Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/03019

 

 

 2020 11 06                                                                                                                            183/ШШ2020/03019

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ш.Ц-д холбогдох

Батлан даалтын гэрээний үүрэгт 4 385 322 000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ш.Ц нь 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр А банк ХК-тай 60084 тоот зээлийн гэрээ байгуулж, 1 800 000 ам.долларыг 12 сарын хугацаатай, 1.6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Талууд 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 60084 тоот хугацаа сунгасан нэмэлт гэрээ байгуулан 2008 оны 05 дугаар сарын 29-ний хүртэл гэрээний хугацааг сунгасан. Тухайн үед зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ш.Ц хугацаанд нь төлж чадахгүй бол А ХХК нь нөхөх хариуцлага хүлээхээр 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр батлан даалтын гэрээг А банк ХК-тай байгуулсан. Гэтэл Ш.Цнь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас А банк ХК дахь банкны эрх хүлээн авагч нь 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 40/2014ЭХА-525 дугаар Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Ш.Ц-тай холбоотой авлагыг М банкинд шилжүүлсэн бөгөөд Ш.Ц-ийн А банк ХК-тай байгуулсан 15060084 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг М банк нь Шаардах эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжиж ирсэн хэмжээ буюу 3 616 723.73 ам.доллар буюу 8 811 387 856.16 төгрөгийг хариуцагч Ш.Ц болон хариуцагчийн батлан даагч А ХХК нараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар дээрх нэхэмжпэлтэй иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/01060 дугаар шийдвэрээр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1731 дүгээр магадлалаар, Монгол Улсын Дээд шүүх 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2019/00012 дугаар тогтоолоор тус тус хянан шийдвэрлэж ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ш.З-аас 2 155 573 357 төгрөгийг, А ХХК-аас 4 385 322 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 270 492 499 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Ийнхүү хариуцагч Ш.Ц нь А банк ХК-иас авсан зээлээ графикт хугацаандаа төлөөгүй учраас батлан даалтын гэрээний дагуу А ХХК нь Ш.Ц-ийн өмнөөс 4 385 322 000 төгрөгийг М банкинд төлөхөөр болж ихээхэн хэмжээний хохирол хүлээгээд байна. Иймд хариуцагч Ш.Ц-аас 4 385 322 000 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч А ХХК-д олгож өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ш.Ц-ийн нэрээр зээл авсан мөнгийг түүний зээлийн дансанд орсноос хойш 2 хоногийн дараа бүхэлд нь А ХХК-ийн бусдад төлөх ёстой байсан төлбөрт, үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн. Тэгэхээр энэ мөнгийг А ХХК нь өөрийнхөө үйл ажиллагаанд зарцуулсан учир Ш.Ц хариуцах хууль зүйн үндэслэлгүй. Ш.Ц нь хувьдаа зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөгийг авч ашиглаагүй. Тиймээс урьд хэргийг шийдсэн шүүхийн шийдвэрээр үүнийг тогтоож, А ХХК-иас төлбөрийг гаргуулахаар шийдсэн. Өнөөдөр шүүхийн шийдвэрээр тус компаниас гаргуулахаар шийдсэн энэ төлбөрийг Ш.Ц-аас гаргуулахаар нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Харин эсрэгээрээ Ш.Ц-аас үндсэн зээлдэгчийн хувиар шүүхийн шийдвэрээр төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ хэмжээгээр А ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Ш.Ц нь 2018 оноос хойш энэ мөнгийг улсын тэмдэгтийн хураамжаас болоод нэхэмжилж чадахгүй байгаа юм. Бид нар уг хэрэг дээр сөрөг нэхэмжлэл гаргасан боловч тэмдэгтийн хураамжийн асуудлаа шийдвэрлэж чадаагүй учраас нэхэмжлэл гаргаж чадсангүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,             

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ХХК хариуцагч Ш.Цд холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 4 385 322 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А ХХК нь 2006.04.10-ны өдрийн 15060084 дугаар А банк ХХК, Ш.Ц нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 2006.4.10-ны өдөр А банк ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр Ш.Ц-г №06050202, №15060084 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж чадна гэдгийг банкны өмнө хариуцаж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө хариуцахаар үүрэг хүлээж, нэг бүрийн үнэ 1 ам.долларын үнэ бүхий 3 900 000 тоо ширхэг хувьцааг барьцаалжээ. /хх-18/

 

 

 

Дээрх гэрээнүүдийн дагуу тус дүүргийн шүүхэд М банкны нэхэмжлэлтэй Ш.Ц, А ХХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол гарсан байх ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.02-ны өдрийн 183/ШШ2018/01060 дугаар шийдвэрээр ...Ш.Ц-аас 2 155 573 357 төгрөгийг, А ХХ-иас 4 385 322 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М банкинд олгож шийдвэрлэснийг, ... Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 001/ХТ2019/00012 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба дээрх шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна./хх-20-38/

Нэхэмжлэгч А ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ ...Ш.Ц нь А банк ХК-иас авсан зээлээ графикт хугацаандаа төлөөгүй учраас батлан даалтын гэрээний дагуу А ХХК нь Ш.Ц-ийн өмнөөс 4 385 322 000 төгрөгийг М банкинд төлөхөөр болж ихээхэн хэмжээний хохирол хүлээгээд байна... гэх тайлбар гаргаж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйл, 465 дугаар зүйлийн 465.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар үндэслэлтэй гэж тайлбарласныг, хариуцагч тал ...Ш.Ц-ийн нэрээр зээл авсан мөнгийг түүний зээлийн дансанд орсноос хойш 2 хоногийн дараа бүхэлд нь Ажиллагаа ХХК-ийн бусдад төлөх ёстой байсан төлбөрт, үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн. Тэгэхээр энэ мөнгийг А ХХК нь өөрийнхөө үйл ажиллагаанд зарцуулсан учир Ш.Ц хариуцах хууль зүйн үндэслэлгүй.... гэх тайлбарыг гаргаж маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдээр талуудын байгуулсан зээлийн гэрээ, батлан даалтын гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн тайлбар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд хамааралгүй байна.

Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1-д Батлан даагч үүрэг гүйцэтгэсэн бол энэхүү үүргийн талаархи үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх түүнд шилжих бөгөөд ийнхүү эрх шилжих нь батлан даалттай холбогдолгүй үүрэг гүйцэтгүүлэгчийн бусад эрхийг хөндөхгүй. гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас нэхэмжлэгч А ХХК нь батлан даалтын гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь дараах үндэслэлгүй байна.

Хэдийгээр батлан даагч үүрэг гүйцэтгүүлэгчид өрийг төлсөн бол үүнийгээ үүрэг гүйцэтгэгчээс эргээд нэхэмжлэх боломжийг хуулийн дээрх заалтаар зохицуулсан байгаа хэдий ч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар А ХХК нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүйн дээр батлан даагч А ХХК-ийг үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байна.

 

Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хооронд буй болсон үүргийн харилцаанаас үүдэх үндсэн шаардлага нь өрийг төлсний дараа батлан даагчид шилжихээр зохицуулсан байх ба энэ нь хуулийн дагуу шаардах эрх шилжсэн гэж үзэхээргүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22 084 560 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Ц-аас батлан даалтын гэрээний үүрэгт 4 385 322 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22 084 560 төгрөгийг улсын орлого үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ