| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/0037/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/63 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/63
2024 01 10 2024/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,
Улсын яллагч С.Эрдэнэбаяр,
Шүүгдэгч Г.Ч , түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ч д холбогдох эрүүгийн 2309000002526 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ч нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "... " нэртэй засварын газарт хохирогч Г.Д гийн биед халдаж, түүнийг гар, хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч Г.Ч нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "... " нэртэй засварын газарт хохирогч Г.Д гийн биед халдаж, түүнийг гар, хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь зүүн эгэмд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Г.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчимд гэртээ аавын хамт байхад танил А над руу залгаад "Мөнгө бүтчихсэн, чамд өгөх ёстой мөнгөө бэлнээр өгөх гэсэн юм” гэхээр нь би гарсан. ...Тэгээд ... нэртэй гражид очсон. ...Ч над руу хараад намайг дуудсан ба би яваад очиход Ч , нөгөө хамт явж байсан эрэгтэй нь намайг машин руу ор гэхэд нь би хойшоо нэг алхахад баруун талын халаасандаа гараа хийсэн байсан ба үзүүртэй юм байсан тэрийгээ хоёр тийш хөдөлгөөд суу гэсэн. Ч миний хувцаснаас хоёр гараараа татаад чирээд өөрийнхөө машинд суулгаад намайг зодож эхлэхээр нь би нүүрээ гараараа хамгаалсан. Миний цээж хэсэг болон зүүн мөр лүү нэлээн хэд цохисон ба намайг буувал ална шүү гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар тал/,
-дахин өгсөн: “....Ч гэдэг хүн нь болохоор намайг уулзангуутаа хувцаснаас татаж чирч газарт унагаагаад толгой руу 3-4 удаа гараараа цохисон. Мөн хувцасны араас буюу хүзүү хэсгээс чирээд машинд суу гэж хэлсэн. Суу гэхээр нь би эсэргүүцээд үгүй гэж хэлтэл Ч мөн миний зүүн гарын мөр хэсэгт нэлээн хэдэн удаа цохисон. Машинд суусны дараа буувал ална шүү гэж хэлээд хөлөөрөө миний зүүн хөлний гуя шилбэний араас өшиглөсөн. ...Хаалгаа хаачхаад өөрөө машины гадаа гарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр тал/,
Гэрч А.Х ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...570 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн хүний нэг нь Д д хандан “уулзахгүй, олдохгүй гэж бодсон юм уу, алнаа чамайг” гэж хэлээд байсан. Тэгээд би цааш юу хэлээд байгааг нь сайн ойлгоогүй ба халааснаасаа тамхи гаргаж ирээд асаагаад зогсож байтал 570 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Д г хүзүүнээс нь дарж аваад элэг рүү нь гараараа цохиж эхэлсэн. Мөн хоолойг нь боосон, хөлөөрөө гэдэс рүү өшиглөөд байхаар нь тэр хүнийг салгасан. Тэр үед 570 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн бор цамцтай хүний хэлж байгаагаар биднээс мөнгө аваад эргүүлж өгөөгүй, алга болсон гэх утгатай зүйл ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр тал/,
Гэрч Д.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...570 маркийн машины жолооч гэх өндөр залуу түүний цээжин тус газар, мөр орчим газарт цохиж байгаа харагдсан. Тэгээд би боль гэж хэлээд машинд суулгахаар нь жаахан харж зогсож байгаад явсан. Би татаж унагаад чирээд машинд оруулж байхыг, ...цээж рүү нь цохиж байхыг бол харсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар тал/,
Гэрч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд би бичлэг хийж байтал нэг залуу манай найзтай эхэлж уулзсан нөгөө Д гэдэг залууг элгэнд нь цохих шиг болоод татаж унагаагаад машины цаагуур оруулсан. Би машин дотроос бичлэг хийсэн болохоор сайн хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12832 дугаартай “...Г.Д гийн биед зүүн эгэмд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 112-113 дугаар тал/,
2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 161-165 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Г.Ч аас шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Г.Ч нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "... " нэртэй засварын газарт хохирогч Г.Д гийн биед халдаж, түүнийг гар, хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан учир бусдад төлөх төлбөргүй...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Ч , түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12832 дугаар дүгнэлтээр хохирогч Г.Д гийн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Ч нь хохирогч Г.Д гийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Ч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Д гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хэрэгт 336,300 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Ч нь хохирогч Г.Д д 340,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Ч ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Хохирогчийн буруутай үйл ажиллагаа буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг тохиолдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн. Тиймээс шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаж үзээд 500,000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Г.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ч ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 132 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131 дүгээр тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 133 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 134 дүгээр тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 135 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 136 дугаар тал/, түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 137-160 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Г.Ч ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Г.Ч ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж Д овогт Г гийн Ч ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч ад оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Д д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ч ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН