Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Г.Ганбагана /томилолтоор/,

Хохирогч Э.*******,

Өсвөр насны шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******т холбогдох эрүүгийн 2307000000248 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******,******* дүүрэгт төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******ийн *******д оюутан, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт******* дүүрэг,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ы ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өсвөр насны яллагдагч Э.******* нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнийн 04 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хас банкны орчимд хохирогч Э.*******той “гудамд чанга ярьсан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохин халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч Э.*******ийн мэдүүлэг /хх-4/, гэрч н.ын мэдүүлэг /хх-10/, шинжээчийн дүгнэлт /хх-20-21/, шинжээчийн мэдүүлэг /хх-27/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Шинжээчийн дүгнэлт /хх-20/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-23/, шинжээчийн мэдүүлэг /хх-27/, шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-42/, ял шалгах хуудас /хх-43/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Хохирогч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Өсвөр насны шүүгдэгч Э.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Би эхнэр, хүүхэдтэйгээ гэртээ байсан. Манай хүүхэд төрөөд удаагүй байсан. Айгаад шөнө унтахгүй байхаар нь би найзтайгаа хамт авчирсан архийг нь хувааж уусан. Тэгээд палкон дээр гараад тамхи татаад байж байхад Э.******* ах дуудсан. Буудал хаана байдаг талаар асуухаар нь эргээд Мэрри гээд буудал байгаа гэсэн. Тэгсэн ах нь танайд ороод хоночихъё 40,000 төгрөг өгье болох уу? гэсэн. Тэгэхээр нь эргээд буудал байгаа ахаа гэсэн чинь буугаад ир юм ярья гэсэн. Манай найз тэр үед нойл орчихсон байсан. Шатаар буугаад очсон чинь ах нь буудал  хайж байна гэсэн. Төд удалгүй надтай маргаад миний нүүр лүү цохисон. Ажил хийж байгаад баруун гараа хугалсан байсан тул хөдөлж чадаагүй. Түлхээд зүүн гараараа цохисон. Цаашаа зугтаж явж байснаа Хасбанкны боржур дээр уначихсан. Утсаа гаргаж ирэхээр нь хүн дуудах гэж байна ойлгоод утсыг нь шидчихсэн. Тэгсэн манай найз гарч ирээд ахаа утсаа ав гэсэн чинь цаашаа зугтаачихсан...”  гэв.

Хохирогч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...7 дугаар сарын 25-ны өдөр хамтран амьдрагч найз хүүхэн н.тэй уулзах гэж хотоос ирсэн. Бид хоёр машин дотор юм яриад пиво хувааж уусан. Ууж дууссаны дараа миний хайр яваад олчих. Би мөнгийг нь шилжүүлээд хойноос нь яваад очъё гэсэн. Драмын театрын хажуу талын буудал гайгүй чи тэрийг очоод үзчих. Хүн нь дүүрээгүй бол орчихъё гэсэн. Тэгээд тэр буудлыг нь хайгаад олоогүй. Буцаад зам эргээд төвөөрөө явж байхад ядаж хүн амьтан таарвал буудал асууя гээд бодоод явж байсан. Палкон дээр 2 залуу зогсож байсан. Ах яаж яваа юм гэж надаас асуусан. Ах нь буудал хайгаад явж байна. Ойрхон буудал байна уу гэж асуусан. Тэгсэн буудал одоо байхгүй.*******ын буудал одоо дүүрчихсэн байгаа манайд орж хонох уу гэж хэлсэн. Найз хүүхэнтэйгээ хонох гэж байгаа хүн юу гэж айлд хонох юм бэ гэсэн. Ах нь буудал олох хэрэгтэй байна гэсэн. Та наанаа байж бай гэсэн. Цонх нь доороо үйлчилгээний байгууллагатай. Шууд цонхоороо үсэрч бууж ирсэн. Чи юу асуугаад байгаа юм бэ? Ж13 гэдэг буудал мэдэх үү? гэхээр нь би мэдэхгүй байсан. Тэгсэн намайг шууд цохиод авсан. Яагаад намайг цохиж байгаа юм бэ? гээд хойшоо ухраад алхаж байсан чинь Ж13 гэж сонсож байгаагүй юу би толгойлогч нь байна гэж хэлээд өөдөөс цохиод байсан. Хойшоо зугтаж явсаар байгаад Хасбанкны тэнд цохиулсан. Унаад босоод ирсэн нөгөө нэг найз нь араас нь гараад ирсэн. Хоёр хүн зэрэг дайраад байсан учраас би яаж ч чадаагүй. Ухарч явж байхдаа найз хүүхэн рүүгээ ярьж дуудсан. Утсаар ярьж байсан чинь миний утсыг булаах гээд байхаар нь утсаа өгөхгүй ноцолдож байгаад яах ч аргагүй болоод утсаа өгсөн. Найз хүүхнийхээ байр луу эргээд явсан чинь бид хоёр хоорондоо зөрчихсөн байсан. Манай найз хүүхэн театрын тэнд дахин өөр дуу шуу болоод байхаар нь намайг  гэж бодоод очсон чинь шүүгдэгч дахин өөр 2 залууг цохичихсон зодоон үүсгээд зогсож байсан. Манай найз хүүхэн болиоч гэж хэлээд болиулсан. Тэгчхээд намайг хайгаад тэндээсээ яваад өгсөн. Би машин дээр нь очоод байж байсан чинь хүрээд ирсэн. Юу болсон талаар асуухаар нь бацаанд цохиулсан талаараа  хэлсэн. Одоо шууд цагдаа дууд гээд дуудсан. Тэгээд цагдаа нартай гэрт нь очсон. Эхнэр нь хүүхэдтэйгээ хоёулаа байсан. Танай нөхөр чинь хөмсгөө цоолсон залуу мөн үү гэсэн мөн гэсэн. Гэхдээ орж ирээгүй гэр лүүгээ явсан байх гээд гэрийн хаягийг нь зааж өгсөн. Цагдаа нартай хаягаар нь очиж байж энэ залууг олж ирсэн...” гэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Э.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Өсвөр насны шүүгдэгч Э.******* нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих өдөр шөнийн 04 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хас банкны орчимд хохирогч Э.*******той “гудамд чанга ярьсан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж  биед нь уруулын дотор салстад шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.*******ийн өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 04 цагийн үед*******ын төв талбайн ойролцоо зам хөндлөн гарч байх үед хажуу талын байрны 2 давхарт 2 залуу “ахаа яаж яваа юм” гэхэд нь би ах нь буудал хайгаад явж байна гэхэд тэр хоёр залуу цонхоороо үсэрч гаран над дээр ирээд жи-13 гэж бүлэг мэдэх үү гэж хэлээд намайг цохисон....хөмсгөө цоолсон залуу миний нүүр хэсэгт 4-5 удаа цохисон, харин нөгөө залуу нь надад гар хүрээгүй. Миний хиймэл шүд унасан, хамар гэмтсэн, уруулын дотор хэсэг урагдсан...” гэх мэдүүлэг,

/хх-4 дүгээр тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.ын өгсөн: “...намайг дуудахаар нь гадаа гараад очтол согтуу ах газар уначихсан байхаар нь та зүгээр үү гээд очиход ах нь зүгээр зүгээр гэж хэлээд цаашаа яваад өгсөн. Тэгээд ******* надад дэлгэц нь хагарчихсан гар утас үзүүлээд чи энийг авах уу гэж асуусан. Би хэний утас юм бэ, би авахгүй, эзэнд нь буцааж өг гэж хэлэхэд ******* түрүүний ах үлдээгээд явчихсан юм гэж хэлээд уг утсыг 22 дугаар байрны булан руу шидчихсэн. Тэгээд би гэр рүүгээ буцаад орсон. Өөр мэдэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

/хх-10-11 дүгээр тал/

  1. Дамно ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн НД-23-122 дугаар “...Samsung Galaxy J7 маркийн гар утас 105,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт,

/хх-13-16 дугаар тал/

  1. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 303 дугаар: “Э.*******ийн биед дээд уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт,

/хх-20-21 дүгээр тал/

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, өсвөр насны шүүгдэгч Э.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Э.*******ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч Э.******* нь хохирогчийн нүүр рүү гараараа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 303 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч...Өсвөр насны шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******ид баримтаар 175,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирогч цаашид 5,000,000 төгрөгийн хамрын хагалгаанд орох шаардлагатай гэсэн баримт авагдсан. Иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн зүйл байхгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй байна...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өсвөр  насны шүүгдэгч Б.*******ын хувьд 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны шилжих шөнө хохирогч Э.*******той  тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдаж түүний нүүрэн тус газар нэг удаа цохиж дээд уруулын доторх талд язралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Гэмтлийн улмаас учирсан хор хохирлыг  хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгчийг тухайн зүйл хэсэгт заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцоход шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Гэмт хэргийн улмаас хохирогчид дээд уруулын доторх талд язралт бүхий гэмтэл учирсан. Хохирогчийн зүгээс оношилгоотой холбоотой 70,000 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан. Гэмт хэргийн улмаас хохрогчийн гар утас алга болсон. Энэ үйлдэл гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй шууд хамааралтай байна гэж  үзсэн. Шүүгдэгчийн хувьд хохирогчид 170,000 төгрөгийн хохирол учруулсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Хохирогчийн зүгээс хамрын мурийлттай холбоотой эмчилгээний 5,000,000 төгрөг нэхэмжилсэн. Энэ зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр нэг удаагийн гэмтэл учирсан гэж гардаг. Хамрын мурийлтыг тухайн гэмт хэргээс болж үүссэн гэх нотлох баримт байхгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа  иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Тиймээс өсвөр насны шүүгдэгч Э.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Өсвөр насны шүүгдэгч Э.******* нь хохирогч Э.*******ийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад 5,175,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхээс хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 175,000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, өсвөр насны шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад 1 хоногийн завсарлага авч хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хавтаст хэрэгт авагдсан******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Яаралтай тусламжийн “...хамар хавсан, илэрхий хугарал мэдэгдэхгүй байна. Хамраас цус гарч тогтсон байна. Дээд уруул дотор талдаа өнгөц язарсан байна...” гэх хуудас, Бриллиант эмнэлгийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “...хамрын таславч баруун тийш үл мэдэг мурийлттай, зүүн талын самалдаг жимийн агааржилт буурсан. Хамрын баруун талын самалдаг жим, 2 талын дух, хоншоорын хөндийн агааржилт хэвийн. Гавал болон хоншоор доод эрүү ясанд хугарал болон деструкци өөрчлөлтгүй...” гэх, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 303 дугаар шинжээчийн “...2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн гавал ясны хоёр байрлалын рентген зурагт: хамрын таславч баруун тийш үл мэдэг мурийлттай, зүүн талын самалдаг жимийн агааржилт буурсан. Хамрын баруун талын самалдаг жим, хоёр талын дух, хоншоорын хөндийн агааржилт хэвийн. Гавал болон хоншоор доод эрүү ясанд хугарал болон деструкц өөрчлөлтгүй...” гэх дүгнэлтүүдийг үндэслэн хохирогч нь хохирол, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Хохирогчийн зүгээс хамрын мурийлттай холбоотой эмчилгээ 5,000,000 төгрөг нэхэмжилсэн. Энэ зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр нэг удаагийн гэмтэл учирсан гэж гардаг. Хамрын мурийлтыг тухайн гэмт хэргээс болж үүссэн гэх нотлох баримт байхгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх тайлбарыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв

Харин өсвөр насны шүүгдэгч Э.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.*******т торгуулийн ялыг оногдуулах боломжтой гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...450 нэгжтэй тэнцэх  хэмжээний торгох ялыг  4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно” гэж тус тус заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Өсвөр насны шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 150 /нэг зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ