Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0055/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Баярсүрэн,

Улсын яллагч К.Нанжинханд,

          Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт*******ийн *******д холбогдох 2418000000012 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн,******* овогт*******ийн ******* /РД:******* /, 1999 оны 03 сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрөг угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан 01 дүгээр баг, 2 давхар 22 дугаар байр, 09 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймаг, Дархан сум, 02 дугаар баг,******* гудамж, 06 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 10-ны өдрийн 243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 332 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

          Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.*******г 2023 оны 08 сарын 18-ны өдөр Дархан-Ул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт иргэн*******гаас Даюун-150 маркийн мотоциклийг ашиглачхаад буцааж өгнө гэж авч яван 2023 оны 08 сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт үл таних хүнд худалдан борлуулж, итгэмжлэн хариуцуулсан эд зүйлийг хувьд завшсаны улмаас 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.*******гийн: Хохирогч*******гийн мотоциклийг “хүнтэй уулзаад ирье” гэж хэлж аваад,******* ахтай хөдөө айлд очиж архи уусан. Тэгээд Дарханд ирээд айлд архи ууж байгаад гол дээр явж байсан танихгүй хүнд мотоциклийг 900,000 төгрөгөөр зарсан. Өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлөөгүй байгаа. Хохирогчтой уулзсан, хохирлыг төлөх болно гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

Хохирогч*******гийн: ...н.Золоогийн хашаанд мотоциклоо тавиад гэрт ороод 1 шил архи уугаад сууж байхад араас*******, А.******* нар согтуу орж ирсэн. А.******* “ах аа мотоциклынхоо түлхүүрийг өгөөч, хүнтэй уулзчихаад ирье” гэхээр нь би мотоциклийн түлхүүрээ өгсөн. Тэгээд А.*******,******* нар миний мотоциклийг авч яваад эргэж ирээгүй, одоо болтол миний мотоциклийг буцааж өгөөгүй. Шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон 2,800,000 төгрөгийг гаргуулж авмаар байна. Миний мотоцикл Даюун-150 маркийн цэнхэр өнгийн ямар нэгэн содон шинж тэмдэггүй мотоцикл байсан. Би тэр мотоциклийг 2022 оны 09 сард 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд улсын дугаар аваагүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

Гэрч*******ийн: ...н.Золоо эгчийнд ороход н.Золоо,******* нар архи ууж байхаар нь А.******* бид хоёр худалдаж авсан архиа тэр хоёртой хамт хувааж уусан. Тэгээд А.**************гаас “мотоциклийн түлхүүрээ өгөөч, дэлгүүрээс архи аваад ирье” гэж хэлэхэд******* ах “цуг гаръя” гэж хэлсэн. Тэгээд А.*******,******* бид 3 айлаас гарч ирэхэд******* мотоциклийн түлхүүрээ А.*******д өгсөн. А.******* намайг хамт архинд яваад ирье гэхээр нь би сундлаад бид 2 дэлгүүрээс архи худалдаж аваад антентай уулын хойно манай найзынд очсон. Удалгүй Дархан явж найз н.Сайнаагийнд очиж 2 шил архиа ууж дуусгасан. А.******* “архи аваад ирье” гээд мотоциклоо унаад явсан бөгөөд би хэсэг хугацаанд хүлээгээд ирэхгүй болохоор нь Хуучин Дарханд айлд очиж хоносон. Маргааш нь Дархан зах дээр А.*******тэй таарч мотоциклын асуухад чимээгүй бай гэхээр нь би сайн тодруулж асуугаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 13/,

Гэр*******ийн: 2023 оны 08 сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 03-05 цагийн үед А.******* ах манайд ирээд намайг өглөө 10:00 цагийн үед босоход явчихсан байсан. Тэр үед А.******* ах манайд ирэхдээ мотоциклоор ирээгүй. Сүүлд А.******* ахыг хүний мотоциклыг унаад явсан талаар хүнээс сонссон... гэх мэдүүлэг /хх-ийн 19, 21/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

“Даюун-150 маркийн хэрэглэж байсан 1 ширхэг мотоцикл 2023 оны 08 сарын 18-ны өдрийн байдлаар 2,800,000 төгрөг” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 11 сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/,

Хохирогч******* нь “Нарны буман гэрэл” ХХК-аас Даюун маркийн мотоцикл худалдаж авсан талаар Даюун маркийн мотоциклын бүтээгдэхүүний гэрчилгээ, “Нарны буман гэрэл” ХХК-аас Авто тээврийн үндэсний төвд явуулсан албан бичиг, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, “Нарны буман гэрэл” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар баримтууд /хх-ийн 74-78/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч А.******* нь 2023 оны 08 сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт иргэн*******гаас Даюун-150 маркийн мотоциклийг ашиглачхаад буцааж өгнө гэж авч яван 2023 оны 08 сарын 19-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт үл таних хүнд худалдан борлуулж итгэмжлэн хариуцуулсан эд зүйлийг хувьдаа завшсаны улмаас 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.*******гээс 2,800,000 төгрөгийг гаргуулж, хохирогч*******д олгуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч А.******* нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.******* нь 2023 оны 08 сарын 18-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд*******тай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад “хүнтэй уулзаад ирье” гэж хэлэн түүний 2,800,000 төгрөгийн үнэ бүхий Даюун-150 маркийн мотоциклийг авч явсан. Улмаар Дархан-Уул аймгийн Дархан суманд ирж 2023 оны 08 сарын 19-нд уг мотоциклийг үл таних хүнд 900,000 төгрөгөөр худалдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдлийг хөрөнгө завших гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч А.*******гийн дээрх үйлдэл нь хохирогч*******ы итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Даюун-150 маркийн мотоциклийг бусдад худалдаж, худалдсан мөнгөө өөртөө ашигласан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******д 2,800,000 төгрөгийн хохирол учирсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул шүүгдэгч А.******* нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Иймд шүүгдэгч А.*******гээс 2,800,000 төгрөг гаргуулж, хохирогч*******д олгож шийдвэрлэлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч А.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч А.*******д 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн саналтай холбоотойгоор тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт 2024 оны 03 сарын 02-ны өдрөөс 2024 оны 03 сарын 07-ны өдрийг хүртэл 05 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг хорих ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт*******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.*******д оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******гийн цагдан хоригдсон 05 /тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч А.*******гээс 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан баг,******* гудамж, 01 тоотод оршин суух, овогтын /РД: , утас: /-д олгосугай.

6. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР