| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2020/01032/и |
| Дугаар | 142/ШШ2020/1113 |
| Огноо | 2020-09-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 142/ШШ2020/1113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Г-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н, хариуцагч Х.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Х.Гтой 2016 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2018 онд хүү төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хүү Г овогтой Быг өөрийн асрамжинд авч эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно” гэжээ.
Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ч.Нийн нэхэмжлэлтэй хариуцагч Хишигбаатар овогтой Г-д холбогдох энэхүү хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Миний бие Х.Г нь Ч.Нтай 2016 онд танилцан дотносож , 2018-09-06 албан ёсоор гэр бүл болсон. Миний хүү Гомбын Б нь 2018-08-09 нд төрсөн. Бид хүүхдээ гартал хамт амьдрах хугацаанд бүх юм хэвийн байсан. Ч.Н нь 2018-10-22 ны өдөр анх хүү бид хоёрыг хаяад 17 хоног сураггүй алга болсон. Энэ үед Орхон аймгийн Жаргалант суманд амьдарч байсан учраас халамжийн байгууллага, Багийн засаг дарга, цагдаа, сумын нийгмийн ажилтан нарын дунд бөөн асуудал болж, эрсдэлтэй бүлэгт хамаарах гэр бүл гэж үзэж, Ч.Нийг торгох болж бид эв зүйгээ олсон гэж гуйж байгаад уг асуудлаас салж байсан. Үүнээс хойш олон удаа орхисон бөгөөд тэр болгонд сумын нийгмийн ажилтан Сонинтуяа гэх хүн идэвх санаачлага гаргаж, Н болон түүний ээж Жаргал нартай уулзаж , хүүгээ асарч халамжлахыг шаардсаны хүчинд хэд хэдэн удаа гэртээ ирсэн боловч хүүгээ асардаггүй байсан. Ингээд олон хоногоор яваад ирэхээр элдэв бэлгийн замын өвчинтэй болчихсон, өмссөн хувцас хир болчихсон хэцүү ирдэг. Ингээд би нэг удаа явах гэхэд хүүхдээ өгч явуулсан. Гэтэл хүүг маань байнгын архины хамааралтай эцэг эхийнхээ гэрт аваачаад орхичихсон хоол ундгүй, өмдөнд нь баалгаж шээлгэчихсэн байж байх үед нь хамтарсан багийхан хамт очиж байсан. Энэ болгонд гэр бүлийн хамтарсан баг хамтран ажиллаж байсан бөгөөд намайг хүүхдээ дахин өгч явуулж болохгүй гэж хэлж байсан. Гэвч эхнэр үгийг үл тоож дахин авч явсан ба явсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би хүүхдээ өөрөө өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Мөн эхнэрээсээ салах хүсэлгүй байна.. Учир нь хүүгээ өнчин өсгөмөөргүй байна. Эхнэрээ засрах байх гэдэгт итгэж байна. Би хамт амьдраад удаагүй учир бүх асуудлыг тал бүрээс нь сайн тунгааж ярилцаад, охин Алтанзул, Б нарыгаа хохироохгүй элэг бүтэн амьдруулах хүсэлтэй байна. Бидний гэр бүл тусдаа байгаа үндэс нь хадам ээж Жаргалын оролцоо ихтэй байдлаас болсон ба хадам ээж гэрийн ажлаа хүчрэхгүй байна гэх нэрийдлээр 10-20 хоног эхнэрийг авч явдаг ба эхнэр буцаад ирэхдээ элдэв хүнтэй асуудал үүсгэсэн байдаг. Энэ асуудлаас хэрүүл болоход буруугаа хүлээгээд дахин тэгэхгүй ээжийнд байхаар элдэв хүн ирээд ийм боллоо гэж хэлдэг, гэртээ байгаа үедээ бид хоёр эвтэй ямар ч асуудал үүсдэггүй байсан. Харин хадам ээжийнд тусална гээд олон хоногоор явахаараа асуудал үүсгэдэг юм. Гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ гэрлэлтийг цуцлах бол гэр бүлийн хамтарсан багийн дүгнэлт болон бусад холбогдох баримтыг үндэслэн хүү Г.Быг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Мөн охин Алтанзулыг хадам ээж авч явчихаад өгдөггүй, сургууль цэцэрлэгт явуулдаггүй, малаа маллуулна гээд 4 настай хүүхдийг хохироож байгаа бөгөөд мөн хамтарсан багийн хамт бид тэмцэж байгаа боловч дийлдэхгүй байгаа. Хадам ээж Жаргал өөрийн хүүгээ сургуулиасаа гаргаад мал маллуулж байна гэж гэртээ байлгадаг, гэтэл одоо бид хоёрын амьдралд оролцон мал маллуулна гэж хүүхдүүдийг маань авна гэж зовоох болсон” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н нь Х.Гд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.Н, Х.Г нар нь 2016 онд танилцаж, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүү Г.Б төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байна.
Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаад эвлэрээгүй байх ба, гэрлэгчид хоорондоо зан харьцааны хувьд таарамжгүй байдалтай байдаг, Х.Гомбын хүчирхийлэл үйлдсэн байдал /Х.Г: эхнэртээ нэг удаа гар хүрсэн нь үнэн гэж тайлбарласан/, хариуцагчийн хардалт болон нэхэмжлэгч нь цаашид Х.Гтой хамтран амьдрахгүй гэх зэрэг байдлуудыг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэрлэгчдийн дундаас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүү Г.Б төрсөн байх ба хүүхэд одоо хоёр ой нэг сартай бага насны хүүхэд байх тул хүү Г.Быг эх Ч.Нийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Хэдийгээр хариуцагч нь Ч.Нийн аав, ээжийг архины хамааралтай хүүхэд өсөх орчин нь хэцүү гэж байгаа боловч энэ нь нотлогдоогүй, нөгөөтэйгүүр Ч.Нийг архи уудаггүй гэж тайлбарласан. Хүүхдийн асрамжийг эцэгт шилжүүлэх ноцтой шалтгаан байхгүй тул хүү Г.Быг эхийнх нь асрамжид үлдээсэн болно.
Харин хариуцагчийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Орхон аймгийн Жаргалант сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ зэрэг нь хүүхдийн асрамжийг эцэгт нь шилжүүлэх үндэслэл болохгүй байгааг дурьдах нь зүйтэй.
Иймд хүү Г.Быг эх Ч.Нийн асрамжид үлдээж, насанд хүртэл нь эцэг Х.Гор Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан тэтгэлэгийг сар бүр гаргуулан олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ч-н Н, Х-ын Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Г.Быг эх Ч.Нийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Г.Быг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Гор сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.С-д даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА