Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2020/02286

 

 

 

 

 

 

 

 

 

   2020          08            31                                                183/ШШ2020/02286

 

            

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Нисэхийн 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, Б овогт Н.Э /РД:0000/ -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, 00 хотхон, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, Д овогт Н.Б /РД:0000/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Н.Б, нарийн бичгийн даргаар Б.Батмандал нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагчтай 2005 онд танилцаж хамт амьдраад 2007 онд гэрлэлтээ бүртгүүлээд 2007 оны 11 сарын 02-ны өдөр том охин Б.Д төрсөн. 2010 оны 11 сарын 05-ны өдөр бага охин Б.Н төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд зан харилцааны хувьд таарамжгүй байсан тул хариуцагч 2011 оны 11 сард гэрээсээ явсан. Хэдэн жилийн дараа хариуцагчийг хүнтэй суусан гэдгийг сонссон. Гэрээсээ явснаас хойш огт холбоо барьж үр хүүхдүүдээ асууж байгаагүй. Хүүхдүүд төрсөн цагаас хойш эхийн асрамжид өссөн. Хариуцагч нь тусдаа гэр бүл, амьдралтай болсон учир гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байгаа. Хүүхдийн тэтгэлгийн тал дээр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул гэрээний дагуу гаргуулах хүсэлтэй байна. Охин Б.Д-ний англи хэлний сургалтын төлбөрт 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид анх 2005 онд танилцаж 2010 онд гэр бүлийн маргаанаас болж салсан. Би салж явахдаа хашаа байшин, машин гээд бүх зүйлээ үлдээж явсан. Хүүхдийн тэтгэлгийн талаар нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Түүний дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн хүүхдийн сургалтын төлбөрийн тал дээр би боломжоороо тусална гэж хэлсэн. Одоо сургалтын төлбөрийн 50 хувийг нэхэмжилсэн байна. Одоогийн байдлаар манай ажил цар тахлын улмаас зогссон байгаа тул хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байна. Гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдийг ээжийн асрамжид нь байлгана, тэтгэлгийг гэрээний дагуу төлнө, хөрөнгийн маргаангүй” гэв.

 

Талуудын хооронд байгуулсан 2020.08.12-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: “...

 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 

              1.1. Гэрээний хугацаа: Насанд хүрээгүй Б.Д /РД:0000/,

Б.Н /РД:0000/ нарыг хуульд заасан насанд хүрэх хүртэл хугацаагаар үргэлжилнэ.

              1.2 Энэхүү гэрээгээр тэтгэлэг төлөгч нь хүүхдийн сургуулийн төлбөрт туслалцаа үзүүлэх, хүүхдийн тэтгэлэгт 20,000,000 төгрөгийг жилээр нь төлөх, эх /хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ нь хүүхдийн тэтгэлгийг цаг хугацаанд нь шаардан авах, хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болон талуудад эрх үүрэг, хариуцлага тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулна.

              1.3 Энэхүү гэрээний нэмэлт өөрчлөлтүүд гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр болно.

              1.4 Тэжээн тэтгүүлэгчийн мэдээлэл:

                        1. Д овогт Б.Н /РД:0000/

                        2. Д овогт Б.Д /РД:0000/

              1.5 Тэжээн тэтгүүлэгчтэй хамт амьдрах гэр бүлийн гишүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, харилцах утасны дугаар:

                        1. Төрсөн эх, Б овогтой Н.Э /РД:0000/, утас 0000

 

ХОЁР. ТЭТГЭЛЭГ ТӨЛӨХ НӨХЦӨЛ

 

              2.1 Хүүхдийн тэтгэлгийг гэрээ байгуулагдсанаас хойш жилээр тооцож бөөнд нь төлнө.

              2.2 Хүүхдийн тэтгэлгийг мөнгө болон эд хөрөнгөөр бөөнд нь төлж болно.

              2.3 Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-т заасныг үндэслэн багасгаж нийт 20,000,000 төгрөгөөр харилцан тогтоосон болно.

              2.5 Хүүхдийн тэтгэлгийг жилээр бөөнд нь төлнө. Энэ гэрээний хавсралт 1-т заасан графикийн дагуу  тэтгэлэг төлөгч төлбөрийг төлж барагдуулна.

              2.6 Хүүхдийн тэтгэлгийг Хаан банкны 0000 тоот данс руу шилжүүлнэ.

              2.7 Тэтгэлэг төлөгч нь хүүхдийн тэтгэлэг 20,000,000 төгрөгийг хурааж, 4 жилийн хугацаанд төлж барагдуулна.

              2.8 Тэтгэлэг төлөгч нь тэтгүүлэгч Б.Н, Б.Д нарын сургуулийн төлбөрт туслалцаа үзүүлнэ. Сургуулийн төлбөрийн зардалд хүүхдүүдийг сургуулиа төгсөх хүртэл туслалцаа дэмжлэг үзүүлнэ.

 

ГУРАВ. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

 

              3.1. Тэтгэлэг төлөгчөөс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг эх /хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ тал шаардах эрхтэй.

              3.2 Эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

              3.3. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.

              3.4. Тэтгэлэг төлөгч нь түүний хүүхдүүд болох насанд хүрээгүй Б.Д, Б.Н нарын сургуулийн төлбөрт туслалцаа дэмжлэг үзүүлнэ.

              3.5. Тэтгэлэг төлөгч нь энэхүү гэрээний 2-р зүйлд заасан үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эх /хууль ёсны асран хамгаалагч харгалзан дэмжигч/ нь шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэх эрхтэй.

              3.6. Хүүхдийн тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг шаардах эрхтэй.

 

ДӨРӨВ. ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ, ЦУЦЛАХ

 

              4.1 Гэрээг талууд харилцан тохиролцсоноор үндсэн гэрээний нэг адил хэлбэрээр өөрчилж, цуцалж болно.

              4.2. Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ эсвэл гарсан зардлыг хариуцуулахаар тэтгүүлэгчийн эцэг, эх, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага гаргаж болно. 

              4.3. Гэрээг өөрчлөх, цуцлах талаар маргаан гарвал шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

ТАВ. ТЭЖЭЭН ТЭТГЭХ ҮҮРЭГ ДУУСГАВАР БОЛОХ

 

              5.1 Тэтгүүлэгч насанд хүрсэн,

              5.2 Тэтгүүлэгч гэрлэсэн, хөдөлмөрийн чадвартай болсон.

 

ЗУРГАА. ХАРИУЦЛАГА

              6.1 Тэжээн тэтгэх тухай гэрээг сайн дураар биелүүлэхгүй байгаа тохиолдолд тэдний хэн нэгний хүсэлтээр шүүгч захирамж гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ.

 

ДОЛОО. БУСАД ЗҮЙЛ

              7.1 Гэрээ нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх тэтгэлэг төлөгч Н.Б/тийм/,  асран хамгаалагч Н.Э/тийм/

              7.2 Талууд гэрээг харилцан сайн дурын үндсэн дээр, тэгш эрхтэйгээр байгуулсан эсэх тэтгэлэг төлөгч Н.Б/тийм/, асран хамгаалагч Н.Э/тийм/,

              7.3. Гэрээг байгуулахад бусдын дарамт шахалт бусад хүчин зүйл нөлөөлсөн эсэх Н.Б/үгүй/, асран хамгаалагч Н.Э/үгүй/,

              7.4. Талуудын бичиг баримт эх хувиараа, нууцлал бүрэн.

              7.5. Талууд эрх зүйн бүрэн чадамжтай.

              7.6. Талууд тэтгэлэг төлсөн баримт, тооцоогоо гэрээний хавсралтаар өөртөө хадгалах, нотариатаар гэрчлүүлэх эрхтэй” гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Н.Э гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг Н.Бид холбогдуулан гаргасан, мөн шүүх хуралдааны явцад охин Б.Дөлгөөний англи хэлний сургалтын төлбөрийн 50 хувийг буюу 20,000,000 төгрөг гаргуулахыг шаардсан байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд Н.Энхмөнх, Н.Б нар нь 2005.08.11-ний өдөр гэр бүл болсныг 2007.12.03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болсон нь 0000 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр, тэдний дундаас 2007.11.02-нд том охин Б.Дөлгөөн, 2010.11.05-нд бага охин Б.Н нар төрсөн болох нь талуудын тайлбар, 0000 дугаар төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2020.08.06-ны өдрийн 0000 дүгээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээс үзэхэд талууд гэрлэлтээ шүүхийн журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн учир тэдний хүсэлтээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон гэж үзэж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-т “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу шүүх ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

 

Талууд гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2 хүүхдэд олгох тэтгэлэгийн хэмжээ, төлөх хугацааг харилцан тохиролцож байгуулсан 2020.08.12-ны өдрийн эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн, энэ гэрээний 1.2, 2.5, 2.7-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт 20,000,000 төгрөгийг 4 хувааж, 4 жилийн хугацаанд төлөхөөр гэрээний хавсралтад  хэсэгчлэн төлөх хэмжээ, хугацааг тохирсон байна.

 

Гэрлэгчид олон жил тусдаа амьдарч байгаа, одоо тус тусын амьдралтай болсон, эд хөрөнгийн маргаангүй, зохигчдын байгуулсан 2020.08.12-ны өдрийн эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж, 14.5, 41 дүгээр зүйлийн 41.2, 41.2.1-д  зааснаар охин Б.Д, Б.Н нарыг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг талуудын байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу шийдвэрлэв.

 

        Дээрх эвлэрлийн гэрээнд зааснаар хүүхдийн тэтгэлгийн 20.000.000 төгрөгийг 4 жилийн хугацаанд графикийн дагуу жилд 5.000.000 төгрөгийг олгохоор тохирч, 2020.08.12-2021.08.12-нд 5.000.000 төгрөг, 2021.08.12-2022.08.12-нд 5.000.000 төгрөг, 2022.08.12-2023.08.12-нд 5.000.000 төгрөг, 2023.08.12-2024.08.12-нд 5.000.000 төгрөгийг тус тус жилд бөөнд нь төлж байхаар тохиролцсон байна.

 

         Харин эвлэрлийн гэрээний 2.8-д “тэтгэлэг төлөгч нь тэтгүүлэгч Б.Н, Б.Д нарын сургуулийн төлбөрт туслалцаа үзүүлнэ, сургуулийн төлбөрийн зардалд хүүхдүүдийг сургуулиа төгсөх хүртэл туслалцаа дэмжлэг үзүүлнэ” гэсэн заалтыг үндэслэн хүүхдүүдийн сургалтын төлбөрийн 50 хувийг хариуцна гэж нэмэлт өөрчлөлт оруулсан гэх 2020.08.31-ний өдрийн нэмэлт гэрээг нэхэмжлэгч ирүүлсэн боловч зөвхөн Н.Энхмөнхийн гарын үсэг бүхий санал байх тул эвлэрлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэхгүй болно.

 

Тэрээр шүүх хуралдааны явцад  нэмэлт гэрээг үндэслэн охин Б.Д-ний англи хэлний сургалтын төлбөрт 20,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан боловч талуудын хооронд байгуулсан 2020.08.12-ны өдрийн эвлэрлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлгүй тул энэ шаардлагыг хангахгүй орхив.

 

Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэгчид хамтран хүлээхээр байх тул хүүхдүүдийг сургуулиа төгсөх хүртэлх зардал, төлбөрийн талаар талууд тухай бүрд нь шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.2, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон   

                                                                                                                         ТОГТООХ нь:                                                                                                                   

 

              1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Н.Б, Н.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

             

              2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны 11 дүгээр сарын 02-нд төрсөн охин Б.Д /РД:0000/, 2010 оны 11 дүгээр сарын 05-нд төрсөн охин Б.Н /РД:0000/ нарыг эх Н.Энхмөнхийн асрамжид үлдээсүгэй. 

 

              3. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар Н.Боос хүүхдийн сургалтын төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Н.Э-н шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 41 дүгээр зүйлийн  41.2, 41.2.1 дэх хэсэгт зааснаар охин Б.Д, Б.Н нарт олгогдох хүүхдийн тэтгэлэг 20.000.000 төгрөгийг 4 жилийн хугацаанд графикийн дагуу 2020.08.12-2021.08.12-нд 5.000.000 төгрөг, 2021.08.12-2022.08.12-нд 5.000.000 төгрөг, 2022.08.12-2023.08.12-нд 5.000.000 төгрөг, 2023.08.12-2024.08.12-нд 5.000.000 төгрөгийг жилд бөөнд нь Н.Б-оос гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.

             

     4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Боос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурдсугай.

 

  5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт  зааснаар Н.Боос 168,829 төгрөг гаргуулж Н.Энхмөнхөд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,829 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                                         Д.ЭНХЦЭЦЭГ