Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2020/1128

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Э.Н-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Ц.Л-д холбогдох   

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Н, хариуцагч Ц.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Ц.Лтай 2018 онд Орхон аймагт танилцан гэр бүл болж, 2019-05-27-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2019 онд охин төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авч хүүхдэдээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгохгүй, бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.  

Жич: Л бид хоёр нэгэнт бие биеэ хүлээн зөвшөөрч ойлголцож амьдарч чадахгүй энэ хүн өөрөөс нь бүх зүйл болж байгааг ухаарах сэтгэлгүй, 2019.12.27 нд бидний харилцаа дууссан өдрөөс хойш охин бид хоёртой уулзах ямар нэгэн оролдлого хийгээгүй болно. Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны үед ч мөн адил уучлал хүсэх мэдрэмжгүй байсан ба өөрийгөө өмөөрсөөр байсан. Бид хоёулаа одоогийн салсан амьдралдаа эргэн харамсахгүй байгаа” гэжээ.    

Хариуцагч Ц.Л шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би хариуцлагаа биелүүлж чадаагүй. Бид хоёр тусдаа гарч амжаагүй байсан. Аав ээжийнхээрээ байдаг байсан. Одоо хүүхэдтэйгээ холбоогүй байгаа, надтай уулзуулахгүй гээд байгаа болохоор би очиж зүрхлэхгүй байгаа... гэжээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Н нь Ц.Лд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

Э.Н, Ц.Л нар нь 2018 онд танилцаж, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр охин Л.Э төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.   

Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаад эвлэрээгүй байх ба, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй байгааг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээг хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Хариуцагч нь охин Л.Эг эх Э.Нт үлдээхийг зөвшөөрсөн болно. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдав.      

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Э-ын Н, Ц-ын Л нарын гэрлэлтийг цуцалсугай.  

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Л.Эг эх Э.Нийн асрамжид үлдээсүгэй.  

3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдсугай.   

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.С-д даалгасугай.  

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА