Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2026/0578

 

 

 

 

 

 

 

 

 

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч М.Цэцэгмаа

Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын улсын байцаагч Д.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “У” ХХК

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын улсын байцаагч Д.Х, Х.А

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Х.А нарын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн НА-34240000128 тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн  616 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Д.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2026/0358/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн  616 дугаар шийдвэрээр:

Нэг. Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2.1, 36.2.5, 36.3-д заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Х.А нарын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн НА-34240000128 тоот Нөхөн ногдуулалтын акт-ыг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Хоёр. Хариуцагч татварын улсын байцаагчид нь тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д заасан нөхцөл байдал, үндэслэлийг шалган үзсэний үндсэн дээр захиргааны шинэ актыг гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлж,

Гурав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчид нь тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т заасан захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон 3 хүртэл сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Х.А нарын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн НА-34240000128 тоот Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын улсын байцаагч Д.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нарын шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

"... Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Х.А нарын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн НА-34240000128 тоот нөхөн ногдуулалтын акттай холбоотой “У”ХХК-ийн нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0616 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдол гаргаж байна.

Татварын хяналт шалгалтын улсын байцаагч Д. Х, Х.А нар "У” ХХК-ий 2019 - 2021 оны татварын тайланд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар "У" ХХК 2020, 2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан гаргахдаа төлбөрийн баримтаар баталгаажаагүй зардал хасаж тооцсон нь

1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1. анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх;

2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:

13.1.4. доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх:

16.1. Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй:

16.1.1.энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал; заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул нөхөн ногдуулалтын акт гаргасан.

Анхан шатны шүүхээс нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлсэн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.-д Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д "Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зэв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ", 36.2.1-д "татвар төлөгч хуульд заасны дагуу тайлан, бүртгэл хөтлөөгүй" 36.2.5-д "татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдоогүй” гэж тус тус заасан байна гэж үзжээ.

Уран нинж ХХК нь тайлан бүртгэл хөтөлдөг, Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд холбогдсон хуулийн этгээд тул татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлдэх шаардлагагүй юм. Тус компани нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1. дэх заалт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1., 13.1.4. дэх заалтуудыг тус тус зөрчин, тайлан гаргах үүргээ биелүүлээгүй үйлдлээ бусдад үүрүүлж буй этгээд мөн гэж үзэж байна. Харин үндэслэх хэсгийн 6-д заасан заалт нь тайлан, бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдоогүй татвар төлөгчдөд илүү хамааралтай заалт юм.

Анхан шатны шүүхээс нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлсэн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д. Дээрх хуулийн зохицуулалтуудыг маргааны үйл баримтад тохируулан авч үзвэл, малчин иргэд тайлан, бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдоогүйн улмаас нэхэмжлэгч "У" ХХК-д дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

6.1. Дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт өгөх үүрэг нь малчин иргэдийн үүрэг боловч, “У” ХХК-ийн хувьд хасагдах зардалд тооцох зардал нь дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд хасагдах зардалд тооцохоор хуульд тусгайлан заасан. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 128/ШШ2024/0387 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.4-д "Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/ -ийн 4 дүгээр зүйлийн 4.1.14. -т заасны дагуу "төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгох бөгөөд борлуулалт хийж, орлого олсон малчин, мал бүхий этгээдээс ноос худалдан авагч "У" ХХК-д төлбөрийн баримтыг “ebarimt.mn цахим хуудсаар дамжуулан үйлдэх, "ebarimt.mn” аппликейшн ашиглан QR код болон иргэний үнэмлэхийн арын QR кодыг уншуулан үүсгэх зэргээр 2020, 2021 онд цахим хэрэглэгчийн системээр дамжуулан төлбөрийн баримт олгох боломжтой байсан нь Татварын ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06/879, мөн сарын 24-ний өдрийн 06/2020 албан бичгээр тус тус тогтоогдож байна." гэж малчин этгээд нь төлбөрийн баримт олгох боломжтой байсныг тогтоосон.

Анхан шатны шүүхээс нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлсэн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д. Энэ маргаанд нотлох шаардлагагүй, лавтай илэрхий тогтоогдож байгаа нэг үйл баримт бол нэхэмжлэгч "У" ХХК нь малчин иргэдээс хонь, тэмээний ноосыг тодорхой үнэ төлж /үнэ төлбөргүйгээр биш/ худалдан авсан болох нь бодитой ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тодорхой зардал гаргасны үндсэн дээр ноос худалдан авсан нь бодитой юм. гэжээ.

Энд малчин иргэдээс хонь, тэмээний ноос худалдан авсан гэдэг нь "У" ХХК-ийн 21 аймгаар явж 7000 гаруй малчин иргэдээс түүхий эдээ цуглуулдаг, хонь, тэмээний ноос худалдан авсан гэж байгаа нь компанийн дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан тайлан, журнал, ажил гүйлгээний мэдээ зэрэг санхүүгийн баримтаар энэ үйл баримт тогтоогдохгүй байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1. "Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.", 13.5. "Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна.", 13.7. "Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.", 14 дүгээр зүйлийн 14.3. "Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах Дарааллаар гүйцэтгэнэ: 14.3.1."анхан шатны баримт бүрдүүлэх;", 14.3.2. "журналд бичих;", 14.3.3. "дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх;", 14.3.4. "ажил, гүйлгээний мэдээ гаргах;", 14.3.5. "санхүүгийн тайлан гаргах.", 14.4. "Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ: 14.4.1."аж ахуйн бүх ажил, гүйлгээ;", 14.4.2. "бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага;", 14.4.3. "бүх өр төлбөр;", 14.4.4. "аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр;", 14.4.5. "бүх орлого;", 14.4.6. "бүх зардал;", 14.4.7. нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар тогтоосон бусад зүйлс" гэж заасан заалтуудыг хангах баримт байхгүй байгаа болно. Малчин иргэдээс худалдан авалт хийсэн бол 7000 иргэн рүү шилжүүлсэн дансны болон кассын баримт байхгүй, 21 аймгаар явж түүхий эд цуглуулсан бол тээврийн болон түлш шатахууны, холбогдох бусад зардлууд нь нотлогдохгүй байна. 2023 оны 06 дугаар сарын 19 өдрийн ярилцлагад гүйцэтгэх захирал Д.Бнь Эмээлт түүхий эдийн захаас ченж /түүхий эд борлуулагч/ нараас худалдан авалт хийдэг хэмээн мэдүүлсэн нь 21 аймаг 39 сумдаар явж малчин иргэдээс түүхий эдийг цуглуулдаггүй гэдгийг тодоор илэрхийлж байна.

Анхан шатны шүүхээс нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлсэн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10, 11, 12-д Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн аж үйлдвэрийн сайдын тушаалууд Сангийн сайдын тушаал зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн татварын ногдлыг тодорхойлох боломжтой гэж үзсэн.

Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх;-ийг үүрэгжүүлсэн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: 13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх: гэсэн заалтуудтай зөрчилдөж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу зардлыг тооцох нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй Татварын шинэчилсэн хуулийн заалтуудын ач холбогдлыг үгүйсгэх, цаашид нийгэмд буруу жишиг тогтох, борлуулалт хийж орлого олсон иргэн, хуулийн этгээдүүдийн орлого ил болохгүй, татвараас зайлсхийх, далд эдийн засаг нэмэгдэх, үндсэн хуульд заасан иргэн бүрийн тэгш эрхийн байдал алдагдах, нэг хэсэг нь шударгаар татвар төлдөг, нөгөө хэсэгт татвараас зайлсхийх нөхцөл бүрдүүлэх эх үүсвэр тавигдах үндэс болж өгөх магадлал өндөр юм. Иймд иргэн, хуулийн этгээдүүд нэгэн адил дээрх хуульд заасан үүргээ биелүүлж ажиллах нь далд эдийн засгийг илрүүлэх, татвараа шударгаар төлөх ухамсрыг нийгэмд төлөвшүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.

Анхан шатны шүүхээс нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлсэн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16, 17 д, заасан үндэслэл нь ТУБ-ийн бусдын нөлөөнд үл автах гэсэн заалтыг хүчээр хөндсөн хууль бус шийдвэр байна. Шүүхийн шийдвэрийг бүх иргэн хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

Тухайн аж ахуйн нэгж нь татварын тайлан үйлдэх тушаах нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтлөх, татвар ногдох орлогоос хасагдах зардлаа "аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай" хуулийн 13-р зүйл 13.1-т заасан шаардлагыг ханган тооцох гэж Уран нинж ХХК-д төлбөрийн баримтад үндэслэхийг хуулиар үүрэгжүүлэн өгсөн. Татварын ерөнхий хуулийн 29-р зүйлийн 1.1/, аж ахуйн нэгжийн татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага /ААНОАТТХ-ийн 13-р зүйл/, татвар ногдох орлогоосоо хасахгүй зардал /ААНОАТТХ-ийн 16-р зүйл/ эдгээр хуулийн заалтуудаас татвар төлөгч төлбөрийн баримтаа авахгүй бол хасагдах зардал тооцуулах боломжгүй эрсдэл үүсэхийг өөрөө мэдэх боломжтой байсан. “Уран нинж” ХХК нь борлуулагч тал төлбөрийн баримт өгөөгүй тохиолдолд харьяа татварын байгууллагад нь гомдол мэдээлэл өгч зөрчлийн хуулийн дагуу борлуулагч талаас зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авч төлбөрийн баримтаа нөхөн авах боломжтой байсан. Хуулийг мэдээгүй, ойлгоогүй нь хуулийг хэрэгжүүлэхгүй байх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Маргааны тухайд талууд татвар ногдох орлогоос хасагдах зардал нь хуулийн шаардлагыг хангаж байгаа эсэх бөгөөд “Татварын ерөнхий хууль", "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуульд нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтлөх, хасагдах зардал нь төлбөрийн баримтаар баталгаажсан байхаар хуульд тодорхой заасан. Төлбөрийн баримт гэдэг нь "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн” 4 дүгээр зүйлийн 4.1.14. "төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг; хэлнэ гэж тодорхойлсон.

"Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасны дагуу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 тоот тушаалаар батлагдсан Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмын 2.2-т заасан "мэдээллийн эх үүсвэр"-үүдийг ашиглан нэхэмжлэгчийн татварын ногдлыг тодорхойлсны үндсэн дээр захиргааны шинэ актыг дахин гаргах нь зүйтэй” гэсэн нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зарчмын дагуу татварын улсын байцаагч нарт хуулийг хэрэгжүүлэн ажиллах явцад гарч буй хоёр тал бүхий шийдвэр болоод байна.

Түүнчлэн "У" ХХК-ийн 21 аймгаар явж 7000 гаруй малчин иргэдээс түүхий эдээ авсан нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй, / хэрэв малчдаас авсан бол 7000 данс руу мөнгөн гүйлгээ хийгдсэн баримт, А маягт дээр 7000 иргэний гарын үсэг зурагдсан байх ёстой/ нэмэлтээр нотлох баримт гаргаж өгөөгүй, ирүүлэхээс татгалзсан, зөвхөн зөвхөн Ноос ноолуурын урамшууллын А маягтыг барьсан мөн захирал Д.Бнь ярилцлагадаа Эмээлт түүхий эдийн захаас ченж /түүхий эд борлуулагч/ нараас худалдан авалт хийдэг хэмээн мэдүүлсэн зэргийг огт авч үзээгүй нь учир дутагдалтай байна.

Татварын нөхөн ногдуулалтын акт нь 2024 онд Давж заалдах шатны шүүхээс түдгэлзүүлснээр СХД-ийн татварын хэлтэс болон Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсээс 2 удаа шалгаж, маргаан таслах зөвлөлөөр 2 дахин хянаж актыг хэвээр үлдээсэн байдаг.

Татварын байцаагчид Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хасагдах зардлын асуудал бөгөөд татварын улсын байцаагчид Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1., Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1., 13.1.4. дэх заалтуудыг үндэслэн хасагдах зардал тооцно гэж үзсэн. Харин нэхэмжлэгч тал ноосны урамшуулал зэрэг төрийн бусад байгууллагаас олгосон баримтыг үндэслэн хасагдах зардал тооцож болно гэж Маргадаг. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0616 дугаар шийдвэрээр актыг дахин түдгэлзүүлж Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийг хэрэглэн жишиг үнийн аргаар татварыг ногдуулж дахин акт гаргахыг зааж шийдвэрлэсэн нь хууль зүйн Үндэслэлгүй шийдвэр гарсан. "У" ХХК-д холбогдох татварын хасагдах зардалтай холбоотой энэ маргаан нь Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйл жишиг үнийн арга хэрэглэх үндэслэлд хамаарахгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс жишиг үнийн аргыг хэрэглэн дахин акт гаргахаар түдгэлзүүлж байгаа нь хууль тогтоогчийн зүгээс Татварын хуулийнд оруулсан төлбөрийн баримттай холбоотой заалтын агуулга ач холбогдлыг бууруулах цаашид төлбөрийн баримтгүйгээр жишиг үнийн арга хэрэглэн хасагдах зардал тооцуулж болох мэт ойлголт үүсэх үр дагавартай байна.

Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2. Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ. гэх заалтын дагуу татварын улсын байцаагч нар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг баримтлан шийдвэр гаргасан нь үндэслэлтэй юм.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.гэж заасан тул анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0616 шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            1.Нэхэмжлэгч “У” ХХК-иас “Манай компанид 386,768,679,38 төгрөгийн нөхөн татвар, 154,780,903,32 төгрөгийн торгууль, 72,768,679,38төгрөгийн алданги нийт 614,501,841 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагч Д.Х, Х.А нарын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн НА-34240000128 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

            2. Анхан шатны шүүх шийдвэртээ “...Дээрх хуулийн зохицуулалтуудыг маргааны үйл баримтад тохируулан авч үзвэл малчин иргэд тайлан, бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдоогүйн улмаас нэхэмжлэгч “У” ХХК-д дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна, ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай компани малчин иргэдээс ноос худалдан авсан зардлаа хасуулсны үндсэн дээр татвар ногдох орлогоо тодорхойлуулах ёстой гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй, ...шүүх “У” ХХК-ийн татварын ногдлыг тодорхойлох, татварын тооцооллыг хийх боломжгүй бөгөөд татварын ногдлыг тодорхойлж, тооцоолол хийх нь хариуцагч татварын байцаагч нарын эрх хэмжээ юм ... захиргааны акт гаргахын өмнө уг захиргааны акттай холбоотой бодит нөхцөл байдлыг нарийвчлан шалган тогтоох чиг үүрэг нь шүүхийн биш харин хариуцагч байгууллагын чиг үүрэг тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзнэ, ...дээр тайлбарласан нөхцөл байдлуудыг нарийвчлан нягтлан шалгах буюу татварын ногдлыг тодорхойлж, тооцоолол хийх бүрэн эрх татварын улсын байцаагчид хуулиар олгогдсон тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн ба захиргааны байгууллагын шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлийг хариуцагчаар өөрөөр нь зөвтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ...” гэх дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй байна.

            3. Хариуцагч, түүний төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... “У” ХХК нь тайлан тайлан бүртгэл хөтөлдөг, татварын мэдээллийн нэгдсэн санд холбогдсон хуулийн этгээд тул татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлдэх шаардлагагүй юм Тус компани нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалт, аж айхуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4 дэх заалтуудыг зөрчин, тайлан гаргах үүргээ биелүүлээгүй үйлдлээ бусдад үүрүүлж буй этгээд мөн гэж үзэж байна. Харин үндэслэх хэсгийн 6-д заасан заалт нь тайлан, бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдоогүй татвар төлөгчдөд илүү хамааралтай заалт юм ...дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт өгөх үүрэг нь малчин иргэдийн үүрэг боловч, “У” ХХК-ийн хувьд хасагдах зардалд тооцох зардал нь дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд хасагдах зардалд тооцохоор хуульд тусгайлан заасан ... малчин иргэдээс хонь, тэмээний ноос худалдан авсан гэдэг нь “У” ХХК-ийн 21 аймгаар явж 7000 гаруй малчин иргэдээс түүхий эдээ цуглуулдаг, хонь тэмээний ноос худалдан авсан гэж байгаа нь компанийн дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан тайлан, журнал ажил гүйлгээний мэдээ зэрэг санхүүгийн баримтаар энэ зүйл баримт тогтоогдохгүй байна, ...анхан шатны шүүхийн ... шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            4. Нэхэмжлэгч талаас “...Уг нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа захиргааны шүүхэд хэлэлцэгдсэн баримт материал, төрийн байгууллагад байгаа мэдээллийг татаж үзэлгүйгээр буюу шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн цахим байдлаар шалгалтыг явуулсан гэж тайлбарлаж, өмнөх хүчингүй болсон актыг тэр хэвээр нь дахин гаргаж байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт байдал үүсгэж, захиргааны актыг хүчингүй болох хугацаанд дахин акт гаргасан мэт дүр үзүүлэн ... нөхөн ногдуулалтын актыг гаргасан, ...манай компани нь мал аж ахуйн гаралтай түүхий эд буюу хонины ноосыг малчдаас худалдан авсан ба бэлтгэн нийлүүлж байгаа ноосны хэмжээ нь Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас баталсан малчин, мал бүхий этгээдийн 1/ мал тооллогын А дансны бүртгэл, 2/ хонины ноос бэлтгэлийн орлогын падаанаар баталгаажсан ба холбогдох төрийн байгууллагаас Захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн баримтаар баталгаажсан ... гэтэл энэ баримтуудыг огтхон үнэлэлгүйгээр дахин хууль бус акт гаргасан, ...манай компанид борлуулалт хийсэн иргэд өөрсдийн ноосны борлуулалтыг ХХААХҮЯ-ны цахим бүртгэлийн системд баталгаажуулж, эрх бүхий байгууллагаас хянаж үзсэний үндсэн дээр тухайн мал бүхий иргэдэд борлуулсан ноосны урамшууллыг нь олгож байсан. Гэтэл татварын улсын байцаагчийн зүгээс нөхөн ногдуулалтын актыг үйлдэхдээ шүүхэд хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан байгаа “У” ХХК-ийн татварын тайланд хавсаргасан малчин, мал бүхий этгээдийн Мал тооллогын А дансны бүртгэл, Хонины ноос бэлтгэлийн орлогын падааныг үзээгүй бодит дүгнэлт хийгээгүй ба тухайн худалдан авалтуудыг зөвхөн Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй  дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажсан байх шаардлагыг хангаагүй тул хууль бус гэж үзэж нөхөн ногдуулалтын актыг үндэслэлгүйгээр тавьсан ...” гэж маргасан.

            5. Уг маргааны хувьд “У” ХХК-ийн 2019-2021 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын байцаагч нар 2023 онд хяналт шалгалт хийж, татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж үзэж 2023 онд НА-34230000040 дугаар нөхөн ногдуулалтын актаар 614,501,841 төгрөгийн төлүүлэхээр шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн зүгээс актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 387 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд хангаж, нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосныг хариуцагчийн зүгээс шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 605 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “...хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар хариуцагч татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалт явуулахдаа хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч компанийн санхүүгийн анхан шатны баримтуудыг хянаж шалгалгүйгээр маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг тогтоосон болох нь нэхэмжлэгчийн гаргасан ... хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан ... тайлбар зэргээр тогтоогдож байна, ...шүүхээс тухайн зөрчилд ногдуулах төлбөрийн хэмжээг захиргааны байгууллага, албан тушаалтны өмнөөс нөхөн ногдуулах эрхгүй, өөрөөр хэлбэл зөрчлийн дүнг зөв тодорхойлж, тохирсон хариуцлага ногдуулах нь хуулиар татварын улсын байцаагч нарт олгосон эрх хэмжээ бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байх тул хариуцагч улсын байцаагч нар нь нэхэмжлэгч компанийн бүрдүүлсэн санхүүгийн баримтууд нь маргаан бүхий актад дурдсан орлогыг олохтой холбогдож гарсан зардалд тооцогдох эсэхийг шалган тогтоож, дүгнэсний үндсэн дээр холбогдох хууль, журмын дагуу тохирсон хариуцлагыг ногдуулах нь зүйтэй” гэж дүгнэн шийдвэрлэсэн байна.

            6. Гэтэл хариуцагч нарын зүгээс дахин шинэ акт гаргахдаа буюу маргаан бүхий актыг гаргахдаа дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан 3 сарын хугацаанд магадлалын үндэслэх хэсэгт заасан ажиллагаануудыг огт хийгээгүй, хүчин төгөлдөр болсон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэлбэрийн төдий хэрэгжүүлж,  цахимаар хяналт шалгалтыг явуулсан, нэхэмжлэгч “У” ХХК-ийн тайланд хавсаргаж өгсөн санхүүгийн анхан шатны баримтуудад ямар нэг дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл хяналт шалгалт хийлгүйгээр маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг дахин гаргасан болох нь шүүх хуралдааны явцад гаргасан хариуцагч, нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байна.

            7.  Зүй нь хариуцагчийн зүгээс Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10-т “татварын алба нь татварын хяналт шалгалт хийх зорилгоор дараах эрх хэмжээг  хэрэгжүүлэх эрхтэй” , 41.10.1-т “татвар төлөгч болон түүний харилцагч этгээдийг үндэслэл бүхий шалтгаанаар дуудан ирүүлж, талбар авах”, 41.10.2-т “энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх”, 41.10.3-т “татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй холбоотой тайлбар, лавлагаа гаргуулан авах” гэх мэт хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй гэж дүгнэхээр байна.

            8. Мөн нэхэмжлэгч “У” ХХК-ийн хувьд Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлж, татварын хяналт шалгалтад ямар нэгэн саад учруулахгүйгээр биечлэн оролцож, үндэслэл нотолгоогоо гаргаж өгөх, тайлбар авах, өгөх, шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

            9. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2024 оны 605 дугаар магадлалын үндэслэх хэсгийн холбогдох заалтуудыг хариуцагч нарын зүгээс бүрэн хэрэгжүүлээгүй, дахин шинэ акт гаргах хүртэл актын биелэлтийг 3 сар түдгэлзүүлэх хугацаанд хариуцагч нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр дахин шинэ акт /маргаан бүхий акт/ гаргасан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дүгээр сарын 22-ны өдрийн 616 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    ШҮҮГЧ                                    Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ                                    М.ЦЭЦЭГМАА

  ШҮҮГЧ                                    Л.ОДБААТАР