Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/28 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,                                                                                                                     

улсын яллагч Б.Жамъяндорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******/цахимаар/

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2330003120271 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ........... оны.......... дугаар сарын ...........-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ............. настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, хувиараа малын эмч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ******* аймгийн ******* ******* сум ....... айлын орон сууцны ........... тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай,

******* ургийн овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ бага насны хүүхэд болох ий нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр дүүтэйгээ хамт хөдөө явж ирээд дэлгүүр орохоор явсан юм. Би зээдээ ундаа авч өгөх гээд машинаас буухад дүү минь хүнтэй муудаад байж байсан. Тэгээд хараад зогсож байхад нэг хүн гүйгээд над руу чиглээд ирсэн. Тэгэхээр нь би цохичихсон. Гэтэл тэр гүйж ирсэн хүн насан хүрээгүй хүүхэд байсан юм байсан. Энэ тухай дараа нь мэдсэн. Би цохисноо хүлээн зөвшөөрч байна.  Тухайн үйл явдал болох үед хар футболктой байсан байх. Би хохирогчийн өндрийг нь сайн мэдээгүй. Нэг хүн гүйгээд л ороод ирсэн болохоор цохисон. Ээж нь ирээд намайг цохиод байсан. Тэгээд харахад нэг хүүхэд хамраас  нь цус гоожиж байсан. Миний урдуур л гүйгээд ороод ирсэн. Бодвол урдаас л ирсэн байх. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд тэр хүнийг хурдан орж ирсэн учир хүүхэд гэдгийг анзаараагүй. Би даатгалын мөнгийг нь төлсөн, эмчилгээний зардал гэж төлөөгүй. Надаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй...гэв.

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг. Тэр өдөр Сүхбаатар аймгийн сумын 100 жилийн ой болж байсан. Манай гэр бүл сумын уугуул иргэд учир сумынхаа ойд оролцохоор ирсэн. Эхнэр минь зүгээр явснаас хэдэн ундаа, ус ойр зуурын юм заръя гэхээр нь би тэгье гэж дэмжээд зарах юм аваад ирсэн. Ундаа усаа зараад байж байхад хоёр хүн муудаад байсан. Нутаг усны хоёр хүн зодолдоод нэгийгээ зодоод байсан. Би зодолдож байсан хүнийг салгах гээд очиход нэг нь намайг шууд цохиод унагаасан. Гэтэл хүү  хажууд байсан болохоор аавыгаа өмөөрөөд “та яагаад аавыг минь цохиж байгаа юм” гээд түлхсэн. Гэтэл хүүг минь шууд цохисон. Ингээд байж байхад ард нь байсан улаан футболктой хүн шууд хутга гаргаж ирээд намайг туугаад түмний нүдэн дээр онигоо болгосон. Энэ хоёр хүн хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байж машин бариад явж байсан. Манай эхнэр цагдаа дуудсан сумын цагдаа Анхбаяр гэдэг хүн ирээд хутгыг нь булаах гэхэд цагдаад дийлдэхгүй байсан. Нөгөө хүн нь намайг цохисон. Би өөрөө гомдол гаргаагүй, настай аавтай минь ижил хүн юм гээд больсон. Одоо миний хүү Цэргийн Их Сургуульд сурдаг тул энэ хэргээс болж буюу хамрын гэмтэлтэй, эмчилгээний асуудалтай тул сурахад хүндрэлтэй байгаа. Амьсгалахад асуудалтай унтаж чадахгүй байгаа. Хүүхэд минь 20-оос 30 хувийн амьсгалын байдалтай байгаа. Хүүг минь эмч 18 нас хүртлээ хагалгаанд орж болохгүй, амьсгалж чадахгүй бол хамрын цацлага эм хэрэглэх заалттай гэсэн. Насанд хүрэхээр нь хагалгаанд орно, одоогоор хэдэн төгрөг нэхэмжлэх талаар би мэдэхгүй байна. Гэмтэл авснаас “Гурван гал” гэх эмнэлэгт хамрын зураг авуулсан. Баримт аваагүй. Хэрэг болсноос хойш энэ хүн ганц холбогдоогүй. Гомдолтой байна...гэв.

 

Эрүүгийн 2330003120271 дугаартай хэргээс:   

 

            - Яллагдагч *******ын: Би машинаасаа зээтэйгээ буугаад дэлгүүрээс ундаа авч өгөх гэсэн чинь Ганбаатар миний урд нэг хүнтэй заамдалцаад байж байхаар нь Ганбаатарын хажуугаар явах талаар бодоод зогсож байсан чинь миний хажуугаар нэг хүн сүр гээд ороод ирэхээр нь баруун гараараа нэг удаа нүүрэнд нь цохисон, тэгсэн чинь хүүхэд байсан юм билээ. Ээж нь гээд нэг эмэгтэй хүүхэд цохичихлоо гээд над руу дайраад маргалдаж байсан чинь цагдаа ирээд манай дүү бид 2-ыг аваад цагдаагийн байрандаа авчирсан...гэх мэдүүлэг /хэргийн 74-75-р хуудас/,

 

               - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн: Манай хүү миний араас ирэхэд манай хүү ийг хамар руу цохиод унагаасан. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ” гэх мэдүүлэг /хэргийн 9-10-р хуудас/,

 

               - Насанд хүрээгүй хохирогч гийн: 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр сумын төвд ээж, аавын хамт бараа зарж байхад 16 цагийн үед манай машины хажууд 2 согтуу бололтой ах нэг цэнхэр цамцтай ахыг дээрэлхээд маргалдаад байсан. Тухайн үед манай аав ******* нь тухайн хүмүүсийг салгах гээд очих үед нь улаан футболктой ах нь аавыг цохиод унагаасан. Тэгэхээр нь та манай аавыг цохичихлоо гээд очих үед хар футболктой, хар нүдний шилтэй хөгшин ах нь миний хамар руу цохиод намайг ойчуулсан. Би босоод ирэхэд миний хамраас их хэмжээний цус гарсан. Тухайн хүмүүстэй манай аав маргалдаад байж байхад улаан футболктой ах гартаа хутга барьсан манай аавыг хөөгөөд байсан. Тэгээд сургуулийн байшин тойроод явах үед нь хар өнгийн футболктой ах нь улаан өнгийн футболктой ахын футболкийг нь урсан. Би эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Мөн удахгүй хагалгаанд орох болохоор тэрнийхээ эмчилгээний мөнгийг нэхэмжилж байна... гэх дахин мэдүүлэг /хэргийн 19-20-р хуудас/,

 

- Гэрч ийн: Манай хүү нь аавыг цохичихлоо гээд ухас хийхэд цуг явж байсан хар нүдний шилтэй настай байрын ах манай хүүг нүүрэн тус газар нь хамар руу цохиход манай хүүгийн хамраас цус гарсан...гэх мэдүүлэг /хэргийн 23-24-р хуудас/,

 

- Гэрч ын: Тухайн хүүхдийн аавыг нь би цохисны улмаас тэр хүүхэд над руу дайраад ирэхээр нь ******* ах цохисон юм билээ...гэх мэдүүлэг /хэргийн 27-28-р хуудас/,

 

  • Эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 51-р хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 270 дугаартай “ 1. ий биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хэргийн 52-53-р хуудас/,

 

              - *******ын үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа,Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 77-80 дугаар хуудас/,

              - *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 83 дугаар хуудас/,

 

              - Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.11.27-ны өдрийн 26/317 дугаартай албан бичиг, д эрүүл мэндийн тусламж үзүүлсэн зардлын түүх /хэргийн 86-87 дугаар хуудас/,

 

              - Хохирогч гийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Гуравдугаар зэрэглэл” гэж тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хэргийн 89 дүгээр хуудас/,

 

              - Хохирогч гийн насыг тоолсон Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 92 дугаар хуудас/,

              - Шүүгдэгч *******оос Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 308.000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ бага насны хүүхэд болох ий нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “ хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр дүүтэйгээ хамт хөдөө явж ирээд дэлгүүр орохоор явсан юм. Би зээдээ ундаа авч өгөх гээд машинаас буухад дүү минь хүнтэй муудаад байж байсан. Тэгээд хараад зогсож байхад нэг хүн гүйгээд над руу чиглээд ирэхээр нь би цохичихсон. Гэтэл тэр гүйж ирсэн хүн насан хүрээгүй хүүхэд байсан. Энэ тухай дараа нь мэдсэн. Би цохисноо хүлээн зөвшөөрч байна” гэх, 

                        хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “ Би зодолдож байсан хүнийг салгах гээд очиход нэг нь намайг шууд цохиод унагаасан. Гэтэл хүү  хажууд байсан болохоор аавыгаа өмөөрөөд “та яагаад аавыг минь цохиж байгаа юм” гээд түлхсэн. Гэтэл хүүг минь шууд цохисон. ” гэх,

               насанд хүрээгүй хохирогч ий “манай аав ******* нь тухайн хүмүүсийг салгах гээд очих үед нь улаан футболктой ах нь аавыг цохиод унагаасан. Би “та манай аавыг цохичихлоо” гээд очих үед хар футболктой, хар нүдний шилтэй хөгшин ах нь миний хамар руу цохиод намайг ойчуулсан. Би босоод ирэхэд миний хамраас их хэмжээний цус гарсан” гэх,

гэрч ийн "Манай хүү нь аавыг цохичихлоо гээд ухас хийхэд цуг явж байсан хар нүдний шилтэй настай байрын ах манай хүүг нүүрэн тус газар нь хамар руу цохиход манай хүүгийн хамраас цус гарсан...” гэх,

гэрч ын “...Тухайн хүүхдийн аавыг нь би цохисны улмаас тэр хүүхэд над руу дайраад ирэхээр нь ******* ах цохисон юм билээ...” гэх мэдүүлгүүд, Эмнэлгийн тодорхойлолт , шинжээчийн 270 дугаартай “... 1. ий биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.    

 

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 270 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч гийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

 

3. Прокуророос шүүгдэгч *******ын, насанд хүрээгүй хохирогч гийн нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхаар хуульчилсан бөгөөд тухайн хэргийн хувьд энэ хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан“ бага насны хүүхэд болохыг мэдсээр байж ” гэх шинжээр тодорхойлогдоно.

 

Эрүүгийн хуулийн тайлбарт “Энэ хуульд заасан "бага насны хүүхэд" гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” хэмээн тайлбарласан хийгээд энэ хэргийн хохирогч нь гэмт халдлагад өртөх үедээ 14 насанд хүрээгүй байсан нь түүний төрсний гэрчилгээний мэдээлэл, Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл зэргээр нотлогдоно.

 

            Шүүгдэгч *******ын зүгээс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд “ Би зээдээ ундаа авч өгөх гээд машинаас буухад дүү минь хүнтэй муудаад байж байсан. Тэгээд хараад зогсож байхад нэг хүн гүйгээд над руу чиглээд ирсэн тэгэхээр нь би цохичихсон. Гэтэл тэр гүйж ирсэн хүн насан хүрээгүй хүүхэд байсан юм байсан. Энэ тухай дараа нь мэдсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд тэр хүнийг хурдан орж ирсэн учир анзаараагүй” гэж мэдүүлж байгаа нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “Манай хүү миний араас ирэхэд манай хүү ийг хамар руу цохиод унагаасан ” гэх, насанд хүрээгүй хохирогч ий “ Тухайн үед манай аав ******* нь тухайн хүмүүсийг салгах гээд очих үед нь улаан футболктой, ах нь аавыг цохиод унагаасан. Би “та манай аавыг цохичихлоо” гээд очих үед хар футболктой, хар нүдний шилтэй хөгшин ах нь миний хамар руу цохиод намайг ойчуулсан” гэх, гэрч ийн "Манай хүү нь аавыг цохичихлоо гээд ухас хийхэд цуг явж байсан хар нүдний шилтэй настай байрын ах манай хүүг нүүрэн тус газар нь хамар руу цохиход манай хүүгийн хамраас цус гарсан” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

 

Учир нь хохирогч гэмт халдлагад өртөх үед 13 нас 8 сартай байсан бөгөөд бие бялдар, царай төрхийн хувьд бага насны хүүхэд болох нь илтэд тодорхой байхад шүүгдэгч *******ын зүгээс тухайн зодоон, маргааны үйл явцыг анхаарч ажиглаж байсан, нас тогтсон хүний хувьд хүүхэд, насанд хүрсэн хүнийг ялгаж салгах боломжтой, мөн өөр лүү гүйж ирсэн гэх хүнийг ажиглаж цохисон зэргээс үзэхэд түүний мэдүүлж буй “ хүүхэд болохыг мэдэлгүй цохисон” гэх нөхцөл байдал үгүйсгэгдэх бөгөөд түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан“ бага насны хүүхэд болохыг мэдсээр байж ” үйлдсэн гэх шинж агуулагдаж байгааг дурдъя.

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

Хэргийн баримтаар, энэ хэргийн шүүгдэгч *******, гэрч  нарын бусадтай маргалдсан маргааныг салгах гэж очсон *******г нь цохиж унагасан хийгээд *******гийн бага насны хүүхэд нь “аавыг цохичихлоо” гээд очиход ******* нь бага насны хүүхэд болох 13 нас 8 сартай  гийн хамар руу цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

4. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

 

Тухайн хэргийн хувьд насанд хүрээгүй хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүнийг цохисон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

5. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь тэрээр хүний биед халдсанаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж насанд хүрээгүй хохирогч гийн биед зориуд цохиж хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

Тодруулбал, шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохисноор   эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа тодорхой шалтгаангүйгээр хохирогчийг цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

1.Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

 

            2.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас тус Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс яаралтай  тусламжийн үйлчилгээ авсан, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 308.000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.11.27-ны өдрийн 26/317 дугаартай албан бичиг, ЭМДЕГ- цахим системийн баримт буюу зардлын түүх зэргээр нотлогдох бөгөөд  уг зардлын 308.000 төгрөгийг  шүүгдэгч ******* нь нөхөн төлсөн болох нь Төрийн банкны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдоно. 

 

Хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч ******* нараас мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа гаргаагүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

            3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн хохирогч гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “гуравдугаар зэрэглэл” гэж тогтоожээ.

 

           2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүхийн шинжилгээний тухай/ шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.6. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө...гэж заажээ.

 

          Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор 11 уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйл), Хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл), Залилах (17.3 дугаар зүйл), Мал хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл), Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ....гэжээ.

         

            Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг батлагдсан бөгөөд энэ журмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг Гуравдугаар зэрэглэлээр тогтоожээ.

 

            Шүүх хэргийн үйл баримт, хохирол хор уршигтай холбоотой асуудлыг гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөгдөж байсан хууль, журамд үндэслэн тогтоох бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”- батлагдаагүй байжээ.

                                                                       

            Иймд шүүх хохирогч гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тухайн үед мөрдөгдөж байсан Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан“Хүний сэтгэцэд учирсан хор 11 уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Дөрөв. Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу гийн сэтгэцэд учирсан хохирлыг “Хоёрдугаар зэрэглэл”-ээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй дүгнэлээ.

 

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугар зүйлийн 1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно, 2.Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно ” гэх зохицуулалт нийцэх юм.

 

            Дээрх аргачлалын “Хоёрдугаар зэрэглэлд”-д “Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

 

            Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасны дагуу шүүгдэгч *******оос тухайн гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч гийн сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 тоот тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг цагт 3273 төгрөг 80 мөнгө буюу сард 550,000 төгрөг байхаар тогтоосон байна.

             

   4. Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч гийн хууль ёсны төлөөлөгч ******* “ Одоо миний хүү Цэргийн Их Сургуульд сурдаг энэ хэргээс болж сурахад хүндрэлтэй болсон. Амьсгалахад асуудалтай унтаж чадахгүй байгаа. Одоо хүүг минь эмч 18 нас хүртлээ хагалгаанд орж болохгүй, амьсгалж чадахгүй бол хамрын цацлага эм хэрэглэх заалттай гэсэн” гэж мэдүүлэх бөгөөд хохирогчид учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа хийгээд хохирогч нь гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй гэж үзвэл тухайн гэмтлийн улмаас өөрт цаашид гарах эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

    

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Жамъяндоржоос гаргасан “Шүүгдэгч *******од Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах саналтай. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Насанд хүрээгүй хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд заасны дагуу 3 дугаар зэрэглэлд буюу Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл /7,150,000-12,644,500/ хэмжээний мөнгөн дүнд хамаарч байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэх дүгнэлтийн талаар шүүгдэгч *******оос  маргаагүй байна.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа ухамсарлаж байгаа, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 “ бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос, насанд хүрээгүй хохирогч гийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 5,500,000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч гийн хууль ёсны төлөөлөгч *******д олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч ******* нар тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт   битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэрээр Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 308.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН