Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0426

 

О т ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Нэхэмжлэгч: О т ХХК

Хариуцагч: Өмнөговь аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолыг зохих ёсоор биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус тогтоолыг биелүүлэхийг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 020 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, Б.М, Б.Х

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М

Хариуцагчийн өмгөөлөгч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 120/2025/0019/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О т ХХК-иас Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолыг зохих ёсоор биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус тогтоолыг биелүүлэхийг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгах-аар маргасан байна.

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 020 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О т ХХК-иас гаргасан Өмнөговь аймгийн Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолыг зохих ёсоор биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус тогтоолыг биелүүлэхийг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ... шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх үүсч бий болсон бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тухайд:

3.1.1. Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор "Оюутолгой зэрэг ашигт малтмалын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Манлай, Цогтцэций сумдын нутагт зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих 263730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа болно. Тус тогтоолын 3 дахь заалтаар Оюутолгой төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авч, дүнг Засгийн газарт танилцуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Өмнөговь аймгийн Засаг дарга нарт даалгасан. Тухайлбал, дээрх тогтоолоор Өмнөговь аймгийн Засаг дарга нь тогтоолд дурдсан байршлын талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Өмнөговь аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй болно. Гэтэл хариуцагч нь тогтоолд заасан дээрх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа төдийгүй Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газарт тогтоолд заасан зориулалтаас өөр зориулалтаар Газрын тухай хуульд заасан журмыг илтэд зөрчиж, ил тод бус аргаар зөвхөн өргөдлийг үндэслэн бусдад газар эзэмших эрхийг олгосон доод шатны захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг цуцлах арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой болсон.

3.1.2. Тухайлбал, дээрх тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газарт Ханбогд сумын Засаг дарга дур мэдэн Оюу Толгой уурхайн хашааны зүүн хойд талд Б г э" ХХК-д 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/105 дугаар захирамжаар 1 га газарт авто зогсоол, засварын газрын зориулалтаар газар эзэмших эрх олгосон бөгөөд улмаар тус газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/157 дугаар захирамжаар "Д г" ХХК-д шилжүүлж, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/158 дугаар захирамжаар газар эзэмших зориулалтыг шатахуун түгээх станцын зориулалтаар болгож өөрчилсөн байдаг. Мөн О Т уурхайн хашааны зүүн хойд талд Ханбогд сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар "Э Г" ХХК- д 2 га газрыг зуурмагийн үйлдвэрийн зориулалтаар анх олгосон бөгөөд Ханбогд сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/391 дүгээр захирамжаар газрын талбайн хэмжээг 4.8 га болгож үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн. Дээрх этгээдүүдэд эзэмшүүлэхээр олгосон газрыг аль хэдийн 2011 онд Засгийн газраас улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд улсын тусгай хэрэгцээний газарт тусгай хэрэгцээнд авсан зориулалтаас нь өөр зориулалтаар зориуд бусдад газар эзэмшүүлэх эрх олгосон асуудал нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг ноцтой зөрчсөн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа болно. Ийнхүү Өмнөговь аймгийн Засаг дарга нь хуульд зааснаар Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, хууль зөрчиж олгогдсон газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, Засгийн газрын хэрэгжүүлж буй төслийг хэрэгжүүлэх нөхцөлийг аймагтаа бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд газрын асуудлаар хэрэгжүүлэх эрх, үүргийг хуульд тодорхой заасан байх ба хариуцагчаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс удаа дараа үндэслэлгүйгээр татгалзаж буй нь хууль бус юм.

3.1.3. Улмаар О т ХХК-иас аймгийн Засаг даргын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болон хууль тогтоомжийг үндэслэн гарсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор тусгайлан хүлээлгэсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа асуудалтай холбогдуулан маргасан. Шүүх маргаантай нөхцөл байдлыг зөв тодорхойлон хэрэглэх ёстой хуулийг хэрэглэн үндэслэл бүхий дүгнэлтийг огт хийгээгүй, мөн Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын 3 дахь заалтаар тус тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээг аймгийн Засаг даргад тусгайлан үүрэг болгосон байхад шүүхээс дээрх үүргийг хариуцагчид тусгайлан хүлээлгэсэн гэж үзэхгүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна.

3.2. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй тухайд:

3.2.1. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-д "Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй" гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах" гэж, 66 дугаар зүйлийн 66.3-т "Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга... хүчингүй болгоно" гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсний 20.2.7-д "газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах гэж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/- ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж тус тус заасан.

3.2.2. Дээрх хууль тогтоомжийн тодорхой зохицуулалтаас үзвэл, Засаг дарга нь хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, хууль зөрчиж олгогдсон газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, Засгийн газрын хэрэгжүүлж буй төслийг хэрэгжүүлэх нөхцөлийг аймагтаа бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд газрын асуудлаар хэрэгжүүлэх эрх, үүргийг хуульд тодорхой заасан байна. Гэтэл анхан шатны шүүхээс маргааны агуулгыг буруу ойлгосноос үүдэн маргаантай нөхцөл байдалд зайлшгүй хэрэглэх ёстой байсан дээрх хууль тогтоомжийг огт хэрэглээгүй нь захиргааны шүүх хууль хэрэглээний ноцтой алдааг гаргасан гэж үзэхээр байна. Түүнчлэн шийдвэрийн 2.6-2.8 дахь хэсгийн дүгнэлтэд дурдсан Монгол Улсын Их хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолоор Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын хэрэгжилтийг тодорхойлох мэтээр ойлгон дүгнэлт хийж буй нь үндэслэлгүй байх ба энэ хүрээнд Засгийн газрын тогтоолын зорилго, хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг нь өөрчлөгдөхгүй болох нь тодорхой билээ. Шийдвэрийн үндэслэл болгосон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 1.1-д зааснаар энэхүү журмаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотойгоор газрын гэрчилгээ олгох харилцааг зохицуулсан байна. Тус журмын 10.21-д Улсын тусгай хэрэгцээний газарт аймаг, нийслэл, сум, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамал газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгоно" гэж заасан. Энэ нь улсын тусгай хэрэгцээнд авсан газар дээр иргэн, хуулийн этгээдээс газар ашиглах хүсэлт гаргаж, улмаар газар ашиглуулахаар шийдвэр гаргаж байгаа тохиолдолд газрын гэрчилгээ олгохоор байна. Түүнчлэн 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 3-т Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. ." гэж, 4-т Төр улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, ..." гэж заасны дагуу төрөөс газрыг улсын тусгай хэрэгцээнд авч эхэлсэн байна. Улмаар Засгийн газраас 2003 онд 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам"-ыг баталсан бөгөөд Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үед энэхүү журмын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан байна.

3.2.3. Тус журмаар улсын тусгай хэрэгцээний газарт газрын гэрчилгээ олгох, бүртгэх асуудлыг зохицуулаагүй. Харин энэ журмыг хүчингүй болгосон Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан Газрын улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам"-д анх улсын тусгай хэрэгцээнд авсан газарт улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээ олгох талаарх зохицуулалт орж ирсэн билээ. Түүнчлэн Засгийн газраас 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" 110 дугаар тогтоолыг батлан гаргаж, улмаар 2020 онд газрын кадастрын бүртгэлийн цахим систем бүхий газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлж, улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Ийнхүү дээрх тогтоол батлагдан гарсантай холбоотойгоор газрын мэдээллийг улсын бүртгэлийн дундын мэдээллийн санд бүртгэх ажлыг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан гүйцэтгэх үүрэг хэдийн аймаг, сумын Засаг дарга нарт үүссэн байна.

3.3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй тухайд:

3.3.1. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн 4.1, 4.2, 4.3 дахь хэсгүүдээр газрын асуудлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажилладаг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/4044 дугаартай албан бичиг, 2025 оны 2/528 тоот албан бичиг, мөн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ХЭГ/01 дугаартай албан бичгүүдийг дүгнэлтийн үндэслэлээ болгожээ. Эдгээр албан бичигт Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй байгаа болохыг мөн тухайн тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газарт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаас бусдад газар эзэмших эрх олгосон асуудал нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцэхгүй байгаа талаар дурдсан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах бөгөөд нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхээр зохицуулсан.

3.3.2. Ийнхүү анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 247 дугаар албан бичгийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хүргүүлсэн байх ба тус газраас шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/4044 дүгээр албан бичгээр хуульд заасан шаардлагыг хангуулан шүүхийн албан тоотод дурдсан асуудлаар хариуг ирүүлсэн. Түүнчлэн дээрх албан бичгээр Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар дүгнээгүй бөгөөд энэхүү маргааны зүйл нь Засгийн газрын тогтоол биш юм. Тухайлбал, Үндсэн хуульд зааснаар аймгийн Засаг дарга нь нутаг дэвсгэртээ хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, хэрэгжүүлэх үүрэгтэй байх тул энэ үүргээ хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотойгоор нэхэмжлэгчээс маргаж байхад шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэн зөв агуулгыг илэрхийлсэн гэж үзэхгүй, тиймээс тус тогтоолыг хэрэгжүүлж, биелүүлэх боломжгүй байсан гэж шууд дүгнэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар Өмнөговь аймгийн Засаг дарга нь хуульд зааснаар Засгийн газрын шийдвэрийг биелүүлээгүй, Засгийн газрын тогтоолоор тусгайлан хүлээлгэсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүй, мөн хууль зөрчиж олгогдсон газрын асуудлыг хууль, журмын дагуу шийдвэрлээгүй, Засгийн газрын хэрэгжүүлж буй төслийг хэрэгжүүлэх нөхцөлийг аймагтаа бүрдүүлээгүй зэрэг эс үйлдэхүйг гаргасаар ирсэн болох нь тодорхой байхад энэ хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэн аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг тогтоогүй нь үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0020 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

5. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч О т ХХК-иас Өмнөговь аймгийн Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолыг зохих ёсоор биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус тогтоолыг биелүүлэхийг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.1. Анхан шатны шүүх ... Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын хавсралтад алдаатай зурагдсан хилийн заагийг өөрчлөхгүйгээр газрын кадастрын нэгдмэл санд уг газрыг бүртгэх боломжгүй тул уг газрыг нөхөн бүртгэсэн гэх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/4044 дугаартай албан бичгийг үнэн зөв агуулгыг илэрхийлсэн гэж үзэх боломжгүй тул маргаан бүхий тогтоолыг хэрэгжүүлж, биелүүлэх боломжгүй байсан байна ... тус тогтоолын 1, 2 дахь заалт болон уг тогтоолд заасан байршлын талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, газрыг чөлөөлөх зэрэг үүргийг тусгайлан аймгийн Засаг даргад хүлээлгэсэн гэж үзэхээргүй байна ... гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.2. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолын 1 дэх заалтаар 263730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг хавсралт ёсоор тогтоож,

2 дахь заалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нөхөх олговрыг зохих хууль тогтоомжийн дагуу тооцож олгох арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.З, Сангийн сайд С.Б нарт даалгаж,

3 дахь заалтаар "Оюутолгой" төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авч, дүнг 2011 оны III улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Б, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Б нарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол Газрын хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцэхгүй байх тул хуульд нийцүүлэн өөрчлөх, эсхүл хүчингүй болгохыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож, биелэлтийг 2015 оны хаврын чуулганы хугацаанд багтан танилцуулахыг даалгасан байна. Уг тогтоолын орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хэрэгжилтийн хүрээнд Зам тээврийн яамнаас шийдвэр гаргаагүй, харин Барилга, хот байгуулалтын яамнаас дээрх тогтоолыг шинэчлэн батлахаар 2016 онд 01/299 тоот албан бичгээр санал авч байсан нь Зам тээврийн яамны 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02/5325 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

3.2. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны А/206 тоот тушаалаар байгуулагдсан Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг Газрын тухай хуулийн 16.1.3 заалттай уялдуулах санал боловсруулах, түүнчлэн тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан тухайн газарт байгаа иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын судалгаа хийх үүрэг бүхий ажлын хэсэг нь 175 дугаар тогтоолыг өөрчлөх, давхцалтай газрыг судалж улмаар уг тогтоолд заасан 263730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолын төслийг боловсруулсан болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас Барилга, хот байгуулалтын Яаманд хүргүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/1407 албан бичиг, түүнд хавсаргасан танилцуулга, хурлын тэмдэглэл, судалгаа, тогтоолын төсөл зэргээр тогтоогдож байна.

3.3. Дээрх ажлын хэсгийн гаргасан судалгаагаар Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол гарахаас өмнө 13 газар эзэмшигчийн 7088 га газар, 3 газар ашиглагчийн 26,1 га газар, 8 аж ахуйн нэгжийн 4841,4 га газар давхцалтай байжээ. Энэ үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил гэж үзэхээр байна. Харин дээрх ажлын хэсгийн танилцуулга болон Байнгын Хорооны чиглэлийн дагуу Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг хуульд нийцүүлэн өөрчлөөгүй байна.

3.4. Үүнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Их хурлын Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоол гарчээ. Уг тогтоолын 5-д Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 тоот Газрыг улсын хэрэгцээнд авах тухай тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох-ыг Засгийн газарт даалгасан байна.

3.5. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийн 3.2-т ...Монгол Улсын Их хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах замаар Оюу толгой ордын ашиглалтад гарч буй сөрөг үр дагавруудыг арилгахын тулд тогтоолыг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй юм... гэж дүгнэж, холбогдох баримтуудыг хавсралтаар жагсаасан байна.

3.6. Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланд хийсэн дүн шинжилгээ /2025 оны эхний хагас жилийн байдлаар/-ний хавсралтаар гаргасан хэрэгжсэн тогтоолын заалт гэсэн хэсгийн 3-т Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 тоот Газрыг улсын хэрэгцээнд авах тухай" тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох шийдвэр хэрэгжсэн гэж үзжээ.

3.7. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/4044 дугаартай албан бичигт Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд албан ёсоор улсын хэмжээнд нэвтрүүлсэн бөгөөд үүнээс хойшхи хугацаанд Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан зориулалтаар дээр дурдсан журмын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан газруудыг тус газраас цахим системд тухай бүр бүртгэж ирсэн. Харин цахим систем нэвтрэхээс өмнөх улсын тусгай хэрэгцээнд авсан зарим газруудын мэдээлэл цахим системд бүртгэгдээгүй байсан. Иймээс тус газраас цахим системд бүртгэгдээгүй Улсын тусгай хэрэгцээний газруудын мэдээллийг шалгаж, нөхөж бүртгэх ажлыг 2025 онд гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын хүрээнд Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн заагийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэх ажлыг хийж гүйцэтгэсэн гэжээ.

3.8. Харин О т ХХК-иас Өмнөговь Засаг даргад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ор/1378 дугаартай, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн led/1261 дугаартай албан бичгүүдээр улсын тусгай хэрэгцээний газарт тусгай хэрэгцээнд авсан зориулалтаас нь өөр зориулалтаар газар эзэмших эрх олгосон Сумын Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгуулахыг хүсч, мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад хандан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Ор/2986 дугаартай бичгээр ...хэргийн хариуцагч болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга хууль бус үйлдлээ засаж залруулахын оронд Засгийн газрын бодлого шийдвэрийг илтэд эсэргүүцсэн, үгүйсгэсэн агуулга бүхий хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газар нь газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж хангах бүрэн эрхтэй байх тул дээрх асуудалтай холбогдуулан Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг хичээнгүйлэн хүсэж байна, Энэхүү асуудлаар ... Таны боломжтой үед уулзаж ярилцах бүрэн боломжтой болохыг илэрхийлж байна гэх агуулгатай гомдол гаргажээ.

3.9. Уг гомдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хянаад 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ХЭГ/323 дугаартай албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Э, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Ж.Г нарт Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.А асуудлыг нягтлан үзэж арга хэмжээ авах саналаа танилцуулахыг ... даалгасан байна. Уг албан бичгийг хүлээн авч, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03/480 дугаар албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн Ерөнхий газрын дарга А.Э хандан ...Засгийн газрын 175 дугаар тогтоолоор От зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авсан газартай хэсэгчлэн болон бүхэлд нь давхцуулан Ханбогд сумын Засаг дарга ... газар эзэмшүүлэх тухай захирамж гаргасан байна. ...Илт хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах тухай зөвлөмжийг холбогдох албан тушаалтанд хүргүүлэх, холбогдох болон төрийн захиргааны төв байгууллага болон Засаг даргатай улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах тухай гуравласан гэрээ байгуулах, уг гэрээг үндэслэн холбогдох төрийн захиргааны төв байгууллагад улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээ олгох, улсын тусгай хэрэгцээнд авсан газрын нэгж талбарын эргэлтийн цэгийг батлагдсан солбицлоор газарт бэхлэх, кадастрын зураг үйлдэн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх зэргээр арга хэмжээ авч хамтран ажиллах-ыг хүссэн байна.

3.10. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын дарга А.Э нь дээрх 03/480 тоот албан бичгийг хүлээн аваад 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/596 дугаар албан бичгээр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.С ... Засгийн Газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор авсан Улсын тусгай хэрэгцээний газартай Э ХХК-д олгосон ... газрууд давхцалтай байна., ... газрын зориулалт нь 2011 оны 175 дугаар тогтоолын ... зориулалттай нийцэхгүй байна, ... Засгийн газрын 2017 оны 287 дугаар Журам шинэчлэн батлах тухай тогтоолын 5.1.2-т тухайн газраас иргэн аж ахуйн нэгжид газар өмчлүүлж, эзэмшүүлэхгүй байх гэж заасныг зөрчиж олгосон байна. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасны дагуу ... газар эзэмших эрхийг цуцлах-ыг мэдэгдсэнээр Өмнөговь аймгийн Засаг дарга нь дээд шатны Засаг даргын эрх хэмжээний хүрээнд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/1210 дугаартай захирамжаар Ханбогд сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А391 дүгээр захирамжийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчиж шийдвэрлэсэн гэж хүчингүй болгосон бөгөөд тус хүчингүй болгосон захирамжийг Э ХХК-иас эс зөвшөөрч шүүхээр маргаж байгаа нь тогтоогдож байна.

4. Хууль зүйн дүгнэлтийн тухайд:

4.1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3-д Засгийн газар тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрийн заалтыг хариуцан гүйцэтгэх байгууллагад тараан хүргүүлж, биелэлтийг нь хянан шалгаж, зохион байгуулан үр дүнг хугацаанд нь тооцож байвал зохино гэж заасан.

4.2. Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол Газрын хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцэхгүй байх тул хуульд нийцүүлэн өөрчлөх, эсхүл хүчингүй болгохыг даалгаж шийдвэрлэсэн боловч Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хариу өгөх тухай ХЭГ/01 дугаар албан бичгээр дээрх Засгийн газрын 2011 оны 175 дугаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа талаар тайлбарлан ирүүлжээ.

4.3. Уг тогтоолын хавсралтад зааснаар Оюу толгой төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч ажиллах албан тушаалтан нь дан ганц Өмнөговь аймгийн Засаг дарга бус Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Б байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... ерөнхий төлөвлөгөө ирээгүй учраас тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах саналыг хүргүүлэх боломжгүй байсан ... энэ тогтоолыг хариуцагч дангаараа биелүүлэх боломжгүй гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Өмнөговь аймгийн Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолыг зохих ёсоор биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус тогтоолыг биелүүлэхийг Өмнөговь аймгийн Засаг даргад даалгах гэж тодорхойлсон бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Э ХХК, Б ХХК нарт газар эзэмшүүлсэн захирамж хэвээр байгаа... гэж ерөнхий утгаар тодорхойлон, тайлбарлаж маргадаг.

4.5. Дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай А/1210 дугаар захирамжаар Эрдэнэс галба ХХК-д газар эзэмшүүлсэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/391 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэхүү шийдвэртэй холбоотой Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогчид холбогдох захиргааны хэргийн шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

4.6. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан бөгөөд өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдлыг заавал шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй, эсхүл ямар нэг шийдвэр гаргалгүй орхигдуулсан тохиолдолд энэ нь захиргааны эс үйлдэхүй гэж үзэх үндэслэл болж, улмаар захиргааны байгууллагыг хуульд нийцүүлэн зохих шийдвэр гаргахыг даалгах эрх зүйн үндэслэл бүрддэг.

4.7. Маргаан бүхий энэ тохиолдолд, Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 01/84 дүгээр албан бичиг, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай А/1210 дугаар захирамж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/4044 дугаартай албан бичиг зэргээс үзэхэд хариуцагч нь доод шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд чиглэл хүргүүлж, улмаар түүний хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр гаргаж байсан нь тогтоогдож байх бөгөөд үүнийг эс үйлдэхүй гаргасан гэж шууд үзэх үндэслэлгүй байна.

4.8. Нөгөөтэйгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 39 дүгээр зүйлийн 39.1-д Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэж тус тус заасан. 

4.9. Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоос үзвэл, тус тогтоолын 1, 2 дахь заалт болон уг тогтоолд заасан байршлын талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, газрыг чөлөөлөх зэрэг үүргийг тусгайлан зөвхөн аймгийн Засаг даргад хүлээлгэсэн гэж үзэхээргүй байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

4.10. Хэдийгээр Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Газар зохион байгуулалт хийх журам-ын 2.1.3, 3.5, 3.7-д тус тус зааснаар Өмнөговь аймгийн Засаг дарга нь Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах эрх хэмжээтэй боловч дээрх тогтоол, журамд зааснаар уг төлөвлөгөө нь улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний бүрдэл хэсэг болж, улмаар төлөвлөгөөг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх эрх хэмжээтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

4.11. Анхан шатны шүүх ... уг тогтоол хэдийгээр хүчин төгөлдөр боловч анхнаасаа бодит байдалд хэрэгжих боломжгүй байсан гэж үзэхээр байна ... хэмээн дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх хэдий ч Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг холбогдох төрийн захиргааны байгууллагуудын хооронд үе шат дараалалтайгаар явагдаж байгаа болох нь дээр дурдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул тухайн тохиолдолд хариуцагчаар тодорхойлсон Өмнөговь аймгийн Засаг даргын эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 020 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА