Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/17

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, ерөнхий шүүгч Ж.Байгалмаа, шүүгч Б.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Э.Хосбаяр

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр

Иргэдийн төлөөлөгч Э.Сайнбаяр

Шүүгдэгч Б.Хийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

Шүүгдэгч П.Мийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч С.Шинэбаяр

Шүүгдэгч Б.Х, П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х, П.М нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Б.Х

П.М

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Х нь 2023 оны 10 дугаар сарын 22-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн ... тоотод хохирогч П.Мийн толгой тус газар нь өшиглөх, цохих зэргээр халдаж эрүүл мэндэд нь “...тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт..." бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан

мөн хохирогч Т.Тийн хэвлийн тус газар нь  хутгалж эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа” бүхий хүнд хохирлыг зэвсгийн чанартай зүйл ашиглан санаатайгаар  учруулсан,

Шүүгдэгч П.М нь 2023 оны 10 дугаар сарын 22-ний өдөр  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  Дорноговь аймгийн ... тоотод хохирогч Б.Хийг “нөхрийг зодлоо” гэх шалтгаанаар толгойн тус газар нь банзаар цохиж эрүүл мэндэд нь “...толгойн хуйхны шарх...” бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Б.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Т, М бид гурав Еэ гэх манай найзынд өглөө очиж ганц пиво хувааж уусан. Өдөр нь дахин 1 шил архи, 1 пивотой хувааж уугаад ийм асуудал болсон. Т бид хоёр муудалцаж, Тийн биед мэс хүргэсэн гэсэн мэдүүлэг

 

Шүүгдэгч П.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 10 дугаар сарын 22-ны өдөр 9 цагийн үед Еийнд Б.Х болон нөхрийн хамт очсон. Нэг пиво ууцгаасан. Дараа нь Еэ, Т хоёр дэлгүүр явж 1 том пиво, 1 шил Хараа архи авчирч уусан. Энэ хоёр гадаа гарч муудсан. Намайг болиулах гээд очиход тонгорч унагаад нүүр рүү өшиглөж, толгой руу цохисон. Би Б.Хийг болиулах гээд хөлөөс нь зулгаагаад унагаасан чинь  бүгдийг чинь ална гээд байхаар нь би мод аваад толгой руу нь цохичихсон. Тэр нь миний буруу байсан. Тэгээд босоход манай нөхөр боль, яахаараа бид хоёрыг зоддог юм гээд гээд Хийг чиглээд явахад харахад Б.Х хутга барьчихсан зогсож байсан. Хутга барьчихсан байна, боль гээд нөхрөө татсан чинь Б.Х манай нөхрийг дүрчихсэн гэсэн мэдүүлэг

 

        Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-12/

 

Хохирогч П.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2023 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн өглөө нөхөр Т.Т болон Х нарын хамтаар 09 цагийн орчимд Еийнд очиж 1 том пиво хувааж ууцгаасан. Мөн 2.5 литрийн 2 том пиво, мөн 1 шил архи нэмж авч ирээд, архийг нь Т, Х 2 хувааж уусан, пивыг нь Еэ уусан, М бид 2 бас пивоноос уулцсан. Архи пиво ууж байхад Еэ, Х хоорондоо муудалцаад байх шиг байхаар нь манай нөхөр Т “Хийг хоёулаа гарч уулзъя" гээд аваад гарсан. Гарсны дараа нь цонхоор харсан чинь Х манай нөхөр Тийг газарт унагаагаад хөлөөрөө өшиглөж зодож байхаар нь би Мтой хамт гараад болиоч ээ гээд Хийг болиулах гээд араас нь барьж авахад миний гараас мушгиад тонгорч унагаагаад нүүр рүү 1 удаа өшиглөсөн, толгой руу цохисон, тэгэхээр нь хөлөөс нь тэврээд унагаасан чинь бүгдийг нь ална гээд орилж хашхираад дайраад байхаар нь би хашааны амбаарын тэнд нэг богинохон банз байхаар нь аваад Хийн толгой руу нь цохисон чинь хальт цохиод дахин нэг толгой руу нь цохиход Хийн толгойноос нь цус гарсан тэгээд Х манай нөхрийг дахин зодоод бие рүү цохиж зууралдаад байхаар нь би болиоч ээ гээд үснээс нь зулгаасан чинь Еэ гарч ирээд Хийг холдуулаад болиулаад байшингийн тийшээ явсан, манай нөхөр араас нь очоод чи яахаараа намайг зоддог юм, миний эхнэрийг зоддог юм гээд Хийг чиглээд явахад би араас нь хутга барьсан байна боль гээд хажуу тийш нь татахад Х манай нөхрийн хэвлий хэсэг рүү нь нэг удаа хутгалсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/

 

Хохирогч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн "...Би 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хийн эхнэр хүүхдийн хамт Х, эхнэртэй нь пиво уугаад Хийнд хоносон. 10 дугаар сарын 22-ний өглөө эхнэр бид 2 Хийн хамтаар Еийнд 2.5 литрийн 1 пивотой очоод Х, Еэ, манай эхнэр бид нар хувааж уусан. Тэгээд би Еийн хамтаар дэлгүүр орж 2.5 литрийн пиво, 1 шил архи аваад Еийн гэрт очиж, Х бид 2 архи уугаад, пивыг нь Еэ, эхнэр нь /нэрийг нь мэдэхгүй/ манай эхнэр М нар уусан. Архи ууж байхад Еэ Х 2 хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би нэлээн согтсон тул. сайн санахгүй байна ямар ч байсан маргалдаад байсан, би Хтэй хамт гадаа гараад юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд миний гэдэснээс цус гарч байсан, Х намайг хутгалчих шиг болсон...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар тал/

 

Б.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: "...Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 09:00 цагийн орчимд өөрийн найз Еийнд Т, Маарт нарын хамтаар очсон. Замдаа 2.5 литр савлагаатай Сэрүүн нэртэй пиво нэгийг аваад очсон. Еийнд очиход манай найз Еэ эхнэр М нар гэртээ хүүхдүүдтэйгээ байж байсан. Т, М, Е, М бид нар нэг пиво хувааж уугаад Т 0.75л савлагаатай Хараа нэртэй архи нэгийг, 2.5л савлагаатай Сэрүүн нэртэй пиво 2 ширхгийг дэлгүүрээс аваад ирсэн. Архийг нь Т бид хоёр голдуу уусан пивыг Еэ, М, М нар ууцгаасан, архи пиво ууж байхдаа хоорондоо юм ярьж сууж байгаад би Еэтэй тоглоом шоглоом болгож маргаж нэг цохисон чинь Т бид хоёрын голоор орж ирээд надтай муудаад гэрээс гараад намайг авч гараад заамдаж аваад миний цээж хэсэгт мөргөхөөр нь би Тийг барьж аваад тонгорч унагаад дээр нь гараад нүүр хэсэг рүү нь цохисон гэтэл эхнэр Маарт нь гарч ирээд миний толгой хэсэгт банзаар цохисон би газар унасан. Газар унасан хойно Т босож ирээд миний баруун гар руу өшиглөсөн. Тэгээд би босож ирээд Ттэй зууралдаж байхдаа Мийг түлхсэн чинь зууралдаад салахгүй 2 уулаа нийлж дайраад байсан М миний толгой руу банзаар цохиж толгой хагалсан би толгойндоо 4 оёдол тавиулсан." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/

 

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн .. дугаартай “1. П.Мийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо...”, “Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...”, “Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23 дугаар тал/

 

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн .. дугаартай “ Б.Хийн биед толгойн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо...”, “Учирсан гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн аль нэгээр үүсгэгдэнэ...”, “Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 27 дугаар тал/

 

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн .. дугаартай “...1. Т.Тийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтлүүд тогтоогдлоо...,Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...”,Учирсан гэмтлүүд нь амь насанд аюултай Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт тул хамаарна." гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 31 дүгээр тал/

 

Гэрч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2023 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн өглөө Х, Т, Тийн эхнэр М нар манайд 09 цагийн үед 2.5 литрийн савлагаатай Сэрүүн нэртэй пиво барьж орж ирсэн. Тухайн пивыг Х Маарт, Т, манай нөхөр Еэ бид нар хувааж уусан. Тэгээд Т дэлгүүр яваад 2.5 литрийн савлагаатай пиво, 0.75 литрийн хараа нэртэй архи авч ирээд манай нөхөр архи уудаггүй гээд Т, Х нар архи хувааж ууж нэлээн удаан суусан, ууж байх хооронд Маарт бид 2 хоол хийсэн, би хүүхдүүдээ урагшаа найзындаа хүргэж өгсөн би пивоноос бага зэрэг л уусан. Тэгээд Т, Х нар нэлээн согтсон байсан тул гэрт амраагаад явуулах гэтэл ердөө унтаагүй манай нөхөр Есөн эрдэнэ унтаад өгсөн. Тэгээд үдээс хойш Маарт бид 2 тамхилах зуур нөхөр сэрчихсэн Х, Т нартай юм яриад сууж байгаад Х манай нөхөр 2 бие бие нээ цохиж түлхээд өмнө нь ч тэгж тоглодог байсан хэрүүл маргаан хийхгүй зүгээр тоглож цохиход Т Хийг гарч уулзъя гээд аваад гараад хоорондоо барилдаж ноцолдоод байхаар нь Маарт бид 2 гадаа гарахад Т, Хийг заамдаад чирээд унагасан байдалтай 2 уулаа газарт унасан байдалтай ба Маарт "чи миний нөхрийг зодлоо” гээд Хийн үснээс зулгаагаад цааш нь түлхээд Маартыг унагасан тэгэхэд Маарт хашааны хажууд банзнаас аваад Хийн толгой руу нь 3 удаа цохиход би Маартыг татаж аваад чи хүн аллаа шүү дээ гээд татахад хойшоо болсон, Хийн толгойноос цус гарахаар нь би гэр лүү гүйж ороод нөхрийг дуудаад гарч ирэх хооронд, Маарт манай нөхрийг хутгалчихлаа гээд хашхирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар тал/,

Гэрч Р.Еийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Даланжаргалан сумын 5 дугаар багт Майхан овоо 423 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Х, Т, Тийн эхнэр М нар манайд 09 цагийн үед 2.5 литрийн том пивотой ирээд бид нар хувааж уугаад Т дэлгүүр рүү явж 2.5 литрийн 2 пиво, 0.75 литрийн архи авч ирсэн ба Х, Т нар архийг нь хувааж уусан би Маарттай 1 пивыг нь хувааж уусан. Тэгээд би хэсэг унтаж байгаад сэрэхэд архиа ууж дуусаагүй байсан ба би пивоноос 2 аяга уусан, би Хт хандан одоо архиа болиод харьж амар нэлээн согтсон байна гэж хэлэхэд Х за яах вэ дээ гээд инээгээд миний гар руу тоглоомоор цохиод гарч тамхилахаар болж Х, Т бид 3 тамхи татаад юм яриад зогсож байтал, Т Хийг барилдъя гээд зууралдаад байхаар нь би гэрт орчхоод хүүхдээ харангаа цонхоор хартал хоорондоо ноцолдож зодолдоод байхаар нь Маарт, эхнэр М хоёрыг гараад салга гэхэд Маарт эхэлж гараад хураалгатай модноос нэг банз аваад Хийн толгой руу цохисон...”, “...тэгээд гэнэт л хутгалчихлаа гээд Маарт орилохоор нь гараад харахад Хийн гарт нь хутга байсан, Т цамцаараа гэдсээ ороогоод байж байсан, би Хийг хутгаа өг хутгаа хая чи хүн хутгалчихлаа ш дээ гэхэд хутгаа атгачихаад тавихгүй орилж хашгирч байгаад хутгыг нь тавиулаад цагдаа түргэн дуудъя гээд дуудсан...”гэсэн мэдүүлэг. /хх-ийн 55-56 дугаар тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 87,124 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Х нь 2023 оны 10 дугаар сарын 22-ний өдөр  Дорноговь аймгийн ... тоотод оршин суух Р.Еийд очсон байхдаа  Т.Т, Р.Еэ нарын хамт согтууруулах ундаа хэрэглэж улмаар Т.Ттэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдох үедээ түүний хэвлийн хэсэгт хутгаар нэг удаа хутгалж  хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч П.Мийн “...Х манай нөхөр Тийг газарт унагаагаад хөлөөрөө өшиглөж зодож байхаар нь би Мтой хамт гараад болиоч ээ гээд Хийг болиулах гээд араас нь барьж авахад ... манай нөхөр араас нь очоод чи яахаараа намайг зоддог юм, миний эхнэрийг зоддог юм гээд Хийг чиглээд явахад би араас нь хутга барьсан байна боль гээд хажуу тийш нь татахад Х манай нөхрийн хэвлий хэсэг рүү нэг удаа хутгалсан..." гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Тийн “Би нэлээн согтсон тул сайн санахгүй байна ямар ч байсан маргалдаад байсан, би Хтэй хамт гадаа гараад юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд миний гэдэснээс цус гарч байсан, Х намайг хутгалчих шиг болсон...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Мын “...Х манай нөхөр 2 бие биеэ цохиж түлхээд өмнө нь ч тэгж тоглодог байсан хэрүүл маргаан хийхгүй зүгээр тоглож цохиход Т Хийг гарч уулзъя гээд авч гараад хоорондоо барилдаж ноцолдоод байхаар нь би гэр лүү гүйж ороод нөхрийг дуудаад гарч ирэх хооронд, ...Маарт манай нөхрийг хутгалчихлаа гээд хашгирсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Р.Еийн “...гэнэт л хутгалчихлаа гээд Маарт орилохоор нь гараад харахад Хийн гарт нь хутга байсан, Т цамцаараа гэдсээ ороогоод байж байсан, би Хийг хутгаа өг хутгаа хая чи хүн хутгалчихлаа ш дээ гэхэд хутгаа атгачихаад тавихгүй орилж хашгирч байгаад хутгыг нь тавиулаад цагдаа түргэн дуудъя гээд дуудсан” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн .. дугаартай “Т.Тийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтлүүд тогтоогдлоо, Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,Учирсан гэмтлүүд нь амь насанд аюултай, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлт, өвчний түүх зэрэг нотлох баримтаар, шүүгдэгч П.М нь Б.Хийг “нөхөр зодлоо ” гэх шалтгаанаар түүний толгойн тус газар нь 67 см урттай банзаар цохиж эрүүл мэндэд нь толгойн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Б.Х нь Т.Ттэй зодолдох явцдаа нөхрөө өмөөрсөн П.Мийн нүүр лүү цохиж, түүнийг түлхэж унагасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрч Н.М, Р.Еэ нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн .., ..  дугаартай  шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Х, П.М нарын холбогдсон гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт” хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох, хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.

 

“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн, зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ.

 

Иймд шүүгдэгч Б.Х, П.М нарын дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл ба уг үйлдлийг хийснээр хохирогчид хохирол учрахыг мэдсээр байж өөрөө хүсэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Х нь хохирогч Т.Тийн хэвлий хэсэгт хутгалж  хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа бүхий амь насанд аюултай гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай анийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг, мөн хохирогч П.Мийг нүүр рүү цохин, түлхэж унагаснаас биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч П.М нь өөрийн нөхөр Т.Тийг өмөөрөн Б.Хийн толгой руу 67 см хэмжээтэй хугархай банзаар цохиж биед нь толгойн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгч Б.Х, П.М нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд хяналтын прокуророос шүүгдэгч Б.Х, П.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч П.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж  үзлээ.

 

Шүүх хэргийг бүхэлд нь хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Өмгөөлөгч Ж.Хүдэрчулуунаас: Б.Хийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан шинж байна гэж үзсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.

 Шүүгдэгч Б.Х нь хохирогч Т.Ттэй зодолдож байх үед шүүгдэгч П.М нь нөхрөө зодлоо гэж түүний толгой руу банзаар цохисон үйлдэлд шүүгдэгч Б.Хийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

 

Гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нөлөөлжээ.

 

           Хохирол төлбөрийн талаар: Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Тийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь 5,000,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлөхөөр зөвшөөрч  мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,400,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх хохирлын төлбөрийг гаргуулах тухай шүүхийн шийдвэрийг танилцуулсны дараа шүүгдэгч нь хохирол нөхөн төлөх үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд 2,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 1,600,000 төгрөгт мал авахаар тохиролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон  шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч П.М нь  бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болголоо.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоох

Шүүгдэгч П.Мт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах

Өмгөөлөгч С.Шинэбаяраас шүүгдэгч П.Мт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах

Өмгөөлөгч Ж.Хүдэрчулуунаас шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх санал гаргаж оролцсон байна.

 

            Шүүгдэгч Б.Х нь шүүхийн шатанд 3,600,000 төгрөгөөс 1,600,000 төгрөгийг төлж, 1,600,000 төгрөгт хавар мал өгөхөөр тохиролцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” бол гэсэн шаардлагыг хангаагүй байх тул хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

            Шүүхээс шүүгдэгч Б.Хийн хувийн байдал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хор уршиг учирсан, эрүүгийн хариуцлага хүлээж байсан, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж

Шүүгдэгч Б.Хт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

        Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн иштэй, хар өнгийн даавуун хуйтай, 21.5 см урттай хутга нэг ширхэг, 67 см урттай хагархай банз нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

  

1.Шүүгдэгч Б.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч П.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Шүүгдэгч П.М, Б.Х нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хээс 1,600,000 төгрөг гаргуулж хохирогч          Т.Тт олгосугай.

 

7.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч П.М бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн иштэй, хар өнгийн даавуун хуйтай, нийт 21.5 см урттай хутга нэг ширхэг,  67 см урттай хагархай банз нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч П.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН     

 

   ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  Ж.БАЙГАЛМАА

 

                       ШҮҮГЧ                                  Б.ОДБАЯР