Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2026/0453

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Нэхэмжлэгч: О ХХК

Хариуцагч: Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл, Нийслэлийн Ерөнхий архитектор

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтийн зарим хэсэг буюу дүгнэх нь хэсгийн 2, 3 дахь заалтыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, нийслэлийн Ерөнхий архитекторын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/5297 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 362 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Т

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/1064/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О ХХК-иас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл, Нийслэлийн Ерөнхий архитекторт тус тус холбогдуулан Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтийн зарим хэсэг буюу дүгнэх нь хэсгийн 2, 3 дахь заалтыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, нийслэлийн Ерөнхий архитекторын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/5297 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 362 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтийн дүгнэх нь хэсгийн 2, 3 дахь заалтыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, нийслэлийн Ерөнхий архитекторын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/5297 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож ... шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нийслэлийн Засаг даргын Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1141 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "О" ХХК-д нийслэлийн Засаг даргын 2014 оны А/500 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлж олгосон нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн "Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг тогтоох тухай 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн байх тул нийслэлийн Засаг даргын 2019 оны А/951 дүгээр захирамжийн хавсралтын 32-т "3595 м2" гэснийг "2054 м2" гэж өөрчилсөн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн "Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг тогтоох тухай" 2009 оны 114 дүгээр тогтоол нь нийтийн эрх ашгийг хамгаалах харилцааг зохицуулсан тул нийслэлийн Ерөнхий Архитекторын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/5297 дугаартай захиргааны актын биелэлтийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох нь хэсгийн 3.3-д нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э шүүхэд маргаан бүхий газрыг нийтийн эзэмшлийн талбай, мөн уг газарт барилга барихгүй нийтийн эзэмшил хэвээр ашиглана гэж уг газрыг нийтийн эзэмшлийн газар гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хэлсэн байхад шүүх анхаарч авч үзэлгүй, тэмдэглэлд дурдалгүй шийдвэр гаргасан.

3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 13, 14, 15 дах хэсгийн дүгнэлт үндэслэлгүй. Учир нь "О ХХК-ийн нэгж талбарын 1500300398 дугаартай, худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар анх олгогдсон 3592 м2 газарт үндэслэж Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8-д тус тус заасны дагуу нийт эдэлбэр газрын 30%-иас доошгүй талбайд гадна тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол төлөвлөж нийт эдэлбэр газрын 50%-иас доошгүй талбайд буюу 1464.8 м2 газарт барилгажихаар тус газраас 2022 онд архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, загвар зургийг баталсан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/951 дүгээр захирамжаар олгосон нэгж талбарын 1500300398 дугаартай 3595 м2 газрыг үндэслэн 2022 оны М3Х2022/14-005 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг батлахад үндэслэл болсон газрын хэмжээ багассан тул архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг нь холбогдох хууль, журам, норм, дүрмийн шаардлага хангахгүй болсон. Анхны төлөвлөлт хийж, норм хангуулж олгосон 3595 м2 газрын талбайн хэмжээ өөрчлөгдсөн нь 2022 оны архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг өөрчлөх, хэсэгчлэн хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй тул нийслэлийн Ерөнхий Архитекторын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/5297 дугаартай захиргааны актын биелэлтийг хүчингүй болгох тухай мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.5 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалт, нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1141 дүгээр захирамжийг үндэслэн хууль тогтоомжид нийцүүлж гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

5. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч О ХХК-иас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтийн зарим хэсэг буюу дүгнэх нь хэсгийн 2, 3 дахь заалтыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, нийслэлийн Ерөнхий архитекторын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/5297 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл, нийслэлийн Ерөнхий архитекторт тус тус холбогдуулан гаргажээ.

2.1. Анхан шатны шүүх ... дээрх дүгнэлт нь гомдол гаргагчийн гомдлын шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэснээр Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд заасан гомдол урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, мөн хуулийн 98 дугаар зүйлд заасан гомдлыг хянан үзээд гаргах захиргааны актын төрлүүдтэй нийцээгүй байна. Тодруулбал, нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар болон эрх зүйн үндэслэлгүй илт хууль бус акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэх боломжгүй гэж үзнэ ... хэмээн тус тус дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Анх нийслэлийн Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Барилга түрээсээр эзэмшүүлэх тухай 255 дугаар захирамжаар маргаан бүхий байршилд Ард кино компанийн эзэмшиж буй барилгыг Од ХХК-д ерөнхий түрээслэгчээр эзэмшүүлсэн бөгөөд нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Газар эзэмших, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай 461 дүгээр захирамжаар О ХХК-д 1545 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

3.2. Мөн нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай А/463 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээг 2624 м.кв болгож нэмэгдүүлж, нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай А/1140 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх, байршил шилжүүлэх тухай А/500 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг 3595 м.кв болгож нэмэгдүүлж, нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай А/951 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг тус тус сунгажээ.

3.3. Эрүүл мэндийн яамны улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10-00-02/009/88 дугаартай дүгнэлтээр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах О ХХК-ийн үйлчилгээтэй, барилгын ажлын зураг төсөл нь олон нийт иргэний барилга БНбД 30-03-03-д, зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS 4588:2008 стандартад заасан эрүүл ахуйн шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн.

3.4. Түүнчлэн О ХХК-ийн үйлчилгээтэй Интернэшнл бизнес центр тауэр барилгын ажлын зураг төсөл, барилгын ажлын нийт талбай 32717,97 м.кв талбайд хувийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Ерөнхий архитекторын баталсан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ2022/1405 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавартай, дулаан хангамж, гадна ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, гадна холбооны техникийн нөхцөлийг 2022 онд олгосон, барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, өндөржилт, барилга архитектур, барилга бүтээц, халаалт, агаар сэлгэлт, дотор цэвэр, бохир ус, дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, автоматик, дотор холбоо, дохиолол, инженер геологийн зураг төслийн бүрдэлд магадлал хийгдсэн байна.

3.5. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай А/1141 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр О ХХК-д нийслэлийн Засаг даргын 2014 оны А/500 дугаар захирамжаар ... эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг тогтоох тухай 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн гэж үзэж нийслэлийн Засаг даргын 2019 оны А/951 дүгээр захирамжийн хавсралтын 32 дах хэсгээр нэхэмжлэгчийн эзэмшил талбайн хэмжээг 3595 м.кв гэснийг 2054 м.кв гэж өөрчилж, Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01-05/4941 дүгээр алба бичгээр О ХХК-д мэдэгдсэнийг эс зөвшөөрч Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд ...нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/1141 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэх утга бүхий гомдлыг гаргажээ.

3.6. Уг гомдлыг хүлээн авч, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтаар Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай А/1144 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож,

2 дахь заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргын 2014 оны Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай А/500 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2019 оны Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/951 дүгээр захирамжийн О ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож,

3 дахь заалтаар нийслэлийн Засаг даргын 2013 оны Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/1140 дүгээр захирамжийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэ захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгаж тус тус шийдвэрлэжээ.

4. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтийн зарим хэсэг буюу дүгнэх нь хэсгийн 2, 3 дахь заалтыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд ... нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх гээд 21.2.6-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх,

601 дугаар зүйлд Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газартай холбогдсон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх, 601.1.3-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбоотой болон газар чөлөөлөх, газрын төлбөртэй холбоотой маргааныг Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл гэж,

603.1-д Маргаан таслах зөвлөл нь хууль тогтоомжид нийцүүлэн дүгнэлт гаргана. 603.3.Нийслэлийн Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба энэ хуулийн 602.1-д заасан дүгнэлтийг үндэслэн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гаргаж болно, 603.6-д Маргаан таслах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг оролцогч талууд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дүгнэлтийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй гэж нийслэлийн Засаг дарга болон Маргаан таслах зөвлөлийн эрх үүргийг,

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 14 дүгээр хавсралтаар батлагдсан Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журам-ын 2.5-д Маргаан таслах зөвлөл нь Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гээд 2.5.1-д гомдол, хүсэлтийг харьяаллын дагуу хүлээн авах, хүлээн авахаас татгалзах, буцаах, хянан шийдвэрлэх, дүгнэлт гаргах, Долоо. Маргаан таслах зөвлөлийн шийдвэр гээд 7.1-д Маргаан таслах зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд тухайн захиргааны акттай холбогдуулан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 7.1.1-д захиргааны актыг өөрчлөх, 7.1.2-т захиргааны актыг хүчингүй болгох; 7.1.3.захиргааны актыг хэвээр үлдээх, 7.2-т Маргаан таслах зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт хэлбэртэй байх бөгөөд зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна гэж тус тус зохицуулсан.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд Захиргааны акт илт хууль бус болох гээд 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж зааснаар захиргааны акт илт хууль бусд тооцогдох шинж нь хуульд заасан шинжийг агуулсан байх бөгөөд үүний дагуу тухайн акт бүхэлдээ илт хууль бус захиргааны акт байх зохицуулалттай.

4.2. Мөн дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзвэл, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь ажиллах журмыг зөрчсөн байх төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд заасан гомдол урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, мөн хуулийн 98 дугаар зүйлд заасан гомдлыг хянан үзээд гаргах захиргааны актын төрлүүдтэй нийцээгүй байх тул тухайн тохиолдолд эрх зүйн үндэслэлгүй илт хууль бус акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлэх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

4.3. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлөөс гаргасан дүгнэлт нь тухайн гомдлыг хянасан эцсийн шийдвэр биш байх бөгөөд дээрх хууль болон журамд заасны дагуу Засаг даргын захирамжийг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл хэвээр үлдээх агуулга бүхий дүгнэлт гаргах бөгөөд тухайн дүгнэлтийг үндэслэн Засаг дарга өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гаргаж болно. Иймд дүгнэлтийн дагуу эцсийн шийдвэр гаргах эрх хэмжээ Засаг даргад хадгалагдана.

4.4. Нэхэмжлэгч О ХХК-иас нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай А/1141 дүгээр захирамжтай холбоотойгоор нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлын хүрээнээс хальсан, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан, өөрт олгогдоогүй эрх үүргийг хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан заалтуудыг илт хууль бусд тооцох нь зүйд нийцнэ.

4.5. Тодруулбал, энэхүү маргааны тохиолдолд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлт бүхэлдээ илт хууль бус байх шинжийг агуулж байх хэдий ч хариуцагчаас энэ тухай давж заалдах гомдол гаргаагүй, мөн давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахдаа нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй үндэслэлээр актыг бүхэлд нь илт хууль бусд тооцож, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах боломжгүй бөгөөд харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдагын тухай хуулийн дагуу нийтийн эрх ашгийг харгалзан, мөн Газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нийслэлийн Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 114 дүгээр тогтоолыг хэрхэн биелүүлэх талаар захирамж гаргах үйл ажиллагааг энэхүү шүүхийн шийдвэр, магадлалаар хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

4.6. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 62 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтаар Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай А/1144 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ маргаан бүхий захирамжийн дугаарыг зөрүүтэй бичсэнийг анхаарах нь зүйтэй ба үүнтэй нэхэмжлэгч тал маргаагүй болно.

5. Харин нийслэлийн Ерөнхий архитекторын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04/5297 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын тухайд: нийслэлийн Ерөнхий архитектор 2022 онд нэхэмжлэгч Од театр ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар болон схем зургийг батлахдаа нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй бөгөөд холбогдох хууль журамд нийцсэн, уг тогтоолыг нийслэлийн Засаг даргын 2019 оны А/951 дүгээр захирамж зөрчсөн гэх энэ асуудал нь нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн асуудал биш байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

6. Учир нь эрх бүхий байгууллагаас 2022 онд архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, түүнийг үндэслэн барилгажих талбайн схем зураг, барилгын эскиз зургийг баталж, цахилгаан холболт хийх техникийн нөхцөл, барилгын ажлын зөвшөөрөл зэргийг холбогдох эрх бүхий байгууллагаас тодорхой шалгуураар олгосон байх тул захиргааны үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэл хамгаалах зарчим алдагдахад хүрсэн байх ба энэ тохиолдолд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 362 дугааршийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ОДБААТАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА