Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2026/0477

 

Ц.Гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ц.Г

Нэхэмжлэгч: Ц.Г

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.Э, Ч.М

Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татварын улсын байцаагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн НА-34250000011 дүгээр нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 422 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2026/0136/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Гоос Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татварын улсын байцаагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн НА-34250000011 дүгээр нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 422 дугаар шийдвэрээр: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.2, 15 дугаар зүйлийн 15.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, 5.2.2, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Гийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татварын улсын байцаагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн НА-34250000011 дүгээр нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.2 заасныг зөрчсөн байдалд дутуу дүн шинжилгээ хийсэн. Мөн Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4.3.1-д заасныг зөрчиж татварын байцаагч нар хяналт шалгалт явуулах талаараа надад мэдэгдэхгүйгээр шууд шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт миний энэхүү гомдлыг үндэслэлгүй талаар дурдсан байх боловч үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний хувьд хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хэрэгжилтийг шаардаж байгаагаас гадна шүүхийн шийдвэрт заасны дагуу татварын алба холбогдох маягтуудад үндэслэн үйл ажиллагаа явуулж байгаа учраас мэдэгдэл хийгдсэн гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа болно.

3.2. Татварын хяналт шалгалтыг явуулахдаа миний татвар ногдох орлогыг буруу тодорхойлсон гэж би үзэж байна. Үүний үндэслэл нь байцаагч нар зөвхөн миний Хаан банк буюу монгол дахь дансны хуулга болон нотариатаар баталгаажуулсан гэрээн дээр үндэслэсэн бөгөөд миний гадаад улсад гаргасан зардлын тооцооллыг огт хасч тооцоогүй. Машиныг худалдан борлуулахтай холбоотой гардаг нэхэмжлэлд дурдсан Монгол дахь зардлуудыг хасч тооцоогүй, е-баримтаар тогтоогдохгүй гэж хассан атлаа дахин гадаад улсад гаргасан зардлыг ч мөн адил хасч тооцохгүй болохоор би хэт өндөр ашигтай ажиллаж буй мэт харагдах боловч энэ нь миний хувьд хэт хохиролтой байна. Ийнхүү нэхэмжлэгч Ц.Г миний бие анх гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаагаас гадна миний 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний хоорондох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжтай танилцаагүй, танилцуулаагүй шууд уншсан байдлаар явагдсан тул энэ хугацааны дансны хуулгыг авч хяналт шалгалт хийсэнд нь зөв эсэхэд мөн эргэлзэж байгаагаа дурдаж шүүхийг анхаараасай гэж хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

4. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Гоос Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татварын улсын байцаагч нарын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн НА-34250000011 дүгээр нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийгСонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нартхолбогдуулан гаргажээ.

2.1. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.Э Ч.М нарын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн НА-34250000011 тоот нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 зүйлийн 11.19.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 82.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 85,835,833 төгрөгийн нөхөн татвар, 34,164,612.09 төгрөгийн торгууль, 26,194,666.61 төгрөгийн алданги, нийт 146,195,111.7 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч Ц.Гоор төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.2. Улмаар нэхэмжлэгчээс Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх ба тус зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаар тогтоолоор ...Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2019/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.3.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, 8.2, 15 дугаар зүйлийн 15.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.2 дахь хэсгийг баримтлан татварын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн НА-34250000011 дугаар нөхөн ногдуулалтын актын хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2.3. Анхан шатны шүүх ... нэхэмжлэгч нь зардал гаргаснаа хуулийн шаардлага хангасан баримтаар нотолж чадаагүй байна. Тодруулбал нэхэмжлэгч нь хуульд заасан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагыг хангасан баримтаа татварын байгууллагад гаргаж өгөөгүй байна ... гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого, 8.2-т Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна, 15 дугаар зүйлийн 15.1-д Үйл ажиллагааны орлогод албан татварын ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д заасан шаардлагыг хангасан зардлыг хасаж, мөн хуулийн 13.2-т заасан зарчмыг баримталж, 14, 15, 16, 17 дугаар зүйлийг дагаж мөрдөнө, 27 дугаар зүйлийн 27.2-т Албан татвар төлөгч энэ хуулийн 15.1, 15.6, 16.1.1, 17.1.2, 17.1.3-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулсан албан татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ, 27.3-д Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох эрх бүхий орон нутгийн засаг захиргааны нэгж нь энэ хуулийн 26.2-т заасны дагуу хураан авсан албан татварын тайланг харьяа татварын албанд дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ гэж,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно, 14.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн, 14.1.2-т худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн, 16 дугаар зүйлд Албан татвар ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, тайлагнах гээд 16.1-д Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана гэж,

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.3-д зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, 16 дугаар зүйлийн 16.1-д Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй, 16.1.1-д энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал гэж тус тус зохицуулсан.

3.1. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд, 2021 онд хувь хүний орлогын албан татварын төрлөөр тайлан ирүүлээгүй, 2022 онд 450,887,354.00 төгрөгийн борлуулалтын орлоготой, 442,571,354.00 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 8,316,000.00 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 831,600.00 төгрөгийн татвар төлөхөөр тайлагнасан, 2023 онд 874,741,664.00 төгрөгийн борлуулалтын орлоготой, 866,740,664.00 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 8,001,000.00 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 800,100.00 төгрөгийн татвар төлөхөөр тайлагнасан байх бөгөөд импортоор оруулсан автомашины гаалийн мэдүүлгээр 2022 онд 592,238,401.55 төгрөгийн, 2023 онд 781,108,786.95 төгрөгийн, 52,342,765.29 төгрөгийн дотоодод худалдан авалт хийсэн мэдээтэй байна.

3.2. Дээрх хуулийн заалтууд, хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэн үзвэл маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт үндэслэлтэй буюу 85,835,833 төгрөгийн нөхөн татвар, 34,164,612.09 төгрөгийн торгууль, 26,194,666.61 төгрөгийн алданги, нийт 146,195,111.7 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь зөв байна.

3.3. Өөрөөр хэлбэл, хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгчийн дансны нийт орлогоос автомашины борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой гаалийн мэдээ, нотариатын гэрээ хэлцэл зэргийг үндэслэн автомашины борлуулалтын орлогыг тооцсон нь үндэслэлтэй, зөв байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Г нь 2021, 2022, 2023 оны борлуулалтын орлогоо татварын тайланд тусгаагүй, уг орлогоос татвар ногдуулж төсөвт төлөөгүй, гадаад улсад гаргасан зардлын тооцоолол буюу хасагдах зардалтай холбоотой баримтыг татварын хяналт шалгалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гаргаж өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасны дагуу өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

3.4. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө гэж заасны дагуу үйл ажиллагааны орлогоос татвар ногдох орлогоо тодорхойлох, тайлагнах, татварын албанд гаргаж өгөх, тухайн хяналт шалгалттай холбоотойгоор өөрт байгаа баримтаа татварын улсын байцаагч нарын шаардсанаар гаргаж өгөх нь нэхэмжлэгч Ц.Гийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь хариуцагч нарыг буруутгах үндэслэл болохгүй ба улсын байцаагч нар татвар нөхөн төлүүлэхээр акт тогтоосон нь, мөн энэхүү актыг хууль зүйн үндэслэлтэй хэмээн дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

3.5. Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтын талаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдээгүй, эрхээ эдлэх боломж олгоогүй, татварын хяналт шалгалтад нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй зэргээр татвар төлөгчийн эрхийг зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй.

3.6. Учир нь, хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын даргын холбогдох тушаалуудаар батлагдсан татварын байгууллагын үйл ажиллагаанд хэвшиж тогтсон баримт бичгийн ХШ-04 маягтууд, хүлээн авсан баримт бичгийн бүртгэл ХШ-05/1 маягтууд, татварын улсын байцаагчийн өдөр тутмын тэмдэглэл зэргээс үзэхэд, татварын хяналт шалгалтын талаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдсэн, өөрт байгаа нотлох баримтыг гаргаж өгөх боломжит хугацаа олгосон буюу татвар төлөгчийн эрхээ эдлэх боломжийг олгосон болох нь тогтоогдож байх тул дээрх байдлаар маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 422 дугааршийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ОДБААТАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА