Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/011

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч А.До,

орчуулагч, хэлмэрч А.А,

хохирогч М.А,

шүүгдэгч Т.Ш,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж Хй ургийн овгийн Тны Шд холбогдох 2313002310340 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Жй Х ургийн овгийн Ты Ш, регистрийн дугаар .,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ш нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Аын хашаанд үл ойлголцох маргааны улмаас хохирогч М.Аы биед нь халдаж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг:

 -Шүүгдэгч Т.Ш мэдүүлэхдээ: “Хавтаст хэрэгт дурдсан бүх зүйл үнэн. Харин хохирогч “миний гарыг барьж авч мушгисан” гэж хэлсэнтэй нь санал нийлэхгүй байна. Тухайн үед хохирогчтой маргалдах, түүний гэрт очоогүй. Хохирогчоос авах 10 жил болсон авлага байсан ба уг авлагаа авах гэж очсон. Уг авлагыг хохирогч би барагдуулж төлж өгөхгүй гэж хэлсэн болохоор маргалдаж эхэлсэн. Бид хоёр зодолдох шахаж, газраас чулуу авах гэж байхад хохирогч хойноос маань ирж, хавсарч барьж авч, ноцолдож газарт унасан. Тухайн үед хохирогчийн гар нь хавдсан байсныг би мэдээгүй. Дараа нь хохирогч цагдаа дуудна гэж хэлсэн. Тухайн үед бидний хажуу гэрч нар байсан. Тухайн үйл явдал санамсаргүй явдал гэж бодож байна. Яагаад гэвэл тухайн үед надад хохирогчийг мод зэрэг зүйлсээр зодох боломж байсан ч би зодоогүй. Миний буруутай үйл ажиллагаанаас болж хохирогчид хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гараас нь татаж, бариагүй, зууралдаж унахдаа гараа тулгасан гэж бодож байна.”  гэв.

охирогч М.А мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг маань өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа. Тухайн үед шүүгдэгчид “явчих” гэж маш их гуйсан. Одоо нэг хуруу маань өвддөг, гараараа хүнд ажил хийх боломжгүй. Өмнө нэг сар хуруугаа эмчлүүлж байсан. Одоо дахин эмчлүүлэх гэж байгаа. 3 сая төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна...” гэв.

2. 2313002310340 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн М.Ааас 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “...2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед Т.Ш гэгч миний биед халдаж зодсон...” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

2.2. Иргэн Т.Ший согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 101 дэх тал),

2.3. Хохирогч М.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “...Миний бие өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн үед гэрээсээ гараад өөрийн “Тоёота Естима” загварын тээврийн хэрэгсэлд засвар хийлгэхээр манай гэрийн ойролцоо 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг Торси гэх залуугийн авто засварын газарт очоод машинаа засуулсан. Машинаа засаж байхад 15 цагийн үед Ш гэх залуу ирсэн. Тэгээд Ш нь бид хоёрын дунд байсан урьд өмийн авлага өглөгийн асуудлыг ярьж надтай зууралдаад салахгүй байсан. Тэгээд би түүнд “чи одоо больчих зүгээр байгаарай би чамайг зодно гэвэл зодож болно шүү, одоо болиорой" гэхэд миний баруун гарын дунд хуруунаас барьж аваад мушгихад миний баруун гарны дунд хурууны 2 дугаар үе нь мултраад хурууны хэлбэр маань өөрчлөгдөж мурийчихсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед бидний хажууд Торси гэх залуу байсан, бас нэг үл таних залуу бас явж байсан. Тухайн залуу гагнуур хийлгэхээр ирсэн залуу байсан. Би түүнийг огт танихгүй. Ш миний гарын хурууг мушгих үед тухайн залуу явчихсан байсан. Би Ший биед нь нэг ч удаа халдаагүй, намайг заамдаж барьж аваад зууралдаад салахгүй, надтай наалдаад байсан тул "чи одоо больчих" гэх мэтээр хэлээд түүний өөрөөсөө зайлуулах гээд биеэс нь цаашаагаа хэд хэдэн удаа түлхсэн. Ш нь миний баруун талын мөрөнд гараараа хоёр удаа цохисон. Тэр үед би түүнийг цаашаа түлхээд “чи больчих, миний ажилд битгий саад болоод бай” гээд цаашаа түлхэхэд миний баруун гарын дунд хурууг барьж аваад мушгиж мулталчихсан юм. Миний биеийн өөр газруудад цохиж зодож халдаагүй...

...Өөр нэмж ярих зүйл байхгүй. Шд гомдолтой байгаа тул хуулийн дагуу шалгаж арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Энэ хэргийн улмаас би эрүүл мэндээрээ хохирсон. Миний гэмтсэн хуруу маань одоо ч бүрэн эдгэрээгүй бүрэн хөдөлгөөнгүй, хөдөлгөөн нь хязгаарлагдсан байгаа. Анх хуруу маань гэмтсэн үед 2-3 удаа ОХУ руу явах тээврээсээ хоцорч тээвэрт ч яваагүй, сүүлд нь өөрөө арай гэж аргалаад явдаг болсон. Одоогоор бол хохирлын талаар гаргаж өгөх баримт байхгүй байна. Хохирлын талаар дурдаж хэлэхэд би Ховд аймаг руу өөрийн машинаар яваад шинжилгээ хийлгээд ирсэн үүнд очиж ирэхэд 150,000 төгрөгөөр бензин хийсэн. Мөн эм тариа худалдан авахад 350,000 төгрөгөөр эм тариа авсан. Гэхдээ би тухайн үед эм тариа авсан баримтуудаа гээсэн байгаа тул одоо ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй байна. Ш нь миний хурууг мултарснаас болж одоо хүртэл хуруу маань бүрэн эдгэрээгүй байгаа энэ явдал болсноос хойш Ш надтай нэг ч удаа уулзаж уучлалт гуйгаагүй байгаа. Тийм учраас би эрүүл мэндээрээ хохирсон явдалд маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл би дээр дурдсан байгаа Ховд аймаг руу шинжилгээ хийлгэхээр явж ирэхэд гарсан зардал болох 150,000 төгрөг эм тариа худалдан авсан зардал 350,000 төгрөг нэхэмжилж байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Шд маш их гомдолтой байна. Энэ хэргийг хуулийн дагуу шалгаж, Шд хуулийн хариуцлага хүлээлгэж миний хохирлыг барагдуулж өгөхийг л хүсэж байна. Өөр хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 14 дэх тал),

2.4. Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед М.А “Истана” маркийн машиныг янзлуулах гээд манай засварын газарт ирж машиныхаа хойд талын дугуйг нь задалж авч өөрөө машины хажууд зүгээр зогсож байтал Т.Ш мотоциклтой ирсэн. Тэгээд Т.Ш М.Ааас 10 жилийн өмнө авсан мөнгөө буцаагаад өг гэсэн юм яриад хэрэлдэж байгаад, нэг харсан чинь хоёулаа нэг нэгийгээ заамдаж барьж авсан ноцолдож байсан. Тухайн үед би өөр нэг фургон маркийн машины рамыг нь гагнаад машины доор юм хийж байсан бөгөөд тэд нар ноцолдоод л байгаа харагдсан. Нэг харахад тэр хоёр газарт унаад босож байгаа байдалтай харагдсан ба энэ үед А нь Шд хандаад “чи миний хурууг хугалчихлаа цагдаа дуудна” гэж ярьж байснаа утсаа гаргаж цагдаа юм уу нэг тийшээ залгаад “миний гарын хурууг хугалчихлаа тар нар хурдан ирээрэй” гээд ярьж дуудлага өгч байсан..., ...Тэд нар хэн нь хэнийгээ цохиж зодохыг нь бол хараагүй тухайн үед би өөрөө Айдосын машины доор раманд нь гагнуур хийж байсан. Миний анзаарснаар бол тэр хоёр нэг нэгнийгээ заамдаж барьж аваад л ноцолдож түлхэлцээд байсан. Бас нэг харахад тэр хоёр хоёулаа газар унаад босож байгаа юм шиг байдалтай харагдсан. Гэхдээ яг газарт унасан үгүй юу тэрийг бас сайн анзаараагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

2.5. Гэрч Н.Селийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр М.Аы баруун, зүүн гарын аль ч хурууны үе нь урьд өмнө нь мултарч байгаагүй. 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нөхөр маань засварын газарт машиндаа засвар хийлгэн нэг их удахгүй ирнэ гээд явсан байсан. Гэтэл тэр өдрийн орой 17 цагийн үед билүү ямар ч байсан нэлээн оройтож залгаад “засварын газарт байхад Ш тааралдаад хэрүүл маргаан гаргаад улмаар миний гарын хурууг хугалчихсан тул би эмнэлэг, цагдаа гээд явж байна..” гэж утсаар ярьсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

2.6. Гэрч А.Нний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний аав Аы аль ч гарын хуруунууд нь нэг ч удаа мултарч байгаагүй. Ер нь миний мэдэхээр бол аавын гарт нь ямар нэгэн гэмтэл учирч байсан удаа огт байхгүй..." гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 20 дахь тал),

2.7. Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Аын засварын газарт байсан 2 залуу хоорондоо маргалдаад байгааг нь харсан. Тухайн үед би өөрөө машины доор нь орсон засвар хийж байсан тул болсон асуудлыг нарийн хараагүй. Нэг мэдэхэд л тэр хоёр залуу хоорондоо хэрэлдэж, маргалдаж нэг нэгэндээ орилж хашхираад л байсан. Тэгээд нэг нь цагдаа дуудсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

2.8. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч К.Хаын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 455 дугаартай “...1. М.Аы биед баруун гарын дунд хурууны мултрал тогтоогдлоо.  5. М.Аы биед баруун гарын дунд хурууны мултрал нь гэмтлээс гаралтай эсвэл дасал болсон эсэхийг хавтас хэргийн материалаар нэмэлт шинжилгээгээр тогтоох болно...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28 дахь тал),

2.9. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч Х.Еын нэмэлт шинжилгээ хийсэн тухай 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 531 дугаартай "... 1. Ахлах шинжээч эмч К.Хайратын №455 дугаартай дүгнэлт болон гэрчийн мэдүүлэгтэй танилцаж, 2023.08.14-ний өдөр М.Аыг өөрийн биеэр дуудаж нэмэлт үзлэг хийж дүгнэлт гаргав. 2. Хохирогч М.Аы биед баруун дунд хурууны 2-р үений мултрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36 дахь тал),

2.10. Гэрч Н.Сйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр М.Аы баруун, зүүн гарын аль ч хурууны үе нь урьд өмнө мултарч байгаагүй. 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нөхөр маань засварын газарт очиж машиндаа засвар хийлгэнэ нэг их удахгүй иргэ гээд явсан байсан. Гэтэл тэр өдрийн орой 17 цагийн үед билүү ямар ч байсан нэлээн оройтож залгаад “засварын газарт байхад Ш тааралдаад хэрүүл маргаан гаргаад улмаар миний гарын хурууг хугалчихсан тул би эмнэлэг, цагдаа гээд явж байна.” Гэж утсаар ярьсан. Тэгээд орой А гэрт ирэхэд баруун гарынхаа дунд хурууг боолгосон байдалтай очсон. Тэрнээс хойш хуруу нь одоог хүртэл эдгэрээгүй, боолттой явж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),

2.11. Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, рентген зураг (хавтаст хэргийн 47-54 дахь тал),

2.12. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч цагдаагийн ахмад Б.Ц, цагдаагийн дэслэгч Я.М нарын гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаартай “...1. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч Х.Ерболын 2023.08.15-ны өдрийн 531 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. 2. М.Аы баруун гарын дунд хурууны 2-р үений мултрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. М.Аы биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. М.Аы биед учирсан дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд хуучин гэмтэл байх боломжтой байна. 6. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ алдагдсан тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал),

2.13. Яллагдагч Т.Ший мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Аыг цохиж биед нь халдаж гэмтэл учруулаагүй болно. Тухайн өдөр би өөрийн мотоциклээ засуулах гээд А гэх хүний хашаанд очсон. Би очиход А нь нэг фургон машинд засвар хийж байсан, хажууд нь А бас машинаа засуулах гээд зогсож байсан. Тэгээд би Атай уулзаад юм би Ад хандаад “та урьд авсан дугуйны мөнгөө хэзээ өгөх юм вэ, чи надаас аваад олон жил болоо” гэж ярилцаад зогсож байгаад тухайн асуудлаас болоод бид хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгэхэд би Аы хажууд нь гүйж очоод “би чамайг ална шүү” гээд гараа далайлгахад А нь намайг тэврээд барьж авахад бид хоёр зэрэг газарт унасан. Газарт унахад би доор нь унаад А миний дээр унасан. Тэгээд бид хоёр газраас босоход А нь "чи миний хурууг хугалчихлаа, би цагдаа дуудна шүү" гээд л бөөн юм болоод цагдаа дуудсан. Тухайн үед болсон асуудал энэ. Тухайн үед А миний биед халдаж цохиж зодоогүй. Гэхдээ чи архи уусан байна, чи цагдаа ирэхээс өмнө зугтах гээд байгаа юм уу гэх мэтээр надтай  зууралдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дэх тал) нотлох баримтууд болно.

2.14. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

-Иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа  (хавтаст хэргийн 78-79 дахь тал),

-Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх тухай лавлагаа (хавтаст хэргийн 85 дахь тал),

-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.15. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн,

- Хохирогч М.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “...Тэгээд Ш нь бид хоёрын дунд байсан урьдын авлага, өглөгийн асуудлыг ярьж надтай зууралдаад салахгүй байсан. Би түүнд “чи одоо больчих зүгээр байгаарай, би чамайг зодно гэвэл зодож болно шүү, одоо болиорой" гэхэд миний баруун гарын дунд хуруунаас барьж аваад мушгихад миний баруун гарын дунд хурууны 2 дугаар үе нь мултраад хурууны хэлбэр маань өөрчлөгдөж мурийчихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 14 дэх тал),

-Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед би өөр нэг фургон маркийн машины рамыг нь гагнаад машины доор юм хийж байсан бөгөөд тэд нар ноцолдоод л байгаа нь харагдсан. ...А нь Шд хандаад “чи миний хурууг хугалчихлаа цагдаа дуудна” гэж ярьж байсан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

-Гэрч Н.Сн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр М.Аы баруун, зүүн гарын аль ч хурууны үе нь урьд өмнө нь мултарч байгаагүй. ..Гэтэл тэр өдрийн орой 17 цагийн үед билүү ямар ч байсан нэлээн оройтож залгаад “засварын газарт байхад Ш тааралдаад хэрүүл маргаан гаргаад улмаар миний гарын хурууг хугалчихсан тул би эмнэлэг, цагдаа гээд явж байна..” гэж утсаар ярьсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

-Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг мэдэхэд л тэр хоёр залуу хоорондоо хэрэлдэж, маргалдаж нэг нэгэндээ орилж хашхираад л байсан. Тэгээд нэг нь цагдаа дуудсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

-Шинжээч Х. ын нэмэлт шинжилгээ хийсэн тухай 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 531 дугаартай "... 2. Хохирогч М.Аы биед баруун дунд хурууны 2-р үений мултрал гэмтэл тогтоогдлоо....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36 дахь тал),

-Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, рентген зураг (хавтаст хэргийн 47-54 дахь тал),

-Шинжээч Б.Цэ, Я.Ман нарын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаартай “...1. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч Х.Еын 2023.08.15-ны өдрийн 531 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. 2. М.Аы баруун гарын дунд хурууны 2-р үений мултрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. М.Аы биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...6. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ алдагдсан тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал),

-яллагдагч Т.Ший мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд бид хоёр газраас босоход А нь "чи миний хурууг хугалчихлаа би цагдаа дуудна шүү” гээд л бөөн юм болоод цагдаа дуудсан. Тухайн үед болсон асуудал энэ. Тухайн үед А миний биед халдаж цохиж зодоогүй. Гэхдээ чи архи уусан байна, чи цагдаа ирэхээс өмнө зугтах гээд байгаа юм уу гэх мэтээр надтай  зууралдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

3.2. 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Аын ажиллуулдаг засварын газар дотор шүүгдэгч Т.Ш нь зээлээр авсан дугуйны мөнгийг өгсөнгүй гэх шалтгаанаар хохирогч М.Атай маргалдаж, улмаар  хохирогчийн биед нь халдаж, ноцолдох явцад хохирогчийн баруун гарын  дунд хурууны 2-р үе мултарч, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Шээс “бид хоёр ноцолдож байгаад газарт унах үед хохирогч гараа гэмтээсэн” гэх агуулгатай мэдүүлэг өгсөн боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэхэд хохирогч газарт унасны улмаас гараа гэмтээсэн гэж үзэх,  хохирогчийн  “миний баруун гарын дунд хуруунаас барьж аваад мушгихад миний баруун гарын дунд хурууны 2 дугаар үе нь мултраад хурууны хэлбэр маань өөрчлөгдөж мурийчихсан.” гэх мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

3.4. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1.Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Т.Ший хохирогч М.Аыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, түүний эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн  шинжийг агуулсан байна.

4.2. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч М.Аы биед нь үүссэн баруун гарын дунд хурууны 2-р үений мултрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл  нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дахин шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 56-57 дахь тал),

4.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ш нь хохирогч М.Аыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон, шүүгдэгчийн хохирогчийн биед нь халдсан үйлдэл болон хохирогчийн биед үүссэн гэмтэл буюу эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаан холбоотой, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.

4.4. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.5.  Иймд шүүгдэгч Т.Шийг хохирогч М.Аыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.6. Шүүгдэгч, хохирогч нарын өглөг, авлагаас улбаатай хувийн таарамжгүй харилцаа, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон байна.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Гэмт хэргийн улмаас хохирогч М.Аы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоос шүүх хуралдааны явцад гэмт хэргийн хор уршигт буюу эмчилгээний зардал, замын зардал, олох байсан орлого гэж нийт 3000000 төгрөгийг нэхэмжилж, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй болно.

5.3. Дахин шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, хохирогч М.Аы “Ховд аймагт үзүүлэхээр очиход бензин хийхэд 150000 төгрөг зарцуулсан” гэх мэдүүлгээр хохирогч нь шинжилгээ хийлгэхээр Ховд аймагт очсон нөхцөл байдал тогтоогдсон тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан бензиний төлбөр 150000 төгрөгийг шүүгдэгч Т.Шээс гаргуулж хохирогчид олгож, хохирогч нь эмчилгээний зардал, олох байсан орлогын талаарх нотлох баримтыг  гаргаж өгөөгүй тул холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүхээс шүүгдэгч Т.Шийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалд хамаарах нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ш нь 49 настай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух хаягтай, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

2.3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Т.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгж буюу 600000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргав.

2.5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Т.Ший хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

2.6. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч Т.Ш нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч Т.Ш нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2.  Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж Хй ургийн овгийн Ты Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Шийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.Шд сануулсугай.

4. Шүүгдэгч Т.Ш нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Шээс 150000 (нэг зуун тавин мянга) төгрөг гаргуулан хохирогч М.Ад олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.Б