| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2024/0023/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/33 |
| Огноо | 2024-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/33
2024 01 02 2024/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Р.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч З.Жадамба,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нарыг оролцуулан эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Р.Б нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг, ““ караокены үүдэнд 2023 оны 10 дугаар сарын 06-аас 07-ны шилжих шөнө 01 цагийн орчим хохирогч Т.Б-тай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б мэдүүлэхдээ: “2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хамт караоке орсон. Караоке дотор байхад намайг түрүүлж цохиод хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь гадаа гараад цохисон. Хаана нь хэдэн удаа цохисноо сайн санахгүй байна. Хохирогчид эмчилгээний зардалд нь 530.000 төгрөг төлсөн” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.Б нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсэрт үйл ажиллагаа явуулдаг “““” караокены үүдэнд 2023 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнийн 01 цагийн орчим иргэн Т.Б-тай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Хохирогч Т.Б-гийн / хх 37-38 /: “...Би 2023 оны 10 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн үед ажлаа тараад компанийн ойролцоо байх машиндаа ажлын газрын залуус болох Б , О нартай хамт нэг шил архи уусан. Тэгээд бид гурвын араас хамт ажилладаг Р.Б түүний араас Д нар 00 цаг 30 минутын үед ирсэн. Тэгээд бид нэг шил архи уучихсан байсан тул бид 4 хамт караоке орохоор болоод Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн урлан бүтээх төвийн урд “” гэх караокед 01 цаг 30 минутын үед орсон. Тухайн үед би олон хоног нойргүй явсан учраас тэр үед уусан архиндаа өөрийгөө авч явах чадваргүй болсон байсан. Нэг мэдэхэд Р.Б миний дээр гарчихсан намайг цохиод зодож байсан. Тэр үед би цус нөжтэйгөө холилдчихсон байсан учраас цусаа арилгачихаад Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн чинь надад нэг эм бичиж өгсөн мөн толгойн имерай шинжилгээ хийлгэ гэсэн. ...Д нь тооцоогоо хийх гээд касс орчихоод иртэл намайг болон Р.Б бид хоёрыг зодолдож байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэссний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13985 дугаартай дүгнэлтэд:
1. Т.Б-гийн биед зүүн хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх 52-53 /,
Р.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн / хх 30 /: “...2023 оны 10 дугаар сарын 06-ны шөнө 01 цагийн үед “” гэх караоке ороод нэг цаг орчим болсон. Тэгээд бид нар гарах гэж байтал Т.Б гэх манай ажлын залуу үг хаяж над руу дайрсан. Тэгээд хэд хэдэн удаа цохиж байтал манай ажлын залуучууд “одоо больцгоо” гээд би түрүүлж найзтайгаа хамт гарсан. Тэгээд манай найз 00 орсон. Би үүдэн дээр хүлээж байсан. Тэгж байтал надтай муудалцаж байсан манай ажлын залуу болох Т.Б гарч ирсэн. Тэгээд намайг “гарах уу” гээд хамт гарсан. Тэгээд бид хоёр хоорондоо муудалцаж зодоон болсон. Манай ажлын залуучууд гарч ирээд салгасан. Тэгээд бид нар салсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Б-ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн Р.Б-ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Р.Б-ид ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Р.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Т.Б нь эмчилгээний баримтгүй боловч үзлэг эмра, эмчилгээ хийлгэсэн гэх 530.000 төгрөгийг шүүгдэгч Р.Б нь нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч нь цаашид хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлттай холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Р.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Р.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ