| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/00159/И |
| Дугаар | 142/ШШ2020/00565 |
| Огноо | 2020-04-22 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 142/ШШ2020/00565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: М.М
Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Мтай 2007 онд гэр бүл болж М.М, М.М, М.М М.Мгэсэн 4 хүүтэй болсон. Гэвч 2010 оноос хоорондоо хэрүүл хийж, 2015 оноос намайг зодож гэмтэл учруулж байсан. 2016 оны эхээр Орхон аймгийн Сум дундын шүүхэд нэхэмжлэл өгч байсан. Эвлэрүүлэн зуучлахаар ороод эвлэрлийн 3 сарын хугацаа өгсөн. Тэрнээс хойш гайгүй байж байгаад 2017 онд дахин зодож гэмтэл учруулж байсан. Тухайн үед хүүхдүүд жаахан байсан учраас хуулийн байгууллагад хандаж байгаагүй. М.М 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 20 хоног баривчлах шийтгэл авч байсан. Цаашид энэ хүн байнга зодож хүчирхийлэл үйлдэж 4 хүүхдийн маань айлгаж, тэдний хүмүүжилд муугаар нөлөөлж, гэр орондоо ч амар тайван байж чадахгүй байгаа тул гэр бүлээ цуцлуулахыг хүсэж байна. 4 хүүхдээ би өөрийн асрамжиндаа авна гэж байсан боловч тогтосон ажил төрөлгүй, орон гэргүй байгаа тул хүүхдүүдээ эцэгт нь үлдээнэ. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч М.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Мишиг овогтой Мөнхбат нь 2007 онд Буян-Оршихын Болортуяатай гэр бүл болж, 2009 оноос 2013 оны хооронд дөрвөн хүүтэй болсон. Эхнэр Б.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад зарим нэг зүйл буруу алдаатай байгааг хэлмээр байна. Тодруулбал: 2016 онд маргалдаж ял эдэлж байгаагүй, мөн бид эвлэрүүлэн зуучлалаар орж байсан гэдэг нь худал юм. Тухайн үед цагдаа дээр байцаагдаж байгаад эвлэрч буцаагдсан. Би 2019 оны 05 дугаар сараас Улаанбаатар хотод “Андын зам” барилга угсралтын компанид ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ирсэн. Хотод ажил хийж байх хугацаанд Б.Б “он солигдохоос өмнө ирж гэрлэлтээ цуцалж өг” гэж удаа дараа шаардаж байсан. Энэ асуудлаас болж гэртээ ирсэн өдрөө эхнэртэйгээ маргалдаж нэг удаа алгадсан нь үнэн. Үүнээс болж цагдаад 20 хоног баривчлагдсан. 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ ирэхэд 4 хүүхэд маань эзэнгүй байсан. Эхнэр Б.Б 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш гэртээ ирээгүй. Өөрийн төрсөн аав Буян-Оршихынд ч очоогүй байсан. Хүүхдүүдээ орхиж явсан байсан. Би өөрийн биеэр очиж “гэртээ хүрээд ир, хүүхдүүд санаад байна, намайг боддоггүй юм аа гэхэд 4 хүүгээ өнчрүүлэхгүйгээр хүрээд ир” гэж гуйсан хэдий ч “тэр гэрт чинь очихгүй, цагдаа шүүхээр асуудлаа шийднэ” гээд ирэхгүй байгаа. Б.Б нь “4 хүүхдээсээ татгалзаж бичиг баримтыг нь миний нэр дээр шилжүүлж, эрх чөлөөтэй амьдармаар байна” гээд явсан. Миний хувьд эхнэрээсээ салж 4 хүүхдээ өнчрүүлж, элгийг харлуулмааргүй байна. Өнгөрсөн жилээс хойш эхнэрийн маань ааш өөрчлөгдөж, салж гэрлэлтээ цуцлуулах талаар ярьж хэрүүл хийх болсон. Энэ бүх үйлдлийг нь би сонсоогүй юм шиг өнгөрүүлж байсан. Одоогийн байдлаар би 4 хүүхдийн хамт Дэнж баг, нарлаг дэнжийн 1-15 тоот гэртээ амьдарч байна. Би эхнэртэйгээ уулзаж “хүүхдүүдтэйгээ очиж уулз” гэж гуйсан боловч зөвшөөрөөгүй, үл тоосон шинжтэй байгаа. Надад гомдсон гомдлоороо 4 хүүгээ өнчрүүлж байгаад би харамсаж байна. Би эхнэртээ гар хүрсэн нь үнэн, миний буруу. Салах бодол надад байхгүй гэж бодож байсан боловч эвлэрүүлэх хугацаанд бидний хоорондын харилцаа нааштай болсонгүй, энэ хүн салах хүсэлтэй байгаа бол хүслээр нь болъё гэж бодож байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М.Мад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамжийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Б.Б нь хүүхдүүдийн асрамжийг эцэгт нь үлдээхээр болж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.
Хариуцагч М.М гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдээ өөрийн асрамжинд байлгах, эхээс нь тэтгэлэг гаргуулахгүй гэж тайлбарлаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Зохигчид 2007 онд танилцаж, хамт амьдран 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэн 20 дугаартай гэрчилгээ авсан, гэрлэгсдийн дундаас 2009 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүү М.М, 2010 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүү М.Мөнхтулга, 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүү М.Мөнхболд, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү М.Мөнх-Эрдэнэ нар төрсөн бөгөөд одоо эрүүл өсөж байгаа болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, “Учралт баяр” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Орхон аймгийн 7 дугаар сургуулийн сургалтын менежер Д.Батцэцэгийн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэгсдийн гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцол, хардалтаас шалтгаалан хэрүүл маргаантай амьдарч байсан бөгөөд бие биенээ үл хүндэтгэх, харилцан буулт хийх чадваргүйн улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, гэрлэгчидэд эвлэрэх 2 сарын хугацааг шүүхээс олгож тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн боловч эвлэрэх хугацаанд гэрлэгчдийн харилцаанд ахиц гараагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хүүхдийн асрамжийн асуудлаар талууд маргаагүй бөгөөд хүүхдүүдийн шүүхэд гаргасан санал, эцэг эхийн амьдарч байгаа орчин нөхцөл зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан 2009 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү М.М, 2010 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү М.Мөнхтулга, 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү М.Мөнхболд, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү М.Мөнх-Эрдэнэ нарыг эцэг М.Мын асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгаж, гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.
Хэдийгээр хариуцагч М.М нь хүүхдийн тэтгэлэг эхээс нь гаргуулахгүй гэж тайлбарлаж байгаа боловч хуулиар ногдуулсан үүргийнхээ /Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль/ хүрээнд хүүхдүүдэд нэн тэргүүний хэрэгцээт болон шаардлагатай холбогдох зардлыг нэхэмжлэгч Б.Бгаас гаргуулахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.Маас 70 200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.