Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/43

 

 

 

 

 

 

  2024      01         04                                 2024/ШЦТ/43                          

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

Улсын яллагч П.Итгэл,

хохирогч: Э.Т ,

Шүүгдэгч: Д.И  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **овогтой Д.И-д холбогдох эрүүгийн 2303006280*** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1965 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, ** төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, М ХХК-д жолооч, ам бүл 1, ганцаараа ** дүүргийн ** дугаар хороо, ** гудамжны ** тоотод оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. * овогт Д.И   РД:******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.И нь ***-н урд замд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 06 цаг 50 минутын орчим Hyundai Universe маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мен дүрмийн 8.9 г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэснийг зөрчиж ногоон гэрлээр явган хүний зохицуулдаг гарцаар гарч байсан унадаг дугуйтай зорчигч Э.Т г мөргөж эрүүл мэндэд нь зүүн сүүжний дэлбэн ясны хугарал гэмтэл гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Д.И  нь “...***-н урд замд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 06 цаг 50 минутын орчим Hyundai Universe маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 8.9 г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэснийг зөрчиж ногоон гэрлээр явган хүний зохицуулдаг гарцаар гарч байсан унадаг дугуйтай зорчигч Э.Т г мөргөж эрүүл мэндэд нь зүүн сүүжний дэлбэн ясны хугарал гэмтэл гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 4-р хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9- р хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/,

 

Хохирогч Э.Т гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "Би 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө Үүрээр ажилдаа явах гээд 06 цаг 30 минутын орчим ***-н урд замд унадаг дугуйтай явган хүний гарцтай хэсгээр ногоон гэрэл асаад зам хөндлөн гарч байх үед ертөнцийн зүгээр зүүн талаас Hyundai Universe маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл намайг мөргөж осол гаргасан. Ослын дараа би ** үзүүлэхэд сүүжний яс хугаралтай байна гээд *** эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Ослын улмаас миний унаж явсан унадаг дугуй бүхэлдээ эвдэрсэн байсан. Би осол гарах үед явган хүний гарцтай хэсгийн ногоон гэрэл асахаар гарсан. Надад эмчилгээний зардалтай холбоотой эмчилгээний зардлын баримт байгаа. Би өөрийн эмчилгээний зардал болон ажилгүй байх үеийн цалин мөнгө, унадаг дугуйны хохирол төлбөрийн нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

 

Иргэний хариуцагч Х.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "Д.И  гэх хүн *** ажилтай байдаг бөгөөд ***, Ч-** чиглэлд өглөөний 06.00 цагаас орой 23.00 цагийн хооронд ажилладаг. Зам тээврийн ослын талаар надад хэлэхдээ ***-н урд замд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 06 цаг 50 минутын орчим дугуйтай хүн мөргөсөн талаараа хэлсэн. Тухайн ослын улмаас танай байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учраагүй. Манай байгууллагын тээврийн хэрэгсэлд осолд орохоос өмнө ямар нэгэн эвдрэл гэмтэл гэх зүйл байгаагүй. Надад тухайн хэрэгтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай байгууллага бусдад учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулна. Манай байгууллагын автобус Хаан даатгалтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч О.Н-н 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №120** дугаартай “1. Э.Т гийн биед зүүн сүүжний дэлбэн ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/,

 

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 52-56-р хуудас/,

 

Цагдаагийн ерөнхий газарын жолоочийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 35-р хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Мандахын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1100 дугаартай "1. Жолооч Д.И  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 8.9 г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэснийг тус тус зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна. 2. Явган зорчигч Э.Т  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний Дүрмийн 25.6. Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна." гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 60-р хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Д.И  нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Нэмж гаргах мэдүүлэг байхгүй... гэснийг

Хохирогч Э.Т  нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би улсын байгууллагад болон хувийн байгууллагад хоёр ажил хийдэг. Улсын байгууллагад ажиллаж байгаагаар тооцуулж цалингаа авсан боловч үр дүн, нэмэгдэл аваагүй. Харин нөгөө ажлаас цалин авах боломжгүй. Тухайн ослоос болоод би хазгар болсон. Баруун хурууны чигчий хуруу мэдээ алдсан. Манай гэрийнхэн ээлжээр ажлаасаа чөлөө аваад намайг асарсан. Гэртээ хэвтэж байхад сэтгэл санаа хүнд хэцүү байсан. Сэтгэл санааны хохирол болон эм тариа, түргэний тэрэгний хөлс гэх мэт зүйлсийн төлбөрийг нэхэмжилж байна. 16.000.000 төгрөгний баримтыг гаргаж өгсөн байгаа...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч Д.И г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Э.Т  нь шүүгдэгч Д.И-с өөрийн сэтгэцэд учирсан хохирол болон 16.000.000 төгрөгийг нэхэмжилсэн.  

Шүүхээс иргэний хариуцагч “** ” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хохирогч Э.Т д баримтаар нэхэмжилсэн 722.201 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 8.250.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 398.000 төгрөгийг гаргуулж олгуулахаар шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан иргэний хариуцагч Х.Г-н мэдүүлэг, 35 дугаар хуудсанд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 36 дугаар хуудсанд авагдсан **  ХХКомпанийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт, 56 дугаар хуудсанд авагдсан автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас зэрэг нотлох баримтуудаар тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь **  ХХК болон шүүгдэгч Д.И  нь тухайн байгууллагад автобусны жолоочоор ажилладаг болох нь тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар дээрх хохирол, төлбөрүүдийг иргэний хариуцагч **  ХХКомпаниас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Хохирогч Э.Т  нь шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ** ХХК-с худалдан авалт хийсэн гэх 9.000 төгрөгийн баримт, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ** сүлжээ эмийн сангаас худалдан авалт хийсэн гэх 19.200 төгрөгийн баримт, эмийн сангаас худалдан авалт хийсэн гэх 16.479 төгрөгийн баримт, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ** эмнэлэгт шинжилгээ хийлгэсний төлбөр болох 24.000 төгрөгийн баримт, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хэвлэгдсэн ** эмнэлэгт 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хэвтэн эмчлүүлсний төлбөр болох 100.000 төгрөгийн баримт, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр *** үйлчлүүлсэн гэх 120.000 төгрөгийн баримт, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ** эмийн сангаас худалдан авалт хийсэн гэх 11.500 төгрөгийг баримт, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ** ХХК-с худалдан авалт хийсэн гэх 21.950 төгрөгийн баримт, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ** ХХК-с худалдан авалт хийсэн гэх 44.520 төгрөгийн баримт, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ** ХХК-с худалдан авалт хийсэн гэх 4.000 төгрөгийн баримт, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ** сүлжээ эмийн сангаас худалдан авалт хийсэн гэх 1.400 төгрөгийн баримт, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ** сүлжээ эмийн сангаас худалдан авалт хийсэн гэх 3.400 төгрөгийн баримт, 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ** эмийн сангаас худалдан авалт хийсэн гэх 7.283 төгрөгийн баримт, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ** эмийн сангаас худалдан авалт хийсэн гэх 5.600 төгрөгийн баримт, ** гэх 6.500 төгрөгийн баримт, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ** эмийн сангаас худалдан авалт хийсэн гэх 7.160 төгрөгийн баримт, мөн шатахуун худалдан авсан талаар 320.209 төгрөгийн баримтууд зэргийн нотлох баримтад үнэлж 722.201 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Харин хохирогчоос гаргаж ирүүлсэн бусад баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, гэмт хэрэг болсон хугацаанаас өмнө хугацаанд хэвлэгдсэн баримтууд мөн хоол, тамхи, хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан баримтуудыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зайлшгүй гарах зардалд хамаарахгүй, өөрөөр хэлбэл хохирогчийн жам ёсны хэрэгцээ буюу өдөр тутмын хүнсний болон ахуйн хэрэглээний зүйл худалдан авсан байх тул тэдгээр баримтуудыг нотлох баримтаар үнэлж гаргуулах боломжгүй.

Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалуудаар хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь гуравдугаар зэрэглэлд хамаарахаар байна.

Энэ талаар хохирогчид танилцуулсан болох хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан ба хохирогч болон шүүгдэгч нь үүнтэй ямар нэгэн байдлаар маргаагүй.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг шинжээч томилж, тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдэхэд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 8.250.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв. 

Дээрх хохирлыг гаргуулж шийдвэрлэхдээ хохирогч Э.Т-гийн биед хүндэвтэр хохирол учирсан гэмтлийн байдал, тухайн гэмтлээс болж хохирогчид учирсан сөрөг үр дагавар, мөн түүнчлэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг тус тус харгалзаж үзлээ.

Хохирогч Э.Т  нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон цалин хөлстэй холбоотой баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс, иргэний хариуцагч нь хохирол төлсөнтэй холбоотой өөрт учирсан хохирлоо шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Д.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Д.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй... гэсэн дүгнэлтийг гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.И-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.И-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33-р тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-р тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 31-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Д.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

Шүүгдэгч * овогт Д.И-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний хариуцагч “***” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 722.201 /долоон зуун хорин хоёр мянга, хоёр зуун нэг/ төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 8.250.000 /найман сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, нийт 8.972.201 /найман сая есөн зуун далан хоёр мянга хоёр зуун нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Т-д 398.000 /гурван зуун ерөн найман мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Т нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлж, иргэний хариуцагч нь хохирол төлсөнтэй холбоотой өөрт учирсан хохирлуудаа шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ТҮВШИНТӨГС