичгээр байгуулсан. 2010.05.07-ны өдөр “ **** **** ****” ХХК-аас Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д 01/10 тоот “Тус компани нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Америк сургуулийн зүүн талд ...Н.Энхтуяагийн барилгад хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж байгаа тул манай компанид УБДС ХК-аас 2008 онд олгосон 216 тоот техникийн нөхцөлөөс 1 гкал/цаг дулааныг иргэн Н.Энхтуяагийн барилгад өгөх шаардлагатай байгаа тул асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэх албан бичгийг хүргүүлсэн. 2010.05.10-ны өдөр “ **** **** ****” ХХК-ийг гэрч П.Аюур төлөөлөн очиж, “Бөх бат” ХХК-аас дулаан авах төлбөр болох 120,000,000 төгрөгийг тус компанийн “Кассын зарлагын ордер”-т гарын үсэг зурж, бэлнээр хүлээн авч, хариуцагч компанийн эрх бүхий албан тушаалтнуудад хүлээлгэн өгсөн. Улмаар “Бөх бат” ХХК хариуцагч компаниас хэлэлцэн тохиролцсон дулаанаа авч чадаагүй учир өгсөн мөнгийг нь “ **** **** ****” ХХК-ийн зүгээс “Бөх бат” ХХК-д буцаан өгөх шаардлагатай болсон. Түүнчлэн миний бие компанийн хувьцаа эзэмшигч, захирлын хувьд дээр дурдсан “Бөх бат” ХХК-д “ **** **** ****" ХХК-ийн зүгээс төлөх өр төлбөрийг “Бөх бат” ХХК болон “ЧТБГ” ХХК-ийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу “ЧТБГ” ХХК-ийн зүгээс “Бөх бат” ХХК-ийн захиалгаар буюу тус компанийн барьж байгаа барилгад вакум цонх, тагтны хаалт, хаалга нийлүүлэх гэрээний төлбөрөөс суутгах, хасах байдлаар шийдвэрлэхээр тохиролцсон зэрэг нөхцөл байдал холбогдох гэрээ, хэлцэл, албан бичгүүд зэрэг бичмэл нотлох баримтууд, мөн гэрч Ц.Чойжилсүрэн, А.Нямбат, П.Аюур нарын мэдүүлгээр бүрэн, хөдөлбөргүй тогтоогдож, нотлогддог. Тухайлбал, 2020.11.05-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдааны явцад гэрч Ц.Чойжилсүрэн “...“ **** **** ****” ХХК болон “Бөх бат” ХХК-ийн хооронд авлага байдаг ...компанийн хувьд өр төлбөрийн тооцоо байгаа...”, гэрч А.Нямбат “...Манайх тухайн үед Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанид хүсэлт өгч байсан. Мөн хэдэн компани хөрөнгө оруулаад Зайсангийн зүүн талын дулааныг өөрсдийнхөө хөрөнгөөр барьсан. Танайд дангаар нь өгөх боломжгүй, шугам барьсан компаниудтай ярилцаад тэд нарын дулаанаас зөвшилцөөд авч болно гэсэн хариу өгсөн. Тухайн үед Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал гэж хүн байсан бөгөөд бичгээр хариу өгч байсан. Тэрний дагуу “ **** **** ****” ХХК-ийн захирал ****тай уулзсан ... эднийх тухайн үед 5 м.вт дулааны хүчин чадалтай техникийн нөхцөл гарсан байсан бөгөөд манай барилгад 1 м.вт байхад хангалттай байсан. Тэгээд 120,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон бөгөөд гэрээ, хэлцэл хийсэн. Бид нар дулаанаа авах гэтэл сүүлдээ хүчин чадал нь хүрэхээ байгаад манайх дулааныг авч чадаагүй ... Энэ мөнгө төгрөгийн асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа ... Н.Цогтгэрэл нь ****д өгсөн, харсан...”, гэрч П.Аюур “...ЧТБГ ХХК цонх үйлдвэрлэдэг, “Бөх бат” ХХК нь орон сууц барьдаг байсан. Уг 2 компанийн хооронд цонх нийлүүлэх гэрээ байгуулагдсан... Тухайн үед би албан бичиг бичээд ****гаар гарын үсэг зуруулаад, Н.Лхамсүрэнгээр тамга даруулсан байдаг. Бүх хэлцэл нь хийгдсэний дараа “Бөх бат” ХХК-ийн Н.Энхтуяагаас би 120,000,000 төгрөгийг авсан. Уг мөнгийг авчхаад **** руу залгаад “Би 120,000,000 төгрөгийг Н.Энхтуяагаас авчихлаа. Одоо яах вэ?” гэхэд “Гэрийн гадаа хүрээд ир” гэж хэлсэн. ****, Д.Энхжаргал нар нэг байранд амьдардаг, хөршүүд байсан бөгөөд тухайн мөнгийг **** аваад Д.Энхжаргалын гэр лүү нь яваад орсон. Гарч ирэхдээ мөнгөгүй гарч ирсэн...” гэж тодорхой мэдүүлдэг. Эдгээр гэрч нарыг шүүх асуухдаа худал мэдүүлэг өгвөл хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх талаар урьдчилан танилцуулж, хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэд ч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг үнэн зөв, тодорхой мэдүүлсэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьсан, хариуцагчийн бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан үйлдлийг хаацайлж, зөвтгөсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд маш их харамсаж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгч ****гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх ****гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.   

7. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...” **** **** ****” ХХК-ийн нэрийн өмнөөс тус компанийн “Бөх бат” ХХК-д төлөх өр төлбөр болох 120,000,000 төгрөгийг иргэн би хувиасаа бүрэн төлж барагдуулсан тул гаргуулах...” гэж тодорхойлсон байна. 

8. Хариуцагч “ **** **** ****” ХХК “...техникийн нөхцөлөөр дулаан зарсан асуудлыг бид мэдэхгүй, компанид 120,000,000 төгрөг өгсөн баримтгүй, компанийн 2011 оны 1 дүгээр улирлын тайланд энэ талаар тусгагдаагүй...” гэсэн тайлбар гарган мэтгэлцжээ. 

Хариуцагчийн бусдад төлөх төлбөрийг нэхэмжлэгч төлснөөр түүнд шаардах эрх үүссэн эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болсон байна. 

9. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Тодруулбал: 

10. “Бөх бат” ХХК-аас “ **** **** ****” ХХК-д дулаан авах төлбөрт 120,000,000 төгрөг төлөгдсөн, уг дулааныг аваагүйгээс “ **** **** ****” ХХК уг мөнгийг буцаан төлөх үүрэгтэй болсон, нэхэмжлэгч **** уг өр төлбөрийг “Бөх бат” ХХК-д төлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

11. Нэхэмжлэгч **** нь “ **** **** ****” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, захирлаар 2010.02.26-ны өдрөөс 2012.09.04-ний өдрийг хүртэл ажиллаж байсан, тус компанийн 2008 оны №216 тоот дулааны техникийн нөхцөлөөс 1 гкал/цаг дулааныг “Бөх бат” ХХК буюу иргэн Н.Энхтуяагийн барьж буй барилгад зарж, төлбөр болох 120,000,000 төгрөгийг 2010.05.10-ны өдөр компанид төлсөн гэх тайлбараа нотлох зорилгоор гэрч П.Аюурыг асуулгасан байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх гэрч П.Аюурын “...”Бөх бат” ХХК-аас уг мөнгийг бэлнээр хүлээж аваад ****д өгсөн, Н.Лхамсүрэнгийн нөхөр Д.Энхжаргалд өгөхөөр гэр рүү нь аваад орсон, өгсөн байх...” гэсэн мэдүүлгийг “Бөх бат” ХХК-аас “ **** **** ****” ХХК-д 120,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, уг мэдүүлэгт болсон үйл явдлыг шууд нотлоогүй, өөрийн таамгийг илэрхийлсэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. 

12. “ **** **** ****” ХХК-ийн захирал байсан ****, Н.Энхтуяа нарын хооронд 2010.05.06-ны өдөр хийгдсэн иргэн Н.Энхтуяагийн Аялал жуулчлалын цогцолборт дулаан хангамж авах хэлцэл гэсэн баримт хэрэгт авагдсан байх боловч уг хэлцэл хэрэгжсэн эсхүл уг хэлцлээс татгалзсантай холбоотойгоор хариуцагч нь “Бөх бат” ХХК-д болон нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

13. “Бөх бат” ХХК, “ЧТБГ” ХХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу “Бөх бат” ХХК-ийн төлөх төлбөрөөс суутгах байдлаар “Бөх бат” ХХК-д төлөх 120,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн гэж **** хариуцагчтай маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Энэ нь нэхэмжлэгч   **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

14. Хоёр шатны шүүх “Бөх бат” ХХК-ийн кассын зарлагын ордер гэх бичмэл нотлох баримт байх боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй, “Бөх бат” ХХК-аас “ **** **** ****” ХХК-д 120,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

15. Үүнээс гадна “Бөх бат” ХХК нь дутуу авсан төлбөрийн зөрүү 22,800,000 төгрөгийг 2010 оноос хойш хариуцагч “ **** **** ****” ХХК-д холбогдуулан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

16. Нэхэмжлэгч ****гийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулах агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг энэ тогтоолын 10-13 дугаарт дурдсан үндэслэлээр хангагдахгүй. 

17. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч ****гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/03006 дугаар шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 297 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч ****гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 757,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА 

                                                                                                   Б.МӨНХТУЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД