Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 110/ШШ2020/0018

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Г.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах  орон нутгийн комисст  холбогдох;

            “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг  2017 оны 06 дугаар сарын 14-өөс тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах  орон нутгийн комиссын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мөн өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохыг даалгах”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, түүний өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Г.С 2005 онд Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 20 дугаар зууны чимээгүй тахал болох сахар өвчнөөр өвдөж, анх 2005 онд оношлогдсон байсан. Түүнээс хойш сахрын эмчийн зөвлөснөөр байнга эм ууж, хоолны дэглэм сахиж байсан. 2009 оноос Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сахрын эмчид үзүүлж, 2010 оноос аймгийн сахрын эмчийн хяналтад бүртгүүлж, сахрын өвчний хүндэрсэн нөхцөлөөр 2010 оноос  хөдөлмөр чадвар алдалтыг 70 хувиар тогтоолгож 2009, 2010, 2011, 2012 онуудад групп авч байсан. 2012 оны 12 дугаар сард Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын орлогчоор улс төрийн албан тушаалд томилогдсон. Өлгий сумын Засаг даргын орлогчоор 2012 оны 12 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 10-ны хүртэл ажилласан. 2009-2012 онуудад сахрын диабетын мэргэжлийн эмч нар группт гаргасан. Тухайн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С эмч бас магадлагч эмчээр ажиллаж, групп тогтоолгосон актад өөрөө гарын үсэг зураад, 2009-2012 онуудад баталгаажуулж байсан.

Энэ нь хавтаст хэргийн 21-22 дугаар хуудсанд байгаа. Гэтэл 2013 оны 12 дугаар сард аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс миний группийг зогсоосон. Үүнийг лавлахад ажил эрхэлж байгаа хүн давхар групп авч болохгүй гэсэн учраас Нийгмийн даатгалын хуульд тийм заалт байгаа байх гэж бодоод нэг их ач холбогдол өгөөгүй. 2016 оны 12 дугаар сард улс төрийн албан тушаалаас чөлөөлөгдөж, чихрийн шижин өвчин маань хүндэрсэн учраас аймгийн Нэгдсэн эмнэлэг болон өрхийн эмнэлэгт сар болгон байнга очиж үзүүлдэг байсан. Надад өөртөө сахрын хэмжээг үзэх аппарат байгаа учраас өөрөө байнга хянадаг. 2016 оны 12 дугаар сарын 09-ээс  2020 он хүртэл аймгийн Нэгдсэн эмнэлэгт сахрын өвчнөөр эмчлүүлж байсан. 2017 оны 6 дугаар сарын 04-нд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын комиссын дүгнэлтээр сахрын өвчнөөр дахин групп тогтоолгохоор аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст уламжилсан. 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр сахрын мэргэжлийн эмч Д.А намайг “2005 оноос хойш сахрын өвчнөөр оношлогдоод, миний хяналтад байгаа. Сахрын диабетын хүнд хэлбэрийн өвчтэй. Тийм учраас дахин групп тогтоолгохоор оруулсан. Энэ хүн 4 жил улс төрийн алба хашиж байсан учраас өмнө 2012 онд  группээ зогсоосон байсан” гэж Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнд танилцуулсан. 

Тэгэхэд Н.С тухайн хуралдаанд төрийн албан хаагчийн ёс зүйд байхгүй хэл амаар намайг доромжилж, “энэ хүн байнга дарга  хийдэг хүн. Юу гэж группт оруулж байгаа вэ” гэж доромжилсон. Тэгээд бид хоёр тухайн хуралдаанд хэрэлдэж байхад, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Ө “энэ та хоёрын хэрэлддэг газар биш төрийн ёс зүйг сахиж суу” гэж Н.Сд ч сануулаад, “бид өөрсдөө комиссоор шийдвэрээ гаргасны дараа танилцуулна” гэж намайг гаргасан. Маргааш нь би Нийгмийн даатгалын хэлтсийн  дарга Т.Өтай уулзаж, “өчигдөр группийн хуралдаанд танай магадлагч эмч төрийн албан хаагчийн ёс зүйг биелүүлэхгүй маргасан. Тийм эмчийг төрийн албанд ажиллуулж байдаг. Би цаашид үүнийг зохих газарт танилцуулна” гэж хэлэхэд, Т.Ө гуай надад “тухайн үед та хоёрын хооронд ямар асуудал болсныг мэдэхгүй. Гэхдээ би Н.Сд энэ асуудлаар анхааруулсан учраас чи битгий уурла. Өвчтөний картаа надад үлдээгээд яв.  Би Н.С болон бусад эмч нарт хэлээд таны группийг тогтоолгоно”  гэж хэлээд, миний өвчтөний картыг авч үлдсэн. Тэр үед би Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх шаардлагатай байсан. Тэгээд өвчний түүхээ Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өд орхиод, өөрөө Улаанбаатар хот руу явсан. Байнга утсаар ярьж, шаардаж байсан. Сахрын өвчний эм дэлхийд өндөр өртөгтэй байдаг. 2018 оны 9 дүгээр сард Т.Өд “ Та нар энэ асуудлыг шийдэхгүй юм байна. Би зохих газарт хандана” гэж шаардаж байгаад охиноороо картаа авхуулсан.

Тэгээд 2017 оны 12 дугаар сараас Эрүүл мэндийн яамны Дотрын анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлд өргөдөл гаргасан. Тус зөвлөлөөс Бөөр судлалын ерөнхий мэргэжилтэн, профессор Г.А, мэдрэл судлалын мэргэжилтэн, дэд профессор А.Т, зүрх судас судлалын мэргэжилтэн, профессор Н.А нарын бүрэлдэхүүнтэй комисс томилж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Уг комиссын дүгнэлтээр “чихрийн шижин, хэв шинж, 2 диабетын нейропати оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг зохих журмын дагуу тогтоох нь зүйтэй” гэж дүгнэж ирүүлсэн. Энэ дүгнэлтийг үндэслэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дарга П.Мөнхтуулын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 61 дугаартай албан бичгээр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг дахин магадлан шийдвэрлэх чиглэл өгсөн.

 Эрүүл мэндийн яамны Дотрын анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Х.Аы албан бичгээр томилогдсон бүрэлдэхүүн  гишүүд надад Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт бүрэн үзлэг, шинжилгээ  хийж  дүгнэлт гаргасан. Энэ хооронд 2019 оны 3 дугаар сарын сүүлээр миний эцгийн бие муудаад би аймагт ирсэн. Энэ үед Т.Ө даргатай дахиж уулзаж, “Та намайг жил, 6 сар хохироосон. Би өвчтөний картаа арай гэж авлаа” гэж учир байдлаа хэлж, шүүхэд нэхэмжлэл гаргана гэдгээ хэлсэн. Тэгэхэд “бид дээш, доошоо гүйж нэг нэгээ муулаад яах уу, та сахрын эмчтэй уулзаад, дахиж Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст орж ир” гэж хэлсэн.

2019 оны 6 дугаар сард дахиж аймгийн Эмнэлэг магадлах комисст ороход, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С дахиж татгалзсан шийдвэр гаргасан. 2017 оны 6 дугаар сарын 14, 2019 оны 4 дүгээр сарын эмч нарын дүгнэлтэд ганцхан магадлагч эмч Н.С “тогтоох шаардлагагүй” гэсэн бичиг бичээд тамга дарсан. Өөр ямар ч эмч нарын гарын үсэг, шийдвэр байхгүй. Тэгээд дахиж Улаанбаатар хотод очиж, бүх эмч нарын гаргасан дүгнэлтийг Эрүүл мэндийн яамны Дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Х.А болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дарга П.Мөнхтуулд хүргүүлсэн. Энэ дүгнэлтийг үндэслээд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дарга П.Мөнхтуул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өд “эмч нарын акт, дүгнэлт хүргүүлэх тухай” 2018 оны 12 дугаар сарын 31-нд 122 тоот албан тоотыг илгээсэн.

Мөн түүнд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 61 тоот албан тоотоор “Г.Сын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг дахин магадлан шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн албан тоотыг хүргүүлсэн. Уг албан тоотоор дахин аймгийн Нийгмийн даатгалын дэргэдэх Эмнэлэг магадлах комисст орсон. Комисст орохоос өмнө Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын орлогч дарга Т.С уулзаж, “Эрүүл мэндийн яамны Дотрын анагаах судлалын акт ирсэн талаар” танилцуулахад, “би бүх акттай танилцсан. Маргаашийн хуралдаанд авч хэлэлцэнэ. Эмч нар зөв дүгнэлт гаргасан байна” гэж хэлсэн. Тухайн хуралдаанд би өөрийн биеэр бараг дайрах шахуу орж асуудлаа хэлэхэд эмч ирээгүй, Т.Ө, Н.С, Е, нарийн бичгийн дарга Х.Х нар сууж байсан.

Эрүүл мэндийн яамны Дотрын анагаах судлалын эмч нарын комиссын дүгнэлт, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын албан тоотуудыг танилцуул гэхэд, Н.С “түүнийг танилцуулах шаардлага байхгүй. Би түүнийг орхиод ирсэн байна” гэж хэлсэн. Надад нэг хувь нь байсан учраас бүх эмч нарын дүгнэлт, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын албан тоотыг би өөрийн биеэр танилцуулсан. Тухайн хуралдаанд сууж байсан эмч нар болон комиссын гишүүд надаас юу ч асуугаагүй. Надад гарч бай гэж хэлэхэд, би “Энэ асуудал 2-3 жил болж байгаа. Өмнө нь магадлагч эмч Н.С өөрөө дангаараа тамга дарсан. Та нар үүнийг дэмжиж байгаа бол бүгд шийдвэрээ бичээрэй. Би зохих газарт хандана” гэж  өөрөө шаардсан. Маргааш нь очиход, “тогтоох шаардлагагүй” гэсэн дүгнэлт гаргасан байсан. Үүний дагуу утсаар төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, захирах, захирагдах ёс гэж байдаг гэж бүх асуудлаа хэлж Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисст гомдол гаргасан.

2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Чиглэл хүргүүлэх тухай” 68 тоот албан тоотоор Засгийн газрын 2015 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Эмнэлэг магадлах комиссын дүрэм”-ийн  6.1.5-д “Төв комиссоос өгсөн үүрэг, даалгаврыг шуурхай биелүүлэх” гэж заасан тул Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос өгсөн  үүрэг даалгавар чиглэл, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, Эмнэлэг магадлах төв комисст  хөнгөн шуурхай ажиллахыг үүгээр мэдэгдье” гэсэн албан тоот Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өд ирсэн. Гэхдээ ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Надад өргөдлийн хариу 2019 оны  7 дугаар сарын 18-ны өдөр ирсэн. Тийм учраас сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд миний оношны тухай Ховд аймгийн Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дотрын тасгийн дарга Б.Уранчимэг дүгнэлт гаргасан. Үүнд урьд гаргасан дүгнэлтүүдтэй адил онош таарч байгаа юм байна. Хүнд хэлбэрийн өвчин учраас Г.Сын өвчин зөв оношлогдсон байна гэсэн.

Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч Д.А сахрын эмчээр 2009 оноос эхлээд ажиллаж байгаа. Энэ эмч “сахрын өвчин хүнд хэлбэртэй, тийм учраас онош тохирсон” гэдгийг баталж байгаа.  Би 2005 оноос байнга эмчийн хяналтад байж, эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан талаар бүх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Тийм учраас Г.С миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг  2017 оны 06 дугаар сарын 14-өөс тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах  орон нутгийн комиссын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мөн өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохыг даалгахыг  хүсье гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд өөрийнхөө саналыг шүүх хуралдаанд илэрхийлье. Нэхэмжлэгч Г.С нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж тодруулахдаа, Г.С миний хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мөн өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага ихэсгэн тодруулсан.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны хэргийн шүүхээс өөрийн санаачилгаар болон нэхэмжлэгч, хариуцагч нарын цуглуулж өгсөн холбогдох нотлох баримтыг хангалттай цуглуулж, энэ хэрэгт холбогдуулан шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. Бусад холбогдох гэрч нарыг асууж, нотлох баримтаар бэхжүүлж, шалгагдах зохих зүйлүүд болон хоёр талын хүсэлтээр цуглуулсан зохих нотлох баримтуудыг үндэслэн өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж байна. Нэхэмжлэгч Г.Сын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр ханган шийдвэрлүүлэх бүрэн боломжтой.

Нэхэмжлэгч Г.С нь Эрүүл мэндийн сайд, Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайдын хамтарсан тушаалаар баталсан “Даатгуулагчийн хөдөлмөр, чадвар алдалтын хувь хэмжээг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөр алдалтын хувь хэмжээ хугацааг шинэчлэн батлах тухай журам”-ын 3 дахь заалтын 39-д заасан “Чихрийн шижингийн хожуу үеийн  хүндрэлтэй а/ Жижиг судасны хүндрэлтэй чихрийн шижингийн муу хяналттай үед өөх тосны солилцол алдагдал гэсэн оношоор хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг Эмнэлэг хөдөлмөр, магадлах комиссын магадлалаар бүрэн тогтоох үндэслэлтэй байсан. Энэ үндэслэл нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох өвчтөний түүхийн нотлох баримтаар судалсан 1 дүгээр хэсэгт оношийг “сахрын диабет типа 2” гэсэн оношоор  тогтоож байсан.

Тухайн үед Г.С нь 2010, 2011, 2012 онуудаас эхлэн тухайн оношоор хөдөлмөр чадвар алдалтыг 70 хувиар тогтоолгож, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн сангаас групп авч байсан нь нотлогдон тогтоогдсон. 2012 онд Г.С төрийн албанд томилогдож, өөрийн хүсэлтээр тэтгэмжээс татгалзсан явдал нь дахин хөдөлмөр чадвар алдалтын хувь хугацааг тогтооход саад болохгүй. Сэргээн тогтоох үндэслэлтэй, тухайн өвчин эдгэрээгүй. Тухайн өвчин эдгэрээгүй болох нь өвчтөний түүх, Эрүүл мэндийн яамны Дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс томилсон эмчийн бүрэлдэхүүний комиссын дүгнэлт болон Захиргааны хэргийн шүүхээс шинжээч эмчээр томилсон Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгооны төвийн дотрын тасгийн эрхлэгч эмч Б.Уранчимэгийн 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байгаа.

 Нэхэмжлэгчийн өвчний онош нь “Хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг, хугацааг шинэчлэн батлах тухай  журам”-ын 3.39. “а”-д заасан өвчний жагсаалтад хамаарч, уг өвчний онош нь дээрх дүгнэлтүүд болон өвчтөний түүхээр нотлогдон тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэв.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комиссын даргаас  шүүхэд гаргасан тайлбартаа: 

Иргэн Г.Сын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь:

1. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос ирүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 61 дугаартай албан бичгийн дагуу иргэн Г.Сыг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дахин хөдөлмөрийн чадвар алдалтыг магадлуулахаар комиссын хуралд оруулсан. Тус хуралдаанаар бүх гишүүд болон Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны нарийн мэргэжлийн 2 их эмчийг оролцуулан албан тоотод хавсран ирүүлсэн нэмэлт шинжилгээний хариу зэргийг үндэслэн дахин магадалгаа хийсэн. Гэвч Г.С нь “Сахарный диабет типа II в ст декомпенсаций” гэсэн онош тавьж, одоогоор чихрийн шижингийн гаралтай бөөрний үйл ажиллагааны алдагдал болон зүрхний 2 догч кардиомиопатия үүсээгүй болох нь тогтоогдсон. Бөөр судлалын ерөнхий мэргэжилтэн, профессор Г.А, А.Т, Н.А нарын тогтоосон онош нь холбогдох шинжилгээгээр давхар нотлогдоогүй учраас зөвхөн тэдний оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох боломжгүй байсан.

 Өөрөөр хэлбэл, өвчтөний биеийн байдлыг хэт дордуулж оношийг нь хүндрүүлж тавьсан. Үүнд хөндлөнгийн эмч нараар онош тодруулах үүднээс шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Цаашид уг оношийг шинжилгээгээр нотлох үүднээс зүрхний титэм судасны нарийсал илрүүлэх зорилгоор зүрхний ачаалалтай бичлэг, титэм судсан доторх ангиография хийлгэх шаардлагатай гэж зөвлөж, өвчний картад бичиж өгсөн.

2. Манай хэлтсийн магадлагч эмчид нийгмийн даатгалын ерөнхий газраас суулгаж өгсөн тусгай программ байдаг. Энэ программаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа улсын болон хувийн магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдэд оношилгоо, шинжилгээ, эмчилгээний тусламж авч байсан эсэхийг харуулдаг программ байдаг. Тухайн программаар Г.С нь 2017, 2018, 2019 онд ямар нэгэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаагүй болох нь нотлогдсон. Хөдөлмөрийн чадвар алдалтыг өвчтэй, үе үе өвддөг, байнгын зовуурь шаналгаатай, эмчилгээ нь үр дүн өгөөгүй, эмнэлгийн хяналтад байдаг иргэн, даатгуулагчид тогтоолгодог болохоос биш нэг ч удаа эмнэлгээр үйлчлүүлээгүй иргэн авдаггүй юм.

3. Иргэн Г.С нь 2006 оноос эхлэн /Нүүрний мэдрэлийн саа/ өвчнөөр 2013 оны 01 дүгээр  сар хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоолгож тэтгэвэр авч байсан. 2013 оны 01 дүгээр  сараас Өлгий сумын Засаг даргын орлогчоор ажиллах болсон тул сайн дураараа татгалзсан байна. Харин түүний тухайн үед хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгож байсан тухайн нүүрний мэдрэлийн саа өвчний заалт нь сүүлд гарсан Эрүүл мэнд, спортын сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан “Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа тогтоох журмаас” хасагдсан юм.

Заавал ажилгүй байх хугацаанд тахир дутуугийн тэтгэвэр авч байх ёстой юм шиг манай байгууллага болон эмч нарыг Улаанбаатар хотод болсон 2017 оны 10 дугаар сард Нийгмийн даатгалын ерөнхий газарт зохион байгуулсан семинарт очиход үүдэнд хүлээж байгаад “Та нар миний группийг тогтоож өгөөгүй учраас ерөнхий газарт чинь хэлнэ, Авлигатай тэмцэх газарт өгнө гэж” удаа дараа дарамталж байсан. Үүнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжан, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын нарийн бичиг байсан Е.Ботакөз нар гэрчлэх болно.

Иймд Г.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Г.Сын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. Улс төрч мэргэжлээ ашиглаад, хүнийг гүтгэн доромжилж болохгүй. Таныг тухайн үед төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж, хэл амаар доромжилсон бол тухайн үед цагдаа шүүхэд яагаад өгөөгүй юм вэ. Худлаа нотлох баримтгүй зүйл хэлж болохгүй. Харин би одоо нотлох баримттай тайлбараа хэлье.

Нэгдүгээрт; Г.С 2008 оноос хойш групп авч байгаад, 2013 онд өөрийн хүсэлтээр төрийн албанд орж байгаа учраас группээ цуцлуулсан. Хавтаст хэрэг дотор нотлох баримт болон өөрийнх нь тайлбар дотор ч байгаа. Группээ цуцлуулж, ажлаас гарсны дараа 2017 оны 02 дугаар сард анх групп тогтоолгохоор орсон. Миний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст ганц баримталдаг зүйл маань өвчтэй хүн болгоныг группт гардаггүй. Өвчний хүндрэлээр гарна. Яагаад гэвэл, өвчтэй хүн болгон гараад байх юм бол Баян-Өлгий аймгийн 90 хувь нь группт гарна. Групп тогтоолгохын тулд цаана шалгуур үзүүлэлт байдаг. Группт гарсан хүн эмчлэгдэхгүй гэсэн үг биш, цаашид нарийн мэргэжлийн эмч эмчлээд, түүнээс гадна эмчилгээний төлбөрт нь зориулсан мөнгөн тусламж олгохоос, группт гараагүй хүнийг Нэгдсэн эмнэлгийн эмч хяналтад авч, эмчлэхгүй гэсэн ойлголт байхгүй. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст анх орохдоо удаа дараа эмчлүүлж, эмчилгээний үр дүн гарахгүй байвал групп тогтоолгоно. Түүнээс биш өвчтэй хүн болгон группт гараад байдаггүй. Энэ талаар Эмнэлэг магадлах комиссын дүрэмд байгаа. Г.С анх 2017 онд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст ороход материалыг нь хянаж үзэхэд, ямар нэгэн эмчид хандаж, эмчлүүлж байсан талаар баримт байхгүй байсан.

Өмнөх шүүх хуралдаанаар Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжанаас “Г.С эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагүй” талаар албан тоотыг өгсөн. Эмч нь тайлбар хэлэхдээ байнга надад үзүүлж, эмчлүүлдэг гэсэн. Чихрийн шижинтэй хүнд эмийг төрөөс үнэгүй олгодог. Бүх хүнд биш боловч улиралд нэг удаа үнэгүй эм олгодог. Энэ эмийг үнэгүй олгосон талаар Г.Сын картад нэг ч зүйл байхгүй.

2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Эрүүл мэндийн сайдын 450 дугаар тушаалд эмнэлгийн байгууллага, эмч нь хүмүүсийг хянахын тулд юу юу хийдэг гэдгийн дагуу миний бие тэтгэмжийн улсын байцаагчийн эрхтэй, магадлагч эмч учраас Г.Сын эмч Д.Агаас эмнэлэгт байх ёстой эмнэлгийн хяналтын картыг үзье гэхэд, ямар нэгэн баримт үзэж  чадаагүй. Г.С өвчтэй байж болно. Гэхдээ ямар ч эмчийн хяналтад байхгүй. Зөвхөн групп тогтоолгохоор орж ирж байгаа учраас 2 удаа татгалзсан. Мөн 2017 онд байх Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Т.Серикжан, тухайн үед Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын нарийн бичгийн дарга байсан Е.Ботакөз болон миний бие хотод сургалт, семинарт очиж, сургалтын завсарлагаанд гадаа хүн дуудаж байна гэхээр очиход, Г.С байсан. Бидэнд “та нарыг Авлигатай тэмцэх газарт өгнө. Нийгмийн даатгалын ерөнхий газарт хэлнэ” гэж биднийг үе үе дарамталсан. Сүүлд шинжээч эмчээр Л. Айгул гэдэг эмчийг томилсон байна. 

Тэр үед “та яагаад шинжээч эмчээс татгалзсан бэ” гэж асуухад,” Г.Сын охин дүү эмнэлэгт нягтлан бодогч хийдэг. Эдгээр хүмүүс хөндлөнгийн нөлөөлөл үзүүлсэн учраас шинжээч эмчээс татгалзлаа” гэж хариу өгсөн. Мөн бид нарын удаа дараа маргаж байгаа хөнгөн, хүнд ээнэгшил алдалтын зэрэг гэж байгаа. Яагаад гэвэл, өвчнийг хөнгөн, хүнд, дунд зэргийн  1, 2, 3 гэж ангилдаг. Ээнэгшил алдагдалтай, алдагдалгүй гэж байна. Г.Сад ээнэгшил алдагдалтай гэсэн. Бид нарт Мэдрэл судлалын мэргэжилтэн, дэд профессор А.Т, Эрүүл мэндийн яамны Дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Х.А нарын шинжилгээний дүгнэлтүүд байгаа. Манай эмч нар эд нараас өөр дүгнэлт гаргаж байгаа. Хотын эмч нар өөр дүгнэлт гаргаж байгаа учраас маргаж, дахиж шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргаж байсан. Бид хоёрт маргаж, шүүхээр явах шаардлага байхгүй байсан.

Хоёр дахь удаа Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст орж ирэхэд, мэргэжлийн эмч нарын тавьсан шаардлагыг биелүүлж, өвчтэй бол группт гараад явах боломжтой байсан. Тухайн шаардлагыг биелүүлэхгүй заавал хүчээр шийдүүлэх гэж байна. Миний нотлох баримтаар өгсөн А.Еркегүлийн бичгийн хойноос очиж, “чи бичсэн үү, үгүй юу” гэж асуусан байна. Г.С миний нотлох баримтаар өгсөн бичгийн араас яваад байна. Би төрийн өмнөөс улсын байцаагчийн эрхээр авна. Хувь хүн тэгж, хүн дарамталж болохгүй. Өвчтэй байвал өвчнөө бичүүлээд эмчлүүлэх хэрэгтэй. Эмчилгээ хийлгүүлэхгүй мөртлөө групп авна гэж байгаа учраас бид нар татгалзаад байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хууль бус болохыг тогтоохдоо ямар эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, 2017 оны 6 дугаар сарын 14-ний комиссын шийдвэрийг эс зөвшөөрч тайлбар хэлж байна. 2017 оны шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн үед дээд шатны байгууллага болон шүүхэд гомдол гаргах ёстой байсан. Гэтэл 2 жилийн дараа 2019 онд гаргасан байна. 2017 оны 6 дугаар сард гаргасан комиссын шийдвэрт хоёр жилийн дараа маргаж байгаа нь хуульд нийцэхгүй. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн. Харин 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст хувь хэмжээг тогтоолгохоор хуульд заасан журмын дагуу орсон.

Ингэхдээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэнд, Спортын сайдын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/85 241 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөрийн зохицуулалт хийх тухай заавар байдаг. Уг зааврын 3.10-т заасныг баримталж нэхэмжлэгчийг давтан шинжилгээ оношилгоо хийлгэж ирсний дараа тогтоох боломжтой гэж явуулсан. Өөрөөр хэлбэл, холбогдох шинжилгээнүүд дутуу байгаа учраас тогтоох боломжгүй гэж татгалзсан. Энэ нь хууль журамд нийцсэн. Яагаад гэвэл, иргэний биеийн байдал шинжилгээ, оношилгоо онош, өвчний үе шатыг тодорхойлсон баримттай танилцан, дахин магадлах шаардлагатай. Холбогдох үзлэг, оношилгоо давтан хийсний дараа  иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоох эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ гэж заасан.

Тухайн үеийн нөхцөл байдалд нэхэмжлэгчид хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох ямар ч боломжгүй байсан. Учир нь, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн нөхцөл байдалд эмчийн үзлэг, шинжилгээнүүд зөрүүтэй байсан. Бөөр судлалын ерөнхий мэргэжилтэн, профессор Г.А болон мэдрэл судлалын мэргэжилтэн, дэд профессор А.Т эмч нарын үзлэг, оношилгоогоор нефропати өвчин байгаа гэсэн боловч гол нь  шээсний шинжилгээ кератины хэмжээ хэвийн байсан. Кератины хэмжээ хэвийн байсан учраас нефропати гэж үзэх боломжгүй байсан. Дахин шинжилгээ хийлгэж, эцсийн байдлаар тогтоож өгье гэж явуулсан байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй. Дахин шинжилгээ өгч хөдөлмөрийн чадвар алдалтаа  тогтоолгон авах бүрэн боломжтой байхад хоёр жилийн өмнөх асуудлыг хөндөж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэн эрхийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж, өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл группт гаръя гэсэн зорилготой гэж үзэж байна. 

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг хэдэн хувь, хэдэн сараар тогтоох нь гагцхүү комиссын бүрэн эрхийн асуудал. Орон нутгийн Эмнэлэг магадлах комиссын салбар бие даасан этгээд. Үүнд хэдэн жил, хэзээнээс эхэлж тогтоох гэдгийг шүүхээр ч тогтоох боломжгүй. Зөвхөн 2019 оны 6 дугаар арын 05-ны өдөр Эмнэлэг магадлах комисс татгалзсан шийдвэр үндэслэлтэй юу, үгүй юу гэдгийг харах ёстой. 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр татгалзсан шалтгаан нь  дахин шинжилгээ хийлгээд ирээч гэсэн. Дахин шинжилгээ хийлгэж ир гэсэн комиссын шийдвэрийг хууль бус гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Комисс та шинжилгээг батлуулж ир, эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийлгүүлэхийг иргэнээс шаардах эрхтэй. Дүрэм журмыг зөрчөөгүй байхад шүүх эсвэл хөндлөнгийн этгээдээс хууль бус ажилласан гэж үзэх үндэслэлгүй. Үнэхээр нэхэмжлэгч нефропати байсан ч та нефропати биш гэж комисс хэлээгүй.

Гэхдээ Г.А болон А.Т эмч нар таныг нефропати гэсэн байна. Нэхэмжлэгчийн  шээсний шинжилгээ нефропати гэдгийг үгүйсгэж байна. Тиймээс дахин шинжилгээ өгч учрын олоод ир гэсний төлөө Эмнэлэг магадлах комиссыг буруутгаж болохгүй. Г.С өмнө нь хөдөлмөр чадвар алдалтаа 70 хувиар тогтоолгож байсан. Дараа нь 2013 онд төрийн албанд ажилд орсон учраас хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг зогсоосон асуудал яригдаж байна. Өнөөдрийн маргаанд 2007-2010 оны асуудал хамааралгүй гэж үзэж байна.  Харин 2019 оны комиссын шийдвэрийг хууль бусад тооцуулах ямар ч үндэслэл байхгүй. Тухайн журамд зөвхөн шинжилгээ оношилгоогоор бус тухайн иргэний биеийн байдлыг харгалзан үзнэ гэж заасан. Өвчний үе шат тодорхойлсон бичиг баримт ямар эмнэлгийн бичиг баримт бий болсон гэдгийг шалгана. Тухайн өвчтөн нефропатитай байсан бол бөөрний дутагдалтай байх байсан. Бөөрний эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэх ёстой байсан гэдгийг магадлагч эмч тайлбарласан.

 Мэдүүлэг өгсөн Б.Анаргүл эмчийн тайлбарт энэ асуудлыг дурдаж байгаа. Нэг ч удаа эмчийн хяналтад байгаагүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй гэж эргэлзсэн учраас  дахин шинжилгээ  хийлгүүлэхийг хүссэн. Хариуцагч З.Айсымбат, Б.Анаргүл нар гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой тайлбарлаж өгсөн. Бусад нотлох баримтуудаар давхар үгүйсгэгдэж байгаа. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна. Нефропитай байсан гэдэг нэмэлт шинжилгээг өнөөдрийн хүртэл өгөөгүй. Зүрхний титэм судасны шинжилгээ өгч, авчрах ёстой байсан. Үнэхээр нефропатитай байж болно. Тэрийг үгүйсгэсэн зүйл байхгүй. Зөвхөн тэрийг нэмэлт оношоор баталгаажуулж ирээч гэсэн шаардлага тавьж байгаа. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх гэж байгаа бол хугацаа болон хувь хэмжээг зөвхөн комисс тогтоодог. Эмнэлэг магадлах комисст даалгах гэж байгаа бол хэдэн хувиар тогтоохыг даалгах боломжгүй. Мөн өнгөрсөн хугацааны асуудлыг нөхөн тогтоох боломжгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч Г.Саас Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг  буюу “2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэ хугацаанаас хойших хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохыг хариуцагчид даалгах” тухай шаардлагыг хангаж, харин үлдсэн хэсэг буюу “2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хүртэлх хугацааны  хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэ хугацааны хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохыг хариуцагчид даалгах” тухай  шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч Г.С нь 2008, 2010, 2011, 2012 онуудад “чихрийн шижин,  төрөл II” /сахарный дибет типа II/  оношоор хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг  тогтоолгож байсан,  2012 оноос 2016 оныг хүртэл Өлгий сумын Засаг даргын орлогчоор ажилласан үед  түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг  цуцалсан, дараа нь буюу 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөр  чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг дахин тогтоолгохоор аймгийн эмнэлэг хөдөлмөрийн чадвар алдалтын комиссын хуралд орсон боловч түүний “хөдөлмөр  чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох шаардлагагүй” гэж үзэж комисс  татгалзжээ.

Улмаар нэхэмжлэгч нь  2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр орон нутгийн комиссын хуралд дахин ороход  “... зүрхний титэм судасны нарийсал илрүүлэх зорилгоор зүрхний ачаалалтай бичлэг, титэм судасны дотуурх оношилгоо /ангиография/ хийлгэх шаардлагатай” гэж  үзэн хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохоос дахин татгалзсан зэрэг үйл баримт  нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн акт[1], амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар[2], амбулаториор эмчлүүлэгсдийн картын эх хувь[3] зэрэг нотлох баримтуудаар болон хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байгаа ба энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид нь маргаагүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасан, хуулийн энэхүү заалтын дагуу Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/39, А/12 дугаартай   “Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” хамтарсан тушаалыг баталжээ.

Нэхэмжлэгч Г.Сын өвчний онош нь дээрх тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан жагсаалтын 3.39-ийн а/-д заасан чихрийн шижингийн хожуу үеийн хүндрэлийн үед илрэх  жижиг судасны ретинопати буюу нүдний судасны хүндрэл, невропати буюу мэдрэлийн судасны хүндрэлд тус тус  хамаарч байгаа нь шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлт[4] болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дарга П.Мөнхтулгын  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг  хөдөлмөрийн магадлах комиссын дарга Х.Өсерханд  хүргүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн  61 дүгээр албан бичиг[5], гэрч Д.Отгонбаяр, Д.Агийн мэдүүлгүүдээр[6] тус тус тогтоогдож байна.

 Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт  “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь хэмжээ, хугацааг тогтооно”,  3 дах хэсэгт  “Нийгмийн даатгалын төв байгууллагын дэргэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, аймгийн болон нийслэлийн дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын дэргэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисс ажиллана”, 4 дэх хэсэгт “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг Засгийн газар батална” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу   Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн  “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар  “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг баталсан, энэ дүрмийн  6 дугаар зүйлийн   6.1.1-т “ иргэний хөдөлмөрийн чадвараа алдсан шалтгаан, түүний хувь хэмжээг тогтоох, хугацааг сунгах, цуцлах, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх, ажлын цагийг богиносгох асуудлыг эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын шийдвэрийг үндэслэн тогтоох”, 6.1.10-т “ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд оролцоогүй, комиссын болон эмчлэгч эмчийн эмчилгээ, үйлчилгээний зөвлөмж, зааврыг удаа дараа биелүүлээгүй, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаагүй, эмнэлгийн хяналтад ороогүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгахаас татгалзах, цуцлах шийдвэр гаргах” гэж  даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох, тогтоохоос татгалзах үйл ажиллагааны чиг үүргийг тус тус  заасан.

Нэхэмжлэгч Г.Сын хувьд  өвчний онош нь хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох өвчний жагсаалтын 3.39-ийн а/-д  хамаарч байхад жагсаалтын 3.39-ийн б/-д заасан өвчний оношийг тодруулах зорилгоор  “... зүрхний титэм судасны нарийсал илрүүлэх зорилгоор зүрхний ачаалалтай бичлэг, титэм судасны дотуурх оношилгоо /ангиография/ хийлгэх шаардлагатай” гэж үзсэн  хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоохоос татгалзсан хариуцагчийн үндэслэл нь    “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн  6.1.10-т заасан татгалзах үндэслэлд хамаарахгүй байна.  

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд нэхэмжлэгч Г.Сыг эмчийн болон Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн хяналтад байгаагүй,  эмнэлгийн нэгдсэн  цахим бүртгэлд  эмчлэгч  эмчийн  хөтлөх хяналтын журналын бүртгэлд тус тус бүртгэгдээгүй гэж тайлбарласан боловч түүний амбулаториор эмчлүүлэгсдийн карт[7], эмчлэгч эмч Д.Агийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг[8] зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь 2018-2019 онуудад Улаанбаатар хотод эмч болон эмнэлгийн хяналтад байсан, мөн эмчийн заавраар  биохимийн болон лабораторийн шинжилгээнд хамрагдсан нь тогтоогдож байна.

 Хариуцагч талаас гаргасан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн хяналтад ороогүй, эмчлэгч эмчийн хяналтын бүртгэлийн журналд нэхэмжлэгчийн  нэр нь байхгүй  гэсэн  тайлбарууд нь нэхэмжлэгчийг огт эмчийн болон эмнэлгийн  хяналтад байгаагүй гэдгийг нотлох үндэслэл биш тул  нэхэмжлэгчийн хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохоос татгалзсан хариуцагчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн эс үйлдэхүй нь  хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөр, чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд   Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/39, А/12 дугаартай   “Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралтад заасан журмын дагуу нэхэмжлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойшхи хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг  хөдөлмөрийн магадлах төв комисст гомдол[9] гаргасан, уг гомдлыг хуульд заасан хугацаанд эрх бүхий этгээдээс  шийдвэрлээгүй тул тус шүүхэд 2019 оны 07 дугаар сарын 10-нд нэхэмжлэл гаргасныг   нэхэмжлэгчээс  хариуцагчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн түүний хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг тогтоохоос татгалзсан шийдвэр гарсны дараа энэ үйл баримттай холбогдуулан маргасан гэж үзэхээр байна.

Харин нэхэмжлэгч Г.С нь хариуцагчийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг тогтоохоос татгалзсан шийдвэртэй холбогдуулан  тухайн үед маргаагүй,  түүний хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохоос татгалзсан  тухайн үеийн шийдвэр нь хүчин төгөлдөр үйлчилж дууссан,  “Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” өвчний жагсаалтын холбогдох хэсэгт заасан хяналтын   хугацаа өнгөрсөн тул энэ шийдвэрийг “... хууль бус байсан, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж  үзэх боломжгүй байна.

Иймээс   нэхэмжлэгчээс гаргасан 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохоос татгалзсан эс үйлдэхүй нь  хууль бус болохыг тогтоох, энэ хугацааны  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохыг хариуцагчид  даалгах   нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг   баримтлан  нэхэмжлэгч Г.Саас  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисст  холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комиссын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Г.Сын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохоос татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох”-ыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох “2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохоос татгалзсан эс үйлдэхүй нь  хууль бус болохыг тогтоох, энэ хугацааны  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоохыг хариуцагчид  даалгах” шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ГҮЛБАРША              

 

[1] Хэргийн 47 дугаар хуудас /1 хавтас/

[2] Хэргийн 12-18, 68 дугаар хуудас /1 хавтас/

[3] Хэргийн 49 дүгээр хуудас /2 хавтас/

[4] Хэргийн 120 дугаар хуудас /1 хавтас /

[5] Хэргийн 48 дугаар хуудас /1 хавтас/

[6] Хэргийн 66, 88-89 дүгээр хуудас /1 хавтас/

[7] Хэргийн 28-49 дүгээр хуудас /1 хавтас/

[8] Хэргийн  199 дүгээр хуудас /1 хавтас/

[9] Хэргийн 25 дугаар хуудас /1 хавтас/