| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2020/01030/и |
| Дугаар | 142/ШШ2020/1064 |
| Огноо | 2020-09-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 142/ШШ2020/1064
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Б-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэг 2 875 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Г.Э нь Ж.Быг бага сага таньдаг юм. 2 500 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай 5%-ийн хүүтэй 3 375 000 төгрөг болгож өгөхөөр тохирсон. Үүнээс 500 000 төгрөгийг өөрийн нэр дээрх 5011370202 тоот дансанд авсан. 2020-04-08-ны өдөр Ж.Бын "Хаан банк"-ны 5091163075 тоот дансруу 2 500 000 төгрөг шилжүүлсэн. Бидний дунд бичгийн гэрээ байхгүй. Ж.Баас мөнгөө нэхэхээр "Би аваагүй. Батбилэг зээлсэн надад хамаагүй гэдэг" Ж.Б 7 хоног, маргааш, нөгөөдөр, Б машин тэрэг оруулж ирж байгаа тэрийг зараад мөнгийг чинь өгнө гэх мэтээр хэл амаар доромжлон маш олон шалтаг шалтгаан хэлсээр байгаад өнөөдрийг хүртэл мөнгийг минь өгөлгүй намайг хохироож байна. Утсаар ярихаар мөнгө өгч чадахгүй чи цагдаа шүүхдээ өг гэдэг. Би Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгөхөд Ж.Б ирээгүй. Цагдаагийн байгууллагад өгөх гэтэл Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханд гэсэн. Би Б гэдэг хүнийг зүс танихаас мэдэхгүй Ж.Бын нэрийн дансанд зээлдүүлсэн мөнгөө шилжүүлсэн. Намайг хуурч мэхлэн, залилсан Ж.Баас 2 875 000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би Г.Эаас 2 500 000 төгрөгийг аваад Батбилэгт өгсөн нь үнэн. Энэ мөнгөний 500 000 төгрөгийг нь буцааж Г.Эт өгсөн. Батбилэгт би бас 2,0 сая төгрөгөө зээлүүлээд одоо болтол авч чадаагүй байгаа. Иймд Г.Эт 2 500 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна...” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Э нь Ж.Бд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 2 875 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ж.Б нь шүүх хуралдаан дээр: ...Г.Эаас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 2 500 000 төгрөгийг өөрийн дансаараа дамжуулан авч Батбилэгт өгсөн нь үнэн. Энэ мөнгөний 500 000 төгрөгийг нь Г.Эт буцааж өгсөн. Одоо Г.Эт 2 500 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх ба Г.Э шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэжээ.
Нэхэмжлэгч нь Ж.Бд мөнгө зээлүүлэхдээ хүү тохирч бичгээр гэрээ байгуулаагүй, өөрөөр хэлбэл хүүгийн талаар хуульд заасан шаардлагад нийцүүлж бичгээр гэрээ байгуулаагүй байх тул хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Гэсэн хэдий ч, хариуцагч Ж.Б зээлийн үлдэгдэл 2,0 сая төгрөг дээр 500 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 375 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас улсын тэмдэгтийн хураамжаар 54 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Баас 2 500 000 төгрөг гаргуулан Г.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 375 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас 54 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Х