Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0345

 

 

 

 

 

    2022          05           04                                   128/ШШ2022/0345

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т*** Б*** ” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч: Б.А***

Хариуцагч: Хотын стандарт, хяналтын газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б***

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хотын стандарт, хяналтын газрын аялал жуулчлалын цогцолбор 20 ширхэг амины орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, комисс ажиллуулж дүгнэлт гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*** ,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О*** нар оролцов.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь “аялал жуулчлалын цогцолбор 20 ширхэг амины орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа Хотын стандарт, хяналтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, комисс ажиллуулж дүгнэлт гаргахыг хариуцагчид даалгах” шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Нэхэмжлэгч “Т*** Б*** ” ХХК-аас Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт “Ф.А *** ” аялал жуулчлалын цогцолборын төслийн ТИ-01/20*** зургийн шифртэй жижиг болон дунд төрлийн барилга, болон “Ф.А *** ” аялал жуулчлалын цогцолборын төслийн ТИ-01/20*** зургийн шифртэй жижиг болон дунд төрлийн барилга, болон ХН-21/1*** зургийн шифртэй “Х*** ” аялал жуулчлалын цогцолборын үйлчилгээний апартмент барилгад ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт хандаж 2020 оны 12 сарын 16-ны өдөр   хүсэлт гаргажээ.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас 2020 оны 12 сарын 30-ны өдөр “Барилгын заслын ажлыг бүрэн дууссаны дараа биелэлтийг ирүүлэхийг” захирал Д.Н*** утсаар мэдэгдсэн байна.

2.1.1. “Т*** Б*** ” ХХК-аас 2021 оны 12 сарын 17-ны өдөр Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт хандаж дээрх барилгад ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг дахин гаргахад Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас 2021 оны 12 сарын 21-ний өдөр тус амины орон сууцны хороолол үйлчилгээний төвийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцахад амины орон сууцны дотор заслын ажил дуусаагүй, үйлчилгээний төвийн дотор тал өрлөг шаврын ажил эхлүүлж байсан тул барилгын ажил бүрэн дууссаны дараа дахин хүсэлт гаргахыг зөвлөж хүсэлтийг буцааж шийдвэрлэжээ.

2.1.2. “Т*** Б*** ” ХХК-аас 2022 оны 01 сарын 25-ны өдөр Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт хандаж дээрх барилгад ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг дахин гаргахад Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Хүсэлт буцаах тухай” 01/84 дугаартай албан бичгээр “Танай компанийн хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, ... барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа. Үйлчилгээний барилгын гадна тохижилтын ажил, дотор заслын ажлууд бүрэн дуусаагүй, үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Байр сууцны 5 барилгыг ашиглаж байгаа нь Барилгын тухай хуулийн 37.6 дахь “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2021  оны 212 дугаар тогтоолын 10.3 дахь заалтын дагуу шүүхийн шийдвэрийг гаргуулах, барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж дууссаны дараа хүсэлтийг дахин ирүүлнэ үү” гэсэн хариу өгчээ.

2.1.3. Нэхэмжлэгчээс Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 03 дугаар сарын 15-ны өдөр Ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг дахин гаргахад төрийн захиргааны байгууллагаас “2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж нийт гишүүдийн саналаар түр хойшлуулж шийдвэрлэжээ.

2.2. Тус шүүх “Т*** Б*** ” ХХК-аас Хотын стандарт, хяналтын газарт холбогдуулан “Хотын стандарт, хяналтын газрын амины орон сууцны барилга ашиглалтад оруулах комисс дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, комиссын дүгнэлт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасныг тус шүүх хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

3.1. “Т*** Б*** ” ХХК нь Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт олон улсын жишигт нийцсэн орчин үеийн цогц төлөвлөлт бүхий "Ф.А *** " аялал жуулчлалын цогцолбор барих төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ нь захиалагч тал өөрийн хүсэл, сонирхол болон үйл ажиллагааны чиглэлд тохируулан дотор заслыг хийлгэх сонголтыг олгох нөхцөлтэй бөгөөд энэ төслийн хүрээнд ТИ-01/20*** зургийн шифртэй жижиг болон дунд төрлийн барилга, мөн ХН-21/1*** зургийн шифртэй “Х*** ” аялал жуулчлалын цогцолборын үйлчилгээний барилгыг хийж гүйцэтгэн улсын комисс ажиллуулах хүсэлтийг удаа дараа гаргасан. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилж байгаад 2020 оны 12 сарын 30-ны өдрөөс эхлэн манай төсөл дээр комисс ирэх болсон боловч элдэв шалтаг тоочин дүгнэлт гаргахгүй хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ. ...Сүүлд ирсэн комиссын гишүүд комисс хүлээн аваагүй байхад барилга байгууламжийг ашиглалтад өгсөн зөрчил гаргалаа гэх асуудал тавьж эхэлсэн бөгөөд энэ нь бид өмнөх комиссын шийдвэрийг биелүүлэхийн тулд буюу дотоод заслыг хийлгэх зорилгоор барилгыг үйлчлүүлэгчид хүлээлгэн өгсөн байсан. Ийнхүү удаа дараа хойшлуулж, хойшлуулсан шаардлагыг биелүүлэх гэж хийсэн ажлыг зөрчил болгон шалтаглаж байдал бий болоод байгаа тул асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн бидний эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Т*** Б*** ” ХХК нь барилга захиалгын гэрээгээр барилгыг бариулсан. Аялал жуулчлалын барилгын цогцолбор барих ажлын хүрээнд 20 айлын амины орон сууцыг бариулж барилгын ажлаа дууссан. 2019 онд гэрээт ажил дууссан учир барилгын ажлыг Улсын комисст хүлээлгэж өгөх ажиллагаа эхэлсэн. Улсын комисст хандан хүсэлт гаргахад холбогдох хүмүүс ирж хэрэгт авагдсан хариугаар бол ойлгомжгүй хариу тайлбар ирүүлсэн байдаг. Барилгын ажлыг гүйцэтгэж дууссаны дараа барилгын ажлын дотоод заслыг өөр компани хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар тус орон сууцанд хүмүүс нь ороод эхэлсэн байгаа. Тэгэхээр Улсын комиссоос энэ асуудлаар шийдвэр гаргаагүй байгаа учир Монгол Улсын Засгийн газрын 212 дугаар тогтоолоор батлагдсан журмаар шүүхээр шийдүүлсэн тохиолдолд комисс дахин ажиллуулах бүрэн боломжтой байна гэсэн хариу өгсөн. 2021 оны 01 дүгээр сард гаргасан хүсэлтийн хариуг 03 дугаар сард хариу өгөхдөө татгалзсан хариу өгсөн. Удаа дараа татгалзаж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тус газар нь Монгол улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”, Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/239 дугаар захирамжийн дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна.

“Т*** Б*** ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/053 хүсэлт, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн В99-2201-002246 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн *** дүгээр хороонд баригдсан аялал жуулчлалын цогцолборын 20 амины сууц, үйлчилгээний зориулалттай барилгад газрын даргын 2020 оны “Удирдамж арга зүйгээр хангах тухай” А/82 дугаар тушаалын дагуу бэлтгэл ажлыг хангуулахаар Стандартын хэрэгжилт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Ц.Н***  2021 оны 12 сарын 30-ны өдөр, мэргэжилтэн Ж.Ц*** 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус тус ажилласан.

Барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцаад амины сууцуудын дотор засал, үйлчилгээний барилгын гадна тохижилтын ажил, дотор заслын ажлууд бүрэн дуусаагүй, байр сууцны 5 барилгыг ашиглаж байсан нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.” гэж заасныг, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3 дахь заалтыг тус тус зөрчсөн тул шүүхийн шийдвэр гаргуулах, барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж дууссаны дараа хүсэлт дахин ирүүлэхийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/84 дүгээр албан бичгээр хариу хүргүүлсэн.

“Т*** Б*** ” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасан В99-2203-00..... дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийн дагуу дахин 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 15 гишүүний бүрэлдэхүүнтэй комисс дээрх барилгад ажилласан бөгөөд комиссын нийт гишүүнээс 11 гишүүн буюу 73.3 хувь нь барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзсан болно.

Тус компани нь дээрх асуудлуудаа шийдвэрлэсэн тохиолдолд баригдсан барилга байгууламжид дахин комисс томилуулан ажиллуулахад татгалзах зүйлгүй болно. гэжээ.

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч “Т*** Б*** ” ХХК нь Хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр олгосон 013/20*** дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-тэйгээр маргаан бүхий аялал жуулчлалын цогцолбор 20 ширхэг амины орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга, тэдгээрийн гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгэжээ.

3. Дээрх “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-ний хугацааг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгуулсан байна.

4. Нэхэмжлэгч “Т*** Б*** ” ХХК-аас хариуцагч Хотын стандарт, хяналтын газарт 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 20121***  дугаар, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/05***  дугаар, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1*** дугаар, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/025 дугаар, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/03*** дугаар албан бичгүүдээр дээрх маргаан бүхий аялал жуулчлалын цогцолбор 20 ширхэг амины орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг хүлээн авах улсын комисс ажиллуулж өгөхийг хүссэн хүсэлтүүдийг гаргажээ.

5. Дээрх хүсэлтүүдэд хариуцагч Хотын стандарт, хяналтын газраас 2020 оны 12 дугаар сарын 30, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрүүдэд утсаар болон цахимаар маргаан бүхий барилгуудад улсын комисс ажиллуулахаас татгалзсан хариунуудыг өгсөн байна. Харин 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 01/84*** дугаартай албан бичгээр татгалзсан хариуг өгсөн байна.

6. Дээрх албан бичигт “... Үйлчилгээний барилгын гадна тохижилтын ажил, дотор заслын ажлууд бүрэн дуусаагүй, үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.

Байр сууцны 5 барилгыг ашигласан байгаа нь барилгын тухай хуулийн 37.6 дахь /Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно./ заалтыг зөрчсөн байна.

Иймд Монгол улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3 дахь заалтын дагуу шүүхийн шийдвэрийг гаргуулах, барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж дууссаны дараа хүсэлтийг дахин ирүүлнэ үү.” гэжээ.

7. Нэхэмжлэгч компаниас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хариуцагчаас маргаан бүхий барилгууд дээр улсын комиссыг ажиллуулсан байх бөгөөд тус комиссын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлээр “... Комиссын гишүүдээс гаргасан саналын дагуу Барилгын тухай хуулийн 26.2, 37.6, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3 дахь заалтыг тус тус зөрчсөн тогтоогдсон тул барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах үйл ажиллагааг хойшлуулахаар шийдвэрлэв.” гэжээ.

8. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл. “Захиалагчийн чиг үүрэг”, 37.6. “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.”, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 212 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрэм”-ын 10.3-т “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахын хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна.” гэж тус тус заажээ.

9. Хууль болон дүрмийн дээрх заалтуудаас үзвэл, дуусаагүй болон дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглосон байх бөгөөд ашигласан тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулахаар зохицуулсан байна.

10. Нэхэмжлэгч компанийн зүгээс аялал жуулчлалын цогцолбор 20 ширхэг амины орон сууцнаас 5 ширхэг орон сууцыг ашиглалтад оруулаагүй байхдаа ашигласан болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд ашиглах болсон үндэслэлээ “2020, 2021 онд дэлхий нийтийг хамарсан “Ковьд-19” буюу цар тахлын үе байсан энэ үед манай улс нь ихэнхдээ хатуу хөл хорионы дэглэмтэй байсан тул энэ үеэр хүсэлт гаргаж улсын комисс ажиллуулах боломжгүй байсан. Мөн тухайн төслийн тухайд онцлог төсөл бөгөөд захиалагч нь дотоод засал нь хийгдээгүй орон сууцыг худалдан авч, өөрийн хүссэнээр засварыг хийж, ашиглалтад оруулдаг онцлогтой төсөл юм. Ашигласан гэх 5 орон сууцны тухайд захиалагч нар нь тухайн орон сууцуудыг худалдаж аваад, өөрсдийн хөрөнгөөр дотоод засвар, заслаа хийгээд ашиглалтад оруулаад, орж амьдрах үед нь цар тахлын хатуу хөл хорионы үе байсан учраас орж амьдарч болохгүй гэж хэлэх боломжгүй байсан.” гэж тайлбарласан байна.

11. Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгчийн ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашигласан гэх үйлдэл хүндэтгэж үзэх шалтгаантай байсан байна гэж үзэхээр байна.

Учир нь манай улс нь 2020, 2021 онд “Ковьд-19” буюу цар тахлын улмаас хатуу хөл хорионы болон хэсэгчилсэн хөл хорионы дэглэмтэй байсан тул цар тахлын улмаас улсын комисс ажиллуулж чадаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. Мөн өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас буюу захиалагчийн хүсэл зоригоос шалтгаалан орон сууцуудыг ашигласан гэх тайлбарыг ч мөн үгүйсгэх боломжгүй юм.

12. Иймд дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байх тул нэхэмжлэгчийн “Хотын стандарт, хяналтын газрын амины орон сууцны барилга ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, комисс ажиллуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

13. Харин нэхэмжлэгчийн комиссын дүгнэлт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

14. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 212 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрэм”-ын Найм. “Комиссын дүгнэлт”, 8.2.1. “барилга байгууламж нь ашиглалтад оруулах шаардлагыг хангасан гэж комиссын бүх гишүүд үзсэн тохиолдолд энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт;” гэж заажээ.

15. Дүрмийн дээрх заалтаас үзвэл, барилга байгууламж нь ашиглалтад оруулах шаардлагыг хангасан гэж комиссын бүх гишүүд үзсэн тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг бичихээр байна.

16. Дээрхээс үзвэл, дүгнэлт бичих эрх нь комиссын бүх гишүүдэд олгогдсон байх бөгөөд хариуцагч Хотын стандарт, хяналтын газарт дүгнэлт бичих эрх олгогдоогүй байна. Харин комисс ажиллуулах ажлыг зохион байгуулах нь хариуцагчийн чиг үүрэгтэй холбоотой асуудал байна.

17. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн комиссын дүгнэлт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т*** Б*** ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, аялал жуулчлалын цогцолбор 20 ширхэг амины орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, комисс ажиллуулахыг хариуцагч Хотын стандарт, хяналтын газарт даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох комиссын дүгнэлт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Хотын стандарт, хяналтын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ГАНБАТ