Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/014

 

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч  Д.А,

шүүгдэгч Ө.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ш У ургийн овогт Өийн Ад холбогдох 2313003230337 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, ам бүл 3, ээж дүүгийн хамт амьдардаг, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологи мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ... дүгээр  багт оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн       эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Ш У ургийн овгийн Өийн А, регистрийн дугаар ...,  

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.А нь 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр архидан согтуурсан үедээ тус аймгийн Дэлүүн сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Аийн эзэмшлийн “Тоуото Hilux 215” загварын 40-62 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд хэсгийн их гэрлийг чулуу шидэж хагалан гэмтээсний улмаас 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.А мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

2. Шүүгдэгч Ө.А нь 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Аийн эзэмшлийн “Тоёота Hilux 215” загварын 40-62 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд хэсгийн их гэрлийг чулуу шидэж хагалан гэмтээсний улмаас хохирогчид 400,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал  хэрэгт цугларсан хохирогч С.Аи, гэрч Х.Ж, Х.С, Ш.А нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд  (хавтаст хэргийн 24, 26, 28, 30, 32 дахь тал), “Ашид билгүүн”  ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн БӨА-23-0213 дугаартай үнэлгээ тогтоосон дүгнэлт (хавтаст хэргийн 36-40 дэх тал) яллагдагч Ө.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэх эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

5. Шүүгдэгч Ө.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6. Энэ хэргийн улмаас хохирогч С.Айн эд хөрөнгөнд  хохирол учирсан бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн эд хөрөнгийн зардал 400000 төгрөгийг шүүгдэгч Ө.А нь төлж барагдуулсан нь хохирогчийн мэдүүлэг тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 26 дахь тал)

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

1. Прокурорын санал болгож, шүүгдэгч Ө.А нь хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Иймд шүүгдэгч Ө.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

3. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч Ө.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

4. Шүүгдэгч Ө.А нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

5. Шүүгдэгч Ө.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш У ургийн овогт Өийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Аг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ө.Ад сануулсугай.

4. Шүүгдэгч Ө.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. 2313003230337 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч С.Аманкелдид 400000 төгрөгийн хохирлыг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАЛАГЧ ШҮҮГЧ Ө.Б