Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/018

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч Я.Д,

орчуулагч, хэлмэрч Б.Ж,

шүүгдэгч К.А, К.Н,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Х ургийн овгийн К А, Хурман ургийн овгийн К Н нарт холбогдох 2313002830365 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ... дугаар багт оршин суух хаягтай, одоо Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багт түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х ургийн овогт Кн Н, регистрийн дугаар ...;

2.Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-8, эцэг эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Бугат сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Х ургийн овгийн Кн А, регистрийн дугаар ...,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.Н, К.А нар бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр “Хар нуур” гэх газарт хохирогч С.Аг бэлчээрийн маргааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд тархины доргилт, духны баруун талд хаван хавдар, цус хуралт, бүсэлхий нуруу, зүүн шилбэнд тус тус цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.Н мэдүүлэхдээ: “...Жил болгон намаржааны газраас болж хэрүүл маргаан үүсдэг. Хохирогч бидний намаржааны хашаанаас 500 км зайтай газарт хонио хариулсан. Хохирогч биднийг “УАЗ-469” загварын тээврийн хэрэгслээр хөөсөн. Болсон асуудлын талаар аавдаа хэлэхэд дахиж битгий хохирогчид очоорой гэж хэлсэн. Хохирогч С.А нь С.Ж гэх хүний хадлангийн талбайд бууж байсныг харсан. Бид С.Ад хандаж та энэ газарт малаа төллүүлж болохгүй гэж хэлэхэд хохирогч өөрөө К.Аыг зодсон тул хэрүүл маргаан гарсан...” гэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.А мэдүүлэхдээ: Хохирогч өөрөө миний араас хөөж ирээд намайг заамдаж авсан тул хэрүүл маргаан гарсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

2. 2313002830365 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн С.Аээс 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан “...Бэлчээрийн маргааны улмаас дүү Еркешийн хүүхдүүд болох К.Н, К.А нар миний эрх чөлөөнд халдсан...” гэх гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал),

2.2. Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манайх Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Сыргалы"-ын чиглэлд “Ёдгойх” гэх газарт намаржиж байсан. Миний дүү болох Еркеш бид урьд өмнө тус намаржаанд газрын маргаан асуудал үүсгэж, 2 удаа аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж миний талд шийдвэр нь гарсан байсан. Гэтэл Еркешийн хүүхдүүд болох К.А. К.Н нар 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр миний хариулж явсан малыг хөөж, бэлчээрийн маргаан үүсгэсэн ба ах болох Жүкейгийн эсгий гэрийг барих гэж байхад К.Н, К А нар мотоциклтэй давхиж ирж намайг К.А нь шууд миний нуруун тус газарт өшиглөж унгаасан ба К.Н намайг газар унасны дараа миний толгой тус газарт өшиглөж зодсон. Болсон асуудал энэ байна...

...Тэр хоёр миний зээ дүү нар юм. Бид нарын амьдарч байсан газарт нэг маргаантай намаржаа байдаг байсан ба би уг газарт хашаа байшин барчихсан. Тэрнээс болж надыг аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр нь миний талд гарсан юм. Тэр шийдвэр миний талд гарснаас хойш байнга бэлчээрийн маргаан үүсгэдэг боллоо. Зодоон бэлчээрийн маргаанаас болсон...

 ...Тухайн хэрэг болсны улмаас миний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан үүнээс болж би 180 км газраас дүү Бекетийн машинд бензин шатахуун хийгээд аймгийн төвд ирээд тархи хөдөлсөн байсан тул нэрийг нь мэдэхгүй Өлгий сумын 4 дүгээр багт байдаг бариач хүнээр толгойгоо бариулахад 120.000 төгрөг төлсөн, дараа нь эм, тариа худалдан авсан, буцаад 180 км газарт гэртээ очихдоо дүү Бекетийн тээврийн хэрэгсэлд бензин шатахуун хийсэн зэрэг хохирлууд гарсан юм. Тухайн үйл явдлаас хойш 3 сар орчим хугацаа өнгөрсөн байгаа тул би хохирлын талаар дэлгэрэнгүй ярьж чадахгүй байна. Яагаад гэвэл би мартсан байна. Ямар ч байсан тухайн үед тооцоолж үзэхэд бол надаас 1.500.000 төгрөгийн зардал гарсан байсан юм. Гэхдээ энэ хохирлын талаар гаргаж өгөх ямар нэгэн нотлох баримт байхгүй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд К.Нурбек, К. А нар надаас ямар байдлаар уучлалт гуйж байгаагүй, ямар ч хохирол барагдуулсан зүйл байхгүй.Надад учирсан 1.500.000 төгрөгийг нэхэмжлэх болно.” гэсэн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 48-49, 52 дахь тал), 

 

2.3. Гэрч С.Кйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Манайх Цэнгэл сумын 5 дугаар багт намаржаанд буусан. Гэтэл гэрээ барих гээд байхад Кйн А, Н нар мотоциклтэй ирсэн. Тэр үед С.А, Ө.Ургамал нар ирсэн. Тухайн газарт гэрээ бариулахгүй гэж маргаан үүсгэсэн. Гэтэл К.А, К.Н хоёр шууд С.Аийг гараар цохиж унагааж ээлж, ээлжээр өшиглөж зодсон. Тэр үед манай нөхөр Ж, хүү болох Ж.Бекет нар очиж салгаж авсан болно. Тухайн үед Аий нүүр хэсэг болон толгойноос цус гарчихсан. К, Е нар жил болгон газрын маргаан үүсгэж хоёр хүүхдүүд нь сүүлд хүний биед халдаж зодоон гаргасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

2.4. Гэрч Ш.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэр өдөр миний бие Цэнгэл сумын 5 дугаар багт "Ёдгойх" гэх газарт намаржаанд бууж байсан. Аав бид хоёр эсгий гэрээ барих гээд байхад ах болох С.А эхнэр хоёр манай гэрт ирсэн ба гэр барьж байсан. Гэтэл К гэдэг хүргэн ахын А, Н гэдэг хоёр залуу манай гэрийн гадна мотоциклтэй ирж зогссон. Тэр хоёр залуу бид нарт "та нар энэ газарт гэр барихгүй, өөр газарт очиж барь энэ манай намаржаа гэсэн тайлбар хэлж маргаан үүсгэсэн. Тэр үед А нь шууд С.А ахыг гараараа аман тус газарт цохиж унгасан ба газар унасны дараа Н очиж хөлөөрөө өшиглөж зодсон. Тэр үед аав бид хоёр очиж А, Н хоёрыг салгаж авсан ба С.Аийг босгож авсан. Тэр үед А ахын амнаас болон толгойноос цус гарчихсан байдалтай харагдсан юм. К.Н, К.А нар бид нарт жил болгон газрын маргааны асуудал гаргаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

2.5. Гэрч Ө.Улын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 8 дугаар сарын 29-ны өдөр тус аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ёдгойх” гэх намаржаанд С.Аий ах С.Жгийн гэрийг барьж өгөхөөр нөхөр бид хоёр очсон. Замдаа К.А, К.Н хоёр тааралдаж бид нарт чулуу шийдсэн. Тэгээд С.Жйн гэрийн гадна ирсэн ба К.А, К.Н хоёр мотоциклтэй хүрч ирсэн. Тэр айлд түүний аав, ээж хоёр байсан байна. С.Жйн гэр барих гэж байсан газарт тэд нар гэр бариулахгүй гэж маргалдаж байсан. Гэтэл К.А, К.Н хоёр шууд ирж С.Аийг зодоод эхэлсэн ба газар унагааж ээлж, ээлжээр өшиглөж толгой болон нуруун тус газарт өшиглөж нийлж зодсон болно. К.А нь түрүүлж биед нь халдаж зодсон ба К.Н газар унасны дараа хөлөөрөө өшиглөж зодсон. Газрын маргаан болон малын бэлчээрийн маргаанаас болж зодоон болсон..." (хавтаст хэргийн 58-59 дэх тал)

2.6. Гэрч С.Жн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 8 дугаар сарын 29-ны өдөр тус 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ёдгойх” гэх газарт өөрийн эзэмшлийн хадлангийн талбайгаа хадсаны дараа гэрээ барьж хонь малыг тухайн газарт авч ирсэн. Тэгээд гэрээ барих гэж байгаад хүргэн болох К, дүү Еркеш хоёр ирсэн. Тэгээд тэр хоёр надад та яах гэж байна бэ, энэ газарт гэр барихгүй өөр газар руу яв гэж хэлсэн. Манай хадлангийн ойролцоо К, Енарын хашаа байсан. Гэтэл малын бэлчээр хорьж байгаа байдал тэр юм. Тэгээд бид нар хоорондоо маргалдаж байх үед миний дүү болох С.А эхнэрийн хамт гэр барьж өгөхөөр ирсэн байна лээ. Гэтэл Кйн К.А, К.Н гэсэн хоёр залуу мотоциклтэй хүрч ирсэн ба миний хажууд зогсож байсан С.Аийг К.А нь шууд ирж гараараа аман тус газарт цохиж унгааж, газар унасны дараа К.А, К.Н хоёр ээлж ээлжээр өшиглөж зодоод эхэлсэн. Нэг нь толгой тус газарт, нөгөөдөх нь нуруун тус газарт өшиглөж зодсон ба хүү Бекет бид хоёр К.А, К.Ныг С.Аээс салгаж авч тухайн зодооныг болиулсан. Тэр К.А, К.Н хоёр хүч өгөхгүй дахин дахин дайрч янз бүрийн хорио цээрийн үгээр доромжилж, та нарыг бүгдийг чинь ална энэ тэр гэж айлган сүрдүүлчхээд яваад өгсөн. Тухайн үед миний татаж өвддөг охин Сйн бие муудаж, тэгээд С.А нарыг сумын төвөөс түргэний эмч болон цагдаа нар ирж авч явсан. Болсон асуудал гэвэл энэ...” (хавтаст хэргийн 62-63 дахь тал)

2.7. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Еын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан 569 дугаартай “...1. С.Аий биед тархины доргилт, духны баруун талд хаван хавдар, цус хуралт, бүсэлхий нуруу, зүүн шилбэнд тус тус цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.8. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

-Шүүгдэгч К.Аын талаар:

-Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын “Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багт оршин суух К овогтой А танай өрх Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний 292.5 босго онооноос өндөр байна.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 164 дахь тал),

 -Иргэний үнэмлэхийн болон байнгын оршин суугаа хаягийн, гэрлэсний бүртгэлийн лавлагаанууд  (хавтаст хэргийн 136-138 дахь тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 126 дахь тал)

-Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 127-129 дахь тал),

 

-Шүүгдэгч К.Нын талаар:

-Иргэний үнэмлэхийн болон байнгын оршин суугаа хаягийн лавлагаанууд  (хавтаст хэргийн 132-134 дэх тал),

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 140 дэх тал),

-Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 144 дэх тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 130 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.9. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч К.А, К.Н нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргаж, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргахгүй байгаа” гэж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

3.2. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт цугларсан хохирогч С.А, гэрч С.К, Ш.Б, Ө.У, С.Ж нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 8-10, 39-40, 43, 51-52, 54-55, 58-59, 62-63 дахь тал), шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 569 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар нуур” гэх газарт бэлчээрийн маргаанаас улбаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн С.Жйн  гэрийг барилцаж байсан хохирогч С.Аий нүүр нь тус газарт шүүгдэгч К.А гараараа цохиж газарт унагааж, шүүгдэгч К.Нтай хамтран өшиглөж зодсон, хохирогч бусдад зодуулсны улмаас түүний биед тархины доргилт, духны баруун талд хаван хавдар, цус хуралт, бүсэлхий нуруу, зүүн шилбэнд тус тус цус хуралт бүхий гэмтлүүд учирч, шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт тогтоогджээ. 

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч К.А, К.Н нарын хохирогч С.Аийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн  шинжийг агуулсан байна.

4.2. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч С.Аий биед нь үүссэн гэмтэл  нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байх тул  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 68-69 дэх тал),

4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.

4.4. Хохирогч С.Аийг шүүгдэгч К.А гараараа цохиж газарт унагаах үед шүүгдэгч шүүгдэгч К.Н нь  үйлдлээрээ нэгдэж, хохирогчийг зодсон нөхцөл байдал нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.

4.5. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч К.А, К.Н нар нь бүлэглэж хохирогч С.Аийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон, шүүгдэгч нарын  идэвхтэй үйлдэл болон хохирогчийн биед үүссэн гэмтэл буюу эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаан холбоотой, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.6. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.7.  Иймд шүүгдэгч К.А, К.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй.

4.8. Бэлчээрийн маргаанаас улбаатай хохирогч, шүүгдэгч нарын хувийн таарамжгүй харилцаа нь гэмт хэрэг үйлдэгдэхэд шууд нөлөөлжээ. 

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Аий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гэмт хэргийн хор уршигт буюу эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтууд хэрэгт цуглараагүй байна.

5.3. Иймээс хохирогчийн нэхэмжлэлийг нь хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр:Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч К.А, К.Н нарыг шүүхээс “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч К.Нын хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой зэрэг, харин шүүгдэгч К.Аын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан, уламжлалт мал аж ахуй эрхэлдэг, тус аймгийн Бугат сумын сумын 2 дугаар багт оршин суудаг зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

2.3. Шүүгдэгч К.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч К.А нь урьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.  

2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч К.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч К.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгж буюу 800000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэсэн,

шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “шүүгдэгч К.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж 1000 нэгж буюу 1000000 төгрөгөөр, шүүгдэгч К.Ныг 700 нэгж буюу 700000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргав.

2.5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч К.А, К.Н нарын хувийн байдал, гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан, тэдний гэм буруугийн хэлбэрт тохируулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож шүүгдэгч К.Аыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр, шүүгдэгч К.Ныг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэв.

2.6. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч К.А, К.Н нарт сануулах нь зүйтэй.

Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овгийн Кйн А, Х ургийн овгийн Кн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Аыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 (нэг сая) төгрөгөөр, шүүгдэгч К.Ныг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч К.А, К.Н нарт сануулсугай.

4. Шүүгдэгч К.А, К.Снар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.А нь эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. 2313002830365 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.Б