Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 420

 

 

 

 

                                                                                               

Ш.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Дуламсүрэн,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан, О.Мөнхболд,  

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/324 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ш.Болор-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1806 05277 0316 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

Ш.Б нь Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байх үедээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 18-19 цагийн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах 79 дүгээр бүрэн дунд сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр тоглож байсан 10 настай, эрэгтэй Мөнхтуяагийн Мөнххөлөгийн толгойн тус газар нь хөл бөмбөгийн хаалганы төмөр унаж амь насыг нь болгоомжгүй хохироосон,

мөн эрүүгийн 1806 05277 0316 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/76 дугаартай “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах” тухай тушаалыг хуурамчаар үйлдэн, хуурамч болохыг нь мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Ш.Б-ийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

 мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч нийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгөн нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Ш.Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг гурван сарын хугацаагаар хасаж 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 сарын хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Бд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 сарын хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бэс 900.000 төгрөг гаргуулж шинжээч Г.Гантөмөр, Б.Чулуунчимэг, Б.Нарантуяа нарт тэнцүү хуваан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Нийслэлийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр гаргасан А тушаалын архивын баримт” болох 128 хуудас бүхий 1 хавтас материалыг хэрэгцээний дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургуульд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мөнхтуяа, Д.Алтантуяа нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ш.Бэс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ш.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгаж, нэхэмжилсэн хохирлыг төлсөн, үлдэгдлийг сайн дураараа төлөхөө илэрхийлсэн, болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг мөн хугацааг тэнсэж, үүрэг хүлээлгэх эрүүгийн хариуцлага оногдуулах болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Мөнхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхээс Ш.Бд хорих ял болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ш.Б нь одоо 54 настай, улсын байгууллагад 30 гаруй жил ажилласан, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас тодорхой гавьяа шагнал авч байсан хүн. Энэхүү нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзэх байх гэж бодож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан. Шүүгдэгч Ш.Б нь хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан. Ш.Болор-Эрдэний хувьд эдгээр хуулийн заалтуудад заасан болзлыг бүрэн хангасан, давж заалдах гомдолдоо хүртэл гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Мөн Ш.Б нь “энэ асуудал нь миний буруу байна” гэж гэрчээр мэдүүлэг өгч байхдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан /1 хх 170/ зэргийг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол тэнсэх зохицуулалтад хамаарахгүй” гэж заасан. Гэтэл Ш.Болор-Эрдэний үйлдсэн гэмт хэргийн нэг нь болгоомжгүй, нөгөөх нь санаатай гэмт хэрэг учир тэнсэх зохицуулалтад хамаарна. Мөн Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд “Covid-19” цар тахал тархаж онц байдал зарласан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Covid-19” тахалд хамгийн өртөх эрсдэлтэй бүлгээр цагдан хоригдож байгаа болон шоронд ял эдэлж байгаа хүмүүсийг нэрлэсэн. Иймд дэлхийн улс орнууд шоронд ял эдэлж байгаа ялтнуудаа шоронгоос гаргаж байгаа бодлогийг баримталж байна. Монгол Улсад ч мөн энэ бодлогийг баримтлаасай гэж хүсэж байна. Иймд Ш.Болор-Эрдэний давж заалдах гомдлыг хангаж хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Ш.Б нь гэрчээр мэдүүлэг өгөх цагаасаа эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзаж үзээд хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Дуламсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ш.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хорих ялыг тэнсэж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар Ш.Бд оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжтой. Гэхдээ хохирол төлснөөр хохирол бүрэн барагдсан гэж үзэх боломжгүй. Учир нь, хүүхдийн амь нас хохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдэж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

 

            Шүүгдэгч Ш.Б нь:

1. Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байх үедээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 18-19 цагийн үед тоглож байсан 10 настай, эрэгтэй М. Мөнххөлөгийн толгойн тус газар нь газарт нэг хөл нь бэхлэгээгүй болсон байсан хөл бөмбөгийн төмөр хаалга унаж, М.Мөнххөлөгийн амь нас хохирсон болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтантуяагийн “...миний төрсөн дүү Ганхөлөгийн төрсөн хүү Мөнххөлөг байгаа юм. Тэгээд тэр хавьд байсан хүүхдүүдээс яасан юм гэж асуухад хөл бөмбөгийн талбай дээр хөл бөмбөг тоглож байгаад хөл бөмбөгийн талбайн хаалга урагшаа унаад, хаалганы хөндлөн төмөрт даруулсан гэж хэлсэн. Хөл бөмбөгийн хаалга гэх төмөр нь урагшаа тонгороод газар уначихсан байсан. Бид нар очиж сараалжин төмөр хашааных нь завсраар харахад тухайн орчинд цус болсон байсан. ...Тэр хөл бөмбөгний хаалга нь ямар ч бэхэлгээгүй сул байсан ба суурийнх нь нэг талын тулгуур төмөр гагнаасаараа салаад огт байхгүй байсан. Нэг талын тулгуур нь байхгүй болохоор догонцож хөдөлдөг, хааяа тэнцвэрээ алдаад урагшаа саваад уначихдаг байсан гэж тэр хавийн хүүхдүүд хэлж байсан. ...Хүүхдийн тоглох орчин ийм аюултай байсанд гомдож, буруутай хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна. ...” /1 хх 156/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мөнхтуяагийн “...Мөнххөлөг надаар овоглодог. Учир нь, Ганхөлөг бид хоёр албан ёсоор гэрлэж, гэрлэлтээ батлуулаагүй. ...Мөнххөлөг нөхрийн маань эгч Амьжаргал дээр өссөн. ...” /1 хх 159/,

насанд хүрээгүй гэрч Э.Анхбаярын “...2018 оны 6 дугаар сарын 18-ний орой 18 цагийн үед хөл бөмбөгийн талбайн урд хэсгийн хөл бөмбөгийн хаалгыг танихгүй 4 настай гэмээр жижиг эмэгтэй хүүхэд хөдөлгөөд савчуулаад байсан. Хаалга нь урагшаа унасан. Энэ үед хөл бөмбөгийн хаалгач хийж байсан Хөлөгөөгийн толгой дээр нь унаад Хөлөгөө гэдэг хүүхэд хөдлөхгүй хамар болон амнаас нь цус гараад байсан. ...” /1 хх 197-198/,

насанд хүрээгүй гэрч Ц.Хасарын “...Билгүүнээ Мөнххөлөг хоёр хуруудаад хожигдсон нь хаалгач хийнэ гээд Мөнххөлөг хожигдоод хаалгач хийсэн. Тэр үед нэг цэцэрлэгийн насны охин хаалганы арын төмрөөс зүүгдэхэд хаалга урагшаа унаад Хөлөгөөгийн толгой дээр унахаар нь хөлгөө гээд орилтол эргэж харж амжилгүй төмөрт цохиулж унаад даруулсан. Би ойртоод харахад амнаас нь цус асгарч байгаа байгаа юм шиг гоожиж байхаар нь бид гурав гүйж дэлгүүр ороод Билгүүний ээж Нямаа эгчийг түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэр хаалга гагнаасгүй бэхэлгээ муутай өрөөсөн талын тэнцвэр хөл нь байхгүй хөнгөхөн татахад л уначих гээд байдаг юм. Тэр цэцэрлэгийн насны хүүхэд арынх нь шонгоос зүүгдэж байгаад тэнцвэрийг нь алдуулаад унагачихсан. ...” /1 хх 201/,

насанд хүрээгүй гэрч С.Мөнхбаярын “...Мөнххөлөг нь хаалгач болж тоглож эхэлсэн. Энэ үед 5-6 орчим насны эмэгтэй хүүхэд ахынхаа хамт ирээд хөл бөмбөгийн хаалганы шонгийн арын тулаас төмрөөс зүүгдээд тоглож байгаа харагдсан. Ингээд намайг тоглож байх үед хаалга  тэр  чигтээ  урагш  унаж улмаар Мөнххөлөгийн толгойн тус газар нь цохиж доош унасан юм. Энэ хаалга унах үед Хасар бид хоёр сайн харсан. Найз Мөнххөлөг маань тэр чигтээ хаалгандаа даруулаад унасан. ...” /1 хх 203-204/,

гэрч Ц.Эрдэнэсайханы “...хөл бөмбөгийн талбайгаас 3 хүүхэд ахаа нааш ир хүүхдийн толгой дээр төмөр хаалга унасан гээд 2 хүүхэд нь сандарсан байдалтай уйлаад ирэхэд нь би талбай руу хамт гүйгээд очтол 10 орчим насны биеийн тамирын хослолтой эрэгтэй хүүхэд бөгсөөрөө газар суусан байдалтай, хамар амнаас нь цус гарсан, толгой нь хагарсан ухаангүй сууж харагдсан. Би тухайн үед сандраад яахаа мэдэхгүй хажууд байсан 4 хүүхдийг гэр орныг нь мэддэг бол эцэг эхийг нь яаралтай дууд гэж хэлээд явуулсан. ...5 орчим минут болж байхад сургуулийн манаач ах юу болсон талаар асуугаад ороод ирсэн. 10 орчим минутын дараа бас удаагүй түргэн ирсэн. ...” /1 хх 205-206/,

гэрч С.Сэнгэцамбын “...Хөл бөмбөгийн талбайн хойно, урд талд байдаг хоёр хаалганы урд талынх нь хөл бөмбөгийн хаалга газар унасан байсан. Газар унахдаа ертөнцийн зүгээр хойшоо /хөл бөмбөгийн хаалганыхаа хувьд бол урагшаа, талбайруугаа харж нүүр хэсгээрээ/ газар унасан байсан. Тухайн хүүхэд цохиж унасан хөл бөмбөгийн хаалганы зүүн талын суурь төмөр, суурь төмрийг дээшээ гагнаж тэнцвэрт байдлыг нь холбож гагнасан байсан багана төмөр хоёр хугараад байхгүй болчихсон байсан. Хөл бөмбөгийн хаалга эвдрэлтэй байсан. Хөл бөмбөгийн хаалганы нэг талын хөл, гуя хугараад байхгүй болчихсон байсныг би тухайн хэрэг гарсны дараа л мэдсэн. Тэрнээс өмнө хараагүй, мэдээгүй байсан. ...” /1 хх 174-175/,

гэрч Ш.Баянжаргалын “...Би хөл бөмбөгийн холбоонд хаалгачийн дасгалжуулагчийн ажлыг 10 гаран жил хийж байна. Хөл бөмбөгийн хаалганы стандартыг мэднэ. Хөл бөмбөгийн хаалганы нүүр хэсгийн П хэлбэртэй төмрөөс хойш хөл буюу тэнцвэржүүлэгч төмрийг гагнаж буюу боолтоор боосон байх ёстой. Хөл төмөр нь хаалгыг унахааргүй тэнцвэрт байдлыг бий болгосон байх ёстой. Тэнцвэрт байдал хэдийгээр бий болсон ч ард нь бэхэлсэн эсвэл суурь дээр нь хүндрүүлэгчийг бий болгож тавьсан байх ёстой. Тэгснээр хөл бөмбөгийн хаалга савж унахааргүй, бусдын бие махбодь, эрүүл мэндэд хохирол учруулахааргүй байх болно. Хөл бөмбөгийн хаалганы тэнцвэрт байдлыг хадгалдаг зүйл бол арын суурь хөл байгаа юм. Суурь төмрийн өрөөсөн тал хугарч үгүй болсон бол тэнцвэрт байдал алдагдаж унах магадлал өндөр болно. Өрөөсөн хөлтэй хүн шиг л болно гэсэн үг. Тийм хаалгатай талбайд хүүхэд тоглох аюултай. ...” /1 хх 182-184/,

гэрч С.Энхбаярын “...Сургуулийн хүүхдүүд бэлтгэл сургуулилт хийдэг. Амралтын өдөр тэр хавийн хүүхдүүд тоглодог юм. Хашаа нь цоожгүй, хаалга байхгүй. Тухайн хөл бөмбөгийн талбайг сургуулийн захиргаа хариуцдаг. Яг хариуцсан хүн байхгүй. Блокон хананаас гарч ирсэн ойролцоогоор эрхий хуруунаас үл ялиг бүдүүн арматураас турба нь гагнагдсан байдалтай хаалга байгаа юм. Тухайн ойр орчимд тоглож байсан 3-4 орчим насны эмэгтэй хүүхэд хаалга хөдөлгөөд байсан гэж дээрх сурагчид хэлж байсан. Миний ойлгосноор тухайн хаалга маань суларсан байсан гэж ойлгосон. ...” /1 хх 193-194/,

гэрч Г.Чанцалдуламын “...Сургуульд хөдөлмөр хамгааллын инженер гэсэн орон тоо байхгүй. Тийм хүн байдаггүй. ...” /1 хх 210/,

гэрч Б.Батцэцэгийн “...Өмч хамгааллын бүртгэлээс үзэхэд хөл бөмбөгийн талбай, тоглоомын талбай, тоног төхөөрөмжүүдийг нь сургуулийн тухайн өдрийн жижүүрүүд хариуцна гэж заасан байсан. ...хөл бөмбөгийн талбайд үзлэг шалгалт нэг удаа шалгалт хийлгэж байгаагүй. ...” /1 хх 212/,

гэрч А.Ууганбаярын “...Хэрэг гарсаны маргааш нь 79 дүгээр бүрэн дунд сургууль дээр очиж байсан. Захирал Ш.Бтэй уулзаж мэдээлэл авч байсан. ...Сургуулийн захирал Ш.Б нь Бага дунд боловсролын тухай хуулийн 20.2.9 дүгээр зүйл “багш, суралцагч, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 20 2.14 дүгээр зүйлд “сурагчийг сургуулийн ойр орчинд гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хяналт тавих”, 20.2.15 дугаар зүйлд сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих үүрэгтэй гэснийг зөрчсөн, Хөдөлмөрийн гэрээний 5.2, 5.3, 5.5, 5.6, 6.3 дугаар зүйлүүдэд заасан үүргийг биелүүлээгүй нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар бүлгийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэснийг зөрчсөн байдаг. ...” /1 хх 226-227/,

шинжээч Б.Нарантуяагийн “...Хөл бөмбөгийн талбайн хувьд Монгол Улсад стандарт байхгүй. Тухайн байгууллага нь хөл бөмбөгийн талбайн хаалт хамгаалалт осол аваар эрсдэлээс хамгаалж аюулгүй байдал бүрэн хангасан талбайтай байх ёстой. Гэтэл 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбай нь бэхэлгээ хаалт хамгаалалт байхгүй, хөл бөмбөгийн хаалга эвдрэлтэй удсан байсан учир энэ осол болсон. Хөл бөмбөгийн хаалганы хувьд зэвэрч муудаж хугарсан байсан. Энэ нь ашиглалтын хугацаа дууссан байсан. Дээрх аюулгүй байдлыг сургуулийн захирал хариуцан эрсдэлийг үнэлж солих үүрэгтэй байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28-р зүйлд зааснаар "Ажлын байранд аюул ослыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийж" ажиллах байсан юм. Хэрэв аюул осол гарах нөхцөл байдал бий болсон бол засаж янзлах, мөн аюултай гэж үзсэн тохиолдолд оруулахгүй битүүмжилж, цоожилж хараа хяналтад авах ёстой. ...” /2 хх 10-11/,

шинжээч Г.Гантөмөрийн “...Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайд болсон осол нь сургуулийн орчны сургалтын тоног төхөөрөмж техник хэрэгсэл, тэдгээрийн аюулгүй байдлыг хангуулах үүргээ биелүүлээгүй улмаас гарсан байна. Дээрх үүргийг сургуулийн захирал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шууд хүлээдэг. Уул шугамдаа захирал сургалтын орчинд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийж урьдчилан арга хэмжээ авах ёстой байсан. Нэг талаар сургуулийн орчинд сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийн стандарт, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авсан байх ёстой байсан. Сургуулийн осол болсон хөл бөмбөгийн хаалганы хувьд хугарч гэмтсэн, зэвэнд эдэгдсэн, суурь бэхлэгдээгүй байсан. Энэ бүхнийг сэргээн засварлаж бэхэлгээг засварлах үүргээ захирал биелүүлээгүй. ...” /2 хх 12-13/, “...осол болсон Ерөнхий боловсролын 79 дүгээр дунд сургуулийн хөлбөмбөгийн талбай нь сургуулийн сургалтын орчинд хамаарна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль дээр ажлын байрыг томьёолсон тодорхойлолт байдаг. Үүнд ажлын байр гэж иргэн ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих, ажил олгогчдын шууд ба шууд бус хяналт дор байх бүх байрыг хэлнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1-д заасан "хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих хөдөлмөрийн аюулгүй байдлыг, аж ахуй нэгж байгууллагын эзэн, захирал, ажил олгогч шууд хариуцана" гэж заасан байх тул 79 дүгээр сургуулийн орчны ажлын байр, сургалтын орчин, техник хэрэгслийг ашиглах үеийн багш сурагчдын аюулгүй байдлыг тус сургуулийн захирал шууд хариуцана. ...Монгол Улсад хөлбөмбөгийн талбай, хөлбөмбөгийн хаалга гэх ямар нэгэн стандарт байхгүй, харин сургуулийн тоног төхөөрөмжийн хувьд багш, ажилтан, сурагч нарын эрүүл мэнд аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Энэ нь Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм 3-13 т заасан байгаа. ...” /5 хх 6-8/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “...Талийгаач М.Мөнххөлөгийн цогцост гавлын орой, суурь ясны хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, уртавтар тархины цусархаг няцрал, хуйх, баруун чамархайн булчинд цус хуралт, зүүн зулайн хуйх, баруун чамархай, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач дээрх амьдрах боломжгүй гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. ...Тогтоогдсон гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. ...” гэх шинжээчийн 1370 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /1 хх 229-232/,

 

Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөр, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Чулуунчимэг, Б.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “1. Баянзүрх дүүргийн 79 дүгээр дунд сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр 10 настай, эрэгтэй хүүхэд хөл бөмбөгийн хаалганд дарагдаж нас барсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, БСШУ-ны 2010 оны 471-р тушаалаар баталсан "Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм"-ийн холбогдох заалтууд зөрчигдсөн байна.

2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4./ ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/ гэж заасныг баримтлан ажлын байр, сургалтын орчин /хөл бөмбөгийн талбай/, техник хэрэгсэл /хөл бөмбөгийн талбай хаалга/-ыг ашиглах явцад багш, ажилтан, суралцагчдыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй. Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.9./ багш, суралцагч, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх/-ийг; БСШУ-ны 2010 оны 471 дүгээр тушаалаар баталсан "Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм"-ийн 3.13. “Сургуулийн гадаад, дотоод орчин, сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, бодис урвалж, хэрэглэгдэхүүний хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллана” гэснийг тус тус зөрчиж сургуулийн гадаад орчин, сургалтын техник хэрэгслийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал, эрүүл ахуй шаардлагыг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй, суралцагчдын сургалтын техник хэрэгслийн /хөл бөмбөгийн талбайд суурьлуулсан төмөр "хөл бөмбөгийн хаалга" нь хугарч гэмтсэн, суурийн бэхэлгээ хийгдээгүй, төмөр хаалгыг унахааргүй тэнцвэржүүлэгч бүхий хүндрүүлэгч хийгдээгүй/ аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлээгүй байна.

3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1./Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэж заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг 79 дүгээр дунд сургуулийн захирал Ш.Б хүлээнэ.

4. 79 дүгээр дунд сургуулийн захирал Ш.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.6, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.9, БСШУ-ны 2010 оны 471-р тушаалаар баталсан "Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм"-ийн 3.13-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

5. 79 дүгээр сургуулийн эзэмшлийн хөл бөмбөгийн хаалга нь БСШУ-ны 2010 оны 471 дүгээр тушаалаар баталсан "Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм"-ийн 6.2. /Сургууль нь хичээлийн танхимаас гадна осол аюулгүйн болон эрүүл ахуйн дүрмийн дагуу тоноглосон хичээлийн төрөлжсөн кабинет, лаборатори, номын сан, уншлагын танхим, багш, хүүхэд хөгжпийн төв, биеийн тамирын зал, талбай, ногоон байгууламж, эмчийн өрөө, цайны газар /хоол, хүнсний үйлчилгээ/, захиргаа, аж ахуйн өрөө, тасалгаатай байна./ гэж заасны дагуу аюулгүйн болон эрүүл ахуйн шаардлага хангаагүй/ суурийн бэхэлгээ, хүндрүүлэгч хийгдээгүй, эвдрэл гэмтэлтэй байсан. ...” гэх ХАБ-2019/03 дугаартай дүгнэлт /1 хх 243-244/,

 

хөл бөмбөгийн хаалганд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зураг /1 хх 22-25/,

 

Ш.Болор-Эрдэнийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалт”-д хамрагдсан сертификатын хуулбар /1 хх 69/,

 

Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн хөдөлмөрийн дотоод журам /1 хх 78-88/,  

 

Ш.Болор-Эрдэнийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1 хх 89-102/ зэрэг баримтуудаар,

 

2. Эрүүгийн 1806 05277 0316 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/76 дугаартай “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах” тухай тушаалыг хуурамчаар үйлдэн, хуурамч болохыг нь мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн болох нь:

 

гэрч П.Оюун-Эрдэнийн “...Энэ тушаал нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсныг ослын дараа болон мэдэхээс өмнө нь бидэнд танилцуулж байсан удаа байхгүй. ...” /2 хх 67/,

гэрч М.Бямбадоржийн “...Би хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл энэ сургуульд байсан гэж огт мэдэхгүй байна. Энэ талаар сонсож байгаагүй. Тэр батлагдсан журмыг нь ч харж байгаагүй, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл гэж хурал цуглаан сургалт ямар нэг зүйл 2005 оноос хойш огт болж байгаагүй. Ерөнхий боловсролын сургуульд хөдөлмөрийн хичээл дээр л аюулгүй ажиллагааны дүрэм гэж байдгаас өөр зүйл байдаггүй. ...” /2 хх 68/,

гэрч Н.Даваагийн “...Би энэ тушаалыг мэдэхгүй байна. Тухайн үед нь танилцуулж байгаагүй. Энэ осол болсноос 2 cap гарангийн дараагаар ийм тушаал гарсан. Би хэнээс хэрхэн яаж мэдсэн талаараа санахгүй байна. Тэгээд нарийн бичиг Баярцэцэгээс асуухад та гишүүнд нь орчихсон, ийм тушаал байна гэж хэлсэн. ...” /2 хх 70/,

гэрч Г.Алтанцэцэгийн “...2018 оны 6 дугаар сарын сүүлээр байх энэ осол болсноос хойш 10-14 хоногийн дараа Болор-Эрдэнэ захирал манай сургуулийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүн нь та байгаа юм. Хийсэн ажлынхаа тайлан мэдээг өг гэснээр сургуулийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүн би юм байна гэж мэдсэн. Түүнээс өмнө нь ийм зөвлөл байдаг гэдгийг мэдээгүй, ийм тушаал гарсныг мэдээгүй надад болон бусад хүмүүст ч танилцуулаагүй байсан. Би ямар учраас ийм тушаал танилцуулаагүй болохыг огт мэдэхгүй байна. ...” /2 хх 71/,

гэрч Н.Марал-Одын “...Намайг нягтлан бодогчоор болон нярваар ажиллаж байх хугацаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах тухай тушаал гарч байсныг би мэдэхгүй байна. Би санахгүй биш мэдэхгүй байна. Ийм тушаал сонсож, харж байгаагүй. ...Анх удаа яг өнөөдөр цагдаагийн байгууллагад дуудагдан ирснээр энэ тушаалын талаар мэдлээ. ...” /4 хх 83/,

гэрч Г.Майцэцэгийн “...Би энэ талаар огт мэдээгүй байж байгаад 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр сургуулийн хөл бөмбөгийн талбайд болсон ослын талаар цагдаагийн байгууллагад дуудагдан мэдүүлэг өгөхөөс өмнө буюу 20 хоногийн өмнө Дугармаа захирлын өрөөнд харсан. Надад Дугармаа захирал тэр тушаалыг ийм тушаал байна гэж үзүүлснээр мэдсэн. Энэ тушаалын талаар би болон бусад зөвлөлийн гишүүд огт мэдээгүй надтай адил цаг хугацаанд л мэдсэн байсан. ...Энэ талаар мэдчихээд би санхүүгийн архивын баримт бичгүүдийг үзсэн. Тэгэхэд манай санхүүд А/76 гэсэн дугаар бүхий ямар нэгэн тушаал байхгүй байна лээ. ...” /4 хх 89/,

шинжээч Г.Гантөмөрийн “...Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/76 дугаартай танилцлаа. Ерөнхий боловсролын дунд сургуулийн хувьд дээрх зөвлөл байгуулах боломжтой. Дээрх зөвлөл нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалаа хариуцна. Уг зөвлөл нь аж ахуйн нэгжүүдэд заавал байх шаардлагатай зөвлөл байгаа юм. А/76 тушаалын хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27-р зүйлийн 27.6 дахь хэсгийг үндэслэн тушаал гаргасан байгаа нь буруу үндэслэл бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27-р зүйлийн 27.2, Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 дүгээр тушаалд заасан журмын дагуу зөвлөлийг байгуулах ёстой байсан. А/76 тушаалаар байгуулсан зөвлөл осол болох үед байсан тохиолдолд сургуулийн захирал биш уг зөвлөл осол гарсан хариуцлагыг хүлээх байсан юм. ...” /4 хх 100/,

гэрч У.Дугармаагийн “...2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн засаг даргын захирамжаар Ш.Болор-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн. Тэгээд дараа нь 2019 оны 02 сард байх Болор-Эрдэнэ өөрийнхөө өмгөөлөгч гэх нэг танихгүй залуугийн хамтаар утсаар очно хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн зөвлөл байгуулсан тушаал байгаа гаргаад бэлдээд байж байгаарай гэж хэлсэн. Тэгж хэлснийх нь дагуу баримтуудаа үзсэн, тэгтэл энэ А/76 гэдэг тушаал гарч ирсэн бөгөөд анх удаагаа би мэдсэн юм. Яг тухайн он, cap, өдрийг би мэдэхгүй байна. Ойролцоогоор 2019 оны цагаан сарын үед байсан. Би энэ тушаалыг үзчихээд ийм тушаал байдаг л юм байхдаа гэж бодоод тушаалыг нь хуулбарлаж авчихаад байж байтал манай нягтлан бодогч Майцэцэг орж ирж харчихаад “юу вэ би хэзээ ийм зөвлөлийн гишүүн болчихвоо” гэсэн. Тэгэхээр нь би Майцэцэгээс чи өөрийгөө мэддэггүй юм уу чамд танилцуулаагүй хэрэг үү гэтэл би энэ тушаалыг анх удаагаа харж байна гэсэн. Тэгээд би чи өөрөө байгаагүй юм байлгүй дээ гэж хэлсэн ба тэгээд нягтлан бодогч гарч явсны дараа Болор-Эрдэнэ захирал орж ирээд А/76 дугаартай захирлын тушаалынхаа хуулбарыг аваад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаагийн байгууллагаас уг зөвлөлийн гишүүдийг надаар дуудуулсан ба зөвлөлийн гишүүд мэдүүлгээ өгч ирчихээд бид нар мэдээгүй гэж ярьж байсан. Би тэр талаар тоогоогүй, сонирхож асуугаагүй. Надад энэ талаар мэдэх зүйл үнэндээ алга. Ямар ч байсан зөвлөлийн гишүүдээс нэг ч хүн энэ талаар мэдэхгүй байсан. Ямар учраас товъёог зөрж, ямар учраас хүмүүст танилцуулаагүй болохыг би мэдэхгүй байна. ...” /4 хх 103/,

гэрч Ц.Баярцэцэгийн “...Би өмнө нь 2 удаа мэдүүлэг өгсөн. ...Дээрх тушаалыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргаагүй, Ш.Б захирал 2018 онд ийм зөвлөл байх ёстой юм байна гэж нөхөж бичүүлж гаргуулсан. Би зөвхөн тушаалын эх хувийг Ш.Болор-Эрдэнийн хэлснээр бичиж гаргасан. Харин хавсралтыг би гаргаагүй Ш.Б файл хэлбэрээр авч ирснийг би гаргасан. Түүнээс шивж бичээгүй, энэ тушаалыг надад өгөөд 2017 оны тушаал шийдвэрүүд дэх баримтад хийгээд оны сүүлээр оруулах боломжтой юу боломжтой бол оруулчихаарай гэж хэлсэн. Тэгэхээр би 2017 оны тушаал шийдвэрүүд дэх тушаалуудаа харж үзэж байгаад боломжтой хэсэгт нь буюу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/76 гэсэн тушаалын оронд хийсэн. Тухайн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/76 гэсэн тушаалыг хэрхэн яасныг би мэдэхгүй, санахгүй байна. Би захирлын хэлснээр л хийсэн. Түүнээс би санаачилж 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр оруулчихъя гэж архивын нэгжид хийсэн зүйл байхгүй. Миний хувьд захирлын хий гэснийг л хийдэг. …” /5 хх 36/ гэх мэдүүлгүүд,

 

баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 73-79/;

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын систем гэх онлайн профамм болон Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн 2017 оны A тушаалын архивын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 хх 120-146/,

 

үндсэн үйл ажиллагааны чиглэлээр гарсан "А" тушаал" гэсэн бичигтэй 1-128 хуудас бүхий архивын нэгжийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /4 хх 246/,

 

Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/76 дугаартай Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах тухай тушаал, тушаалын хавсралт бүхий 3 хуудас материалыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /4 хх 105/,

 

Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/76 дугаартай тушаал, тушаалын хавсралт Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүү ахуйн зөвлөлийн ажиллах журам эх хувиараа /4 хх 106-108/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Ш.Болор-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний амь насныг болгоомжгүйгээр хохироох...”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх...” гэмт хэргийн шинжтэй талаар дүгнэсэн анхан шатны дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээгээр Ш.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Ш.Болор-Эрдэнийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтантуяа нь “...санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тайлбарыг бичгээр гаргасан ба шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мөнхтуяа, Д.Алтантуяа нарт төлөхөөр тохиролцсон төлбөрүүдийг шүүгдэгч Ш.Б бүрэн барагдуулсан болох нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн баримтуудаар нотлогдож байна.

Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн Ш.Болор-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан Ш.Бд анхан шатны шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялын хөнгөрүүлж болно...” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хөнгөрүүлж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болгон өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хасах ялыг хассан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн шийтгэх тогтоолоор Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан “...нийтийн албанд ажиллах эрхийг гурван сарын хугацаагаар хассан...” ялыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/324 дугаартай шийтгэх тогтоолын:

 

а. тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар, …” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй...” гэж өөрчилсүгэй.

 

б. Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...нийтийн албанд ажиллах эрхийг гурван сарын хугацаагаар хасаж...” гэснийг, мөн 3, 4, 7 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.  

 

в. Тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ш.Бд мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

 

г. тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Ш.Болор-Эрдэнийг нэн даруй сулласугай.

 

3. Ш.Б энэ хэрэгт 45 /дөчин тав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

                                 ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ