Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2020/1065

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: О.Б-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Б.М-д холбогдох   

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтооолгох, 12 607 649.19 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие О.Б нь нөхөр Б.Мтой 2013 онд танилцаж, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас охин М.А /ФА:14282181/ 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр, хүү М.М /ФА:15311432/ 2015 оны 11 дүгээрр сарын 14-ны өдөр тус тус төрсөн. Нөхөр Б.М нь надад болон хоёр хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй ганцхан миний цалингаар амьдрах болсон бөгөөд 2015 оноос хойш архи их уудаг болсон. Архи уухаараа намайг элдвээр хэлж, доромжилж, биед маань халдаж, хүчирхийлдэг болсон. Б.М нь хүү, охин бид гурвыг орхиод явсан бөгөөд одоо миний бие нь охин М.А, хүү М.М нарын хамт амьдарч байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин М.А, хүү М.М нарыг өөрийн асрамжиндаа авч, эцэг Б.Моос хоёр хүүхэддээ хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Мөн нөхөр Б.М бид хоёр хамтран амьдрах хугацаандаа гэр бүлийн хэрэгцээ шаардлагын хүрээнд Эмпипи хадгаламж зээлийн хоршооноос 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр №19-06/04-11 тоот зээлийн гэрээ, №19-06/04-11 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 2 500 000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд тухайн зээлийн хүүг нь төлж явсаар өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 2 238 101 төгрөг байна. Мөн Инвескор Банк бус санхүүгийн байгуулагаас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр №В18020021402 дугаартай зээлийн гэрээг байгуулж сарын 4.20 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай 2 500 000 төгрөгийг зээлийг авсан бөгөөд тухайн зээлийг төлж явсаар өнөөдрийн байдпаар зээлийн үлдэгдэл төлбөр 1 813 243.18 төгрөг, мөн Хаан банкнаас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр №3Г/202045229950 дугаартай зээлийн гэрээ, №БГХ202045229950 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж 20 000 000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд тухайн зээлийг төлж явсаар одоо зээлийн үлдэгдэл төлбөр 19 476 002.20 төгрөг, мөн Очир Ундраа ОМЗ Банк бус санхүүгийн байгууллага ХХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ХЗГ20/146 дугаартай зээлийн гэрээг байгуулж 2 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд тухайн зээлийг төлж явсаар одоо үлдэгдэл төлбөр 1 687 952 төгрөг болсон бөгөөд нийт 1 банк, 1 хадгаламж зээлийн хоршоо, 2 банк бус санхүүгийн байгууллагад нийт 25 215 298.38 төгрөгийн өр төлбөртэй байна. Тухайн зээлүүдийн үлдэгдэл төлбөрийг би 2 хүүхдээ ганцаараа өсгөж, хүмүүжүүлэхийн хажуугаар төлөх боломжгүй тул тухайн зээлүүдийн үлдэгдэл төлбөрийн тал хувь буюу 12 607 649.19 төгрөгийг Б.Моос гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч О.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Б.М нь О.Бтэй оюутан байхдаа гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. 2-уулаа сургуулиа төгсөж чадалгүй аав ээж дээрээ ирж одоог хүртэл амьдарч байна. Бийг өнчин болохоор нь өрөвдөж дураар нь байлгадаг байсан. Хүүхдүүдийг маань аав ээж эмээ маань өдий болтол өсгөсөн. Аав ээж маань Дэнжийн 2 давхар байшинд, мөн эмээ маань 2-1 байрандаа амьдар гэж олон удаа хэлсэн боловч Бийн саналыг дагаж аав ээжийн хэлснийг дагалгүй байр хөлсөлж өдийг хүрлээ. Гэтэл 2020.7.1-нд Орхон аймгийн Шүүхэд сална, 2 хүүхдээ авна, тавьсан өрнийхөө тал хувийг авна гэж нэхэмжлэл гаргасан байна. Энэ нэхэмжлэлийг би ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэл дээр намайг ажил хийдэггүй, хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй, намайг хүчирхийлдэг гэж маш худлаа гүтгэсэн байна. Би Оnех-д зөөгч, Өргөө-д хамгаалагч, Хаан Сүү ХХК-д жолооч, барилгын компаниудад ажилтнаар, таксинд явж өдийг хүртэл өөрийн чадлаараа ажиллаж ирсэн. Б нь анхнаасаа 2 хүүхэд дээрээ үр хөндүүлнэ, авахуулна, хүнд өргүүлнэ гэх зэргээр зохисгүй юм ярьж хэрүүл хийдэг болсон. 2017 он хүртэл миний цалин, аав ээжээрээ хүүхдүүдээ тэжээлгэж ирсэн. Б 2017 оны сүүлээр Эрдэнэт үйлдвэрт ажилд орж намайг гуйлгачин, ажилгүй, халамжгүй гэж доромжилж загнадаг болсон. Энэ бүгдийг аав ээжид хэлэхээр эсрэгээрээ намайг чи л болохгүй байгаа биз гэж загнадаг. Ажилд орсноосоо хойш гэртээ хонохгүй байх нь ихсэж, хэрүүл өдөж, БЗХ өвчин авч ирж, согтуу айлд тасарч унаж намайг энэ бүгдийг хэлж улмаар хэрүүл болоход цагдаа дуудаж ор үндэсгүй худал мэдээлэл өгч өөрөө хүн гүтгэсэн гэж арга хэмжээ авахуулж байсан. Намайг барьж өгөх гэж 2-ч удаа худлаа дуудлага өгч байсан. Би тасралтгүй ажил хийж цалингийн зээл авч гэр орноо тохижуулж Солонгос явж Бийг ажилласан мөнгөөрөө Солонгос орныг үзүүлж өчнөөн зардал гаргаж чадлынхаа хэрээр халамж үзүүлж, тавьсан өрнөөс боломжийнхоо хирээр төлж байсан. Дахин өр зээл тавихгүй байх талаар хэлэхэд гуйлгачин ядуугаар дуудаж намайг доромжилдог. Миний ажилласан газар болгонд хэл ам хэрүүл хийж дарга нар луу дайрч, хардаж сэрдэж намайг ажиллах ямар ч боломжгүй болгодог байсныг тухайн газар бүрийн бүх ажилчид мэднэ. Үүнд нь би маш их гомддог. Хүүхдүүдийг аав, ээж, эмээ авч хардаг, Б хүүхдүүдээ зоддог, хүний хайр мэддэггүй.  

Жич: Б нь гоо сайхандаа нүдний давхраа, биеийн шивээс, үс залгах мэтээр маш ихээр мөнгө зарцуулдаг болсон. Энэ хүн хүүхдэдээ хувцас авч өгдөггүй мөртлөө Хөвсгөл рүү хэлэлгүйгээр олон хоногоор залуучуудтай зугаалсан, хүүхдээ ав гэхээр авдаггүй, өмгөөлөгч хөлсөлж авсан, зугаалга шоунд янз бүрийн мөнгө их зарцуулж өр зээлээ төлөхгүй яваад байгаа нь гайхалтай. Сүүлд 2020.7.20-нд хүүхдүүдээ ямар ч хамааралгүй хүний ажил дээр үлдээгээд хэнд ч хэлэхгүйгээр өөрөө УБ яваад өгсөн байна. Энэ хүн өөрөө нэхэмжлэл гаргаад сална гэсэн байхад аав нь танхайгаар олон жил шоронд ял эдэлж байснаараа далимдуулж толгой гарыг чинь тастана, аав ээж ах дүүг чинь бүгдийг ална гэж заналхийлдэг. Намайг хаяж байгаагаа аавдаа хэлээгүй аав нь намайг хаясан юм шигээр бодож явдаг. Энэ хүн хүүхдүүдээ харах ямар ч боломж бололцоо байхгүй, хүүхдүүдээ харж хандаж чадахгүй гэдгийг би баталж байна. Эцэстээ хүүхдүүдийг маань л хэцүү байдалд оруулж байгаа учраас би хүүхдүүдээ авах хүсэлтэй байна” гэжээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б нь Б.Мод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 12 607 649.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

О.Б, Б.М нар нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр охин М.А, 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүү М.М нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбаруудаар тус тус нотлогдож байна.  

Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй байх ба, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй байгааг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээг хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Хариуцагч нь охин М.А болон хүү М.М нарыг өөрийн асрамждаа авах хүсэлтэй гэх боловч, хүүхдүүд бага насных тул эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.    

Иймд охин М.А, хүү М.М нарыг эхийнх нь асрамжид үлдээж, тэднийг насанд хүртэл нь эцэг Б.Моор Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасан тэтгэлгийг сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хамтран амьдарч байх хугацаандаа ХААН банк, бусад банк бус санхүүгийн байгууллага зэргээс зээл авсан. Энэ зээлээ хувааж төлнө гэж 12 607 649,19 төгрөгийг Б.Моос нэхэмжилсэн боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч О.Б: ...цалингийн зээлээ би өөрөө хариуцаад төлье, харин “Инвескор” ББСБ, “Очир Ундраа ОМЗ ББСБ” ХХК, “Эмпипи” ХЗХ-ны одоо байгаа үлдэгдэл нийтдээ 6,0 сая орчим төгрөг байгаа үүнийг төлөөд өгөөч гэхэд хариуцагч Б.М хүлээн зөвшөөрсөн. Иймд“Инвескор” ББСБ, “Очир Ундраа ОМЗ ББСБ” ХХК, “Эмпипи” ХЗХ-ны одоо байгаа нийт зээлийн үлдэгдэл 6 001 400 төгрөгийг хариуцагч Б.Моос гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.    

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 873 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 181 172 төгрөг /110 972₮+70 200₮/ гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 54 502 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Оюунбатын Б, Баярмагнайн М нарын гэрлэлтийг цуцалсугай.   

2. Гэр бүлийн тухай хуулийн14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин М.А, 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү М.М нарыг эх О.Бийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин М.А, 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү М.М нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Моор сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасныг баримтлан Б.Моос 6 001 400 төгрөг гаргуулан О.Бт олгосугай.  

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сд даалгасугай.   

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 873 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 181 172 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 54 502 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.    

7. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.Х