| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 186/2024/0034/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/65 |
| Огноо | 2024-01-19 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/65
2024 01 19 2024/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
улсын яллагч О.Нандинцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т,
шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Зт холбогдох эрүүгийн 2311000001620 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.З нь 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ".................н" худалдаа, үйлчилгээний төвийн 15 дугаар хаалганы 3 давхарт байх "................." гэх хаягтай дарханы газарт нэн ховор амьтны жагсаалтад орсон "Борцгор хотон" шувууны толгойн арьс, хошууг хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...: Нэг өдөр Ш.А гэх хүн “Борцгор хотон” шувууны арьс, хошууг мөнгөлүүлнэ гэж захиалга өгсөн. Би Ковид өвчний хөл хорионы улмаас хоёр жил ажлаа хийх боломжгүй байсан. Тэр хүн захиалга өгөөд дахин ирээгүй, холбогдох боломжгүй байсан болохоор ажил дээрээ хадгалж байсан. Би “Борцгор хотон” шувууны арьс, хошууг 5 жил хадгалсан...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирол нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтэд заасан мөнгөн дүнг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн нийт 26.580.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ нэхэмжилсэн дүнг манай байгууллага хувьдаа зарцуулахгүй, цаашид улсын орлогод орно. Шүүгдэгчийн хэлсэн мэдүүлэг үнэн бол болсон явдлыг сонсоход үнэхээр харамсалтай байна. Шүүгдэгчийн ажлын газраас ховор амьтны эд гарч ирсэн. Хуулиар ховор амьтанд хамаарч байгаа. Энэ хүн өөрөө устгаагүй боловч энэ нь нотлогдох боломжгүй болохоор хэн нэгэн байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой...” гэв.
Эрүүгийн 2311003781332 дугаартай хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 3-10-p xyудас/.
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-21-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амьтанд учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөрийг тооцож нэхэмжилж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 85-86-р хуудас/,
Шүүгдэгч Б.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийнхөө яллагдагчаар татагдсан хэргийн зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг прокурорын тогтоол болон эрүүгийн хуулийн номоос уншиж танилцлаа. Энэ зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. Өмнө мэдүүлэгтээ болсон асуудлыг үнэн зөвөөр ярьсан болохоор нэмж хэлэх зүйл байхгүй. Гэхдээ надад Ш.А гэх хүн "мөнгөлүүлэх гэсэн юм" гэж авч ирээд надад өгөөд явсан байсан. Тэгээд би уг хүнийг ирэхээр нь мөнгөлж өгье гэж бодоод дархны газартаа сейфт хийгээд хадгалж байсан. Ямар нэгэн зөвшөөрөл авах талаар мэдээгүй, зүгээр л сейфтээ хийгээд хадгалж байсан. Тухайн үед хотон шувууны хошуу гэдгийг мэдэж байсан. Гэхдээ Борцгор хотон шувууны хошуу гэдгийг мэдээгүй. Гэхдээ хотон шувууны хошууг хадгалж байснаа хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтээр экологи-эдийн засагт 11.790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 71-73-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3804 дугаартай: "Шинжилгээнд ирүүлсэн амьтны гаралтай эд эрхтэн нь Хотонтон баг-Pelecaniformes, Хотонгийнхон овог Pelacanidae, Борцгор хотон-Pelecanus cripus /Bruch, 1832/ зүйл шувууны толгойн хэсгийн арьс, хошуу байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ"-гээр Борцгор хотон Pelecanus cripus /Bruch, 1832/ нэг толгойд 11.790.000 төгрөгөөр үнэлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн шувууны хошуу нь 41 см байгаа нь нас гүйцсэн хотон шувуу байна..." гэх дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,
Экологийн цагдаагийн албаны мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Үнэнзоригийн: “...Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ".................н" нартай үйлчилгээний газрын 15 дугаар хаалга 3 давхарт байх ".................” гэх хаягтай дарханы газарт үзлэг шалгалт хийхэд хотон шувууны 1 хошууг уг дарханы газарт хадгалж байсан гэх Г-623 дугаартай гэмт хэргийн гомдол, мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гарч Б.З нь уг хотон шувууны хошууг Ш.А гэх хүнээс авсан талаар мэдүүлэг өгсөн ба Б.З луу тухайн хүний утас болон гэрийн хаягийг тодруулах зорилгоор өөрийн 8803 дугаараас түүний 99830443 дугаар луу залгаж асуухад Ш.А нь ....................... гэх дугаартай байсан талаар хэлсэн ба цагдаагийн байгууллагын дотоод сүлжээгээр шалгахад тухайн ....................... дугаарыг хийхэд Ш.А /......................./-ын нэр дээр бүртгэлтэй байсан ба Ш.Аийн мэдээллийг шалгахад 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нас барсны бүртгэлт бүртгэгдсэн байсныг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 56-р хуудас/,
Монгол улсын байгаль орчин аялал жуучлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “...Б.З нь тус яамнаас эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн зорилгоор барьсан амьтан, тэдгээрийн чихмэл, арьс, үс, яс болон амьтны гаралтай бусад зүйлийн цуглуулга хийхээр болон ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахаар сүүлийн 2 жилийн хугацаанд зөвшөөрөл авч байгаагүй болоно” гэх албан бичиг /хх-ийн 90-р хуудас/,
“.................н” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13/23 дугаартай “Б.З нь тус компаний 3 давхарт 50 мкв 1 өрөө байранд алт мөнгөний дарханы үйл ажиллаа явуулдаг бөгөөд 2004 оноос одоог хүртэл түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа болоно” гэсэн тодорхойлолт /хх-ийн 49-р хуудас/,
Шүүгдэгч Б.Зын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 30, 45-49-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Зт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.З нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1. Гэм буруугийн талаар:
1.1. Б.З нь 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ".................н" худалдаа, үйлчилгээний төвийн 15 дугаар хаалганы 3 давхарт байх "................." гэх хаягтай дарханы газарт нэн ховор амьтны жагсаалтад орсон "Борцгор хотон" шувууны толгойн арьс, хошууг хадгалсан болох нь:
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 3-10-p xyудас/.
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 17-21-р хуудас/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амьтанд учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөрийг тооцож нэхэмжилж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 85-86-р хуудас/,
шүүгдэгч Б.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би хүний авч ирсэн хотон шувууны хошууг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. .................н нэртэй үйлчилгээний төвийн 15-р хаалга 3 давхарт байдаг уран дархны газрынхаа сейфт хийж хадгалж байгаад цагдаагийн шалгалтаар илэрч одоо эрүүгийн хуулийн ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг уншиж ойлгосон. Би өөрийнхөө яллагдагчаар татагдсан хэргийн зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг прокурорын тогтоол болон эрүүгийн хуулийн номоос уншиж танилцлаа. Энэ зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. Өмнө мэдүүлэгтээ болсон асуудлыг үнэн зөвөөр ярьсан болохоор нэмж хэлэх зүйл байхгүй. Гэхдээ надад Ш.А гэх хүн "мөнгөлүүлэх гэсэн юм" гэж авч ирээд надад өгөөд явсан байсан. Тэгээд би уг хүнийг ирэхээр нь мөнгөлж өгье гэж бодоод дархны газартаа сейфт хийгээд хадгалж байсан. Ямар нэгэн зөвшөөрөл авах талаар мэдээгүй, зүгээр л сейфтээ хийгээд хадгалж байсан. Тухайн үед хотон шувууны хошуу гэдгийг мэдэж байсан. Гэхдээ Борцгор хотон шувууны хошуу гэдгийг мэдээгүй. Гэхдээ хотон шувууны хошууг хадгалж байснаа хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтээр экологи-эдийн засагт 11.790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 71-73-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3804 дугаартай: "Шинжилгээнд ирүүлсэн амьтны гаралтай эд эрхтэн нь Хотонтон баг-Pelecaniformes, Хотонгийнхон овог Pelacanidae, Борцгор хотон-Pelecanus cripus /Bruch, 1832/ зүйл шувууны толгойн хэсгийн арьс, хошуу байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ"-гээр Борцгор хотон Pelecanus cripus /Bruch, 1832/ нэг толгойд 11.790.000 төгрөгөөр үнэлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн шувууны хошуу нь 41 см байгаа нь нас гүйцсэн хотон шувуу байна..." гэх дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,
Экологийн цагдаагийн албаны мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Үнэнзоригийн: “...Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ".................н" нартай үйлчилгээний газрын 15 дугаар хаалга 3 давхарт байх "................. гэх хаягтай дарханы газарт үзлэг шалгалт хийхэд хотон шувууны 1 хошууг уг дарханы газарт хадгалж байсан гах Г-623 дугаартай гэмт хэргийн гомдол, мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гарч Б.З нь уг хотон шувууны хошууг Ш.А гэх хүнээс авсан талаар мэдүүлэг өгсөн ба Б.З луу тухайн хүний утас болон гэрийн хаягийг тодруулах зорилгоор өөрийн 8803 дугаараас түүний 99830443 дугаар луу залгаж асуухад Ш.А нь ....................... гэх дугаартай байсан талаар хэлсэн ба цагдаагийн байгууллагын дотоод сүлжээгээр шалгахад тухайн ....................... дугаарыг хийхэд Ш.А /......................./-ын нэр дээр бүртгэлтэй байсан ба Ш.Аийн мэдээллийг шалгахад 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нас барсны бүртгэлт бүртгэгдсэн байсныг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 56-р хуудас/,
Монгол улсын байгаль орчин аялал жуучлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “...Б.З нь тус яамнаас эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн зорилгоор барьсан амьтан, тэдгээрийн чихмэл, арьс, үс, яс болон амьтны гаралтай бусад зүйлийн цуглуулга хийхээр болон ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахаар сүүлийн 2 жилийн хугацаанд зөвшөөрөл авч байгаагүй болоно” гэх албан бичиг /хх-ийн 90-р хуудас/,
“.................н” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13/23 дугаартай “Б.З нь тус компанийн 3 давхарт 50 мкв 1 өрөө байранд алт мөнгөний дарханы үйл ажиллаа явуулдаг бөгөөд 2004 оноос одоог хүртэл түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа болно” гэсэн тодорхойлолт /хх-ийн 49-р хуудас/, зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Зын “.................н” худалдаа, үйлчилгээний газрын 15 дугаар хаалганы 3 давхарт байх “.................” гэх хаягтай дарханы газарт хадгалаж байсан “Борцгор хотон” шувууны толгойн арьс, хошуу нь Монгол улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нэн ховор амьтны түүхий эд болох нь тогтоогдож байна.
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 7.2-т зааснаас бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн, арьс, яс бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.”, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт: “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно.”, тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.” гэж тус тус хуульчилжээ. Дээрх хуулийн зохицуулалтуудыг нэгтгэн дүгнэвэл Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нэн ховор амьтны түүхий эдийг агнасан болон агнаагүйгээс үл шалтгаалан олж авч хадгалах, худалдахыг хориглосон байна.
Б.З нь нэн ховор амьтны түүхий эдийг зохих байгууллагад нь мэдэгдэлгүй хадгалсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Зын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй ба прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Прокурорын яллах дүгнэлтийн “Б.Зын хадгалсан үйлдлийн улмаас амьтны аймагт хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй, Б.Зын гэмт үйлдэл нь амьтны аймагт учирсан хохиролтой шалтгаант холбоогүй байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.25 дахь заалтад ”амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ гэж тухайн зүйл амьтны амьдрах орчин болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон амьтны мөнгөн үнэлгээг.” ойлгоно гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.”, 37.3 дахь хэсэгт “...амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан ...этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна...” гэж тус тус заажээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3804 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ам амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр Борцгор хотон нэг толгойд 11,790,000 төгрөгөөр үнэлсэн” гэж дүгнэсэн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т “экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр нөхөн төлбөрийг тооцож нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн байна.
Борцгор хотон шувууны толгой, хушуу 11,790,000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хоёр дахин өсгөж тогтооно гэсний дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 23,580,000 төгрөг гэж тогтоох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Заас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дахь хэсэг, 37.2 дахь хэсэгт заасан “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.”гэснийг үндэслэн амьтны аймагт учирсан хохирол болох 23,580,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгуулахаар шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс Б.Зыг “Нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Б.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан эд мөрийн баримтаар хураагдаж Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа "Борцгор хотон" шувууны толгойн арьс 1 ширхэг, хошуу 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Зт оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр 1, 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Заас 23.580.000 /хорин гурван сая таван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан эд мөрийн баримтаар хураагдаж Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа "Борцгор хотон" шувууны толгойн арьс 1 ширхэг, хошуу 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Б.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР