Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00075

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгч Н.Нямсүрэн, М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Иргэдийн төлөөлөгч Л.Ганбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа,

Шүүгдэгч Б.Батцэнгэл нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баасайн Батцэнгэлд холбогдох 201722000002 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Цагаантугтан овогт Баасайн Батцэнгэл, 1972 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 11 дүгээр хэсэг задгайд оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ЦЗ72070319 дугаартай,

Шүүгдэгч Б.Батцэнгэл нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багийн нутаг Хар горхин гэх газар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтэйгээр иргэн Т.Ганболдыг хутгалж хэвлийд нэвтэрсэн шарх, зүүн хөлөнд дөрвөн шарх, баруун хөлөнд нэг шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Батцэнгэл 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багийн нутаг Хар горхин гэх газар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтэйгээр иргэн Т.Ганболдыг хутгалж хэвлийд нэвтэрсэн шарх, зүүн хөлөнд дөрвөн шарх, баруун хөлөнд нэг шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

Шүүгдэгч Б.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 14-өөс 15 цагийн үед самар түүж байгаад би түрүүлээд хоол хийхээр отог дээрээ ирсэн юм. Намайг хоолоо хийх гээд бэлдэж байхад Бат-Эрдэнэ, Магжий, Ганболд гурав түүсэн самраа Цагаан-Үүр сумын төв дээр аваачиж буулгачихаад ирсэн. Тэд нарыг ирээд удаагүй байхад Т.Ганболд, Хавтгай, Батзориг гурав ирсэн. Тэгээд манай отогынхон бүгдээрээ ирээд байж байхад Магжий 0.5 литрийн 1 шил архи гаргаж ирсэн, уг архийг бид нар бүгдээрээ тойруулж уусан. Архи уугаад дуусахад Ганболд, Магжий, Хавтгай, Батзориг, Бат-Эрдэнэ нар самар түүхээр явсан, харин хохирогч Т.Ганболд бид хоёр үлдсэн. Т.Ганболд бид хоёр үлдээд хоёулаа нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан, уг архийг ууж байгаад би тасарчихсан байна лээ. Нэг ухаан ороод харахад Т.Ганболд та намайг хоёрын хооронд ингэж тамлаж байхаар нэг мөсөн гүйцээчихгүй яасан юм бэ гэж байсан, тэгэхээр нь би юу болов, яав ийв гээд харахад Ганболдын биенээс цус гарчихсан байсан. Тэгээд би юу хийснээ ойлгосон. Миний хувьд Т.Ганболдын хэвлий рүү нэг удаа хутгалснаа л санаж байна. Тэгээд би түргэн дуудъя гээд отгоосоо гарахад Магжий, Бат-Эрдэнэ хоёр түргэн болон цагдаа дуудчихлаа гэсээр ирж байсан....” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016.12.24-ний өглөө 10 цагийн үед самар түүхээр Түмэндэмбэрэл, Батзориг, Батцэнгэл нарын хамт яваад самраа түүж үлдээчихээд өдөр 14 цагийн орчимд бид 4 отог дээрээ очсон. Тэгээд бид 4 хоол хийж идэх болоод Батцэнгэл ах буузны мах татаж, гурил зуурсан. Тэгээд хоолоо хийх гэж байхад манай отогт хамт байсан Төмөрчөдөр, Д.Ганболд, Бат-Эрдэнэ 3 сумын төвөөс гарч ирсэн. Тэгээд хоолоо хийж идэцгээж байх явцдаа 0.75 литрийн Ерөөл нэртэй архи бүгд хувааж уусан. Хоолоо идэж дуусаад бид 6 гарч Батцэнгэл ах хоцорсон. Бид 6 машин дээр очоод машинаа асаах гэж байхад Батцэнгэл ах намайг дуудсан. Тэгэхээр нь би урц руу орсон. Тэгтэл Батцэнгэл ах намайг чи яагаад ийм сонин байгаа юм гэж хэлээд зүүн талын гуя руу хутгаар хатгасан. Тэгээд би болиулах санаатай ноцолдсон. Ноцолдож байх хугацаандаа миний хөл рүү хатгаад байх шиг байсан. Тэгээд дээр гараад цээж рүү хутгаа тулгаад байхаар нь яах гээд байна, тоглоод байгаа юм уу та гээд гарыг нь доошлуулахад хүчрэгдэхгүй цавьны дээд талд хутга нь хүрсэн. Тэгээд би ухаан алдсан байсан. Тэгээд манай хэд түргэн дуудаад урдаас нь явъя гээд машин руу оруулж байхад нь би сэргэсэн. Тэгээд машин асахгүй болохоор буцааж урцанд оруулаад гэдсээр боогоод хэвтүүлсэн. Батцэнгэл ах миний хажууд сууж байхдаа одоо би өнгөрсөн гээд гараад явсан, араас нь Батзориг явсан, бусад 4 нь намайг сахиж байсан. Өглөө эмнэлгийн машинтай эмч цагдаа нар ирсэн. Эмч надад анхны тусламж үзүүлсэн, хэсгийн төлөөлөгч Батцэнгэл ахыг баривчилж, тэр өдрөө сумын эрүүл мэндийн төвд хүргэгдэж ирж оройдоо хагалгаанд орсон. ...тухайн үед Батцэнгэл намайг ямар шалтгааны улмаас хутгалсныг би мэдэхгүй байна. ....эмчилгээнд 1.500.000 төгрөгийн зардал гарсан байгаа. ...би эмчилгээний болон цаашид гарах зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

Гэрч М.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12-р сарын 09-ний өдөр бид 7 нэг отог болон самарт явж Уялган багийн Дээрхийн гол Хар горхин гэх газарт буудалж тэндээ самар түүж, 2016.12.20-ны өдөр Д.Ганболд, Г.Бат-Эрдэнэ, М.Төмөрчөдөр нар сайруулсан 14 шуудай самраа машинаар төв рүү тээвэрлэж оруулаад сумын төвд 4 хоноод 2016.12.24-ний 15 цагийн орчимд бид 4 дээр ирсэн. Тэгээд тэр гурвыг ирэхэд Б.Бат-Эрдэнэ, М.Түмэндэмбэрэл, Т.Ганболд бид нар бууз хийж байсан. Тэгээд хоолоо идэж байхдаа Б.Батцэнгэл, М.Төмөрчөдөрөөс миний захисан архийг гаргаж өгөөч гэхэд М.Төмөрчөдөр Ерөөл нэртэй 0.75 литрийн архи гаргаж өгөхөд бид нар хувааж уусан, архи дуусахаар нь дахин 0.5 литртэй Ерөөл архи уусан. Тэгээд хоолоо идэж архиа дуусгаад бид 6 самар ачихаар машин руугаа гарсан. Тэгэхэд Б.Батцэнгэл цай чанаад ганцаараа хоцорсон. Бид нарыг машинаа асаах гэж байхад Б.Батцэнгэл Т.Ганболдыг дуудсан. Тэгээд Т.Ганболд ороод хэсэг хугацааны дараа Т.Ганболд аллаа, авраарай гэж хашгирлаа гэж Бат-Эрдэнэ хэлээд түрүүлээд орсон. Тэгээд Г.Бат-Эрдэнэ Батцэнгэл Т.Ганболдыг хутгалсан байна гэж хэлсэн. Тэгээд бид нар араас нь гүйж Т.Ганболдын ямар болсныг харсан. Тэгээд бид нар Т.Ганболдын гэдсийг бинт тавьж боогоод цай өгсөн. Тэгээд Төмөрчөдөр, Бат-Эрдэнэ 2 дээд талын отог руу утсаар ярихаар явсан. Тэгээд ирэхдээ хүмүүстэй утсаар холбогдлоо, эмнэлгийн тэрэг наашаа гарах гэж байна гэж хэлсэн. Тэгтэл Б.Батцэнгэл хутга аваад өөрийгөө ална гээд гарахаар нь би цуг гарч хутгыг салгаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-24 дүгээр хуудас/,

Гэрч М.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Ганболд, Г.Бат-Эрдэнэ, М.Төмөрчөдөр нар нь сайруулсан 14 шуудай самраа машинаар төв рүү тээвэрлэж оруулаад сумын төвд 4 хоноод 2016.12.24-ний өдөр 15 цагийн орчимд бид 4 дээр ирсэн. Тэгээд тэр гурвыг ирэхэд Б.Батцэнгэл, М.Батзориг, Т.Ганболд бид нар бууз хийж байсан. Тэгээд хоолоо идэж байхад Б.Батцэнгэл М.Төмөрчөдөрөөс миний захьсан архийг гаргаж өгөөч гэхэд М.Төмөрчөдөр Ерөөл нэртэй 0.75 литрийн архи гаргаж өгөхөд бид нар хувааж уусан, тэр архи дуусахаар нь дахин 0.5 литрийн Ерөөл архи уусан. Тэгээд хоолоо идэж, архиа ууж дуусаад бид 6 самар ачихаар машин руугаа гарсан. Тэгэхэд Б.Батцэнгэл цай чанахаар ганцаараа хоцорсон. Бид нарыг машинаа асаах гэж байхад Б.Батцэнгэл Т.Ганболдыг дуудсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Т.Ганболд аллаа гэж хашгирах шиг болсон. Тэгэхэд Г.Бат-Эрдэнэ бид нараас түрүүлж очоод байрлуу ороход Б.Батцэнгэл зөрөөд гарсан. Тэгээд Г.Бат-Эрдэнэ байр руу ороод гарч ирэхдээ Т.Ганболдыг хутгалсан байна гэж хэлээд Б.Батцэнгэлийг нэг удаа цохисон. Тэгээд бид нар орж Т.Ганболдын гэдсийг бинт тавьж боосон. Тэгээд Төмөрчөдөр утсаар эгчид нь мэдэгдсэн, Б.Батцэнгэл хутга аваад өөрийгөө ална гээд байхаар нь Батзориг хутгыг салгаж авсан, бид нар Т.Ганболдыг машиндаа суулгаад сумын төв явах гээд машинтайгаа хөдөлсөн, тэгэхэд машин 10 орчим метр газар яваад унтарчихаад асахаа байсан, тэгэхээр нь дээд талд байрлаж байсан отог руу Төмөрчөдөр, Бат-Эрдэнэ нар очиж түргэн дуудахаар явсан. Тэгээд Батцэнгэл амиа хорлоно гээд байхаар нь Батзориг дагаад явсан. ...би энэ хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 дугаар хуудас/,

Гэрч М.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016.12.20-ны өдөр Д.Ганболд, Г.Бат-Эрдэнэ 2-ын хамт сумын төв ороод 2016.12.24-ний өдөр 14-15 цагийн орчимд Д.Ганболд, Г.Бат-Эрдэнэ бид гурав байрлаж байсан отог дээрээ очсон. Тэгээд бид гурвыг очиход Б.Батцэнгэл, М.Батзориг, М.Түмэндэмбэрэл, Т.Ганболд нар бууз хийж байсан. Тэгээд би ачаагаа буулгаад хоолоо идэж байхад Ерөөл нэртэй 0.75 литрийн архи бид нар     хувааж уусан, тэр архи дуусаад бид нар дахин 0.5 литртэй Ерөөл архи уусан. Тэгээд хоолоо идэж, архиа ууж дуусаад бид нар самар ачихаар машин руугаа гарсан, тэгэхэд Б.Батцэнгэл оройн хоол бэлдэхээр ганцаараа  хоцорсон. Бид нарыг машинаа асаах гэж байхад Б.Батцэнгэл нь Т.Ганболдыг дуудсан. Тэгээд Т.Ганболдыг дотогшоо орсон эсэхийг анзаараагүй байсан, харин машин асахгүй ноцолдож байх явцад байрлаж байсан байранд хүн хашгирах чимээ гарсан, тэгэхэд Г.Бат-Эрдэнэ бид нараас түрүүлж очоод байрлуу ороход Б.Батцэнгэл зөрөөд гарсан.Тэгээд Г.Бат-Эрдэнэ ороод Т.Ганболдыг хутгалсан байна гэж бид нарт хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 дүгээр хуудас/,

Гэрч Г.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Ганболд, М.Төмөрчөдөр нарын хамт сайруулсан 14 шуудай самраа машинаар төв рүү тээвэрлэж оруулаад сумын төвд 4 хоноод 2016.12.24-ний өдөр 15 цагийн орчимд бид 3 отог дээрээ очсон. Тэгээд бид гурвыг очиход Б.Батцэнгэл, М.Батзориг, Т.Ганболд, М.Түмэндэмбэрэл нар бууз хийж байсан. Тэгээд хоолоо идэж байхдаа Б.Батцэнгэл М.Төмөрчөдөрөөс миний захисан архийг гаргаж өгөөч гэхэд Ерөөл нэртэй 0.75 литрийн архи гаргаж өгөхөд бид нар хувааж уусан, тэр архи дуусахаар нь дахин 0.5 литртэй Ерөөл архи уусан. Тэгээд хоолоо идэж, архиа ууж дуусаад бид 6 самар ачихаар машин руугаа гарсан. Б.Батцэнгэл оройн хоол цай бэлдэхээр ганцаараа хоцорсон. Бид нарыг машинаа асаах гэж байхад Т.Ганболд аллаа гэж хашгирах шиг болохоор нь би түрүүлж гүйгээд урц руу ороход Б.Батцэнгэл зөрөөд гарсан. Тэгтэл Т.Ганболд гэдэс нь гарчихсан орон дээрээ зогсож байсан. Тэгээд бид нар орж Т.Ганболдын гэдсийг бинт тавьж боосон. Тэгээд Төмөрчөдөр бид 2 дээд талд байсан отог дээр очиж утсаар эгч Сарантуяад мэдэгдэж, түргэн дуудсан.  Б.Батцэнгэл хутга аваад өөрийгөө ална гээд байхаар нь Батзориг хутгыг салгаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 дугаар хуудас/,

Гэрч Д.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...би энэ хоёрыг юунаас болж хэрэлдсэнийг мэдэхгүй байна. Бид нар хоол ундаа идээд 2 шил архиа ууж дуусчихаад самартаа гарах гээд машинаа асааж байхад Ганболдыг Батцэнгэл дуудсан. Тэгээд Ганболд ороод удаа ч үгүй аллаа гээд хашгирсан. Энэ үед Бат-Эрдэнэ түрүүлж орсон. Батцэнгэл зөрөөд гарч ирсэн. Батцэнгэл, Ганболд хоёрын зодолдсон асуудал богинохон хугацааны дотор болж өнгөрсөн. Намайг урцанд ороход Ганболдын гэдэс нь гарчихсан, цус гарчихсан байдалтай хэвтэж байсан. ...Энэ 2 хоорондоо муудалцаад байдаггүй хамтдаа л хоол унд хийгээд байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 39 тоот дүгнэлтэд:

1. Т.Ганболдын биед гэмтэл тогтоогдлоо.

2. Т.Ганболдын биед хэвлийд нэвтэрсэн шарх, зүүн хөлөнд дөрвөн шарх, баруун хөлөнд нэг шарх бүхий гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

4. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Баруун, зүүн хөлөнд учирсан шарх бүхий гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хэвлийд нэвтэрсэн шарх бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч Б.Батцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Батцэнгэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хорих ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 95 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хохирогч Т.Ганболд  нь эмчилгээний зардал 1.500.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх баримтгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирлын тооцоог бүрэн хийх боломжгүй байна. Шүүгдэгч нь хохирогчид 800.000 төгрөгийн хохирол  төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Т.Ганболд нь үлдсэн 700.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн 201722000002 дугаартай  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27.5 см урттай, ажлын хэсэг нь 16 см урттай, 8 см урттай углуурга төмөртэй, ажлын хэсгийн доод талд АК-17 СССР гэсэн бичвэртэй, хүрэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах О.Уранчимэгт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдлаа.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Цагаантугтан овогт Баасайн Батцэнгэлийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг танхайн сэдэлтээр үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Батцэнгэлийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Батцэнгэлд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 201722000002 дугаар хэрэгт хураагдан ирсэн 27.5 см урттай, ажлын хэсэг нь 16 см урттай, 8 см урттай углуурга төмөртэй, ажлын хэсгийн доод талд АК-17 СССР гэсэн бичвэртэй, хүрэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг устгахыг шүүгчийн туслах О.Уранчимэгт даалгасугай.
  5. Эрүүгийн 201722000002 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Ганболд нь 700.000 төгрөгийн эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батцэнгэлд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                          

   

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР

                                          ШҮҮГЧИД                              Н.НЯМСҮРЭН                                                                                                               

                                                                                         М.ЭРДЭНЭ-ОЧИР