Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2020/00516

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: НКФ ББСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.С-д холбогдох

5 968 877.38 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “НФК” ББСБ-ын Эрдэнэт салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.С, Н.Днар нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр  Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг, 11б гудамж 11 тоот Г-2101001653 улсын бүртгэлийн дугаар, 130102846 нэгж талбарын дугаартай 750 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг 11б гудамж 11 тоот Ү-2101010019 улсын бүртгэлийн дугаар, 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан 5 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэйгээр NC-103212029 тоот зээлийн гэрээ, ипотекын гэрээ байгуулж зээлсэн болно. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд тус компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар өдөр бүр утсаар ярьж, гэрийн хаягаар байнга очиж уулзаж байсан боловч зээлийг төлөхгүй байгаа. Зээлдэгч Д.С нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт хийхгүй, дутуу төлөлттэй байгаа учир зээл төлөх эрмэлзлэл байхгүй гэж үзэж байна. Иймд үндсэн зээл 4 729 818.66 төгрөг, үндсэн хүү 1 032 389.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 186 669.56 төгрөг, хугацаа хэтэрсэн харилцагчийн ажиллагааны зардал 20 000 төгрөг нийт 5 968 877.38 төгрөгийг иргэн Д.Стай байгуулсан зээлийн гэрээ, ипотекийн гэрээнд заасан эд хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэ салбар нь 5 968 877.38 төгрөг нэхэмжилсэн бөгөөд миний бие 5 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэйгээр NC-103212021 тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно. Үндсэн зээл 4 729 818.66 төгрөг, үндсэн хүү 1 032 384.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 186 669.56 төгрөг, нийт 5 968 877.38 төгрөг нэхэмжилсэн байна. Нэмэгдүүлсэн хүү 186 669.56 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Үндсэн мөнгө 4 729 816.66 төгрөг болон хүү 1 032 386.19 төгрөгийг зээлийн гэрээнд оруулж графикаар төлөхөд туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “НФК” ББСБ-ын Эрдэнэт салбарын нэхэмжлэлтэй үндсэн зээл 4 729 818.66 төгрөг, үндсэн хүү 1 032 389.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 186 669.56 төгрөг, ажиллагааны зардал 20 000 төгрөг, нийт 5 968 877.38 төгрөгийн нэхэмжлэлд дараах байдлаар эвлэрэв.

Хариуцагч Д.Сын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч нэмэгдүүлсэн хүү болох 186 669.56 төгрөгөөс татгалзаж, нийт 5 782 207.82 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохирч, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа эд хөрөнгөөр гаргуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “НФК” ББСБ-ын Эрдэнэт салбар нь хариуцагч Д.Сд холбогдуулан 5 968 877.38 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.С нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй учир зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу төлөх ёстой, хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс татгалзаж байгаа хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

“НФК” ББСБ-ын Эрдэнэт салбар болон зээлдэгч Д.С нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 103212029 тоот зээлийн гэрээ байгуулагдан 5 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байхаар тохиролцож, мөн өдрөө баталгаат ипотикийн гэрээ байгуулан зээлдэгч Д.Сын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг 11б-11 тоотод байрлах Г-2101001653 улсын бүртгэлийн дугаартай 750 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах Ү-2101010019 улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалж, талууд гарын үсгээ зуран улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.

Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан хийгээд мөнгө авсан эсэх талаар талууд маргаагүй. Харин нэмэгдүүлсэн хүү болох 186 669.56 төгрөгийг зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн саналыг нэхэмжлэгчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчилэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан тул хариуцагч Д.Саас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэмэгдүүлсэн хүү болох 186 669.56 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 5 782 207.82 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Энэхүү эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дашнямд олгосон итгэмжлэл нь хуульд заасан хэлбэрийг хангасан хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эвлэрлийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд мөн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.