| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2024/0012/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/11 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам
хохирогч Э.М
хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун
шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгчөөр өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ат холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... Н. А ...
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.А нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сайншанд сумын ... тоот хашааны банз хууллаа, нохой зодлоо гэж маргалдан зодолдож, улмаар Э.Мийн эрүүл мэндэд баруун нүдний дотор хананы хугарал, баруун гайморын хөндийн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн орчимд нохой хуцаад шуугиад эхэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад хартал хашааны гадна талд махлаг болон туранхай хоёр залуу согтуу хашааны босоо банз хугалаад хугархайг нь барьчихсан нохой зодоод өшиглөөд зогсож байсан. Та нар яагаад нохой уурлуулаад хашааных нь банзыг хуулаад байгаа юм бэ гэж маргалдаж байтал согтуу байсан 2 залуугийн туранхай залуу нь намайг заамдаж аваад өмсөж байсан цамц ураад 1 цохиод авахаар нь тэр согтуу туранхай залууг нь зөрүүлээд 1 цохиод авсан чинь согтуу байсан махлаг залуу над руу дайрахад нь махлаг залууг бас 1 удаа цохиод авсан. Тэгээд С эгч боль гээд намайг хашаа руу нь оруулаад би гэр рүүгээ орчихсон, тэр хоёр согтуу залуугийн бүдүүн нь хашааны гадна суугаад үлдсэн, харин туранхай залуу нь урагшаа зүгт явсан гэсэн мэдүүлэг,
Хохирогч Э.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед согтолт байсан тэр миний буруу.Бидний хувьд нохойг зодож уурлуулаагүй. Хохирол төлбөр болон сэтгэл санааны хохиролтой байна. Үүнд эмчилгээний зардал, цалингийн зөрүүний баримтаа өгсөн байгаа. Эмчийн хяналтад эмнэлэгт 14 хоног хэвтсэн, гэртээ эмчийн хяналтад 14 хоног ажилгүй эмчилгээ хийлгэсэн гэсэн мэдүүлэг,
Гэрч В.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн орчимд ажлаасаа буучихаад гэртээ хүүхдүүдтэйгээ байж байтал гэнэт гадаа тэр айлын нохой хуцаад шуугиад эхэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад хартал хашааны гадна талд махлаг болон туранхай хоёр залуу согтуу хашааны босоо банз хугалаад хугархайг нь барьчихсан нохой зодоод өшиглөөд зогсож байсан. Та нар яагаад айлын нохой уурлуулаад хашааных нь банзыг хуулаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь тэр 2 согтуу залуу миний өөдөөс "танай нохой өөрөө хажуугаас хуцаад байхаар нь хашааны чинь банзыг хуулсан юм” гээд байсан. Тэгтэл миний амьдарч байгаа хашааны эзний хүүхэд гэх залуу А гэрээсээ гарч ирээд нохой уурлууллаа, хашааны банз хууллаа гээд маргалдаж байтал согтуу байсан 2 залуугийн туранхай залуу нь хашааны эзний хүүхэд гэх Аыг заамдаж аваад өмсөж байсан цамцыг нь ураад 1 цохиод авсан чинь хашааны эзний хүүхэд А тэр согтуу туранхай залууг нь зөрүүлээд 1 цохиод авсан чинь согтуу байсан махлаг залуу хашааны эзний хүүхэд А луу дайрахад нь махлаг залууг бас 1 удаа цохиод авсан. Тэгээд би хашаанаас гарч очоод хашааны эзний хүүхэд гэх Аыг боль гээд хашаа руу нь оруулчхаад би гэрлүүгээ орчихсон, тэр хоёр согтуу залуугийн бүдүүн нь хашааны гадна суугаад үлдсэн, харин туранхай залуу нь урагшаа зүгт явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,
Гэрч Д.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ". 17 цаг болж байх үед манай гэрээс гараад дэлгүүр орж ундаа ус худалдаж авах санаатай явж байтал М айлын нохой хашааныхаа дотор талаас хуцаад байхаар нь очоод хашааны банзыг нь хажуу тийш нь далийлгаад зогсож байсан чинь тэр хашааны дотор талаас үл таних залуу гарч ирээд М бид хоёрыг шууд цохиод, цохиод унагаасан. Би тэр хооронд тасарчихсан байж байгаад хэсэг хугацааны дараа сэргээд босч ирээд өөрийгөө харахад хамраас цус гарчихсан, өмсөж байсан куртикны тохой хавдчихсан байсан бөгөөд би М руу очиж харахад хоёр нүд нь хавдчихсан, баруун нүдний доод хэсгээр цус болчихсон, амнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд бид хоёр буцаад манай гэр лүү очиж цусаа угаачхаад байж байтал Мижээ эгчийгээ дуудчихсан гэж хэлэхээр нь би гэрээс гаргаж өгөөд явуулсан. Бид хоёр 1 шил 0.75 литрийн архи уусан байсан хэдий ч миний хувьд хаана явж байгаа, юу болж байгааг мэдэж байсан бөгөөд бид хоёрыг 1 л залуу гарч ирээд цохиж зодсон. Бид хоёр тэр өдөр өөр хүнтэй муудалцаагүй, өөр хоорондоо зодолдоогүй, манайхаас гараад дэлгүүр явж байх замдаа л үл таних залууд цохиулж зодуулсан. Миний биед гэмтэл учраагүй. Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчид үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,
Гэрч Л.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Дорноговь аймгийн Сайншанд сумын дүгээр баг ... тоотод байдаг хашаандаа хашааныхаа хаалганд гагнуур хийж байтал ойролцоогоор 17 цагийн орчимд манай хойд талаас гудамжинд 2 согтуу залуу явган ирж яваа харагдсан. Тэгтэл гэнэт манай гудамжны орос Нгийн хашааны дотор талаас нохой боргох чимээ гарахаар нь хартал тэр 2 согтуу залуу хашааных нь 1 өргөн банзыг нь хадаасаар хуу татаад авчихсан, тэр завсар нь туранхай залуу өрөөсөн хөлөө оруулчихсан айлын нохойг өшиглөөд байгаа бололтой байхаар нь би тэр залууст хандаж “хөөе та нар болиоч, яагаад айлын хашааны банз хуулаад байгаа юм бэ? ингэж байх шаардлага байгаа юм уу” гэж хэлтэл тэр залуус сонссон шинжгүй айлын нохой өшиглөж байгаад яваад гудамжны булан тойрох шахуу явж байтал Нгийн хүү А хашаанаасaa гарч ирээд араас нь очоод тэр 2 согтуу залууд хандаж "хөөе та нар яагаад зүгээр байсан хашааны банз хуулж байгаа юм бэ, та нар яах гэж хуулсан юм бэ, тэр хуулсан хашаагаа буцаагаад хад" гээд их зөв шаардлага тавьсан чинь тэр өндөр туранхай залуу нь Ат хандаж "танай нохой миний хөлийг урсан" гэж хөлөө харуулахад нь А тэр залууст хандаж "яах гэж хашааны банз хуулж нохой руу дайрсан юм бэ, нохой хазаж л таарна шүү дээ” гэж хэлтэл тэр өндөр залуу нь Аыг цохиод авахад нь А тэр залууд хандаж "чи муу яаж байнаа, хашааны банз хуулна, нохой зодно, бас намайг цохидог чинь яаж байгаа юм бэ?" гэж хэлээд А тэр туранхай бас бандгар залуугийн нүүр ам, хамар луу нь гараараа цохиод байсан. А тэр 2 залуутай гурвалжин дөрвөлжин зодолдоод байсан бөгөөд А туранхай руу нь дайрахаар бүдүүн нь хажуугаас нь ороод л, бүдүүн рүү нь дайрахаар туранхай нь А луу дайраад байсан. Тэр 2 залуугийн хувьд өөрсдөө согтуу байсан болохоор арай их унаж ойчсон, гэхдээ А эрүүл саруул байсан болохоор арай дэндүүлчхэв үү дээ л гэж харсан. Би яг тухайн үед гагнуур хийж байсан болохоор бүгдийг нь хараад зогсоод байгаагүй. Хойноос ирэхдээ учиргүй том том дуугарсан хүмүүс байсан. Нүүр ам нь цус нөж болсон юм харагдаагүй. Ер нь харахад ээлжлээд тойроод цохилцоод л байсан, ямар ч байсан Э.М, Д.Ж нарын нүүр ам нь нэлээд цус нөж болсон байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,
Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн ... дугаартай шинжээчийн "1. Э.Мийн биед баруун нүдний дотор ханын хугарал, баруун гайморын хөндийн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” дүгнэлт /хх-ийн 23-р тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 32 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.А нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Э.М, Д.Ж нарыг өөрийн оршин суудаг Сайншанд сумын ... тоот хашааны банз хууллаа, нохой уурлуулж, зодлоо гэж маргалдан хохирогч Э.Мийн нүүр лүү гараараа 2-3 удаа цохисноос эрүүл мэндэд нь баруун нүдний дотор хананы хугарал, баруун гайморын хөндийн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Э.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед согтолт байсан тэр миний буруу. Хохирол төлбөр болон сэтгэл санааны хохиролтой байна. Үүнд эмчилгээний зардал, цалингийн зөрүүний баримтаа өгсөн байгаа. Эмчийн хяналтад эмнэлэгт 14 хоног хэвтсэн, гэртээ эмчийн хяналтад 14 хоног ажилгүй эмчилгээ хийлгэсэн гэсэн мэдүүлэг, гэрч В.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн орчимд ажлаасаа буучхаад гэртээ хүүхдүүдтэйгээ байж байтал гэнэт гадаа айлын нохой хуцаад шуугиад эхэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад хартал хашааны гадна талд махлаг болон туранхай хоёр залуу согтуу хашааны босоо банз хугалаад хугархайг нь барьчихсан нохой зодоод өшиглөөд зогсож байсан. Тэгтэл миний амьдарч байгаа хашааны эзний хүүхэд гэх залуу А гэрээсээ гарч ирээд нохой уурлууллаа, хашааны банз хууллаа гээд маргалдаж байтал согтуу байсан 2 залуугийн туранхай залуу нь хашааны эзний хүүхэд гэх Аыг заамдаж аваад өмсөж байсан цамцыг нь ураад 1 цохиод авсан чинь хашааны эзний хүүхэд А тэр согтуу туранхай залууг нь зөрүүлээд 1 цохиод авсан чинь согтуу байсан махлаг залуу хашааны эзний хүүхэд А луу дайрахад нь махлаг залууг бас 1 удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 17 цаг болж байх үед манай гэрээс гараад дэлгүүр орж ундаа ус худалдаж авах санаатай явж байтал М айлын нохой хашааныхаа дотор талаас хуцаад байхаар нь очоод хашааны банзыг нь хажуу тийш нь далийлгаад зогсож байсан чинь тэр хашааны дотор талаас үл таних залуу гарч ирээд М бид хоёрыг шууд цохиод, цохиод унагаасан... М руу очиж харахад хоёр нүд нь хавдчихсан, баруун нүдний доод хэсгээр цус болчихсон, амнаас нь цус гарчихсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Сайншанд сумын дүгээр баг ... тоотод байдаг хашааныхаа хаалганд гагнуур хийж байтал ойролцоогоор 17 цагийн орчимд манай хойд талаас гудамжинд 2 согтуу залуу явган ирж яваа харагдсан. ...нохой боргох чимээ гарахаар нь хартал тэр 2 согтуу залуу хашааных нь 1 өргөн банзыг нь хадаасаар хуу татаад авчихсан, тэр завсар нь туранхай залуу өрөөсөн хөлөө оруулчихсан айлын нохойг өшиглөөд байгаа бололтой байхаар нь ... А хашаанаасaa гарч ирээд араас нь очоод тэр 2 согтуу залууд хандаж "хөөе та нар яагаад зүгээр байсан хашааны банз хуулж байгаа юм бэ, та нар яах гэж хуулсан юм бэ, тэр хуулсан хашаагаа буцаагаад хад" гээд их зөв шаардлага тавьсан чинь тэр өндөр туранхай залуу нь Ат хандаж "танай нохой миний хөлийг урсан" гэж хөлөө харуулахад нь А тэр залууст хандаж "яах гэж хашааны банз хуулж нохой руу дайрсан юм бэ, нохой хазаж л таарна шүү дээ” гэж хэлтэл тэр өндөр залуу нь Аыг цохиод авахад нь А тэр залууд хандаж "чи муу яаж байна аа, хашааны банз хуулна, нохой зодно, бас намайг цохидог чинь яаж байгаа юм бэ?" гэж хэлээд А тэр туранхай бас бандгар залуугийн нүүр ам, хамар луу нь гараараа цохиод байсан.." гэсэн мэдүүлэг, Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн ... дугаартай шинжээчийн " Э.Мийн биед баруун нүдний дотор ханын хугарал, баруун гайморын хөндийн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Аын хохирогч Э.Мийн биед учруулсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмтэлд хамаарч байх тул эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Н.Аын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.
Иймд хяналтын прокуророос Н.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч Нс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Э.М нь эм тариа, шатахууны болон бусад зардалд 758893 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 947728 төгрөг болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилжээ.
Хохирогч Э.М нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болох нь өвчтөний эмчлүүлэгсдийн картанд бичигдсэн боловч ажил олгогч байгууллагаас ирүүлсэн цалингийн карт, цалингийн тодорхойлолтод тэтгэмжийн мөнгө олгогдсон эсэх/хх-62/ хэд хоног ажиллахаас хэд хоног ажиллаж цалин авсан тухай мэдээлэл байхгүй байна.
Иймд хохирогчийн цалингийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийг цалингийн тооцооны баримтыг үндэслэн шийдвэрлэх боломжгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Нэхэмжилсэн 758893 төгрөгөөс Шанд фарм эмийн сангаас авсан эмийн үнэ 17000+18000, Ганга эмийн сангаас авсан 15000, 2023.11.02-нд Замын-Үүд суманд хийлгэсэн компьютер томографын оношилгоо 120000 төгрөг, шатахууны төлбөр 85630+137693 төгрөг нийт 393323 төгрөгийг гаргуулан олгож, Улаанбаатар төмөр замын эмнэлэгт 2023.09.05-нд үзүүлсэн төлбөр 80000, юуны төлбөр болох нь тодорхойгүй 200000 +47200 төгрөгийн баримт, хоолны төлбөр 39000 төгрөг нийт 366200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /660,000/ 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,960,000 төгрөгөөр тооцон олгохоор шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу тооцож, хохирогчид хөнгөн хохирол учирсан, хохирогчийн эрүүл мэндийн байдал сайжирч ажлаа эрхэлж байгаа боловч цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа, энэ өвчний улмаас хохирогч эмнэлэгт 14, гэрээр 14 хоног эмчлүүлсэн зэргийг харгалзан гэмтлийн дараах стрессийн эмгэг үүсч сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарч байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхээс шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо “улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна”гэсэн санал, дүгнэлтийг гаргаж оролцсон болно.
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт/хх-64/,эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-32/,захиргааны зөрчил хүлээж байсан эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Н.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Ат оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ат оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 ,505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ааас 393323 төгрөг, сэтгэл санааны хохиролд 3,960,000 төгрөг гаргуулан хохирогч Э.Мид олгож, нэхэмжлэлээс 366200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Хохирогч Э.М нь цалингийн зөрүүний талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН