| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2020/01097/и |
| Дугаар | 142/ШШ2020/1125 |
| Огноо | 2020-09-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 142/ШШ2020/1125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Б-д холбогдох,
“Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Х.Бтой 2012 онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн. 2013 онд том охин Б.М, 2015 онд Б.Г нар тус тус төрсөн. Анх танилцахдаа О миний бие нь 7 настай хүүтэй байсан. Бид 2017 оны хавар 4 дүгээр сар хүртэл хамтран амьдрагчаар амьдарсан. Энэ хугацаанд хүүг маань байнга гадуурхаж хэл амаар доромжилж, ёс бус үйлдэл гаргадаг байсан. Намайг үсдэж зоддог болсон хамт амьдрахын араггүй болсон ч хоёр охиноо бодон хэд хэдэн удаа эргэж нийлсэн боловч зан ааш нь хэвээрээ байсан. Иймд цааш хамтран амьдрах боломжгүй болсон тул охидуудыг маань О миний асран хамгаалалтанд үлдээж эцэг Х.Боос тэтгэлэг тогтоолгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч А.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А.Ууганбаяр би Д.Оийн нэхэмжлэлтэй, Х.Бид холбогдох "Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах" шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч Х.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Х.Б нь төлөөлөгчөөрөө дамжуулан дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна. Үүнд:
Х.Б Д.О бид 2012 онд танилцан үерхэж 2013 онд Б.М охин төрснөөс хойш нэг гэрт хамтран амьдарч улмаар 2015 онд охин Б.Г төрсөн. Хамтын амьдралын эхний үед таарч тохирч байсан боловч хувийн таарамжгүй харилцааны улмаас 2016 оноос эхнэр Д.О гэрийн бүх эд хогшлоо хаман явж Х.Б нь хоосон гэртээ 1 настай, 3 настай 2 охинтойгоо үлдэж 2 тусдаа амьдрах болсон. Үүнээс хойш Х.Б өөрийн гэртээ 2 охиноо асарч. тэжээн тэтгэн осгож одоо тэдгээр о.хид 7 настай, 5 настай болж харьцангуй хүний асаргаанаас гарсан байна. Гэтэл 2020 оны 6 дугаар сард охидын эх Д.О "би одоо гэртээ ажилгүй байна. Охидуудаа сургууль ортол /8 сар хүртэл/ өөр дээрээ авч харъя” гэж хүсэлт гаргасны дагуу Х.Б 2 охиноо эхэд нь түр асруулахаар өгч явуулсан байна. Төд удалгүй 2020 оны 7 сард шүүхээс Д.Оийн нэхэмжлэлтэй холбоотойгоор Х.Бид дуудах хуудас ирж маргаан үүсч байна. Х.Б нь өөрөө гардан авч өсгөсөн, эх нь хаяж явсан /Д.О охиддоо эх байж үр хүүхдээ асарч тэжээн тэтгэхээс зайлсхийсэн, зугтаасан/ охидоо цаашид өөрөө асарч, тэтгэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа бөгөөд үүний баталгаа нь одоо төрийн албан хаагч болж, нийгмийн баталгаатай болсон явдал юм. Цаашид Хөвсгөл аймагт байрлах Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчийн ажлаа тууштай хийж, охидоо сурах боловсрох нөхцөлөөр бүрэн хангахаар хичээнгүйлэн ажиллаж байна. Д.О нь охидоо 1 настай, 3 настай балчраас нь хаяж хот руу явчхаад одоо ямар нүүрээрээ охидоо цаашид асарна, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Би охидоо нялхаас нь баас, шээсийг нь арилгаж, идэх уухаар, өмсөж зүүхээр дутаахгүйг хичээн, галаар тасалж дааруулахгүй өнөөдрийг хүртэл өсгөсөн. Ингэж өсгөж байхдаа би 2 охиндоо дэндүү ээнэгшсэн, миний 2 охин ч аавдаа ээнэгшин дассан гэдэг миний бие итгэлтэй байна. Би 2 охиноо Д.О тэтгэлгийн мөнгөний золиос болгож хэзээ өгч чадахгүй. Д.О ямар ч тогтсон ажилгүй, амьдралын ямар ч баталгаагүйн дээр 2 охиноо өдий хүртэл хайрлаж өсгөж чадаагүй тул цаашид ч хайрлан өгсөж чадахгүй. Х.Б би эхийг нь 2 охинтойгоо уулзуулах гэж өөрөө араас нь хөөцөлдөж, өөрөө зардлыг нь дааж хааяа уулзуулах, утсаар яриулах зэргээр өдийг хүрсэн. Өнөөдрийг хүртэл Д.О нэг ч удаа өөрийн санаачлагаар 2 охинтойгоо уулзаж, утсаар ярьж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаагүй. Х.Б би энэ хугацаанд гэрт эм, гадаа эр болж хуруу хумсаа хуйхлан, гуйлга гуйхдаа гуйж байж 2 охиноо өсгөж одоо бид 3 сардаа авдаг цалин орлоготой амьдарч байна. Дээрх бүх нөхцөл байдлыг миний эх, эцэг, ах дүү бүгд гэрчилнэ. Би одоо Хөвсгөл аймагт төрийн албанд ажиллах болж 2 охиноо дэргэдээ авч сургууль, цэцэрлэгт хамруулах төлөвлөгөөтэй байсан боловч Д.О нь 2 охиныг минь Улаанбаатар хот руу айлын хаяг дээр шилжүүлсэн байна. Д.От Х.Б надаас 2 хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулан амьдрах зорилго байгаа болохоос 2 охиныг минь үнэхээр хайрлан асрамжлаад өсгөөд явах хүсэл байхгүй, тийм чадвар ч байхгүй. Иймд Д.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Х.Б би 2 охиноо өөрийн асрамжид үлдээх талаар сөрөг нэхэмжлэл, холбогдох хүсэлтээ төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох болно” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь Х.Бид холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.О, Х.Б нар нь 2012 онд танилцаж, хамтран амьдарсан байх ба тэдний дундаас 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр охин Б.М, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр охин Б.Г нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Хэдийгээр зохигчид гэрлэлтийн бүртгэлгүй ч 2012 оноос 2017 оны хавар хүртэл хамтран амьдарсан байх ба хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017 оны хавраас хойш тусдаа амьдарч байгаа болох нь нотлогдож байна.
Д.О, Х.Б нарын дундаас төрсөн охин Б.Г, Б.М нар нь аав, ээжийнхээ тусдаа амьдрах хугацаанд тэдний хэн алин дээр нь байсан байх ба одоогоор эхийнхээ асрамжид байгаа нь талуудын тайлбараар нотлогдсон.
Хүүхдүүд одоо долоо настай, дөрвөн настай бага насны хүүхдүүд байх тул тэдний асрамжийг эхэд нь үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2.-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтооно гэж заасан байна.
Иймд охин Б.М, Б.Г нарыг эх Д.Оийн асрамжинд үлдээж, насанд хүртэл нь эцэг Х.Боор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 54 502 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.М, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Г нарыг эх Д.Оийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Б.М, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Г нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Боор сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.Боос улсын тэмдэгтийн хураамжаар 54 502 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА