Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 76

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Х.Одбаяр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

улсын яллагч А.Оюунгэрэл,

иргэдийн төлөөлөгч Г.Нарантуяа,

хохирогч М.Анхжаргал,

шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Итгэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Мөнхцэцэгийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626031484 дугаартай хэргийг 2017 оны 01 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, эхнэр, 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Авто засварын 3 дугаар байрны 4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мөнхцэцэгийн Мөнх-Эрдэнэ /РД: ШД86040978/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 00 цагийн орчим, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 3 дугаар гудамжны 65 тоотод танхайн сэдэлтээр, намайг зодох гэж ирлээ, томорлоо гэх үл ялих шалтгаанаар, согтуугаар нийгмийн хэв журмыг зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч  хэрэглэн, зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн иргэн М.Анхжаргалын хэвлий хэсэгт 1 удаа, өгзөг хэсэгт 1 удаа тус тус хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ: “...2016 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих орой би гудамжинд Анхаатай тааралдаад тамхи байна уу ахын дүү гэхэд өөдөөс томрохоор нь битгий далчиганаад байгаарай гээд 1 алгадаад явсан. Тэгээд хойшоо айл руу очоод, тэр айлын эгч ах хоёрт танайд жоохон унтчихаад явъя, намайг согтуу орохоор авгай уурлаад байдаг юм гэхэд тэг тэг гэсэн. Би тэр айлд унтаж байсан. Тэгээд шөнө 01 цагийн үед гадаа чанга дуугараад байхаар нь би гайхаад, юу болоод байгаа юм бол гэж бодоод хэвтэж байсан, гэтэл намайг өшиглөөд авсан. Би босоод ирсэн чинь Анхаа, Манингаа 2 орж ирсэн байсан, Манингаа цаана унтаж байсан ах эгч хоёрыг татаж чангаагаад байсан, Анхаа намайг өшиглөчихөөд нөгөө талын орон дээр сууж байхад нь би чи яагаад байгаа юм бэ гээд барилцаж авсан. Тэрнээс биш би шууд орж ирэхэд нь ахыгаа зодох гэж ирсэн юм уу гэж огт хэлээгүй. Тэгээд барилцаж авсан чинь Анхаа, Эрдэнээ ахаа та яаж байгаа юм бэ гэхээр нь хартал гар нь цус болсон байсан. Би маш их айгаад сандарсан. Тэгээд  Анхааг гэр лүү нь үүрч аваачаад би өөрөө түргэн, цагдаа дуудсан. Эхнэр нь цагдаад Анхааг жаахан согтуу байсан гэж хэлж байсан. Би бас ээждээ цагдаа, түргэн дуудаарай гэж хэлсэн. Тухайн үед намайг зугтаасан гэж ярих шиг боллоо. Би зугатаагаагүй, их айсан байсан боловч түргэн, цагдааг дуудсан. Би Анхааг үүрч гэрт нь хүргэж өгсөн өөрийнхөө ээжийг дуудсан...” гэв.

Хохирогч Ч.Анхжаргал: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой 10 цаг  өнгөрөөгөөд ажлаа тараад гэртээ ирсэн. Манай эхнэр төрөөд 10 хоногтой хүүхэдтэй, гадагшаа гарч чадаагүй байсан. Дэлгүүр орж амжсангүй гэхээр нь би  дэлгүүрээс  банш, бууз, сүү гээд хоёр гартаа тортой юм бариад явж байтал Сансар ах, Ариунбаатар ах хоёртой тааралдаад мэндэлсэн, тэгтэл  Эрдэнээ ах араас нь хашаанаасаа гарч ирээд тамхи байна уу гэсэн, би байхгүй тамхи аваагүй байна гэхэд, чи яасан том болчихсон юм бэ гээд намайг нэг удаа алгадаад авсан. Би юу ч бодоогүй согтуу хүнтэй юм яриад яахав гээд гэртээ орсон. Тэгтэл эхнэр боорцог дутуу авсан байна гэхээр нь дахиад дэлгүүр лүү гарах гэж байтал гаднаас Манингаа орж ирээд чи яах гэж хэл ам хийгээд байгаа юм бэ, дараа нь гай болно гэхээр нь би хэрүүл маргаан хийхгүй гэсэн. Тэгсэн Манингаа мөнгө байна уу гэхэд байна яах гэж байгаа юм гэхэд, 1 шил архи авчих гэсэн. Бид хоёр дэлгүүр ороод архи аваад зогсож байтал,  эхнэр араас орж ирээд 1 уут боорцог авсан. Тэгээд манайд очоод архи уух гэтэл  би бөөлжөөд ууж чадаагүй. Манингаа тэр архийг уугаад нэлээн согтсон. Манингаа би өглөө ажилтай, чи намайг Сансар ах дээр хүргээд өгөөч гэхээр нь, Сансар ах хаана байгаа юм бэ гэхэд хойно Яармагийн 3-т нэг айлд байгаа гэхээр нь хүргэж өгөх гээд тэр айлд очиход,  буйдан шиг юман дээр нэг ах, эгч хоёр унтаж байсан. Эрдэнээ ах газар цаасан хайрцаг дээр унтаж байсан. Манингаа Эрдэнэ ахаас Сансар ахыг асуусан, Эрдэнээ ах мэдэхгүй гэсэн, тэгтэл Эрдэнээ ахын араас 1 ах босч ирээд Ариунбаатар луу чи яасан худалч юм бэ, би чамайг хэзээ цохисон юм гэхэд Ариунбаатар та намайг өчигдөр цохисон биз дээ гээд маргалдахад нь би Манингаагийн баруун гар луу нэг удаа цохиод, чи юун сүртэй юм бэ, хөгшин хүнд нэг удаа цохиулаа л биз гээд аваад гарах гэтэл Эрдэнээ ах чи намайг зодох гэж ирсэн үү гэхэд нь би үгүй ээ, одоо хоёулаа яриад яахав, таныг эрүүлд чинь яръя гэсэн чинь, чи намайг эрүүлд ч,  согтууд ч амжихгүй шүү гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би зайгаа аваад 2 гараараа тулсан чинь гэдэс рүү нэг юм дүрээд авах шиг болсон. Тэгээд Эрдэнээ ахыг барьсан зүүн гар тал руугаа татаад унагаасан. Тэгтэл тэр айлын ах эгч хоёр та нар айлд байж  яагаад байгаа юм бэ, гарч зодолд гэхээр нь гарсан, гадаа харанхуй байсан, сарны гэрэлд  нэг төмөр шиг зүйл тусах шиг болсон, би хутга байна гэж мэдээд Эрдэнээ ахын гарыг гэрийн хаалган дээр цохисон. Тэгээд би тэр хашаанаас гараад гүйгээд гудамжны үзүүрт ирээд өөрийн 99680857 дугаартай утаснаас цагдаад мэдэгдсэн. Эрдэнэ ах хойноос ирээд яагаад ахыгаа уурлуулчихав даа гэхэд, би тантай одоо харьцмааргүй байна гээд цаашаа явсан чинь Эрдэнэ ах хажуунаас түшиж явж байгаад намайг үүрээд манайд ирсэн. Би эхнэртэй намайг хутгалчихлаа гэсэн чинь, эхнэр хэн хутгалсан юм бэ гэхээр нь би Эрдэнээ ах хутгалсан гэж хэлсэн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч М.Анхжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 23 цагийн үед гэртээ ирсэн. Гэрээсээ гараад дэлгүүр ороод харьж явахдаа гудамжинд найз Ариунбаатар, Сансар ах, Эрдэнээ ах нартай тааралдсан. Тэр гурав архи уусан бололтой согтуу байсан. Ариунбаатар Сансар ах хоёр надтай мэндэлсэн. Тэр үед Эрдэнээ ах надаас тамхи нэхэхэд би байхгүй гэхэд “чи ахтайгаа яаж харьцаад байгаа юм бэ” гээд намайг 2-3 удаа алгадсан. Би тэр үед 2 гартаа юмтай байсан учраас зүгээр алгадуулж зогсож байгаад гэртээ орсон. Гэртээ ороод сууж байтал Ариунбаатар ганцаараа миний араас орж ирээд ...нэг шил архи гаргаж ирээд задалсан. Надад архинаасаа жаахан хийж өгсөн. Би тэр архийг нь балгасан боловч бөөлжөөд буцаад гаргасан. Ариунбаатар архиа манайд ганцаараа ууж дуусгасан. Ариунбаатар нэлээн согтсон “чи намайг Сансар ах дээр хүргээд өг, өглөө ажилтай” гэсэн. ...Ариунбаатар Сансар ахын байгаа газрыг мэдэж байгаа бололтой намайг гэр хорооллын хойд гудамж руу дагуулаад яваад нэг айлд очсон. Тэр айлд ортол хойморт нь нэг танихгүй ах хоёр сандал нийлүүлээд хэвтсэн, урд талд нь газар Эрдэнээ ах, баруун талд нь нэг танихгүй ах, зүүн талын орон дээр ах, эгч хоёр хэвтэж байсан. Ариунбаатар ороод Эрдэнээ ахаас Сансар ахыг асуусан. Эрдэнээ ах мэдэхгүй, Сансар хайчсан юм бэ гэсэн. ...Ариунбаатарыг аваад гарах гэтэл Эрдэнээ ах “Анхаа гуай яасан, намайг зодох гэж ирсэн юм уу” гэсэн. Тэгэхээр нь би “за Эрдэнээ ах би тантай эрүүлд чинь ярья” гэхэд “чи ахыгаа эрүүлд ч бай, согтууд ч бай амжихгүй шүү” гээд босоод яг урдаас тулаад ирсэн. Би зүгээр бай Эрдэнээ ахаа гээд хоёр гараар өөдөөс нь тултал миний хэвлий хэсэг рүү нэг юм дүрээд авах шиг болсон. Би мөрөн дээрээс нь хоёр гараараа татаад зүүн гар тал руу унагаасан. Гэрт байсан хүмүүс та хоёр гарч зодолд гээд байхаар нь би Эрдэнээ ахыг чирээд гэрээс гаргасан. Гэрийн гадна чирч гаргаад харахад баруун гартаа хутга барьсан байсан. ...Би сандраад хутгыг нь тавиулах гээд баруун гарыг нь гэрийн хаалганы ирмэг рүү цохьсон. Эрдэнээ ах хутгаа тавьсан эсэхийг нь мэдэхгүй байна, би шууд хашаанаас гараад гүйсэн. Гудамжны үзүүрт очоод би өөрийн 99610857 гэсэн дугаараасаа 102 руу залгаж дуудлага өгсөн. Тэгтэл Эрдэнээ ах араас ирээд “ахынх нь буруу, чи яах гэж мэдрэл хүний мэдрэлийг хөдөлгөсөн юм бэ” гэсэн. Би цагдаа дуудсан, гэртээ харимаар байна гэж хэлэхэд Эрдэнээ ах намайг үүрээд хүргэж өгсөн. ...Эрдэнээ ах намайг хоёр удаа хутгалсан байсан. Би зүүн бөгсний доор хэзээ хутгалсныг мэдэхгүй байна. ...Намайг өөдөөс нь томорлоо гэж уурлаад хутгалсан. Өөр шалтгаан байгаагүй. Уг нь би Эрдэнээ ахын урдаас томроогүй. ...Урьд өмнө хэрүүл маргаан зодоон хийж байгаагүй. Өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Багаасаа айл саахалт байсан учраас бие биенээ мэддэг байсан. ...Эрдэнээ ах хутга авах гээд ийш тийш уг нь хөдлөөгүй. Хэвтэж байгаад шууд босч ирсэн. Тэр үед хэвлий рүү хутга дүрсэн. ...Миний зүгээс гомдол санал байхгүй. Би Цэргийн эмнэлэгт 9-10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмнэлгийн ор хоногийн мөнгө болох 330,000 төгрөгийг Мөнх-Эрдэнийн зүгээс төлсөн. Мөн эм, тариа авч өгсөн. Эгч нь манай гэрт 250,000 төгрөг оруулж өгсөн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Одоогийн байдлаар надад 700,000 төгрөг өгсөн. ...Би маргааныг эхлүүлээгүй...” /хх-ийн 29-31, 32-33/ гэсэн,

 

Гэрч И.Даваадорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:“...2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой Ганбатын гэрт Давааням, Оюунсүрэн, Ганбат бид дөрөв архи уугаад унтах гээд байж байсан. Гаднаас Мөнх-Эрдэнэ орж ирээд “та яагаад Манингааг цохьсон юм бэ, цаадах нь чинь ажилдаа явж чадахгүй, нүүр нь битүү хавдар болсон байна лээ” гэсэн. ...Манингаа гэж Ариунбаатар гэх залууг хэлж байгаа юм. ...23 цаг өнгөрч байхад гаднаас Манингаа нэг танихгүй жижиг шар залуутай хамт орж ирсэн. ...Би Манингаагаас чи яагаад худлаа яриад байгаа юм бэ, хэзээ чамайг цохьсон юм бэ гэж асуухад та цохьсон гэж хариулсан. Тэр үед хажууд нь зогсож байсан залуу чи боль гээд Манингааг болиулсан. ...Гэнэт Мөнх-Эрдэнэ нөгөө жижиг шар залуутай муудалцсан. ...Мөнх-Эрдэнэ гэнэт босч очоод тэр залуутай барьцалдсан. Би хөөе та нарын зодолдож муудалцдаг газар биш шүү, гарч зодолд гэхэд тэр хоёр зууралдаад гарсан. ...Энэ хутга Ганбатын гэрт байдаг хутга мөн байна. Ганбатын хутганууд гэрийн хойморт байдаг намхан модон зурагтын тавиурын ертөнцийн зүгээр зүүн талын хэсэгт байдаг юм. Шургуулганд биш татаж онгойлгодог хэсэгт. Яг тэр тавиурын урд талд Эрдэнээ унтаж байсан. Тухайн үед хутга тэр шүүгээнд байсан байх. Ил бол байгаагүй. ...Мөнх-Эрдэний толгой нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан, хөл нь Ганбатын унтаж байсан орны зүг харсан байсан. Тиймээс тэр шүүгээнээс хутга авсан байх бүрэн боломжтой. Харин хэзээ нь яг яах гэж хутга авсныг нь би мэдэхгүй. Хутга авч байхыг би хараагүй...” /хх-ийн 34/ гэсэн,

 

Гэрч Б.Ариунзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Анхаа бид хоёр “Манингааг чи их согтсон байна, наанаа орон дээр унтчих” гэхэд “яах юм бэ, нялх хүүхэдтэй айлд яаж унтах юм бэ, хойшоо айлд очиж унтана, харин чи намайг дөхүүлээд өг” гээд Анхааг дагуулгаад гарсан. Би битгий удаарай гэж хэлээд нөхрөө гаргасан. ...Унтаж байтал гэнэт гаднаас нөхөр маань хүчтэй хаалга онгойлгоод орж ирээд намайг хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Хэн бэ гэж асуухад Эрдэнээ ах гэж хэлсэн. Би цагдаа болон түргэн дуудсан...” /хх-иийн 42-43/ гэсэн,

 

Гэрч Б.Ариунбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг найз нар маань Манингаа гэж хочилдог. ...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...Амаа ах, Эрдэнээ ах, Сансар, Батсүх ах бид нар ...1 шил архи дэлгүүрээс аваад хувааж уусан. ...Амаа ах, Эрдэнээ ах, Сансар бид дөрөв дэлгүүрээс дахин 1 шил архи авч ...хувааж уусан. ...Эрдэнээ ах бид хоёр гэр лүүгээ орох гэж байтал Анхжаргалтай тааралдсан. ...Эрдэнээ ах тамхи байна уу, ганц тамхи өгчих гэж хэлсэн. Анхаа өөдөөс нь бага зэрэг хэгжүүрхэж байхгүй гэсэн. Эрдэнээ ах чи ямар том болсон юм бэ гээд Анхааг нэг удаа алгадсан. ...Би Эрдэнээ ахын араас айл руу очих гээд гараад явж байтал Анхаа араас гараад ирсэн. Бид хоёр хамт Яармагийн 3-65 тоотод хашаанд байдаг айлд очсон. ...Бид хоёрыг ороход зүүн талын орон дээр байсан ах эгч хоёр сэрсэн. ...Анхаа Эрдэнээ ахыг сэрээх гэсэн юм уу яасан юм бэ мэдэхгүй өшиглөсөн. ...Тэгтэл Эрдэнээ ах “Анхаа чи яасан, намайг зодох гэж ирсэн юм ууу” гэж хэлээд босоод ирсэн. Би нөгөө ах эгч хоёртой юм ярьж байтал Эрдэнээ ах Анхаа хоёр барьцалдаад авах шиг болсон. Тэгтэл Анхаа Эрдэнээ ахыг хажуу тийш нь татаад унагаасан. Тэр үед зүүн талын орон дээр хэвтэж байсан ах, эгч хоёр та нар больцгоо гарч зодолд гэж хэлсэн. Тэр үед Анхаа, Эрдэнээ ах хоёр гараад явсан. ...Би Эрдэнээ ах Анхааг хутгалсныг маргааш  өглөө нь Эрдэнээ ахын төрсөн дүү Болороо надад хэлсэн...” /хх-ийн 44-47/ гэсэн,

 

Гэрч Х.Оюунсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой ...Эрдэнээ гэж залуу нэг танихгүй залуугийн хамт нэг шил 0.5 литрийн архи авч орж ирсэн. Эрдэнээ нэлээн согтуу байсан. ...Эрдэнээ тэр архиа Давааням, Даваадорж, Ганбат нартай хувааж уусан. ...Бид нар унтацгааж байхад гаднаас Манингаа, Анхаа хоёр орж ирсэн. Манингаа халамцуу, Анхаа нь эрүүл байсан. Эрдэнээ тэр Анхаа гэх залуутай хэрэлдэж маргалдсан. Эрдэнээ босч ирээд тэр залуутай барьцалдаж ноцолдсон. Тэр хоёр ертөнцийн зүгээр гэрийн баруун талд унтаж байсан Ганбатын дээрээс давхралдаад унаж байсан. Тэгэхээр нь та нар гарч зодолд гэж хэлтэл гараад явсан. ...Энэ хутга Ганбатын гэрт байдаг хутга мөн байна. ...Ганбатын хутганууд гэрийн хойморт байдаг намхан модон зурагтын тавиурын зүүн талын хэсэгт байдаг. Шургуулганд биш татаж онгойлгодог хэсэгт байдаг. Тэр тавиурын урд талд Эрдэнээ унтаж байсан. Тухайн үед хутга шүүгээнд байсан байх. Ил бол байгаагүй...” /хх-ийн 47-48/ гэсэн,

 

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ...Сансар, Манингаа, Амаа ах, Баагий ахтай бид тав ...1 шил архи хувааж уусан. ...Сансар, Манингаа, Амаа ах бид дөрөв ...дэлгүүр орж 1 шил архи авч худгийн хажууд сууж байгаад хувааж уусан. ...Манингаа бид хоёр явж байтал замд манай байрны Анхжаргал гэх залуу таарсан. Би Анхаагаас ахын дүү тамхи байна уу гэж асуухад байхгүй гээд жаахан том дуу гаргасан. Тэгэхээр нь би чи муу бацаан юундаа томроод байгаа юм бэ гээд түүнийг нэг удаа алгадаад хойшоо явсан. ...Гаднаас Манингаа, Анхаа хоёр чанга чанга дуугарч орж ирсэн. Тэр үед би сэрсэн.  ...Тэгтэл Анхаа “Эрдэнээ ах та давраад байгаарай, ах ах гэж бодоод байхад чинь айгаад байна гэж бодоод байна уу, хүндлээд л  ах гэж харьцаж байгаа болохоос та нар шиг юмнаас айна гэж байхгүй шүү” гэж хэлсэн. Миний дургүй гэнэт хүрээд бид хоёр хэрэлдсэн. Анхааг томроод байхаар нь би боссон. Бид хоёр гэрийн баруун талд барьцалдаж авсан. Ноцолдож байхдаа би ширээн дээр тохойлдоод унасан. Тэр үед ширээн дээрээс хутга ширээ болон зуух хоёрын дундуур унасан юм шиг байна лээ. Газар унасан байхад Анхаа миний дээрээс 1-2 удаа дэвссэн. Тэгэхээр нь би бацаанд зодуулчихлаа гэж бодоод уур хүрээд гараар газар тулаад босох гэтэл гарт нэг юм тааралдсан. Тэр гарт тааралдсан зүйлийг би аваад дахин Анхаа руу дайрсан. Хутга гэдгийг би мэдээгүй. Тэгээд Анхаа бид хоёр гэрийн баруун талын үүдэн хэсэгт байсан угаалтуур, угаалгын машин хоёрын урд дахин барьцалдаж авсан. Тэр үед би Анхааг хутгалсан байх, яг хэзээ яаж хутгалснаа санахгүй байна. Би уг нь Анхааг хутгалъя гэж огт бодоогүй. Анхаа гэрээс гараад би араас нь гартал Анхаа “яая, Эрдэнэ ах яаж байгаа юм бэ” гэж хэлээд хэвлийгээ гараараа дараад гараа харж байсан. Би гарыг нь харахад цус болсон байсан. Тэр үед би Анхааг хутгалсан юм байна, энэ чигээр нь ганцааранг нь явуулж болохгүй, гэрт нь хүргэж өгье гэж бодоод Анхааг үүрээд гэрт нь хүргэж өгсөн. ...Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудад байгаагүй. Тэр өдөр л хэрэлдэж маргалдсан. Урд өмнө хэрэлдэж маргалдаж байгаагүй. Би архи уусан байсан...” /хх-ийн 73-75, 77-78/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5/,

- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-25/,

- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 28/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн № 15208 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Анхжаргалын биед хэвлий, өгзөгөнд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хх-ийн 50/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №6626 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.  Хөх алаг хүрмэнд гарсан 200мм, 70мм хэмжээтэй уранхайнууд байна.

- Хөх алаг хүрмэнд гарсан 44мм, 39мм хэмжээтэй уранхайнууд нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан уранхайнууд байна.

- Хөндлөн хөх судалтай цагаан алаг майканд гарсан хөндлөн байрлалтай 12мм, саарал дотуур өмдөнд гарсан 8мм хэмжээтэй бага зэрэг баруун дээш чиглэлтэй хөндлөн байрлалтай уранхайнууд байна. Дээрх зүссэн уранхайнууд нь ир мөртэй байх тул хутгаар гарсан байж болно. Харин өөрийгөө болон бусдад хутгалуулсан эсэхийг нь тогтоох боломжгүй.

- Саруул дотуур өмдөнд гарсан 110мм хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан уранхай байна.

- Саарал дотуур өмдөнд гарсан 4х4мм хэмжээтэй уранхай нь эдэлгээний явцад гарсан цоорхой байна...” /хх-ийн 56-57/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №9468 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хураан авсан гэх хар өнгийн хуванцар иштэй хутга /нийт 18 см, ажлын хэсэг 9 см урттай/ дээр цус болон биологийн бусад ул мөр илрээгүй.

- Шар, цэнхэр, ногоон оруулгатай богино куртика, урд хэсэгтээ цагаан цэнхэр хөндлөн судалтай майк, саарал өнгийн ноосон өмд, цагаан өнгийн марль зэрэгт цус илэрч байна.

2. Илэрсэн цус нь хүний цус мөн байна.

3. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов.

4. Шар, цэнхэр, ногоон оруулгатай богино куртика, урд хэсэгтээ цагаан цэнхэр хөндлөн судалтай майк, саарал өнгийн ноосон өмд, цагаан өнгийн марль зэрэгт илэрсэн цус нь аутососын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар М.Анхжаргалын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” /хх-ийн 61-62/ гэсэн дүгнэлтүүд,

- Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80, 81/,

- Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой гэрч С.Эрдэнэцэцэг /хх-ийн 35-37/, гэрч М.Мөнхцэцэг /хх-ийн 38-40/ нарын мэдүүлгүүд, нийгмийн халамжийн тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх-ийн 83/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 97/,

- Хохирогч М.Анхжаргалын өвчний түүх /хх-ийн 89-96/,

- Хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн баримт /хх-ийн 98/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 00 цагийн орчим, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 3 дугаар гудамжны 65 тоотод танхайн сэдэлтээр, “намайг зодох гэж ирлээ, томорлоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч  хэрэглэн, зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн иргэн М.Анхжаргалын хэвлий хэсэгт 1 удаа, өгзөг хэсэгт 1 удаа тус тус хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Анхжаргал, гэрч И.Даваадорж, Б.Ариунзаяа, Б.Ариунбаатар, Х.Оюунсүрэн нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15208, 6626, 9468 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хутгыг  зэвсгийн чанартай хэрэглэн танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Итгэл “...М.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хэрэг гэр бүлийн хүрээнд болсон. Тухайн үед унтаж байсан хүмүүс хэн ч сэрээгүй, хашгираад, 2 тал болоод үймээн шуугиан тариагүй. Хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарт адил буруутай үйлдэл байсан. Энэ 2 багаасаа тоглож өссөн, хоорондоо өс хонзонгийн асуудал байхгүй. Мөнх-Эрдэнэ гартаа юм барьсан нь харагдаагүй. Мөн тамхи байна уу гэж асуусан өчүүхэн зүйлээс болж тухайн хэрэг гарч хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан...” гэж маргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ, хохирогч М.Анхжаргал нарын хооронд өр авлага, өс хөнзөнгийн асуудал байхгүй талаар хэн аль нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Анхжаргалаас тамхи байна уу, ганц тамхи өгчих гээд түүнийг алгадсан атлаа хохирогч М.Анхжаргал Б.Ариунбаатар /Манингаа/-ыг хэрэг гарсан айлд хүргэж ирэх үед шүүгдэгч М.Мөн-Эрдэнэ “...намайг зодох гэж ирлээ, чи яасан том болчихсон юм бэ...” гэх үл ялих зүйлээр шалтаглан, хохирогч М.Анхжаргалыг хэвлийнд нэг удаа, өгзөгөнд нэг удаа тус тус хутгалсан үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй, тодорхой нэгэн сэдэлтгүй байх тул түүнийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Анхжаргалын биед хэвлий, өгзөгөнд хатгагдсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба түүнд эмчилгээний болон бусад зардалд 850,000 төгрөг төлсөн болох нь хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн баримт /хх-ийн 98/, гэрч М.Мөнхцэцэгийн мэдүүлэг болон шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа зэргээр тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал /хөдөлмөрийн  чадвар алдалтыг 80 хувиар хугацаагүй тогтоосон тухай баримт, хх-ийн 97/, хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн өмсөж байсан алаг майк, саарал дотуур өмд, куртик 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, хутга 1 ширхэг, цус тогтоосон цагаан өнгийн марло зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-д даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн 201626031484 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхцэцэгийн Мөнх-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хутгыг  зэвсгийн чанартай хэрэглэн танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мөнхцэцэгийн Мөнх-Эрдэнийг 03 /гурав/ жил 05 /тав/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн өмсөж байсан алаг майк, саарал дотуур өмд, куртик 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, хутга 1 ширхэг, цус тогтоосон цагаан өнгийн марло зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-д даалгасугай.

 

5.  Эрүүгийн 201626031484 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР

                                           ШҮҮГЧИД                                                          Х.ОДБАЯР 

                                                                                                                         П.ТУЯАТ