Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/142

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч  Н.Ундрах,

шүүгдэгч Г.Д...............р нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2308 0350 00028 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ганжуур тайж овогт Г..........тын Д...............р, Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Алтай суманд 1998 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, суурь боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт ....................................................... гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...........................

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д...............р нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр согтуугаар Сонгинохайрхан дүүргийн ..................................оотод иргэн Д.О..................................рыг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Г.Д...............р нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Д.О..................................рын мах ид гэж дуудсаны дагуу Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Баруун турууны 11 дүгээр гудамжны 08 тоотод очжээ. Улмаар хамтдаа хоол идэн согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа 20 цагийн орчим шүүгдэгч Г.Д...............р нь Д.О..................................рт “манай аавын ажил явдал дээр та ирээгүй ийм найз байдаг юм уу” гэж асуухад тэрээр Г.Д...............рт “чи ийм заяатай хүн болохоор чиний эцэг чинь үхчихсэн юм” гэж доромжилсноос болж шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд халдаж биед нь 1 шүдний булгарал, буйланд шарх, 3 шүдний сулрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын РСОК06177741 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: 95.......................56, ...Дуудлага хүлээн авсан: 2023-11-15 20:21:41, ...Дуудлагын утга: Манай дүү агсам тавиад байна...” гэх баримт (хавтаст хэргийн 05 дахь тал),

- Хохирогч Д.О..................................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай хуурай дүү болох Уранболд манай гэрт ирэхдээ 2 шил 0.5 литрийн хар экс нэртэй архи авчраад би дүүдээ үхрийн мах чанаж өгөөд бид хоёр дүүгийн авчирсан архиа хуваагаад ууж байгаад би багийн сайн найзынхаа хүүхэд болох Д...............р руу утсаар нь залгаж яриад ахындаа ирж үхрийн чанасан мах ид гэж хэлсэн чинь орой Д...............р манай гэрт ирэхдээ нэг шил 0.5 литрийн хар экс нэртэй архи авч орж ирсэн тэгээд манай хуурай дүү болох Уранболд гэр рүүгээ явсан. Би Д...............ртай хамт гэртээ үлдээд юм яриад сууж байхад Д...............р намайг манай аавын ажил явдал дээр та ирээгүй ийм найз байдаг юм уу гээд над руу агсарч байгаад миний нүүр болон толгой хэсэг рүү гар утсаа барьж байсан гараараа маш олон удаа цохисон би болио чээ гэж гуйгаад үгэнд ороогүй тэгээд би аргаа бараад цагдаагийн байгууллагад хандсан...миний нүүр болон толгой хэсэгт 2-3 удаа баруун гараараа цохисон. Тэгээд миний зүүн талын нүд бага зэрэг хөхөрсөн. Миний урд үүдний 1 шүд унасан, 3 шүд хөдөлсөн байсан...манай хуурай дүү Д...............р миний шүдийг хийлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

- “...Миний зүүн нүд хөхөрсөн, урд үүдэн нэг шүд унаж 3 шүд хөдөлсөн толгой маш их өвдөж байна...би зүгээр байж байгаад зодуулсандаа маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14670 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Зүүн чамархайн хуйханд 6х4см бүдэг хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Орчны эд бага зэрэг хавдсан. Доод баруун 2-р шүд булгарч унасан, буйл хонхгор, төвдөө цагаан шаргал өнгийн өнгөр бүхий шархтай. Доод баруун, 1, зүүн 1,2-р шүд бага зэрэг хөдөлгөөнтэй...ДҮГНЭЛТ

1. Д.О..................................рын биед 1 шүдний булгарал, буйланд шарх, 3 шүдний сулрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид 1 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алагдуулна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

- Шүүгдэгч ......Г.................р...ын мөрдөн байцаалтад өгсөн: “...О..................................р ах бид хоёр манай талийгаач аавын талаар юм яриад сууж байхад би О..................................р ахад хандаж та манай аавыг өнгөрсний дараа яагаад манайд ирээгүй юм бэ би таныг их хүлээсэн шүү гэсэн чинь О..................................р ах намайг чи ийм заяатай хүн болохоор чиний эцэг чинь үхчихсэн юм гэхээр нь миний уур хүрээд би О..................................р ахыг нүүрэн тус газар нь гараараа 3 удаа цохисон тэгсэн чинь О..................................р ах цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн миний аавын сайн найз гэж байсан хүн талийгаач болон гуйлгачин намайг заяагүй эцэг шигээ гэхээр нь би үнэхээр тэсэлгүй уураа барьж чадахгүй О..................................р ахад гар хүрч цохиж зодсон нь үнэн...Би О..................................р ахад эмчилгээний зардал болон шүд хийлгэ гэж 1.500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдаж дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Д...............р нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14670 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд тооцогдоно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Г.Д...............р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хохирогчийн зүй бус үг хэллэгээс шалтгаалан хохирогч Д.О..................................рын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Г.Д...............р нь хохирогч Д.О..................................рын биед халдаж эрүүл мэндэд нь биед 1 шүдний булгарал, буйланд шарх, 3 шүдний сулрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч болон шүүгдэгч нар нь ахуйн хүрээнд архидан согтуурсан, нөгөө талаар хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан болжээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Д...............рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.О..................................р нь гэмт хэргийн улмаас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Г.Д...............р нь хохирогчид 1.500.000 төгрөгийг төлсөн байна. Иймд шүүгдэгч Г.Д...............рын энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Прокурор санал болгож шүүгдэгч Г.Д...............р хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.Д...............р нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 40, 41 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд шүүгдэгч Г.Д...............рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Д...............рт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2308 0300 0028 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г....................ж. буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д...............рыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д...............р оногдуулсан 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Д...............р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ