Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 110/ШШ2020/0015

 

                               

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Х.Б. Х.Х нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Алтанцөгц сумын Засаг даргад   холбогдох;

            “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Газар өмчлөх захирамж хүчингүй болгуулах” тухай А\47 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б, хариуцагч Алтанцөгц сумын Засаг дарга С.Б, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б, Х.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Х.Баас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Х болон Х.Б бид Алтанцөгц сумын 1 дүгээр баг буюу Хаш багийн “Бурхад” гэдэг газраас “Фермер" байгуулах, газар тариалан эрхлэх  зориулалттай 200 га газрыг Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 18 тоот захирамжаар  өмчилж авсан. Тухайн газар нутаг нь бид нар өмчилж авсан үед газрын хөрс нь элэгдсэн, ой мод нь цөөрсөн байсан.

Уг маргаан бүхий газрын доод хэсэгт нь миний аав А.Хы өвөлжөө бүхий харгана дэрс холилдсон 75-80 га газар бий. Энэ газарт А.Х гэдэг хүн 1955 оноос нутаглан оршин сууж байсан ба 10-аад хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн хүн. Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх тухайн үеийн болон хэтийн зорилго, зорилтуудыг сумын удирдлагууд сайшаан дэмжиж миний гаргасан өргөдлийг хүлээн авч газар өмчлүүлэхтэй холбоотой хуулийн зүйл заалтуудыг баримтлан 53 жилийн хугацаатайгаар “Бурхад”-д амьдран эзэмшиж оршин сууж ирсэн Х.Б, А.Х бид нарт өмчлүүлэх захирамжийг сумын Засаг даргад гаргасан.

Ингээд эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2008 оны 5 дугаар  сарын 22-ны өдөр эрх бүхий байгууллагаас олгосон. Уг 200 га талбай бүхий “Бурхад” нэртэй газар нь 1959-1996 он хүртэл Бугат сумын Буга багт харьяалагдаж байсан ба 1997 оноос Алтанцөгц сумын Хаш багт харьяалагдах болсон түүхтэй. Энэхүү маргаан бүхий газрын байрлал онцлогийг нарийвчлан, тайлбарлавал баруун буюу дээд хэсэгт социалист нийгмийн үед Бугат сумын ард иргэдийн хэрэгцээг хангаж байсан төмс, хүнсний ногооны болон үхрийн ферм, морин өртөөний хэрэгцээг хангаж байсан ногоон тэжээлийн 20-25 га талбайтай. Дунд хэсэгт үхрийн фермийн өвлийн хашаа, саравч, эргүүлэгтэй худаг, склад, халуун ус, өвсний фондын чулуун хашаа бүхий барилга байгууламжтай байсан. Энэ байгууламжийн зарим хэсгийг бид хариуцан авч хэрэглэж байгаа. Түүнээс доош Бурхад-толгойн зүүн болон урьд хэсгийн 100 га газар нь өвс, ургамал нэг их ургаад байдаггүй, чулуулаг атаршсан газар бий. Энэ 100 га газарт чацаргана тарих,  томоохон цэцэрлэг байгуулахаар тусгай төсөл боловсруулж 912,0 сая төгрөгийн өртөгтэй төслийг Хүнс, хөдөө, аж ахуйн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд болон Азийн хөгжлийн банкид өгсөн. Одоогоор шийдэгдээгүй байгаа. 

Уг газарт 13 өрх нэмэгдэн гал голомтоо бадран өнөр өтгөн айл болж амьдарч байна. Энэ “Бурхад” гэдэг газар нутгийг 64 жил эзэмшиж оршин сууж байгаа бөгөөд өсөж төрсөн 13 өрхийн 78 хүний амьдрал ямар нэгэн хэлбэрээр энэ газартай шууд холбоотой. “Бурхад" хэмээх газар газар тариалан эрхлэх, фермер байгуулах нэн тохиромжтой газар. 2007-2008 оны үед тухайн газар маш их элстэй, газрын хөрс, мод ургамал сөөг маш их цөөрсөн цөлжилттэй, чулуулаг ихтэй байсан. 2008 онд фермерийн аж ахуйн цогц төслийг боловсруулан аймаг, сумын удирдлагад танилцуулж, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам,  Улсын Их Хурлын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд уламжлагдан сайшаан дэмжигдэж манай 5 өрхийн гишүүд хувь нийлүүлсэн “Ц.Б” ХХК-г байгуулсан.

 Уг фермерийн аж ахуйн цогцолбор санхүүжилтээс төлүүлж авахаар хойшлуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэж аймгийн улсын бүртгэлийн хэлтэст уламжилсан. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс зохих журмын дагуу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэрчилгээ олгосон. Одоогийн байдлаар 200 га газрын өмчлөлийн эрх үүсээд 11 жил 3 сар болж байна. Гэрчилгээний утга нь фермер байгуулах газар тариалангийн зориулалттай. Бид өмчилж авсан газрыг зориулалтын дагуу ашиглаж ингэ болон ямааны фермийг амжилттай байгуулан өсгөн үржүүлж байна. Малын тоо, толгой жил дараалан өсөж малын чанар сайжирч байна. Цаашид адууны фермийг тогтвортой ажиллуулахаар анхаарч байна. Газар тариалан эрхлэхээр 50-100 хүнийг ажлын байртай болгохоор зорин санхүүжилт хүлээгээд байна. Өнгөрсөн 11 жилд аймаг, сумын модны ченжүүдээс уулын малчдын мод түлээ бэлтгэх ой сүйтгэх халдлагаас хамгаалж, усалгааг сайжруулсны үр дүнд жил бүр цэвэрлэгээ хийж “Бурхад” хэмээх  газрын өнгө зүс хувирч байгальд ээлтэй орчин болж байна.

Иймээс Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Газар өмчлөх захирамж хүчингүй болгуулах” тухай А\47 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Алтанцөгц сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгч Х.Х, Х.Б нарын нэхэмжлэлийн шаардлага болох Алтанцөгц сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Газар өмчлөх захирамж хүчингүй болгуулах” тухай А/47 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Х.Бын “Цөцгийн Бурхад” ХХК-ийн авсан газрын тухай 2016 оноос эхлээн маргаан үүсэж эхэлсэн. Багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг үндэслэсэн. Мөн Газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.18-д зааснаар газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлэхдээ үнээр нь худалдаж,  өмчлүүлэн эсвэл дуудлага худалдааны журмаар өмчлүүлнэ гэж заасан. Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолын хавсралтаар газрыг өмчлүүлэхдээ дуудлага худалдаа явуулж өмчлүүлэх тухай журам баталсан. Уг журмыг зөрчсөн  учраас Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 18 тоот газар өмчлүүлсэн захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар илт хууль бус захирамж байсан.

Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар Засаг даргын захирамж хуульд нийцээгүй бол Засаг дарга өөрөө эсвэл дээд шатны Засаг дарга хүчингүй болгоно гэсэн заалтын дагуу уг захирамжийг хүчингүй болгосон. 200 га газрын суурь үнэлгээг “Цөцгийн бурхад” ХХК одоо болтол төлөөгүй мөн газрыг газар тариалангийн зориулалтаар авсан боловч зориулалтын дагуу ашиглаагүй.

Энэ нь Монгол Улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-т заасан хураах үндэслэл болно. Энэ асуудлаар Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байгаа.  2008 оны аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгөөр зөвхөн Алтанцөгц сумын хэмжээнд 12 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлнэ гэж тусгасан. Гэтэл 2008 онд уг газрыг Х.Б Х.Х нарт 200 га газар өмчлүүлсэн нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг ноцтой зөрчсөн. Тийм учраас захирамжийг хүчингүй болгосон гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хариуцагч С.Бийн өмгөөлөгчөөр шүүх хуралдааны шатнаас эхлээд оролцож байна. Хавтаст хэргийн материалтай  танилцсан. Нэхэмжлэгч Х.Б Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ холбоотой тайлбарыг хариуцагч гаргаж өгсөн. 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Газар өмчлүүлэх захирамжийг хүчингүй болгуулах тухай” А/47 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Алтанцөгц сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Газар өмчлүүлэх захирамжийг хүчингүй болгуулах тухай” А/47 тоот захирамж өөрөө нэхэмжлэгч Х.Б, Х.Х нарт 200 га газрыг тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн Алтанцөгц сумын газар өмчлүүлэх тухай хуульд нийцээгүй учраас хүчингүй болгосон.

Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагыг авч хэлэлцэхийн өмнө Х.Б, Х.Х нарт 200 га газрыг газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн сумын Засаг даргын 18 тоот захирамж өөрөө хууль тогтоомжид нийцэж гарсан уу гэдгийг судлах ёстой. Нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч Алтанцөгц сумын Засаг дарга С.Бийн хувьд Газар өмчлүүлэх тухай хуулийн аль ч зүйл заалтаар  өмчилсөн газрыг хүчингүй болгох эрх нь  байдаггүй. Тиймээс Засаг дарга өөртөө олгогдоогүй эрхийг эдэлж, өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгосон захирамжийг эс зөвшөөрч байна. Хэрэв зориулалтын бус ашигласан гэж үзвэл Газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн холбогдох заалтаар “... хурааж авах тухай...”  асуудлыг шийдвэрлүүлэх ёстой гэж тайлбарлаж байна.

Гэтэл Х.Б, Х.Х нарт газар өмчлүүлсэн Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18 тоот захирамжийг одоогийн Засаг дарга С.Б хүчингүй болгох эрхтэй юу гэдэг асуудлыг ярих нь зүйтэй. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “ Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэсэн заалт байгаа. Энэ нь Газар өмчлүүлэх тухай хуулиар тухайн Засаг даргад өмчлүүлсэн газрыг хүчингүй болгох эрх нь олгогдоогүй мэт харагдаж байгаа боловч Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг даргын бүрэн эрхийн асуудлыг тусгасан. Энэ нь Засаг даргын бүрэн эрхийг зохицуулсан хууль буюу Засаг даргын эрх үүргийг нарийвчлан зохицуулсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтад нийцэж байгаа.

Зөвхөн газар өмчлүүлэх асуудлын хүрээнд эрх зүйн үр дагавар бий болгосон эрх зүйн актыг үндэслэлтэй, үндэслэлгүй эсэхийг зөвхөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар биш Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох юм бол мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээр хүчингүй болгоно. Тухайн 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Алтанцөгц  сумын Засаг даргын А/18 тоот захирамжаар Х.Б, Х.Х нарт газар өмчлүүлсэн захирамж нь өөрөө тухайн үеийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Өмчлөлийн үйл ажиллагаа хууль бус журмаар явагдсан. Монгол  Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үнэ төлбөргүй газар өмчлүүлэх хэмжээ 0.5 га. Гэтэл “Ц.Б” ХХК-ийн захирал Х.Б, гишүүн Х.Х нарт аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8-д заасан журмаар өмчлүүлэх ёстой. Үүнийг ямар журмаар зохицуулсан бэ гэвэл, хуулийн 5.1.8.1-т “Газрын тухай хуульд заасны дагуу иргэний эзэмшсэн тариалангийн газар нь энэ хуулийн 5.1.3-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг давуу эрхээр үнээр нь худалдаж түүнд өмчлүүлэх” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Х.Б, Х.Х нар тухайн газрыг урьд нь газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байвал, эзэмшигч байсан газрыг суурь үнэлгээгээр үнэлж, давуу эрхээр өмчлүүлж болно. Гэхдээ энэ мөн адил иргэнд өмчлүүлбэл зохих газар зохион байгуулалтын тухайн жилийн газрын төлөвлөгөөнд орсон байх ёстой. Х.Б, Х.Х нарт өмчлүүлсэн 200 га газар нь тухайн оны Алтанцөгц сумын өмчлүүлэх газрын зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй. 2008 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар газар тариалангийн зориулалтаар зөвхөн 10 га газрыг өмчлүүлэхээр тогтоосон. Энэ нь хууль зөрчиж, эрхийн акт гаргасны нотолгоо. Х.Б, Х.Х нар газар тариалангийн зориулалтаар урьд өмнө газар эзэмшиж байгаагүй учраас суурь үнэлгээгээр өмчлөх боломжгүй. 

Х.Бын хувьд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.2-т заасан үндэслэлээр өмчилж авах эрхтэй. Х.Б нар өмнө нь газар тариалангаар үйл ажиллагаа явуулж байгаагүй. Х.Б, Х.Х нарт газар тариалангийн зориулалтаар газар өмчлүүлсэн тохиолдолд дуудлага худалдааны журмаар өмчлүүлэх ёстой. Тухайн үед дуудлага худалдаа явуулахгүйгээр газар өмчлүүлж, эрхийн акт гаргасан нь хуульд нийцээгүй. 

Энэ нь Газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийг бүхэлдээ зөрчсөн. Тухайн үед хууль бус гарсан захирамжийг засаж, хүчингүй болгосны төлөө өнөөдрийн Засаг даргыг буруутгах боломж байхгүй.

Газар тариалангийн зориулалтаар өмчлүүлэх газар нь “Газар тариалан хөгжүүлэх сумын хэтийн болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх” ёстой. Гэтэл Алтанцөгц сумын хувьд газар тариалангийн бүс нутаг нь Алтанцөгц сумын “Цагаан түнгэ” гэх газарт байршилтай байх ба тэнд тариалангийн болон атаршсан газар нутаг байдаг. Харин тус сумын “Хаш” багийн нутаг дэвсгэрийг зөвхөн хадлан, бэлчээр зэрэг “нийтийн эдэлбэр” газрын бүс нутгаар эзэмшиж, ашиглаж байгаа.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.7-д “ энэ хуулийн 5.1.6.2, 5.1.8.2-т заасан газрыг дуудлага худалдаагаар өмчилж авах” гэж заасан. Мөн хуулийн 19.2-т заасан газар өмчилж авсан Х.Б, Х.Х нар зөрчиж тариалангийн зориулалтаар ашиглаагүй байж иргэний үүргийг ноцтой зөрчсөн.

Шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тухайн газарт үзлэг хийсэн. Үзлэгээр тухайн өмчилж авсан газрын хил зааг нь 217.35 га газар болсон бөгөөд уг газар нь өмчилж авсан газраас 17.35 га газар илүү байгаагаас гадна тухайн газрыг газар тариалангийн зориулалтаар 2008 онд өмчилж авсан мөртлөө өнөөдрийн хүртэл  зориулалтын дагуу ашиглаагүй байгаа нь тогтоогдсон. Зориулалтаар ашиглахгүй байгаа үйлдлийн талаар Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж хариуцагч хэлж байгаа. 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар өнөөдрийн Засаг даргын захирамжийн  хүчинтэй, хүчингүй байх асуудлаас үл хамааран хурааж авах ёстой. Өөрөөр хэлбэл 2008 оны захирамж хүчинтэй байлаа ч зориулалтын бус ашиглаж байгаа учраас хурааж авах ёстой. Гэхдээ энэ Иргэний хэргийн шүүхийн хөндөх асуудал учраас өнөөдрийн шүүх хуралдаанд хөндөх шаардлага байхгүй.  

Газар өмчлөх тухай асуудлыг зөвхөн холбогдох хуулийн хэдэн зүйл заалтаар хязгаарлахгүйгээр Засгийн газар бүрэн эрхийн хүрээнд Газар өмчлүүлэх тухай журам баталсан байгаа. Х.Б, Х.Х нарт газар өмчлүүлсэн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтад “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журам”-ыг баталж өгсөн.

Уг журмын 1 дүгээр заалтад “Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүнд дундаа хамтран өмчлөх хэлбэрээр газар өмчлүүлэх дуудлага худалдаа явуулахад энэ журмыг дагаж мөрдөнө” гэж заасан. Журмын 5 дугаар заалтад “дуудлага худалдаанд оролцох хүсэлт илэрхийлж, дэнчин тавьсан нөхцөлд дуудлага худалдаанд оролцоно” 7 дугаар заалтад “дуудлага худалдааны зар мэдээх 30 доошгүй хоногийн өмнө  хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ”, 20 дугаар заалтаар “ дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирээгүй, зөвхөн нэг хүсэлт ирсэн бол дуудлага худалдаа явуулахгүй талаар зарлан мэдэгдэнэ” гэж заасан учраас иргэн аж ахуйн нэгжид газар өмчлүүлэхдээ заавал дуудлага худалдаа явуулахаар зохицуулсан.

Энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8.2-т заасан зохицуулалтад бүрэн нийцэж байна. Мөн журмын 6 дугаар хавсралтад “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журам”-ын 38 дугаар заалтад “дуудлага худалдааны ялагч хуанлийн 14 хоногийн дотор төлбөрийг бүрэн хийнэ. Төлбөрийн бүрэн төлсний дараа тухайн шатны Засаг дарга газар өмчлүүлэх шийдвэр гаргана” гэж заасан. Тэгвэл Х.Б, Х.Х нар ямар ч төлбөр хийгээгүй, газрын суурь үнийг хүртэл төлөөгүй байтал газар өмчлүүлэх шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн.

Өнөөдрийн нэхэмжлэгчийн хүчингүй болгосон гэж маргаж буй 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/47 тоот захирамж нь өөрөө тухайн үеийн Засаг даргын хууль бус шийдвэр. Тэрнээс өмчлөлийг хүчингүй болгож байгаа гэж буруу ойлгож болохгүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1-т “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасантай нийцэж байгаа. Хууль зөрчсөн эрхийн актад Захиргааны ерөнхий хуулиар хөөн хэлэлцэх хугацаа тогтоогоогүй.

Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Б, Х.Х нараас Алтанцөгц сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Алтанцөгц сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Газар өмчлөх захирамж хүчингүй болгох тухай” А/47 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн  бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Алтанцөгц сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 18 дугаар захирамжаар[1] иргэн Х.Б, Х.Х нарт Хаш багийн “Бурхад” гэх газраас 200 га газрыг фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлэх шийдвэрийг гаргажээ.

Улмаар сумын Засаг дарга нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Газар өмчлөх захирамж хүчингүй болгох тухай” А/47 дугаар захирамжаар[2] маргаан бүхий 200 газар өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгож, хүчингүй болгосон  үндэслэлээ “... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий 200 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр заагаагүй, анх өмчилж авахдаа дуудлага худалдааны журмаар аваагүй, газраа тариалангийн зориулалтаар ашиглаагүй” гэж тус шүүхэд тайлбарласан.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн  22.1-т  “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан  шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг  үндэслэн  иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль  тогтоомжид   заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно”, 25 дугаар зүйлийн  25.1-т “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж тус тус заасан.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн  ..... дугаартай гэрчилгээгээр[3] ,  мөн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн  ..... дугаартай  гэрчилгээгээр[4] тус тус нэхэмжлэгчдийн  газар өмчлөх эрх баталгаажсан байх ба хуулийн дээрх заалтуудаар нэхэмжлэгч нар нь маргаан бүхий 200 га газрын өмчлөгчид мөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн  2-т “нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”,  3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, Зургаадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж тус тус  заасан, эдгээр заалтуудаар   Монгол Улсын иргэн нь газар өмчлөх эрхтэй, энэ  эрхийг нь   хууль бусаар  хязгаарлахгүй байх, түүнд халдахгүй байхыг хуульчилжээ.

            Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, газар өмчлөх эрхийг дуусгавар болгох, хязгаарлах  тухай  харилцааг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулсан, энэ хуулиар  газар өмчлүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргах, газар өмчлөх эрхэд халдах  эрхийг сумын Засаг даргад олгоогүй байна.

 Харин Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн  14 дүгээр зүйлийн   14.1.5-т   “иргэн өмчийнхөө газрыг гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл тухайн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргасан аймаг, нийслэлийн Засаг даргад шүүхэд нэхэмжлэл гаргах саналыг уламжлах” гэж, 35 дугаар зүйлийн  35.1-т “Газар өмчлөгч иргэн буюу түүний газрыг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа этгээд энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол шүүхийн журмаар түүний газрыг хураан авч болно” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаар  хүчин төгөлдөр хэрэгжүүлж буй нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхэд халдах дээрх зохицуулалтуудад тусгагдсан үндэслэлүүд байгаа гэж сумын Засаг дарга үзсэн тохиолдолд хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх бүрэн эрхийг олгосон, мөн  хуулийн 31 дүгээр зүйлд иргэний газар өмчлөх эрхийг дуусгавар болгох үндэслэлүүдийг заасан бөгөөд 31.1.4-т заасан  “хууль тогтоомжид заасан бусад үндэслэл” гэдэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, эсхүл Засгийн газрын шийдвэрээр тус тус газар өмчлөх эрх дуусгавар болохоор байна.

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан “... маргаан бүхий газар нь  иргэдэд  өмчлүүлэх үед сумын болон аймгийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаанд оруулах журмаар өмчлүүлээгүй” гэх тайлбарын хувьд  нэхэмжлэгчдийг  буруутгах үндэслэлгүй, захиргааны эрх бүхий албан тушаалтан өөрөө тухайн үед газар өмчлүүлэх шийдвэрийг гаргасан болох нь тухайн үеийн сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Н гэрчийн мэдүүлгээр[5] тогтоогдож байна.

 Иймд хуулийн дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт нь  хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчдийн газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул Алтанцөгц сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/47 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 31 дүгээр зүйлийн 31.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б, Х.Х нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Алтанцөгц сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Газар өмчлөх захирамж хүчингүй болгох тухай” А/47 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 41 дүгээр хуудас

[2] Хэргийн 5 дугаар хуудас

[3] Хэргийн 61 дүгээр хуудасны ар тал

[4] Хэргийн 62 дугаар хуудас

[5] Хэргийн 68 дугаар хуудас