Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 477

 

 

                                                                                   

Г.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Отгонсүрэн, 

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.От холбогдох эрүүгийн 1910016710029 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

Г.О нь 2019 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 5 дугаар гудамжинд иргэн Д.Чамин-Эрдэнийг "ахаа гэж хэлсэнгүй" гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас:

Г.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гантулгын Очбаярыг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.О нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.От оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.  

 

Прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн заалтыг хангаагүй байна.

Шийтгэх тогтоолд торгох ялыг биелүүлэх хугацааг эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэхийг заагаагүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.  

 

Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.От холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Торгох ялыг биелүүлэх хугацааг шийтгэх тогтоолд тодорхой зааж өгөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн заалтыг хангаагүй байна. Шийтгэх тогтоолд торгох ялыг биелүүлэх хугацааг, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ял биелүүлэхийг заагаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Г.О нь 2019 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 5 дугаар гудамжинд иргэн Д.Чамин-Эрдэнийг "ахаа гэж хэлсэнгүй" гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Чамин-Эрдэнийн мэдүүлэг /хх 20-21/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх 49, 85/, хохирогч Д.Чамин-Эрдэнийн биед “...баруун зовхи, баруун чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр хацарын төвгөр, зүүн шанаа, зүүн тохой, зүүн шилбэ, хоёр дал, нуруу баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон 8318 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 33/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүгдэгч Г.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Г.От холбогдох 1910016710029 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил байхгүй байна.

 

Г.Оын үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэгт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирчээ.

 

Прокурор О.Алтангэрэлийн “...Шийтгэх тогтоолд торгох ялыг биелүүлэх хугацааг эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэхийг заагаагүй...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоогоогүй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.

 

Хэдийгээр шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

 

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцнэ.

 

Шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэдэг заалтуудын нэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан заалт бөгөөд энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш байна гэж үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай болохыг цаашид анхаарвал зохино.   

 

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгуулах, хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелүүлэх, хяналт тавих эрх бүхий этгээд уг ялыг ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр биелүүлэх үйл ажиллагаа явуулах зэрэгт чухал ач холбогдолтой.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд хүртэл давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж заасан.

 

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан Г.Оын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэх юм.

Иймд энэ талаар бичсэн прокурорын улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

  

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                ШҮҮГЧ                                           Н.БАТСАЙХАН

 

                                                ШҮҮГЧ                                           Д.ОЧМАНДАХ