Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2020/02923

 

                                      

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 28 өдөр                  Дугаар 183/ШШ2020/02923                             Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Буянт-Ухаа наадамчдын гудамж 0000 тоотод оршин суух, А.О /РД: 0000/-ийн нэхэмжлэлтэй,    

       

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, мандал 00 гудамж 00 тоотод оршин суух Н.Б /РД:0000/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О, хариуцагч Н.Б, нарийн бичгийн даргаар Б.Батмандал нар оролцов.                                                   

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Н.Б-тэй 2014 онд танилцаж, 2015 оноос хамтран амьдарсан. Бидний охин Б.Х нь 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. Охиноо төрөхөд Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэний бүртгэлийн хэлтэст өргөдөл өгөн охин маань эцгээрээ овоглосон.  Бид зан харьцааны зөрчлөөс болж 2016 оны 10 сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд нөхөр маань одоо эхнэр хүүхэдтэй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Охин Б.Х нь энэ жил цэцэрлэгийн ахлах бүлэгт суралцаж байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд охин Б.Х-д хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарлахдаа: Би нэхэмжлэгчтэй 2015 оны 09 сараас 2016 оны 10 сар хүртэл хугацаанд бид хамт өрх тусгаарлан Сонгинохайрхан дүүрэгт гэр барьж амьдарч байгаад хувийн таарамжгүй байдлаас болж салсан. Энэ хугацаанд буюу 2015 оны 08 сарын 08-ны өдөр бидний охин төрсөн байдаг. Мөн бид хамт амьдарч байх хугацаандаа 3 удаа салж байсан буюу нэхэмжлэгч хүүхэд аваад гэрээсээ явчихдаг байсан. Яагаад удаа дараа хэрүүл хийгээд яваад байдаг байсан бэ гэхээр миний бодлоор ар гэрээс нь болоод маргадаг байсан. Би тухайн үед аль болох өөрийн боломжоороо 5 ханатай гэр барьж амьдарсан. Тэгэхэд нэхэмжлэгч гэрт амьдарч чадахгүй гэж хэлдэг байсан. Надад байр авах боломж бололцоо байхгүй байсан учир тэр болгон хүслээр байж чадаагүй. Бидний дунд маргаан болж А.О-ийг гэрээс явах болгонд араас нь очиж уучлалт гуйдаг байсан. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар намайг эцэг хүний үүрэг, хариуцлага хүлээдэггүй байна гэж байна. Нэхэмжлэгч А.О гэрээс явахдаа миний аав, ээжтэй хэрүүл хийж хооронд нь хөндийрүүлж байсан. Хэдий би өөрийн төрсөн охиноо санаж байгаа ч энэ хүнтэй холбоо барихад надад үнэхээр хүнд байдаг байсан. Миний зүгээс өөрийн охиндоо тэтгэлгийг шүүх заасны дагуу гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Гэхдээ тэтгэлэг өгөх тал дээр хугацаа товлох хүсэлтэй байна. Яагаад гэхээр миний ажил 2021 оны 03 дугаар сар хүртэл түр зогссон. Түүнээс хойш ажил хэвийн үйл ажиллагаандаа ороход хүүхдийн тэтгэлгийг тогтсон хугацаанд нь өгнө гэдгийг хэлмээр байна” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч А.О-ийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

         Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд А.О, Н.Б нар нь 2014 онд танилцсан, 2015 оноос хамтран амьдарсан байх бөгөөд тэдний дундаас 2015.08.08-ны өдөр охин Б.Х төрж, хүүхэд эцгийн нэрийг авсан болох нь 0000 дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

 Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар 2015.08.08-ны өдөр төрсөн охин Б.Х, эцэг Н.Б, эх А.О нарын хооронд эрх, үүрэг үүснэ. 

 

Н.Б, А.О нар 2016 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байх бөгөөд энэ хугацаанд охин Б.Х эхийн асрамжид байсан ба хариуцагч Н.Б хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаагүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2015.08.08-ны өдөр төрсөн охин Б.Х /РД:/-г эх А.О ийн асрамжид үлдээсүгэй.  

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2015.08.08-ны өдөр төрсөн охин Б.Х-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Н.Б-ээс гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Б-ээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

        4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-ээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ